Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, брокер дилерийн компа¬ниуд гээд хөрөнгийн зах зээлийнхэн завгүй, бас багагүй баяр хөөртэй явна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, УИХ-д өргөн барьсан нь салбарынхны баяртай байгаа шалтгаан. Хууль эрхзүйн орчны хувьд олон улсын жишигт хүрч, сүүлийн хоёр жил ярьсан Хөрөнгийн биржийн “Супер потенциал” биеллээ олох нь гэсэн хүлээлт салбарынхны дунд байна. Харамсалтай нь үүний нөгөө талд тэр “Супер потенциал” замхарч алга болж байна. Үүнийг биржийнхэн ч, мэргэжилтнүүд нь ч мэдэж, анзаарч байгаа зүйл алга.
“Супер потенциал” гэж юу вэ?
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хурал, зөвлөгөөн болгон дээр Хөрөнгийн биржийн “Супер потенциал”-ын талаар амтай болгон ярьсаар хоёр жил гаранг үдэж. Тэрхүү потенциалын гол хөшүүргийн нэг нь өдгөө мөрдөгдөж буй Ашигт малтмалын хуулийн 5.6 дугаар заалт буюу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалт юм. Монгол улс ашигт малтмалын хамгийн том 15 ордынхоо 10 хувийг өөрийнхөө Хөрөнгийн бирж дээр арилжаалах нь гэсэн мэдээ хөрөнгө оруулагчдын чихэнд хүрснээр Монголын биржийг сонирхох хөрөнгө оруулагчдын урсгал илт нэмэгдсэн. Дээрх заалтыг үндэслэн Хөрөнгийн биржийн “Супер потенциал”-ын хэмжээ 10-15 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо ч гараад амжсан. Хоёр жилийн өмнө 20 гаруй тэрбум долларын үнэлгээтэй байсан “Айвенхоу Майнз”-ын 10 хувь нь буюу 2 тэрбум орчим ам долларын хувьцаа Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжтой... гэх мэтээр жишээ авч, “Супер потенциал”-ыг тооцоолсон хэрэг.
Харин энэ гоё заалтын хэрэгжилт ямар байгааг өнөөдөр бүгд харж байгаа. Нөгөө стратегийн 15 ордоос ганцхан Тавантолгой ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар ярьсан ч чамгүй олон бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрчихөөд байна. Жилийн өмнө бирж дээр IPO хийхээр төлөвлөсөн ч хэдэнтээ хойшилсоор энэ жилийн сүүлээр болж таарсан. Дахиад хойшлох эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй. Бусад 14 ордын хувьд Оюутолгойг эс тооцвол Засгийн газрын эзэмших хувийг тохирох хэлэлцээр ч хийж эхлээгүй байна. Засгийн газар дээрх ордуудын хэдэн хувийг эзэмших нь тодорхойгүй байхад юун 10 хувийг Хөрөнгийн бирж дээр зарах. Бас л цаг хугацааны хувьд тодорхойгүй байдал бий болчихсон.
“Супер потенциал”-ын нөгөө нэг хөшүүрэг нь МИАТ, ДЦС-ууд тэргүүтэй төрийн өмчит компаниудыг бирж дээр гаргах явдал. Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өмчит компаниудын төдийгүй хувьцаат компаниудын компанийн засаглалыг сайжруулахыг хичээсэн ч өнөөдөр уг хуулийн хэрэгжилт ямар байгааг мэдэх хүн цөөхөн. Үүнийг эс тооцвол төрийн өмчит компаниудын IPO одоогоор сураггүй.
“Супер потенциал” яагаад замхарна гэж?
Ирэх зун гэхэд Ашигт малтмалын хуульд хадгалаастай байгаа Хөрөнгийн биржийн “Супер потенциал” ор сураггүй хийсэх нь тодорхой байна. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Стратегийн ордын 10 хувийг Хөрөнгийн биржээр арилжих нь бүү хэл Стратегийн ордууд аажмаар “алга болохоор” тусгагджээ.
Төсөл боловсруулагчдын зүгээс “Батлагдаад цөөнгүй хэдэн жил үзсэн хуулийн заалт одоо хүртэл хэрэгжээгүй болохоор цаашид ч амьдралд хэрэгжих боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тийм болохоор Стратегийн орд гэсэн ойлголт байхгүй болох нь зүйтэй гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байна. Харин энэ заалтын хэрэгжилтийг “мөрөөдөж” суугаа хөрөнгийн зах зээлийнхэн энэ талаар ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй.
Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьцаа гаргахтай холбоотой хэсэг нь 76 дугаар зүйлд тусгагдсан. 76.1-т, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах бол төрийн байгууллагад мэдэгдэнэ. 76.4-т, тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний гадаад улсад бүртгэлтэй охин болон хараат компани, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд хувьцаагаа худалдах бол “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” Монгол улсын хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэжээ.
Өөрөөр уул уурхайн компаниудын хувьцаатай холбоотой заалт хуулийн төсөлд байхгүй. 76.4 дэх заалтад заасан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь зөвхөн стратегийн салбар буюу уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх бол Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авахыг тодорхойлсон болохоор хувьцаа гаргах, худалдахтай холбоотой асуудлыг бүрэн зохицуулах хууль биш гэдгийг санах хэрэгтэй.
Үнэт цаасны хууль + Ашигт малтмалын хууль + Хөрөнгө оруулалтын сангийн хууль
Хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэдэг. Тэгвэл өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж их засвар хийж, паркетан шал, дүүжин тааз хийж, шилэн лангуу тавьж өнгөө зассан дэлгүүр гэсэн үг. Бас болоогүй орчин үеийн кассын машин суурилуулж, кассчингаа ч сургаад амжсан. Харин одоо лангуун дээр нь тавих бараа л дутуу. Чанаргүй, хугацаа нь дууссан хэдэн бүтээгдэхүүнээс өөр олигтой бараагүй дэлгүүрт худалдан авагчдын таашаалд нийцсэн, өнгө үзэмж, өгөөж сайтай бараа үгүйлэгдэж байгаа. Лангуун дээр үр өгөөжтэй, чанартай, бас сонголт сайтай бараа байвал заавал гадаадын гэлтгүй дотоодын хэрэглэгчид худалдаж авч, үр өгөөж хүртэхийг хүсэх нь гарцаагүй.
Харин ойрын ирээдүйд Хөрөнгийн биржийн лангуун дээр тавих хамгийн сайн бараа бол уул уурхайн компаниудын хувьцаа юм. Эрчим хүчний нүүрсний багахан олборлолт явуулж, дотоодынхоо хэрэгцээг хангадаг цөөн хэдэн нүүрсний компани биш “Энержи Ресурс”, МАК, “Алтайн хүдэр”, “Харанга Ресурс” зэрэг томоохон компаниудаар эхэлсэн уул уурхайн компаниудын хувьцааг дэлгүүрийн лангуун дээрээ тавибал Хөрөнгийн зах зээлийн төдийгүй уул уурхайн салбарын хөгжилд том түлхэц болж чадна.
Бидний жишээ авах дуртай Австрали, Канад, Норвеги зэрэг улсын уул уурхайн салбарын хөгжил нь хөрөнгийн зах зээлийн хөгжилтэйгээ зэрэгцэж явдаг. Австралийн үнэт цаасны бирж, Торонтогийн хөрөнгийн бирж гээд дэлхийн хамгийн том хөрөнгийн биржүүд бүгд л уул уурхайн салбартай холбоотой, зах зээлийн үнэлгээний ихэнх хувийг нь уул уурхай компаниуд эзэлдэг. Австралид гэхэд бирж дээр бүртгэлтэй байдаг 2000 гаруй компанийн 800 гаруй нь ашигт малтмал, эрчим хүчний салбарын компаниуд байдаг юм билээ.
Ашигт малтмалын хууль, Үнэт цаасны хуулийг тус тусад нь харах биш нийлүүлж базвал аль аль салбарын эрх ашгийг хангасан, алсдаа ард түмний хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийг бий болгох боломжтой ч байж мэднэ. Үүн дээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг мартаж болохгүй.
Монголын ашигт малтмал, хөрөнгийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох хоёр том хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад үндсэн үзэл баримтлалыг нь холбож болмоор.
Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл баримтлалын нэг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, тэр дундаа олборлолтын тусгай зөвшөөрөл олгохдоо үндэсний компаниудыг дэмжсэн бодлогыг оруулж өгсөн байгаа. Гэхдээ ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудыг Монголын Хөрөнгийн бирж рүү ямар нэг байдлаар “түлхэж”, Монголын иргэд, компаниуд хувьцаа эзэмших боломжийг бий болгосон зохицуулалт байхгүй.
Үүний нөгөө талд Үнэт цаасны хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үндсэн концепци нь хадгаламжийн бичиг гаргах замаар гадаадын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргасан, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгэх боломжийг нээж өгөх явдал. Монголын ашигт малтмалыг гадаадын бирж дээр зарж, хөрөнгө босгож байна гэсэн нийгмийн хардлагаас үүдэлтэй, далимд нь дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд авах гарцыг нээхээр хуулийн төслийг шинээр найруулсан нь энэ. Гэхдээ бас л дотоодын уул уурхайн компаниудыг татах ямар нэг хөшүүрэг байхгүй.
Уг хоёр төслийн үндсэн үзэл баримтлалыг нийлүүлж, Монголд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нэн тэргүүнд Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахыг шахсан заалтуудыг оруулж өгч болох юм. Бүр тодруулбал Үнэт цаасны хуулийн төслийн 8.2 -т байгаа “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн дагуу нөөц нь тогтоогдоогүй ашигт малтмалын ордод нөөцийг тогтоох зорилгоор хайгуулын болон олборлолтын ажил хийх тохиолдолд мэргэжлийн хөрөнгө оруулагчаас бусад этгээдэд үнэт цаасыг санал болгох замаар хөрөнгө оруулалт татахыг хориглоно” гэсэн заалтын санааг Ашигт малтмалын хуулийн төслийн 66.2, 66.3, 66.4 дэх заалтууд буюу Монгол улсын иргэн компанийн дүрмийн сангийн 34-75 хувийг эзэмшиж байгаа компанид олборлолтын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн санаатай уялдуулж болох юм. Ашигт малтмалын хуулийн 66 дугаар зүйл нь салбарынхнаас нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, хувь эзэмшлийн хэмжээг илүү уян хатан болгох шаардлагатай байгаа.
Ингэж чадвал хэд хэдэн ололттой тал гарч ирэх юм. Юуны түрүүнд үйл ажиллагаа нь жигдэрч, орлого олж эхлэх олборлолтын шатанд орсон компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж, түүнийг нь Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмших бололцоотой болно. Хөрөнгийн биржийн лангуун дээр өгөөж сайтай бараанууд тавигдана гэсэн үг.
Хоёрдугаарт, Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 34-75 хувь нь Монголын иргэн эзэмшинэ гэсэн хатуу, болхи заалтын оронд олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь тодорхой хугацааны дараа Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, анхдагч зах зээл дээр Монголын хөрөнгө оруулалтын сан, иргэд, компаниудад тодорхой хувиа арилжаална гэвэл амьдралд хэрэгжихэд илүү хялбар, басхүү аль аль талын нийтлэг эрх ашгийг хангах боломжтой юм. Мэдээж үүн дээр хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд илүү боломжит хувилбар, томъёоллыг тодорхойлж гаргаж болно. Ер нь аливаа улсад хөрөнгийн хуваарилалтын хамгийн тэгш, шударга зарчим бол Хөрөнгийн биржээр дамжуулах байдаг. Нэгэнт байгалийн баялгаас нэг хэсэг нь биш, нийтээр хувь хүртье гэж байгаа бол Хөрөнгийн биржийг ашиглах л ёстой. Уул уурхайн компаниудын хувьцааг мөнгөтэй, цөөн тооны иргэн, компани эзэмшихээс илүү олон нийтэд эзэмших боломжийг олгох нь чухал юм.
Гуравдугаарт, уул уурхайн компаниуд нээлттэй болж, ашиг орлого гэх мэт нийгмийн сонирхоод байдаг мэдээллүүд нь олон нийтэд нээлттэй болно. Уул уурхайн компаниудыг дагадаг элдвийн хардлага, эсэргүүцэл ч багасна.
Зарим хүмүүсийн зүгээс Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гэхэд худалдан авагч олдохгүй, хувьцааны арилжааны явцад хэдэн хувийг нь Монголын тал эзэмшиж байгаа гэдгийг хянах боломжгүй гэсэн шүүмжлэл хэлж байгаа. Худалдан авагчийн тухайд бол тодорхой боломж бий. Өдгөө боловсруулагдаад бараг бэлэн болчихсон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслөөр Монголд хувийн хөрөнгө оруулалтын сангууд үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн Норвеги, Канад зэрэг улсын туршлагаар Нийгмийн даатгалын сан, Баялгийн сан гэх мэт томоохон хуримтлалын сангуудыг байгуулах талаар ид яригдаж байна. Ядаж л Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бий болсон Тогтворжуулалтын сангийн хэдэн зуун тэрбум төгрөгийн менежментийг яаж хийх вэ гэсэн асуулт хариултаа хүлээгээд байж байгаа шүү дээ.
Мэдээж маргааш энэ бүхэн гэнэт бий болчихгүй. Тэглээ гээд боломжгүй гээд орхиж бүр ч болохгүй. Ашигт малтмалын хуульд бирж дээр хувьцаагаа гаргахтай холбоотой тодорхой заалтуудыг одоо оруулж чадвал түүнийг хэрэгжүүлэх үндсэн суурь нь бий болчихоод байна.
Ямар ч байсан Монголын Хөрөнгийн бирж гэсэн дэлгүүрийн эзэд ирэх хавар, зуны турш барааныхаа хойноос хөөцөлдөх л хэрэгтэй байна. Саналаа нэг ТББ-аар дамжуулаад өгчихсөн гээд хэнэггүй царайлж суувал дэлгүүрийн тань хөгжил улам л алсрах байх даа.
С.Болд-Эрдэнэ 2013 оны 1 сарын 22
0 comments:
Post a Comment