Дөрөвдүгээр сараас Хонконг, Австралийн хөрөнгийн бирж дээрх Монголын нүүрсний компаниудын хувьцааны үнэ аажмаар унаж эхэлсэн юм. Өнгөрсөн жил хамгийн өндөр өсөлттэй байсан “Хүннү Коул”, “Монголиан Майнинг Корпораци”, “Аспайр Майнинг”, “Саутгоби Ресорсез” гээд нэлээд компанийн хувьцааны үнэ доошлов.
“Монголиан Майнинг Корпораци”-ийн хувьцаа гэхэд дөрөвдүгээр сарын 8-нд 10,18 хонконг доллар байснаа тавдугаар сарын 25-нд 9 доллар болж, 12 орчим хувиар доошлов. Харин “Баруун Наран”-гийн 193 сая тонны нөөцтэй коксжих нүүрсний ордыг худалдаж авснаа тавдугаар сарын 30-нд зарласнаар хувьцааныхаа ханшийг уналтаас аварсан гэхэд болно. Мөн зургадугаар сарын 11-нд Нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ эхний модулийг ашиглалтад оруулсан гээд хэд хэдэн үйл явдал болсон нь хувьцааны ханшийн уналтыг зогсоож, аажим өсөхөд нөлөөлөв. Нүүрсний бусад компанийг бодоход зургадугаар сард ММС-ийн хувьцааны ханш ганцаараа өсч байна.
Судалгааны байгууллагууд дээрх мэдээллийн дараа MMC-ийн хувьцааг 14 хонконг доллар болтлоо өснө хэмээн мэдээлсэн. Учир нь Баруун Нарангийн ордыг авах талаар төлөвлөгөөндөө тусгаагүй байсан бөгөөд энэ үйлдэл нь компанийн хувьцааг зайлшгүй өсөхөд нөлөөлөх болно хэмээн мэргэжилтнүүд үзсэн хэрэг.
Харин Монголд нүүрсний орд эзэмшдэг бусад компанийн хувьцааны ханш тогтмол доошилсоор байна. Хонконгийн бирж дээрх “Винсвей Коул” компанийн хувьцаа дөрөвдүгээр сарын 7-нд 4.53 хонконг доллар байсан бол зургадугаар сарын 20-нд 2.99 болтлоо 30 гаруй хувиар, “Саусгоби Ресорсез” компанийн хувьцаа дөрөвдүгээр сарын 7-нд 113.7 хонконг доллараас зургадугаар сарын 21-нд 80.05 болтлоо 32 орчим хувиар унажээ.
Тэгвэл Австралийн бирж дээрх “Хүннү Коул” компанийн хувьцаа дөрөвдүгээр сарын 11-нд 1.75 австрали доллар байсан бол зургадугаар сарын 27-нд 1.25 доллар хүртлээ тасралтгүй доошилж, 25 гаруй хувиар унасан байна. Мөн “Аспайр Майнинг” компанийн хувьцааны ханш дөрөвдүгээр сарын 11-нд 1.08 австрали доллар байснаа зургадугаар сарын 28-нд 0.515 болтлоо буюу бараг 50 орчим хувиар унажээ.
Зөвхөн Монголын нүүрсний компаниуд төдийгүй олон улсын бирж дээрх уул уурхайн компаниудын хувьцаа ч нэгэн адил бага зэрэг доошилж байгаа юм. Үүнийг мэргэжилтнүүд хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Гол шалтгаан нь 2008 оны хямралаас хойш хөрөнгийн зах зээл нэлээд эмзэг болсон. АНУ-ын ажилгүйдэл, Грекийн өр, Япон, Австралийн байгалийн гамшиг нь олон улсын хөрөнгийн зах зээлийг тогтворгүй байх гол хүчин зүйл нь болжээ. Тэр дундаа уул уурхай, эрчим хүчний компаниуд нь дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас шууд хамаардаг онцлогтой. Дэлхийн эдийн засгийн төлөв байдалд муугаар нөлөөлж буй хоёр гол хүчин зүйл нь Грек болон АНУ.
Грекийн нийт зээлийн хэмжээ асар их болсон. Хамгийн том зээлдүүлэгч орон нь Франц бөгөөд нийт 56.7 тэрбум ам.доллар, Герман 33.9 тэрбум ам.долларыг Грект зээлдүүлжээ. Мөн Их Британи, АНУ, Итали, Швейцарь, Япон, Испани зэрэг орон их хэмжээний зээл олгочихоод цаашид үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байгаа бол Грек энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа нь зээл өгсөн улсуудыг сандаргаж байна. Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл Грекийн Засгийн газар тарж, улс оронд нь эмх замбараагүй байдал газар авч болзошгүй. Улмаар Грек төдийгүй Европ, цаашлаад Азийн санхүүгийн зах зээлд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар авчрах, дахин санхүүгийн хямрал болохгүй гэх баталгаагүй болчихоод байна хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна.
Үүнээс гадна дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ хямралаас гарч чадахгүй байгаа нь олон улсын санхүүгийн зах зээлийг тогтворгүй болгох үндэс хэмээн Блүүмберг мэдээллээ. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д ажилгүй хүмүүсийн тоо сүүлийн 6 сар дараалан буурч, ойрын 2 жилд байгаагүй доод түвшин болох 8.8 хувьд хүрсэн нь сайн мэдээ байв. Гэвч дөрөвдүгээр сард 9 хувь, тавдугаар сард 9.1 хувь болон буцаж нэмэгдсэн нь шинжээчдийг АНУ-ын эдийн засаг хямралаас бүрэн гараагүй гэсэн дүгнэлт өгөхөд хүргэв. Энэ нь санхүүгийн зах зээлд багагүй нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ энэ онд 9.1 хувьтай байгаа ажилгүйдлийн түвшин “QE II” хөтөлбөрийн ачаар долоон хувь болж буурна гэх урьдчилсан таамаг гарсан билээ. Харин хөтөлбөр төдийлөн үр дүнд хүрээгүй, “QE III” хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тус улсын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке 2012 он хүртэл эдийн засгийг сааруулж буй хүчин зүйлүүд хэвээр хадгалагдана хэмээн саяхан мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлийн дараа шинжээчид энэ хэвээрээ үргэлжилбэл АНУ-ын эдийн засаг 2012 онд бүр хүнд байдалд орж магадгүй хэмээн дүгнэсэн. Одоо бүх зүйл Обамагийн гарт байгаа бөгөөд тэрбээр ажилгүйдлийг бууруулж чадвал АНУ-ын эдийн засаг сэргэнэ гэж үзэх шинжээчид ч бий юм.
Дэлхийн хамгийн том эдийн засаг сэргэж чадвал түүнийг даган санхүүгийн зах зээл ч тогтвортой болох нь гарцаагүй.
С. Болд-Эрдэнэ
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment