2012 оны 7 сарын 3
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хэзээ болох талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа.“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах явц хойшлогдлоо. Ямар шалтгаанаас үүдэн бараг жил орчмын хугацаагаар хойшлуулах болов?
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үндсэн үзэл баримтлалыг гаргасан Улсын Их Хурлын шийдвэрийн үндсэн дээр тус ордод дагнан үйл ажиллагаа явуулахаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан. Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөөд уурхайн ажил ерөнхийдөө жигдэрч байна. Өөр нэг үндсэн төлөвлөгөө бол дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааг арилжаалах ерөнхий удирдамжтай. Үүний дагуу 2011 оны зургадугаар сараас төслийн зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын банкуудтай хамтраад хагас жил орчим идэвхтэй ажиллаж, IPO-д бэлдсэн. Энэ хугацаанд их ажил амжууллаа. Хөрөнгийн биржид өгдөг үндсэн баримт бичиг болох проспектусын боловсруулалт 80 хувьтай болчихсон байсан. Гэсэн ч IPO-г оны зааг үеэр хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн хэд хэдэн шалтгаан гарч ирсэн.
Нэгдүгээрт, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц тов тодорхой байх ёстой. Хэн хэдий хэмжээний хувьцаа эзэмшдэг вэ гэдэг нь тодорхой байж хувьцаа арилжаалагдана. Гэтэл УИХ өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулаад иргэдэд эзэмшүүлэх хувьцааг 10 хувиас 20 болгож нэмэгдүүлсэн. Иргэд 20 хувьтай тэнцэх хувьцаагаа Засгийн газарт арилжаалж, Засгийн газар тэрхүү иргэдээс авсан хувьцаанаасаа үндэсний аж ахуйн нэгжүүдэд арилжаална гэх зэргээр 20 гаруй хувийн дотор хувьцаа эзэмшилтийн хөдөлгөөн ойрын хэдэн саруудад явагдана. Үүнийг тодорхой болгож эцэслэх хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотой 2012 оны нэгдүгээр сард гарсан УИХ-ын тогтоолоор олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах хувьцааны хэмжээг 20 хүртэл хувь гэж багасгасан юм. Дотоодын болон Лондон, Хонконгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байгаа нөхцөлд арилжаалах хувьцааны доод хэмжээ 20 болон түүнээс дээш байх шаардлагатайг бид улстөрчдөд тухайн үед тайлбарлаж байсан. Тэгэхэд иргэдээс Засгийн газарт хувьцаагаа худалдах учраас тэр хувьцаагаар нэмэгдүүлээд IPO хийх хувьцаа 20 хувиас дээш гарах боломжтой гэж манай хууль тогтоогчид үзсэн юм. Ингээд хувьцааны эзэд нь тодорхой хувь хэмжээгээр хэн болох вэ гэдэг шилжилт хөдөлгөөн, мөн IPO хийх хувь хэмжээгээ олон улсын хөрөнгийн биржүүдийн тавьдаг шаардлагад нийцүүлэх хэмжээнд хүрэх хүртэл хүлээхээс өөр аргагүй болсон.
Хоёрдугаарт, Тавантолгойн орд нүүрсний нөөц, баялгийн хэмжээгээрээ нэлээд томд тооцогдоно. Ялангуяа коксжих нүүрсний гол хэсэг болох Цанхийн талбай нь сайн судлагдсан, уурхай нээгээд нүүрс олборлоход бэлэн хэсэг. Энэ хэсгийг хоёр талбайд хувааж, “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө Зүүн Цанхийн хэсэг дээр уурхай нээгээд нүүрсээ олборлож, экспортолж байна. Харин Баруун Цанхийн талбай дээр УИХ-ын тогтоолоор Засгийн газрын түвшинд Сайдаар ахлуулсан Ажлын хэсэг олон улсын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхи дээр өөрсдөө ажиллаад, Баруун Цанхи дээр Монгол Улсын геополитикийн бодлогын дагуу олон улсын компаниудтай хамтарч ажиллаж болох юм гэж үзсэн. Түрүүн хэлсэнчлэн нөөц баялгийн хэмжээ боломжтой учраас хоёрын хоёр том уурхайг тэр талбай дээр зэрэг ажиллуулах бүрэн боломжтой. Хоёр уурхай тус бүрдээ жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай том уурхай болно.
Компанийн эдийн засгийн үнэлгээг тогтооход шаардлагатай үндсэн зүйлүүд байдаг. Энэ компани ямар бүтээгдэхүүнийг (нүүрс), ямар хэмжээгээр, хэдэн жилийн хугацаанд, хэрхэн борлуулж, хэдий хэмжээний орлого олох вэ гэдэг л хувьцаа худалдан авч хөрөнгөө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчийн гол сонирхох зүйл. Зүүн Цанхийн талбай дээр ажиллах уурхайг түшиглэсэн компанийн үнэлгээ харьцангуй тодорхой харагдаж байна. Эдийн засгийн үр өгөөжийг нь загварчлалын аргаар тооцож болж байна. Харин Баруун Цанхийн талбай дээр олон улсын компаниуд орж ирвэл “Эрдэнэс Тавантолгой” өөрөө Баруун Цанхийн талбайгаас эдийн засгийн ямар үр өгөөж хүртэх нь одоогоор тодорхой биш байна.
“Эрдэнэс Тавантолгой” бол зүүн, баруун гэлтгүй нүүрсний бүх талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч. Өөрөөр хэлбэл гадаадын компаниудын консорциум олборлолт хийж, борлуулалтад бас оролцож, дийлэнх ашгийг нь авч, лиценз эзэмшигч компанид тодорхой хэмжээний компанийн роялти буюу жил болгон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зохих төлбөр төлдөг ийм хувилбараар явах юм уу? Эсвэл Засгийн газрын түвшинд яригдаж байгаа хэлэлцээний хэлбэр өөрчлөгдөж, “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө Баруун Цанхийн уурхайгаа ажиллуулаад явах юм уу гэдэг тодорхойгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани тул энэ түвшний шийдвэр компанийн эрх мэдлээс давсан асуудал юм.
Баруун Цанхийн уурхайгаас хүртэх эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад компанийн үнэлгээ бүрэн утгаараа гарч ирж чадахгүй байна. Үүнийг зөвлөхөөр ажиллаж буй хөрөнгө оруулалтын банкууд ч тодорхой хэлж байгаа. Ер нь аль ч хувилбараар явж болно. Хэрэв Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийж тохиролцоод гадаадын компаниуд нийлж консорциум байгуулж орж ирвэл “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг илүү өндөр үнэлгээтэй байлгахын тулд тэднээс авах компанийн төлбөр бага биш байх хэрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанид өөрт нь ногдох өгөөж бага, ашигтай биш байвал Монгол Улсын иргэдийн хувьцаа эзэмшигч нь болж байгаа энэ компанийн үнэ цэнд сөрөг нөлөөлөлтэй. Харин хоёр дахь хувилбар буюу “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө баруун талбай дээрээ одоогийнхтойгоо адил хоёр дахь уурхайгаа нээгээд, ажиллуулаад явбал компанийн үнэлгээ харьцангуй нэмэгдэнэ.
Хувьцааны хөдөлгөөн, Баруун Цанхийн хэлэлцээ бол компанийн мэдлээс давсан асуудал. Өөр нөлөөлж байгаа шалтгаан байна уу? Компанийн үйл ажиллагаа, гадаад зах зээл ч гэдэг юм уу?
Ерөнхийдөө бидэнд тулгарч байгаа гурав дахь шалтгаан бол төслийн үйл явцынх гэж хэлж болно. Тавантолгой бол зөвхөн олборлолтын төсөл биш. Энэ бол дэд бүтэц, үйлдвэрлэлтэй холбоотой том төсөл. Тийм учраас төмөр зам, автозам, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах угаах үйлдвэр байгуулах гэсэн таван том төслийг бид эхлүүлж байгаа. Заримынх нь ТЭЗҮ дуусч байна, заримыг нь барих хэлэлцээ хийж байна. Одоо бүгдийг нь эхэлнэ. Ингэж байж Тавантолгой төсөл цогц болж, эдийн засгийн үр өгөөжийн хувьд өндөр байх юм. “Энержи Ресурс” компани цаг хугацааны хувьд манайхаас хоёр жилийн урьд эхэлсэн, биднээс хоёр жил орчмоор түрүүнд явж байгаа.
Тэд дээр дурдсан төслүүдийг эхлүүлсэн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н төсөл бол “Энержи Ресурс”-ынхаас далайцын хувьд том. Тэнд 16 МВт-ын цахилгаан станц барьсан бол манайх 300 МВт-ын цахилгаан станц барих гэж байна. Нүүрс баяжуулах, угаах үйлдвэр гэхэд Ухаахудаг дээр 5, 10 сая тоннын хүчин чадалтай гэж байгаа бол бид Зүүн Цанхи дээр 20 сая тонн, Баруун Цанхи дээр бас 20 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барина. Энэ дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдийг эхлүүлснээр IPO хийх үед хөрөнгө оруулагчдад хэрэгжих ёстой төслүүд төлөвлөгөө ёсоороо явж байгааг харуулах зорилготой юм. Эдгээрийг эхлүүлснээр хөрөнгийн бирж дээр гарахад компанийн үнэлгээнд эергээр нөлөөлнө.
Дөрөв дэх шалтгаан нь олон улсын санхүүгийн зах зээлийн байдал сүүлийн жил хагасын хугацаанд ихээхэн савлагаатай байна. Нэг, хоёр сар хөрөнгийн биржүүдийн мэдээ гайгүй байхад дараагийн саруудад нь доошоо унасан үзүүлэлтүүдтэй байгаа болохоор хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. IPO хийхээр бэлтгэсэн компаниуд энэ байдлыг харзнаад хойшлуулаад байгаа нийтлэг жишиг бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ийм шалтгааны улмаас энэ жил IPO хийх шаардлагагүй гэж үзсэн. Ирэх жилээс төлөв байдал сайжрах хандлагатай байна.
Бусад зүйлийг ч дурдаж болно. Энэ жил олон улсад сонгуулийн жил, улс төрийн хүчнүүдийн эрх барих шилжилтийн үе тохиож байна. Орос, Францад сонгууль боллоо, АНУ-д удахгүй сонгууль болно. Монголд Парламентын сонгууль болох гэж байна. Сонгуулийн жилд хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг, сонгуулийн үр дүнг хардаг юм байна. Мөн Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэх мэтчилэн бодитой шалтгаануудын улмаас энэ жил сонгуулийн өмнө хийнэ гэж төлөвлөж байсан IPO жил орчмоор хойшлогдож, 2013 оны хавар гурав, дөрөвдүгээр сарын орчим гаргахаар төлөвлөгдөж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г IPO хийх юм уу гэж зарим хүмүүс эргэлзээд байх шиг. Дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах тухай Парламентын түвшний удирдамж, засаг нь иргэддээ өөрийнхөө хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжтой гэсэн нөхцөлтэйгээр эзэмшүүлж байгаа тул IPO болно. Үүнд эргэлзээ байхгүй.
Хууль эрхзүйн хувьд хэр их асуудал тулгарч байна?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гурвалсан бүртгэлийн хэлбэрээр арилжаалах нь зүйтэй гэсэн зарчмын шийдвэр гарсан. Гадаадад бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани байгуулаад түүнийхээ хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаална гэдэг нь одоогийн түвшинд боломжгүй бөгөөд ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх үүднээс эргэлзээтэй байна. Монгол улсдаа бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хонконгийн бирж дээр арилжаалахад хууль эрхзүйн хувьд шийдвэрлэх хэд хэдэн асуудал бий. Хонконгийн хөрөнгийн зах зээлийн орчинд Монголын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
Хонконгийн Санхүүгийн зохицуулах хороо манай СЗХ-той яриа хэлэлцээр хийгээд ер нь нэлээд нааштай байгаа. Хонконгийн СЗХ-ны зүгээс танай Парламент Үнэт цаасны тухай хуулиа шинээр баталбал бид нааштайгаар авч үзнэ гэсэн хариу өгсөн юм шиг байна билээ. Ингэвэл Монгол улсад бүртгэлтэй компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах боломжтой болох юм. Энэ нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал биш Монголын компаниудад Хонконгийн бирж дээр IPO хийж мөнгө босгох боломжийг нээнэ гэсэн үг. Саяхан УИХ-д Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ч батлагдаж амжаагүй. Шинээр байгуулагдах УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж батлагдана гэж найдаж байна.
Үүнээс гадна шинэ Засгийн газарт тавих санал байгаа. Монгол болон Хонконгийн хооронд Давхар татварын хэлэлцээр байдаггүй. Давхар татварын хэлэлцээр байхгүй болохоор нэмэгдэл 20 хувийн татвартай байдаг. Англи зэрэг оронтой Монгол 5 хувийн давхар татварын хэлэлцээртэй. Иймэрхүү жишгээр Хонконгтой Давхар татварын хэлэлцээр байгуулбал татварын орчныг нааштай болгоно. Гаднын хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах бүрдээ 20 хувийн давхар татвар төлөх бол биржид гарахад компанийн хувьцааны үнэлгээнд энэ хэмжээгээр нөлөөлнө. Тэгэхээр ойролцоогоор 5-10 хувийн давхар татварын зохистой хувь хэмжээтэй байх боломжтой гэж үзэж байна. Давхар татварын энэ асуудал компанийн үнэлгээтэй холбогдоод байгаа юм.
Лондонд давхар компани байгуулах талаар Засгийн газраас шийдвэр гарч байсан шүү дээ?
Яг тийм шийдвэр гараагүй. Хувьцаа арилжаалах компанийг Англи улсад бүртгэлтэй компани байгуулах чиглэлээр ажиллаж болох юм гэсэн шийдвэр Засгийн газраас гарсан. Гэхдээ байгуулагдаад дөнгөж жил хагас болж байгаа компанийг шууд Английн хуулийн дор гадаад компани болгож болохгүй байна. Компанийн хяналт, удирдлагын асуудал бий. ТУЗ-ийн гишүүдийн бараг талаас илүү хувь нь бие даасан, хараат бус гишүүн байна гэх мэт хатуу шаардлагууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөлд арай ахдаж байгаа. Тиймээс Лондонгийн хөрөнгийн бирж дээр GDR буюу хадгаламжийн бичиг хэлбэрээр хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хадгаламжийн бичиг гаргах явдал бол биржид хувьцаа гаргах үндсэн хэлбэрийн нэг.
Ийм хэлбэрээр Оросын томоохон компаниуд бүгдээрээ, Казахстаны уул уурхайн компаниудын дийлэнх нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Манайх ч энэ хэлбэрээр явах нь зохистой гэж үзэж байгаа. Магадгүй уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрч, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрэгжсэн үед Англид бүртгэлтэй компани байгуулж, хадгаламжийн бичгээ хувьцаа руу хөрвүүлэх, нэмэлт хувьцаа гаргах, том индекст багтах нь дараагийн алхам, хэдэн жилийн дараах ажил байж болох юм.
IPO-г хойшлуулсныг санхүүгийн мэргэжилтнүүд дэмжиж, “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай шийдвэр гэж хүлээж авч байх шиг байна. Харин IPO хийхээ хойшлуулснаар дэд бүтцийн санхүүжилтүүдээ яаж шийдвэрлэх гэж байна вэ? Хөрвөгч бонд гаргана гэсэн яриа байсан?
Энэ их мөнгийг яаж олох вэ гэдэг нь гол бэрхшээл мөн. IPO хийж хөрөнгө оруулагчдаас босгосон мөнгөө энэ бүтээн байгуулалтад зарцуулна гэж тооцож байсан. Харин IPO хийх нь хойшилж байгаа болохоор дэд бүтцийн бүтээн байгуулалт, уурхайн ажилд их хэмжээний мөнгө хэрэгтэй байна. Гадаадын томоохон компаниуд, олон улсын банкууд санал тавьж, харилцан ашигтай хамтран ажиллая гэдэг. Тэдгээртэй хоёр гурван хэлбэрээр санхүүжилтээ шийдвэрлэх талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна. Хөрвөх бонд, зээл бол санхүүжилтийн нэг хэлбэр. Тодорхой хэмжээний нүүрсний борлуулалтын урьдчилгаа төлбөр байж болно. Олон улсын арилжааны банкуудаас зээл авах асуудал яригдаж байна. Түрүүнд хэлсэн хувьцаанд хөрвөх бондын санхүүжилт бол гурав дахь хувилбар. Энэ талаар олон банк, сангууд, компанитай яриа хэлэлцээ явагдаж байна.
Энэ их хэмжээний нүүрсний борлуулалтыг яаж шийдвэрлэх гэж байна вэ?
Тавантолгойн нүүрсний үндсэн зах зээл бол өмнөд хөрш Хятадын зах зээл. Хоёр хөрш орноор нүүрс тээвэрлэх дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд Тавантолгойн ордын нүүрсний зорилтот зах зээл Хятадын хажуугаар Япон, Солонгос мөн. Өнгөрсөн жил үйл ажиллагааны эхлэлийн үедээ байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бага биш хэмжээний урьдчилгаа төлбөр авч нүүрсээ борлуулах шаардлага тавигдсан. Энэ үндсэн дээр Хятадын төрийн өмчийн том компанийн нэгтэй гэрээ хийгээд нүүрсээ нийлүүлж байна.
Монголын төрийн өмчит компани Хятадын уул уурхайн том компанитай эдийн засгийн түншлэл тогтоолоо гэж ойлгож байгаа. Манай хувьд томоохон хэмжээний урьдчилгаа төлбөр өгөх боломжтой том компанитай хамтрах шаардлага байсан. Түүнчлэн Япон болон Солонгос, цаашлаад Энэтхэгийн компаниудтай байнгын харилцаа холбоотой байгаа. Олборлолтын хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1,5 сая тонн нүүрс олборлосон үзүүлэлттэй байна. Энэ жилдээ 4 сая орчим тонныг экспортлох төлөвлөгөөтэй байгаа.
Баруун Цанхийн ТЭЗҮ-г хийж дууссан гэсэн. Баруун Цанхийн нээлтийг хийх үү?
Түрүүн хэлсэнчлэн Баруун Цанхийг Засгийн газрын түвшинд шийднэ. Олон улсын консорциумуудтай хийж байгаа хэлэлцээр үргэлжлээд, тэр хувилбараар явбал “Эрдэнэс Тавантолгой” лиценз эзэмшигчийн хувьд тэднээс компанийн роялти, төлбөр авна. Энэ төлбөрийн хувь хэмжээг нь бага байлгахгүйн төлөө санал санаачлага гаргана. Харин компани өөрөө хариуцаж ажилла гэвэл “Эрдэнэс Тавантолгой” зүүн талбайн уурхай шигээ ажлыг эхлүүлж, үргэлжлээд явах бүрэн боломжтой. Баруун Цанхийн талбай дахь нүүрсний нөөцийн тодотгол, ТЭЗҮ бэлэн болсон. Хэзээ болж, яаж шийдэх нь тодорхойгүй хэлэлцээрийг хүлээгээд ажил зогсоод байж болохгүй байх. Тавантолгой бүхлээрээ эдийн засгийн эргэлтэд орох учиртай. Тийм болохоор компанийн түвшинд ажил эхлүүлэх зохих бэлтгэлтэй байгаа.
Жич: Энэхүү ярилцлагыг 2012 оны 6 сар хийж байсан юм. Тухайн үед IPO хийхэд саад болж байсан шалтгаанууд өнөөдөр ч гэсэн оршсоор байгаа болохоор энэ ярилцлагыг оруулж байгаа юм.
0 comments:
Post a Comment