Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Питер Акерли: Бид монгол хөрөнгө оруулагчтай болох цаг нь болсон гэж үзсэн

2012-01-20

 Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” /TSX:ERD/ компани энэ сард нэмж хувьцаа гаргалаа. Нэмж гаргаж байгаа хувьцааны онцлог нь Монголын хөрөнгө оруулагчид нийт 1,75 сая ам.долларын үний дүн бүхий хувьцааг нь худалдаж авч байгаа аж. Энэхүү ажлыг MICC хөрөнгө оруулалтын банк зохион байгуулсан байна. Нэмж хувьцаа гаргах ажил нь амжилтай болж, Монголын хөрөнгө оруулагчидтайгаа уулзах үед нь “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн захирал Питер Акерлитай ярилцлаа.

-Нэмж хэчнээн хувьцаа гаргаж, хэдэн доллар босгохоор төлөвлөсөн бэ?


-Анхны зорилго бол 2 сая долларын хувьцаа нэмж гаргах төлөвлөгөөтэй байсан. Бидэнд өөр газраас мөнгө босгох боломж бий. Яагаад Монголоос энэ мөнгөө босгох болсон бэ гэхээр Монголын хөрөнгө оруулагчтай болох зорилго бидэнд байсан. 2 сая доллар бол манай дээд талын босго. Хөрөнгө босгох ажил маань дуусахад 14 хоног дутуу байна. Гэхдээ бид зорилгодоо хүрч, 2 сая доллар маань бүрдчихээд байгаа гэхэд болно. Цаашдаа илүү гарч ч магадгүй.

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг компаниудын дунд Монголоос хөрөнгө босгож, монгол хөрөнгө оруулагчтай болж байгаа нь цөөхөн. “Эрдэнэ Ресурс”-ын энэ нэмж хувьцаа гаргаж байгаа нь анхны тохиолдол байх. Монгол хөрөнгө оруулагчидтай болох компанийн менежмент үү?


-Бидний хувьд анхнаасаа л монгол хөрөнгө оруулагчидтай болох сонирхол асар их байсан. Гэхдээ цаг нь болоогүй байсан. Монголчууд сүүлийн 2-3 жилд л гадаадын компаниудын талаарх мэдээлэлтэй болж, хувьцааг нь худалдаж авах үйл ажиллагаанд оролцож байна. Урьд нь бол ийм байгаагүй. Гадаадын компаниудын талаар мэдлэг мэдээлэл хомс байсан. Харин өнгөрсөн жил Монголын Mongolian Mining Corporation Хонконгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргалаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зарим компани гадаадын бирж дээр хувьцаагаа гаргаж байна. Мөн гадаадын цөөн компани MICC-гээр дамжуулан монгол хүмүүст хувьцаагаа зарж, монгол хөрөнгө оруулагчидтай болж байна. Энэ бүхнийг хараад одоо бидний цаг болсон гэж дүгнээд Монголд хувьцаа гаргаж байна.
Бидний хамгийн гол зорилго юу гэхээр амжилттай ажиллах. Тийм болохоор энэ амжилтаа Монголын хөрөнгө оруулагчидтай хуваалцах үүднээс л хувьцаагаа санал болгож байгаа юм.

-Монголын хөрөнгө оруулагчидтай харьцахад ямар хүндрэлүүд байна? Бидний тухайд энэ бол шинэ ойлголт шүү дээ?


-Ерөнхийдөө улс орон болгонд хувьцаа эзэмшигчид өөр өөрийн онцлогтой байдаг. Гэхдээ бүгдээрээ л адилхан түвшинд байдаг болохоор тэр улсын хөрөнгө оруулагчид илүү, тэр нь муу гэж хэлэх боломжгүй. Бүгд л манай төслийн талаар адилхан зөв асуултаа асууж хариултаа авч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд монголчууд уул уурхайн салбарыг сайн мэддэг болсон. Энэ нь бас сайн тал.

-Энэ босгож байгаа 2 сая доллараа ямар ажилд зарцуулах вэ?


-10 дугаар сард бид Алтан нар гэсэн алтны томоохон илрэл олсон. Энэ 2 сая долларын ихэнхи нь энэ төсөлд зарцуулагдах болно. Өнөөдрөөс дараагийн ээлжийн өрөмдлөгийн ажлаа эхлүүллээ. Энэ өрөмдлөг бараг он дуустал үргэлжлэх болохоор ихэнх мөнгө энэ өрөмдлөгийн ажилд зарцуулагдана. Алтан нараас гадна манай Зуун модны зэс-молибденийн ордод тодорхой хэмжээний мөнгө зарцуулагдана. Зуун мод төслийн хувьд ТЭЗҮ-гээ боловсруулаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн байгаа. Үүнээс гадна Баянхонгор аймаг орчимд бүсийн судалгаа хийнэ.

-Энэ жил ашиглалтын лицензээ авсан Зуун мод төслийг ашиглалтыг хэзээнээс эхлэх вэ?


-Бид Зуун мод төсөл дээр их идэвхитэй ажиллах болно. Энэ төсөл ямар үед ашигтай ажиллах талаар эдийн засгийн судалгаа хийж байгаа. Үүнээс гадна Монгол улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэнэ. Эдгээр ажлыг хийж гүйцэтгээд дараагийн шатанд орно доо. Дараагийн шатанд орох хугацааг 2012 оны дунд үе болов уу гэж тооцоолж байна. Зуун модны ордын хажууд бид Хөвийн хар гээд зэсийн том илрэл олсон. Энэ төсөл дээрээ бас идэвхитэй ажиллана.
Зуун мод том талбайг хамарсан байдаг. Бид нийт лицензит талбайнх нь гуравны нэгийг л судалсан байгаа. Үлдсэн хэсэгт нь томоохон хэмжээний хайгуулын ажил хийгдэнэ. Түрүүн хэлсэн ойролцоо талбайгаас нь Хөвийн хар гээд илрэл олсон. Өөр илрэлүүд, нөөц олох боломж бас байгаа.

-Зуун мод төслийг ихээхэн ирээдүйтэй төсөл гэж ярьж, заримдаа Оюутолгойтой ч харьцуулдаг юм билээ? Үнэхээр тийм том хэмжээний төсөл байж чадах болов уу?


-Оюутолгойтой харьцуулахад эрт байна л даа. Яагаад гэхээр түрүүн хэлсэнчлэн хайгуулын ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй байгаа. Оюутолгой бол зэс-алтны орд Зуун мод бол зэс-молибденийн орд болохоор арай өөр. Мөн Оюутолгой бол дэлхийд эхний 5-д орох хэмжээний том орд. Харин манайх бол одоохондоо ордтой харьцуулах хэмжээнд хайгуул хийж судлагдаагүй байгаа болохоор Оюутолгой ордтой харьцуулах боломжгүй юм.

-“Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийг ойрын ирээдүйд том компани болох нөөц бололцоотой гэж сонсож байсан. Энэ компанийг анх байгуулж байсан хүний хувьд та өөрийнхөө бодлыг хэлээч?


-Бид зөвхөн уул уурхайн ашиглалт явуулахаас өмнө орон нутгийг хөгжүүлэх томоохон төслийг хэрэгжүүлдэг болохоор үйл ажиллагаагаа идэвхитэй явуулна гэж бодож байна. Цаашдаа бол манай төслүүд хэр амжилттай явахаас бүх зүйл шалтгаална. Бид монголчуудаас маш сайн баг бүрдүүлж чадсан. Сайн геологичид, захиргааны сайн ажилтнууд манай компанид цугласан нь компанийн маань амжилтад ихээхэн нөлөөлж байна. Жишээ нь гэхэд Алтан нар төсөл байна. Бид Алтан нарыг тэгээс эхлээд их том газарт нэлээд үр дүнтэй хайгуул хийж илрэл олж чадсан шүү дээ.
Үүнээс гадна сүүлийн саруудад 250 мянган га газарт хайгуул хийж байгаа. Ер нь сайн ордыг сайн хайгуул хийж байж илрүүлдэг. Тийм болохоор бидэнд анхан шатны хайгуул хийж байгаа газар нэлээд байгаа.

-“Эрдэнэ Ресурс Девелопмент” Монголын уул уурхайн салбарт орж ирсэн анхны гадны хөрөнгө оруулалттай компани. Өнгөрсөн хугацаанд Монгол ажиллахад ямар байв? Энэ талаар та өөрийнхөө бодлыг хэлээч?


-Ерөнхийдөө би Монголд 15 жил ажиллаж байна. 15 жилийн хугацаанд юу ойлгосон гэхээр хамгийн гол зүйл бол хүмүүс хоорондын харилцаа байдаг юм байна. Энэ харилцаагаа бат бөх байлгаж байж цаашдын ажил хэрэг явдаг. Миний хувьд өнгөрсөн 15 жилийн хугацаанд олж авсан зүйл гэвэл маш сайн баг бүрдүүлж чадсан, бас найз нөхөд ихтэй болсон. Мөн ажлаа маш сайн хийж чадсан гэж боддог.

0 comments:

Post a Comment