Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Агуулахаас лангуу руу

2012-05-07

Монголын Хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэвэл хоёр жилийн өмнө эвдэрхий лангуу, мэргэжилгүй худалдагч, чанаргүй хэдхэн бараатай, худалдан авагч тоож ордоггүй дэлгүүр байсан гэхэд болно. Харин одоо байдал эрс өөр болжээ. Тэд лангуугаа засаад, ажилтнуудаа бэлтгэчихлээ гэж байна.  Мөн чанаргүй бараануудаа ч хаяхыг нь хаяж, цэвэрлэхийг нь цэвэрлэжээ. Худалдан авагчид ч хаалгаар нь шагайж, санаанд нийцсэн бараа бий эсэхийг асууж сураглах нь нэмэгдсэн байна. Тиймээс худалдан авагчдынхаа санаанд нийцсэн шинэ, чанартай бараа нийлүүлэх боломжийг судалж, тийм бараатай хүнийг Хөрөнгийн бирж дээр ирэхийг уриалан дуудаж байна. Хөрөнгө оруулагчдад хандахаасаа илүүтэй компаниудыг гадаадын биш Монголын Хөрөнгийн бирж дээрээ хувьцаагаа гаргахыг уриалсан “IPO Mongolia” чуулган  Монголын Эдийн засгийн форумын үеэр болсон юм.

Юу амжуулав?

Өнгөрсөн хугацаанд Монголын Хөрөнгийн биржийг шинэчлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр юу амжуулав гэдэг асуултад биржийнхэн хийсэн ажил, хэлэх үгтэй байна. Юуны түрүүнд тэд хөрөнгийн зах зээлийн малгай хуулиуд болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн өнгөрсөн намар Компанийн тухай хуулийг УИХ шинэчлэн баталсан бөгөөд хувьцаат компаниудтай холбоотой олон нарийн зохицуулалт туссан байдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын УИХ-ын чуулганаар батлуулахад бэлэн болсон байна. Энэ хуулиар эрхзүйн орчныг нэлээд боловсронгуй болгож, өргөн хүрээний зохицуулалтууд хийж өгсөн гэдгийг биржийнхэн хэлж байв.

Хуулийн шинэчилсэн найруулгад орсон зарим өөрчлөлтүүдээс дурдвал гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани Монголын Хөрөнгийн бирж дээр, Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компанийн гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Ялангуяа Монголын компаниуд Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхэд эрхзүйн хувьд хаалтгүй болжээ. Мөн Монголд уул уурхайн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60-аад компани олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан байдаг бөгөөд тэр компаниуд Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, хувьцаагаа монголчуудад борлуулах үүд хаалгыг нээж өгсөн гэсэн үг.

Мөн зах зээлд оролцогчдын нэр төрлийг олшруулж, нарийн зохицуулалтуудыг ч хийж өгсөн байна. Тухайлбал, Хадгаламжийн бичгийн талаар шинээр тусгаж, Mongolian Depositary receipt буюу Монголын хадгаламжийн бичгийг олон улсад гаргах боломжийг нээж өгчээ. Уг хуультай холбогдуулан Хөрөнгийн бирж Бүртгэлийн, Арилжааны, Гишүүнчлэлийн, Төлбөр тооцооны гэсэн 4 журмыг шинэчлэн баталжээ. Эдгээр журам  үйлчилж эхэлснээр Хөрөнгийн бирж дээр IPO хийхэд 2-3 сар шаардлагатай болж, ихээхэн хөнгөвчлөгдөж байгаа юм байна. СЗХ ч мөн адил Кастодиан банк, Хадгаламжийн бичгийн тухай хоёр журмыг боловсруулж байгаа бөгөөд Кастодиан банкны тухай журмыг бэлэн болгож, банкуудаас санал авч эхэлсэн гэдгийг  СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Саруул хэлж байна. Кастодиан банкны журам батлагдсанаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх боломж бүрдэж байгаа хэрэг.

Үүнээс гадна Хөрөнгийн биржийн техник технологийг шинэчилж, Лондон тэргүүтэй дэлхийн 20 гаруй биржид ашиглаж байгаа “Millinuim IT” системийг суурилуулж, энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Товчхондоо бол Хөрөнгийн бирж шинэчлэлийн ажлаа дуусгаж байгаа бөгөөд одоо үндэсний компаниудыг хувьцаагаа гаргахыг уриалж эхлээд байна.

Агуулахын бараануудаа гаргах цаг


Казахстаны хөрөнгийн бирж 1999 онд дөнгөж 2 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй байсан бол 2006 онд 120 тэрбум доллар болтлоо өсчээ. Хөрөнгийн бирж нь ингэж томорсны үндсэн шалтгаан нь улсын өмчит томоохон компаниудынхаа хувьцааг улсынхаа бирж дээр амжилттай гаргаж чадсан явдал хэмээн тус биржийн захирал асан Азамат Джолдасбеков хэлж байна. Тэгвэл 13 жилийн өмнөх Казахстаны хөрөнгийн биржтэй адил хэмжээнд байгаа Монголын Хөрөнгийн биржийн хувьд ч үсрэнгүй хөгжих боломж хангалттай байгаа юм. Гол нь агуулахад байгаа бараагаа лангуун дээр гаргах хэрэгтэй байна гэдгийг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд онцолсон.

Харин манай агуулахад ямар бараанууд байна вэ? Юуны түрүүнд Тавантолгой тэргүүтэй 15 стратегийн ордын 10 хувийг хөрөнгийн бирж дээр борлуулах хууль байгаа гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь ч эхнээсээ “Эрдэнэс Тавантолгой”-гоор дамжин ажил хэрэг болоход ойрхон болж байна. Үүний хажуугаар Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ч олон улсын биржүүд дээр хувьцаагаа гарган, хөрөнгө татсан томоохон компаниудыг Монгол руу татах нь чухал. Хонконгийн хөрөнгийн бирж дээрх “Саусгоби Сэндс” тэргүүтэй нэлээд хэдэн компани Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа давхар гаргах сонирхолтой байдгаа эртнээс хэлж байсан. Хууль эрхзүйн орчин шинэчлэгдэн сайжирснаар дээрх компаниудын хувьд монголчуудад хувьцаагаа санал болгох боломж бүрэн нээгдэж байгаа юм. Уул уурхайн компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах нь нэг талаасаа Хөрөнгийн биржийг дэмжиж байгаа ч нөгөө талдаа монгол хүн бүр газрын баялгийнхаа хувь хишгээс адил тэгш хүртэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Энэ талаар багагүй яригдаж байгаа болохоор ингээд орхиё.

Монголын Хөрөнгийн бирж зөвхөн уул уурхайн компаниудаар “угжуулаад” байх уу гэвэл бас тийм биш. Эрчим хүч, агаарын тээвэр, төмөр зам гээд төрийн мэдлийн монополь компаниудын хувьцааг Хөрөнгийн бирж дээр гаргах бүрэн боломжтой болсон. Дэлхийн хамгийн том 100 компанийн 88 нь хувьцаат компани байдаг бол Монголын топ 100 компанийн дөнгөж 8 нь л хувьцаат компани. Тиймээс топ компаниудын хувьд хувьцаагаа гаргах нь бизнесийн хувьд ашигтайгаас гадна нэр хүндийн хэрэг болно гэдгийг биржийнхэн онцолж байна. Монголд бизнесийн санхүүжилт зөвхөн банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр хангагдаж байсан бол хөрөнгийн захаас урт хугацаатай багахан зардалтай санхүүжилт босгох нь аль ч бизнес эрхлэгчдэд таатай боломж юм.

С.Болд-Эрдэнэ

2012,03,01

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-аас уншина уу. гэнээ

0 comments:

Post a Comment