Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Showing posts with label Үгээ хэлмээр байна. Show all posts
Showing posts with label Үгээ хэлмээр байна. Show all posts

Оюутолгойн гэрээ ба Засгийн газрын хөзөр

2012-12-20




Энэ жилийн улс төр-эдийн засгийн халуухан сэдвийн нэг нь яах аргагүй “Оюутолгой”. Ирэх жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлж, Монголын эдийн засаг, уул уурхай, экспортын салбарт том дэмжлэг болох Оюутолгойн гэрээний маргаан улс төрд хүчээ авч байна. Нэгэнт Оюутолгойн гэрээгээр “имидж”-ээ хийсэн улстөрчдөд одоо буцах зам үгүй.

Зөв ч бай, буруу ч бай урагшаа зүтгэсээр байх биз. Гэхдээ тэдэнд тэмцэж байгаа зүйл чинь хэтэрхий өрөөсгөл байна гэж хэлмээр санагдаад байх юм. Тэмцэгчид тийм ч чухал биш тооны хойноос хөөцөлдөж байна. 34 хувийг 51 хувь болгох, УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх... зэргээр ярьж байгаа нь тийм ч үр дүнтэй, чухал зүйл биш.

Үнэхээр л Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, цаг үеийн таатай байдлыг ашиглаж, өөрсдөдөө давуу тал бий болгоё гэвэл арай өөр өнцгөөс хандвал үр дүнд хүрч мэдэх юм. Тэр өнцгийг ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаад улсаас суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хөндсөн. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдээд байгаа нь Монголын эрх ашигт яаж нөлөөлөх вэ гэдгийг тооцож үзье гэсэн санааг Ерөнхий сайд ил тод зарлав. Нэгэнт байгуулсан тогтвортой байдлын гэрээг өөрчилье гэж тоть шиг давтаж буй эрхэм гишүүд энэ санаан дээр ажиллавал ямар вэ? Зүгээр л 34 хувиа 51 хувь болгоно гээд “Рио Тинто” руу гурав байтугай 300 захиа бичсэн ч нэг л хариу ирэх нь ойлгомжтой.

Камерон Макрей захирал ч ярилцлагадаа хэлэлцээрт орохгүй гэдгээ хатуухан хэлсэн байна лээ. Учир нь бид мөнгө нэмж авна л гэж байгаа болохоос биш Гэрээнд заасан манай эрх ашиг хөндөгдөж байна гэж ганц ч үг ганхийсэнгүй.  Тиймээс юуны өмнө Монголын эрх ашиг яаж зөрчигдөж байгааг эрх зүй, эдийн засгийн хүрээнд үндэслэлтэй гаргаж ирээд, түүнийгээ нөгөө талдаа хуулийн хүрээнд тавихгүй бол эрхэм гишүүдийн тэмцэл зүгээр л улс төрийн шоу болж харагдаад байна.


Хөрөнгө оруулалтын хэмжээ ба Монголын эрх ашиг

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 4.1 тэрбум доллараас 7.1 тэрбум доллар болтлоо өссөнийг Ерөнхий сайд ч, Уул уурхайн сайд ч мэдэгдсэн. “Оюутолгой”-н зүгээс 6 тэрбум доллар гэж хэлдэг. Яагаад ингэж нэмэгдэх болов, хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад зөрөөд байна вэ, энэ бүхэн гол хувь нийлүүлэгч Монголын Засгийн газрын эрх ашигт ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг эхлээд ялгаж зааглах нь зүйтэй юм.

Оюутолгойд өнөөдрийг хүртэл хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна вэ? Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл, нэмэлт хөрөнгө оруулалт гэсэн тоо, томьёолол бий. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл  гэдэг нь гэрээг байгуулахаас өмнө буюу 2010 оны гуравдугаар сарын 31 хүртэл хугацаанд хөрөнгө оруулагч талуудаас хийгдсэн хөрөнгө оруулалт. Анх нэг тэрбум орчим ам.доллар гэсэн тоо яригдаж байсан ч явцын дунд хамааралгүй зардлуудыг хассаар 670 орчим сая доллар болгожээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчид гэрээг байгуулах хүртэл хугацаанд 670 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг.

Ерөнхий сайдын хэлээд байгаа 7.1 тэрбум доллараас 670 саяыг хасвал 6.4 орчим тэрбум доллар болж байгаа юм. Үүнийг “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”, Монголын Засгийн газрын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш буюу 2010, 2011 болон 2012 оныг дуустал “Оюутолгой” төсөлд хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ Монгол улсын Засгийн газрын гаргасан тооцоогоор үзэхэд анх төлөвлөснөөсөө нэмэгдсэн 6.4 тэрбум долларын хэд нь манай талд хамаатай вэ, Гэрээнд заасанчлан хөрөнгө оруулалтын хэмжээ яаж нэмэгдэж байна, түүнийг даган хөрөнгө оруулагчдаас зээлж авч байгаа мөнгө хэд болж байгаа вэ гэдэг нь эргээд Монголын Засгийн газрын төслөөс хүртэх ногдол ашигт шууд нөлөөлөх юм.  

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан ёсоор “Оюутолгой” компанийн санхүүжилт зээл болон хувьцааны санхүүжилт гэсэн хоёр эх үүсвэрээс бүрдэх ёстой. Энэ харьцаа 75:25 байхаар тохирчээ. Өөрөөр хэлбэл зээлээр 75 хувийг, хувьцааны санхүүжилтээр 25 хувийг нь бүрдүүлэх ёстой. Хувь нийлүүлэгчдийн зээл гэдэг нь “Оюутолгой” компани өөр дээрээ авч байгаа зээл юм. Энэ нь манай талд нэг талаараа дарамт болохгүй. Нийт 6.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэж байгаа бол үүний 75 хувь нь буюу 4.8 тэрбум доллар нь хувь нийлүүлэгчдийн зээлд хамаарагдана. Үүнийг “Оюутолгой” компани үйлдвэрлэлээ эхэлж, орлого олж эхэлсэн цагаас төлж барагдуулах ёстой.

Харин хувьцаа эзэмшигчдийн санхүүжилт буюу энгийн хувьцааны санхүүжилт нь манай талд шууд хамаатай юм. Дээрх харьцаагаар аваад үзвэл 2010 оноос хойшхи хувьцааны санхүүжилт 1.6 тэрбум орчим доллар болжээ. Хувьцаа эзэмшигчдийн санхүүжилт гэдэг нь “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байгаа “Айвенхоу Майнз” /Turquoise Hill Resources/, 34 хувийг эзэмшиж буй “Эрдэнэс Оюутолгой” ХХК буюу Засгийн газар өөрсдийн ногдох хувьцаандаа таарсан хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа хэрэг. 1.6 тэрбум долларын 34 хувь гэхээр 530 гаруй сая долларын санхүүжилтийг Монголын Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд өнгөрсөн гурван жилд оруулжээ. Гэрээнд туссаны дагуу энэхүү мөнгийг хөрөнгө оруулагч талаас зээлсэн. Зарим улстөрчид, иргэний хөдөлгөөнийхний яриад байдаг “Айвенхоу Майнз”-аас авч байгаа нөгөө өндөр хүүтэй зээл гэсэн үг. Хэрэв Засгийн газар мөнгөтэй бол заавал зээлээд байх шаардлагагүй өөрсдийнхөө халааснаас гаргаад өгөх боломж нь Гэрээгээр нээлттэй.

Энд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд Засгийн газар 34 хувийг зээлээр худалдаж авсан байна гэдэг. Гэтэл гэрээг байгуулах үед “Оюутолгой” ХХК нь нийт 150 тэрбум гаруй төгрөгийн дүрмийн сантай байсан бөгөөд үүний 34 хувь буюу 50 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэх дүрмийн санг үнэгүй авсан аж. Харин 34 хувиа хадгалж үлдэхийн тулд төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай энгийн хувьцааны санхүүжилтийн өөрийн талд ногдох 34 хувийг оруулах нь бизнесийн зарчим, Компанийн тухай хуульд ч байдаг. Энэ 34 хувийн санхүүжилтийн мөнгийг л ногдол ашгаасаа төлөх хэлбэрээр зээлж байгаа гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм.

УИХ-ын Дэд дарга С.Баярцогт “Дэлхийн зах зээл дээр тонн цэвэр зэсийн үнэ дунджаар 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олно. Харин хөрөнгө оруулагч тал 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол улс “Оюутолгой” төслийн нийт ашгийн 59, хөрөнгө оруулагч ашгийн 41 орчим хувийг хүртэхээр байна” хэмээн ярьсан байдаг. Энэ ашгийн хуваарилалтын тооцоо бол анхны хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу 4.6 тэрбум доллар байх үед хийгдсэн тооцоо. Харин өнөөдөр 4.6 тэрбум доллар нь 7.1, нэмэлт хөрөнгө оруулалттайгаа нийлээд 13 тэрбум доллар ч хүрч магадгүй болоод байна.

Хөрөнгө оруулалт ингэж нэмэгдсэнээр Монголын эрх ашигт томоор нөлөөлөх нэг зүйл нь нийт төслийн ашгаас хүртэх хэмжээ багасах юм. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт даргын хэлээд байгаа 29.1 тэрбум доллар тодорхой хэмжээгээр буурах болно. 4.6 тэрбум ч бай, 7.1 тэрбум, бүр 13 тэрбум доллар ч бай “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө болохоор “Оюутолгой” ХХК өөрийнхөө орлогоор энэ мөнгийг эргүүлэн төлөх болно. Цаашлаад “Оюутолгой”-н нийт цэвэр ашгийн хэмжээ буурахад ногдол ашиг ч буурна. Дээр дурдсан хувь нийлүүлэгчдийн зээл, энгийн хувьцааны санхүүжилт ялгаагүй л эргүүлээд төлөх ёстой санхүүжилт болохоор бүгдийг нь төлж байж дараа нь ногдол ашиг хуваарилах болно.

Ингэснээр “Оюутолгой” ХХК анх ТЭЗҮ-д тусгасан ёсоор 4.6 тэрбум долларын санхүүжилтийг төлж барагдуулсныхаа дараа ногдол ашиг хуваах байсан бол өнөөдрийн байдлаар 7.1 тэрбум доллар, бусад нэмэлтээр авах зээлийг нэмж төлсний дараа ногдол ашиг хуваарилахаар болж байгаа юм. ТЭЗҮ-д 2017 оноос мөнгөн урсгал эерэг гарахаар тооцсон байдаг. 2017 он гэхэд 4.6 тэрбум доллараа төлчихөөд ногдол ашгаа хуваарилах ёстой байсан гэсэн үг. Түүнээс хойш Монголын Засгийн газар ногдол ашгаасаа 34 хувийнхаа санхүүжилтэд зориулж “Айвенхоу Майнз”-аас авсан зээлээ төлж барагдуулаад, улмаар 2019-2020 оноос шууд ногдол ашиг авах байв. Харин одоо 4.6 тэрбум хэдий чинээгээр нэмэгдэнэ, тэр хэрээр ногдол ашиг авах хугацаа хойшилж, ногдол ашгаасаа төлөх ёстой зээлийн хэмжээ ч нэмэгдэх болно. Мэдээж Монголын тал гэлтгүй “Рио Тинто”-гийн ногдол ашиг авах хугацаа ч хойшлох болно. 

Харин “Оюутолгой” компанийн зүгээс үүнийг арай өөрөөр тайлбарлаж байгаа юм. Тус компанийн Бизнес анализ  хэлтсийн менежер Марк Гүүдвин “Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нь хувьцаа эзэмшигчдийн төслөөс хүртэх ногдол ашиг буурахад нөлөөлөх нь тодорхой. Ганц Монголын Засгийн газар гэлтгүй “Рио Тинто”-гийн эрх ашигт ч нөлөөлж байгаа. Гэхдээ Монголын Засгийн газар энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалах сайн Гэрээг хийж чадсан. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газрын авах татварын хэмжээ ч өсч байгаа. Энэ нь эргээд ногдол ашиг нь тодорхой хэмжээгээр буурах эрсдэлийг татварын хэмжээний өсөлтөөр балансалж байгаа гэсэн үг” гэв.

К.Макрей захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхлээд “Оюутолгой”-г эхлүүлэхэд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-аас оруулсан зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдад төлж дуусгах хэрэгтэй. Дараа нь төслийн санхүүжилтийг төлөх ёстой болно. Бид анхны хөрөнгө оруулалтыг 6.2 тэрбум ам.доллар болно гэж харж байгаа. Хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаад, дөнгөж анхныхаа ашгийг олох тэр үед Монголын тал аль хэдийнэ 7-8 тэрбум ам.долларыг “Оюутолгой”-гоос олсон байх тооцоо бий. Бидний хамгийн сүүлийн тооцоогоор “Оюутолгой” төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалтыг 2021 он гэхэд нөхөх юм” хэмээн ярьжээ.

Хөрөнгө оруулалтын дараа манай талын төлөх ёстой зээл гээд 530 гаруй сая доллар байгааг мартаж болохгүй. Ингэх юм бол ногдол ашиг авах хугацаа 10 жилээс хойш байж ч магадгүй байна. Мэдээж зэс, алтны үнэ өндөр байх тусам зээл, хөрөнгө оруулалтыг төлөх хугацаа богиносно.

Гэрээнд гар хүрэх учир шалтгаан буюу ТЭЗҮ

Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр тал бичгээр харилцан тохиролцсон тохиолдолд Гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн заалт бий. Бусдаар аль нэг тал нь дур мэдэн Гэрээг өөрчлөх боломжгүй. Харин манай талд байгаа гол хөзөр бол “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт яагаад огцом нэмэгдээд байгааг ил болгох. Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д “Хөрөнгө оруулагч нь “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто”-гийн санхүүгийн чадамжаар бүрдсэн Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлээр “Оюутолгой” төслийн хайгуул болон бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болно. Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.6-д заасан Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын хуваарийг ТЭЗҮ-д тусгана” гэсэн заалт бий.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Хөрөнгө оруулалтын гэрээнд хувь нийлүүлэгчдээс бусад гуравдагч этгээдээс зээл авах талаар тусгагдаагүй байдаг гэнэ. Зөвхөн хувьцаа эзэмшигчдийн оруулах 4.6 тэрбум /”Айвенхоу Майнз”-ын гэрээнээс өмнөх оруулсан 670 сая доллар дээр нэмэх нь 4 тэрбум орчим доллар/  долларын хөрөнгө оруулалтыг тусгасан байдаг аж. Нарийн яривал хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацааг дээрх 9.5 гэсэн заалтад тодорхой зааж, хязгаарласан гэж ойлгож болохоор байгаа юм. Гэтэл төлөвлөж байсан 4 тэрбум доллар ямар шалтгаанаар 6.4 тэрбум болтлоо 50 гаруй хувиар нэмэгдэв, цаашлаад Дэлхийн банк, ЕСБХБ-наас авахаар яригдаж байгаа 4-5 тэрбум орчим доллар нь юунд зарцуулагдах вэ гэдгийг ил тод, тодорхой болгох ёстой. Бүх зардлын задаргаа, хөрөнгө оруулалтын хэмжээ нь ТЭЗҮ-д туссан байх учиртай. Монгол улсын хуулийн дагуу батлагдсан ТЭЗҮ-ийг дагаж мөрдөх нь компанийн үүрэг.

Харин ТЭЗҮ-ийг зөрчсөн биш хэтэрхий давуулан биелүүлээд байгаагийн учрыг олъё гэх нь төслийн 34 хувийг эзэмшигчийн хувьд байж болох хүсэлт юм.
Гэрээг байгуулах үед байсан ТЭЗҮ-ийн үндсэн тоо, үзүүлэлт, зардлууд одоо бүгд өөрчлөгдөж байгаа болохоор тухайн үед алдаатай ТЭЗҮ батлав уу, эсвэл зах зээлийн зарчмаар аргагүй өөрчлөгдөв үү, аргагүй өөрчлөгдсөн бол дахин засч залруулах нь зүй ёсны хэрэг. Алдаатай, өөрчлөгдсөн ТЭЗҮ-гээр яваад байвал Монголын эрх ашиг зөрчигдөх нь дамжиггүй. Тиймээс ч ТЭЗҮ-ийг “барьж авах нь” Засгийн газрын гарт байгаа гол хөзөр.

Гэхдээ “Оюутолгой” компанийн зүгээс ТЭЗҮ-ийг өөрчлөөд байх шалтгаан байхгүй гэж үзэж байгаа аж. Бизнес анализ хэлтсийн менежер Марк Гүүдвин “Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийн өөрчлөлт 18 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл бид анх ТЭЗҮ-дээ 5.170 тэрбум долларын хөрөнгө оруулалт гэж тусгасан. Өнөөдөр 6.2 тэрбум болж нэмэгдсэн нь дөнгөж 18 хувиар өссөн үзүүлэлт. Дэлхийн бусад том төслүүдийн анхны хөрөнгө оруулалт дунджаар 60 хувиар, зарим нь 2-3 дахин нэмэгдэж байгаатай харьцуулбал Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт маш бага нэмэгдсэн. Инфляцийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд олон хүчин зүйл анхны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлсөн.

Хөрөнгө оруулалт нэмэгдэх нь компанидаа ашиггүй байдаг болохоор хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын өсөлтийг сайн удирдаж чадсан” хэмээн тайлбарлаж байна. Нэгэнт ТЭЗҮ-д тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээ 18 хувиар өссөн болохоор энэ нь ТЭЗҮ-ийг өөрчлөх үндэслэл биш, ТЭЗҮ-ийн өөрчлөлт 20-30 хувьд хүрэх нь хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээнд гар хүрэх үндэслэл болохгүй хэмээн “Оюутолгой” компанийн Ахлах хуульч Х.Амаржаргал онцолсон. Гэрээнд тусгаснаар үнийн өсөлт, инфляцийн өсөлт гэх мэтээр нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд 5 жил тутамд ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулж болох боломжтой хэмээн тэрбээр нэмж хэлэв.

Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн 7.1 тэрбум доллар, “Оюутолгой” компаниас хэлж байгаа 6.2 тэрбум долларын дунд бүтэн нэг тэрбум долларын зөрүү гарч байгааг анзаарах хэрэгтэй. Марк Гүүдвин Ерөнхий сайд яагаад 7.1 тэрбум доллар гэж ярьсныг мэдэхгүй гэсэн. Хоёр талын мэдээлэл яагаад ийм зөрүүтэй байгаа, нэг тэрбум долларын зөрүү хаанаас бий болсныг  ялгаж тогтоох нь зайлшгүй юм.

Үүний тулд  зүгээр нэг ТЭЗҮ ярихгүйгээр тодорхой шат дараатайгаар “Рио Тинто”-д хандах ёстой гэдгийг зарим эдийн засагч, судлаачид хэлж байна. Юуны түрүүнд дэлхийд тэргүүлэгч, хариуцлагатай уул уурхайн компани мөн л юм бол мэдээллээ, зардлаа ил тод болгохыг шаардах ёстой гэсэн байр суурьтай судлаач, эдийн засагчид цөөнгүй байна. Компанийн нууцтай холбоотой бүх мэдээллийг ил болгох шаардлагагүй ч ядаж худалдан авалтын мэдээллээ ил болгох нь хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд ч, “Оюутолгой” төслийг хэдэн арван жил тогтвортой хэрэгжүүлэхийг хүсч байгаа компанийн хувьд ч хийх ёстой алхам гэдгийг сануулах нь зөв биз. Үүн дээр компанийн ТУЗ-д Монголыг төлөөлж суугаа гурван эрхмийг үгээ хэлэхийг шахах хэрэгтэй. Оюутолгойд Монголын эрх ашгийн төлөө дуугарах үүрэгтэй цорын ганц төлөөлөл нь ТУЗ-ийн гурван гишүүн.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар өөрийн хяналтын механизмаа хүчтэй ажиллуулах шаардлагатай байна. Татварын Ерөнхий газар “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтыг шалгаж, үнэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэх зайлшгүй шалтгааныг олж тогтоох хэрэгтэй.

Жишээ нь Оюутолгойн зүгээс хэлж байгаа анхны хөрөнгө оруулалтын 6.2 тэрбум доллар дотор НӨАТ, мөн гаалийн татварт  төлсөн 600 сая орчим доллар багтсан хэмээн Марк Гүүдвин хэлсэн. Учир нь Зэсийн баяжмалаас авах НӨАТ-ыг буцаан олгохгүй тухай хууль гэрээ байгуулахын өмнөхөн буюу 2009 оны долдугаар сард батлагдсан байдаг. Нэгэнт компаниас гаргаж байгаа мөнгө гэдэг утгаар 600 сая долларыг анхны хөрөнгө оруулалт дотор оруулсан гэнэ. Энэ мэтчилэн зөвхөн НӨАТ дээр гэхэд анхны хөрөнгө оруулалтад тооцох уу, үгүй юү гэх мэт олон төвөгтэй асуудал байгаа болохоор Татварын ерөнхий газрынхан нарийн шалгалт хийж, асуултыг цэгцлэх хэрэгтэй.
Үүний дараа Засгийн газар ТЭЗҮ-ийг өөрчлөх, хөрөнгө оруулагч талыг хэлэлцээрт урих хангалттай шалтгааныг олж болох юм.

Тогтвортой байдлын гэрээг тогтвортой болгохын учир

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тогтвортой байлгах нь юу юунаас илүү чухал. Төслөө барьцаалан зээл авах гэж байгаа “Оюутолгой” компанийн хувьд ч, хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгаж, мега төслүүддээ гадаадын хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж буй Монголын улсын хувьд ч гэрээг өөрчлөх талаар дахин дахин ам ангайх нь аюултай. Өнөөдөр хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчныг Оюутолгойн гэрээгээр төсөөлдөг болсон нь бодит байдал. Тиймээс ч энэхүү гэрээг тогтвортой байлгах нь аль аль талын эрх ашгийн нэгдэл байх учиртай.

Гагцхүү энэхүү цаг үеийн маргааныг хэн хэнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн зөв шийдвэрлэх вэ гэдэг дээр аль аль талаа хүндэтгэх нь чухал юм.

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Н.Дорждарь “Хоёр тал харилцан бичгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л Гэрээг өөрчлөхөөр тусгасан байдаг. Өөрөөр Гэрээг өөрчлөх ямар ч заалт, үндэслэл гэрээнд тусгагдаагүй” гэж байна. “Оюутолгой” компанийн захирал Макрей ч Гэрээг өөрчлөх талаар Засгийн газартай зөвшилцөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Магадгүй хөрөнгө оруулагчийн хувьд Засгийн газрын барьцгүй байдалд сэтгэл дундуур байгаа биз. Бүх л эрсдэлийг дааж, олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж буй хөрөнгө оруулагчдыг юм л бол буруутгах нь өрөөсгөл. Гэхдээ “Оюутолгой” төслийг цаашид 30, 50 жил тогтвортой байлгая гэвэл хэлэлцээрт тал талаасаа суух нь зөв зам байж болох.

Дэлхийн хамгийн том төсөлд тооцогдож буй “Оюутолгой”-г олон арван жил тогтвортой хөгжүүлж, “нийгмийн лиценз”-ийг авах нь дэлхийд тэргүүлэгч, хариуцлагатай уул уурхайн компанийн гол зорилго байх ёстой. “Оюутолгой” төслийн талаар үнэн худлыг нь ялгаж салгахад бэрх мэдээлэл цацагдаж байгаа өнөө үед бодит мэдээллийг, хөрөнгө оруулалтын зардлаа ил болговол хий хоосон хардах байдал үргэлжлэхгүй шүү дээ.

Нөгөө талд, Засгийн газар ч Гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол улс төрийн хувьд тогтвортой байдал нь ганхаж мэднэ. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гэрээнд сэтгэл хангалуун бус байгаа болохоор Гэрээг тойрсон маргаан мөддөө тасрахгүй биз. Н.Алтанхуягийн Засгийн газар Гэрээнд өөрчлөлт оруулж чадсангүй гээд хамгийн муугаар бодоход огцорч болох юм. Эсвэл энэ дөрвөн жилд дүлий дүмбэ царайлаад чимээгүй өнгөрч болно. Гэсэн ч  дараагийн гарч ирэх кабинет дахиад л Оюутолгойн гэрээг барьж авах нь гарцаагүй. Тэд дахиад л “Рио Тинто” руу захиа бичнэ. Мянгуужингийн үлгэр шиг энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Сонгууль болгоноор Оюутолгойн гэрээ, 51 хувийн талаар амтай болгон ярих болно.

Энэ бүхэн эцсийн дүндээ ганц Оюутолгойн гэрээний тогтвортой байдлаар зогсохгүй бусад томоохон төслийг урагшлуулж, эдийн засгаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй Монгол улсын нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчин гээд олон хүчин зүйлд нөлөөлөх нь дамжиггүй. Магадгүй Гэрээг өөрчлөх саналыг “Рио Тинто” хүлээж авлаа гэхэд манай талаас ямар өөрчлөлт хийх вэ гэдэг нь бас л чухал. Үнэндээ 34 хувиа 51 болгож, роялтийг 20 хувь болгоно гэвэл нөгөө тал хүлээж авахгүй нь тодорхой. Тиймээс Засгийн газрын зүгээс эхний ээлжинд заавал хувь хэмжээ ярилгүй арай өөр зүйл санал болговол хөрөнгө оруулагчидтай ойлголцоход хялбар байж болох.

Тухайлбал, гэрээний эрх зүйн орчны хүрээнд тодорхой хугацааны давтамжтай гэрээний үр дүнг дүгнэж байхаар, аль аль талын эрх ашиг хөндөгдөж байгаа үед хэлэлцээрийн ширээний ард суух боломжийг Гэрээгээр бий болгох нь чухал. Түүнээс биш нэг нь гэдийгээд, нөгөө талынх нь эрх зөрчигдөөд байвал хэрүүл маргаан хэзээ ч тасрахгүй. Тийм болохоор энэ удаад гэрээг хөндөж, хөрөнгө оруулалт, ТЭЗҮ-ийг тодорхой болгох нь чухал. Мөн ямар тохиолдолд Гэрээнд гар хүрэхээ тодорхой болгож аваад салбал “Оюутолгой”-н талаар амтай болгон ярьж шүүмжлэхээ болих ч юм билүү. Цаашдаа ч Тогтвортой байдлын гэрээг тогтвортой байлгаж, олон улсад хийсэн гэрээг хүндлэх талаар эрхэм улстөрчдөд сургамж болох биз.

Mongolian Mining Journal 049

Хятадын бараан үүл Монголыг нөмөрч байна

2012-09-03

Энэ долоо хоногийн эхэнд Сангийн сайд Ч.Улаан эхний 7 сард төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 100 тэрбум биш, 200 тэрбум ч биш, бүр 500 тэрбум ч биш 1,2 их наяд төгрөгөөр шүү. Үүнээс болж “Хүний хөгжил” сангийн орлого ч хүнд байдалд орж, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд зогсох эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс өмнөхөн нүүрс экспортлогч зарим компаниудын экспорт зогсож, нүүрс, төмрийн хүдрийн үнэ огцом унаж эхэллээ. Энэ долдугаар сарын нүүрсний экспорт 2011 оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, өмнөх сартай нь харьцуулахад 69 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний орлого ч энэ оны 7 дугаар сард 81 сая ам.доллар болсон нь өмнөх сарынхаас 200 сая доллараар бага. Төсвийн орлогын ихэнхийг зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлого бүрдүүлдэг. Төсвийн орлогын гол судас нь ийн тасалдах болсон нь шууд Хятададтай холбоотой юм.

Хятадад юу болоод байна вэ?

Нэг үе Монгол хэлний үгсийн санд Орос найтаавал Монгол ханиад хүрдэг гэсэн хэлц өргөн хэрэглэгддэг байв. Харин өнөөдөр Хятад найтаавал Монгол шууд хатгаа тусна гэхэд буруудхааргүй болчихож. Сүүлийн 5 жил дэлхий нийтийг шуугиулаад байсан Хятадын эдийн засгийн үсрэнгүй өсөлт тормосоо дарж эхлэв бололтой. Жил болгон 10-аас дээш хувиар өсч байсан эдийн засаг нь энэ жил 7,5 хувьтай гарна хэмээн Засгийн газар нь тооцоолсон. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд өнөөдөр тулгарч байгаа асуудлууд олон ч тэр бүхнийг дурдах хэцүү. Тиймээс Монголын нүүрс, төмрийн хүдрийн экспортыг дэмжиж байгаа Хятадын гангийн үйлдвэрлэл ямар байгаа талаар сүүлийн саруудын мэдээллийг задалж үзье.

Хятадын ган үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 400 хувь өссөн нь супер рекорд болсон. Өнгөрсөн онд 683,27 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2010 оныхоос 8,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ он гараад эхний хагас жилийн турш гангийн үйлдвэрлэл сар бүр өссөөр л байв. Харин өнөөдөр Хятадад цөөнгүй гангийн үйлдвэр сул зогсолт хийсэн талаар албан бус мэдээллүүд гарсаар байна. Шалтгаан нь ган үйлдвэрлэгчдийн ашиг эрс багасч, гангийн хэрэглээ илт буурсан явдал.

Эхний 7 сарын байдлаар 419,46 сая тонн ган үйлдвэрлээд байгаа нь өмнөх жилийн мөн үетэйгээ харьцуулахад 8 орчим хувиар өссөн үзүүлэлт. Харин долдугаар сард гангийн үйлдвэрлэл бага зэрэг буурчээ. 61,7 сая тонныг үйлдвэрлэсэн нь зургадугаар сарынхаас 1,5 сая тонноор илүү бөгөөд өдөрт дунджаар 1,99 сая тонныг үйлдвэрлэжээ. Гэхдээ долдугаар сар 31 хоногтой, зургадугаар сар 30 хоногтой. 30 хоногийн үйлдвэрлэлийн хэмжээг нь аваад үзвэл өнгөрсөн сард зургадугаар сарынхаас 0,5 сая тонноор бага буюу 6-р сард өдөрт дунджаар 2 сая тонн байсан бол 7-р сард 1,99 сая тонныг үйлдвэрлэсэн байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо ч /NDRC/ 7-р сард төмрийн үйлдвэрлэл болон үнэ буурсныг хүлээн зөвшөөрч, мэдээлсэн.

Үүнээс гадна гангийн экспорт нь 7-р сард 3,16 сая тонн болж өмнөх сарынхаасаа нэг сая тонноор буурчээ. Магадгүй бага тоо шиг харагдаж болох ч зогсолтгүй өсч байсан гангийн үйлдвэрлэл буурч байгаагийн дохио. Энэ байдлаар үргэлжилбэл оны эцэст төлөвлөсөн 715 сая тонндоо хүрэхгүй ч байж мэдэхээр байна.

Ган үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдэж, эхний 7 сарын ашиг нь өнгөрсөн оны үеийнхээс 96 хувиар буурчээ. Сүүлийн хагас жилд байдал энэ хэвээр үргэлжилнэ гэж тэд үзэж байгаа бололтой. Гангийн үйлдвэрлэл багасч, үнэ буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Хятадын Төмөр болон гангийн үйлдвэрлэгчдийн холбооны /CISA/ дэд захирал Жан Чанфу / Zhang Changfu/ “Үйлдвэрүүдийн зардал 37 хувиар нэмэгдэж, ашиг нь буурсан. Гангийн үнэ болон эрэлт буурч байгаа энэ үед ашиг олно гэдэг хэцүү болсон” хэмээн CNBC-д ярьжээ. Зардал өссөн үндсэн шалтгаан нь гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өндөр байсантай салшгүй холбоотой. Тиймээс ч түүхий эдийн үнийг барихын тулд үйлдвэрлэгчид хэмжээндээ хяналт тавих ёстой хэмээн ноён Жан ярьжээ. Гангийн үйлдвэрлэлийн энэ байдал нь Хятадын коксжих нүүрс, төмрийн хүдрийн хэрэглээг багасгах үндсэн хүчин зүйл болж байна. Долдугаар сард гэхэд дөнгөж 3,93 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн сарын 6,49 сая тоннтой харьцуулахад 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт.

Гангийн үйлдвэрлэлийн хувьд нэлээд тааруухан дүр зураг ажиглагдаж байгаа бол эдийн засгийн өөр нэг чухал хэмжүүр болсон Ажил хэрэгч менежерүүдийн индекс /PMI/ ч он гарсаар байнга буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тухайн улсын бизнесийн идэвхитэй байдлыг илтгэдэг уг индекс 50 хувиас дээш байвал эерэг, доош байвал сөрөг гэж үздэг. Хятадын HSBC PMI долдугаар сард 47,8 хувьтай гарчээ. 6-р сард 48,1 хувь, 5-р сард 48,4 хувьтай байсан PMI 50 хувиас доогуур үзүүлэлттэй байгаа нь тааруухан үзүүлэлт. Энэ үзүүлэлт 2010 онд 55.39, 2011 онд 50.04 хувьтай гарч байж. АНУ-ын хувьд энэ үзүүлэлт 50 хувийг дөнгөн данган давсан байдалтай байгааг харахад Хятадын хувьд АНУ-аас ч муу байдалд орж магадгүй хэмээн Хятадын зарим банкны шинжээчид үзэж байгаа аж.

Монголд юу болж байна вэ?


Монгол улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг Сангийн сайд Ч.Улаан хэлсэн. Эхний 7 сарын байдлаар төсвийн орлого, зарлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 20 хувиар өсч байхад зарлага нь 55 хувиар өсчээ. Нийт орлого ба тусламжийн дүн 2,7 их наяд төгрөг болж 465 тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зарлага 3,3 их наяд төгрөг болж, 1,2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл орлогоосоо хамаагүй их зардал гаргасан гэсэн үг.



Төсвийн орлого бага байгаа нь аж ахуйн нэгжүүдийн татвар тооцоолсон шиг нь өсөхгүй байгаатай холбоотой. Эхний 7 сард аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 орчим хувиар буюу 29-хөн тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин хүн амын орлогын албан татвар 177,8 тэрбум төгрөг болж 63 тэрбум төгрөг буюу 55 хувиар өссөн байна. Энэ нь компаниудын ашиг орлого нэмэгдэхгүй байхад цалин хөлсний нэмэгдлийн далбаан дор иргэдийн орлого нэмэгдэж байгааг харуулж байна. Нөгөө талаар төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн нь хувийн хэвшлийг хүнд байдалд оруулж байгааг эндээс харж болно.

Тэгвэл төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын компаниудын орлого ч төдийлөн нэмэгдсэн зүйл харагдахгүй байна. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төсөвт төвлөрүүлсэн орлогыг графикаас харж болно. Эхний 6 сар тогтмол байсан орлого 7-р сард эрс буурсан нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ болоод экспортын бууралттай шууд холбоотой юм.

Тухайлбал эхний 6 сарын турш тогтвортой өсч байсан нүүрсний экспорт долдугаар сард огцом унажээ. Долдугаар сарын нүүрсний экспорт 2011 оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, өмнөх сартай нь харьцуулахад 69 хувиар буурчээ. Статистикийн үндэсний хорооноос мэдээлж байгаагаар 7-р сард 0,9 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн сарынхаасаа 3 дахин, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин бага үзүүлэлт юм. Нүүрсний орлого ч 6-р сард 283,18 сая ам.доллар байсан бол 7-р сард 81 сая ам.доллар болтлоо 3,4 дахин буурчээ.

Экспортын хэмжээнээс гадна үнийн бууралт ч том нөлөө үзүүлж байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёрхон сарын 20 гаруй хувиар буураад байгаа юм. Төмрийн хүдрийн үнэ ч долдугаар сард 140 орчим ам.доллар байснаа энэ сарын дундуур 110 доллар болтлоо буурч байна. Цаашдаа 100 доллараас доошлох магадлал өндөр.

Энэ жил бид 30 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байсан нь яаж ч бодсон бүтэхгүй нь. Эхний 7 сарын байдлаар дөнгөж 11 сая тонн нүүрс гэдэг тооцоолж байснаас бага үзүүлэлт. Нүүрсний экспортын бууралтад “Саусгоби Сэндс” компани олборлолтоо зогсоосон нь багагүй нөлөөлсөн байгаа. Мөн зарим нэг компанийн экспорт зогссон гэсэн албан бус яриа ч бий. 2012 оны хоёрдугаарт хагаст ч нүүрсний экспорт буурах хандлагатай байна. Экспортын 40 гаруй хувийг эзэлдэг нүүрсний экспорт ингэж буурах нь төсвийн орлого тасалдахын үндсэн шалтгааны нэг.

Цаашид юу болох бол?


Хөрш Хятадын эдийн засгийг ч харсан, холын Европын байдал ч тэр он дуусал энэ чигээр үргэлжлэх төлөвтэй. Тиймээс ч Засгийн газар Төсвийн тодотголыг яаран УИХ-аар батлуулах шаардлагатай болоод байгаа.

Төсвийн цоорхойг нөхөх хэд хэдэн замыг олж харчихаад, олон нийтийг дасгаж байна уу гэлтэй яриа Төрийн ордноос гарах болсон. Эхнийх нь Хөгжлийн банкны 580 сая доллар. Хаа очиж тус банкны удирдлагууд дэлхийн эдийн засгийн хоромхон зуурын сиймхийг ашиглаж, бага хүүтэй багагүй мөнгийг гадаад зах зээлээс босгож чадсан нь үнэн. Харин өнөөдөр тэдний гавъяа өдрийн 120 сая төгрөгийн хүү сул төлж байна гэсэн Төрийн ордноос шидсэн “бор шувуу”-нд дарагдчихаад байна. Сонгуулийн өмнө 580 сая доллараар “Хүний хөгжил сан”-гийн орлогын цоорхойг бөглөх гээд чадаагүй өмнөх Засгийн газрын оролдлогыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэх төлөвтэй.

Гэхдээ энэ удаад хий дэмий хүү төлж байснаас Засгийн газрын бонд авчихая, төсөвт ч нэмэртэй, хүүнд ч дэмий мөнгө үрэхгүй гэсэн “хачир” дагалдуулж байна. Энэ нь Засгийн газар нэг халааснаасаа мөнгө аваад нөгөө халаасандаа хийж байгаатай ялгаагүй. Нөгөө талд Хөгжлийн банкийг анх байгуулж байхдаа Засгийн газар, улс төрийн хараат бус байдлыг хангана гэж ярьж байсан нь лөөлөө болж  байна. Үнэндээ Хөгжлийн банк үүргээ гүйцэтгээд мөнгө олсон. Харин хуулийн дагуу санхүүжүүлэх ёстой төмөр зам, орон сууц, аж үйлдвэрийн төслүүдийнх нь бэлтгэл ажил шаардлага хангаж чадахгүй байгаа болохоор л санхүүжилтийг шууд өгчихөж боломгүй байгаа хэрэг.

Үүнээс гадна уул уурхайн салбарын татварыг нэмэх талаар ч цухалзаж эхэллээ. Эхний ээлжинд нүүрсэнд 3 хувийн экспортын татвар ногдуулах яриа улс төрчдийн дунд хүчтэй яригдаж байна. Төсвийн орлого нь буурч байхад татвар нэмэхээс өөр зөв зам байхгүй гэж үзсэн бололтой. Гэтэл татварыг нь нэмэх гээд байгаа нүүрсний экспорт буурах төлөвэй байгаа болохоор энэ шийдэл хэр оновчтой болохыг хэлэхэд эрт.



 Манай улс Хятадын коксжих нүүрсний импортын 40 гаруй хувийг хангаж байгаа хэмээн олон хүн сайрхдаг. Атал бодит байдал дээр Хятадын өөрсдийнх нь олборлож байгаа нүүрсний хажууд коксжих нүүрсний импорт нь 10 хувьд ч хүрэхгүй шахуу. Хятад өөрөө их хэмжээний нүүрс олборлодог. Гангийн үйлдвэрлэлийн өсөлт удаашраад байвал түүхий эдийн нийлүүлэлт буурах болно. Ийм үед том гүрний бодлого дотоодынхоо уурхайнуудыг хааж, олон мянган иргэнээ ажилгүй болгох уу, эсвэл эхний ээлжинд багахан хэмжээний импортоо зогсоох уу гэдгийн алийг нь сонгохыг хэн ч хэлүүлэлтгүй ойлгоно. Ердөө 5 жилийн өмнө 7 сая тонн коксжих нүүрс импортолж байсан Хятад өнөөдрийн 60 сая тонны импортоо 6 сая болтол нь бууруулахад ямар ч асуудал байхгүй. Харин манайд бол энэ нь том хямрал болж хувирна.

Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монголын эдийн засагчид Хятадын эдийн засгийн өсөлт саарлаа ч Монголд нөлөөлөхгүй, түүнээс сэргийлэх арга хэмжээ авсан гээд л өөдрөг өнцгөөс ярьж байлаа. Эхний хагас жил энэ тайлбар “үнэн” байсан ч өнөөдөр бодит байдал дээр Монголд нөлөөлж эхэлсэн гэдгийг долдугаар сарын статистик мэдээллүүд харуулж байна. Хятадын эдийн засгийн бараан үүл Монголыг хэдийнэ бүрхээд эхэлчихлээ. Цаашид бүр ч дордож мэдэхээр байна.

С.Болд-Эрдэнэ

Миний санал болгох сайд нар

2012-07-05


Миний санал болгох сайд нар
За сонгууль дуусчихсан. Одоо бялуу хуваах явц эхлэх гэж байна. Биш ээ, эхэлчихсэн байгаа байх. АН нь хэнтэйгээ хамтрах уу гээд нэлээд толгойгоо гашилгаж, дотроо маргаантай байгаа сураг дуулдсан. Хэнтэйгээ хамтрах нь маньд ямар падлий байхав. Угаас энэ намд сайн улс төрч, сайн бодлогын шинжээч, зөвлөхүүд байгаа болохоор МАН-тай хамтарвал юу алдаж, юу хожих вэ, МАХН-тай хамтарвал бас яах вэ гээд бүгдийг нь тооцож судлаад, тус бүрт нь 4 жилийн төлөвлөгөө зохиочихсон байгаа гэдэгт итгэж байна.
Болдогсон бол тэр Увсын хоёрыг нясалж унагаагаад ИЗНН, бие даагчидтай нийлвэл зүгээрсэн. Гэхдээ л барахгүй биз дээ. Бие даагчдын хувьд С.Ганбаатар нийлж болох ч Тэр Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр яах бол??? Даваасүрэн МАН-гаас хөөгдсөн болохоор ятгаж чадвал нийлж болохын. Харин нөгөөх нь ёстой мэдэхгүй ээ. МАН-ын гишүүн ч УИХ-д нэр дэвшүүлээгүй болохоор шарандаа бие даагаад гараад ирсэн нөхөр юм гэсэн.
Нөгөө талд МАН, МАХН аль аль нь бас эвсчихийг бодох л болно. Ялангуяа МАХН бол ганц олдсон боломж гээд чадлынхаа хэрээр майлах байх. Харин МАН болж өгвөл МАХН, ИЗНН-тай эвсүүлчихгүйг хичээх болно. Дээр дурдсан өөрийн намын гишүүн бие даагчдыг өөртөө татах талаар зүгээр суухгүй нь л лав. Ингээд л бодоод байхаар мань мэтийн толгой хүрэхгүй байгаа юм. Тэр Баабар мэт нь эрхбиш нэгийг бодчихсон байгаа байлгүй дээ.
Харин нэгэнт Засгийн газрыг байгуулах нь ойлгомжтой учир АН-аас ямар сайдууд байвал дээр бол гэдэг дээр өөрийнхөө саналыг сийрүүлье. За Ерөнхий сайд нь маргаан байхгүй Н.Алтанхуяг. Яахав намын даргаас нь гадна Ерөнхий сайдг хийчих хоншоортой аавын хүү АН-д цөөнгүй бий л дээ. Гэхдээ тэр Х.Баттулга эд нар бол мөрөөдөөд ч хэрэггүй биз. Арай л бяд дутах байлгүй. З.Энхболд, Р.Амаржаргал гээд бусад нөхдийн хувьд Ерөнхий сайд руу тэгж шуналтахгүй байх гэж бодож байна. Хэрэв шунал нь хөдөлбөл намын даргаа огцруулах хэрэг гарна. Хамтарсан засагт байх үеийнх шиг цаг үе биш болохоор тийм ч санаснаар болохгүй нь ойлгомжтой. Хэрэв тийм оролдлого гарвал  өмнөх шигээ бусдын хоол болно гэдгээ бүгд мэдэж байгаа. АН бол МАХН, МАН шиг арай ч эрх мэдлийн төлөө улангассан хүмүүсийн тойрог гэж бодохгүй байна. Тэгэхээр Ерөнхий сайд бол Алтанхуяг. Өөрөө процедурын алдаа гаргаж, огцрохгүй л бол 4 жил PM гэж дуудуулна.
За кабинетын хувьд өнөөдрийнхөөс нэг их өөрчлөгдөхгүй байлгүй дээ. Ганц нэг яамыг салгаж барих сураг дуулдсан. Тэр яахуу. Харин гол яамдыг хэн хэн тойлгойлох нь сонирхолтой. Энэ улс төрийн таамаг нийтлэл биш. Зүгээр л миний бодол.
PM-ийн дараагийн суудал мэдээж Шадар сайд. Хэн нэгэнтэй эвсэж таарахаас хойш тэр эвссэн талын хүн очих байлгүй. 

Хамгийн гол яам болох Сангийн сайдад харин өрсөлдөх хүн олон бий. С.Баярцогт гэж олон хүн бодож байгаа байх. Би хувьдаа С.Баярцогтыг битгий болоосой гэж боддог. Өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласан. Хийх ёстой юмнуудыг нь хийсэн, эхлүүлсэн. Үргэлжлүүлээд яваад явчих сачийтай, бодит байдлыг ойлгож байгаа хүн АН-д цөөнгүй бий. Хаа очиж МАН, МАХН, ИЗНН-ыг бодвол АН-ын нэг давуу тал нь сайн эдийн засагчид олонтой гэж боддог. Сангийн сайдад өнгөрсөн удаа өрсөлдөөд бараагүй ч хөөрхий С.Баярцогтыг багагүй зовоодог байсан Н.Батбаяр байж болох юм. Яахав үе үе улс төр хийгээд худлаа бүлтрээд байдгийг эс тооцвол дажгүй л товарищ. Энэ нөхрөөс гадна Р.Амаржаргал, Лу.Гантөмөр, З.Энхболд, Д.Зоригт гээд хүмүүс бий. Гантөмөр байвал зүгээр байж болох юм. Хэмнэлт, үр ашигтай зардал гээд яриад байдаг. Бас Байнгын хорооны хурал зэрэг дээр их ачтайхан асуугаад хариултаа аваад, ажил гардаж хийж багйаа нөхдүүдтэй ярилцаад санал солилцоод зөвлөөд явж байгаа харагддаг. Тийм гишүүн их хуралд цөөхөн байдаг юм шүү. 

Харин С.Баярцогтыг би Эрдэс баялгийн сайдаар томилмоор байгаа юм. Олон шалтгаан бий. Сангийн сайд байхдаа өөрийнхөө потенциалыг харуулж чадсан гэж боддог. Сангийн сайд гэлтгүй уул уурхайн салбарт сайд Зоригтоос илүү санаачилгатай байсан байх. Тэгээд ч энэ Засгийн газар Тавантолгойн Баруун Цанхийн хэлэлцээр, Асгатын мөнгөний орд гээд олон улсын хэмжээний том том хэлцлүүд хийх болно. Манай улс төрчдөөс ийм том хэлцлийн дарийг үнэрлэсэн хүн бол С.Баярцогт. Хэдий элдвээр хэлэгддэг ч Оюутолгойн ХОГ-ний хэлэлцээр нэг л явцгүй болж байсан тэр үед ажлын хэсгийн ахлагчийг Зоригтоос Баярцогтод шилжүүлсэн байдаг. Дэлхийн “акул”-ууд юу ярьж, юу хүсдэгийг сайн ойлгож мэддэг болсон, улс орныхоо эрх ашиг, хөгжлийн замыг эерэгээр харж чаддаг тийм хүн гэж хувьдаа үнэлдэг. Магад Н.Алтанхуяг унавал Ерөнхий сайд ч болох магадлалтай. Ямар ч байсан одоо биш юм гэхэд ирээдүйд Ерөнхий сайд болох л хүн гэж боддог юм. 

Харин одоогийн ЗТБХЯ, эсвэл өөрчлөөд хүнд аж үйлдвэрийн яам ч гэдэг юм уу тэрийг Х.Баттулгад өгчихвөл зүгээрсэн. Тэр төмөр зам, Сайншанд гээд өөрийнхөө “зохиолыг” өөрөө амьдруулж, дуусгах боломж олгох хэрэгтэй байх. Яахав Сайншандад гэхэд эдийн засгийн үр өгөөж талаасаа асуудал багагүй л байдаг юм билээ. Тэглээ ч хэний ч санаагүй, бодоогүй зүйлийг, бүр өөр яамны хийх ёстой ажлыг урдуур нь орж өөрийнхөө хөрөнгөөр хүртэл хүмүүс цалинжуулж ажиллуулсаныг нь бодоод Баттулгад өгчихвөл зүгээр байх. Өөрөө ч юу хийхээ сайн мэдэж байгаа биз. MCS нтэртэй л жаахан муудалцах биз. Аа тийн нэг зүйлийг нэмээд хэлчихэд манай хүн MCS-ийг арай л их хэлмэгдүүлж байгааг нь жаахан хазаарлах хэрэгтэй байх.  Тэр өөрийнх нь бариад ярьдаг УИХ-ын тогтоол дээр Стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад Тавантолгойн бүлэг орд, “Энержи Ресурс”, “Дайцүкэ”, “Тавантолгой” ХК гэж байдаг юм. Түүний дагуу “ЭР” эзэмшиж байсан Баруун Цанхи Зүүн цанхи гээд ихэнх талбайгаа буцааж өгснийг манай хүн гуйвуулаад Ухаа худагаа хүртэл өгөх ёстой гээд байна лээ. Тэр УИХ-ын тогтоол нтэрийг харвал хавсралтад нь бүгд тодорхой байгаа. Бусдаар бол Х.Баттулга “молодец”.

За хууль зүйн яам гэж Нямдорж ахын гэр болсон нэг газар бий. Хөөрхий Нямка ах гэрээсээ хөөгдчихвөл одоо хаанаа амьдрах юм байгаа юм мэдэхгүй. Болох байлгүй. Харин Нямкагийн олон жил булшилсан энэ яамыг Х.Тэмүүжин гишүүнд олон долоон үггүй өгөх хэрэгтэй. Яахав өөр мундаг олон хуульч Их хуралд ч, их хурлын гадна ч байгаа л байх. Гэхдээ өдийг хүртэл Нямкатай үзэлцсэн /хэрүүл уруулын чанартай биш бодлогын зүйл дээр/ хүнд итгэх хэрэгтэй. Би л лав 2 гараа өргөөд дэмжинэ. Бас ч гэж Их хуралд 4 жил сууж үзлээ. Боломжийн хэмжээнд туршлагажсан байх. Бас энд тэндэхийн бизнесийн бүлэглэүүдтэй харилцаа холбоо багатай гэж ойлгоод байгаа.  

За С.Ламбаа гэж инээд алдсан сайхан хүн бий. Загнаад, муулаад байхад л инээгээд сууж байдаг. Өнгөрсөн хугацаанд ЭМД-ын тогтолцоог өөрчлөх гээд бас ч гэж багагүй ажил эхлүүлсэн болохоор Эрүүл мэндийн яамыг нь өгчихөж болно. Тэр Гүндалай барьцаж магадгүй ч С.Ламбаа бараадуулахгүй биз дээ. За бусад яамд бол тэгээд том жижгээрээ хуваагдах байлгүй. Хэнийг нь гэж хэлэхэв. Харин сайд болгомооргүй нөхдүүд бас байна аа. Ялангуяа уначихаад “ах аа намайг бодоорой” гээд явж байгаа хүн их бий. Батхүүд аль нэг яамыг өгөх л байх. Нөгөө Гүндалай бас хошуугаа цорвойлгоод ирнэ. 2000 онд би АН-ыг аварсан энээ тэрээ гээд л ... 

Сайдаас гадна УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, энд тэндэхийн агентлагийн дарга гээд бас ч гэж энэ төр чинь шингээх чадвар сайтай шүү. Гол нь гол яамдаа л хийж чадах хүмүүст нь өгөх хэрэгтэй. За миний бодол нэг иймэрхүү л байна. Бусадтай санал нийлэх, нийлэхгүй байх нь надад ямар хамаа байхав.

Нүүрсээ алтны араас алдчихгүйн учир

2012-02-02

Алт, зэсийн үнэ тэнгэрт цойлж байсан үед адын бодол манай улс төрчдөд төрсөн нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар байв. Зэсийн үнэ 7000 доллар давж байсан нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд таатай боломж гэж үзсэн УИХ дээр гэнэтийн ашгийн татвар буюу олноо танигдсан “68 хувийн татвар” авах сэдлийг төрүүлсэн хэрэг. Зэсийн хоморгонд алт явж, энэ хоёр бүтээгдэхүүнээс дээрх татварыг авахаар хууль баталж байсан цаг нь одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 он. Хуулийн “автор” Н.Батбаяр гишүүн хууль хэрэгжиж эхэлсэн 5 жилийн хугацаанд 900 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн хэмээн их л сайрхан ярьдаг ч үнэндээ тийм ч сайн үр дүн өгөөгүй гэдэгтэй олон эдийн засагч санал нийлэх биз ээ. Зэсийн татварыг нь ганцхан “Эрдэнэт” өгч байхад, алтны компаниуд олборлосон алтаа алган дээрээ биш ханцуйндаа нуугаад хил гарч байв. Хаа байгаа Хангүг эрчүүд хүртэл хошногондоо хэдэн грам алт чихээд хилээр гарах гэж байгаад баригдаж байхав дээ. Төрийн өмчит ганц хоёрхон компани л алтны энэ өндөр татварыг төлж ирсэн байна. 

2006 он хүртэл буюу “68 хувийн татвар” тавигдах хүртэл Монголбанкинд тушааж байсан алтны хэмжээ оргил үедээ хүрсэн байдаг. Ганцхан тоо харахад хууль гарахаас өмнөх онд алт олборлодог 133 аж ахуйн нэгж болон 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан байна. Харин хууль батлагдсаны дараа Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ гэрлийн хурдаар уруудсаныг графикаас харж болно. 


 
2010 онд гэхэд дөнгөж хоёр мянга гаруйхан тонн алт Монголбанк худалдаж авсныг харахад “68 хувийн татвар” хэрэгжсэн таван жилийн хугацаандаа алт тушаалтын хэмжээг 5 дахин багасгасан байх юм. Харин уг татвар тэглэгдсэн жил буюу өнгөрсөн жил алт тушаалт бага зэрэг өсч, 3000 тонн давжээ. 

Харин одоо манай улстөрчдийн толгойд дараагийн нэг адын бодол шүглэсэн нь нүүрсэн дээр тавих “68 хувийн татвар”. Шууд утгаараа 68 хувийн татвар биш ч ямар ч байсан нүүрснээс авах татварыг нэмэх юм шүү хэмээн элдвийн бодолдоо дарагдан явна. Шалтгаан нь нүүрсний экспорт жил бүр нугарч нэмэгдэхийн хэрээр мөнгөн дүн нь үлэмж нэмэгдэн, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ ч зуун тэрбумаар тоологдох болсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорт хэр нэмэгдэж, нүүрснээс улсын төсөвт орох мөнгө хэрхэн зузаарсныг графикаас харъя. 


 Монгол улсад 2000 онд ердөө 5 сая тонн нүүрс олборлож байсан бол энэ тоо өнөөдөр хэд дахин нугарч, өнгөрсөн жил 20 гаруй сая тоннд хүрээд байна. 2009 онд 7,6 сая тонн нүүрс экспортолсон бол 2010 онд 18 сая тонныг, 2011 онд 23 сая тонн нүүрс экспортолжээ. Тэгвэл цаашдын таамгаар 2012 онд 30 сая, 2013 онд 33 сая, 2014 онд 40 сая, 2015 онд 50 сая тонныг экспортлох таамаглалыг АМГ-аас гаргажээ. Харин “Монгол нүүрс” ассоциациас нэмээд 2025 онд 100 сая тонн нүүрс экспортолно гэж үзсэн байна. 

Тэгвэл уул уурхайн салбарын татварын орлогын өсөлтийг авч үзвэл 2010 онд нийт 905.2 тэрбум төгрөгийн орлого оруулснаас зэсийн орлого 534.8 тэрбум, нүүрс 193.9 тэрбум, алт 38.2 тэрбум, төмрийн хүдрийнх 99.8 тэрбум төгрөг байжээ. Харин 2011 оны хувьд уул уурхайн салбараас улсын төсөвт 1057.8 тэрбум төгрөгийн орлого орсноос 402.56 тэрбум нь нүүрс, 561.18 тэрбум нь зэс, 42 тэрбум нь төмрийн хүдрээс байна.
 
2012 оны төлөвлөгөөгөөр төмрийн хүдэр 121.3 тэрбум, нүүрс 925.1 тэрбум, зэс 583.4 тэрбум, цайраас 31.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоог Сангийн яам хийсэн байна. Нүүрсний салбараас орж байгаа мөнгө ч ихээр нэмэгдэж, зэс биш нүүрсний эрин эхэллээ хэмээн шуурцгааж байна. 

Тиймээс ч хэдэн арван сая тонноор экспортлогдож байгаа нүүрснээс ахиухан татвар хураачих санаа төрд төрөхгүй хаачихав. Нүүрс, төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөхөөс хамгаалах гэсэн бамбайн дор Экспортын гаалийн татвар гэдгийг ярьж эхэлсэн. Тэд улсын орлого их наядаар тоологдож, урьд нь төсөөлж ч байгаагүй хэмжээнд хүрч байхад дахиад мөнгө дутаад байна хэмээн татвар нэмэхийг санаархаж байна. Өнөөдөр нүүрснээс Орлогын албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Агаарын бохирдлын татвар, Лиценз ашигласны төлбөр гээд нийтдээ 40 орчим хувийн татвар авдаг бөгөөд 25 орчим хувь нь эхний гурван татварт ногддог байна. Энэ жилийн төсвийн алдагдлыг нөхөх үүднээс Экспортын гаалийн татвар хэмээн оруулж ирсэн ч буцаагдсан. Магад удахгүй Экспортын гаалийн татварын 5 хувь биш 25 хувийн татвар гээд яриад эхэлж мэдэх л хүмүүс, манай улстөрчид. Хэрэв нүүрснээс авах татварын хэмжээ нэмэгдвэл яалт ч үгүй алтны араас орох нь дамжиггүй.

Нүүрсээ алтны араас алдчихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа юм. 
Нэгдүгээрт, өнөөдрийн 20 сая тонны нүүрсний экспортыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, хувийн хэвшлийн “Энержи Ресурс”, “МАК”, гадны хөрөнгө оруулалттай “Саус Гоби Сэндс” компани гэсэн тавхан компани гүйцэтгэж байгаа. Төрийн зүгээс нүүрснээс авах татвараа нэмнэ гэвэл энэ таван компанийг л “мөлжих” болно. Нөгөө “68 хувийн татвар”-аар ганцхан “Эрдэнэт”-ийг мөлжсөн шиг. Өнгөрсөн хэдхэн жилд энэ таван компани л нүүрсийг моодонд оруулж чадсан. Тэдний араас нүүрсний салбарт орох хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, хэдэн арваар тоологдох уурхайнууд нээгдэж, олборлолтдоо бэлтгэж байна. Харин нүүрснээс авах татварыг нэмбэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байсан нүүрсний салбар эргээд мөлхөж эхлэх биз. Олборлолтдоо бэлтгэж байгаа компаниуд өндөр татвараас зугтаах нь ойлгомжтой. Алтны компаниуд олборлосон алтаа хошногондоо нууж хил гаргадаг шиг нүүрсний компаниудад ч татвараас бултах өчнөөн арга сүвэгчлэх нь ойлгомжтой. Ядаж л өндөр татвар төлдөг компаниуд шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчны хамгаалалтад хандах хандлага нь өөрчлөгдөх, нийгмийн хариуцлагаас бултах гээд олон ааш гаргаж таарна. Тэр бүхний дүнд татвараас зугтсан том сүлжээ үүсэхийг байг гэх газаргүй юм. 

Хоёрдугаарт, түүхий нүүрс биш боловсруулсан нүүрс экспортлох улсын бодлого хэрэгжиж эхлэх таатай нөхцөл бүрдэж байна гэхэд болно. Өнөөдөр нүүрс экспортолж байгаа таван компани дор бүрнээ нүүрсээ үнэд хүргэх тодорхой алхмууд хийж, үр дүнгээ өгч байгаа нь тодхон. “Энержи Ресурс”-аас эхлээд нүүрс угаах үйлдвэрүүд барьж байна. Жижиг “Тавантолгой”-гоос бусад дөрвөн компани бүгд нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр барих төлөвлөгөөтэй. Тэд үйлдвэрээ барьж чадвал хүссэн хүсээгүй түүхий нүүрс биш угааж, боловсруулсан нүүрсийг илүү өндөр үнэтэйгээр экспортод гаргах болно. Тиймээс ч экспортлогч компаниуд эхнээсээ Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийхээр хөөцөлдөж байна. Угаах баяжуулах үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулсан, оруулах гэж байгаа тэдэнд татварын тогтвортой байдал юу юунаас илүү чухал. 

Гуравдугаарт, өнөөдөр дэлхийн эдийн засаг маш тогтворгүй үед ашигт малтмалын үнэ хаашаа ч эргэж мэдэхээр байна. Саяхан өндөрлөсөн Давосын чуулганаар энэ жил дэлхийн улс орнуудын хувьд хамгийн хүнд жил байх болно гэдэгтэй бүгд санал нийллээ. Европын өрийн асуудал энэ жилдээ лав шийдэгдэхгүй бололтой. Дарин дээр давс гэгчээр “Стандард Пүүрс”, “Фитч”-ийн зүгээс Европын зарим улсын зэрэглэлийг бууруулсан нь энэ жилийн эдийн засгийн тогтворгүй байдлыг урьдаас зөгнөсний илрэл гэлтэй. Европын өр шийдэгдэхгүй байна гэдэг өнгөрсөн жил удаашралтай гарсан Хятадын үйлдвэржилт, эдийн засгийн өсөлт энэ жил ч удаашрахын дохио гэсэн үг. Хятадын үйлдвэрлэл зогсохгүй, тэд коксжих нүүрс импортолсоор байх болно. Гэхдээ тооцоолсон хэмжээнээсээ багыг импортлох бөгөөд энэ нь манай улсын хувьд том эрсдэл болж хувирна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хоёр жилд Монголын нүүрсний компаниудын нэг том амжилт бол Австралийн коксжих нүүрстэй өрсөлдөх хэмжээнд хүрч чадсан. Мэдээж үнийн хувьд Австралитай өрсөлдөж чадахгүй ч экспортын хувьд улам нэмэгдэх боломжийг бүрдүүлж чадсан нь манай улсын хувьд том амжилт. Цаашдаа ч экспортод гарах нүүрсний хэмжээг бодсон ч тэр Хятад Австрали биш Монголын нүүрсийг авч байх нь бидэнд ашигтай. 

Харин нүүрснээс авах татварыг нэмэх талаар яригдаж, тэр нь улстөрчдийн санаснаар болж нэмэгдвэл өсч тэлж байсан нүүрсний салбар эргээд хумигдах болно. Олон нийт, зарим улстөрчдийн зүгээс нүүрсний компаниуд лоббидоод татвар нэмэхгүй болгочихлоо гэдэг. Гэхдээ татварыг хэзээ ч нэмж болно. Гол нь ашгаа дөнгөж өгч эхэлж байхад нь өндөр татвараар цохиж унагахаасаа илүү арай алсыг хараад үзвэл яасан юм бэ? Өнөөдөр таван компанид өндөр татвар тавьж байснаас таван жилийн дараа 50 компаниас дундаж татвар авсан нь Монгол улсын эдийн засагт хамаагүй илүү өгөөжтэй баймаар. Нөгөөтэйгүүр нүүрснээс энэ олон төрлийн татвар авч байгаа нүүрсний ангиллыг тогтоох нь зайлшгүй тулгамдсан асуудал болоод байгаа юм. Дэлхий дээр нүүрсний 20-иод ангилал байхад манайд ердөө коксжсон, хүрэн нүүрс гэсэн хоёрхон ангилалтай, адилхан татвар төлдөг байна. Энэ бүхнийг цэгцэлсний дараа нүүрсний экспортоос авах татварыг нэмэгдүүлэх талаар ярих нь зөв байх.

С. Болд-Эрдэнэ
 

Шатахууны үнийг зохицуулах боломжууд

2012-01-20

Шатахууны үнийн өсөлт улс төрийн хүрээнд томоохон маргаан дэгдээлээ. Салж байгаа хоёр нам бие бие рүүгээ бурууг чихэж, багагүй улстөржөөд авав.  Харин шатахууны үнэ яагаад нэмэгдэв? Б.Ариунсан сайдын хэлсэнчлэн ам.долларын чангаралтаас болов уу? Эсвэл Монголбанкны удирдлагуудын хэлж байгаачлан ам.доллар үүнд буруугүй юу?
Юуны түрүүнд манайд шатахууны дотоодын жижиглэнгийн үнэ нь дэлхийн зах зээлийн үнэ, ялангуяа ОХУ-ын дотоод нөхцөл байдал, татвар зэргээс хамаардаг хилийн үнэ болон дотоодын валютын ханшаас голлон хамаардаг. Өнгөрсөн хавар шатахууны үнэ мөн л нэмэгдсэн. Гэхдээ тэр үед үнийн өсөлтөөс илүүтэй нийлүүлэлт тасрах вий гэсэн айдас улс орон даяар байв. Хойд хөрш дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд нефтийн бүтээгдэхүүнээ экспортлохыг хориглож, асар өндөр татвар тавьсан нь бидэнд хүнд цохилт болсон.
Хагас жилийн дараа дахиад л шатахууны үнэ нэмэгдлээ. Энэ удаад хойд хөршөөс биш өөрсдөө шатахууны үнийг нэмчихэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр жилийн өмнө ам.долларын ханш өнөөдрийнхтэй адил түвшинд байхад, мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ энэ хоёр жилд 15 орчим хувиар өссөн байхад Монголд шатахууны үнэ 60-70 хувиар өслөө гэсэн утгатай мэдээллүүд цацагдсаны дараа олон нийт импортлогчдыг шууд буруутгаж байна.
Зарим мэдээллээс харвал улс төрчдийн хэлээд байгаа шиг ор үндэслэлгүй шатахууны үнэ нэмэгдсэн гэж харагдахгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн гурван сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ маш тогтвортой байсан бол энэ хугацаанд ам.долларын ханш 100 гаруй төгрөгөөр чангарчээ. Хоёр жилийн өмнө ам.доллар 1450 төгрөг байхад шатахууны үнэ 1200 орчим төгрөг байсан нь үнэн ч өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2 жилийн өмнөхөөс бараг 500-700 ам.доллараар буюу 70-90 хувь хүртэл нэмэгдсэн байгааг графикаас харж болно.   Өөрөөр хэлбэл өнөөдөр ОХУ-аас импортолж байгаа шатахууны үнэ хоёр жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. ОХУ-аас авч байгаа хилийн үнэ дэлхийн зах зээлийн үнэ гэхээсээ илүүтэй ОХУ-ын дотоод байдлаас шууд хамаардаг гэдгийг санах хэрэгтэй.
Харин ч хоёр жилийн өмнө нефтийн бүтээгдэхүүнээс бүх татварыг авдаг байсан бол өнөөдөр НӨАТ-аас бусдыг нь тэглэсний хүчинд жижиглэнгийн үнэ хоёр дахин өсөөгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Эндээс шатахууны үнийн өсөлт нь цэвэр ам.долларын чангаралтаас болсон гэж харагдаж байна. Харин 220-260 төгрөгийн нэмэгдэл бодитой өсөлт үү, далимдуулсан хөөрөгдөл үү гэдэг нь арай өөр асуудал юм. Эрх баригчдын зүгээс импортлогчдыг үнэ хөөрөгдөж, их хэмжээний ашиг хонжоо олсон гэж байгаа ч чухам ямар хэмжээний ашиг олсон бэ гэдгийг хэлж чадахгүй байна. Зах зээлийн нийгэмд ямар ч компани ашгийн төлөө л ажиллана. Харин тэр ашгийг нь хэд байхыг Засгийн газар тогтоодог болчихвол энэ нь ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм биш болж хувирна. Ямар ч байсан импортлогч компаниуд далимдуулан овоож оцойсон ашиг хийсэн зүйлгүй гэдгээ хэлж байна. “Бидэнд таатай хамгийн сайхан нөхцөлд дээд тал нь 4-5 хувийн л  ашиг олдог. Өнгөрсөн жил бол ийм хэмжээний ашиг олсон үе бараг байхгүй. Арваннэг, арванхоёрдугаар сард бүр алдагдалтай ажилласан. Засгийн газар чухам ямар үндэслэлээр, ямар цэгийг барьж биднийг үнэ хөөрөгдөж байна гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Тэр тогтоож өгсөн үнэ нь хаана байгаа юм бэ? Зах зээлийн нийгэмд компаниуд ашгийн төлөө л ажилладаг биз дээ. Харин импортлогч компаниуд шиг сайндаа л 4-5 хувийн ашигтай ажилладаг салбар Монголд байхгүй” хэмээн НИК компанийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат хэлж байна.
Харин долларын ханшны өсөлтөд яалт ч үгүй Монголбанк буруутгагдаж байгаа. Тус банкны Ерөнхийлөгчийн суудал ч ганхаж эхэллээ. Гэхдээ зарим эдийн засагчдын зүгээс Монголбанкийг шууд буруутгаж бас болохгүй гэсэн санаа хэлж байгаа. Ганцхан сарын дотор валютын нөөцийнхөө 10 гаруй хувь буюу 290 сая доллараар интервенц хийсэн нь тийм ч бага тоо биш. Зөвхөн долларын ханшийг 50 төгрөгөөр өсгөхгүйн тулд валютын нөөцөө баруун солгойгүй цацдаг Төв банк ч гэж байхгүй биз. Нөгөөтэйгүүр экспортоос давсан импортын нөлөөгөөр валютын урсгал алдагдалтай гарч, энэ нь Төв банкны хувьд бас нэг “толгойны өвчин” болж байна. Валютын нөөц 2,5 тэрбум долларт хүрч ихээр нэмэгдсэн гэж байгаа ч валютын ханшийг хүссэн хэмжээндээ барьж, интервенц хийхэд энэ нөөц дэндүү чамлалттай байгаа юм. Валютын урсгал асар ихээр нэмэгдэж байгаа, гадаад худалдааны алдагдал буурах биш өсч байгаа нь Төв банкны зохицуулалтын хэм хэмжээг хүчгүйдүүлж байна гэдгийг эдийн засагчид ч тэр, Төв банк ч хүлээн зөвшөөрч байх шиг.

Шатахууны үнийг тогтвортой барих боломж байна уу?


Энэ удаагийн үнийн өсөлтийг гэнэтийн байсан гэж хэлж болно. Үнэ нэмэгдсэний дараа хариуцлага тооцох нэрийдлээр агентлагуудын дарга нарыг халж, компаниудыг тэрбумаар хэмжигдэх мөнгөөр торгохоор боллоо. Үнэндээ Газрын тосны газрын дарга халагдаж, компаниуд торгууллаа гээд шатахууны үнэ дахиад өсөхгүй гэсэн үг биш. Энэ жилийн тухайд хойд хөршийн эрсдэл нэлээд өндөр байгаа гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан шатахууны экспортын татварыг нэмж, жижиглэнгийн үнийг хямдруулж байгаа өнөөдрийн бодлого нь цаашид үргэлжлэх бол яах вэ? Хойд хөршид шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг тус улсын дэийн засагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Монгол улс дотооддоо нефть боловсруулж, шатахуун гаргаж авах хүртэл наад зах нь 3 жил болно. Энэ бол Дарханд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг хэлж байгаа хэрэг. Цаашлаад нүүрснээс шингэн түлш гаргаж авна гэвэл бүр ч их хугацаа орно. Үүнээс өмнө бид хилийн үнэ, долларын өсөлтөөс бэмбэгнэн суухгүйгээр ямар ямар зохицуулалтын арга хэмжээ авч болох вэ? Энэ асуудлыг шийдвэрлэж болох хэд хэдэн гарц байгаа юм.
-Засгийн газрын зүгээс ярьж байгаа нэг асуудал бол шатахууны импортыг төр гартаа авч, компаниудаар жижиглэн борлуулалтыг хийлгэх. Ингэснээр импортлогч компаниудын үнэ нэмдэг дарамт байхгүй болно гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ энэ гарц өндөр эрсдэлтэй. Төр өнөөдрийн компаниудын оруулж ирж байгаа үнээр л шатахуун авна. Жижиглэнгийн үнийг хямд байлгахын тулд бүх зардал тооцоогоо хасаад бараг авсан үнээсээ хямдаар компаниудад нийлүүлнэ. Харин компаниуд тодорхой хэмжээний зардал, мөн ашгаа нэмээд зарж л таарна. Хуулиар л импортлогч компаниудын ашгийн хэмжээг тодорхой зааж өгөхгүй бол компаниуд өөрсдийнхөө хүссэн ашгийг тавьж жижиглэнгийн үнийг тогтооно. Ингээд харахаар төр нийлүүлэлтийг найдвартай барьж болох ч жижиглэнгийн үнэд нөлөөлөх нь өрөөсгөл юм. Харин ч дунд нь нэг дамжлага нэмэгдэж, төр өөрөө ямар ч хэрэггүй зардал гаргаж, алдагдал хүлээх болно. Энд нэг зүйлийг дахин хэлэхэд төр импортлогч компаниудын ашгийн хувийг хуулиар тогтоож өгөхгүй л бол төрд импортлох эрхээ алдсан компаниуд өнөөдрийнх шиг үнэ нэмж бууруулахдаа төр юү гэх бол гэж амыг харахгүй нь лавтай. Нөгөөтэйгүүр өнөөдөр Нигери улсад үүсээд байгаа шатахууны хомсдол яг энэ зургийн дагуу явснаас үүдсэн байдаг. Төр нь шатахууны эрхийг гартаа авч, хувийн компаниудаар жижиглэнгийн борлуулалтыг хийлгэж үзсэн ч өнөөдөр төр нь алдагдлаа дийлэхгүй хүнд байдалд орчихоод байгаа. Манайд ч бас 1990-ээд онд байдал иймэрхүү байсан. Тэр үеийн НИК-ээс жинхэнэ утгаараа төрийн тэрбумтнууд мэндэлж байсан гэдэг. Тэнд шахааны бизнес, бусад амбицууд цэцэглэж, төрийн дарамт улам л нэмэгдэх болно. Төрийн дарамт ганц үүгээр дуусахгүй байх. Стратегийн том ордуудыг эргэлтэд оруулахаар ид яригдаж байгаа үед хойд, урд хоёр хөршийн бодлогын дарамт бас л төрд ирнэ. Төр тэднээс шатахуун гуйж авч байгаа бол зөрүүлээд хөршүүд маань манай төрөөс юм гуйх л болно.
-Заавал төр импортыг гартаа авахгүйгээр шийдэж болох гарцууд бас байна. Хамгийн энгийн арга бол Эрсдэлийн сан байгуулж болно. Бид Зүүнбаянгаас түүхий нефть олборлосон хэрнээ боловсруулахгүйгээр экспортлоод байна гэж шүүмжилж байгаа. Нэгэнт боловсруулах үйлдвэртэй болтлоо тэр газрын тосыг экспортлохоос өөр замгүй. Харин тэр түүхий тосны экспортоос орж ирж байгаа мөнгөөр Эрсдэлийн сан байгуулж, үнийн зохицуулалтад ашиглаж болох юм. Үүн дээр үнэ тогтвортой байх үед компаниудаас авдаг татваруудыг нэмж болно. Шатахууны ыүнэ огцом өссөн үед импортлогч компаниудад Эрсдэлийн сангаас тодорхой хэмжээний татаас өгч, үнийг тогтвортой барьж болох юм. Газрын тосны олборлолт, экспортоос 2009 онд 29,7 тэрбум, 2010 онд 57,2 тэрбум, 2011 оны 11-р сарын нэгний байдлаар 51,9 тэрбум төгрөгийг Улсын төсөвт оруулсан байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх болохоор мөнгө нь ихдээд байгаа улсын төсөвт газрын тосноос орж ирж байгаа мөнгийг оруулахгүйгээр тусад нь санд оруулж болохгүй гэх газаргүй. Нөгөө талаас нь харвал түүхий нефтийн экспортын орлогоо боловсруулсан бүтээгдэхүүнд зарцуулж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Магадгүй импортлогч компаниудыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэл гарч таарна Гэхдээ нэгэнт импортлогч компаниудыг ашиггүй ажилла гэж хэлж чадахгүй хойно тэдний ашгийн түвшинг хянаж, татаас олгох нь харин ч төр хувийн хэвшлийн харилцан ойлголцож, хамтран ажиллах сайн арга байж мэдэх юм. Ингэснээр валютын ханш, хилийн үнэ нэмэгдсэн аль ч тохиолдолд татварын зохицуулалтын аргаас гадна шатахууны үнийг тогтвортой бариад байх боломжтой. Мэдээж үнэ хямдарсан үед татаас өгөх албагүй, татвараа авдгаараа авч, Эрсдэлийн сангийн мөнгийг хуримтлуулж болно.
-Өөр нэг арга нь импортлогч компаниудад Монголбанкнаас доллар гаргаж өгөх зэрэг бусад арга замаар валютын үнийн өсөлтөөс хамаарсан шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно. Энэ удаагийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь долларын ханш өссөнтэй холбоотой. Долларын ханш өсч байх үед ЭБЭХЯ, импортлогч компаниуд Төв банкнаас арай хямд үнэтэй доллар гаргаж өгөхийг хүсч байсан гэсэн. Харин Монголбанк валютын нөөцөө хамаагүй үрэхийг хүсээгүй болохоор татгалзаж, үр дүнд нь өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв Монголбанкнаас долларын ханш өндөр, тодруулбал 1400 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд компаниудад арай бага үнээр доллар нийлүүлэх зохицуулалт хийж өгвөл доллараас хамааралтай шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно. Импортлогч компаниуд сардаа 100 орчим сая долларын төлбөрийг гадагш нь шилжүүлдэг аж. Энэ долларыг л тогтвортой үнээр нийлүүлээд байхад болно. Мэдээж нөгөө талд Монголбанкинд эрсдэлтэй алхам. Валютын нөөц бол ганцхан шатахууны үнийг зохицуулахад ашигладаг нөөц биш болохоор сар бүр 100 сая долларыг хаа хамаагүй гаргаад байж таарахгүй. Тийм болохоор энэ тал дээр Засгийн газар Төв банктай хамтран ажиллавал илүү үр дүнд хүрч магадгүй юм.
С. Болд-Эрдэнэ

Эдийн засгийн бүтэц буруугаас ямар ч арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байна

2011-03-21

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцлаа.

Олон улсын байгууллагууд болон Монголбанк эсрэг тэсрэг байр суурьтай байгаа энэ үед Засгийн газар, Монголбанк инфляцийг тогтвортой бага түвшинд барихын тулд яаж харилцан ажиллаж, ямар зохицуулалтуудыг хийх ёстой вэ?

Инфляци өсөх бол муу зүйл. Чиний 100 төгрөг тутмаас 10 хэд нь мөнгө биш болж, худалдан авах чадвар муудна гэдэг маргаангүй муу зүйл. Харин инфляцийн өсөлтийн гарал үүсэл, юунаас болж байгаа талаарх задаргаа, аль хэсэг нь улирлын чанартай байна, юун дээр нь алдаад байгаа юм гэдгийг олох ёстой. Харин яаж засч залруулах ёстой юм? Мөнгөний бодлогоор засах ёстой юм уу, төсвийн бодлогоор уу, эсвэл зохион байгуулалтын ажил хийгдэх ёстой юм уу? Энэ бол дараагийн асуудал. Урт хугацаанд тогтвортой 10 гаран хувийн инфляцитай явах нь эрүүл бус үзэгдэл. Өөрөөр хэлбэл хүн удаан хугацаанд 38 хэмийн халуунтай явж  байгаатай адил. Хаа нэг газар үрэвсэл байна, бие чинь нэг л болохгүй байна гэсэн үг. Манай эдийн засгийн бүтэц буруу, согогтой байгаагийн шинж. Энэ 20 жилийн дотор бидний бий болгосон согогтой бүтэц сүүлдээ тогтворжих хандлагатай болчихлоо.

Тэгвэл тэр үрэвсэл хаана байна гэдгийг оношилж, олж чадсан уу?

Иргэдийн хуримтлал маш бага. Улсын хэмжээнд 2.5 их наяд төгрөгийн л хуримтлал байна. Иргэдийн орон сууц бас хуримтлал болдог. Иргэд урт хугацаагаар орлогоо хадгалаад байх ёстой. Гэтэл манайд хуримталж байгаа хэлбэр, сонголт нь алга. Хувьцаа руу оруулж болдоггүй, зах зээл нь хөгжөөгүй, үнэтэй, мэдээлэл нь замбараагүй, зохион байгуулалт муутай байдаг. Банкинд хадгалуулах гэхээр хугацаа богино. 5 жилээр өндөр хүүтэйгээр хадгалуулахад их хэцүү шүү дээ. Үр хүүхдэдээ өвлүүлэхээр 25 жилээр хадгалуулмаар байдаг. Гэтэл тэр хуримтлалаа үлдээдэг үндсэн хэлбэр нь орон сууцны моргейж. Моргейж манайд ер хөгжөөгүй. Монголд өнөөдөр 300-хан тэрбум төгрөгтэй тэнцүү буюу хотын 20-хон мянган өрх моргейжтэй. Бараг байхгүйтэй адил. Байх ёстой хэмжээнээсээ 5 дахин бага. Хуримтлал байхгүй байна гэдэг эдийн засгийн том халуун үүсгэх шалтгаан юм. Хуримтлалгүй болохоор чамд хэдэн төгрөг өгөнгүүт хүнс рүү бүгд орчихно. Уг нь жаахан нэмэлт орлоготой болчихвол хуримтлал үүсгэе гэсэн сэтгэхүй манайд алга.

Нэг талаасаа хуримтлал үүсгэдэг схем манайд байхгүй. Нөгөө талаас хуримтлал бий болгодог орлого дутагдаж байна. Ажилгүйдэл хэтэрхий өндөр байна. Монголд бүтээн байгуулалт, ажил алга. Ажил ажилдаа хүний оюун ухаан, мэдлэг хөдөлмөр, бүтээмжээс нь шалтгаалаад орлого нь нэмэгддэг тийм ажил алга. Ажилгүйдлээ ажил хайж байна гэж бүртгүүлсэн хүмүүсээр хэмжээд байдаг. Нийт хүн амын 30 гаран хувь ядуурлын түвшинд байна гэдэг ажилгүй байна гэсэн үг. Ажилгүй хүмүүст бэлэн мөнгө өгөхөөр хуримлал болохгүй шууд хүнс рүү орж ирээд инфляцийг өсгөөд байдаг. АНУ-д нэг хүнд 100 доллар өгөхөд хүнс рүү дөнгөж 14 хувь нь орж байхад манайд 80 хувь нь орж байна. Үндсэндээ эдийн засаг халуураад байгаагийн гол асуудал энд байгаа юм.


Тэгээд ажилгүйдлийг бууруулах энэ олон төсөл хөтөлбөр хэрэгжихэд юу саад болоод байна вэ?

Ажилгүйдэл их байгааг бууруулъя, ажлын байр бий болгоё, орон сууц баръя гэхээр эрчим хүчний дутагдалд орчихсон. Оройдоо илүүдэлтэй, өдөр нь дандаа дутагдалтай байдаг. Бид эрчим хүчний Ү эх үүсвэрийг барина гээд бараг 10-аад жил ярилаа. Дэлхий дээр хамгийн хямдхан эрчим хүчний нүүрстэй улс хэрнээ эрчим хүчээр гачигдаж байна. Сүүлдээ салхин тээрэм ажиллуулна ч гэж байх шиг. Цахилгаан станц бидэнд 10 жилийн өмнө хэрэгтэй байсан, одоо ч хэрэгтэй байна. Өнөөдөр барьж аваад шийдэх ёстой асуудал. Хаана, ямар технологиор гэдгийг мэргэжлийн хүмүүс нь мэднэ биз. Том эдийн засгийн утгаараа харах юм бол эрчим хүчний дутагдалтай улс. Оюутолгой эрчим хүч импортолно гэдэг онолын хувьд бид хаа нэг газар урдахаа харахгүйгээр явж байжээ л гэдгийг нотолж байгаа хэрэг. 5 жилийн төлөвлөлтөөр үүнийг урьдчилж харж болох л байсан.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр, хуримтлалын механизмгүйгээс эдийн засгийн халуун буухгүй байна гэж ойлгож болох нь ээ?

Бүтцийн бас нэг том алдаа нь Замын-Үүд. Замын-Үүд дээр сардаа 250 мянган тонн ачаа бараа дамжуулан өнгөрөх чадвартай. Тэр нь 7, 8, 9-р сар буюу импортын гол саруудад ачааллаа даахаа байдаг. Үнэтэй бараа ордгоороо орчихдог, үлдсэн нь орохын тулд хахууль төлнө. Хахууль төлснөөр барааны үнэ нь өснө. Эрээнд байдгаасаа хэд дахин өндөр өртөгтэй орж ирдэг. Ингэхээр бид Замын-Үүдийн дамжин өнгөрүүлэх чадлыг нэмж байх ёстой байсан. Төмөр замаа өргөжүүлнэ гэдэг их хөрөнгө оруулалт шаардагддаг учир засмал замаа л аль дээр хүргэчих ёстой байсан юм. 1996 оноос хойш л үүнийг хэлж байна. Одоо л нэг Мянганы хөгжлийн сангийн мөнгөөр 2013 онд зам тавьж дуусгахаар боллоо. Тэр хүртэл Замын-Үүдийн бүтцийн алдаа засагдахгүй гэсэн үг. Дахиад 3 жил гаруйн дараа эрчим хүчний Ү эх үүсвэр баригдтал эрчим хүчний дутагдал арилахгүй. Энэ хоёр дээр дотоодын хөрөнгө оруулалт байхгүй учир энэ хугацаанд бодитой үр дүнтэй ажил хийгдэх боломжгүй болчихоод байгаа юм.

Эхлээд энэ бүтцийн алдаануудаа засч байж, түрүүний ярьсан 38 хэмийн халуунаа буулгана. Ингэж байж бид эрүүл бодит өсөлттэй болно. Тэгэхгүй бол одоо ямар ч бодлогын арга хэмжээ авсан дутуу болоод байна. Шалтгаан нь эдийн засгийн бүтэц. Монголын эдийн засгийн бүтэц өөрөө өнөөдрийн байдлаар ирээдүйн хөгжлийн суурь болох түвшинд очиж чадаагүй байна гэсэн үг. Том зургаар харвал бид эдийн засгаа авч явахдаа хаа нэг газар нь гажуудал гарсныг анзаарахгүй явсан. Гажуудлууд нь нийлээд илэрч байгаа илрэл нь инфляци байгаа юм. Ний нуугүй хэлэхэд инфляцитай ганцхан мөнгөний бодлогоор тэмцэнэ гэж байхгүй. Хэрэв эдийн засгийн бүтцийн алдаатай орчинд инфляцитай зөвхөн мөнгөний бодлогоор тэмцэх юм бол энэ гажуудлаас хэзээ ч гарахгүй. Зүгээр  халууныг тогтворжуулчихаж байгаа юм. 38 хэмийн халуунтайгаа л тогтвортой яваад байна гэсэн үг. Энэ бүхэн чинь хоорондоо уялдаа холбоотой. Толгой, хөл нь олдохоо байчихсан зүйл биш болохоор алдаагаа олж, хаанаас юу хийж эхлэх ёстой вэ гэдгийг олох хэрэгтэй.. Хуримтлал руу шилжүүлдэг хэлбэрээ иргэддээ бодитойгоор бий болгоё. Яг энэ циклийг л бид хаа нэгтээ газраас эхлүүлмээр байгаа юм.

Энэ бүтцийн гажуудлыг хэрхэн засах вэ?

Моргейж бол зайлшгүй хэрэгцээтэй, өрхийн зардлын хамгийн чухал зардлын нэг. Айл нэн ядуу  биш бол моргейж үндсэн зардал буюу өрхийн нийт зардлын 50 хувь байх ёстой. 1000 долларын орлоготой бол 500-г моргейж руу хийнэ. Америкт ч, Германд ч ийм л байгаа. Нэг ёсондоо чи зүгээр нэг зарлага гаргаагүй 500 долларыг хуримтлуулаад байна гэсэн үг шүү дээ. Орон сууцандаа орчихсон, худалдаж авах мөнгөө л хуримтлуулаад байгаа юм. Банкинд хадгалуулж байгаагаас ялгаагүй байшиндаа л хадгалуулж байгаа хуримтлал. Үүнийг бид эрчимтэй эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр моргейжийн хүү 15 хувь байна. Моргейж чинь 10, 15, 30 жилийн зүйл шүү дээ.

Моргейжийн өндөр хүүг яаж бууруулах юм?

Хүчээр бууруулна. Өөр арга байхгүй.

Бүр тодорхой хэлбэл энэ жилдээ багтааж ямар ямар арга хэмжээ авах вэ?

Бид моргейжийн эх үүсвэр буюу иргэд талаас нь эрэлт бий болгох ёстой. Моргежийн зээл аваад сар болгон орлогоосоо хийгээд байя гэсэн бодолтой иргэд рүү мөнгийг нь өгөх ёстой. Түүнээс биш байшин баръя гэсэн компанид нь биш. Тэр бол нийлүүлэлт тал. Өмнө нь барилгын компаниуд болон үйлдвэр эрхлэгчдэд зээл өгөөд яваад байсан. Энэ оновчтой схем биш. Харин иргэдэд өгснөөр хоёр, гурван зүйл хождог. Эрэлт нь бий болчихсон үед эрэлтэд нийлүүлж компаниуд нь барилгаа барьж ашгаа олно. Нөгөө талаас эрэлт бий болсноор ажлын байртай болгох эрмэлзлийг бий болгодог. Ажилтай байх юм бол би орон сууцтай гэсэн сэтгэлзүй бий болно. Гэрээт биш тогтвортой ажилтай, нийгмийн даатгалаа төлөөд явдаг бол чи орон сууцтай гэсэн үг.

Та банкны зээлийн хүүг өдий хугацаанд ингэж бууруулна гэж хэлж чадах уу?

Ер нь Монголын эдийн засагт ажилгүйдэл багасаад, түрүүний ярьсан бүтцийн алдаануудыг засаад цэгцэрсний дараа ойрын ирээдүйд зээлийн хүү 6 хувь, моргейжийн хүү 5 хувьд ирэх тийм бололцоо харагдаж байгаа. Ийм болох ёстой. Ийм болохгүй бол бид буруу ажиллаж, буруу юм хийж байна л гэсэн үг. Ер нь Монголын эдийн засаг сайжирчихсан болохоор одоо зоригтой үзэх хэрэгтэй. Тэгэхгүй их удаан мөнгөний бодлогоор инфляцитай тэмцэх юм бол суурь эдийн засаг суларч, ажлын байраа Хятадад алдана гэсэн үг.

Тэгвэл хэчнээн жил энэ халуунтайгаа явах бол?

Манай эдийн засаг цомхон учир хурдан засах боломжтой. 1.5-2 жилийн дараа гэхэд халуунаа бууруулж чадах байх. Эдийн засгийн суурь маань их сул учир эрэг шургийг нь чангалаад сайжруулахад түүнээс иргэдэд өгөх өгөөж нь хурдан байдаг.
Эдийн засаг хурдан өсөх нь ойлгомжтой. Хурдан өсөлтөөс бий болж байгаа баялаг нь нэгдүгээрт бидэнд наалдах уу, хоёрдугаарт наалдаад үлдлээ гэхэд юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг хоёр асуулт гарч ирнэ. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэсэн өсөлт бол тэр хөгжлөөс бий болж байгаа баялаг гадаад руу урсаад бидэнд юм үлдэхгүй. Жаахан татвартай л үлдэх байх. Харин биднийх байх юм бол тэр баялгаар ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийх зэргээр их олон юм хийж болно.

Өнөөдөр бол дотоодоосоо илүү гадаадын хөрөнгө оруулалтыг татахад илүү анхаарч байна. Гэтэл таны хэлсэн шиг эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтаар эхлэхэд өгөөж нь ямар байх вэ? Хөрөнгө оруулалтын зохистой харьцааг хангах вэ?


Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ядаж нэг нөхцөлтэй байх ёстой юм л даа. Гадаад нь давуу байж хэзээ ч болохгүй. Энэ бол хууль.

Одоо бол манайд гадаадын хөрөнгө оруулалт хамаагүй давуу байдалтай байгаа шүү дээ?


Дотоодынх нь давуу байж болно. Энэ бол улс орны өөрийгөө хамгаалах бодлого. Гадаад, дотоод гэлтгүй хоёулаа сайн нөхцөлтэй байх ёстой. Заримдаа гадаадынхныг хязгаарласан бодлого байж болно. Өнөөдөр бүгдээрээ л Тогтвортой байдлын гэрээтэй баймаар байна шүү дээ. Гэтэл гадаадынхантай Тогтвортой байдлын гэрээ хийчихээд, дотоодынхноо тоодоггүй. Ер нь дотоодын хөрөнгө оруулагч гэдэг урт удаан хугацаандаа Монгол улсын амин сүнс нь байдаг. Түрүүн нөгөө өнцгөөс нь хуримтлал гэж ярьсан. Тэр бүх хуримтлал нийлэхээрээ манай дотоодын хөрөнгө оруулалт болчихож байгаа юм. Улс орны хөгжлийн амин сүнс энэ. Гадаадын банкинд мөнгөө хадгалуулсан гадаадын хөрөнгө оруулагч болон дотооддоо хуримтлал үүсгэсэн хөрөнгө оруулагч хоёр Монголд хөрөнгө оруулахад дотоодынх нь давуу нөхцөлтэй байх ёстой. Ямар ч маргаан байх ёсгүй. Эцсийн дүндээ бид гадаадын хөрөнгө оруулалтыг зарим нэг салбарт хязгаарлах л хэрэгтэй.

Тухайлбал ямар салбарт, яаж?


Чанартай ажлын байр бий болгох, бүтээмжээс нь хамаарч орлого нь өсдөг салбарт монголчуудаа түлхүү дэмжих ёстой. Жишээ нь үйлчилгээний салбар бол хамгийн их ажлын байрыг шингээдэг. Залуучуудын хувьд 2, 3 дахь орлогын эх үүсвэрийг бий болгодог. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг илүү нээж өгч, монголчуудыг энэ салбарт ажиллахад дэмжиж өгөх ёстой. Одоо бол гадаадынхныг шууд хязгаарлах гэхээсээ илүү монголчуудыгаа түлхүү дэмжих хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг муу зүйл ерөөсөө биш. Гол нь бид гадаадын хөрөнгө оруулалттай харьцдаг тоглоомын дүрмээ эргэж харах шаардлага зөндөө бий. Ялангуяа хүнсний салбарт.

Одоогийн байдлаар манайд орж ирсэн хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй хөрөнгө оруулалт байх юм?

Өнөөдөр бид ч, ОУВС, Дэлхийн банк Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт, гадаадаас авсан нийт зээлийн хэмжээ хоёрын тооцоо судалгааг маш муу хийсэн. Бараг байхгүйтэй адил. Өнгөрсөн жилийн дотор эргээд харахад арай сайжирсан. Сайжирсан гэдгийг юунаас харж байна гэхээр тоонууд нь их томоор зөрж байгаа. Тэгэхээр бид буруу тоотой явж байсан байгаа биз? Одоо арай гайгүй болсон ч энэ нь бид бүх юмыг мэдэж байгаа гэсэн үг биш. Тийм болохоор Валютын зохицуулалтын хууль гэж гарч ирэх байх. Аль болох их мэдээлэл авсан хуультай болох ёстой л гэж бид үзээд байгаа юм. Зохицуулж, хянаж, шийтгэхээс илүү мэдээллээ маш сайн хардаг байх ёстой. Макро эдийн засгийн хувьд өргөн мэдээлэлтэй байснаар бид бодлогын сонголтоо хийж, алдаагаа олж харж чадна.

Хөрөнгийн биржийн талаар хүчтэй ярьж эхэлснээс хойш нийгэмд том хүлээлт үүсчихээд байх шиг байна. Та мэргэжлийн хүний хувьд саналаа хэлэхгүй юу?


20 жилийн өмнө бид үүнийг ярьж л байсан, одоо ч ярьж байна. Үндсэн зарчмын ойлголтууд нь юу гэхээр нэгдүгээрт, хөрөнгийн зах зээл рүү иргэд оролцоход хямдхан байх ёстой. Шимтгэл хураамж нь бага байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл дээр яг юу болоод байгаа нь ил тод байх ёстой. Компаниуд болон хөрөнгийн зах зээл дээр болж байгаа үйл явдал, төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэрүүд бүгд ил тод байх ёстой. Гуравдугаарт хөрөнгийн зах зээл дээр орж ирж байгаа хөрөнгө их байх тусмаа сайн. Шинээр бий болж байгаа зах зээлийн зохицуулалт дээр нэмэх ёстой, одоо хүртэл бидний алдчихаад байгаа нэг үндсэн зүйл бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг. Энэ ойлголт анхны Үнэт цаасны тухай хууль дээр орсон ч дараа дараагийн засваруудад бүдгэрээд явчихсан. Эцсийн дүндээ аливаа үнэт цаасны зах зээлийг оролцогчид нь өөрсдөө зохицуулаад явдаг юм. Төрийн оролцоо хаана байдаг гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалахад байдаг. Яагаад гэхээр тэд мэдээллийн дутуу байдалд ордог, хувьцаагаа зарж борлуулахад шимтгэл нь үнэтэй байдаг. Тиймээс цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг хууль, дүрэм нь хүчтэй байх хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдийнх нь эрх ашиг хамгаалагдаж байгаа гэдэгт итгэх юм бол нийт нийгмээрээ хувьцаа руу ордог. Ингэснээр үнэт цаасны зах зээлийн гол тоглогч, олонх болж хувирч, үүнийг дагаад зах зээл тогтвортой болдог. Америкийн үнэт цаас эзэмшигчдийн 60-аад хувь нь жижиг хувьцаа эзэмшигчид. Нэг компани дээр цөөнх боловч нийт зах зээл дээр олонх болсноор шийдвэр нь зах зээлд нөлөөлж, тэр жижиг хувьцаа эзэмшигчдэд зөв мэдээлэл өгөхийн төлөө ажилладаг. Ингэж цөөнхөө хөгжүүлж байж олонх нь цөөнхийнхөө хяналт дор явдаг. Одоо яригдаж байгаа Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ тал руугаа нэлээд анхаарч байгаа гэж ойлгосон. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, зардал шимтгэлээ багасгаад дээр нь ил тод байж чадвал  үнэт цаасны сайн зах зээл аяндаа бий болно. Гол нь хурдан л ажиллах хэрэгтэй. Стандарчлагдсан зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Түүнээс биш бид Хонконгоос илүү юм сэтгэж гаргана гэж юу байхав. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг монголчилж хамгаална гэж бүр байхгүй. Хөрөнгийн биржийн шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нэлээд уулзаж ярилцдаг юм. Зөв замаар явж байна уу даа гэж бодож байгаа.

Жижиг хувьцаа эзэмшигчид олноор бий болсноор банкны систем доголдох аюул хэр байх бол? Жаахан хуримтлал үүсгэсэн иргэдийн ихэнх нь банкны хадгаламжтай байдаг?


 Одоо тоонуудаа харвал нэлээд өөрчлөгдсөн байгаа шүү. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд давсан байсан. Тэгвэл банкин дээр байгаа хуримтлал 2.5 их наяд. Бараг талд нь хүрчихсэн байгаа биз. Энэ чинь их том тоо шүү. Манайх бараг 200-гаад мянган хадгаламж эзэмшигчтэй гэсэн тоо байдаг шиг санаад байна. Тэднээс өнпөр мөнгөн дүнтэй хадгаламжтай цөөхөн хүн байдаг. Бага хадгаламжтай нь хэтэрхий олон байдаг. Уг нь нийт иргэдийн хуримтлал гэдэг тэтгэвэрийн сан, эрүүл мэндийн даатгал байхгүй юу. Үүнийг л хөрөнгийн зах зээл рүү оруулах ёстой юм. Гэтэл бид иргэдийнхээ хуримтлалыг устгачихсан улс. Саяын 20 жилд устгачихсан зүйл биш л дээ. Өмнөх 20 жилтэйгээ нийлээд 30, 40 жил бид иргэдийнхээ хуримтлалыг идчихсэн. Баримжаагаар 2 триллион орчим төгрөг байдаг шиг санаад байна. Дахиад 40 орчим хувиар нэмэгдэх ёстой байсан тоо.

Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл тодруулъя. Урт нэртэй хуулийн талаар хүчтэй маргаан өрнөж байгаа. Алтны компаниудын лицензийг цуцалснаар алт олборлолт, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах гэх мэт нөлөөлөл нь хэр байх вэ? Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Энэ бол технологийн асууда
л. Технологийн мэдлэггүйгээс болоод бид өнөөдөр буруу шийдвэр гаргаад байгаа юм шиг харагдаад байна юм. Миний мэдэж байгаагаар уул уурхайн салбар олон улсад маш өндөр хөгжчихсөн. Ялангуяа технологийн шийдлүүд нь. Гол усны доор байгаа алтыг ямар ч нөөлөөгүйгээр авж болоод байна. Далайн дор байгаа нефтийг аваад ашиглаж л байна шүү дээ. Байгальд ээлтэй уул уурхайн технологи гэж байна. Бид нар тийм л технологийг ашиглах ёстой. Ойрын 10, 20 жилд уул уурхай бидний хоолыг залгуулна шүү дээ. Нэгэнт 10 мянган долларын үнэтэй зэсийг олборлох гэж байгаа бол 5000-ыг зарж болно биз дээ. Урьд нь 1500 доллар байхад 5000-ыг зарна гэвэл боломжгүй байсан. Алтан дээр яг адилхан. Урьд нь унци нь 200 доллар байхад хэрэглэж байсан технологи бол байгальд хохиролтой л байж таарна. Одоо 1300 доллар байхад өндөр үнэтэй  технологи хэрэглэж болно. Ийм өндөр технологийн хяналтыг л тавих ёстой. Тийм хяналт тавих боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Мэдэхгүй болохоороо голтой ойрхон байна хортой гэж ярьж болохгүй. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад төрийн зохицуулалт нь хүртэл олон улсын стандартын дагуу хөгжих ёстой. Алт бол манай эдийн засгийн зайлшгүй байх ёстой нэг баялаг. Алт аль болох ихийг олборлож байх ёстой. Алт олборлохоор мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засагт дандаа эерэг нөлөөлөл ирдэг. Гэтэл бид алтны салбар дээр стандартаа нэмэхгүй, дүрмээрээ тоглоод байна. УИХ-ын гишүүд гээд хэн ч бай бурхан биш шүү дээ. Алдаа гаргана. Алдаагаа засдаг чадвартай баймаар. Урт нэртэй хууль бол нэлээд дутуу боловсрогдсон. Ялангуяа технологийн тал дээр.