Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Шатахууны үнийг зохицуулах боломжууд

2012-01-20

Шатахууны үнийн өсөлт улс төрийн хүрээнд томоохон маргаан дэгдээлээ. Салж байгаа хоёр нам бие бие рүүгээ бурууг чихэж, багагүй улстөржөөд авав.  Харин шатахууны үнэ яагаад нэмэгдэв? Б.Ариунсан сайдын хэлсэнчлэн ам.долларын чангаралтаас болов уу? Эсвэл Монголбанкны удирдлагуудын хэлж байгаачлан ам.доллар үүнд буруугүй юу?
Юуны түрүүнд манайд шатахууны дотоодын жижиглэнгийн үнэ нь дэлхийн зах зээлийн үнэ, ялангуяа ОХУ-ын дотоод нөхцөл байдал, татвар зэргээс хамаардаг хилийн үнэ болон дотоодын валютын ханшаас голлон хамаардаг. Өнгөрсөн хавар шатахууны үнэ мөн л нэмэгдсэн. Гэхдээ тэр үед үнийн өсөлтөөс илүүтэй нийлүүлэлт тасрах вий гэсэн айдас улс орон даяар байв. Хойд хөрш дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд нефтийн бүтээгдэхүүнээ экспортлохыг хориглож, асар өндөр татвар тавьсан нь бидэнд хүнд цохилт болсон.
Хагас жилийн дараа дахиад л шатахууны үнэ нэмэгдлээ. Энэ удаад хойд хөршөөс биш өөрсдөө шатахууны үнийг нэмчихэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр жилийн өмнө ам.долларын ханш өнөөдрийнхтэй адил түвшинд байхад, мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ энэ хоёр жилд 15 орчим хувиар өссөн байхад Монголд шатахууны үнэ 60-70 хувиар өслөө гэсэн утгатай мэдээллүүд цацагдсаны дараа олон нийт импортлогчдыг шууд буруутгаж байна.
Зарим мэдээллээс харвал улс төрчдийн хэлээд байгаа шиг ор үндэслэлгүй шатахууны үнэ нэмэгдсэн гэж харагдахгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн гурван сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ маш тогтвортой байсан бол энэ хугацаанд ам.долларын ханш 100 гаруй төгрөгөөр чангарчээ. Хоёр жилийн өмнө ам.доллар 1450 төгрөг байхад шатахууны үнэ 1200 орчим төгрөг байсан нь үнэн ч өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2 жилийн өмнөхөөс бараг 500-700 ам.доллараар буюу 70-90 хувь хүртэл нэмэгдсэн байгааг графикаас харж болно.   Өөрөөр хэлбэл өнөөдөр ОХУ-аас импортолж байгаа шатахууны үнэ хоёр жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. ОХУ-аас авч байгаа хилийн үнэ дэлхийн зах зээлийн үнэ гэхээсээ илүүтэй ОХУ-ын дотоод байдлаас шууд хамаардаг гэдгийг санах хэрэгтэй.
Харин ч хоёр жилийн өмнө нефтийн бүтээгдэхүүнээс бүх татварыг авдаг байсан бол өнөөдөр НӨАТ-аас бусдыг нь тэглэсний хүчинд жижиглэнгийн үнэ хоёр дахин өсөөгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Эндээс шатахууны үнийн өсөлт нь цэвэр ам.долларын чангаралтаас болсон гэж харагдаж байна. Харин 220-260 төгрөгийн нэмэгдэл бодитой өсөлт үү, далимдуулсан хөөрөгдөл үү гэдэг нь арай өөр асуудал юм. Эрх баригчдын зүгээс импортлогчдыг үнэ хөөрөгдөж, их хэмжээний ашиг хонжоо олсон гэж байгаа ч чухам ямар хэмжээний ашиг олсон бэ гэдгийг хэлж чадахгүй байна. Зах зээлийн нийгэмд ямар ч компани ашгийн төлөө л ажиллана. Харин тэр ашгийг нь хэд байхыг Засгийн газар тогтоодог болчихвол энэ нь ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм биш болж хувирна. Ямар ч байсан импортлогч компаниуд далимдуулан овоож оцойсон ашиг хийсэн зүйлгүй гэдгээ хэлж байна. “Бидэнд таатай хамгийн сайхан нөхцөлд дээд тал нь 4-5 хувийн л  ашиг олдог. Өнгөрсөн жил бол ийм хэмжээний ашиг олсон үе бараг байхгүй. Арваннэг, арванхоёрдугаар сард бүр алдагдалтай ажилласан. Засгийн газар чухам ямар үндэслэлээр, ямар цэгийг барьж биднийг үнэ хөөрөгдөж байна гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Тэр тогтоож өгсөн үнэ нь хаана байгаа юм бэ? Зах зээлийн нийгэмд компаниуд ашгийн төлөө л ажилладаг биз дээ. Харин импортлогч компаниуд шиг сайндаа л 4-5 хувийн ашигтай ажилладаг салбар Монголд байхгүй” хэмээн НИК компанийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат хэлж байна.
Харин долларын ханшны өсөлтөд яалт ч үгүй Монголбанк буруутгагдаж байгаа. Тус банкны Ерөнхийлөгчийн суудал ч ганхаж эхэллээ. Гэхдээ зарим эдийн засагчдын зүгээс Монголбанкийг шууд буруутгаж бас болохгүй гэсэн санаа хэлж байгаа. Ганцхан сарын дотор валютын нөөцийнхөө 10 гаруй хувь буюу 290 сая доллараар интервенц хийсэн нь тийм ч бага тоо биш. Зөвхөн долларын ханшийг 50 төгрөгөөр өсгөхгүйн тулд валютын нөөцөө баруун солгойгүй цацдаг Төв банк ч гэж байхгүй биз. Нөгөөтэйгүүр экспортоос давсан импортын нөлөөгөөр валютын урсгал алдагдалтай гарч, энэ нь Төв банкны хувьд бас нэг “толгойны өвчин” болж байна. Валютын нөөц 2,5 тэрбум долларт хүрч ихээр нэмэгдсэн гэж байгаа ч валютын ханшийг хүссэн хэмжээндээ барьж, интервенц хийхэд энэ нөөц дэндүү чамлалттай байгаа юм. Валютын урсгал асар ихээр нэмэгдэж байгаа, гадаад худалдааны алдагдал буурах биш өсч байгаа нь Төв банкны зохицуулалтын хэм хэмжээг хүчгүйдүүлж байна гэдгийг эдийн засагчид ч тэр, Төв банк ч хүлээн зөвшөөрч байх шиг.

Шатахууны үнийг тогтвортой барих боломж байна уу?


Энэ удаагийн үнийн өсөлтийг гэнэтийн байсан гэж хэлж болно. Үнэ нэмэгдсэний дараа хариуцлага тооцох нэрийдлээр агентлагуудын дарга нарыг халж, компаниудыг тэрбумаар хэмжигдэх мөнгөөр торгохоор боллоо. Үнэндээ Газрын тосны газрын дарга халагдаж, компаниуд торгууллаа гээд шатахууны үнэ дахиад өсөхгүй гэсэн үг биш. Энэ жилийн тухайд хойд хөршийн эрсдэл нэлээд өндөр байгаа гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан шатахууны экспортын татварыг нэмж, жижиглэнгийн үнийг хямдруулж байгаа өнөөдрийн бодлого нь цаашид үргэлжлэх бол яах вэ? Хойд хөршид шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг тус улсын дэийн засагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Монгол улс дотооддоо нефть боловсруулж, шатахуун гаргаж авах хүртэл наад зах нь 3 жил болно. Энэ бол Дарханд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг хэлж байгаа хэрэг. Цаашлаад нүүрснээс шингэн түлш гаргаж авна гэвэл бүр ч их хугацаа орно. Үүнээс өмнө бид хилийн үнэ, долларын өсөлтөөс бэмбэгнэн суухгүйгээр ямар ямар зохицуулалтын арга хэмжээ авч болох вэ? Энэ асуудлыг шийдвэрлэж болох хэд хэдэн гарц байгаа юм.
-Засгийн газрын зүгээс ярьж байгаа нэг асуудал бол шатахууны импортыг төр гартаа авч, компаниудаар жижиглэн борлуулалтыг хийлгэх. Ингэснээр импортлогч компаниудын үнэ нэмдэг дарамт байхгүй болно гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ энэ гарц өндөр эрсдэлтэй. Төр өнөөдрийн компаниудын оруулж ирж байгаа үнээр л шатахуун авна. Жижиглэнгийн үнийг хямд байлгахын тулд бүх зардал тооцоогоо хасаад бараг авсан үнээсээ хямдаар компаниудад нийлүүлнэ. Харин компаниуд тодорхой хэмжээний зардал, мөн ашгаа нэмээд зарж л таарна. Хуулиар л импортлогч компаниудын ашгийн хэмжээг тодорхой зааж өгөхгүй бол компаниуд өөрсдийнхөө хүссэн ашгийг тавьж жижиглэнгийн үнийг тогтооно. Ингээд харахаар төр нийлүүлэлтийг найдвартай барьж болох ч жижиглэнгийн үнэд нөлөөлөх нь өрөөсгөл юм. Харин ч дунд нь нэг дамжлага нэмэгдэж, төр өөрөө ямар ч хэрэггүй зардал гаргаж, алдагдал хүлээх болно. Энд нэг зүйлийг дахин хэлэхэд төр импортлогч компаниудын ашгийн хувийг хуулиар тогтоож өгөхгүй л бол төрд импортлох эрхээ алдсан компаниуд өнөөдрийнх шиг үнэ нэмж бууруулахдаа төр юү гэх бол гэж амыг харахгүй нь лавтай. Нөгөөтэйгүүр өнөөдөр Нигери улсад үүсээд байгаа шатахууны хомсдол яг энэ зургийн дагуу явснаас үүдсэн байдаг. Төр нь шатахууны эрхийг гартаа авч, хувийн компаниудаар жижиглэнгийн борлуулалтыг хийлгэж үзсэн ч өнөөдөр төр нь алдагдлаа дийлэхгүй хүнд байдалд орчихоод байгаа. Манайд ч бас 1990-ээд онд байдал иймэрхүү байсан. Тэр үеийн НИК-ээс жинхэнэ утгаараа төрийн тэрбумтнууд мэндэлж байсан гэдэг. Тэнд шахааны бизнес, бусад амбицууд цэцэглэж, төрийн дарамт улам л нэмэгдэх болно. Төрийн дарамт ганц үүгээр дуусахгүй байх. Стратегийн том ордуудыг эргэлтэд оруулахаар ид яригдаж байгаа үед хойд, урд хоёр хөршийн бодлогын дарамт бас л төрд ирнэ. Төр тэднээс шатахуун гуйж авч байгаа бол зөрүүлээд хөршүүд маань манай төрөөс юм гуйх л болно.
-Заавал төр импортыг гартаа авахгүйгээр шийдэж болох гарцууд бас байна. Хамгийн энгийн арга бол Эрсдэлийн сан байгуулж болно. Бид Зүүнбаянгаас түүхий нефть олборлосон хэрнээ боловсруулахгүйгээр экспортлоод байна гэж шүүмжилж байгаа. Нэгэнт боловсруулах үйлдвэртэй болтлоо тэр газрын тосыг экспортлохоос өөр замгүй. Харин тэр түүхий тосны экспортоос орж ирж байгаа мөнгөөр Эрсдэлийн сан байгуулж, үнийн зохицуулалтад ашиглаж болох юм. Үүн дээр үнэ тогтвортой байх үед компаниудаас авдаг татваруудыг нэмж болно. Шатахууны ыүнэ огцом өссөн үед импортлогч компаниудад Эрсдэлийн сангаас тодорхой хэмжээний татаас өгч, үнийг тогтвортой барьж болох юм. Газрын тосны олборлолт, экспортоос 2009 онд 29,7 тэрбум, 2010 онд 57,2 тэрбум, 2011 оны 11-р сарын нэгний байдлаар 51,9 тэрбум төгрөгийг Улсын төсөвт оруулсан байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх болохоор мөнгө нь ихдээд байгаа улсын төсөвт газрын тосноос орж ирж байгаа мөнгийг оруулахгүйгээр тусад нь санд оруулж болохгүй гэх газаргүй. Нөгөө талаас нь харвал түүхий нефтийн экспортын орлогоо боловсруулсан бүтээгдэхүүнд зарцуулж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Магадгүй импортлогч компаниудыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэл гарч таарна Гэхдээ нэгэнт импортлогч компаниудыг ашиггүй ажилла гэж хэлж чадахгүй хойно тэдний ашгийн түвшинг хянаж, татаас олгох нь харин ч төр хувийн хэвшлийн харилцан ойлголцож, хамтран ажиллах сайн арга байж мэдэх юм. Ингэснээр валютын ханш, хилийн үнэ нэмэгдсэн аль ч тохиолдолд татварын зохицуулалтын аргаас гадна шатахууны үнийг тогтвортой бариад байх боломжтой. Мэдээж үнэ хямдарсан үед татаас өгөх албагүй, татвараа авдгаараа авч, Эрсдэлийн сангийн мөнгийг хуримтлуулж болно.
-Өөр нэг арга нь импортлогч компаниудад Монголбанкнаас доллар гаргаж өгөх зэрэг бусад арга замаар валютын үнийн өсөлтөөс хамаарсан шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно. Энэ удаагийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь долларын ханш өссөнтэй холбоотой. Долларын ханш өсч байх үед ЭБЭХЯ, импортлогч компаниуд Төв банкнаас арай хямд үнэтэй доллар гаргаж өгөхийг хүсч байсан гэсэн. Харин Монголбанк валютын нөөцөө хамаагүй үрэхийг хүсээгүй болохоор татгалзаж, үр дүнд нь өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв Монголбанкнаас долларын ханш өндөр, тодруулбал 1400 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд компаниудад арай бага үнээр доллар нийлүүлэх зохицуулалт хийж өгвөл доллараас хамааралтай шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно. Импортлогч компаниуд сардаа 100 орчим сая долларын төлбөрийг гадагш нь шилжүүлдэг аж. Энэ долларыг л тогтвортой үнээр нийлүүлээд байхад болно. Мэдээж нөгөө талд Монголбанкинд эрсдэлтэй алхам. Валютын нөөц бол ганцхан шатахууны үнийг зохицуулахад ашигладаг нөөц биш болохоор сар бүр 100 сая долларыг хаа хамаагүй гаргаад байж таарахгүй. Тийм болохоор энэ тал дээр Засгийн газар Төв банктай хамтран ажиллавал илүү үр дүнд хүрч магадгүй юм.
С. Болд-Эрдэнэ

0 comments:

Post a Comment