Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

“Шантраад уйлмаар үе зөндөө тохиолдсон”

2010-08-11


 Орон нутагт сонин эрхэлж гаргана гэдэг тийм ч хялбар зүйл биш, шаргуу хөдөлмөр, бүтээлч ажиллагаанаас гадна хийхийг хүссэн сэтгэл хэрэгтэй. Тамганаас өөр зүйлгүй байсан сониныг 5 жилийн турш зүтгэж хөл дээр нь босгосон Өмнөговь аймгийн “Монгол говь” сонины сэтгүүлч Ж.Сайнжаргалтай ярилцлаа.

Танай редакцтай танилцлаа. Бүхий л техник хэрэгсэлтэй, хоёулахнаа гэхэд ажлыг гялалзуулдаг юм байна. Орон нутгийн сониныг хөл дээр нь босгосон хүн гэж сонссон. Хэзээнээс энэ сонинд ажиллаж эхлэв?
Хүүхэд байхдаа сэтгүүлч болох юмсан гэсэн  мөрөөдөлтэй л байлаа. Мөрөөдөл маань жаахан ч гэсэн биелж байгаа юм болов уу гэж боддог. 2005 онд сонинд орсон. Дампуурлын байдалтай, 4 захиалагчтай тийм сонинд л орж байлаа. Манай эрхлэгч Ц.Бат-Өлзий хэдэн ахмадтай нийлж гаргаж эхэлсэн. Ахмадууд маань орон нутгийн хэвлэл сөнөлөө, анхаарлаа хандуулаач гэж орон нутгийн удирдлагуудад хандсан юм билээ. Одоо чинь аливаа юмыг санаачилсан хүн дээр тэр ажил нь тохогддог болчихсон. Тийм ч учраас нөгөө хэдэн буурлуудад энэ сониныг гаргах үүрэг оногдсон . Тэгээд анх ажилд ороход компьютер, техник юу ч байхгүй гар хоосон л ажлаа эхэлж байлаа. Дарга өөрөө хэлдэг юм. Би нэг оператор охин, тамга хоёр л хүлээж авсан даа гэж. Тэгээд 2005 оноос тэр буурлуудтайгаа ажиллаж сониноо гаргасан. Дараа жилээс нь өөрөө бүх зүйлээ хийж эхэлсэн. Мэдээ сурвалжлагад явдаг, эхээ бэлтгэдэг, бас тоног төхөөрөмжөө ч сайжруулж эхэлсэн. Бусдаас нэлээд зүйл сурч авсан. Эрдэнэт хотын “Шинэ мэдээ” гээд сонинд очиж 10 хоног дадлага хийж байлаа. Сонин гаргахад ямар байдаг вэ гэсэн анхны мэдэгдэхүүнийг тэндээс авч байгаа юм. Би чинь эх бэлтгэгч гэсэн нэртэйгээс л цаашгүй. Тэгээд Орон нутгийн сонины холбооны Ерөнхийлөгч Ц.Шаравдорж дарга надад нэг компьютер, принтер өгсөн. Тэрнээс хойш би өөрөө бүх л юмыг хийж байна даа. Мэдээ сурвалжлагаа хийчихнэ, эхээ бэлтгэнэ. Одоо хоёулаа болчихсон болохоор хамаагүй амар, ажлаа хувааж хийгээд гайгүй болсон. Ганцаараа үүрч байсан ажил хоёр хүнд хуваагдахаар хамаагүй хөнгөн шингэн болчихдог юм билээ. Анхны үеэ бодвол сонины маань захиалагчдын тоо ч нэлээд өсчихлөө, хүмүүсийн хандах хандлага ч өөр боллоо. Аймгийнхаа төр захиргааны байгууллагууд, бизнесийнхэнтэй гэрээгээр хамтарч ажиллаж байгаа. Ингээд ирэхээр тодорхой хэмжээгээр өөрийгөө санхүүжүүлчихнэ. Манай сонин ямар нэг нам эвсэл, компаниас хараат бус, бие даасан хэвлэл. Сэтгүүлчийн хувьд тэр нам гэж намчирхах ёс байхгүй учраас намуудтай ижил түвшинд  харилцаж, мэдээ мэдээллийг нь гаргадаг.

Намын нөлөөгүй, “цэвэрхэн” учир нэр хүндтэй байж,  хурдан хөгжих болов уу, юу гэж бодож байна?
Манай аймаг чинь их улстөрждөг газар шүү дээ. Гэхдээ манай сонин, сэтгүүлчид маань улстөрждөггүй, намчирхдаггүй гэдгээ харуулж чадсан. Аль ч намын хүмүүс төр захиргааны эрхийг барьсан  манай сонин бүгдтэй нь гэрээ байгуулаад л ажилладаг. Бидний хувьд аль нэг намд үйлчилдэггүй болохоор тэр хүмүүсийн хандлага нь ч өөр, шударга хамтарч ажиллах сонирхолтой байдаг.

Бие  даасан, өөрийгөө санхүүжүүлээд явдаг сонины сэтгүүлчид харьцангуй эрх чөлөөтэй байдаг уу?
Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдтэй харьцуулахад орон нутгийнхан, ялангуяа сонинууд бохир, хэн нэгнийг гүтгэсэн мэдээлэл гаргадаггүйгээрээ онцлог. Орон нутаг жижигхэн, бие биенийгээ мэддэг учраас бид тийм зүйлээс татгалздаг. Төлбөрийг нь төлөөд тавиулъя гэдэг л дээ. Уншаад бодитой юу, үгүй юу гэдгээ нягталж байж тавина. Зүгээр хэрүүлийн чанартай зүйл бол ер гаргадаггүй. Мөнгө л өгч байвал хамаагүй гэсэн тийм ойлголт бидэнд байхгүй. Бид ёс зүйтэй, зарчимтай ажиллах ёстой. Орон нутгийн сониноос аргалын утаа үнэртдэг гэдэг. Нээрээ ч тийм юм шиг санагддаг. Бид бохир заваан, улстөртэй орооцолддоггүй, цэвэр өөрсдийнхөө үзэл бодлоор ёс зүйтэй ажиллаж, эерэг сайхан мэдээлэл өгөхийг  л зорьдог. Болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэлгүй яахав. Гэхдээ байгаа байдлыг үнэн бодитоор нь бичдэг.

Мэдээж зарим нэг шүүмжлэл, дарамт байлгүй яахав. Сэтгүүлч хүн ард түмний дуу хоолой болох учиртай. Тэр дагуу ийм ийм хүмүүсийг ингээд ажлаас халчихжээ гэж бичсэний төлөө намайг намчирхлаа гэж Засаг дарга маань буруушааж байсан тохиолдол бий. Ер нь жижигхэн газар болохоор бие биенийгээ таньж мэддэг болоод ч тэр үү ямар нэг хурц асуудлыг бичье, хөндөж тавья гэхээр нэг их дарамтлаад сүйд болохгүй ч бас тийм зүйл мэдрэгддэг юм билээ. Хааяа нэг утсаар элдвээр хэлэх зүйл гардаг л юм. Үүнээс өөрөөр ямар нэг дарамт шахалт, тэдэн төгрөг өгье тэгээд биччих, тэрийг бичихээ боличих гэсэн дарамт шахалт ирдэггүй. Тийм болохоор бас ч эрх чөлөөтэй сэтгүүлч гэж боддог  шүү.

Өнөөдрийг хүртэл багагүй л зүйл үзэж туулсан байх. Ялангуяа сонины ажил гэдэг сониноо хэвлүүлэхээс эхлээд л тараана гээд хүнд шүү дээ?

Тэгэлгүй яахав. Зүгээр өөрөө бичээд, эхээ бэлтгээд ажил маань дуусдаг байсан бол өөр. Гэтэл ганцаараа болохоор  сониноо яаж хэвлүүлэх вэ, захиалга борлуулалт яах билээ гээд бүгдээрээ л миний толгой дээр бууна шүү дээ. Өдөр нь ажлуудаа зохицуулчихаад шөнө нь сууж юмаа бичнэ. Би нэг удаа бүтэн 20 гаруй цаг сандлаасаа хөндийрөлгүй суусан байсан. Сониноо хэвлэлтэд өгөх гээд ажил ихтэй. Өглөө ирээд л юмаа бичээд, эхээ бэлтгээд нэг мэдсэн нар мандаж байсан. Босч цай ч уугаагүй, ариун цэврийн өрөө ч ороогүй байсан. Нүд чилчихсэн, боссон чинь хамаг бие хөшөөд, хөдөлж чадахгүй болчихсон байлаа. Тэгтлээ ажиллаж байж л энэ сониныг хөл дээр нь босгосон. Бас ч гэж хүний дунд дуудуулах нэртэй болгосондоо бахархаж явдаг юм.

Сониноо Улаанбаатар руу явуулж хэвлүүлнэ. Бидэнд интернэт гээд байх юм байхгүй. Эхээ флаш дээр хуулчихаад л өглөө эрт онгоцны буудал дээр зогсоно. Хот руу явж байгаа таньдаг хүн таарвал өгөөд явуулчих санаатай. Өөрөө байнга яваад байж чадахгүй болохоор ихэнхдээ л хүн гуйж эхээ явуулна. Эхээ явуулчихаад эргээд сониноо авчруулах гэж бас хүн гуйна. Тэгээд сонин хэвлүүлэх зардлаа олно гэдэг чинь том асуудал. Эхэн үедээ 5, 6 сараар цалингүй ажиллаж байлаа. Хэдэн төгрөг орж ирэнгүүт нь сонин хэвлүүлэх зардалд өгчихнө. Хаа очиж манай сонин Чөлөөт хэвлэл санд ямар ч өргүй байдаг ганц сонин шүү. Бүр зарим үед 10, 20 мянган төгрөгийн илүүдэлтэй явдаг гээч. Өөрөөсөө илүүтэй сониноо л гаргачих юмсан гэсэн сэтгэл минь юм уу даа. Манай гэр бүлийнхэн бүр гайхдаг байсан. Чи чинь буяны ажил хийгээд байгаа юм уу гээд л. Их л сүрхий ажилтай, мундаг сэтгүүлч. Ямар ч цалин хөлсгүй ажиллаад л. Тэр үед чинь цалин гээд 40 мянган төгрөг авна. Гэхдээ л болгоод явдаг  байсан юм. Одоо бодохоор аймаар санагддаг. Яваандаа захиалга нэмэгдээд, бас реклам, төлбөрт материал бага сага авдаг болоод арай л дээрдэж байна.

Энэ хугацаанд зүрхшээмээр шантрах үе байсан уу? Тэр онгоцны буудал дээр флашаа бариад дайгаад явуулчих хүн олдохгүй үед энэ ажлаас гаръя гэж бодогдож байсан уу?
Бодогдолгүй яахав. Уйлмаар санагдаж байсан үе зөндөө. Түрүүн чамд Ховд аймагт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад очсон талаараа ярьж байсан. Тэнд өөрсдийнхөө онцлог, бэрхшээл зовлонгийн талаар ёстой халуун тогоондоо ярина шүү дээ. Тэгээд миний ээлж ирэхэд би бүх л зовлонгоо ярьсан. Яагаад ч юм мэргэжил нэгт, намайг ойлгох хүмүүстээ зовлон бэрхшээлээ ярьсан болохоор ч тэр үү, нулимс гарч байсан. Шантраад болимоор үе зөндөө л тохиолдсон. Сонин гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаас хамгийн хэцүү, хүнд нь. Үг, цэг, таслал бүр хариуцлагатай. Тэр тусмаа ганцаараа бүхэл бүтэн аймгийн нэг сониныг нуруун дээрээ үүрч явна гэдэг хэцүү. Цаг хугацаанд нь гаргах ёстой гэсэн үүрэг даалгаврыг манай дарга өгсөн, мөн Орон нутгийн сонины холбооны Ерөнхийлөгч Ц.Шаравдорж дарга надад их итгэл хүлээлгэсэн учир өдий болтол тэр олон саад бэрхшээлийг даваад сониноо гаргаад явж байна даа. Энэ хүмүүсийн итгэлийг алдах эрхгүй санагддаг. Өдийд өөр ажил хийгээд явж болох л байсан. Ингэж ажилласны хүчинд энэ жил “Ган үзэгтэн” шагнал авсан. Ажлыг минь үнэлсэн юм болов уу гэж боддог. Их ч урам зориг орсон доо.

Ингэж ажилласны хөлсөнд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Сэтгүүлчид бид бие биенийгээ ойлгоно. Харин бусад хүмүүс тэр болгон ойлгохгүй шүү дээ.

Сэтгүүлчид чинь сэтгэлээрээ ажилладаг хүмүүс шүү дээ. Анх цалингүй ажилладаг байсан. Бүхий л сэтгүүлчид тийм. Хэзээ ч бага цалин авч байна гэж дуугардаггүй. Төрийн албан хаагчид цалин бага байна гээд жагсаал цуглаан хийж байхад бид нар ганц ч үг ганхийдэггүй шүү дээ. Яагаад гэдгийг нь бодоод үзэхэд сэтгүүлчид бусдаас илүү юм байна. Зүрх сэтгэлээ зориулж, ажилдаа дурлаж явдаг болохоор бусдаас давуу. Өнөөдөр сэтгүүлчид сайндаа л 200 мянга гаргаад л сардаа авч байгаа. Би ч ялгаагүй. Дотроо хэдий голж байгаа ч гаднаа болж байгаа юм шиг л явдаг. Тэр олон асуудал, саад бэрхшээлийг яаж давна аа гээд дотроо шантарч, айж, хямарч байдаг ч гаднаа бол инээмсэглээд л явдаг. Энэ бол сэтгүүлчийн ажил. Хүмүүс хэзээ ч энэ Сайнаа ингээд зовж байгаа даа гэдгийг сонирхох ч үгүй, ойлгох ч үгүй.
Бид цалин бага байна, хэцүү  гээд өөр ажил хийх боломж бий юу гэвэл байна. Манай аймаг уул уурхайгаа дагаад хөгжиж байна. Тэр том уурхайнуудад ажиллаач, одоо авч байгаагаас чинь өндөр цалин өгье гэсэн санал ирдэг. Гэхдээ би тэр болгонд бодож үзье, ямар ажил юм гэж сонирхож байгаагүй. Шууд л үгүй гэдэг. Тэр хүмүүс их гайхдаг юм.

Би ч бас гайхаж байна. Хотод бол тийм санал ирвэл уухайн тас гүйгээд очих хүн олон байгаа?
Найзууддаа ярихаар намайг загнадаг байхгүй юу. Тийм сайхан боломжийг алдаж байдаг гээд л. Гэхдээ надад тийм бодол төрдөггүй ээ. Өмнөө тавьсан зорилго байгаа. Энэ сонинд ажиллаж, амжилт олж, үр дүн гаргах ёстой. “Ган үзэгтэн” гэдэг бас л нэг зорилго. Одоо сониноо “Орон нутгийн шилдэг сонин” болгохын төлөө ажиллаж байна. Тавьсан зорилгоо биелүүлчихээд сууж байхад тэрнээс илүү том боломж гарч ирэх ч юм билүү хэн мэдлээ. /инээв/

Сонинд ажиллаж байхад заримдаа арай ч дээ гэмээр алдаа гардаг шүү дээ. Гарчиг буруу ч байх юм уу, зураг солигдчихсон гээд л. Өөрт чинь санаанаас  гардаггүй тийм явдал тохиолдож байв уу?
Нэг удаа тийм алдаа гарсан юм. Одоо  хүртэл тэрнээсээ их санаа зовдог. Нэг материалыг хоёрдугаар нүүрэн дээр нэг тавиад дөрөвдүгээр нүүрэн дээр дахиад тавьчихсан байсан.  Өөрөө бүх уншилтаа хийдэг болохоор нэг материалыг хоёр уншсанаа анзаараагүй юм байлгүй дээ. Гэхдээ тэр үед чи ингээд алдчихаж гэсэн яриа гараагүй. Энэ алдаа бол яалт ч үгүй ганцаараа байснаас л үүдэлтэй. Өөр нэг хүн хажуунаас ажиглаад сууж байсан бол  хэлнэ шүү дээ.

За сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Улам ихийг хийж бүтээгээрэй. Орон нутгийн иргэдэд орчин үеийн мэдээ мэдээлэл хүргэх энэ эрхэм үйлсээсээ битгий шантраарай.

0 comments:

Post a Comment