Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Улс төрийн шийдвэрүүд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д нөлөөлөх болно

2012-01-20

 Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэдэг уул уурхай, эдийн засгийн “хөгжил” хөтөлбөр энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-гийн эргэн тойронд сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, MICC Хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар оролцлоо.

-Урилгыг маань хүлээн авч Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци, “Хөгжил” студид маань хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Эхний асуултаа “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишид тавъя. “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын биржүүд дээр IPO хийх бэлтгэл ажил ямар явцтай байна вэ? Сүүлийн үеийн мэдээллээс хүргээч?
Б.Энэбиш: -Уурхайн олборлолттой холбоотой ажил маань жигдрээд явж байна. Нүүрсээ экспортод гаргаж эхэллээ. Нүүрсний борлуулалтаасаа 250 сая долларын урьдчилгаа төлбөр авч, Хүний хөгжил санд төвлөрүүлсэн. Гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах үйл явцын бэлтгэл маш идэвхитэй явж байна. Өнгөрсөн 4-р сараас эхлээд “Голдмэн Сакс”, “Дойче Банк”, “Би Эн Пи Парибас”, “Макуэри” гээд 4 банк болон татварын, аудитын, хуулийн гээд нэлээд олон зөвлөхүүдтэй ажиллаж байна. Өнгөрсөн 11-р сард Засгийн газраас аль бирж дээр, мөн хувьцаа арилжаалах компанийн бүтэц нь ямар байх вэ гэдэг  шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10-20 хувийг манай хуулийн дагуу Монголын Хөрөнгийн бирж дээр, үлдэж байгаа 80-90 хувийг багцлаад Англид бүртгэлтэй компани байгуулан Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжаалах нь зүйтэй гэсэн ерөнхий удирдамж өгсөн. Энэ чиглэлээр компанийн нягтлан бодох бүртгэл, санхүү, хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдад танилцуулах үндсэн бичиг баримтууд гээд маш их зүйл бэлдээд зав муутай байна. Ид бэлтгэлийн үедээ явж байна. Энэ ондоо багтаад Хонконг, Лондонгийн биржид хүсэлтээ гаргана. Хонконгийн хөрөнгийн бирж рүү зарим баримт бичгээ явуулсан. Ирэх оны 4-р сард амжуулаад хувьцааныхаа арилжааг эхлүүлэхээр ажиллаж байна даа.
-Ирэх 2-р сарын нэгнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10, магадгүй 20 хувийг нэрлэсэн үнээр нь нийт нэг сая төгрөгийн үнийн дүнд хүргэж, Засгийн газар өөрөө мөнгөжүүлнэ гэж байна. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гарч байна гэж ойлгож болох уу? Мөн нэрлэсэн үнээр гэдэг дээр байр сууриа хэлээч?
Б.Болд: -Эхлээд жаахан залруулга, тодруулга хийж, одоо яригдаж байгаа зүйл дээр нэмэлт өөрчлөлт засвар орох магадлал өндөр байна. Нягтлан бодогч, татварын байцаагч нар нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ хоёрын ялгааны талаар тодорхой ойлголттой байгаа. Асуудал юу гэж үүсч байна вэ гэхээр нэрлэсэн үнэ нэг төгрөг, нэг цент ч байж магадгүй. Үүнийг нягтлан бодох бүртгэгч нар л тогтоодог. Хонконгийн бирж дээр гарсан “Энержи Ресур”с буюу Mongolian Mining Corporation тухайн үедээ хөрөнгийн бирж дээр гарч байхдаа 70-аад сая ам.долларын нийт хөрөнгөтэй байсан шиг санагдаж байна. Нягтлан бодох бүртгэлийн хувьд нийт үнэлгээ нь шүү дээ. Харин нийт хувьцааных нь зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.доллар, босгосон мөнгө нь 650 сая доллар болсон. Тэгэхээр хувьцааныхаа нэрлэсэн үнээр ингэнэ тэгнэ гэж ярихаас өмнө Засгийн газар, Сангийн яамнаас мэргэжилтнүүд тодорхой өөрчлөх саналуудыг оруулж ирэх байх. Тэгж байж энэ процесс явна. Түүнээс биш өнөөдрийн яригдаж байгаа томъёолол бол нэмэлт боловсруулалт шаардлагатай харагдаж байна. Үүн дээр ойлголтын зөрүү байгаа юм. Харин үүнийг Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийж байна гэж ойлгож болохгүй. Яагаад гэхээр бидний ойлголтоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн Англид бүртгэлтэй компани Лондон, Хонконгийн бирж дээр хувцьаагаа гаргасны дараа монголчуудын гар дээр байгаа хувьцааны арилжааны процесс явагдана. Яагаад гэхээр олон улсын зах зээл дээр анх удаа манай стратегийн орд яг дэлхийн зах зээлийн үнэлгээнд хүрэх гэж байна. Тийм учраас энэ бол тэгж яаран шийдвэрлэх асуудал биш.
-“Эрдэнэс Тавантолгой” IPO хийнэ гэж бараг жил гаран яригдаж байна. Олон нийтийн дунд нэгж хувьцааны үнэ хэд байх бол гэсэн хүлээлт бий. УИХ дээр 10-20 хувийн хувьцаа нь нэг сая төгрөг гэж яригдаж байгаа нь нэгж хувьцааны үнийг бараг тогтоочихож байгаа юм биш үү? Нөгөө хөрөнгө оруулалтын банкууд, зөвлөхүүдийн ажлыг УИХ, Засгийн газар хийчихэж байна гэж харагдаад байгаа юм?
Б.Болд: -Мэдээж манай ардчилсан нийгэмд хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь зөв. Гэхдээ үзэл бодол, мэргэжлийн зөвлөгөө хоёр бол тэс өөр шүү дээ. УИХ-ын 76 гишүүн маань Тавантолгойн 76 зөвлөх болчихоод хувьцааны үнэлгээ гаргаад сууж байгаа бол буруу ажил хийж байна. Тэр үнэлгээ хийдэг газар нь банкууд, зөвлөхүүд. Үнэлгээ ямар байх нь тухайн үеийн зах зээлийн эрсдэлээс хамаарна. Ерөнхий нэг тэдээс тэдийн хооронд байх болов уу гэсэн багцаа гарна л даа. Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засаг ямар байдалтай байна? Төмрийн үнэ Хятадад унаж байна. Төмрийн үнэ унаж байна гэдэг коксжих нүүрсний үнэ унана гэсэн үг. Хятадын жилд үйлдвэрлэдэг 600 сая тонн төмөр ойролцоогоор 900 сая тонн төмрийн хүдэр, магадгүй 700 сая тонн коксжих нүүрс хэрэглэж байгаа байх. Төмрийн үнэ унана гэдэг түүнд хэрэглэж байгаа түүхий эдийн үнэ унахыг харуулж байгаа хэрэг. Тийм болохоор тухайн үеийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн байдал, Европын хувьцаануудын зах зээлийн уналт гэх мэтчилэн олон хүчин зүйл гарч ирэх учир өнөөдөр хувьцааны үнэ яг тэдэн төгрөг байна гэж үнэлэх нь боломжгүй зүйл. Яахав багцаа тооцоо бол байгаа.
Бас нэг зүйл хэлэхэд бирж дээр хувьцаагаа гаргахад олон улсын үнэт цаасны зах зээлийн хууль норматив гэж байдаг. Тэрэнд урьдчилсан байдлаар үнэт цаасны үнийн хөөрөгдлийн хүлээлт үүсгэж болохгүй гээд нарийн заачихсан байдаг. Тийм болохоор хувьцааны үнийн талаар банкууд ямар ч үг хэлэх боломж байхгүй. Хэлчих л юм бол тэр үнэ нь хүлээлт үүсгэчихдэг. Магадгүй доогуур, эсвэл дээгүүр үнэ хэлчихвэл асуудал үүснэ. Өнөөдөр хувьцааны үнэлгээний талаар ярих жаахан эрт байна. Жаахан тэвчээртэй хүлээхэд Лондонгийн бирж дээр байгаа олон улсын хөрөнгө оруулагчид нь тодорхойлоод өгчихнө шүү дээ.
Д.Ачит-Эрдэнэ: -Ер нь бол хоёр үнэ яригдаад байх шиг байна. Нэг нь нэрлэсэн үнэ. Үүнийг нягтлан бодогч нар гаргаж ирнэ. Энэ нь хамгийн бага л үнэ байдаг. Нэг цент, нэг төгрөг ч байж болно. Дараа нь тухайн хувьцааны зах зээлийн үнэ тогтдог. Нэг талаас худалдагч тал, нөгөө талаас худалдан авагч нар буюу хөрөнгө оруулагчид энэ үнийг тогтоодог. Энэ процесст үнэлгээний модел хийх, хөрөнгө оруулагч нарт сурталчилах зэргээр хөрөнгө оруулалтын банкууд тусалдаг. Дээр нь томоохон хөрөнгө оруулагчидттай тодорхой хэмжээний хэлэлцээр явагдсаны дараа эцсийн үнэ гарч ирнэ.
Одоо нэг сая төгрөгийн хувьцааг 2,7 сая хүнд тараахад бараг нэг үнэ тогтчихож байгаа юм. Яг нарийн тооцоо байхгүй байгаа болохоор би бас нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 2,7 сая хүнд нэг хүнд нэг сая төгрөгийн хэмжээтэй нийт компанийн 10 хувийн хувьцааг тараана гэж үзэх юм бол энэ нь ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хувьцааг тарааж байгаа тооцоо харагдаж байгаа юм. Ингээд бодвол компанийн нийт үнэлгээ нь 10-20 тэрбум орчим ам.доллар гэж тогтоогдох гээд байх шиг байна. Зах зээл дээр гараад энэ үнэдээ хүрэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Энэ үнэдээ хүрэхгүй бол болохгүй болохоор энэ байдал нь IPO-гийнхоо процесст нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна л даа.
Б.Энэбиш: -Миний бодлоор нэрлэсэн үнэ гэдэг байдлаар үнэлээд иргэдэд өгвөл учир дутагдалтай байж магадгүй. Зүгээр 20 хувийг иргэдэд тэдэн төгрөгөөр өгье өө гээд томъёологдоод гарвал нэгэнт Засгийн газар компанийн эзэн болохоор байж болох байх. Яг нэрлэсэн үнээр өгч байна аа гэх юм бол Б.Болд захирал, Д.Ачит-Эрдэнэ захирлын хэлсэн шиг олон улсын улсын хөрөнгийн биржүүдийн зохицуулалтын шаардлагууд, үнэлгээ ямар байх, ирээдүйд ямар байх гэдэгтэй нэлээд уялдуулахгүй бол болохгүй байж магадгүй. Үг үсгийг нь сайн харах хэрэгтэй. Яг нэрлэсэн үнэ тэд байна гэж шууд хэлэх бол бас болгоомжтой байх асуудал.
-УИХ дээр яригдаж байгаа энэ процедур, асуудал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д яаж нөлөөлөх вэ?
 Б.Энэбиш: -Нэрлэсэн үнэ гэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-н тэдэн хувийг иргэддээ өгч байна, хувьцаагаа мөнгөжүүлж байна гэдэг байдлаар хандах юм бол нөлөөлөл нь харьцангуй гайгүй байх. Харин нэрлэсэн үнийг нь тэдээр тогтоож, тэдэн төгрөгөөр өгч байна гэж хатуу тогтоох юм бол маш хэцүү болж магадгүй байна. Дээр нь Хонконгийн бирж дээр  хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс 4 долоо хоногийн өмнө хувьцаа арилжаалах компани болон түүний шууд харъяалах охин компанийн хувьцаатай холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн байх ёстой байдаг юм билээ. Тэр шаардлагатай хэр нийцэж байна гэдгийг бид авч үзэх л ёстой болж байна. IPO хийх хугацааг хойш нь татах хүчин зүйл болчих вий гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө өгч байгаа банкууд асуугаад санаа зовоод байгаа тал бий.
Б.Болд: -IPO гэдэг хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа санал болгож байгаа процессын өмнө улстөржүүлж явах нь үнэлгээнд нөлөөлөх юм уу гэж асуулаа. Тэр бол зайлшгүй нөлөөлнө. Ялангуяа хөрөнгийн зах зээлд гарч байгаа компанийн хувьд “дуугүй үе” гэж бий. Тэр үед маш нарийн болгоомжтой хандах ёстой. Яг үнэлгээ хийгдэхээс 6-9 сарын өмнө ямар нэг байдлаар үнийн спукляци хийх, Засгийн газар нь нэг гаргасан тогтоолоо өөрчлөх зэрэг нь бодууштай хандах асуудал юм. Гадаадын хөрөнгө оруулагчид их айхтар шүү дээ. Манайд гарч байгаа мэдээллийг англи хэл дээр орчуулаад гаргасныг аль хэдийнэ олоод үзчихнэ. Б.Энэбиш захирлыг хөрөнгө оруулагчидтай уулзаад явж байхад их хүнд хүнд асуулт асууна. Тэгэхлээр энэ бүх үр дагавраа бодож, өөрөө өөрсдийнхөө амьдралыг хүндрүүлэхгүйгээр жаахан тэвчээртэй хандах хэрэгтэй байна. Олон улсын зах зээл тогтоогоод өгөх хүртэл 6-9 сарын тэвчээртэй байх үе ирж байх шиг байна. Сонингоор мэддэг мэддэггүй сэдвүүдээ хамаагүй яриад байдагтай адилхан биш болохоор жаахан болгоомжтой хандмаар юм шиг байна лээ.
Д.Ачит-Эрдэнэ: -Нэг талаар холбогдож болно л доо. УИХ дээр яг ямар шийдвэр гарсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 536 ширхэг хувьцаа нэг сая төгрөг байна уу, 1072 ширхэг хувьцаа нэг сая төгрөг байна уу гэдгээс хамаараад нэгж хувьцааны үнэ тогтчих гээд байгаа байхгүй юу. Ямар ч үнэ байлаа гэсэн IPO-гийн үнэ, компанийн үнэлгээ үүнээс доор тогтож болохгүй шаардлагатай болчихож байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банк, компанийн үйл ажиллагааг илүү хүндрүүлэх магадлалтай болчихож байгаа юм.
Б.Энэбиш: -Манай УИХ-аас ерөөсөө олон улсын зах зээлийн үнийг доод хэмжээг тогтоогоод орхилоо гэж ойлгох юм уу? Яг ямар шийдвэр гарсан, яаж уялдуулах вэ гэдгээ их сайн бодолцох хэрэгтэй юм.
Б.Болд: -Эсвэл ийм үнэ авчих юм бол эд нар ханачих юм байна, иймэрхүү үнэлгээгээр тогтоочиход эдний Засгийн газар хүлээж авах юм байна гэж ойлгочих ч юм бил үү. Энэ тал дээр их нюанстай шүү дээ.
 -“Эрдэнэс Тавантолгой” компанийг “Энержи Ресурс”-тай их харьцуулдаг. Нөөцийнх нь хувьд авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд “Энержи Ресурс”-ынхаас 10 гаруй дахин их нөөц бий. Тийм болохоор “Энержи Ресурс”-ын хувьцаа ийм үнэлгээтэй байгаа юм чинь “Эрдэнэс Тавантолгой”-нх үүнээс хэд дахин илүү үнэтэй байна, эсвэл хэд дахин илүү өснө гэсэн таамаглал хүчтэй яригдаж, иргэдийн дунд ч хүлээлт их болчихлоо. Үнэхээр ийм байж болох уу? Д.Ачит-Эрдэнэ захирал та мэргэжилтний хувьд хариулахгүй юу?
Д.Ачит-Эрдэнэ: -Өөрийн тань хэлж байгаа үнэн л дээ. Иргэдийн дунд маш их хүлээлт үүсчихсэн байгаа. Бүгд дансаа маш идэвхитэй нээлгэж байна. Нээлгэхээс гадна зарим хүн над руу яриад миний 536 ширхэг хувьцааг 2 дахин илүү үнээр авъя гэсэн санал байна, танайд 3 дахин илүү үнээр авах хөрөнгө оруулагч олдох уу гэж асуудаг. Эндээс юу харагдаж байна гэхээр компанийн хувьцааны үнэлгээ, нэрлэсэн үнэ, зах зээлийн үнийн талаар ойлголт маш дутмаг байна. Хүмүүсийн дунд компанийн үнэлгээг маш хялбар бодож гаргаад байдаг ойлголт байдаг. Юу гэхээр 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бол нэг тонныг нь зах зээлийн үнэ 100 доллараар үржүүлээд 600 тэрбум долларын үнэлгээтэй компани гэсэн ойлголт байгаад байна. Үүнийг маш энгийнээр тайлбарлахад компанийн хувьцааны үнэлгээ гэдэг бол тухайн хувьцааг эзэмшигч хувьцаа худалдаж авсан мөнгөө компаниас өгөх ногдол ашгаар хэр удаан хугацаанд эргүүлж олж авах вэ гэдгээр үндсэн тооцоо нь хийгддэг. Нөөц хэдий их байлаа ч гэсэн оруулсан мөнгөө хэдий хугацаанд олж авах вэ гэдэг тооцоог 30 жилээс дээш хугацаагаар хийхээр утгагүй болоод ирдэг. Өөрөөр хэлбэл ихэнх компани 20-30 жилийн санхүүгийн тооцоо загварчлал хийгээд энэ хугацаанд олж байгаа ашгийг одоогийн үнэ цэнд оруулаад явдаг. Тэгэхээр Тавантолгойгоос жилд 40 сая тонн гэж тооцоод 30 жил ашиглалаа гэхэд 1,2 тэрбум тонн болж байгаа. Үүнээс цаашаа байгаа нөөц үнэлгээнд нэг их ач холбогдолтой тооцогдохгүй. Мэдээж Тавантолгойн хувьд ашиглагдаагүй хамгийн их нөөцтэй орд гэдгээр ямар нэгэн нэмэлт байх болов уу. Гэхдээ нөөц нь 2 тэрбум байна уу, 6 тэрбум байна уу гэдгийн ялгаа бага болчихож байгаа юм. “Энержи Ресурс” ч гэсэн 30 жилийн үйлдвэрлэл дээр тооцоо хийж IPO хийсэн байгаа байх. “Эрдэнэс Тавантолгой” ч бас 30 жилийн хугацаатай тооцоо хийхээр зарчмын хувьд шууд нөөцөөр нь үнэлэх аргагүй юм.
Б.Болд: -Хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдан авдаг гол том тоглогчид нь олон улсын тэтгэврийн сангууд байдаг. Ялангуяа Лондонд төвтэй том хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын хувьцааг авдаг. Маш нарийн мэдлэг, мэдээлэлтэй жинхэнэ мэргэжилтнүүд суудаг. Энэ мэргэжилтнүүд Д.Ачит-Эрдэнэ захирлын ярьдаг компанийн 30 жилийн санхүүгийн загварчлал буюу моделийг гаргадаг. Жилд олборлох 30-40 сая тонноо 30 жилээр үржүүлээд тэр дотроо хэдэн тонныг нь угаах юм, эрчим хүч рүү хэдийг нь зарцуулах юм, Монголын нүүрсний үнэ Австралийн нүүрсний үнэд хүрэх вэ, улс төрийн ямар эрсдэлүүд байна, төмрийн нийлүүлэлт ямар байх нь вэ, ганц Хятад биш Энэтхэг, Солонгос руу нүүрс экспорлох уу гээд маш олон хүчин зүйлийг тал талаас нь анализ хийж байгаад нэг үнэлгээ гаргаж ирдэг. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” жилийн 40 сая тонны олборлолтоор 30 жилээр авлаа гэхэд нэг тэрбум 200 сая тонн, “Энержи Ресурс” 300 сая тонн байлаа гэж бодоход энэ хоёрын 30 жилийн тооцоогоор харвал “Эрдэнэс Тавантолгой” “Энержи Ресурс”-ээс 3-4 дахин том үнэлгээ хүрэх тооцоо харагдаж байна. Гэхдээ яг ийм байх уу, үгүй юу гэдэг дотроо маш олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Миний хувийн үзэл бодол бол Тавантолгойн ордын бүх лицензээ “Эрдэнэс Тавантолгой” руу нэг зэрэг шилжүүлж, 6 тэрбум тонн нөөцөө бүгдийг нь өгөх нь зөв юм уу, үгүй юм уу гэдэг дээр бодолцмоор санагддаг. Бид ямар нэг хэлбэрээр ирээдүйд ашгаа нэмэгдүүлэх ямар ямар боломж байгааг нарийн тооцоолох хэрэгтэй байх. Энэ тал дээр Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс нарийн хэлэлцээр тооцоонууд хийгдэж байгаа юм шиг байгаа юм.
Хоёрдугаарт, тэр хувь иргэд өнөөдөр хувьцаагаа зарж байгаа талаар нэг зүйл хэлэхэд өнөөдөр хувьцаагаа зарах ямар ч хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Хувьцаагаа зарж байгаа тэр хэлцлүүд чинь бүгдээрээ хууль бус. Юу гэсэн үг вэ гэхээр би нэг хүнд 536 юм уу 1072 ширхэг хувьцаагаа зараад гэрээ хийчихлээ гэж бодоё л доо. Ирэх оны 4-р сард “Эрдэнэс Тавантолгой” Лондонгийн бирж дээр IPO хийгээд тэр хувьцааны зах зээлийн үнэ тодорхой болчихвол, магадгүй 5 сая төгрөг хүрлээ гэхэд нөгөө хувьцаагаа зарсан хүн чинь би хувьцаагаа ийм үнэд хүрнэ гэж бодоогүй гээд хэлцлээ буцааж болно. Тэгэхлээр тэр худалдан авч байгаа хүн асар их хэмжээний эрсдэл үүрч байгаа шүү гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй.
Б.Энэбиш: -“Энержи Ресурс”-тай харьцуулж маш их ярьдаг л даа. Уурхай байгаа талбайгаар нь ярих юм бол Тавантолгойн ордын нийт га талбайн 96 орчим хувь нь, нөөцөөр нь ярьвал нийт нөөцийн 94 орчим хувь нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдэлд байдаг. “Энержи Ресурс”-ын Ухаа Худагийн орд олон улсын ангиллаар 480 сая орчим тонн гэдэг бол үлдэж байгаа 6 тэрбум гаруй тонн нүүрсний нөөц нь манай мэдэлд байдаг. Ингээд тооцвол маш их зөрүүтэй. Гэтэл “Энержи Ресурс”-ын Хонконгийн биржид өгсөн баримт бичгэнд жилдээ 12 сая тонн нүүрс олборлож экспортолно гэдэг юм билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд Зүүн Цанхи дээр ажиллуулж байгаа уурхай жилдээ 15-20 сая тонныг олборлож экспортолно. Тэгэхээр нийт нөөцийг хэдэн тэрбумаар нь ярих, яг бодитой бүтээгдэхүүн болгон гаргаад зарах хоёрын дунд маш том ялгаа байгаа биз. Энэ үүднээсээ харахгүй шууд нөөцийнх нь утгаар үржүүлбэл эдийн засгийн утгаараа тооцогддоггүй юм билээ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байх.
-Лондонд нэг компани байгуулж, Лондон, Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар болсон. Харин энэ компани Монголын хөрөнгийн бирж дээр адилхан хувьцаагаа гаргах уу? Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар бол Лондонд байгуулсан компани биш “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа гаргах ёстой. Энэ хоёрын ялгаа юу вэ? Хоёр өөр компани гурван бирж дээр хувьцаагаа борлуулахад төвөгтэй биш үү?
Б.Энэбиш: -Засгийн газраас хувьцаа арилжаалах компанийн бүтцийг хаана, ямар хэлбэртэй байгуулах талаар шийдвэр гарсан гэдгийг түрүүн хэлсэн. Энд нэлээд олон зүйл яригдсан. Сүүлийн 4-5 сар судалгаа хийж, зөвлөхүүдтэйгээ ярилцсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК буюу Монголд бүртгэлтэй одоо байгаа компанийнхаа хувьцааг Лондон, Хонконгийн бирж дээр арилжаалая гэхэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Хоёр хөрөнгийн биржийн хооронд хэлэлцээр хийх ёстой, манай Үнэт цаасны тухай хууль батлагдах ёстой, дээр нь татварын орчин, хуулийн орчин, давхар татвар гээд маш их асуудал босох болохоор бид бэлэн биш байна. Хөрөнгө оруулалтын банкууд болон зөвлөхүүдийн өгч байгаа зөвлөгөө бол татвар болон хуулийн орчинг харгалзаж, дээр нь компанийн үнэлгээ хамгийн өндөр хүрэх магадлалтай хэлбэр бол Их Британид бүртгэлтэй компанийг “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрын дунд байгуулж, хувьцааг нь Лондон Хонконгийн бирж дээр арилжаалъя гэсэн санал гарч, Засгийн газарт танилцуулагдсан юм. Тэр Лондонд байгуулсан компанийн хувьцааг яагаад Монголд байгуулж болохгүй байна гэхээр манай Ашигт малтмалын хуулинд Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани олон нийтэд хувьцаагаа арилжаалах болвол дор хаяж 10 хувиа Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаална гээд заачихсан. Энэ бол Монголынхоо Хөрөнгийн биржийг хөгжүүлэх гэсэн заалт. Ингэхээр лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалах ёстой болчихоод байгаа юм. Маш их хүндрэл байдаг юм байна. Үнэнийг хэлэхэд зөвхөн Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах бол бас ч гайгүй юм байна гэж бодогдож байна. Лондон, Хонконг, Монголын гээд гурван хөрөнгийн бирж дээр зэрэг арилжаална гэж тооцоод хөрөнгийн биржүүдийн шаардлага, татварын орчин гээд бүх юмыг уялдуулна гэдэг маш их нюанс шаардсан ажил байдаг юм байна. Зөвлөхүүдтэйгээ хамтраад ажиллаж л байна даа.
Д.Ачит-Эрдэнэ: -Энэ бүтцийг нэлээд сайн ойлгож байна. Урьд нь “Айвенхоу Майнз” компани Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа Монголд хувьцаагаа гаргая гэж оролдсон. Тэр үед бид зөвлөхөөр нь 6 сар ажилласан. Хууль эрхзүйн орчин нь зөрүүтэй болохоор “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг шууд Монголын Хөрөнгийн бирж дээр арилжих боломж байгаагүй. Үүнийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулая гээд Хөрөнгө оруулалтын гэрээндээ Монголын тал өөрсдийн эзэмшиж байгаа 34 хувиасаа 10 хувийг Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаална гэж тохиролцоонд хүрсэн юм билээ.
Б.Энэбиш: -Арилжаалах болбол.
Д.Ачит-Эрдэнэ: -Тийм, арилжаалах болбол гээд.
Б.Болд: -Би энэ тал дээр хэд хэдэн эерэг зүйл хэлмээр байна. Өнөөдөр бид нар бүгдээрээ хувьцаа гээд ярьж байна. Жилийн өмнө ингэж ярьдаггүй л байсан шүү дээ. Жилийн өмнө бид Cayman islands гэж юу байдгийг мэддэггүй л байсан. Бид нарын мэдлэгийн, мэдээллийн түвшин асар хурдан задраад явж байна. 6 сарын дараа бид нар шал өөр зүйл ярьж эхлэх болно. Нэрлэсэн үнэ, зах зээлийн үнээ ялгадаг болно. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр манай нийгэм өөрөө дараа дараагийн том хувьцаат нийгэм буюу зах зээлийн эдийн засгийн эзэн байх сонгодог хэлбэрийн зах зээл рүү орох асар том бэлтгэл ажлыг “Эрдэнэс Тавантолгой”-гоор хийж байгаа юм.
-Төгсгөлд нь хоёр санхүүчээсээ нэг зүйл асууя. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-д ямар эрсдэл байна гэж харж байна вэ? 
Б.Болд: -Бидний хамгийн том эрсдэл бол тээвэрлэлт, Хятадаас хэт хамааралд орох, үнийн барьцаанд орох. Ийм барьцаанд орохгүйн тулд боомт руу гарч, Япон, Солонгос, Энэтхэгийн том зах зээлд гарах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Төмөр зам бол “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний компанийн ирээдүйн үнэлгээний хамгийн том асуултуудын нэг болно. Энэ төмөр зам дээрээ аль аль талаасаа харилцан зөвшилцөж зөв шийдэлд хүрэх нь чухал. Бусад ус, эрчим хүч, хүний нөөц зэрэг асуудлуудыг бол шийдэж болно. Төмөр зам бол манай хамгийн том эрсдэл.
Д.Ачит-Эрдэнэ: 2,7 сая хүн хувьцаа эзэмшигч боллоо. Энэ бүх хүн хувьцааны талаар нэлээд гайгүй түвшинд ойлголттой байгаасай гэсэн бодол байдаг. Нэг эрсдэл нь юу банйа вэ гэхээр хөрөнгийн зах зээл дээр бүгд адилхан мэдээлэлтэй оролцож байж зах зээлийн хуулиараа үнэ тогтдог гэсэн онол байдаг. Мэдээлэл сайтай зарим нь хожиж байхад мэдээлэл дутуу нэг нь алдаж байдаг. Ийм байдалд орохгүйн тулд бүгдээрээ хувьцааны талаар, үнэлгээний талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй байгаа юм.
Б.Болд: -Үүн дээр нэмээд хэлэхэд бүгдээрээ социализмын санаанаас салмаар байгаа юм. 2 сая 700 мянган хүнийг яг адилхан хөрөнгөтэй болгох гэсэн бидний зорилго биш шүү дээ. Хүн болгон адилхан хөрөнгөтэй байдаг чинь ядуу байдаг социализмын үе. Тийм болохоор зарим нь хувьцааны зах зээл дээр гараад мөнгө хэрэгтэй бол хувьцаагаа зарна биз. Зарим нь авна биз. Хувьцааных нь үнэ унана, өснө. Энэ чинь хөрөнгийн зах зээлийн жам шүү дээ. 2,7 сая хүний хувьцаа магадгүй ирээдүйд 20-30 мянган хүний гарт төвлөрөх байх. Гэхдээ тэр хүнийг хувьцаагаа зар гэж хэн ч хүчээр шахаагүй шүү дээ. Тэр хувьцаагаа зараад авсан сая төгрөгөөрөө хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэх мэтчилэн зөндөө асуудлыг шийдвэрлэж байгаа.
-Энэ удаагийн хэлэлцүүлэг маань “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-гийн эргэнд тойронд яригдаж өнгөрлөө. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 

0 comments:

Post a Comment