Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Showing posts with label Сэтгүүл зүйн тухай. Show all posts
Showing posts with label Сэтгүүл зүйн тухай. Show all posts

Монгол HD-н талаар

2013-12-12

Монгол HD телевизийн Макдоналдсын мэдээтэй холбоотой хийсэн үйлдэл олон нийтийн дунд багагүй маргаан дэгдээгээд байна. Энэ талаар сэтгүүл зүйн салбарт хүчин зүтгэж яваа хүний хувьд үзэл бодлоо, зарим баримт сэлтийн хамт хүргэе.

Жишээ буруу байлаа

Монгол HD-н үндсэн санаа нь мөнгөтэй хүн хүссэн мэдээллээ хүссэн мэдээллийн хэрэгслээрээ цацаж болдог, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгө авч л байвал ямар учиртай мэдээлэл, эх сурвалж нь хэн, үнэн бодитой эсэхийг нь шалгахгүйгээр цацдаг нь буруу гэдэг асуудлыг хөндөхийг оролдож. Гэхдээ тэд нэг алдаа гаргасан. Сонгосон мэдээ нь учир дутагдалтай байлаа.
МакДоналдс нээгдэнэ гэдэг бол цэвэр реклам сурталчилгааны агуулгатай. Реклам, мэдээ хоёрын үндсэн ялгаа нь нэг нь мөнгө төлж, бэлэн текстийг өгдөг бол нөгөө нь сэтгүүлч өөрөө явж бэлтгэхэд байдаг. Мэдээж нарийн ялгаа зааг бий. Хуулиндаа бол “Зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийгхэлнэ гэчихсэн байна. Энэ утгаараа Макдоналдс мэдээ биш реклам гэж би хувьдаа ойлгож байгаа. Үүний оронд Женко Баттулга – АПУ Батхүү, эсвэл Оюутолгой, Төмөр зам, Эрдэнэт, Сугар, бүр нийгмийн өөр нэг эмзэг сэдэв сонгоод өөрөө худал мэдээлэл бэлдэж, түүнийгээ сэтгүүлч, захирал, маркетингийн менежерт мөнгө төлж цацуулсан бол энэ жинхэнэ BOOOM болж, Монгол ТВ-н зорилго 100 хувь биелэх байлаа. Магадгүй Р.Амаржаргал Фортууны оронд сайд болохоор тохироо хийжээ гээд түүнийгээ мөнгө төлөөд цацуулж болох. 

Бүгд хууль зөрчсөн

News.mn сайт онцлох хэсэгтээ “Монгол HD ТВ-ийн өмнөөс уншигчдаасаа хүлцэл өчье “ гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж. Үндсэн санаа нь бид бизнес мэдээний буландаа орлуулсан, цэвэр реклам гэжээ. Тэдний зөв. Гэхдээ сурталчилгаа ч гэсэн өөрийн хуультай байдгийг санах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Зар сурталчилгааны тухай хууль гэж бий.
Хуулийн 6.1, “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэжээ. Энэ утгаараа сонинууд болон сайтууд бэлдэж өгсөн рекламыг нь сурталчилгаа байдлаар гаргасан болохоор буруудах зүйлгүй. Харин телевизүүд рекламынхаа цагаар биш мэдээллийн хөтөлбөрийн цагаар цацсан болохоор уг заалтыг зөрчиж таарч байгаа юм.
Мөн хуулийн 11.3Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн байна. Макдоналдсын мэдээ мэдээллийн хөтөлбөр дундуур явсан. Хууль зөрчсөн үү зөрчсөн. Монголын телевизүүд бүгд мэдээллийн хөтөлбөрийнхөө дундуур реклам явуулдаг. Бүтэн хоёр цагийн мэдээллийн хөтөлбөр гэж заачихаад тал нь реклам явдаг телевизүүд олон бий. Хуулиас нуухын тулд “Бизнес мэдээ” гэдгээр халхавчилдаг байх. Ингээд үзэхээр Монголын телевизүүд Зар сурталчилгааны тухай хуулийг бүгд зөрчдөг гэсэн үг. Харин хэн хариуцлага тооцдогийг нь хэлж мэдэхгүй юм.
Мөнгө төлсөн л бол ямар ч рекламыг цацах ёстой юу гэдэг асуудал бий. Зар сурталчилгааны бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн бүрэн хариуцна гэсэн бичигдээгүй “зарчим” манай улсад үйлчилдэг. Гэхдээ ийм заалт ямар ч хуулинд байдаггүй юм билээ. Үүнийг хуульчилж, дүрэм журам тогтоох гэж оролдож байсан ч бүтэлтэй зүйл болоогүйг санаж байна. Ямар ч байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн З.1 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалт байдаг юм байна. Эхний өгүүлбэр нь их аюултай утгатай шүү.
Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллага худлаа, хуурамч зар сурталчилгаа явуулахаас сэргийлж болох заалт Зар сурталчилгааны хуульд байдаг юм байна. Хуулийн 21.1-т, “Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг зар сурталчилгаа захиалагчаас шаардах эрхтэй” гэсэн заалт байна. Дээрх 9 байгууллагын ганц нь ч энэ эрхээ эдлээгүй, нотлох баримт шаардаагүй, мөнгө л шилжүүлбэл ОКЕЙ гэснийг бүгд харсан. Эрхийг эдлэхгүй байж болно л доо. Үүрэг биш хойно заавал биелүүлэх шаардлага ч байхгүй. Гэхдээ маркетингийн менежерүүд энэ заалтыг цээжлээд авчихад гэмгүй л байх.
Мөн хуулийн 6.2-т, “Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна”. 12.2-т,Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна” гэжээ. Уг заалт сонин, сайтуудад хамааралтай гэж болохоор. Реклам өгөгч нь өөрийнхөө тусгай зөвшөөрлийн дугаарыг, холбоо тогтоох хаяг, утсыг рекламандаа оруулаагүй байна. Хуулийн дагуу реклам бүтээгч нь уг хариуцлагыг хүлээх болно. Реклам түгээгч түүнийг нь шалгаж болно. Шалгахгүй ч байж болно. Ингээд үзвэл Монгол ТВ-н “туршилт”-ад сайт, сонингоос илүүтэй телевизүүд “унасан” гэж хэлж болно.
Гэхдээ Монгол ТВ агуулгын том алдаа гаргасан гэж үзэж болно. Тэд Монголд мэдээ, реклам 2-ын ялгаа ямар байдгийг мэддэггүй бололтой. Магад сэтгүүлчид нь туршлага дутсан байж болно. Эсвэл олон улсын жишиг нь Монголынхоос өөр байдаг ч байж болно. Үгүйсгэхгүй. Эсвэл бүгдээрээ хэлэлцэж байгаад биш ганц хоёр хүний санаачилга байж болно. 

Хяналтгүй мэдээ

Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт коопи-паастын арми улам бүр хүчирхэгжсээр байгаа. “Телевизүүдийн мэдээг өдөр тутмын сонинууд бэлдэж өгдөг” гээд нэг сонины эрхлэгч ярьсан удаатай. Дутуу санагдаж байна. Өнөөдөр сонин-сайт-телевиз-сайт-сонин-телевиз гэсэн гинжин холбоонд мэдээ ямар ч шүүлтүүргүй, шалгалтгүй дураараа урсаж байгаа. Гэхдээ мэдээллийн цөм нь өдөр тутмын сонинуудаас гардаг. Одоо бүр Фейсбүүк, Твиттер гэсэн олон нийтийн сүлжээ дээр нь хүч хавсарчихсан. Эндээс хэрэглэгч, үзэгч, уншигч яаж бодит үнэн мэдээллийг хүлээж авах ёстой юм бэ? Би хувьдаа хариулт хэлж мэдэхгүй байгаа.
Монгол ТВ өөрөө мэдээгээ хянадаг юм уу? Адилхан л бохир сэтгүүл зүй байж ... бла бла бла гээд салбарынхнаас нь шүүмжлэлүүд хөвөрч байна. Миний бодлоор Монголд мэдээгээ хянадаг байгууллага хуруу дарам цөөхөн шүү. Өөрийнхөө нэг мэдээн дээр жишээ татая.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүн шинээр томилогдсоныг анхлан олон нийтэд хүргэсэн юм. Тухайн үедээ зориуд хэд хэдэн өгүүлбэр оруулж, зургийг нь эвлүүлж, Mining Journal гэж тамгалж байв. Орой нь миний мэдээ яаж цацагдах нь вэ гэдгийг танадлаа. Монгол HD, Ийгл, бүр Блүүмбэрг ТВ Монгол хүртэл цацаж байв. Нэг зүйлийг баттай хэлнэ. Миний мэдэхийн Блүүмбэрг,  Монгол ТВ хоёр мэдээллийг баталгаажуулж чадаагүй шууд цацсан. Ийгл-д баталгаажуулах үндсэн эх сурвалж байгаа болохоор баталгаажуулсан эсэхийг мэдэхгүй. Маргааш нь нөгөө том том гээд байдаг 5-6 сонин дээр мэдээ маань яг тэр чигээрээ гарсан байв. Зарим нь бүр Mining Journal гэсэн тамгатай зургийг нь хүртэл копидсон байгаа юм.
Ийм тохиолдол Монголд хар мянгаараа байгаа. Бүр бүх сонин, сайтын мэдээ тавьчихаад түүгээрээ реклам авдаг сайтууд ч олон бий. Монгол ТВ ч бас тэдний адил мэдээ ашигладаг уу гэвэл ашигладаг. Олон нийтийн бүх л мэдээллийн хэрэгсэл ийм байгаа. Үүнийг өөрчлөх ёстой юу гэвэл ёстой. Харин яаж гэдэгт тохирсон шийдэл одоо болтол гараагүй л байна. 

Төгсгөлийн үгс

Магадгүй Монгол ТВ-н “туршилт” ийм байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахад нэмэр болно байх гэж хувьдаа итгэлтэй байгаа. Ийм “туршилт” хийснээрээ “Бид эхлээд энэ байдлаас гарна” гэдгээ үзэгчид, салбарынхныхаа өмнө зарлаж байна гэж ойлгож байгаа.
Тэд өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьж, сэтгүүлзүйн салбарт нэг цочроо өглөө гэж бодож байгаа. Одоо рекламны менежерүүд реклам авахдаа ядаж ганц ч гэсэн асуулт асуудаг болох байх. Сэтгүүлчид маань ч аливаа мэдээллийг боломжийн хэрээр нягталж, шалгадаг болно байх.  Монгол ТВ-н дутуу дулимаг туршилтын үр дүн л энэ байх.
Тэдний “туршилт” –ыг сэтгүүлч нөхдийн маань ихэнх нь таагүй хүлээж авч байна. Гэхдээ найзуудаа, нэг ч гэсэн телевиз ийм оролдлого хийсэнд нь баярлалаа гээд хэлж болохгүй гэж үү? Сэтгүүлзүйн бугшсан байгаа энэ бохир заваан бүхнийг сэтгүүлчид нь, хэвлэлийн байгууллага нь дотроосоо санал санаачилга гаргаж, өөрчлөх ёстой биз дээ? Хэн нэг нь түрүүлж ямар нэг үйлдэл хийх ёстой биз дээ? Монгол ТВ-н хийсэн энэ үйлдлийг өрсөлдөгч ч гэх юм уу, дайсны нүдээр битгий хараач гэж нөхдөөсөө, ялангуяа залуу сэтгүүлчдээсээ хүсмээр байна. Би эзэд, эрхлэгч, захирлуудаас биш сэтгүүлчдээсээ хүсч байгаа юм шүү. Ийм оролдлогуудыг элдвээр шүүмжлээд, няцаагаад байвал ийм оролдлого хийх хүн, байгууллага дахиж гарч ирэхгүй. Бид хэзээ ирэхийг нь мэдэхгүй тэр эрүүл саруул сэтгүүлзүйг хүлээгээд бахь байдгаараа хэчнээн жил явахыг ч мэдэхгүй юм.
Төгсгөлд нь, өөр ямар нэг сонин, телевиз, магадгүй Монгол ТВ дахиад маш ул суурьтай “туршилт” хийнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Мэдээллийн төлөөх авилга Мэрдокийн вант улсыг бужигнуулав

2011-07-18

 Гэмт хэргийн хохирогчдын утсыг нууцаар чагнадаг нь илэрсний улмаас цагдаа нарт авилга өгч мэдээлэл авдаг нь тодорхой болсон News Corporation-нхний хэргээс болж Лондон хотын Цагдаагийн дарга огцорч, тус мэдээллийн Корпорацийн эрхэлдэг сонинуудын Эрхлэгч нар баривчлагдаж, 162 жилийн түүхтэй News of the World хаагдахад хүргээд байна.

Америк, Английн үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшигч, Медиа Могул гэгдсэн Руперт Мэрдокийн олон арван жилийн турш бүрэлдэн тогтсон авилгын сүлжээ, эрх мэдлийн төлөөх нууц ийнхүү тэсэрч эхэллээ.     

Мэрдоктой холбоотой энэхүү ёс зүйн хэргээс болж түүний хуучны анд Wall Street Journal-ыг эрхлэн гаргадаг Dow Jones-ын Захирал Лес Хинтон хүртэл огцроод байна.

Өнгөрсөн долоо хоногт News Corporation-ий Гүйцэтгэх захирал Ребека Брүүкс баривчлагдаж, Лондоны Цагдаагийн газрын дарга Пол Стефенсон сэнтийгээсээ огцорсон явдал нь Мэрдокийн мэдээллийн вант улсыг төдийгүй түүний сонинуудтай олон жилийн халуун дулаан харилцаатай Британийн топ улстөрчид, ялангуяа Консерватив намаар ахлуулсан эвслийн Засгийн газарт асар хүчтэй цохилт болов.

Ребека Брүүкс бол нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч, Ерөнхий сайд Девид Камеронтой зул сарын зоог барьдаг нөлөө бүхий сэтгүүлч юм. Тэр бол Британийн Засгийн газар нь Мэрдокийн мэдээллийн вант улстай ямар холбоотой болохыг тодруулж, олон асуултад хариулж чадах эгзэгтэй утасны учиг. Түүнийг баривчилснаар анх удаа Мэрдокийн мэдээллийн вант улсад Британийн Цагдаагийн газар мөрдлөг хийх боломжтой болжээ.

Медиа Могул Мэрдокийн News Corporation нь The Sun, the News of the World, The Times болон Sunday Times сонинуудыг эрхлэн гаргадаг мэдээллийн хүчирхэг гүрэн билээ. Эдний дундаас the News of the World сонин 168 жилийн настай. Гэхдээ энэ сонин амь үрэгдсэн цэргүүдийн гэр бүлийн болон үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн утсыг чагнаж, улмаар муу эцэг эх байсан зэрэг агуулгатай нийтлэл хэвлэдэг байсан нь олон нийтийн асар их  жигшил зэвүүцлийг хүргэж  хаагдан, 200 гаруй сэтгүүлч ажилгүй болж байна.

Цагдаа нарт мөнгө төлж чухал мэдээлэл авдаг байсан гэж хатагтай Бруук нэгэнтээ хэлсэн ба түүнийг оруулаад News of the World сонины есөн сэтгүүлч, редактор баривчлагджээ.

Тэдний дунд сонины өмнөх Редактор, Ерөнхий сайд Девид Камероны сонгуулийн кампанит ажлыг ахалсан Энди Коулсан хүртэл багтжээ.

Руперт болон түүний хүү Жеймс Мэрдок нар маргааш Британийн Парламентийн хуралдаанд очих юм. Нэг ёсондоо тэднийг хууль тогтоогчид байцаана.

Хүү Мэрдок нь “News of the World”-ыг шууд удирддаггүй ч гэсэн сенсаац мэдээллийн төлөө Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн холбооны тэргүүн Гордон Тейлорт 1.1 сая ам.доллар төлсөн нь батлагджээ.

Одоо эцэг Мэрдок хямралын салхийг АНУ-д газар авахуулахгүйг хичээж байна. Тэрбээр Fox TV network, 20th Century Fox film studio, The Wall Street Journal болон New York Post зэрэг манай гаригийн хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн хувьцааг эзэмшигч юм.

Энэхүү дуулиант хэрэг явдлын улмаас Америкийн Холбооны мөрдөх товчоо нь News Corporation-ы сэтгүүлчдийн голлон ашигладаг байсан есдүгээр сарын 11-ний  террорист халдлагад хохирогчдын утсыг чагнасан гэмт хэргийг дахиж нээхээр болжээ.

Дээрх бүх явдал ил болсны дараа Р. Мэрдок бямба гаригт олон нийтээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Гэсэн ч зөвхөн уучлалт гуйх хангалтгүй хэмээн үзэгсэд олон байна. Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн Эд Миллибанд хэт их эрх мэдэл, хүчийг Мэрдокт төвлөрүүлсэн гээд мэдээллийн хэрэгслүүд дэх түүний эзэмшлийг багасгахыг уриалжээ.

Мэрдок эрх баригч Консерватив намтай дотно холбоотой учраас эрх баригчид Sky хэмээх олон нийтийн телевизийг хувьчлахдаа мөн л түүнд өгөхөөр ажиллаж байжээ.

Иргэдийн утсыг хулгайгаар чагнадагт нь зэвүүсэн британичууд Мэрдокт Sky телевизийг  өгөхийг эсэргүүцэн жагсаал хүртэл хийжээ. Авилгын хэргүүд ил гарсны дүнд ийнхүү Мэрдокийн “Sky” хэмээх шинэ мөрөөдөл нь замхарч байна. Гэхдээ тэр 39 хувийн хувьцааг нь хэдийнэ эзэмшсэн билээ.

Энэ бүх бужигнаан дунд Британийн Цагдаагийн байгууллага хэдэн жилийн өмнө утас чагнасан хэргүүдэд хангалттай нотлох баримт байсаар атал яагаад хаасан тухайгаа тайлбарлахыг иргэд шаардаж байна. Одоо утсыг нь хулгайгаар чагнасан 3700 хохирогчийн хэргийг дахин нээхээр болжээ.
 
Мөн, улс төрийн албан тушаалтнууд News International-ын Захирлуудтай олон удаа хамт хоол идэж, уулздаг байсан тухай баримтууд ч ил гарч байна.  Ёс зүйгүй авирласан бүх хүн энэ өдрүүдэд нийгмийнхээ хатуу шүүмжлэлтэй тулгарч байна.

Б. Халиун Mongolian Mining Journal

Сэтгүүлч ард түмний талд байх ёстой гэдгийг тэр үед л ойлгосон

2010-08-31

Сэтгүүл зүйн гал тогоонд дөнгөж хөл тавьж байгаа сурвалжлагчдад саад бэрхшээл, давшгүй мэт өндөр даваа олон байдгийн нэг нь туршлагатай, ахмад сэтгүүлчдээс “эрүүний шөл” уух. Яалт ч үгүй байх ёстой зүйл учир “эрүүний шөл” уулгүй сэтгүүлч болсон гэж байдаггүй биз ээ. Шинэ залуу сэтгүүлчдийг дадлагажуулж, сургах их ажлыг тухайн редакц, туршлагатай сэтгүүлчид хийдэг. Авьяас чадвар илүү, чих зөөлөнтэй нэг нь энэ давааг богино хугацаанд давдаг бол ихэнх нь нэлээд урт хугацаа зарцуулдаг байх.
Сурвалжлагч болоод удаагүй байхдаа сэтгүүлч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэж өөрөөсөө асуудаг байлаа. Сэтгүүлч гэдэг мэргэжил орчуулагч, эсвэл инженер, эдийн засагч, эмчээс юугаараа ялгардаг юм бол? Адилхан л өглөө ажилдаа ирээд орой тарна. Адилхан л цалин авна. Ажилдаа сонирхолтой болох тусам дээрх асуултынхаа хариултыг бага багаар олсоор байв. Сэтгүүлч хүн орчуулагч, инженер, эдийн засагчаас хамаагүй илүү, бас чухал мэргэжил. Эдийн засагч, инженерүүд өөртөө, эсвэл хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажилладаг бол сэтгүүлч бүх ард түмний төлөө ажилладаг. Энд тэнд мэдээнд явж байхдаа миний мэдээг ямар хүн унших билээ, ямар хүмүүст хэрэгтэй бол, нэмээд ямар мэдээлэл хүргэх вэ гэдгийг байнга бодож, эрж хайж явдаг нь сэтгүүлчийн онцлог, бас үүрэг.
“Улаанбаатар таймс” сонины босгыг давж, сэтгүүл зүйн гал тогоонд хөл тавьсан би ч бас Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Ундармаа эгч, Тоймчдын албаны дарга Б.Нацагдорж, Н.Ариунтуяа Эрхлэгчдээ багагүй зэмлүүлж, үнэтэй зөвлөгөөг нь сонссоор нэг их удалгүй Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга боллоо. Ёстой түүхийгээрээ хүүхэд албаны дарга гэсэн том сэтэр зүүх нь тэр. Дарга болсон чинь загнуулах, шүүмжлүүлэх нь бүр ч нэмэгдээд ирдэг юм байна. Эрхлэгч болоод сонины ах эгч нар маань надад итгэл хүлээлгэсэн болохоор би тэр итгэлийг алдаж яасан ч болохгүй хэмээн өөрийгөө чадлынхаа хэрээр дайчилж байв. Хийх ажил минь улам нэмэгдэж, урьд урьдынхаас илүү олон талын мэдлэг чадвар шаардаж эхлэв. Тэр чинээгээрээ загнуулж, шүүмжлүүлнэ. Албаны дарга хүн өөрийнхөө бичсэнээс гадна хэлтсийнхээ хүмүүсийн, цаашлаад дугаар удирдсан бол бүх сэтгүүлчдийн өмнөөс бурууг хүлээж банга хүртэнэ. За даа,  бараг өдөр бүр загнуулсан даа. Сүүлдээ ч бүр дөжирчихдөг юм билээ. Эхэндээ хачин их эмзэглэдэг байснаа яваандаа  дасч эхэллээ.  
Гэхдээ Нацагаа ахад нулимсаа гартал загнуулснаа огт мартдаггүй юм. 2007 оны намар. Шатахууны үнэ нэмэгдэхэд нийтийн тээврийнхэн үнээ нэмнэ хэмээн ажил хаялт зарлаж, жагсана цуглана гээд бөөн юм болов. Энэ үеэр таксины үйлчилгээ эрхлэгчид км-ийг 250 төгрөгөөр тооцдог байснаа нэмж, 400-500 төгрөг болгоно гэсэн хэвлэлийн бага хурлыг Хөрөнгийн биржийн байранд хийлгэлээ. Бид Монголд таксины үйлчилгээ анх нэвтэрч байхад л км-т 250 төгрөгөөр явж байсан. Тэр үеэс хойш шатахууны үнэ 5-6 дахин нэмэгдчихээд байхад бид үнээ нэмээгүй, өнөөдрийг хүрлээ. Одоо бол үнэхээр хэцүүдлээ гээд л түмэн зовлон тоочлоо. Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба гэсэн том албаны шив шинэхэн дарга би ч тэдний үгэнд яг таг итгэж, зовлонг нь хачин сайн ойлголоо.
Тэгээд л нэг их мундаг хүн таксины үнэ нэмэгдэх нь зүйтэй гэсэн утгатай материал бичээд, түүнийгээ хэвлэлийн хурал хийлгэсэн хүмүүсийн хэлсэн үг, баримтаар нь баталгаажуулан нүүрнийхээ гол материал болгож орхив. Нацагаа ах тэр өдрийн дугаар удирдагч байсан юм. Наана нь дугаар удирдагчтайгаа зөвлөсөн ч юмгүй нүүрээ тавиулчихаад бараг хамгийн сүүлд Нацагаа ахад гаргаж өглөө. Нэг их удаагүй байтал цаад өрөөнөөс “Болдоо муу тэнэг ээ, мал юмуу чи, нааш хүрээд ир” гээд Нацагаа ахын дуу хадаад явчихлаа.
Үхтэлээ айсан би ч бараг л чичирч салганасан юм яваад ортол өөдөөс дардсыг минь шидээд “Чи ингэхэд сэтгүүлч мөн үү? Юм бүхний үнэ нэмэгдээд ард түмний амьдрал хэцүү байхад ахиад үнэ нэмэх нь зөв гэж  бичиж байдаг чамайг сэтгүүлч гэх үү? Би л лав такси 500 төгрөг болбол сууж чадахгүй, чи чадах уу? Хэчнээн хүн таксинд сууж чадах вэ…” гээд загнаж гарлаа. Тэгснээ “Чи ер нь боль боль, ийм сэтгүүлч гэж байдаггүй юм. Сэтгүүлч хүн чинь ард түмнийхээ талд үргэлж зогсож, ядарсан иргэнээ өмөөрч хамгаалж байх ёстой. Чам шиг ингэж аль нэг хэсэг бүлэгт үйлчилдэг сэтгүүлч өнөөдөр хог шиг их болчихоод байна. Тэдэнтэй адилхан болох юм бол чи сэтгүүлч болсны хэрэггүй. Наадахаа дахиад өөрчилж бич. Наана цаанатай нь тунгаа” гэхийг нь сонсоод эгээтэй л нулимс урсчихсангүй.

Шөнийн 22.00 цаг өнгөрч байхад гол материалаа дахиад эхнээс нь бичлээ. Бичиж суух хооронд нулимс гарчих гээд болдоггүй. Нэгдүгээр нүүрний эхийг бэлдэж байсан оператор Л.Энхтуяа эгчийн “Миний дүү битгий сандар. Иймэрхүү юм зөндөө гарна. Авахаа аваад, хэрэггүй нь хаячих” гэсэн зөөлөн үг юу юугүй аяганаасаа хальчих гээд байсан нулимсыг минь арайхийн тогтоон барив.
Дахиж бичсэн материалаа өгчихөөд зогсож байтал Нацагаа ахын маань найз сэтгүүлч Мөнхнасан хүрч ирээд “Дүү хүү гайгүй биз. Нацагаа ахдаа битгий гомдоорой. Хүн итгэлтэй хүндээ л ингэж хатуу ширүүн үгийг хэлдэг юм шүү” гэсэн нь сэтгэлийг минь бага ч атугай тайвшруулав.
Нацагаа ахад жинтэй хэрнээ цөөнгүй бангадуулж байсны нэг нь энэ. Сэтгүүлч хүн ямар байх ёстой вэ гэдгийг ойлгуулсан явдал гэх юм уу даа. Инженер, эдийн засагчдаас ялгарах өөр нэг талыг нь тэр үед ойлгосон юм. Ингэж загнуулснаа би хэзээ ч мартдаггүй. Тэр үдэш сонссон хатуу үгсийг үзгээ шүүрэх болгондоо үргэлж санадаг юм.

Мэдлэг, мэргэжилтэй залуус бид орон нутгаа хөгжүүлэх ёстой

 Өмнөговь аймгийн “Говийн долгион” радиогийн сэтгүүлч С.Сумъяатай ярилцлаа.


Сэтгүүлчийн мэргэжлийг хэдэн онд эзэмшсэн бэ? Хэчнээн жил ажиллаж байна вэ?

Би Өмнөговь аймгийн уугуул. Багаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Зурагтаар мэдээ уншиж байгаа хүмүүсийг харахад их гоё санагддаг байсан. Хүмүүс сэтгүүлчдийг камер бариад л, зурагтаар гардаг гоё мэргэжил гэж боддог байх. Гэхдээ сэтгүүл зүйн тогоонд өөрөө ороод ирэхээр ямар хүнд хүчир, хэцүү мөртлөө дурламаар ажил болохыг жинхэнэ утгээр нь ойлгодог юм билээ. Дээд сургуулийн төгсөх ангид дадлага хийхээсээ л үүнийг мэдэрч эхэлсэн.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2005 онд “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид орсон. Өнгөрсөн жил төгсөөд нутагтаа ирж ажиллаж байна. Орон нутгийн сэтгүүлчид гэхээр нэг тийм өнгөц ойлголт байдаг. Мэдээ, нэвтрүүлгийг дөнгөж дөхүүлээд орхичихдог, бүрэн гүйцэд сайн бүтээл хийдэггүй гэж зарим хүмүүс ойлгодог юм шиг байна лээ. Төвийн сэтгүүлчид бүх юмыг сайн хийгээд орон нутгийнхан сайн хийдэггүй ч гэдэг юм уу. Гэхдээ одоо бол энэ ойлголт өөрчлөгдөж байгаа. Энэ өөрчлөлтийн үед сэтгүүлч гэдэг энэ эрхэм сайхан мэргэжлийг эзэмшин ажиллаж байгаадаа бахархдаг. Би аймгийнхаа хувьд хамгийн залуу сэтгүүлч нь.

Орон нутагт ажиллах сонирхол байсан уу? Тэр дундаа яагаад радиод ажиллах болов?
Манай сургуулийн багш нар хүүхдүүдээ аль болох төвд ажиллуулах сонирхолтой байдаг. Би Өмнөговийнх болохоор ч тэр үү орон нутагтаа ажиллая, орон нутгаа хөгжүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг бага ч атугай оруулъя гэсэн бодолтой байсан. Ер нь ихэнх хүмүүс аль болох Улаанбаатарт үлдэж ажиллаж амьдрахыг тэмүүлдэг. Хөдөө орон нутаг эзэнгүйдэх хандлагатай болчихсон. Зарим хүмүүст төвийн сэтгүүл зүйд тэнцэхгүй, гологдсон болохоороо орон нутат ажилладаг гэж ойлголт байдаг л даа. Тийм биш шүү. Мэдлэг боловсролтой, мэргэжилтэй залуучууд бид орон нутгаа хөгжүүлэх учиртай. Манай аймагт ч тийм л байгаа. Ганц сэтгүүл зүй ч биш бусад салбарт ч нийслэлд их дээд сургууль төгссөн олон залуус ажиллаж байна. Яагаад заавал төв рүү очих ёстой гэж. Тэр тусмаа сүүлийн үед орон нутгийн хөгжлийн талаар яригдаж, хөгжих боломж бололцоо ч харагдаж байна шүү дээ.

Чи радиогийнхоо ганц сэтгүүлч нь. Ганцаараа ажиллахад хэцүү, хүндрэлтэй зүйл байдаг л байх. Нөгөө талаар бас боломжтой ч гэдэг юм уу сайхан тал нь юу вэ?
Манай радио цацалтын хүрээ өргөн. Аймгийн төвөөс гадна 20-30 км радиуст цацдаг. Телевизийг бодвол радио бас өөрийн гэсэн онцлогтой л доо. Телевизийнхэн камерын өмнө дүрстэйгээ гардаг бол радио зөвхөн өөрийнхөө сонсголоор мэдэрч, оюун ухаандаа дүрсэлдэг болохоор илүү цэвэрхэн, зураглалтай ярих шаардлагатай байдаг. Тэр ч утгаараа их авьяас чадвар шаарддаг болов уу. Их ч хичээж, өөрийгөө дайчлан ажиллаж байна.

“Монцамэ” агентлагийн орон нутаг дахь сэтгүүлч юм байна. Хэзээнээс “Монцамэ”-гээр овоглох болов?
Радиогийн ажил нэг талдаа хөнгөн гэж хэлж болохоор. Даваа, пүрэв гаригт нэвтрүүлгээ бэлдээд мягмар, баасан гаригт цацдаг. Лхагва гаригт нь “Монцамэ”-гийнхаа ажлыг хийдэг юм. Манай дарга Наранчимэг эгч маань намайг их дэмждэг. Их дайчин хүн бий. Тийм хүний хажууд урсгалаараа яваад байж болохгүй, ямар л нөөц боломж байна бүгдийг ашиглах шаардлагатай болдог. Захирал маань намайг давхар ажил хийхийг санал болгосон л доо. Тэгээд 2009 оны 11 дүгээр сард “Монцамэ”-гийнхантай уулзсан. Тухайн үед олон хүн тэнд ажиллах сонирхолтой байсан. Бүгд гэрээгээр ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сард тушаал гарч, намайг “Монцамэ” агентлагийн орон нутаг дахь албан ёсны сурвалжлагчаар томилсон.

“Хөтөлгөө морьтой” залуу сэтгүүлчийн цалин амьдралд хэр хүрэлцдэг вэ?
Ер нь сэтгүүлчид бусдыг бодвол илүү их ажиллаж, халуунд халж, хүйтэнд хөрч явдаг. Гэхдээ тэр хэмжээгээрээ цалин хөлс авч чаддаггүй. Дөнгөж нэг жил ажиллаж байгаа болохоор миний хувьд харьцангүй гайгүй. Эхний саруудад цалин гээд их л мөнгө аваад гоё санагддаг байлаа. Урьд нь тэгж өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олж үзээгүй болоод ч тэр үү анхны цалин их л мөнгө санагдсан. Гэхдээ амьдралд хөл тавиад эхлэхээр цалин хүрэлцэхээ больчих юм. Гэртээ ч юм авмаар, өөртөө ч зарцуулмаар байдаг. Одоохондоо гэр бүлийн амьдрал зохиогоогүй болохоор яаж ийгээд болгож л байна.

Баярлалаа. Орон нутгийнхаа иргэдийн чихийг үргэлж чимэгтэй мэдээгээр мялааж байгаарай.

Сэтгүүлчид бид хөгжлийг дагуулж, хөгжлийг таниулж явах учиртай

 Өмнөговь аймгийн отгон телевиз “21 дүгээр суваг” телевизийн сэтгүүлч Б.Бямбасайхантай ярилцлаа.


Аймгийнхаа отгон телевизэд байгуулагдахад нь л эхэлж ажилласан уу?
2008 оны гуравдугаар сард “21 дүгээр суваг” телевизээ анх байгуулагдахад тулгын чулууг нь тавилцсан. Шинээр байгуулагдаж байгаа газар эмэгтэй хүний ажил шалнаасаа л эхэлнэ шүү дээ. Тэр дагуу л тоосыг нь ч арчиж, мэдээгээ ч хийнэ. Бас зар сурталчилгаагаа хариуцана. Радио телевизийн дээд сургуулийн найруулагчийн дээд курсыг ажлынхаа хажуугаар өнгөрсөн хавар төгссөн. Сэтгүүлчээс гадна найруулагчийн эрдэмд суралцахыг хүссэн юм.
Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийнхээ ур чадварт нэлээд анхаардаг юм шиг санагдлаа. Мэргэжил дээшлүүлэх курс, мэргэжлийн сургалтад багагүй хамруулдаг юм шиг байна?
Ер нь нэг өрөөсгөл ойлголт байдаг л даа. Орон нутгийн сэтгүүлчид орон нутгаасаа халих биш, аймгийнхаа хэмжээнд л байх юм чинь ямар ч байсан яадаг юм гэсэн жижигхэн ойлголт яваад байдаг. Манай аймгийн сэтгүүлчид тийм биш. Яагаад гэвэл манай аймаг өнөөдөр дэлхийн хэмжээнд яригдаж байна. Асар их ашигт малтмалын нөөцтэй, түүнийгээ дагаад орон нутгийн хурдацтай хөгжлийн гараанд ирчихсэн энэ үед сэтгүүлчид бид түүнээс түрүүлж хөгжиж, хөгжлийг дагуулж, хөгжлийг таниулж байх ёстой. Сэтгүүлчид бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа аймгийн хэмжээний цөөн тооны сэтгүүлчид маань уурхайчнаас, эмчээс, цагдаагаас гээд олон талаас авч байгаа мэдээллийг хүргэхийн тулд тал талын мэдлэгтэй байхыг зайлшгүй шаарддаг. Төрийн албан хаагчид, хувийн компанийн ажилтнуудыг төрөөс, тухайн компаниас мэргэжлийг нь дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад дотоодод сургуульд явуулж  сургалтад хамруулдаг. Харин сэтгүүлч биднийг анхаардаг газар байдаггүй шүү дээ. Бид ард түмэндээ хэрэгтэй мэдээллийг нь хүргэхийн тулд, тодорхой хэмжээнд соён гэгээрүүлэхийн тулд бор зүрхээрээ, сэтгэлээсээ ажилладаг. Тиймээс бид ч бас суралцах, хөгжих учиртай.
Өмнөговийн 10 гаруй сэтгүүлчтэй танилцахад бүгдээрээ л хэд хэдэн ажил давхар хийдэг “универсалный” сэтгүүлчид байна. Та ч бас ялгаагүй сэтгүүлч, зураглаач, найруулагч, нягтлан гээд маш олон ажил хийж байна. Энэ олон ажлыг зэрэг амжуулахад хүндрэл бэрхшээл их л гардаг байх?
Тийм л дээ. Нэг талдаа хэцүү боловч нөгөө талаараа завгүй ажилтай байдаг болохоор өдөр хоног хэрхэн өнгөрч байгааг ч анхаарах сөхөөгүй явдаг. Ямар сайндаа л манайхан өнөөдөр наадмын комисс хуралдана гэхээр нээрээ наадам болох гэж байгаа юм байна шүү дээ, саяхан л хаврын шороон шуурга шуураад байсан чинь нэг л мэдэхэд наадам ирчихэж гээд бөөн инээдэм болсон.
Тэгээд ч бид бие биенийгээ нөхөөд сурчихсан хүмүүс. Зураглаач байхгүй үед өөрөө зургаа авна, сэтгүүлч ажилтай бол камераа хүнд бариулж. камерныхаа ард зогсч байгаад л асуултаа асуугаад яриагаа авчихна. Тэгээд өөрсдөө текстээ бичээд эвлүүлгээ хийгээд мэдээгээ бэлтгэчихнэ. Энэ миний үүрэгт ажил, биш гэсэн ойлголт бидэнд байдаггүй. Байхгүйгээ байгаа нь орлоод л явна. Энэ бүхэн хүн хүч дутмагтай холбоотой. Үнэндээ хөдөө орон нутагт хэвлэл мэдээллийн байгууллага хөгжихөд их хүндрэлтэй. Санхүүгийн асуудлаас эхлээд олон асуудал тулгардаг. Сонгуулийн жилээс бусад үед сараас сард, цалингаас цалингийн хооронд өдөр хоног өнгөрдөг. Ажилчдынхаа цалинг яаж тавих вэ гэж даргын толгой гашилж явдаг. Сонгуулийн үеэр л хонон өнжин зүтгэж байж хэдэн цаас цуглуулдаг.
Хоёр ч телевизээр ороход техникийн хувьд учир дутагдалтай санагдсан. Өнөөдөр технологийн шинэ шатанд дэлхий даяараа шилжинэ, телевизийн бүх тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ гээд л ярьж байна?
Үнэндээ бидэнд техник технологио хөгжлийн хурдтай нийцүүлэн шинэчлээд байх боломж байхгүй шүү дээ. Говийн нөхцөлд камерын асуудал хамгийн хүнд байдаг. Энэ их элс, хуурай шороонд камер амархан гэмтдэг. Нэг камер 2-3 жил болоод л өнгө дүрс, дуу нь муудчихдаг. Тэр болгонд солиод байхад хэцүү ч солихгүй гээд яахав. Цаашид технологийн энэ дэвшлийн үед орон нутгийн телевизийн салбар үнэхээр унах байх гэж боддог. Сонин цаас нь байхад хэвлүүлээд болоод байна. Аймгийн маань ганц радио Монголын радиогийн сувгаар цацагдчихдаг учраас бас ч гайгүй. Телевизийн хувьд л их хүндрэлтэй тусч байгаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэх тал дээр хаана хаанаа анхаарал хандуулах болсон санагддаг.
Орон нутгийн сэтгүүлчдийн бахархал юу вэ?
Би төрөлх говьдоо, төрсөн нутагтаа ажиллаж байгаадаа их бахархдаг. Бусад мэргэжилтнүүд, сэтгүүлчид маань хөдөө очоод юу хийх юм бэ, төвдөө байж жаахан хөгжье гэдэг л дээ. Миний хувьд говиосоо хэзээ ч явж чадахгүй юм шиг санагддаг. Говь нутгийнхаа хөгжилд өөрийнхөө чадах бүхнээ дуслаар ч гэсэн нэмэрлэх юмсан, мэдэж чадаж байгаа зүйлээрээрээ дамжуулаад говийнхоо ард иргэдэд мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй хүргэж байх юмсан гэж бодож явдаг. Намайг сая хотод сурч байхад үлдээд ажиллаач гэсэн хүн олон байсан л даа. Хотод байсхийгээд л нэг телевиз байгуулагдаж байна. Тэдгээрт ажиллаач гэсэн үгийг их сонсдог ч нутагтаа л очно гээд зүтгэсэн. Багш нар, найзууд маань их гайхдаг юм. Манай говь удахгүй Улаанбаатараас ч илүү хөгжинө гэж боддог. Тиймээс сэтгүүлч бид түрүүлж хөгжиж, орон нутгийнхаа, говийнхоо хөгжлийг түүчээлэгчдийн эгнээнд явах ёстой.
Би аймгийнхаа Ардчилсан социалист залуучуудын холбооны Тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай. Залуучууд бидэнд хийж бүтээх  зүйл их байна. Энэ боломжийг ашиглаад бүгд хөдөлмөрлөе, хийе бүтээе, хамтдаа хөгжье. Бидний энэ хүслийг ойлгож, оюунд маань хөрөнгө оруулахаар, говь нугийн сэтгүүлчдийн жаргал зовлонг хуваалцахаар ирсэн “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” байгууллагынханд, та нөхдөд маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Та нарын маань ажил үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Хотын захиргаан дээр дуудагдсан нь...

2010-08-11

Гадаа цас хаялж байна. Өчигдөр оройноос эхэлж орсон бороо шөнөжин шиврээд харин одоо цас болон хувирч. Хаврын шороонд “балбуулсан” нийслэлчүүд энэ мөчийг маш их хүлээсэн биз. Блог, твиттер, мессенжер, бүр нийтийн тээврээс хүртэл бороо ороосой гэсэн хүсэл үнэртэж байсан. Энэ хүсэл биелэлээ.
Ширээн дээрээ халуун кофе тавьчихаад ширхэг ширхэгээр нь тоолж болохуйц цасыг цонхоор ширтэн зогсч байхад сэтгэлд нэг л дулаахан. Ер нь бороо шивэрсэн, цас зөөлөн бударсан ийм л мөчид хүн амьдралынхаа хамгийн амттай дурсамжийг санадаг байх гэж боддог. Би ч бас энэхэн мөчид өөртөө тохиолдсон сургамжтай, бас инээдтэй гэмээр нэгэн явдлыг санаж, бичиглэн сууна. Ер нь сэтгүүлч хүн бусдад загнуулахгүй, даргаас банга хүртэхгүй байна гэж байхгүй. “Улаанбаатар таймс”-аар овоглож явахдаа ч би хэд хэдэн удаа хатуухан донгодуулж байж билээ. Хотын захиргаан дээр дуудуулж, ажлаасаа халагдах дээрээ тулж байсан тэр явдлыг ер мартдаггүй юм.

2008 оны тавдугаар сарын 11. Баасан гариг. “Хүрээ хэмнэл”-дээ материал бэлдэх гээд нийслэлийн Соёл урлагийн газрынхантай уулзаж байтал Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Ундармаа эгч залгаад “Хаана байна, одоо хотын захиргаан дээр шууд яваад оч. Ү.Ганболдын өрөөнд шүү” гээд л утсаа салгачихлаа. Яасан юм болдоо гэсэн шүү юм бодоод явж байтал Ерөнхий эрхлэгч залгаад “Чи чинь яасан солиотой хүн бэ. Чамаас болж энд бөөн хэрэг мандаад байна. Ү.Ганболдын өрөөнд очиж хурдхан буруугаа хүлээ” гэчихээд бас л утсаа тасалчихлаа. За баларсан, өнөөдрийн дугаар дээр л ноцтой алдаа гарчихаж, харин юун дээр алдчихав гэсэн бодол шууд л тархинд харвах нь тэр. Тэр өдрийн дугаарыг би удирдсан юм. Хотын захиргааны үүдэнд очтол Ундармаа эгч бас ирж байна. 1-р нүүрний гол материал л алдаатай байсан юм шиг байна. Хотоос яриад бөөн юм боллоо. Юу ч гэсэн 2-лаа орж уулзая. Чи ганцаараа хэрэггүй байх гэлээ. Ади эгч маань /Ундармаа эгчийг бид тэгж дууддаг юм/ миний бие хамгаалагчаар ирж байгаа нь энэ. Ингээд 2 давхарт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдын өрөөнд явж орлоо. Хаалгаар шагайв уу үгүй юу л “За та нар чинь юу хийж байгаа нь энэ вэ” гээд л бага байхад аав ээж ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэж яршигтай үглэдэг шиг л үглэж гарах нь тэр. Би ч юу болоод байгааг ойлгох сөхөө байсангүй. “Яагаад 1-р нүүрнийхээ гол материалд Ц.Батбаяр даргын зургийг тавьж байгаа юм бэ? Энэ хүн чинь хотын даргаас огцорсон, Т.Билэгт хотын дарга шүү дээ. Гэтэл хотын төв хэвлэл нь хуучин хотын даргынхаа зургийг томоос том тавьчихсан байна. Та нар Т.Билэгт даргыг доромжилж байна уу...”
За байз, яагаад доромжилсон гэж хэмээн бодож суутал учир нь тайлагдах нь тэр. 2007 оны 5 сарын 11-нд нийслэлийн нэг сая дахь иргэд мэндэлж, Улаанбаатар хот маань дэлхийн метрополис хотуудын эгнээнд нэгдсэн. Тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр нэг сая дахь иргэдтэйгээ өөрийн биеэр уулзаж, шинэхэн байрны түлхүүр гардуулж байлаа. Харин өнөөдөр нэг сая дахь иргэдийн маань нэг насны төрсөн өдөр. Хотын захиргаанаас мэндчилгээ дэвшүүлж, 1-р нүүрэндээ тавиарай гэснийг нь дугаар эрхлэгчийн хувьд гол материалгүй би Ерөнхий эрхлэгчтэй зөвлөлдөж байгаад нэг жилийн өмнөх Ц.Батбаяр даргын хүүхдүүдтэй авахуулсан зургаар зурагжуулаад гол материалаа болгочихсон. Ямар Т.Билэгт дарга нэг сая дахь иргэдтэй уулзаж зураг хөрөг авахуулж байсан биш, адилхан л хотын дарга байсан юм чинь болно л гэж бодсон хэрэг. Энэ маань одоо хотын захиргаан дээр намайг дуудуулж, огцорсон хотын даргыг тахин шүтэгч, шинэ хотын даргыг доромжилсон ялд унагаж байгааг сая л нэг ойлгов. Ээ базарваань, ах нарын ярьдаг социализмын үед Цэдэнбал даргыг “гөвчихсөн” юм шиг л сүртэй хэрэг мандана гэж хэн зүүдлэхэв. Тэр өвөл шинэ Ерөнхий сайд С.Баяр хотын даргыг солино гээд, Ц.Батбаяр дарга хотын даргаас огцрохгүй хэмээн бөөн шуугиан тарьж, сүүлд нь Ц.Батбаяр дарга хатуухан мэдэгдэл хийгээд ажлаа Т.Билэгтэд шилжүүлсэн. “Цаг ширүүн” байсан ийм үед сэтгүүлзүйн тогоонд дөнгөж ороод жил орчим болж байгаа улаан нялзрай би асар том “улс төрийн хэрэг” тарьчих нь тэр. Гүй ээ мөн аймшигтай шүү.
Ү.Ганболдын өрөөнд загнуулж суухад ёстой юм юм бодогдож байлаа. “Энэ нөхөр ямар зорилготой юм. Аль сургуулийг төгссөн бэ” гээд л бараг ах дүү хамаатан садан чинь юу хийдэг, Ц.Батбаяр даргатай садан төрлийн холбоотой юу гэх нь холгүй “байцаалт” явагдлаа. Анх удаа том даргын өрөөнд дуудагдаж байгаа болохоор ч тэр үү нуруу хүйт даагаад л, гарын алга хөлрөөд, духны хөлс дусалж байж билээ. “За даа, миний сэтгүүлч болно гэдэг ч бүтэхгүй юм байна даа. Ер нь одоо очоод халагдах өргөдлөө өгдөг ч юм билүү” ухааны юм бодож суутал “Одоо энэ нөхрийг ажлаас нь халж, халсан тушаалаа надад үзүүл” хэмээн Ү.Ганболдын омогтой байгааг хараад за даа, ингээд ажилгүй болов оо, хөөрхий гэсэн шүү юм бодоод бие тавирах шиг л болсон. МУИС-ийг төгссөн, манай Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга, залуу сайн сэтгүүлчдийн маань нэг гээд намайг өмөөрч хэдэн үг хэлсэн Ади эгчтэй би их баярлаж явдаг. Тэр үеэр хотын Хэвлэлийн албаны Болороо эгч орж ирээд “Болд-Эрдэнэ залуу, сайн сэтгүүлч. Хэдий том алдаа гаргасан ч арай ажлаас нь халж болохгүй байх аа” гэсэн ч Ү.Ганболдын уур уцаарыг бага ч гэсэн дарах шиг болов. “За ямар ч байсан энэ нөхөрт хариуцлага тооцож, биелэлтийг албан бичгээр мэдэгд. Одоо явж болно” гэснээр миний хотын захиргаан дээрх “байцаалт” өндөрлөсөн юм даа.

Энэ хэргээс болж гурван сарын цалингийн 20 хувиар торгуулсан нь ажилд ороод хүртсэн анхны томоохон банга байлаа. Надад том сургамж болж, сэтгүүлчийн талаарх ойлголтыг маань улам тэлж өгсөн болохоор би цалигаа хасууллаа гэхгүйгээр харин ч том хичээлийг төлбөртэй олж авлаа гэж ойлгодог юм. Ядаж л дугаар эрхлэгчийн хувьд тухайн дугаарын үг үсэг бүхэн надтай салшгүй холбоотой учир би л хариуцлага хүлээх үүрэгтэй. Харин байнга ингэж хариуцлага хүлээгээд байхгүйн тулд өөрийгөө улам л дайчлах, өчүүхэн ч алдаа мадаг гаргахгүй тулд улам их чармайх хэрэгтэйг болсон. Сэтгүүлзүй гэдэг өөрөө маш нарийн, ганцхан үг, үсэгнээс болж хүний амьдралыг шийддэг тийм хүчтэй зэвсэг болохоор гоомой хандана, за нэг алдаа гараа л биз гэсэн ойлголт байж болдоггүй. Нөгөө талаар аль хэдэн жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан ч бараг бүх л хэвлэл мэдээллийн байгууллагуудад ямар нэг цензур, улстөр, бизнесийн ашиг сонирхлын дарамт байсаар ирсний нэг хэлбэр юм болов уу гэж боддог. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөна гэдэгт итгэдэг. Сэтгүүл зүй нь хөгжиж байж, сэтгүүлч нь чадвартай байж гэмээнэ улсын хөгжил урагшаа явдаг жамтай. Хэдий их нүүрс, алт, зэс байгаа нь сэтгүүл зүй нь бохир, бодит үнэнийг мэдээлж чадахгүй бол тэр баялаг жинхэнэ утгаараа ард түмний баялаг байж чадахгүй. Улс орон ч хөгжихгүй.
2010,05,13

“Шантраад уйлмаар үе зөндөө тохиолдсон”


 Орон нутагт сонин эрхэлж гаргана гэдэг тийм ч хялбар зүйл биш, шаргуу хөдөлмөр, бүтээлч ажиллагаанаас гадна хийхийг хүссэн сэтгэл хэрэгтэй. Тамганаас өөр зүйлгүй байсан сониныг 5 жилийн турш зүтгэж хөл дээр нь босгосон Өмнөговь аймгийн “Монгол говь” сонины сэтгүүлч Ж.Сайнжаргалтай ярилцлаа.

Танай редакцтай танилцлаа. Бүхий л техник хэрэгсэлтэй, хоёулахнаа гэхэд ажлыг гялалзуулдаг юм байна. Орон нутгийн сониныг хөл дээр нь босгосон хүн гэж сонссон. Хэзээнээс энэ сонинд ажиллаж эхлэв?
Хүүхэд байхдаа сэтгүүлч болох юмсан гэсэн  мөрөөдөлтэй л байлаа. Мөрөөдөл маань жаахан ч гэсэн биелж байгаа юм болов уу гэж боддог. 2005 онд сонинд орсон. Дампуурлын байдалтай, 4 захиалагчтай тийм сонинд л орж байлаа. Манай эрхлэгч Ц.Бат-Өлзий хэдэн ахмадтай нийлж гаргаж эхэлсэн. Ахмадууд маань орон нутгийн хэвлэл сөнөлөө, анхаарлаа хандуулаач гэж орон нутгийн удирдлагуудад хандсан юм билээ. Одоо чинь аливаа юмыг санаачилсан хүн дээр тэр ажил нь тохогддог болчихсон. Тийм ч учраас нөгөө хэдэн буурлуудад энэ сониныг гаргах үүрэг оногдсон . Тэгээд анх ажилд ороход компьютер, техник юу ч байхгүй гар хоосон л ажлаа эхэлж байлаа. Дарга өөрөө хэлдэг юм. Би нэг оператор охин, тамга хоёр л хүлээж авсан даа гэж. Тэгээд 2005 оноос тэр буурлуудтайгаа ажиллаж сониноо гаргасан. Дараа жилээс нь өөрөө бүх зүйлээ хийж эхэлсэн. Мэдээ сурвалжлагад явдаг, эхээ бэлтгэдэг, бас тоног төхөөрөмжөө ч сайжруулж эхэлсэн. Бусдаас нэлээд зүйл сурч авсан. Эрдэнэт хотын “Шинэ мэдээ” гээд сонинд очиж 10 хоног дадлага хийж байлаа. Сонин гаргахад ямар байдаг вэ гэсэн анхны мэдэгдэхүүнийг тэндээс авч байгаа юм. Би чинь эх бэлтгэгч гэсэн нэртэйгээс л цаашгүй. Тэгээд Орон нутгийн сонины холбооны Ерөнхийлөгч Ц.Шаравдорж дарга надад нэг компьютер, принтер өгсөн. Тэрнээс хойш би өөрөө бүх л юмыг хийж байна даа. Мэдээ сурвалжлагаа хийчихнэ, эхээ бэлтгэнэ. Одоо хоёулаа болчихсон болохоор хамаагүй амар, ажлаа хувааж хийгээд гайгүй болсон. Ганцаараа үүрч байсан ажил хоёр хүнд хуваагдахаар хамаагүй хөнгөн шингэн болчихдог юм билээ. Анхны үеэ бодвол сонины маань захиалагчдын тоо ч нэлээд өсчихлөө, хүмүүсийн хандах хандлага ч өөр боллоо. Аймгийнхаа төр захиргааны байгууллагууд, бизнесийнхэнтэй гэрээгээр хамтарч ажиллаж байгаа. Ингээд ирэхээр тодорхой хэмжээгээр өөрийгөө санхүүжүүлчихнэ. Манай сонин ямар нэг нам эвсэл, компаниас хараат бус, бие даасан хэвлэл. Сэтгүүлчийн хувьд тэр нам гэж намчирхах ёс байхгүй учраас намуудтай ижил түвшинд  харилцаж, мэдээ мэдээллийг нь гаргадаг.

Намын нөлөөгүй, “цэвэрхэн” учир нэр хүндтэй байж,  хурдан хөгжих болов уу, юу гэж бодож байна?
Манай аймаг чинь их улстөрждөг газар шүү дээ. Гэхдээ манай сонин, сэтгүүлчид маань улстөрждөггүй, намчирхдаггүй гэдгээ харуулж чадсан. Аль ч намын хүмүүс төр захиргааны эрхийг барьсан  манай сонин бүгдтэй нь гэрээ байгуулаад л ажилладаг. Бидний хувьд аль нэг намд үйлчилдэггүй болохоор тэр хүмүүсийн хандлага нь ч өөр, шударга хамтарч ажиллах сонирхолтой байдаг.

Бие  даасан, өөрийгөө санхүүжүүлээд явдаг сонины сэтгүүлчид харьцангуй эрх чөлөөтэй байдаг уу?
Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдтэй харьцуулахад орон нутгийнхан, ялангуяа сонинууд бохир, хэн нэгнийг гүтгэсэн мэдээлэл гаргадаггүйгээрээ онцлог. Орон нутаг жижигхэн, бие биенийгээ мэддэг учраас бид тийм зүйлээс татгалздаг. Төлбөрийг нь төлөөд тавиулъя гэдэг л дээ. Уншаад бодитой юу, үгүй юу гэдгээ нягталж байж тавина. Зүгээр хэрүүлийн чанартай зүйл бол ер гаргадаггүй. Мөнгө л өгч байвал хамаагүй гэсэн тийм ойлголт бидэнд байхгүй. Бид ёс зүйтэй, зарчимтай ажиллах ёстой. Орон нутгийн сониноос аргалын утаа үнэртдэг гэдэг. Нээрээ ч тийм юм шиг санагддаг. Бид бохир заваан, улстөртэй орооцолддоггүй, цэвэр өөрсдийнхөө үзэл бодлоор ёс зүйтэй ажиллаж, эерэг сайхан мэдээлэл өгөхийг  л зорьдог. Болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэлгүй яахав. Гэхдээ байгаа байдлыг үнэн бодитоор нь бичдэг.

Мэдээж зарим нэг шүүмжлэл, дарамт байлгүй яахав. Сэтгүүлч хүн ард түмний дуу хоолой болох учиртай. Тэр дагуу ийм ийм хүмүүсийг ингээд ажлаас халчихжээ гэж бичсэний төлөө намайг намчирхлаа гэж Засаг дарга маань буруушааж байсан тохиолдол бий. Ер нь жижигхэн газар болохоор бие биенийгээ таньж мэддэг болоод ч тэр үү ямар нэг хурц асуудлыг бичье, хөндөж тавья гэхээр нэг их дарамтлаад сүйд болохгүй ч бас тийм зүйл мэдрэгддэг юм билээ. Хааяа нэг утсаар элдвээр хэлэх зүйл гардаг л юм. Үүнээс өөрөөр ямар нэг дарамт шахалт, тэдэн төгрөг өгье тэгээд биччих, тэрийг бичихээ боличих гэсэн дарамт шахалт ирдэггүй. Тийм болохоор бас ч эрх чөлөөтэй сэтгүүлч гэж боддог  шүү.

Өнөөдрийг хүртэл багагүй л зүйл үзэж туулсан байх. Ялангуяа сонины ажил гэдэг сониноо хэвлүүлэхээс эхлээд л тараана гээд хүнд шүү дээ?

Тэгэлгүй яахав. Зүгээр өөрөө бичээд, эхээ бэлтгээд ажил маань дуусдаг байсан бол өөр. Гэтэл ганцаараа болохоор  сониноо яаж хэвлүүлэх вэ, захиалга борлуулалт яах билээ гээд бүгдээрээ л миний толгой дээр бууна шүү дээ. Өдөр нь ажлуудаа зохицуулчихаад шөнө нь сууж юмаа бичнэ. Би нэг удаа бүтэн 20 гаруй цаг сандлаасаа хөндийрөлгүй суусан байсан. Сониноо хэвлэлтэд өгөх гээд ажил ихтэй. Өглөө ирээд л юмаа бичээд, эхээ бэлтгээд нэг мэдсэн нар мандаж байсан. Босч цай ч уугаагүй, ариун цэврийн өрөө ч ороогүй байсан. Нүд чилчихсэн, боссон чинь хамаг бие хөшөөд, хөдөлж чадахгүй болчихсон байлаа. Тэгтлээ ажиллаж байж л энэ сониныг хөл дээр нь босгосон. Бас ч гэж хүний дунд дуудуулах нэртэй болгосондоо бахархаж явдаг юм.

Сониноо Улаанбаатар руу явуулж хэвлүүлнэ. Бидэнд интернэт гээд байх юм байхгүй. Эхээ флаш дээр хуулчихаад л өглөө эрт онгоцны буудал дээр зогсоно. Хот руу явж байгаа таньдаг хүн таарвал өгөөд явуулчих санаатай. Өөрөө байнга яваад байж чадахгүй болохоор ихэнхдээ л хүн гуйж эхээ явуулна. Эхээ явуулчихаад эргээд сониноо авчруулах гэж бас хүн гуйна. Тэгээд сонин хэвлүүлэх зардлаа олно гэдэг чинь том асуудал. Эхэн үедээ 5, 6 сараар цалингүй ажиллаж байлаа. Хэдэн төгрөг орж ирэнгүүт нь сонин хэвлүүлэх зардалд өгчихнө. Хаа очиж манай сонин Чөлөөт хэвлэл санд ямар ч өргүй байдаг ганц сонин шүү. Бүр зарим үед 10, 20 мянган төгрөгийн илүүдэлтэй явдаг гээч. Өөрөөсөө илүүтэй сониноо л гаргачих юмсан гэсэн сэтгэл минь юм уу даа. Манай гэр бүлийнхэн бүр гайхдаг байсан. Чи чинь буяны ажил хийгээд байгаа юм уу гээд л. Их л сүрхий ажилтай, мундаг сэтгүүлч. Ямар ч цалин хөлсгүй ажиллаад л. Тэр үед чинь цалин гээд 40 мянган төгрөг авна. Гэхдээ л болгоод явдаг  байсан юм. Одоо бодохоор аймаар санагддаг. Яваандаа захиалга нэмэгдээд, бас реклам, төлбөрт материал бага сага авдаг болоод арай л дээрдэж байна.

Энэ хугацаанд зүрхшээмээр шантрах үе байсан уу? Тэр онгоцны буудал дээр флашаа бариад дайгаад явуулчих хүн олдохгүй үед энэ ажлаас гаръя гэж бодогдож байсан уу?
Бодогдолгүй яахав. Уйлмаар санагдаж байсан үе зөндөө. Түрүүн чамд Ховд аймагт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад очсон талаараа ярьж байсан. Тэнд өөрсдийнхөө онцлог, бэрхшээл зовлонгийн талаар ёстой халуун тогоондоо ярина шүү дээ. Тэгээд миний ээлж ирэхэд би бүх л зовлонгоо ярьсан. Яагаад ч юм мэргэжил нэгт, намайг ойлгох хүмүүстээ зовлон бэрхшээлээ ярьсан болохоор ч тэр үү, нулимс гарч байсан. Шантраад болимоор үе зөндөө л тохиолдсон. Сонин гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаас хамгийн хэцүү, хүнд нь. Үг, цэг, таслал бүр хариуцлагатай. Тэр тусмаа ганцаараа бүхэл бүтэн аймгийн нэг сониныг нуруун дээрээ үүрч явна гэдэг хэцүү. Цаг хугацаанд нь гаргах ёстой гэсэн үүрэг даалгаврыг манай дарга өгсөн, мөн Орон нутгийн сонины холбооны Ерөнхийлөгч Ц.Шаравдорж дарга надад их итгэл хүлээлгэсэн учир өдий болтол тэр олон саад бэрхшээлийг даваад сониноо гаргаад явж байна даа. Энэ хүмүүсийн итгэлийг алдах эрхгүй санагддаг. Өдийд өөр ажил хийгээд явж болох л байсан. Ингэж ажилласны хүчинд энэ жил “Ган үзэгтэн” шагнал авсан. Ажлыг минь үнэлсэн юм болов уу гэж боддог. Их ч урам зориг орсон доо.

Ингэж ажилласны хөлсөнд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Сэтгүүлчид бид бие биенийгээ ойлгоно. Харин бусад хүмүүс тэр болгон ойлгохгүй шүү дээ.

Сэтгүүлчид чинь сэтгэлээрээ ажилладаг хүмүүс шүү дээ. Анх цалингүй ажилладаг байсан. Бүхий л сэтгүүлчид тийм. Хэзээ ч бага цалин авч байна гэж дуугардаггүй. Төрийн албан хаагчид цалин бага байна гээд жагсаал цуглаан хийж байхад бид нар ганц ч үг ганхийдэггүй шүү дээ. Яагаад гэдгийг нь бодоод үзэхэд сэтгүүлчид бусдаас илүү юм байна. Зүрх сэтгэлээ зориулж, ажилдаа дурлаж явдаг болохоор бусдаас давуу. Өнөөдөр сэтгүүлчид сайндаа л 200 мянга гаргаад л сардаа авч байгаа. Би ч ялгаагүй. Дотроо хэдий голж байгаа ч гаднаа болж байгаа юм шиг л явдаг. Тэр олон асуудал, саад бэрхшээлийг яаж давна аа гээд дотроо шантарч, айж, хямарч байдаг ч гаднаа бол инээмсэглээд л явдаг. Энэ бол сэтгүүлчийн ажил. Хүмүүс хэзээ ч энэ Сайнаа ингээд зовж байгаа даа гэдгийг сонирхох ч үгүй, ойлгох ч үгүй.
Бид цалин бага байна, хэцүү  гээд өөр ажил хийх боломж бий юу гэвэл байна. Манай аймаг уул уурхайгаа дагаад хөгжиж байна. Тэр том уурхайнуудад ажиллаач, одоо авч байгаагаас чинь өндөр цалин өгье гэсэн санал ирдэг. Гэхдээ би тэр болгонд бодож үзье, ямар ажил юм гэж сонирхож байгаагүй. Шууд л үгүй гэдэг. Тэр хүмүүс их гайхдаг юм.

Би ч бас гайхаж байна. Хотод бол тийм санал ирвэл уухайн тас гүйгээд очих хүн олон байгаа?
Найзууддаа ярихаар намайг загнадаг байхгүй юу. Тийм сайхан боломжийг алдаж байдаг гээд л. Гэхдээ надад тийм бодол төрдөггүй ээ. Өмнөө тавьсан зорилго байгаа. Энэ сонинд ажиллаж, амжилт олж, үр дүн гаргах ёстой. “Ган үзэгтэн” гэдэг бас л нэг зорилго. Одоо сониноо “Орон нутгийн шилдэг сонин” болгохын төлөө ажиллаж байна. Тавьсан зорилгоо биелүүлчихээд сууж байхад тэрнээс илүү том боломж гарч ирэх ч юм билүү хэн мэдлээ. /инээв/

Сонинд ажиллаж байхад заримдаа арай ч дээ гэмээр алдаа гардаг шүү дээ. Гарчиг буруу ч байх юм уу, зураг солигдчихсон гээд л. Өөрт чинь санаанаас  гардаггүй тийм явдал тохиолдож байв уу?
Нэг удаа тийм алдаа гарсан юм. Одоо  хүртэл тэрнээсээ их санаа зовдог. Нэг материалыг хоёрдугаар нүүрэн дээр нэг тавиад дөрөвдүгээр нүүрэн дээр дахиад тавьчихсан байсан.  Өөрөө бүх уншилтаа хийдэг болохоор нэг материалыг хоёр уншсанаа анзаараагүй юм байлгүй дээ. Гэхдээ тэр үед чи ингээд алдчихаж гэсэн яриа гараагүй. Энэ алдаа бол яалт ч үгүй ганцаараа байснаас л үүдэлтэй. Өөр нэг хүн хажуунаас ажиглаад сууж байсан бол  хэлнэ шүү дээ.

За сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Улам ихийг хийж бүтээгээрэй. Орон нутгийн иргэдэд орчин үеийн мэдээ мэдээлэл хүргэх энэ эрхэм үйлсээсээ битгий шантраарай.