Өмнөговь аймгийн отгон телевиз “21 дүгээр суваг” телевизийн сэтгүүлч Б.Бямбасайхантай ярилцлаа.
Аймгийнхаа отгон телевизэд байгуулагдахад нь л эхэлж ажилласан уу?
2008 оны гуравдугаар сард “21 дүгээр суваг” телевизээ анх байгуулагдахад тулгын чулууг нь тавилцсан. Шинээр байгуулагдаж байгаа газар эмэгтэй хүний ажил шалнаасаа л эхэлнэ шүү дээ. Тэр дагуу л тоосыг нь ч арчиж, мэдээгээ ч хийнэ. Бас зар сурталчилгаагаа хариуцана. Радио телевизийн дээд сургуулийн найруулагчийн дээд курсыг ажлынхаа хажуугаар өнгөрсөн хавар төгссөн. Сэтгүүлчээс гадна найруулагчийн эрдэмд суралцахыг хүссэн юм.
Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийнхээ ур чадварт нэлээд анхаардаг юм шиг санагдлаа. Мэргэжил дээшлүүлэх курс, мэргэжлийн сургалтад багагүй хамруулдаг юм шиг байна?
Ер нь нэг өрөөсгөл ойлголт байдаг л даа. Орон нутгийн сэтгүүлчид орон нутгаасаа халих биш, аймгийнхаа хэмжээнд л байх юм чинь ямар ч байсан яадаг юм гэсэн жижигхэн ойлголт яваад байдаг. Манай аймгийн сэтгүүлчид тийм биш. Яагаад гэвэл манай аймаг өнөөдөр дэлхийн хэмжээнд яригдаж байна. Асар их ашигт малтмалын нөөцтэй, түүнийгээ дагаад орон нутгийн хурдацтай хөгжлийн гараанд ирчихсэн энэ үед сэтгүүлчид бид түүнээс түрүүлж хөгжиж, хөгжлийг дагуулж, хөгжлийг таниулж байх ёстой. Сэтгүүлчид бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа аймгийн хэмжээний цөөн тооны сэтгүүлчид маань уурхайчнаас, эмчээс, цагдаагаас гээд олон талаас авч байгаа мэдээллийг хүргэхийн тулд тал талын мэдлэгтэй байхыг зайлшгүй шаарддаг. Төрийн албан хаагчид, хувийн компанийн ажилтнуудыг төрөөс, тухайн компаниас мэргэжлийг нь дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад дотоодод сургуульд явуулж сургалтад хамруулдаг. Харин сэтгүүлч биднийг анхаардаг газар байдаггүй шүү дээ. Бид ард түмэндээ хэрэгтэй мэдээллийг нь хүргэхийн тулд, тодорхой хэмжээнд соён гэгээрүүлэхийн тулд бор зүрхээрээ, сэтгэлээсээ ажилладаг. Тиймээс бид ч бас суралцах, хөгжих учиртай.
Өмнөговийн 10 гаруй сэтгүүлчтэй танилцахад бүгдээрээ л хэд хэдэн ажил давхар хийдэг “универсалный” сэтгүүлчид байна. Та ч бас ялгаагүй сэтгүүлч, зураглаач, найруулагч, нягтлан гээд маш олон ажил хийж байна. Энэ олон ажлыг зэрэг амжуулахад хүндрэл бэрхшээл их л гардаг байх?
Тийм л дээ. Нэг талдаа хэцүү боловч нөгөө талаараа завгүй ажилтай байдаг болохоор өдөр хоног хэрхэн өнгөрч байгааг ч анхаарах сөхөөгүй явдаг. Ямар сайндаа л манайхан өнөөдөр наадмын комисс хуралдана гэхээр нээрээ наадам болох гэж байгаа юм байна шүү дээ, саяхан л хаврын шороон шуурга шуураад байсан чинь нэг л мэдэхэд наадам ирчихэж гээд бөөн инээдэм болсон.
Тэгээд ч бид бие биенийгээ нөхөөд сурчихсан хүмүүс. Зураглаач байхгүй үед өөрөө зургаа авна, сэтгүүлч ажилтай бол камераа хүнд бариулж. камерныхаа ард зогсч байгаад л асуултаа асуугаад яриагаа авчихна. Тэгээд өөрсдөө текстээ бичээд эвлүүлгээ хийгээд мэдээгээ бэлтгэчихнэ. Энэ миний үүрэгт ажил, биш гэсэн ойлголт бидэнд байдаггүй. Байхгүйгээ байгаа нь орлоод л явна. Энэ бүхэн хүн хүч дутмагтай холбоотой. Үнэндээ хөдөө орон нутагт хэвлэл мэдээллийн байгууллага хөгжихөд их хүндрэлтэй. Санхүүгийн асуудлаас эхлээд олон асуудал тулгардаг. Сонгуулийн жилээс бусад үед сараас сард, цалингаас цалингийн хооронд өдөр хоног өнгөрдөг. Ажилчдынхаа цалинг яаж тавих вэ гэж даргын толгой гашилж явдаг. Сонгуулийн үеэр л хонон өнжин зүтгэж байж хэдэн цаас цуглуулдаг.
Хоёр ч телевизээр ороход техникийн хувьд учир дутагдалтай санагдсан. Өнөөдөр технологийн шинэ шатанд дэлхий даяараа шилжинэ, телевизийн бүх тоног төхөөрөмж шинэчлэгдэнэ гээд л ярьж байна?
Үнэндээ бидэнд техник технологио хөгжлийн хурдтай нийцүүлэн шинэчлээд байх боломж байхгүй шүү дээ. Говийн нөхцөлд камерын асуудал хамгийн хүнд байдаг. Энэ их элс, хуурай шороонд камер амархан гэмтдэг. Нэг камер 2-3 жил болоод л өнгө дүрс, дуу нь муудчихдаг. Тэр болгонд солиод байхад хэцүү ч солихгүй гээд яахав. Цаашид технологийн энэ дэвшлийн үед орон нутгийн телевизийн салбар үнэхээр унах байх гэж боддог. Сонин цаас нь байхад хэвлүүлээд болоод байна. Аймгийн маань ганц радио Монголын радиогийн сувгаар цацагдчихдаг учраас бас ч гайгүй. Телевизийн хувьд л их хүндрэлтэй тусч байгаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэх тал дээр хаана хаанаа анхаарал хандуулах болсон санагддаг.
Орон нутгийн сэтгүүлчдийн бахархал юу вэ?
Би төрөлх говьдоо, төрсөн нутагтаа ажиллаж байгаадаа их бахархдаг. Бусад мэргэжилтнүүд, сэтгүүлчид маань хөдөө очоод юу хийх юм бэ, төвдөө байж жаахан хөгжье гэдэг л дээ. Миний хувьд говиосоо хэзээ ч явж чадахгүй юм шиг санагддаг. Говь нутгийнхаа хөгжилд өөрийнхөө чадах бүхнээ дуслаар ч гэсэн нэмэрлэх юмсан, мэдэж чадаж байгаа зүйлээрээрээ дамжуулаад говийнхоо ард иргэдэд мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй хүргэж байх юмсан гэж бодож явдаг. Намайг сая хотод сурч байхад үлдээд ажиллаач гэсэн хүн олон байсан л даа. Хотод байсхийгээд л нэг телевиз байгуулагдаж байна. Тэдгээрт ажиллаач гэсэн үгийг их сонсдог ч нутагтаа л очно гээд зүтгэсэн. Багш нар, найзууд маань их гайхдаг юм. Манай говь удахгүй Улаанбаатараас ч илүү хөгжинө гэж боддог. Тиймээс сэтгүүлч бид түрүүлж хөгжиж, орон нутгийнхаа, говийнхоо хөгжлийг түүчээлэгчдийн эгнээнд явах ёстой.
Би аймгийнхаа Ардчилсан социалист залуучуудын холбооны Тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай. Залуучууд бидэнд хийж бүтээх зүйл их байна. Энэ боломжийг ашиглаад бүгд хөдөлмөрлөе, хийе бүтээе, хамтдаа хөгжье. Бидний энэ хүслийг ойлгож, оюунд маань хөрөнгө оруулахаар, говь нугийн сэтгүүлчдийн жаргал зовлонг хуваалцахаар ирсэн “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” байгууллагынханд, та нөхдөд маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Та нарын маань ажил үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment