Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Б.Өлзийбаяр: Брокерын компаниудыг шударгаар шалгаж, зохицуулах хэрэгтэй

2012-05-07

 “Ард капитал групп” брокер дилерийн компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр брокеруудад асуудал үүсч байх шиг байна. Төлбөр хураамж нэмэгдсэн гээд асуудал их байгаа байх?

-Хууль эрхзүй, дүрэм журам шинэчлэгдэхийн хэрээр эргэлзээтэй, тодорхойгүй зүйлүүд гарч ирж байна. Клиринг банк, ҮЦТТТХТ, брокеруудын хооронд гэрээ байгуулагдана. Гэтэл энд талууд ямар эрх үүрэгтэй оролцох, ямар гэрээ байх гээд тодорхойгүй зүйл нэлээд байна.

Мөн Хөрөнгийн биржээс Гишүүнчлэлийн журмыг шинэчилсэнтэй холбогдуулан Хөрөнгийн бирж, брокер дилерийн компаниудын хамтран ажиллах гэрээний төсөл гарсан. Эдгээрээс брокеруудын нэг эмзэглэж байгаа зүйл нь гишүүнчлэлийн хураамж. Урьд нь жилийн хураамж 500 мянган төгрөг байсан бол одоо тав дахин нэмэгдэж, 2,5 сая төгрөг, андеррайтерийн эрхтэй компаниудынх 3,5 сая төгрөг болсон. Терминал ашигласны хураамж гэж сар бүр 200-гаад мянган төгрөг тушааж, Баталгааны сан, Эрсдэлийн санд байршуулна гэсэн.

Дээр нь шинэ back-office программ ашиглах хэрэгтэй болж байна. Ингээд бодохоор брокер дилерийн компаниудад ирэх ачаалал ихэсч байгаа юм. Шинэ тогтолцоо, шинэ систем нэвтрүүлж, шинэ дүрэм журамтай болохын хажуугаар брокеруудад маш өндөр санхүүгийн чадамжтай байх шаардлага тулгарч байна. Тэр олон санг байршуулж, өндөр төлбөр хураамжуудыг төлөх нь ихэнх брокер дилерийн компаниудад хүндээр тусч, эмзэглэж байгаа.

-Брокер дилерийн компаниудын санхүүгийн чадамж муу байдаг гэж үү?
-Ашигтай ажилладаг компани цөөхөн. Өнөөдрийн энэ процесс хоёр талтай л даа. Нэгдүгээрт, Хөрөнгийн биржийг ойлгохгүй байх аргагүй. Шинээр үнэтэй програм суурилуулж байгаа болохоор зардлаа нөхөхөөс эхлээд хүндрэлтэй байгаа байх. 2,5 сая төгрөгийг тогтооход ямар нэг үндэслэлээр л тогтоосон байх. Нөгөө талд брокер дилерийн компаниудад хүнд байгааг ч ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр дотоодын 100 гаруй брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эднээс арилжаанд оролцдог нь хэд билээ, 2,5 сая төгрөгөө олдог нь хэд билээ. Тэн хагас нь 2,5 сая төгрөгөө олж чадахгүй байгаа. Брокер дилерийн компаниудын санхүүгийн тайланг харвал ганц хоёрхон компани ашигтай ажилладаг. Бүтэн жил ажиллачихаад хураамжаа ч олж чадахгүй брокер дилерийн компани 80, 90 хувь нь байхад энэ өндөр төлбөрүүдийг яаж төлөх вэ гэдэг асуудал босч ирж байгаа юм. Үүнийг хоёр талаасаа ширээний ард сууж байгаад сайн ярилцах хэрэгтэй байх. Бид төлөхгүй гэж байгаа юм биш. Төлж болно. Гэхдээ өнөөдөр арилжааг ихэсгээд орлоготой ажиллаж байгаа тохиолдолд төлөхөд бэлэн байна.

Дөнгөж шинэ систем суурилуулчихаад цаашдаа арилжааны үнийн дүн өсөх үү, лангуун дээрх бүтээгдэхүүний нэр төрөл олшрох уу гэдгийг мэдэхгүй байж төлбөр хураамжийг нэмээд байх нь зөв үү, буруу юу гэдгийг ярилцах хэрэгтэй.
Нөгөө талаасаа брокер дилерийн компаниуд ч анхаарах хэрэгтэй байгаа юм. Гадаадад брокер дилерийн компанийг хэн дуртай нь хийдэггүй. Хүний эд хөрөнгө, мөнгөтэй харьцаж байгаа юм чинь ямар нэг хэмжээгээр санхүүгийн баталгаа өгдөг, найдвартай үйлчилгээгээр хангадаг. Брокер дилерийн компаниуд маань энэ тал дээр хүлээцтэй хандах ёстой болов уу.

-Брокер дилерийн компанийн тоо ганцхан жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, энэ олон компани байгуулагдаж байгаагаас харахад ашигтай бизнес юм биш үү? Алдагдалтай ажилладаг юм бол яагаад ингэж олон компани нээгдэж байна вэ?
-Тийм ээ. Үүнийг зохицуулах ёстой. Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн жил гэхэд хэчнээн брокер дилерийн компанийн тусгай зөвшөөрөл олгосон гэдгээс эхлээд ярих хэрэгтэй байх.

-Хэдэн компани шинээр нэмэгдсэн юм бол?

-Жил гаруйн өмнө 46 компани байсан бол одоо 100 гаруй болсон гэхээр өнгөрсөн жил 60 гаруй компанид тусгай зөвшөөрөл өгсөн гэсэн үг. Хадгаламж зээлийн хоршоо шиг болохыг үгүйсгэх аргагүй. Яагаад хүссэн болгонд брокер дилерийн компанийн эрх өгөөд байгаа юм бэ? Одоо дуртай нэг нь зөвхөн данс нээх гэж брокер дилерийн компани байгуулж байна шүү дээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны данс нээнэ гэдгээр шүү дээ. Зах зээлээ сайн мэдэхгүй хүмүүс энэ салбарт орж ирж байна. Арилжаа хийнэ гэдэг ямар хэцүү билээ. Хөрөнгийн бирж дээр 300 гаруй компани бүртгэлтэй гэдэг ч яг үнэндээ арилжааных нь хэмжээ өчүүхэн. Дийлэнх компанийнх нь хувьцаа төвлөрчихсөн, арилждаггүй. Бүртгэлтэй компаниудын ихэнх нь төрийн өмчит. “Багануур” л гэхэд 75 хувь нь төрийн өмчит, “Шивээ-Овоо” гэхэд 90-ээд хувь нь төрийн өмчтэй. Дөрөвдүгээр цахилгаан станц гээд бүртгэлтэй хэрнээ 100 хувь төрийн өмчит компаниуд байна. Төрийн өмчит энэ компаниудын хувьцаа арилжаалагддаггүй. АПУ гэхэд дөнгөж 10-хан хувь нь арилжаалагддаг. 90 хувь нь төвлөрчихсөн.

Ингээд үзэхээр бүртгэлтэй компаниудын нийт хувьцааны дөрөвхөн хувь нь л арилжаалагддаг. Асар бага хэмжээ шүү дээ. Ядаж байхад шинэ бүтээгдэхүүн гардаггүй. Өнгөрсөн жил “Силикат”, “Шарын гол” нэмж хувьцаа гаргасан бол саяхан “Э-Транс Ложистикс” IPO хийснээс өөр шинэ бүтээгдэхүүн байхгүй. Брокер дилерийн компанийн үндсэн ажил данс нээх биш арилжаа хийх юм.

Сүүлийн үед юу анзаарагдаж байна гэхээр данс нээхээр улайрч байна. 5000 төгрөгөөр данс нээснээр мөнгө олно гэж бодоод байх шиг. Данс нээсний дараа тухайн брокер харилцагчдадаа ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг их чухал. Олон хүний толгойг сэнхрүүлээд данс нээтэл дараагийнх нь үйлчилгээнүүд байхгүй бол харилцагчид л хохирно.

Бидний хийсэн судалгаагаар манай компани 5000 төгрөгөөр нэг данс нээдэг ч гарч байгаа зардал нь 6000 төгрөг. 5000 төгрөгийн талыг 100 хувь төрийн өмчит Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гээд компани авчихдаг. Тал нь брокер дилерийн компанид үлддэг. Тэр 2500 төгрөг нь ажилчдын цалин, сургалтын зардал, урсгал зардал, түрээс гээд үйл ажиллагааны зардлынхаа хаана нь ч хүрэхгүй. Үүнийг тооцоолохгүйгээр зөвхөн явуулын хэдэн брокер данс нээгээд, үүнийгээ брокер дилерийн компани ажиллуулж байна гэвэл өрөөсгөл. Үүн дээр зохицуулалт хэрэгтэй. Хяналт зохицуулалт сайн байхгүй бол хадгаламж зээлийн хоршоо шиг болж, харилцагчдыг хохироох явдал гарах вий гэдгээс эмээж байна.

-Брокер дилерийн компани байгуулахад шаардлага шалгуур байдаг шүү дээ. Дүрмийн сан нь 50 сая төгрөгөөс дээш байна, ажилчид нь тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс байна, өөрийн гэсэн байртай байна гэх мэт. Энэ бүх шаардлагыг хангаж байж СЗХ-ноос зөвшөөрөл авна биз дээ? Санхүүгийн чадамжтай, мэргэжлийн хүмүүс л ажиллаж байна гэж хүмүүс ойлгодог.
-Бид ч тэгж ойлгож байгаа. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Би нэг бус удаа нийт брокер дилерийн компаниуддаа шалгалт хийе гэж Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд хүсэлтээ илэрхийлж байгаа. Энэ асуудлыг цааш нь СЗХ-д тавьж, хамтдаа шалгалт хийх талаар саналаа хэлсэн.

Чиний хэлсэнчлэн брокер дилерийн компаниудын шаардлага гэж бий. Дор хаяж хоёр брокер, хоёр дилер, захиралтайгаа нийлээд 5 хүн байх ёстой. Ажилчид нь бүгд эрх авсан, өөрсдийн байртай байх ёстой. Үнэхээрийн тийм байна уу гэдгийг 100 гаруй компаниар явж шалгаж үзье л дээ. Тэн хагас нь эдгээр шаардлагыг хангаж чадахгүй гэдгийг би баттай хэлнэ. Яагаад баттай хэлж байна вэ гэхээр өнөөдөр манай зах зээл дээр ажиллах эрх авсан хүн хэдхэн зуу л байдаг. Тэднийг бүх брокер дилерийн компанидаа хуваахаар хүрдэггүй. Эндээс худлаа гэдэг нь харагдаж байгаа биз.

-Брокер дилерийн компаниудад шалгалт хийдэг биз дээ?
-Шалгалт хийлгүй яахав. Хуваарьт шалгалтуудаас гадна гэнэтийн шалгалт ч хийгддэг. Гэхдээ дахиад нэгдсэн журмаар шалгалт оруулъя. Эцсийн дүндээ хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг л хамгаалах хэрэгтэй шүү дээ. Харилцагчийн эрх ашгийн үүднээс ингэж хэлж байна. Түүнээс биш би брокерийн компаниын төлөөлөл гээд брокер дилерийн компаниудыг өмөөрөөд баймааргүй байна. Гол нь харилцагч хохирч болохгүй.

-Харилцагч хохирвол дагаад брокер дилерүүд хохирно. Цаашлаад хөгжих гэж яваа хөрөнгийн зах хохирох байх даа?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр брокер дилерүүдийн нэр хүндийг өргөх гээд нэг хэсэг нь явж байхад ганц хоёр компаниас болоод бүгд хохирмооргүй байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг бүгдийнх нь нэр хүнд л унана.

-СЗХ стандарт хангасан гэж үзээд зөвшөөрөл өгч байгаа биз дээ? Оффисгүй, ажилчид нь эрхгүй хүмүүст хорооноос зөвшөөрөл өгөхгүй байлгүй дээ. Эсвэл ар өврийн хаалгаар тусгай зөвшөөрлүүд гараад байна уу?
-Тэрийг ёстой СЗХ л мэдэх байх даа. Ямар ч байсан шинээр зөвшөөрөл олгосон гэлтгүй шинэ, хуучин бүх брокер дилерийн компаниудад Хорооноос яаралтай шалгалт хийх нь зүйтэй болов уу гэж бодож байна.. Энэ асуудлаа цэгцлээсэй. Дөнгөж 2,7 сая хүнд 100 гаруй брокер дилерийн компани гэдэг дэндүү ахадсан тоо.

-Зах зээл гэдэг өрсөлдөөн байдаг болохоор магадгүй хуучин, томорчихсон брокер дилерийн компаниуд шинэ компаниудыг шахах гэж байна гэж хардах хүмүүс байгаа байх
?
-Энд хуучин, шинэ гэж ялгаварлаж болохгүй. Би өөрөө шинэ брокер дилерийн компанийн төлөөлөл. Хууччуул дунд ч дүрэм журмаа зөрчөөд явж байгаа компаниуд бий шүү дээ.

Миний мэдэхийн МҮЭСТО-нд нэг өрөөний дөрвөн буланд дөрвөн брокер дилерийн компанийн дөрвөн захирал суудаг байсан юм даа. Хуучнууд нь ч гэсэн шаардлага хангахгүй л байгаа биз дээ. Тийм болохоор энд шинэ хуучин гэж ялгаварлахаасаа илүү бүгдийг нь шударгаар шалгаж, зохицуулах хэрэгтэй байгаа юм. Үнэхээр харилцагчдадаа хүрч ажиллаж чаддаг, зах зээлээ мэдрээд ажиллаж чадвал амжилтад хүрч болно шүү дээ.

-Төлбөр хураамжийн тал дээр шууд мөнгөн дүн тавихаасаа илүүтэй жаахан уян хатан байж болдоггүй юм уу? Гадаадын хөрөнгийн биржүүд ямар байдаг юм бол?

-Арилжааны шимтгэл гэж гүйцэтгэсэн арилжаанаасаа хамаарч төлдөг шимтгэл бий. Одоо манай хөрөнгийн бирж дээр арилжааны шимтгэл 0,5 хувь байдаг. Ний нуугүй хэлэхэд энэ бол маш өндөр хувь. Хонконгийн бирж дээр 0,005 хувь байдаг. Харьцуулахаар их өндөр байгаа биз. Гол нь манай арилжааны дүн Хонконгийнхтой харьцуулах аргагүй.

Хонконгийнх асар их үнийн дүн байдаг болохоор брокеруудаас арилжааны шимтгэл бага авсан ч асуудал байхгүй. Энэ нь хөрөнгө оруулагч нарыг татах таатай орчин болдог. Манайд бол арилжааны шимтгэл өндөр болохоор эцсийн ачааг хөрөнгө оруулагчид, харилцагчид үүрдэг. Бид харилцагчдадаа хямдхан шимтгэл үзүүлж чаддаггүй.

Харилцагчдаасаа арилжааны шимтгэл гээд 1 хувийг авлаа гэхэд түүнээсээ биржид 0,5 хувийг, ҮЦТТТХТ-д 0,24 хувийг, СЗХ-нд 0,1 хувийг төлдөг. Бидэнд үлдэж байгаа хувь нь 0,2. Брокер дилерүүд ажиллаад байгаа мөртлөө дөнгөж 0,2-хон хувийн шимтгэлтэй үлдэнэ. Энэ өндөр шимтгэлийн дарамт харилцагчдад л тохогдоно. Хөрөнгө оруулагчид манай зах зээл рүү орж ирье гэвэл маш өндөр өртөгтэй орж ирэх болно.

Тэгэхээр брокер дилерийн компаниудын хураамжийг 5 дахин өсгөж байгаа бол нөгөө талдаа арилжааны шимтгэлийг бууруулах замаар уян хатан бодлого байх хэрэгтэй. Ширээний ард суугаад бүгдээрээ сайн ярилцаж тохиролцох хэрэгтэй гэж бодож байна.

-Нөгөө талаар бирж үйл ажиллагаагаа шинэчлэн дүрэм журмаа чангаруулж, төлбөр хураамжаа нэмж байгаа нь энэ олон брокер дилерийн компаниудыг цэгцэлж, цэвэрлэж байгаа механизм биш юм уу? Чадалтай сайн нь үлдээд, шаардлага хангахгүй компаниуд нь хаалгаа бариад явна биз?

-Тэгж ойлгож бас болно. Яагаад гэхээр эцсийн дүндээ бирж ч гэсэн арилжаа зохион байгуулдаг. Тэдний гол зорилго нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах. Мэдээж хэрэг найдвартай, харилцагчдадаа хүрч үйлчилдэг сайн гишүүн байгууллагуудтай байхыг зорьж байгаа байх. Түүнээс биш харилцагчдынхаа хувьцааг зараад мөнгийг нь аваад идчихдэг брокер дилерийн компаниудтай байвал хэцүү. Өнөөдөр тийм компаниуд байгаа нь үнэн шүү дээ.

-Зарим банкууд клирингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авлаа. Мэдээж хөрөнгийн биржийн хөгжилд клирингийн үйлчилгээ чухал. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, банкуудад андеррайтер, кастодиан гэх мэт үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн. Энэ хүрээнд банкууд үйл ажиллагаа явуулж болно.

Тухайлбал, кастодиан үйлчилгээг санхүүгийн чадвартай байгууллага хийдэг үйлчилгээ болохоор банкуудыг оруулж ирэхээс аргагүй. Андеррайтер ч ялгаагүй. Шинээр хувьцаа гаргаж байгаа компанийг найдвартай компани гэж үзэж байгаа бол эрсдэлийг нь бас үүрч чаддаг байх ёстой. Тэр хэмжээгээр хөрөнгийн чадвартай байх ёстой тул банкууд хийх нь зөв. Гэхдээ банк хөрөнгийн зах руу орж ирэхэд ямар оролцоотой байх ёстой вэ гэдгийг нарийн тодорхойлох хэрэгтэй.

Банкны үйл ажиллагаанаас тусдаа охин, салбар компаниар хөрөнгийн захад орох шаардлагатай байгаа. Банктайгаа хутгалдаж болохгүй. Яагаад гэвэл тэнд хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа болохоор ашиг сонирхлын зөрчил үүсч болно. Банкууд орж болно, гэхдээ зохицуулалт хэрэгтэй. Банк банкаараа орж болохгүй, харин тусдаа охин компани байгуулж, банкны үндсэн үйл ажиллагаатай хутгалдахгүй байх ёстой юм.

-Худалдаа хөгжлийн банкнаас эхлээд охин компани байгуулж, хөрөнгийн зах зээл рүү орж ирж байна. Энэ зөв алхам мөн үү?

-Тийм. “Ти Ди Би капитал” бол Худалдаа хөгжлийн банкны охин компани. Охин компани нь өөрийн дүрмийн сантай, удирдлагатай, бие даасан компани болж байна. Би үүнийг дэмжиж байгаа. Миний ойлгож байгаагаар “Голомт” банкны “Голомт Секьюритис” гээд компани сүүлд эрхээ авсан. Гэхдээ андеррайтерынхаа эрхийг “Голомт” банк дээр авсан байсан. Үүн дээр л зохицуулалт шаардлагатай байгаа юм. Банк хөрөнгийн зах зээлийг хэд хэдэн удаа унагаж байсан болохоор нарийн зохицуулалт хийх хэрэгтэй.

-Банкуудын охин компаниудыг брокерийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байна. Энэ талаар?

-Олон улсын жишгээр андеррайтер, брокер хоёр нэг дор байхыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг. Банкны тухай хуулинд банк болон түүний салбар компаниуд нь андеррайтер, кастодиан гэх мэт үйл ажиллагаа явуулна гээд заагаад өгчихсөн байдаг. Тэр дотор брокер гэж байхгүй. Тэгэхээр байхгүй тусгай зөвшөөрлийг банкуудад олгож байгаа нь хууль ёсны дагуу юу гэдэг асуудал үүсч байгаа юм. Энэ тал дээр МҮЦАЭХ нэлээд идэвхтэй хөдөлж, жил гаруйн хугацаанд олон газар руу хандсан. СЗХ-ны Хяналтын зөвлөлөөс үүнийг хууль зөрчсөн байна гэж үзээд банкуудын брокерийн эрхийг түдгэлзүүлсэн байна лээ.

-Тэгэхээр банкуудын охин компаниудын нээсэн хувьцааны данснууд яана гэсэн үг вэ?
-Тэр данснуудыг өөр брокерийн компанид шилжүүлчихэж болно. Ямар ч асуудал байхгүй. Харилцагчдыг хохироохгүй.

Нөгөө талдаа брокеруудын нэг эмзэглэж байгаа зүйл нь төлбөр тооцоо. Харилцагчдын бэлэн мөнгөний төлбөр тооцоог урьд нь ҮЦТТТХТ-өөр хийдэг байсан бол одоо банкуудаар хийхээр болж байгаа. “Худалдаа хөгжлийн банк”, “Хас”, “Хаан”, “Голомт” гэсэн дөрвөн банкийг клирингийн банкаар сонгож, брокер дилерүүдийн харилцагчдын бэлэн мөнгөний төлбөр тооцоог энэ дөрвөн банк хийхээр болж байгаа юм.

Брокер дилерийн компаниудын бүх харилцагчийн мэдээлэл эдгээр банкаар дамжина гэсэн үг. “Ти Ди Би капитал”, “Голомт Секьюритис” гээд нэг зах зээл дээр өрсөлдөж байгаа компаниуд байхад бидний харилцагчдын мэдээлэл дээрх банкуудаар дамжина гэхээр ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа биз дээ. Бид харилцагчдынхаа мэдээллийг үнэгүйгээр, тэр бүү хэл шимтгэл төлөөд эдгээр банкинд өгнө гэдэг нь өрсөлдөгч компаниуддаа өгөөд байгаагаас ялгаагүй болж байгаа юм. Энэ тал дээр брокер дилерийн компаниуд нэлээд цочирдож байгаа.

-Энэ банкуудад клирингийн зөвшөөрөл өгөхдөө шаардлага тавьж, ийм асуудлуудыг тооцоолдоггүй юм уу?
-Клирингийн банкны тухайд СЗХ-ноос тусгай зөвшөөрөл өгөх шаардлагагүй гэж үзсэн байна лээ. Яагаад гэхээр бэлэн мөнгөний төлбөр тооцоо бол банкуудын хийдэг л үйл ажиллагаа болохоор тэр. Энэ 4 клирингийн банкийг Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-өөс тусгай шаардлагын дагуу шалгаруулсан юм билээ. Наад зах нь олон улсын үнэлгээний компаниас рейтинг тогтоолгосон байх ёстой зэрэг шаардлагыг хангасан болохоор зөвшөөрөл авсан. Нэгэнт энэ банкууд клирингийн үйлчилгээ эрхэлж байгаа бол Дорж Дулмаа гээд хэн ч бай хэдэн төгрөгөөр ямар хувьцаа авч байна гээд бүх мэдээлэл нь банкууд дээр очиж таарна. Тийм болохоор ашиг сонирхлын зөрчил үүсч байна гэж яриад байгаа юм.

-Дээр дурдсан банкуудын салбар компаниудыг брокерийн үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн гэсэн. Брокерийн үйл ажиллагаа явуулахгүй болчихвол та нартай харшлах зүйлгүй юм биш үү?
-Тийм. Брокер дилерийн үйл ажиллагаа эрхэлдэг охин компанитай банкууд клирингийн үйлчилгээ хийхээр бидэнд хэцүү болчихож байгаа юм. Энэ дөрвөн банкийн аль нэгээр нь л үйлчлүүлэх ёстой гээд заачихсан. Гэтэл энэ дөрвөн банк бүгд брокер дилерийн компанитай байвал хэцүү биз дээ. Өрсөлдөгч байгууллагадаа бүх харилцагчдынхаа мэдээллийг үнэгүй өгч байна гэсэн үг. Ямар ч бизнест ийм юм байх ёсгүй.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг брокеруудаар биш Хүний хөгжил сангийн дэвтрээр тараана гэж ярьсан. Үүнийг юү гэж ойлгох вэ?

-Хувьцаа гэдэг үнэт цаасыг аль ч улсад хөрөнгийн зах зээл дээр л арилжаалдаг. Энэ бол энэ зах зээлийн алтан зарчим. Өнөөдөр иргэн бүрт тараасан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэ чухамдаа IPO хийгдэж арилжаа эхэлснээр тодорхойлогдоно. Арилжаа эхэлмэгц энэхүү 1072 ширхэг хувьцааны үнэ нэг сая төгрөг биш 2 сая төгрөг болбол ард түмнийхээ хувьцааг дэндүү хямдхан бараг дээрэмдсэн хэрэгт унана биз дээ.

Нөгөөтэйгүүр, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь энэ засгийн газрын нэг том зорилго байсан тул үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төрийн өмчит компаниудыг шинээр хувьцаа гаргах замаар хувьчлах, шинэ бүтээгдэхүүн бий болгох зэргээр хөрөнгийн зах зээлээ дэмжих хэрэгтэй болов уу. Үүний эхлэл нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO энэ зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн найдвар тавьж байгаа. Гэтэл хувьцааг нь брокер дилерийн компаниар тараалгахгүй гэж байгаа нь гайхшруулж байна.

С.Болд-Эрдэнэ

2012,05,01

0 comments:

Post a Comment