Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Хятадын бараан үүл Монголыг нөмөрч байна

2012-09-03

Энэ долоо хоногийн эхэнд Сангийн сайд Ч.Улаан эхний 7 сард төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 100 тэрбум биш, 200 тэрбум ч биш, бүр 500 тэрбум ч биш 1,2 их наяд төгрөгөөр шүү. Үүнээс болж “Хүний хөгжил” сангийн орлого ч хүнд байдалд орж, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд зогсох эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс өмнөхөн нүүрс экспортлогч зарим компаниудын экспорт зогсож, нүүрс, төмрийн хүдрийн үнэ огцом унаж эхэллээ. Энэ долдугаар сарын нүүрсний экспорт 2011 оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, өмнөх сартай нь харьцуулахад 69 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний орлого ч энэ оны 7 дугаар сард 81 сая ам.доллар болсон нь өмнөх сарынхаас 200 сая доллараар бага. Төсвийн орлогын ихэнхийг зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлого бүрдүүлдэг. Төсвийн орлогын гол судас нь ийн тасалдах болсон нь шууд Хятададтай холбоотой юм.

Хятадад юу болоод байна вэ?

Нэг үе Монгол хэлний үгсийн санд Орос найтаавал Монгол ханиад хүрдэг гэсэн хэлц өргөн хэрэглэгддэг байв. Харин өнөөдөр Хятад найтаавал Монгол шууд хатгаа тусна гэхэд буруудхааргүй болчихож. Сүүлийн 5 жил дэлхий нийтийг шуугиулаад байсан Хятадын эдийн засгийн үсрэнгүй өсөлт тормосоо дарж эхлэв бололтой. Жил болгон 10-аас дээш хувиар өсч байсан эдийн засаг нь энэ жил 7,5 хувьтай гарна хэмээн Засгийн газар нь тооцоолсон. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд өнөөдөр тулгарч байгаа асуудлууд олон ч тэр бүхнийг дурдах хэцүү. Тиймээс Монголын нүүрс, төмрийн хүдрийн экспортыг дэмжиж байгаа Хятадын гангийн үйлдвэрлэл ямар байгаа талаар сүүлийн саруудын мэдээллийг задалж үзье.

Хятадын ган үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 400 хувь өссөн нь супер рекорд болсон. Өнгөрсөн онд 683,27 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2010 оныхоос 8,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ он гараад эхний хагас жилийн турш гангийн үйлдвэрлэл сар бүр өссөөр л байв. Харин өнөөдөр Хятадад цөөнгүй гангийн үйлдвэр сул зогсолт хийсэн талаар албан бус мэдээллүүд гарсаар байна. Шалтгаан нь ган үйлдвэрлэгчдийн ашиг эрс багасч, гангийн хэрэглээ илт буурсан явдал.

Эхний 7 сарын байдлаар 419,46 сая тонн ган үйлдвэрлээд байгаа нь өмнөх жилийн мөн үетэйгээ харьцуулахад 8 орчим хувиар өссөн үзүүлэлт. Харин долдугаар сард гангийн үйлдвэрлэл бага зэрэг буурчээ. 61,7 сая тонныг үйлдвэрлэсэн нь зургадугаар сарынхаас 1,5 сая тонноор илүү бөгөөд өдөрт дунджаар 1,99 сая тонныг үйлдвэрлэжээ. Гэхдээ долдугаар сар 31 хоногтой, зургадугаар сар 30 хоногтой. 30 хоногийн үйлдвэрлэлийн хэмжээг нь аваад үзвэл өнгөрсөн сард зургадугаар сарынхаас 0,5 сая тонноор бага буюу 6-р сард өдөрт дунджаар 2 сая тонн байсан бол 7-р сард 1,99 сая тонныг үйлдвэрлэсэн байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо ч /NDRC/ 7-р сард төмрийн үйлдвэрлэл болон үнэ буурсныг хүлээн зөвшөөрч, мэдээлсэн.

Үүнээс гадна гангийн экспорт нь 7-р сард 3,16 сая тонн болж өмнөх сарынхаасаа нэг сая тонноор буурчээ. Магадгүй бага тоо шиг харагдаж болох ч зогсолтгүй өсч байсан гангийн үйлдвэрлэл буурч байгаагийн дохио. Энэ байдлаар үргэлжилбэл оны эцэст төлөвлөсөн 715 сая тонндоо хүрэхгүй ч байж мэдэхээр байна.

Ган үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдэж, эхний 7 сарын ашиг нь өнгөрсөн оны үеийнхээс 96 хувиар буурчээ. Сүүлийн хагас жилд байдал энэ хэвээр үргэлжилнэ гэж тэд үзэж байгаа бололтой. Гангийн үйлдвэрлэл багасч, үнэ буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Хятадын Төмөр болон гангийн үйлдвэрлэгчдийн холбооны /CISA/ дэд захирал Жан Чанфу / Zhang Changfu/ “Үйлдвэрүүдийн зардал 37 хувиар нэмэгдэж, ашиг нь буурсан. Гангийн үнэ болон эрэлт буурч байгаа энэ үед ашиг олно гэдэг хэцүү болсон” хэмээн CNBC-д ярьжээ. Зардал өссөн үндсэн шалтгаан нь гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өндөр байсантай салшгүй холбоотой. Тиймээс ч түүхий эдийн үнийг барихын тулд үйлдвэрлэгчид хэмжээндээ хяналт тавих ёстой хэмээн ноён Жан ярьжээ. Гангийн үйлдвэрлэлийн энэ байдал нь Хятадын коксжих нүүрс, төмрийн хүдрийн хэрэглээг багасгах үндсэн хүчин зүйл болж байна. Долдугаар сард гэхэд дөнгөж 3,93 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн сарын 6,49 сая тоннтой харьцуулахад 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт.

Гангийн үйлдвэрлэлийн хувьд нэлээд тааруухан дүр зураг ажиглагдаж байгаа бол эдийн засгийн өөр нэг чухал хэмжүүр болсон Ажил хэрэгч менежерүүдийн индекс /PMI/ ч он гарсаар байнга буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тухайн улсын бизнесийн идэвхитэй байдлыг илтгэдэг уг индекс 50 хувиас дээш байвал эерэг, доош байвал сөрөг гэж үздэг. Хятадын HSBC PMI долдугаар сард 47,8 хувьтай гарчээ. 6-р сард 48,1 хувь, 5-р сард 48,4 хувьтай байсан PMI 50 хувиас доогуур үзүүлэлттэй байгаа нь тааруухан үзүүлэлт. Энэ үзүүлэлт 2010 онд 55.39, 2011 онд 50.04 хувьтай гарч байж. АНУ-ын хувьд энэ үзүүлэлт 50 хувийг дөнгөн данган давсан байдалтай байгааг харахад Хятадын хувьд АНУ-аас ч муу байдалд орж магадгүй хэмээн Хятадын зарим банкны шинжээчид үзэж байгаа аж.

Монголд юу болж байна вэ?


Монгол улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг Сангийн сайд Ч.Улаан хэлсэн. Эхний 7 сарын байдлаар төсвийн орлого, зарлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 20 хувиар өсч байхад зарлага нь 55 хувиар өсчээ. Нийт орлого ба тусламжийн дүн 2,7 их наяд төгрөг болж 465 тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зарлага 3,3 их наяд төгрөг болж, 1,2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл орлогоосоо хамаагүй их зардал гаргасан гэсэн үг.



Төсвийн орлого бага байгаа нь аж ахуйн нэгжүүдийн татвар тооцоолсон шиг нь өсөхгүй байгаатай холбоотой. Эхний 7 сард аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 орчим хувиар буюу 29-хөн тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин хүн амын орлогын албан татвар 177,8 тэрбум төгрөг болж 63 тэрбум төгрөг буюу 55 хувиар өссөн байна. Энэ нь компаниудын ашиг орлого нэмэгдэхгүй байхад цалин хөлсний нэмэгдлийн далбаан дор иргэдийн орлого нэмэгдэж байгааг харуулж байна. Нөгөө талаар төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн нь хувийн хэвшлийг хүнд байдалд оруулж байгааг эндээс харж болно.

Тэгвэл төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын компаниудын орлого ч төдийлөн нэмэгдсэн зүйл харагдахгүй байна. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төсөвт төвлөрүүлсэн орлогыг графикаас харж болно. Эхний 6 сар тогтмол байсан орлого 7-р сард эрс буурсан нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ болоод экспортын бууралттай шууд холбоотой юм.

Тухайлбал эхний 6 сарын турш тогтвортой өсч байсан нүүрсний экспорт долдугаар сард огцом унажээ. Долдугаар сарын нүүрсний экспорт 2011 оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, өмнөх сартай нь харьцуулахад 69 хувиар буурчээ. Статистикийн үндэсний хорооноос мэдээлж байгаагаар 7-р сард 0,9 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн сарынхаасаа 3 дахин, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин бага үзүүлэлт юм. Нүүрсний орлого ч 6-р сард 283,18 сая ам.доллар байсан бол 7-р сард 81 сая ам.доллар болтлоо 3,4 дахин буурчээ.

Экспортын хэмжээнээс гадна үнийн бууралт ч том нөлөө үзүүлж байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёрхон сарын 20 гаруй хувиар буураад байгаа юм. Төмрийн хүдрийн үнэ ч долдугаар сард 140 орчим ам.доллар байснаа энэ сарын дундуур 110 доллар болтлоо буурч байна. Цаашдаа 100 доллараас доошлох магадлал өндөр.

Энэ жил бид 30 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байсан нь яаж ч бодсон бүтэхгүй нь. Эхний 7 сарын байдлаар дөнгөж 11 сая тонн нүүрс гэдэг тооцоолж байснаас бага үзүүлэлт. Нүүрсний экспортын бууралтад “Саусгоби Сэндс” компани олборлолтоо зогсоосон нь багагүй нөлөөлсөн байгаа. Мөн зарим нэг компанийн экспорт зогссон гэсэн албан бус яриа ч бий. 2012 оны хоёрдугаарт хагаст ч нүүрсний экспорт буурах хандлагатай байна. Экспортын 40 гаруй хувийг эзэлдэг нүүрсний экспорт ингэж буурах нь төсвийн орлого тасалдахын үндсэн шалтгааны нэг.

Цаашид юу болох бол?


Хөрш Хятадын эдийн засгийг ч харсан, холын Европын байдал ч тэр он дуусал энэ чигээр үргэлжлэх төлөвтэй. Тиймээс ч Засгийн газар Төсвийн тодотголыг яаран УИХ-аар батлуулах шаардлагатай болоод байгаа.

Төсвийн цоорхойг нөхөх хэд хэдэн замыг олж харчихаад, олон нийтийг дасгаж байна уу гэлтэй яриа Төрийн ордноос гарах болсон. Эхнийх нь Хөгжлийн банкны 580 сая доллар. Хаа очиж тус банкны удирдлагууд дэлхийн эдийн засгийн хоромхон зуурын сиймхийг ашиглаж, бага хүүтэй багагүй мөнгийг гадаад зах зээлээс босгож чадсан нь үнэн. Харин өнөөдөр тэдний гавъяа өдрийн 120 сая төгрөгийн хүү сул төлж байна гэсэн Төрийн ордноос шидсэн “бор шувуу”-нд дарагдчихаад байна. Сонгуулийн өмнө 580 сая доллараар “Хүний хөгжил сан”-гийн орлогын цоорхойг бөглөх гээд чадаагүй өмнөх Засгийн газрын оролдлогыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэх төлөвтэй.

Гэхдээ энэ удаад хий дэмий хүү төлж байснаас Засгийн газрын бонд авчихая, төсөвт ч нэмэртэй, хүүнд ч дэмий мөнгө үрэхгүй гэсэн “хачир” дагалдуулж байна. Энэ нь Засгийн газар нэг халааснаасаа мөнгө аваад нөгөө халаасандаа хийж байгаатай ялгаагүй. Нөгөө талд Хөгжлийн банкийг анх байгуулж байхдаа Засгийн газар, улс төрийн хараат бус байдлыг хангана гэж ярьж байсан нь лөөлөө болж  байна. Үнэндээ Хөгжлийн банк үүргээ гүйцэтгээд мөнгө олсон. Харин хуулийн дагуу санхүүжүүлэх ёстой төмөр зам, орон сууц, аж үйлдвэрийн төслүүдийнх нь бэлтгэл ажил шаардлага хангаж чадахгүй байгаа болохоор л санхүүжилтийг шууд өгчихөж боломгүй байгаа хэрэг.

Үүнээс гадна уул уурхайн салбарын татварыг нэмэх талаар ч цухалзаж эхэллээ. Эхний ээлжинд нүүрсэнд 3 хувийн экспортын татвар ногдуулах яриа улс төрчдийн дунд хүчтэй яригдаж байна. Төсвийн орлого нь буурч байхад татвар нэмэхээс өөр зөв зам байхгүй гэж үзсэн бололтой. Гэтэл татварыг нь нэмэх гээд байгаа нүүрсний экспорт буурах төлөвэй байгаа болохоор энэ шийдэл хэр оновчтой болохыг хэлэхэд эрт.



 Манай улс Хятадын коксжих нүүрсний импортын 40 гаруй хувийг хангаж байгаа хэмээн олон хүн сайрхдаг. Атал бодит байдал дээр Хятадын өөрсдийнх нь олборлож байгаа нүүрсний хажууд коксжих нүүрсний импорт нь 10 хувьд ч хүрэхгүй шахуу. Хятад өөрөө их хэмжээний нүүрс олборлодог. Гангийн үйлдвэрлэлийн өсөлт удаашраад байвал түүхий эдийн нийлүүлэлт буурах болно. Ийм үед том гүрний бодлого дотоодынхоо уурхайнуудыг хааж, олон мянган иргэнээ ажилгүй болгох уу, эсвэл эхний ээлжинд багахан хэмжээний импортоо зогсоох уу гэдгийн алийг нь сонгохыг хэн ч хэлүүлэлтгүй ойлгоно. Ердөө 5 жилийн өмнө 7 сая тонн коксжих нүүрс импортолж байсан Хятад өнөөдрийн 60 сая тонны импортоо 6 сая болтол нь бууруулахад ямар ч асуудал байхгүй. Харин манайд бол энэ нь том хямрал болж хувирна.

Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монголын эдийн засагчид Хятадын эдийн засгийн өсөлт саарлаа ч Монголд нөлөөлөхгүй, түүнээс сэргийлэх арга хэмжээ авсан гээд л өөдрөг өнцгөөс ярьж байлаа. Эхний хагас жил энэ тайлбар “үнэн” байсан ч өнөөдөр бодит байдал дээр Монголд нөлөөлж эхэлсэн гэдгийг долдугаар сарын статистик мэдээллүүд харуулж байна. Хятадын эдийн засгийн бараан үүл Монголыг хэдийнэ бүрхээд эхэлчихлээ. Цаашид бүр ч дордож мэдэхээр байна.

С.Болд-Эрдэнэ

0 comments:

Post a Comment