Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

HOT MONEY

2011-04-18


Гадаадын хөрөнгө оруулалтыг татах “хөзрөө” Монгол улс дэлгэж байсан цаг ердөө саяхных. Улс орны хөгжлийг хурдасгахад гадны хөрөнгө оруулалт зайлшгүй чухал. Тиймээс ч  хөрөнгө оруулалт  татахын тулд татварын тогтвортой, таатай орчин бүрдүүлэх, Тогтвортой байдлын гэрээ байгуулах зэргээр хөрөнгө оруулагчдад аль болох нааштай, эерэгээр хандсан шийдвэрүүдийг гаргаж байв. Үүний үр дүнд өнгөрсөн арваад жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдэж, өнөөдөр тэрбум доллараар хэмжигдэж байна. Харин одоо гадаадын хөрөнгө оруулалтад нухацтай хандах цаг ирснийг холбогдох албаны хүмүүс ярьж эхэллээ.
Манай улсын эдийн засаг маш эмзэг байгаа. Цөөхөн зүйлээс хамаарч хаашаа ч савлаж мэдэхээр байна. Сүүлийн үед Монголбанк, Сангийн яам гээд санхүүгийн төв байгууллагуудын санааг зовоож байгаа нэг асуудал бол Hot Money буюу “халуун мөнгө”-ний урсгал болоод байна. Энэ нь бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэл эрхлэх гэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт биш богино хугацааны ашиг хийх гэсэн арга болохоор хэдийд ч гараад явчихна. Тиймээс манайх шиг эмзэг эдийн засагт их хортой аж. Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан “Манайд ханш хөдөлгөхөд ганц сая доллар байхад л хангалттай байдаг. Гэтэл одоо манай валютын нөөцийн 40 орчим хувь буюу 800 сая гаруй доллар нь “халуун мөнгө” байна гэж тооцоолж байгаа” хэмээн Монголын эдийн засгийн чуулган дээр мэдэгдэж байсан.

Hot Money буюу “халуун мөнгө” гэдэг нь манайдаа шинэ ойлголт. Манайд гэлтгүй дэлхийн санхүүгийн зах зээл дээр ч томъёологдоод удаагүй байгаа зүйл. 1997 оны Азийн санхүүгийн хямралын гол шалтгаан нь “халуун мөнгө” байсан аж. 1997 онд хөрөнгө оруулагчид Тайландын хөрөнгийн бирж дээр маш богино хугацаанд мөнгө хийгээд хувьцаагаа зараад гараад явахад Тайландын баттын ханш 30-40 хувиар унаж, цаашлаад Азийн хямрал үүссэн гэдэг юм билээ. Тухайн үед Тайландын зах зээл хурдацтай хөгжиж байсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэрэг. Ийм дүр зураг өнөөдөр ч манайд ажиглагдаж байгаа юм. Монголын Хөрөнгийн биржийн ТОП 20 индекс үсрэнгүй өсч, гадаадын валютын урсгал тогтмол нэмэгдэж байна. Энэ нь “халуун мөнгө”-ний аюул манай эдийн засгийг заналхийлж байгаа  дохио гэж болно.
Харамсалтай нь өнөөдөр аль нь богино хугацааны хөрөнгө оруулалт буюу “халуун мөнгө”, аль нь урт хугацааны хөрөнгө оруулалт вэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэж л ярихаас биш аль салбарт хэдий хугацаатай, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгааг Төв банкныхан ч хэлж чадахгүй байгаа. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал “Өнөөдөр манайд бүртгэл гэх юм алга. Удахгүй Валютын зохицуулалтын хуулийн шинэчилсэн найруулга батлагдах байх. Энэ хууль батлагдвал бид ядаж орж ирж байгаа валютыг бүртгээд, мэдээлэл аваад байж болно” гэсэн юм. Хөрөнгийн бирж дээр ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, ТОП 20 индексийн өсөлтөд нөлөөлж байна. Тэр хөрөнгө оруулалтын хэд нь богино хугацааных вэ гэдгийг Хөрөнгийн бирж ч тэр, СЗХ ч тэр ялгаж салгаж чадахгүй байгаа юм. СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатын хэлснээр үнэт цаасны зах зээлд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын мэдээллийг цуглуулах ажил хийгдэж байгаа аж.

Харин Азийн улсууд “халуун мөнгө”-нөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн оноос эрчимтэй авч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хугацааг уртасгах болон татвар, шимтгэлийн хувийг нэмэх замаар “халуун мөнгө”-нөөс сэргийлж болдог байна. Индонез гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард гадаадын иргэн   өрийн бичиг худалдаж авах тохиолдолд доод тал нь нэг сараас дээш хугацаанд хадгална гэсэн зохицуулалт хийжээ. Мөн банкны гадаад валютын нөөцөөс Төв банкинд байршуулах хэмжээг нэгээс таван хувь болтол өсгөсөн. Тайландад гадаадын иргэдийн өрийн бичгийн хөрөнгө оруулалтын хүүгийн ашигт 15 хувийн татвар ногдуулах шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан байна. Бразилд  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гадаадын хөрөнгө оруулагчдын өрийн бичгийн арилжааны санхүүгийн гүйлгээний татварыг 4 хувиас 6 хувь болгож нэмжээ. Харин Тайваньд гадаадын хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтынхаа нийт дүнгийн 30-аас дээш хувийг Тайванийн 1 жилээс доош хугацаатай богино хугацааны өрийн бичигт оруулж болохгүй хэмээн заажээ.

Энэ мэтчилэн дэлхийн улс орнууд “халуун мөнгө”-нөөс сэр­гий­лэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улс ч гэсэн бусад улсын туршлагыг судалж, “халуун мөнгө”-нөөс сэргийлэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Богино хугацааны хөрөнгө оруулалт дээр ямар хэмжээний татвар тавих, ямар зохицуулалт хийх вэ гэдгээ одооноос ярьж, шийдвэрлэхгүй бол дахиад санхүүгийн хямралд орохгүй гэх баталгаа байхгүй.

0 comments:

Post a Comment