Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Хотын захиргаан дээр дуудагдсан нь...

2010-08-11

Гадаа цас хаялж байна. Өчигдөр оройноос эхэлж орсон бороо шөнөжин шиврээд харин одоо цас болон хувирч. Хаврын шороонд “балбуулсан” нийслэлчүүд энэ мөчийг маш их хүлээсэн биз. Блог, твиттер, мессенжер, бүр нийтийн тээврээс хүртэл бороо ороосой гэсэн хүсэл үнэртэж байсан. Энэ хүсэл биелэлээ.
Ширээн дээрээ халуун кофе тавьчихаад ширхэг ширхэгээр нь тоолж болохуйц цасыг цонхоор ширтэн зогсч байхад сэтгэлд нэг л дулаахан. Ер нь бороо шивэрсэн, цас зөөлөн бударсан ийм л мөчид хүн амьдралынхаа хамгийн амттай дурсамжийг санадаг байх гэж боддог. Би ч бас энэхэн мөчид өөртөө тохиолдсон сургамжтай, бас инээдтэй гэмээр нэгэн явдлыг санаж, бичиглэн сууна. Ер нь сэтгүүлч хүн бусдад загнуулахгүй, даргаас банга хүртэхгүй байна гэж байхгүй. “Улаанбаатар таймс”-аар овоглож явахдаа ч би хэд хэдэн удаа хатуухан донгодуулж байж билээ. Хотын захиргаан дээр дуудуулж, ажлаасаа халагдах дээрээ тулж байсан тэр явдлыг ер мартдаггүй юм.

2008 оны тавдугаар сарын 11. Баасан гариг. “Хүрээ хэмнэл”-дээ материал бэлдэх гээд нийслэлийн Соёл урлагийн газрынхантай уулзаж байтал Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Ундармаа эгч залгаад “Хаана байна, одоо хотын захиргаан дээр шууд яваад оч. Ү.Ганболдын өрөөнд шүү” гээд л утсаа салгачихлаа. Яасан юм болдоо гэсэн шүү юм бодоод явж байтал Ерөнхий эрхлэгч залгаад “Чи чинь яасан солиотой хүн бэ. Чамаас болж энд бөөн хэрэг мандаад байна. Ү.Ганболдын өрөөнд очиж хурдхан буруугаа хүлээ” гэчихээд бас л утсаа тасалчихлаа. За баларсан, өнөөдрийн дугаар дээр л ноцтой алдаа гарчихаж, харин юун дээр алдчихав гэсэн бодол шууд л тархинд харвах нь тэр. Тэр өдрийн дугаарыг би удирдсан юм. Хотын захиргааны үүдэнд очтол Ундармаа эгч бас ирж байна. 1-р нүүрний гол материал л алдаатай байсан юм шиг байна. Хотоос яриад бөөн юм боллоо. Юу ч гэсэн 2-лаа орж уулзая. Чи ганцаараа хэрэггүй байх гэлээ. Ади эгч маань /Ундармаа эгчийг бид тэгж дууддаг юм/ миний бие хамгаалагчаар ирж байгаа нь энэ. Ингээд 2 давхарт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдын өрөөнд явж орлоо. Хаалгаар шагайв уу үгүй юу л “За та нар чинь юу хийж байгаа нь энэ вэ” гээд л бага байхад аав ээж ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэж яршигтай үглэдэг шиг л үглэж гарах нь тэр. Би ч юу болоод байгааг ойлгох сөхөө байсангүй. “Яагаад 1-р нүүрнийхээ гол материалд Ц.Батбаяр даргын зургийг тавьж байгаа юм бэ? Энэ хүн чинь хотын даргаас огцорсон, Т.Билэгт хотын дарга шүү дээ. Гэтэл хотын төв хэвлэл нь хуучин хотын даргынхаа зургийг томоос том тавьчихсан байна. Та нар Т.Билэгт даргыг доромжилж байна уу...”
За байз, яагаад доромжилсон гэж хэмээн бодож суутал учир нь тайлагдах нь тэр. 2007 оны 5 сарын 11-нд нийслэлийн нэг сая дахь иргэд мэндэлж, Улаанбаатар хот маань дэлхийн метрополис хотуудын эгнээнд нэгдсэн. Тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр нэг сая дахь иргэдтэйгээ өөрийн биеэр уулзаж, шинэхэн байрны түлхүүр гардуулж байлаа. Харин өнөөдөр нэг сая дахь иргэдийн маань нэг насны төрсөн өдөр. Хотын захиргаанаас мэндчилгээ дэвшүүлж, 1-р нүүрэндээ тавиарай гэснийг нь дугаар эрхлэгчийн хувьд гол материалгүй би Ерөнхий эрхлэгчтэй зөвлөлдөж байгаад нэг жилийн өмнөх Ц.Батбаяр даргын хүүхдүүдтэй авахуулсан зургаар зурагжуулаад гол материалаа болгочихсон. Ямар Т.Билэгт дарга нэг сая дахь иргэдтэй уулзаж зураг хөрөг авахуулж байсан биш, адилхан л хотын дарга байсан юм чинь болно л гэж бодсон хэрэг. Энэ маань одоо хотын захиргаан дээр намайг дуудуулж, огцорсон хотын даргыг тахин шүтэгч, шинэ хотын даргыг доромжилсон ялд унагаж байгааг сая л нэг ойлгов. Ээ базарваань, ах нарын ярьдаг социализмын үед Цэдэнбал даргыг “гөвчихсөн” юм шиг л сүртэй хэрэг мандана гэж хэн зүүдлэхэв. Тэр өвөл шинэ Ерөнхий сайд С.Баяр хотын даргыг солино гээд, Ц.Батбаяр дарга хотын даргаас огцрохгүй хэмээн бөөн шуугиан тарьж, сүүлд нь Ц.Батбаяр дарга хатуухан мэдэгдэл хийгээд ажлаа Т.Билэгтэд шилжүүлсэн. “Цаг ширүүн” байсан ийм үед сэтгүүлзүйн тогоонд дөнгөж ороод жил орчим болж байгаа улаан нялзрай би асар том “улс төрийн хэрэг” тарьчих нь тэр. Гүй ээ мөн аймшигтай шүү.
Ү.Ганболдын өрөөнд загнуулж суухад ёстой юм юм бодогдож байлаа. “Энэ нөхөр ямар зорилготой юм. Аль сургуулийг төгссөн бэ” гээд л бараг ах дүү хамаатан садан чинь юу хийдэг, Ц.Батбаяр даргатай садан төрлийн холбоотой юу гэх нь холгүй “байцаалт” явагдлаа. Анх удаа том даргын өрөөнд дуудагдаж байгаа болохоор ч тэр үү нуруу хүйт даагаад л, гарын алга хөлрөөд, духны хөлс дусалж байж билээ. “За даа, миний сэтгүүлч болно гэдэг ч бүтэхгүй юм байна даа. Ер нь одоо очоод халагдах өргөдлөө өгдөг ч юм билүү” ухааны юм бодож суутал “Одоо энэ нөхрийг ажлаас нь халж, халсан тушаалаа надад үзүүл” хэмээн Ү.Ганболдын омогтой байгааг хараад за даа, ингээд ажилгүй болов оо, хөөрхий гэсэн шүү юм бодоод бие тавирах шиг л болсон. МУИС-ийг төгссөн, манай Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга, залуу сайн сэтгүүлчдийн маань нэг гээд намайг өмөөрч хэдэн үг хэлсэн Ади эгчтэй би их баярлаж явдаг. Тэр үеэр хотын Хэвлэлийн албаны Болороо эгч орж ирээд “Болд-Эрдэнэ залуу, сайн сэтгүүлч. Хэдий том алдаа гаргасан ч арай ажлаас нь халж болохгүй байх аа” гэсэн ч Ү.Ганболдын уур уцаарыг бага ч гэсэн дарах шиг болов. “За ямар ч байсан энэ нөхөрт хариуцлага тооцож, биелэлтийг албан бичгээр мэдэгд. Одоо явж болно” гэснээр миний хотын захиргаан дээрх “байцаалт” өндөрлөсөн юм даа.

Энэ хэргээс болж гурван сарын цалингийн 20 хувиар торгуулсан нь ажилд ороод хүртсэн анхны томоохон банга байлаа. Надад том сургамж болж, сэтгүүлчийн талаарх ойлголтыг маань улам тэлж өгсөн болохоор би цалигаа хасууллаа гэхгүйгээр харин ч том хичээлийг төлбөртэй олж авлаа гэж ойлгодог юм. Ядаж л дугаар эрхлэгчийн хувьд тухайн дугаарын үг үсэг бүхэн надтай салшгүй холбоотой учир би л хариуцлага хүлээх үүрэгтэй. Харин байнга ингэж хариуцлага хүлээгээд байхгүйн тулд өөрийгөө улам л дайчлах, өчүүхэн ч алдаа мадаг гаргахгүй тулд улам их чармайх хэрэгтэйг болсон. Сэтгүүлзүй гэдэг өөрөө маш нарийн, ганцхан үг, үсэгнээс болж хүний амьдралыг шийддэг тийм хүчтэй зэвсэг болохоор гоомой хандана, за нэг алдаа гараа л биз гэсэн ойлголт байж болдоггүй. Нөгөө талаар аль хэдэн жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан ч бараг бүх л хэвлэл мэдээллийн байгууллагуудад ямар нэг цензур, улстөр, бизнесийн ашиг сонирхлын дарамт байсаар ирсний нэг хэлбэр юм болов уу гэж боддог. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөна гэдэгт итгэдэг. Сэтгүүл зүй нь хөгжиж байж, сэтгүүлч нь чадвартай байж гэмээнэ улсын хөгжил урагшаа явдаг жамтай. Хэдий их нүүрс, алт, зэс байгаа нь сэтгүүл зүй нь бохир, бодит үнэнийг мэдээлж чадахгүй бол тэр баялаг жинхэнэ утгаараа ард түмний баялаг байж чадахгүй. Улс орон ч хөгжихгүй.
2010,05,13

0 comments:

Post a Comment