Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцлаа.
Олон улсын байгууллагууд болон Монголбанк эсрэг тэсрэг байр суурьтай байгаа энэ үед Засгийн газар, Монголбанк инфляцийг тогтвортой бага түвшинд барихын тулд яаж харилцан ажиллаж, ямар зохицуулалтуудыг хийх ёстой вэ?
Инфляци өсөх бол муу зүйл. Чиний 100 төгрөг тутмаас 10 хэд нь мөнгө биш болж, худалдан авах чадвар муудна гэдэг маргаангүй муу зүйл. Харин инфляцийн өсөлтийн гарал үүсэл, юунаас болж байгаа талаарх задаргаа, аль хэсэг нь улирлын чанартай байна, юун дээр нь алдаад байгаа юм гэдгийг олох ёстой. Харин яаж засч залруулах ёстой юм? Мөнгөний бодлогоор засах ёстой юм уу, төсвийн бодлогоор уу, эсвэл зохион байгуулалтын ажил хийгдэх ёстой юм уу? Энэ бол дараагийн асуудал. Урт хугацаанд тогтвортой 10 гаран хувийн инфляцитай явах нь эрүүл бус үзэгдэл. Өөрөөр хэлбэл хүн удаан хугацаанд 38 хэмийн халуунтай явж байгаатай адил. Хаа нэг газар үрэвсэл байна, бие чинь нэг л болохгүй байна гэсэн үг. Манай эдийн засгийн бүтэц буруу, согогтой байгаагийн шинж. Энэ 20 жилийн дотор бидний бий болгосон согогтой бүтэц сүүлдээ тогтворжих хандлагатай болчихлоо.
Тэгвэл тэр үрэвсэл хаана байна гэдгийг оношилж, олж чадсан уу?
Иргэдийн хуримтлал маш бага. Улсын хэмжээнд 2.5 их наяд төгрөгийн л хуримтлал байна. Иргэдийн орон сууц бас хуримтлал болдог. Иргэд урт хугацаагаар орлогоо хадгалаад байх ёстой. Гэтэл манайд хуримталж байгаа хэлбэр, сонголт нь алга. Хувьцаа руу оруулж болдоггүй, зах зээл нь хөгжөөгүй, үнэтэй, мэдээлэл нь замбараагүй, зохион байгуулалт муутай байдаг. Банкинд хадгалуулах гэхээр хугацаа богино. 5 жилээр өндөр хүүтэйгээр хадгалуулахад их хэцүү шүү дээ. Үр хүүхдэдээ өвлүүлэхээр 25 жилээр хадгалуулмаар байдаг. Гэтэл тэр хуримтлалаа үлдээдэг үндсэн хэлбэр нь орон сууцны моргейж. Моргейж манайд ер хөгжөөгүй. Монголд өнөөдөр 300-хан тэрбум төгрөгтэй тэнцүү буюу хотын 20-хон мянган өрх моргейжтэй. Бараг байхгүйтэй адил. Байх ёстой хэмжээнээсээ 5 дахин бага. Хуримтлал байхгүй байна гэдэг эдийн засгийн том халуун үүсгэх шалтгаан юм. Хуримтлалгүй болохоор чамд хэдэн төгрөг өгөнгүүт хүнс рүү бүгд орчихно. Уг нь жаахан нэмэлт орлоготой болчихвол хуримтлал үүсгэе гэсэн сэтгэхүй манайд алга.
Нэг талаасаа хуримтлал үүсгэдэг схем манайд байхгүй. Нөгөө талаас хуримтлал бий болгодог орлого дутагдаж байна. Ажилгүйдэл хэтэрхий өндөр байна. Монголд бүтээн байгуулалт, ажил алга. Ажил ажилдаа хүний оюун ухаан, мэдлэг хөдөлмөр, бүтээмжээс нь шалтгаалаад орлого нь нэмэгддэг тийм ажил алга. Ажилгүйдлээ ажил хайж байна гэж бүртгүүлсэн хүмүүсээр хэмжээд байдаг. Нийт хүн амын 30 гаран хувь ядуурлын түвшинд байна гэдэг ажилгүй байна гэсэн үг. Ажилгүй хүмүүст бэлэн мөнгө өгөхөөр хуримлал болохгүй шууд хүнс рүү орж ирээд инфляцийг өсгөөд байдаг. АНУ-д нэг хүнд 100 доллар өгөхөд хүнс рүү дөнгөж 14 хувь нь орж байхад манайд 80 хувь нь орж байна. Үндсэндээ эдийн засаг халуураад байгаагийн гол асуудал энд байгаа юм.
Тэгээд ажилгүйдлийг бууруулах энэ олон төсөл хөтөлбөр хэрэгжихэд юу саад болоод байна вэ?
Ажилгүйдэл их байгааг бууруулъя, ажлын байр бий болгоё, орон сууц баръя гэхээр эрчим хүчний дутагдалд орчихсон. Оройдоо илүүдэлтэй, өдөр нь дандаа дутагдалтай байдаг. Бид эрчим хүчний Ү эх үүсвэрийг барина гээд бараг 10-аад жил ярилаа. Дэлхий дээр хамгийн хямдхан эрчим хүчний нүүрстэй улс хэрнээ эрчим хүчээр гачигдаж байна. Сүүлдээ салхин тээрэм ажиллуулна ч гэж байх шиг. Цахилгаан станц бидэнд 10 жилийн өмнө хэрэгтэй байсан, одоо ч хэрэгтэй байна. Өнөөдөр барьж аваад шийдэх ёстой асуудал. Хаана, ямар технологиор гэдгийг мэргэжлийн хүмүүс нь мэднэ биз. Том эдийн засгийн утгаараа харах юм бол эрчим хүчний дутагдалтай улс. Оюутолгой эрчим хүч импортолно гэдэг онолын хувьд бид хаа нэг газар урдахаа харахгүйгээр явж байжээ л гэдгийг нотолж байгаа хэрэг. 5 жилийн төлөвлөлтөөр үүнийг урьдчилж харж болох л байсан.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр, хуримтлалын механизмгүйгээс эдийн засгийн халуун буухгүй байна гэж ойлгож болох нь ээ?
Бүтцийн бас нэг том алдаа нь Замын-Үүд. Замын-Үүд дээр сардаа 250 мянган тонн ачаа бараа дамжуулан өнгөрөх чадвартай. Тэр нь 7, 8, 9-р сар буюу импортын гол саруудад ачааллаа даахаа байдаг. Үнэтэй бараа ордгоороо орчихдог, үлдсэн нь орохын тулд хахууль төлнө. Хахууль төлснөөр барааны үнэ нь өснө. Эрээнд байдгаасаа хэд дахин өндөр өртөгтэй орж ирдэг. Ингэхээр бид Замын-Үүдийн дамжин өнгөрүүлэх чадлыг нэмж байх ёстой байсан. Төмөр замаа өргөжүүлнэ гэдэг их хөрөнгө оруулалт шаардагддаг учир засмал замаа л аль дээр хүргэчих ёстой байсан юм. 1996 оноос хойш л үүнийг хэлж байна. Одоо л нэг Мянганы хөгжлийн сангийн мөнгөөр 2013 онд зам тавьж дуусгахаар боллоо. Тэр хүртэл Замын-Үүдийн бүтцийн алдаа засагдахгүй гэсэн үг. Дахиад 3 жил гаруйн дараа эрчим хүчний Ү эх үүсвэр баригдтал эрчим хүчний дутагдал арилахгүй. Энэ хоёр дээр дотоодын хөрөнгө оруулалт байхгүй учир энэ хугацаанд бодитой үр дүнтэй ажил хийгдэх боломжгүй болчихоод байгаа юм.
Эхлээд энэ бүтцийн алдаануудаа засч байж, түрүүний ярьсан 38 хэмийн халуунаа буулгана. Ингэж байж бид эрүүл бодит өсөлттэй болно. Тэгэхгүй бол одоо ямар ч бодлогын арга хэмжээ авсан дутуу болоод байна. Шалтгаан нь эдийн засгийн бүтэц. Монголын эдийн засгийн бүтэц өөрөө өнөөдрийн байдлаар ирээдүйн хөгжлийн суурь болох түвшинд очиж чадаагүй байна гэсэн үг. Том зургаар харвал бид эдийн засгаа авч явахдаа хаа нэг газар нь гажуудал гарсныг анзаарахгүй явсан. Гажуудлууд нь нийлээд илэрч байгаа илрэл нь инфляци байгаа юм. Ний нуугүй хэлэхэд инфляцитай ганцхан мөнгөний бодлогоор тэмцэнэ гэж байхгүй. Хэрэв эдийн засгийн бүтцийн алдаатай орчинд инфляцитай зөвхөн мөнгөний бодлогоор тэмцэх юм бол энэ гажуудлаас хэзээ ч гарахгүй. Зүгээр халууныг тогтворжуулчихаж байгаа юм. 38 хэмийн халуунтайгаа л тогтвортой яваад байна гэсэн үг. Энэ бүхэн чинь хоорондоо уялдаа холбоотой. Толгой, хөл нь олдохоо байчихсан зүйл биш болохоор алдаагаа олж, хаанаас юу хийж эхлэх ёстой вэ гэдгийг олох хэрэгтэй.. Хуримтлал руу шилжүүлдэг хэлбэрээ иргэддээ бодитойгоор бий болгоё. Яг энэ циклийг л бид хаа нэгтээ газраас эхлүүлмээр байгаа юм.
Энэ бүтцийн гажуудлыг хэрхэн засах вэ?
Моргейж бол зайлшгүй хэрэгцээтэй, өрхийн зардлын хамгийн чухал зардлын нэг. Айл нэн ядуу биш бол моргейж үндсэн зардал буюу өрхийн нийт зардлын 50 хувь байх ёстой. 1000 долларын орлоготой бол 500-г моргейж руу хийнэ. Америкт ч, Германд ч ийм л байгаа. Нэг ёсондоо чи зүгээр нэг зарлага гаргаагүй 500 долларыг хуримтлуулаад байна гэсэн үг шүү дээ. Орон сууцандаа орчихсон, худалдаж авах мөнгөө л хуримтлуулаад байгаа юм. Банкинд хадгалуулж байгаагаас ялгаагүй байшиндаа л хадгалуулж байгаа хуримтлал. Үүнийг бид эрчимтэй эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр моргейжийн хүү 15 хувь байна. Моргейж чинь 10, 15, 30 жилийн зүйл шүү дээ.
Моргейжийн өндөр хүүг яаж бууруулах юм?
Хүчээр бууруулна. Өөр арга байхгүй.
Бүр тодорхой хэлбэл энэ жилдээ багтааж ямар ямар арга хэмжээ авах вэ?
Бид моргейжийн эх үүсвэр буюу иргэд талаас нь эрэлт бий болгох ёстой. Моргежийн зээл аваад сар болгон орлогоосоо хийгээд байя гэсэн бодолтой иргэд рүү мөнгийг нь өгөх ёстой. Түүнээс биш байшин баръя гэсэн компанид нь биш. Тэр бол нийлүүлэлт тал. Өмнө нь барилгын компаниуд болон үйлдвэр эрхлэгчдэд зээл өгөөд яваад байсан. Энэ оновчтой схем биш. Харин иргэдэд өгснөөр хоёр, гурван зүйл хождог. Эрэлт нь бий болчихсон үед эрэлтэд нийлүүлж компаниуд нь барилгаа барьж ашгаа олно. Нөгөө талаас эрэлт бий болсноор ажлын байртай болгох эрмэлзлийг бий болгодог. Ажилтай байх юм бол би орон сууцтай гэсэн сэтгэлзүй бий болно. Гэрээт биш тогтвортой ажилтай, нийгмийн даатгалаа төлөөд явдаг бол чи орон сууцтай гэсэн үг.
Та банкны зээлийн хүүг өдий хугацаанд ингэж бууруулна гэж хэлж чадах уу?
Ер нь Монголын эдийн засагт ажилгүйдэл багасаад, түрүүний ярьсан бүтцийн алдаануудыг засаад цэгцэрсний дараа ойрын ирээдүйд зээлийн хүү 6 хувь, моргейжийн хүү 5 хувьд ирэх тийм бололцоо харагдаж байгаа. Ийм болох ёстой. Ийм болохгүй бол бид буруу ажиллаж, буруу юм хийж байна л гэсэн үг. Ер нь Монголын эдийн засаг сайжирчихсан болохоор одоо зоригтой үзэх хэрэгтэй. Тэгэхгүй их удаан мөнгөний бодлогоор инфляцитай тэмцэх юм бол суурь эдийн засаг суларч, ажлын байраа Хятадад алдана гэсэн үг.
Тэгвэл хэчнээн жил энэ халуунтайгаа явах бол?
Манай эдийн засаг цомхон учир хурдан засах боломжтой. 1.5-2 жилийн дараа гэхэд халуунаа бууруулж чадах байх. Эдийн засгийн суурь маань их сул учир эрэг шургийг нь чангалаад сайжруулахад түүнээс иргэдэд өгөх өгөөж нь хурдан байдаг.
Эдийн засаг хурдан өсөх нь ойлгомжтой. Хурдан өсөлтөөс бий болж байгаа баялаг нь нэгдүгээрт бидэнд наалдах уу, хоёрдугаарт наалдаад үлдлээ гэхэд юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг хоёр асуулт гарч ирнэ. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэсэн өсөлт бол тэр хөгжлөөс бий болж байгаа баялаг гадаад руу урсаад бидэнд юм үлдэхгүй. Жаахан татвартай л үлдэх байх. Харин биднийх байх юм бол тэр баялгаар ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийх зэргээр их олон юм хийж болно.
Өнөөдөр бол дотоодоосоо илүү гадаадын хөрөнгө оруулалтыг татахад илүү анхаарч байна. Гэтэл таны хэлсэн шиг эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтаар эхлэхэд өгөөж нь ямар байх вэ? Хөрөнгө оруулалтын зохистой харьцааг хангах вэ?
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ядаж нэг нөхцөлтэй байх ёстой юм л даа. Гадаад нь давуу байж хэзээ ч болохгүй. Энэ бол хууль.
Одоо бол манайд гадаадын хөрөнгө оруулалт хамаагүй давуу байдалтай байгаа шүү дээ?
Дотоодынх нь давуу байж болно. Энэ бол улс орны өөрийгөө хамгаалах бодлого. Гадаад, дотоод гэлтгүй хоёулаа сайн нөхцөлтэй байх ёстой. Заримдаа гадаадынхныг хязгаарласан бодлого байж болно. Өнөөдөр бүгдээрээ л Тогтвортой байдлын гэрээтэй баймаар байна шүү дээ. Гэтэл гадаадынхантай Тогтвортой байдлын гэрээ хийчихээд, дотоодынхноо тоодоггүй. Ер нь дотоодын хөрөнгө оруулагч гэдэг урт удаан хугацаандаа Монгол улсын амин сүнс нь байдаг. Түрүүн нөгөө өнцгөөс нь хуримтлал гэж ярьсан. Тэр бүх хуримтлал нийлэхээрээ манай дотоодын хөрөнгө оруулалт болчихож байгаа юм. Улс орны хөгжлийн амин сүнс энэ. Гадаадын банкинд мөнгөө хадгалуулсан гадаадын хөрөнгө оруулагч болон дотооддоо хуримтлал үүсгэсэн хөрөнгө оруулагч хоёр Монголд хөрөнгө оруулахад дотоодынх нь давуу нөхцөлтэй байх ёстой. Ямар ч маргаан байх ёсгүй. Эцсийн дүндээ бид гадаадын хөрөнгө оруулалтыг зарим нэг салбарт хязгаарлах л хэрэгтэй.
Тухайлбал ямар салбарт, яаж?
Чанартай ажлын байр бий болгох, бүтээмжээс нь хамаарч орлого нь өсдөг салбарт монголчуудаа түлхүү дэмжих ёстой. Жишээ нь үйлчилгээний салбар бол хамгийн их ажлын байрыг шингээдэг. Залуучуудын хувьд 2, 3 дахь орлогын эх үүсвэрийг бий болгодог. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг илүү нээж өгч, монголчуудыг энэ салбарт ажиллахад дэмжиж өгөх ёстой. Одоо бол гадаадынхныг шууд хязгаарлах гэхээсээ илүү монголчуудыгаа түлхүү дэмжих хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг муу зүйл ерөөсөө биш. Гол нь бид гадаадын хөрөнгө оруулалттай харьцдаг тоглоомын дүрмээ эргэж харах шаардлага зөндөө бий. Ялангуяа хүнсний салбарт.
Одоогийн байдлаар манайд орж ирсэн хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй хөрөнгө оруулалт байх юм?
Өнөөдөр бид ч, ОУВС, Дэлхийн банк Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт, гадаадаас авсан нийт зээлийн хэмжээ хоёрын тооцоо судалгааг маш муу хийсэн. Бараг байхгүйтэй адил. Өнгөрсөн жилийн дотор эргээд харахад арай сайжирсан. Сайжирсан гэдгийг юунаас харж байна гэхээр тоонууд нь их томоор зөрж байгаа. Тэгэхээр бид буруу тоотой явж байсан байгаа биз? Одоо арай гайгүй болсон ч энэ нь бид бүх юмыг мэдэж байгаа гэсэн үг биш. Тийм болохоор Валютын зохицуулалтын хууль гэж гарч ирэх байх. Аль болох их мэдээлэл авсан хуультай болох ёстой л гэж бид үзээд байгаа юм. Зохицуулж, хянаж, шийтгэхээс илүү мэдээллээ маш сайн хардаг байх ёстой. Макро эдийн засгийн хувьд өргөн мэдээлэлтэй байснаар бид бодлогын сонголтоо хийж, алдаагаа олж харж чадна.
Хөрөнгийн биржийн талаар хүчтэй ярьж эхэлснээс хойш нийгэмд том хүлээлт үүсчихээд байх шиг байна. Та мэргэжлийн хүний хувьд саналаа хэлэхгүй юу?
20 жилийн өмнө бид үүнийг ярьж л байсан, одоо ч ярьж байна. Үндсэн зарчмын ойлголтууд нь юу гэхээр нэгдүгээрт, хөрөнгийн зах зээл рүү иргэд оролцоход хямдхан байх ёстой. Шимтгэл хураамж нь бага байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл дээр яг юу болоод байгаа нь ил тод байх ёстой. Компаниуд болон хөрөнгийн зах зээл дээр болж байгаа үйл явдал, төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэрүүд бүгд ил тод байх ёстой. Гуравдугаарт хөрөнгийн зах зээл дээр орж ирж байгаа хөрөнгө их байх тусмаа сайн. Шинээр бий болж байгаа зах зээлийн зохицуулалт дээр нэмэх ёстой, одоо хүртэл бидний алдчихаад байгаа нэг үндсэн зүйл бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг. Энэ ойлголт анхны Үнэт цаасны тухай хууль дээр орсон ч дараа дараагийн засваруудад бүдгэрээд явчихсан. Эцсийн дүндээ аливаа үнэт цаасны зах зээлийг оролцогчид нь өөрсдөө зохицуулаад явдаг юм. Төрийн оролцоо хаана байдаг гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалахад байдаг. Яагаад гэхээр тэд мэдээллийн дутуу байдалд ордог, хувьцаагаа зарж борлуулахад шимтгэл нь үнэтэй байдаг. Тиймээс цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг хууль, дүрэм нь хүчтэй байх хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдийнх нь эрх ашиг хамгаалагдаж байгаа гэдэгт итгэх юм бол нийт нийгмээрээ хувьцаа руу ордог. Ингэснээр үнэт цаасны зах зээлийн гол тоглогч, олонх болж хувирч, үүнийг дагаад зах зээл тогтвортой болдог. Америкийн үнэт цаас эзэмшигчдийн 60-аад хувь нь жижиг хувьцаа эзэмшигчид. Нэг компани дээр цөөнх боловч нийт зах зээл дээр олонх болсноор шийдвэр нь зах зээлд нөлөөлж, тэр жижиг хувьцаа эзэмшигчдэд зөв мэдээлэл өгөхийн төлөө ажилладаг. Ингэж цөөнхөө хөгжүүлж байж олонх нь цөөнхийнхөө хяналт дор явдаг. Одоо яригдаж байгаа Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ тал руугаа нэлээд анхаарч байгаа гэж ойлгосон. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, зардал шимтгэлээ багасгаад дээр нь ил тод байж чадвал үнэт цаасны сайн зах зээл аяндаа бий болно. Гол нь хурдан л ажиллах хэрэгтэй. Стандарчлагдсан зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Түүнээс биш бид Хонконгоос илүү юм сэтгэж гаргана гэж юу байхав. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг монголчилж хамгаална гэж бүр байхгүй. Хөрөнгийн биржийн шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нэлээд уулзаж ярилцдаг юм. Зөв замаар явж байна уу даа гэж бодож байгаа.
Жижиг хувьцаа эзэмшигчид олноор бий болсноор банкны систем доголдох аюул хэр байх бол? Жаахан хуримтлал үүсгэсэн иргэдийн ихэнх нь банкны хадгаламжтай байдаг?
Одоо тоонуудаа харвал нэлээд өөрчлөгдсөн байгаа шүү. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд давсан байсан. Тэгвэл банкин дээр байгаа хуримтлал 2.5 их наяд. Бараг талд нь хүрчихсэн байгаа биз. Энэ чинь их том тоо шүү. Манайх бараг 200-гаад мянган хадгаламж эзэмшигчтэй гэсэн тоо байдаг шиг санаад байна. Тэднээс өнпөр мөнгөн дүнтэй хадгаламжтай цөөхөн хүн байдаг. Бага хадгаламжтай нь хэтэрхий олон байдаг. Уг нь нийт иргэдийн хуримтлал гэдэг тэтгэвэрийн сан, эрүүл мэндийн даатгал байхгүй юу. Үүнийг л хөрөнгийн зах зээл рүү оруулах ёстой юм. Гэтэл бид иргэдийнхээ хуримтлалыг устгачихсан улс. Саяын 20 жилд устгачихсан зүйл биш л дээ. Өмнөх 20 жилтэйгээ нийлээд 30, 40 жил бид иргэдийнхээ хуримтлалыг идчихсэн. Баримжаагаар 2 триллион орчим төгрөг байдаг шиг санаад байна. Дахиад 40 орчим хувиар нэмэгдэх ёстой байсан тоо.
Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл тодруулъя. Урт нэртэй хуулийн талаар хүчтэй маргаан өрнөж байгаа. Алтны компаниудын лицензийг цуцалснаар алт олборлолт, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах гэх мэт нөлөөлөл нь хэр байх вэ? Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Энэ бол технологийн асууда
л. Технологийн мэдлэггүйгээс болоод бид өнөөдөр буруу шийдвэр гаргаад байгаа юм шиг харагдаад байна юм. Миний мэдэж байгаагаар уул уурхайн салбар олон улсад маш өндөр хөгжчихсөн. Ялангуяа технологийн шийдлүүд нь. Гол усны доор байгаа алтыг ямар ч нөөлөөгүйгээр авж болоод байна. Далайн дор байгаа нефтийг аваад ашиглаж л байна шүү дээ. Байгальд ээлтэй уул уурхайн технологи гэж байна. Бид нар тийм л технологийг ашиглах ёстой. Ойрын 10, 20 жилд уул уурхай бидний хоолыг залгуулна шүү дээ. Нэгэнт 10 мянган долларын үнэтэй зэсийг олборлох гэж байгаа бол 5000-ыг зарж болно биз дээ. Урьд нь 1500 доллар байхад 5000-ыг зарна гэвэл боломжгүй байсан. Алтан дээр яг адилхан. Урьд нь унци нь 200 доллар байхад хэрэглэж байсан технологи бол байгальд хохиролтой л байж таарна. Одоо 1300 доллар байхад өндөр үнэтэй технологи хэрэглэж болно. Ийм өндөр технологийн хяналтыг л тавих ёстой. Тийм хяналт тавих боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Мэдэхгүй болохоороо голтой ойрхон байна хортой гэж ярьж болохгүй. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад төрийн зохицуулалт нь хүртэл олон улсын стандартын дагуу хөгжих ёстой. Алт бол манай эдийн засгийн зайлшгүй байх ёстой нэг баялаг. Алт аль болох ихийг олборлож байх ёстой. Алт олборлохоор мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засагт дандаа эерэг нөлөөлөл ирдэг. Гэтэл бид алтны салбар дээр стандартаа нэмэхгүй, дүрмээрээ тоглоод байна. УИХ-ын гишүүд гээд хэн ч бай бурхан биш шүү дээ. Алдаа гаргана. Алдаагаа засдаг чадвартай баймаар. Урт нэртэй хууль бол нэлээд дутуу боловсрогдсон. Ялангуяа технологийн тал дээр.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment