Гэмт хэргийн хохирогчдын утсыг нууцаар чагнадаг нь илэрсний улмаас цагдаа нарт авилга өгч мэдээлэл авдаг нь тодорхой болсон News Corporation-нхний хэргээс болж Лондон хотын Цагдаагийн дарга огцорч, тус мэдээллийн Корпорацийн эрхэлдэг сонинуудын Эрхлэгч нар баривчлагдаж, 162 жилийн түүхтэй News of the World хаагдахад хүргээд байна.
Америк, Английн үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшигч, Медиа Могул гэгдсэн Руперт Мэрдокийн олон арван жилийн турш бүрэлдэн тогтсон авилгын сүлжээ, эрх мэдлийн төлөөх нууц ийнхүү тэсэрч эхэллээ.
Мэрдоктой холбоотой энэхүү ёс зүйн хэргээс болж түүний хуучны анд Wall Street Journal-ыг эрхлэн гаргадаг Dow Jones-ын Захирал Лес Хинтон хүртэл огцроод байна.
Өнгөрсөн долоо хоногт News Corporation-ий Гүйцэтгэх захирал Ребека Брүүкс баривчлагдаж, Лондоны Цагдаагийн газрын дарга Пол Стефенсон сэнтийгээсээ огцорсон явдал нь Мэрдокийн мэдээллийн вант улсыг төдийгүй түүний сонинуудтай олон жилийн халуун дулаан харилцаатай Британийн топ улстөрчид, ялангуяа Консерватив намаар ахлуулсан эвслийн Засгийн газарт асар хүчтэй цохилт болов.
Ребека Брүүкс бол нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч, Ерөнхий сайд Девид Камеронтой зул сарын зоог барьдаг нөлөө бүхий сэтгүүлч юм. Тэр бол Британийн Засгийн газар нь Мэрдокийн мэдээллийн вант улстай ямар холбоотой болохыг тодруулж, олон асуултад хариулж чадах эгзэгтэй утасны учиг. Түүнийг баривчилснаар анх удаа Мэрдокийн мэдээллийн вант улсад Британийн Цагдаагийн газар мөрдлөг хийх боломжтой болжээ.
Медиа Могул Мэрдокийн News Corporation нь The Sun, the News of the World, The Times болон Sunday Times сонинуудыг эрхлэн гаргадаг мэдээллийн хүчирхэг гүрэн билээ. Эдний дундаас the News of the World сонин 168 жилийн настай. Гэхдээ энэ сонин амь үрэгдсэн цэргүүдийн гэр бүлийн болон үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн утсыг чагнаж, улмаар муу эцэг эх байсан зэрэг агуулгатай нийтлэл хэвлэдэг байсан нь олон нийтийн асар их жигшил зэвүүцлийг хүргэж хаагдан, 200 гаруй сэтгүүлч ажилгүй болж байна.
Цагдаа нарт мөнгө төлж чухал мэдээлэл авдаг байсан гэж хатагтай Бруук нэгэнтээ хэлсэн ба түүнийг оруулаад News of the World сонины есөн сэтгүүлч, редактор баривчлагджээ.
Тэдний дунд сонины өмнөх Редактор, Ерөнхий сайд Девид Камероны сонгуулийн кампанит ажлыг ахалсан Энди Коулсан хүртэл багтжээ.
Руперт болон түүний хүү Жеймс Мэрдок нар маргааш Британийн Парламентийн хуралдаанд очих юм. Нэг ёсондоо тэднийг хууль тогтоогчид байцаана.
Хүү Мэрдок нь “News of the World”-ыг шууд удирддаггүй ч гэсэн сенсаац мэдээллийн төлөө Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн холбооны тэргүүн Гордон Тейлорт 1.1 сая ам.доллар төлсөн нь батлагджээ.
Одоо эцэг Мэрдок хямралын салхийг АНУ-д газар авахуулахгүйг хичээж байна. Тэрбээр Fox TV network, 20th Century Fox film studio, The Wall Street Journal болон New York Post зэрэг манай гаригийн хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн хувьцааг эзэмшигч юм.
Энэхүү дуулиант хэрэг явдлын улмаас Америкийн Холбооны мөрдөх товчоо нь News Corporation-ы сэтгүүлчдийн голлон ашигладаг байсан есдүгээр сарын 11-ний террорист халдлагад хохирогчдын утсыг чагнасан гэмт хэргийг дахиж нээхээр болжээ.
Дээрх бүх явдал ил болсны дараа Р. Мэрдок бямба гаригт олон нийтээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Гэсэн ч зөвхөн уучлалт гуйх хангалтгүй хэмээн үзэгсэд олон байна. Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн Эд Миллибанд хэт их эрх мэдэл, хүчийг Мэрдокт төвлөрүүлсэн гээд мэдээллийн хэрэгслүүд дэх түүний эзэмшлийг багасгахыг уриалжээ.
Мэрдок эрх баригч Консерватив намтай дотно холбоотой учраас эрх баригчид Sky хэмээх олон нийтийн телевизийг хувьчлахдаа мөн л түүнд өгөхөөр ажиллаж байжээ.
Иргэдийн утсыг хулгайгаар чагнадагт нь зэвүүсэн британичууд Мэрдокт Sky телевизийг өгөхийг эсэргүүцэн жагсаал хүртэл хийжээ. Авилгын хэргүүд ил гарсны дүнд ийнхүү Мэрдокийн “Sky” хэмээх шинэ мөрөөдөл нь замхарч байна. Гэхдээ тэр 39 хувийн хувьцааг нь хэдийнэ эзэмшсэн билээ.
Энэ бүх бужигнаан дунд Британийн Цагдаагийн байгууллага хэдэн жилийн өмнө утас чагнасан хэргүүдэд хангалттай нотлох баримт байсаар атал яагаад хаасан тухайгаа тайлбарлахыг иргэд шаардаж байна. Одоо утсыг нь хулгайгаар чагнасан 3700 хохирогчийн хэргийг дахин нээхээр болжээ.
Мөн, улс төрийн албан тушаалтнууд News International-ын Захирлуудтай олон удаа хамт хоол идэж, уулздаг байсан тухай баримтууд ч ил гарч байна. Ёс зүйгүй авирласан бүх хүн энэ өдрүүдэд нийгмийнхээ хатуу шүүмжлэлтэй тулгарч байна.
Б. Халиун Mongolian Mining Journal
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment