Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Сэтгүүлч ард түмний талд байх ёстой гэдгийг тэр үед л ойлгосон

2010-08-31

Сэтгүүл зүйн гал тогоонд дөнгөж хөл тавьж байгаа сурвалжлагчдад саад бэрхшээл, давшгүй мэт өндөр даваа олон байдгийн нэг нь туршлагатай, ахмад сэтгүүлчдээс “эрүүний шөл” уух. Яалт ч үгүй байх ёстой зүйл учир “эрүүний шөл” уулгүй сэтгүүлч болсон гэж байдаггүй биз ээ. Шинэ залуу сэтгүүлчдийг дадлагажуулж, сургах их ажлыг тухайн редакц, туршлагатай сэтгүүлчид хийдэг. Авьяас чадвар илүү, чих зөөлөнтэй нэг нь энэ давааг богино хугацаанд давдаг бол ихэнх нь нэлээд урт хугацаа зарцуулдаг байх.
Сурвалжлагч болоод удаагүй байхдаа сэтгүүлч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэж өөрөөсөө асуудаг байлаа. Сэтгүүлч гэдэг мэргэжил орчуулагч, эсвэл инженер, эдийн засагч, эмчээс юугаараа ялгардаг юм бол? Адилхан л өглөө ажилдаа ирээд орой тарна. Адилхан л цалин авна. Ажилдаа сонирхолтой болох тусам дээрх асуултынхаа хариултыг бага багаар олсоор байв. Сэтгүүлч хүн орчуулагч, инженер, эдийн засагчаас хамаагүй илүү, бас чухал мэргэжил. Эдийн засагч, инженерүүд өөртөө, эсвэл хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажилладаг бол сэтгүүлч бүх ард түмний төлөө ажилладаг. Энд тэнд мэдээнд явж байхдаа миний мэдээг ямар хүн унших билээ, ямар хүмүүст хэрэгтэй бол, нэмээд ямар мэдээлэл хүргэх вэ гэдгийг байнга бодож, эрж хайж явдаг нь сэтгүүлчийн онцлог, бас үүрэг.
“Улаанбаатар таймс” сонины босгыг давж, сэтгүүл зүйн гал тогоонд хөл тавьсан би ч бас Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Ундармаа эгч, Тоймчдын албаны дарга Б.Нацагдорж, Н.Ариунтуяа Эрхлэгчдээ багагүй зэмлүүлж, үнэтэй зөвлөгөөг нь сонссоор нэг их удалгүй Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга боллоо. Ёстой түүхийгээрээ хүүхэд албаны дарга гэсэн том сэтэр зүүх нь тэр. Дарга болсон чинь загнуулах, шүүмжлүүлэх нь бүр ч нэмэгдээд ирдэг юм байна. Эрхлэгч болоод сонины ах эгч нар маань надад итгэл хүлээлгэсэн болохоор би тэр итгэлийг алдаж яасан ч болохгүй хэмээн өөрийгөө чадлынхаа хэрээр дайчилж байв. Хийх ажил минь улам нэмэгдэж, урьд урьдынхаас илүү олон талын мэдлэг чадвар шаардаж эхлэв. Тэр чинээгээрээ загнуулж, шүүмжлүүлнэ. Албаны дарга хүн өөрийнхөө бичсэнээс гадна хэлтсийнхээ хүмүүсийн, цаашлаад дугаар удирдсан бол бүх сэтгүүлчдийн өмнөөс бурууг хүлээж банга хүртэнэ. За даа,  бараг өдөр бүр загнуулсан даа. Сүүлдээ ч бүр дөжирчихдөг юм билээ. Эхэндээ хачин их эмзэглэдэг байснаа яваандаа  дасч эхэллээ.  
Гэхдээ Нацагаа ахад нулимсаа гартал загнуулснаа огт мартдаггүй юм. 2007 оны намар. Шатахууны үнэ нэмэгдэхэд нийтийн тээврийнхэн үнээ нэмнэ хэмээн ажил хаялт зарлаж, жагсана цуглана гээд бөөн юм болов. Энэ үеэр таксины үйлчилгээ эрхлэгчид км-ийг 250 төгрөгөөр тооцдог байснаа нэмж, 400-500 төгрөг болгоно гэсэн хэвлэлийн бага хурлыг Хөрөнгийн биржийн байранд хийлгэлээ. Бид Монголд таксины үйлчилгээ анх нэвтэрч байхад л км-т 250 төгрөгөөр явж байсан. Тэр үеэс хойш шатахууны үнэ 5-6 дахин нэмэгдчихээд байхад бид үнээ нэмээгүй, өнөөдрийг хүрлээ. Одоо бол үнэхээр хэцүүдлээ гээд л түмэн зовлон тоочлоо. Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба гэсэн том албаны шив шинэхэн дарга би ч тэдний үгэнд яг таг итгэж, зовлонг нь хачин сайн ойлголоо.
Тэгээд л нэг их мундаг хүн таксины үнэ нэмэгдэх нь зүйтэй гэсэн утгатай материал бичээд, түүнийгээ хэвлэлийн хурал хийлгэсэн хүмүүсийн хэлсэн үг, баримтаар нь баталгаажуулан нүүрнийхээ гол материал болгож орхив. Нацагаа ах тэр өдрийн дугаар удирдагч байсан юм. Наана нь дугаар удирдагчтайгаа зөвлөсөн ч юмгүй нүүрээ тавиулчихаад бараг хамгийн сүүлд Нацагаа ахад гаргаж өглөө. Нэг их удаагүй байтал цаад өрөөнөөс “Болдоо муу тэнэг ээ, мал юмуу чи, нааш хүрээд ир” гээд Нацагаа ахын дуу хадаад явчихлаа.
Үхтэлээ айсан би ч бараг л чичирч салганасан юм яваад ортол өөдөөс дардсыг минь шидээд “Чи ингэхэд сэтгүүлч мөн үү? Юм бүхний үнэ нэмэгдээд ард түмний амьдрал хэцүү байхад ахиад үнэ нэмэх нь зөв гэж  бичиж байдаг чамайг сэтгүүлч гэх үү? Би л лав такси 500 төгрөг болбол сууж чадахгүй, чи чадах уу? Хэчнээн хүн таксинд сууж чадах вэ…” гээд загнаж гарлаа. Тэгснээ “Чи ер нь боль боль, ийм сэтгүүлч гэж байдаггүй юм. Сэтгүүлч хүн чинь ард түмнийхээ талд үргэлж зогсож, ядарсан иргэнээ өмөөрч хамгаалж байх ёстой. Чам шиг ингэж аль нэг хэсэг бүлэгт үйлчилдэг сэтгүүлч өнөөдөр хог шиг их болчихоод байна. Тэдэнтэй адилхан болох юм бол чи сэтгүүлч болсны хэрэггүй. Наадахаа дахиад өөрчилж бич. Наана цаанатай нь тунгаа” гэхийг нь сонсоод эгээтэй л нулимс урсчихсангүй.

Шөнийн 22.00 цаг өнгөрч байхад гол материалаа дахиад эхнээс нь бичлээ. Бичиж суух хооронд нулимс гарчих гээд болдоггүй. Нэгдүгээр нүүрний эхийг бэлдэж байсан оператор Л.Энхтуяа эгчийн “Миний дүү битгий сандар. Иймэрхүү юм зөндөө гарна. Авахаа аваад, хэрэггүй нь хаячих” гэсэн зөөлөн үг юу юугүй аяганаасаа хальчих гээд байсан нулимсыг минь арайхийн тогтоон барив.
Дахиж бичсэн материалаа өгчихөөд зогсож байтал Нацагаа ахын маань найз сэтгүүлч Мөнхнасан хүрч ирээд “Дүү хүү гайгүй биз. Нацагаа ахдаа битгий гомдоорой. Хүн итгэлтэй хүндээ л ингэж хатуу ширүүн үгийг хэлдэг юм шүү” гэсэн нь сэтгэлийг минь бага ч атугай тайвшруулав.
Нацагаа ахад жинтэй хэрнээ цөөнгүй бангадуулж байсны нэг нь энэ. Сэтгүүлч хүн ямар байх ёстой вэ гэдгийг ойлгуулсан явдал гэх юм уу даа. Инженер, эдийн засагчдаас ялгарах өөр нэг талыг нь тэр үед ойлгосон юм. Ингэж загнуулснаа би хэзээ ч мартдаггүй. Тэр үдэш сонссон хатуу үгсийг үзгээ шүүрэх болгондоо үргэлж санадаг юм.

1 comments:

Anonymous said...

Tiim ee setguulchid ta nar ard tumniihee tald baih yostoi. getel odoo setguulchid ulstorchid, oligarhiudiin gar hol boloh ni nemegdej.
Harin chinii blog ih taalagdlaa. Ulam ihiig bichij, ard tumendee uilchilj yavaarai

September 15, 2010 at 11:48 PM

Post a Comment