Монголчууд, монгол компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл рүү амжилттай гарч байна. Өнгөрсөн жил Монголын хэд хэдэн уул уурхайн компани Хонконг, Австралийн бирж дээр хувьцаагаа борлуулж чадсан нь багагүй амжилттай явна. Энэ оны төгсгөл, ирэх оны эхээр ч цөөнгүй компани гадны биржийг зорих сурагтай. Олон улсын бирж дээр IPO хийх замаар хувьцаагаа борлуулах нь Монголоос олж чадахгүй байгаа санхүүжилтээ гадаадын биржээс олж байгаа санхүүгийн нэг хэрэгсэл. Нөгөө талаар олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулах нь Монголын Хөрөнгийн бирж, хөрөнгийн захын хөгжилд төдийлөн эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа юм. Цаашлаад Монголын баялаг Монголд биш гадаадад үнэд хүрч, гадаадын хөрөнгө оруулагч нарт үр өгөөжөө өгч байгаад харамсах хүн олон. Харин монгол хүн бүрийн хүсэл бол байгалийнхаа баялгаас бүгд ижил тэнцүү хувь хүртэх.
Монголын уул уурхайн компаниудыг олон улсын бирж рүү “алдахгүй”, дотоодынхоо хөрөнгийн бирж дээр хувьцааг нь авч үлдэх нэг арга бол Depositary Receipt юм. Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гэдэг нь аль нэг компани хувьцаагаа гадаадын зах зээлд гаргахын тулд заавал гадны хөрөнгийн биржид бүртгүүлэхгүйгээр хувьцаагаа дотоодынхоо зах зээлд гаргасан хэрнээ гадны зах зээлд давхар борлуулах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм. Гэхдээ DUAL LISTING буюу хоёр бирж дээр давхар бүртгэл хийхгүй, ганцхан дотоодынхоо бирж дээр бүртгүүлээд дундын зуучлагчийн тусламжтайгаар гадаадын бирж дээр хувьцаагаа борлуулна гэсэн үг. Компани бирж дээр гаргасан хувьцаагаа зуучлагч Depositary банкинд шилжүүлж, уг банк цааш нь хадгаламжийн гэрчилгээ гаргаж хөрөнгө оруулагчдад борлуулдаг. Харин компанийн хувьцаа нь дотоодынхоо хөрөнгийн бирж дээр Depositary банкны нэр дээр бүртгэлтэй үлдэх бөгөөд банкнаас гаргаж хөрөнгө оруулагчдад зарсан хадгаламжийн гэрчилгээний мөнгө ч дотоодынхоо биржээр дамжин орж ирдэг байна.
Хадгаламжийн гэрчилгээ гэдгийг хувьцаанаас өөр, тусдаа зүйл гэж андуурах тохиолдол элбэг байдаг. Хадгаламжийн гэрчилгээ нь тухайн компанийн гаргасан нийт хувьцаанд багтаж байдаг. Өөрөөр хэлбэл нийт 100 сая долларын хувьцааг бирж дээр гаргалаа гэхэд 20, магад 50 сая доллартай тэнцэх хэмжээний хувьцааг Depositary банкинд шилжүүлж, банкнаас дээрх хувьцаатай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжийн гэрчилгээг гаргаж хөрөнгө оруулагчдад худалдана гэсэн үг. Хадгаламжийн гэрчилгээ, хувьцаа хоёрын нийлбэр нь компанийн Хөрөнгийн бирж дээр гаргасан нийт хувьцаатай тэнцэх юм.
DR гаргах нь олон улсын бирж дээр IPO хийхээс хамаагүй хялбар. Бэлтгэл хангах хугацааны хувьд ч 1-2 сар л шаарддаг аж. Мөн тухайн биржийн шаардлагыг хангахын тулд санхүүгийн тайлан, хуулийн зөвлөгөө гээд бичиг цаасны ажилд дарагдах нь харьцангуй бага. IPO хийхээс ялгарах нэг онцлог нь тусгай эрх бүхий Depositary банк юм уу Хөрөнгө оруулалтын банктай түншлэх шаардлагатай болдог. Ийм эрхтэй банк тийм ч олон биш бөгөөд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн BNY Mellon, JP Morgan, Goldman Sachs, Citi Bank гээд цөөхөн том банк л хадгаламжийн гэрчилгээ гаргах эрхтэй байдаг аж. Depositary банк нь тухайн компанид DR ашиглахад бүхий л талаар тусалж, компанийн бүртгүүлэх явц, хөрөнгө оруулагчидтай харьцах, хөрөнгө оруулагчдад мэдээлэл тараах гэх мэт олон ажлыг хариуцдаг. Тухайн улсын хууль эрх зүйн орчин бусад улсын шаардлагад нийцэхгүй бол Depositary банк нь компанийн дотоод журмыг өөрчлөх замаар тус компанийг биржийн стандартад нийцүүлэх аргыг боловсруулдаг байна.
Depositary банк нь олон улсын хөрөнгийн бирж, тухайн улсын хууль эрх зүйн орчны цоорхойг маш сайн мэддэг, түүнд компанийг нийцүүлж өгөх гол үүрэгтэй байдаг хэмээн JP Morgan банкны DR хэлтсийн Дэд ерөнхийлөгч Хо ярьж байна. Өөрөөр хэлбэл Depositary bank нь хуулийн цоорхойг маш сайн ашигладаг гэсэн үг. Мөн DR нь аливаа хуулийн зөрүүнээс ангид байж чаддаг, уян хатан бүтээгдэхүүн. DR гаргах гэж байгаа компанид ч бас тодорхой хэмжээний хүлээх үүрэг байдаг. Компанийн засаглал сайн байх, хадгаламжийн гэрчилгээ гаргаж байгаа улсад мөрдөгдөж байгаа компанийн засаглалын кодексийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байх, мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах, мөн дотоодын зах зээл дээр чөлөөт хувьцааны эргэлт нь багадаа 15-20 хувьтай тэнцэх зэрэг хэд хэдэн шаардлагыг компани биелүүлдэг. Харин тухайн компанийн байгаа улс нь Кастодиан банкны үйлчилгээг сайн нэвтрүүлсэн байх гээд олон улсын жишигт нийцсэн дэд бүтэцтэй байх ёстой юм.
DR гаргах нь 80 гаруй жилийн түүхтэй санхүүгийн бүтээгдэхүүн. Анх 1927 онд JP Morgan банк Хадгаламжийн гэрчилгээ гаргаж байсан түүхтэй. Түүнээс хойш санхүүгийн захын хамгийн идэвхтэй, амьд бүтээгдэхүүн байсаар байгаа гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцолдог юм билээ. DR-ийг ганц хувийн хэвшлийнхэн гэлтгүй төрийн өмчит компаниуд ч ашиглах боломжтой юм. Өнгөрсөн жил гэхэд манай хоёр хөршийн төрийн өмчит монополь компаниуд Америк, Лондонгийн зах зээл рүү хадгаламжийн гэрчилгээ ашиглан гарч байсан туршлага бий. Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлыг зөвөөр шийдэхэд энэхүү хадгаламжийн гэрчилгээ гаргах нь сайн талтай байдаг шилдэг туршлага олон улсад их байдаг аж. Гэхдээ DR-ийг ашиглахад төлбөр тооцооны гүйлгээний систем, валютын ханшны зөрүү гээд хүндрэлтэй зүйлүүд цөөнгүй байдаг байна.
DR нь хэд хэдэн төрөл байдаг бөгөөд Америкт ADR, Европт EDR, Лондонгийн бирж дээр GDR, Хонконгийн бирж дээр HDR гэж байдаг. Хамгийн идэвхтэй ашиглагдаж байгаа нь Америк, Лондонгийн DR. Өнгөрсөн жил Америкт 782 компани, Европт 121 компани DR гаргаж байжээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн DR-ийн зах зээлийг харвал нийт 14 орны компаниуд DR гаргасан байна. Ганцхан Америкийн DR зах дээр л гэхэд 124 тэрбум ширхэг хадгаламжийн гэрчилгээг 3.1 триллион ам.доллараар худалдсан байна. Мөн Европ, Азийн DR зах дээр үүнээс дутахгүй хэмжээний үнийн дүнгийн худалдаа болжээ. Хятад, Орос, Энэтхэг, Бразилаас хамгийн олон компани DR гаргажээ. Харин DR-т зуучлагч буюу Depositary банкуудаас өнгөрсөн жилийн нийт DR худалдааны 57 хувьд нь Bank of New York Mellon, 18 хувьд нь Citi Bank, 14 хувьд нь Deutsche Bank, 11 хувьд нь JP Morgan зуучилсан байна.
DR буюу хадгаламжийн гэрчилгээ гаргах талаар товчхон дурдахад ийм байна. Дөнгөж хөгжиж байгаа улсын хувьд энэхүү хадгаламжийн гэрчилгээ буюу DR-ийг ашиглах нь компанидаа ч, улсдаа ч ихээхэн ач холбогдолтой зүйл юм. Зах зээл жижигхэн манайх шиг улсад компаниуд нь дотоодынхоо зах зээлийг дэмжихийн зэрэгцээ олон улсаас хөрөнгө татах нь хамгийн оновчтой шийдэл ч байж болох юм.
Б.Болд:
Монголын компаниудад DR ашиглах боломж бий
Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болдоос зарим зүйлийг тодруулсан юм.
Depositary receipt-ийг ашиглахад ямар хүндрэл байдаг юм бэ?
DR гэдэг нь хувьцааны зах зээлээс мөнгө босгох нэг хэлбэр бөгөөд тийм ч хүнд бүтээгдэхүүн биш. Гол нь Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хуулиар компанийг хэрхэн ажиллах ёстойг зааж өгөх шаардлагатай. Жишээ нь компани хувь нийлүүлэгчдийн хурлаа Монголд зарлалаа гэхэд Depositary receipt-ийг эзэмшиж байгаа хүн нь ирж оролцох юм уу, эсвэл Depositary банкийг урих юм уу гэдэг асуудал үүснэ. Depositary receipt чинь цаанаа хөрөнгө оруулагч нар нь олон солигдоод байна шүү дээ. Тэгэхээр Depositary receipt-г зохицуулах нарийн журам Монголд хэрэгтэй байгаа юм. Мөн ханшийн эрсдэл үүснэ. Depositary receipt нь доллараар гарна, манайд төгрөгөөр гүйлгээ хийгдэнэ. Хувьцаа нь нааш, цаашаа арилжаалагдах үед манай төгрөгт хэрхэн нөлөөлөх вэ гээд макро эдийн засгийн талаас төвөгтэй зүйлүүд бий.
Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Шивээ-Овоо” гэх мэт компаниуд Depositary receipt-ийг ашиглах боломжтой юу?
Боломж бий. Гэхдээ “Багануур”, “Шивээ-Овоо” гээд манай компаниуд компанийн сайн засаглалтай байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр Нью-Йорк, Лондонгийн Depositary receipt-ийн шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн үг. Шаардлагыг нь хангавал бүх зүйл нээлттэй. Өнөөдөр манай үнэт цааснууд яагаад хямдхан худалдаалагдаад байна гэхээр Монголын компаниудын засаглалыг хөрөнгө оруулагч нар ойлгодоггүй, мэдээлэл байхгүй, ил тод биш. Тиймээс компанийн сайн засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Монголын компаниуд Depositary receipt-ийг ашиглая гэхэд хууль эрх зүйн орчинд дутуу зүйл юу байна вэ?
Өнөөдөр Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцээд явж байна. Мөн Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Эдгээр хуулиар нэлээд олон асуудлыг шийдээд, эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ гэж бид үзэж байгаа. Харин хууль гаргасныхаа дараа амьдрал дээр хэн, яаж, хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг нь тусдаа асуудал болж хувирна.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment