Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Э.Ганбат: Хөрөнгийн зах зээлийн малгай хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхээр хичээж байна

2011-04-15



СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбаттай Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

Хөрөнгийн зах зээлийн эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр яригдаж байгаа гэсэн?
Үнэт цаасны тухай хууль 1996 онд анх батлагдсан. 2002 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон шинэчлэн батлагдсан юм. Одоо энэ хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ХЗДХЯ-д хүргүүлсэн. Хуулийн төслийн агуулга, багтаамжийн хувьд өмнөх хуулиас 2-3 дахин томорч байгаа. Энэ нь зах зээлийн шинэ харилцааг төлөвшүүлэхэд шаардлагатай олон зүйлийг тусгасан.
Манай хөрөнгийн зах зээл 1992 оны хувьчлалын бодлоготой уялдаатайгаар бий болсон. Энэ зах зээлд үүссэн эхний өдрөөсөө л юу дутагдсан бэ гэвэл хөрөнгө оруулагч талын бүтэц. Хуримтлалын сангууд, хөрөнгө оруулалтын сангууд байхгүй байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дагаад ийм сангуудыг бий болгох хувийн хэвшил болон төрийн чадавх бий болж байна. Үүнээс гадна манай зах зээлд ханш бодитой тогтох боломж хараахан бүрдээгүй. Мэдээлэл бүдэг, хөрөнгө оруулагчид бодитойгоор үнэлэх боломжгүй явж ирлээ. Ялангуяа 2001-2005 онд хувьцааны ханш бүр царцаа байдалд орсон. Энэ үеэс хойш гадны хөрөнгө оруулагчид орж ирсэн, эдийн засаг сайжирч дотоодын хөрөнгө оруулагчид идэвхтэй ажиллаж эхэлсэн. Компаниуд маань сонгодог утгаараа IPO хийдэг боллоо. Өнөөдрийн байдлаар 14 IPO хийгдээд байна.
Мэргэжлийн хөрөнгө оруулагчаас гадна үгүйлэгдэж байгаа бас нэг зүйл бол бүтээгдэхүүн. Хөрөнгийн биржид 336 ХК бүртгэлтэй байгаа ч сүүлийн 2 жил дараалан шаардлага хангаагүй гэдгээр 200-гаад компани хасагдаж, 100 гаруй компани үлдэнэ гэсэн дүн шинжилгээ гарсан. Энэ байдал өөрөө нийт зах зээлийн нэр хүнд, итгэлийн түвшинд сөргөөр нөлөөлж байна. Бидний нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол банкны салбараас илүү хөрөнгө оруулалт татах чадалтай компаниудыг бий болгож, нийтээс барьцаагүйгээр мөнгө татах орчныг бүрдүүлэх учиртай. Шаардлага хангаагүйг нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс бүртгэлээс хасаад явна.
Бүртгэлээс хасахаар хувьцаа эзэмшигчид хохироод үлдэх юм биш үү?
Үүн дээр нэг ойлголтыг тодруулах ёстой. Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдахаар компани дампуурч байгаа хэрэг биш. Хувьцаа нь Хөрөнгийн бирж дээр арилжаалагдахгүй болохоос биш тэр хувьцааг төвлөрүүлээд олон жил хувьдаа ашигласан хүмүүс алга болно гэсэн үг биш. Бид шалгаж, зохицуулдаг ажлаа хийгээд явна. Манай бүртгэлээс хасагдана гэсэн үг ч биш. Хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиний асуулттай холбоотой ойлголтыг тодорхой болгох нэг шаардлага байсан. Юү гэхээр хувьцаат компани болгон заавал бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг гэсэн ойлголт байсныг Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар янзалж байгаа.
Хөрөнгийн зах зээлийн эрхзүйн орчныг цогцоор нь аваад үзвэл Хөрөнгө оруулалтын сангийн эрхзүйн орчин дутуу. Дээрээс нь Компанийн тухай хууль сайн холбогдож өгөөгүйгээс ойлголтын зөрүү байсан. Компанийг хувьцаат, хаалттай гээд 2 хуваачихсан. Нэг бол шинэ хувьцаат компани гарч ирнэ. Эсвэл хаалттай байж байгаад хувьцаат компани болдог. ХК болсон бол заавал бирж дээр бүртгэгдэж хувьцаагаа зардаг байх ёстой. Үүнийг олон улсын ойлголтын дагуу цэгцэлж байгаа. ХК боловч биржид бүртгэлгүй гэсэн ойлголтыг оруулж байгаа. Хувьцаа эзэмшигч нь 50-иас дээш болбол нийтийн эрх ашигт нөлөөлж эхэллээ гээд мэдээлэл нь нээлттэй болж манай зохицуулалтад орно. Үүний дараа биржийн шалгуурыг хангасан, засаглал нь зөв байх юм бол хувьцаа гаргаж, нийтээс мөнгө татах эрх нь нээгдээд явна. Биржээс хасагдлаа гэхэд манай зохицуулалтад үлддэг ийм зохицуулалттай болох гэж байна.
Шинэчилсэн найруулгаар мэргэжлийн байгууллагууд, холбоодын эрх үүргийг нэлээд нэмж байгаа гэж сонссон?
Хууль эрхзүйн орчны өөр нэг дутагдалтай тал бол мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, дэд бүтэц, тэдгээрийн эрх үүрэг, хариуцлагын харилцаа, үйл ажиллагааны горим нь олон улсын жишгийн дагуу тодорхой томьёологдоогүй байсан. Эдгээрийг шинэ хуулиар цэгцэлж байгаа. Ер нь энэ зах зээл маань өөрөө хувийн гэрээний харилцаан дээр тулгуурласан зах зээл. Олон улсын түвшинд бол өөрийгөө зохицуулах байгууллага болох Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, тэдгээрийг хянадаг мэргэжлийн байгууллагын дүрэм журам голлож суурийг нь бүрдүүлдэг. Эдгээр дүрэм журам олон улсад ямар байдгийг судлаад, жишээ нь Хөрөнгийн бирж ийм журмыг гаргаж, ийм харилцааг зохицуулна гэсэн зүйлийг хуулиндаа оруулж өгч байна. Манай хууль тогтоомжийн тогтолцоо, олон улсын хууль тогтоомжтой зөрж байгаа нэг зүйл бол хуулиар тодорхойлоогүй журмыг батлах эрхгүй гэсэн хязгаар Засгийн газрын тухай хуулинд байдаг. Шинэ хуулиар үүний учрыг тодруулж, төрийн байгууллагаас гадна энэ салбарын өөрийгөө зохицуулах эрх хэмжээтэй мэргэжлийн байгууллагын статусыг тодорхой болгож, ямар дүрэм журмыг баталж мөрдүүлэх, ямар үүрэг хүлээх, тэр дүрэм журам нь нийтэд танигдаад нийтийн хууль тогтоомжтой зөрчилдөөгүй бол мөрддөг, өөрийгөө зохицуулах ийм зарчмыг илүү тодорхойгоор  тусгасан.
Энэ зах зээлийн хөгжилд нөлөөлдөг өөр нэг зүйл нь мэргэжлийн холбоодын чиг үүрэг маш өндөр байдаг. Зах зээл нь өөрөө өндөр чадвар чадалтай хүмүүсийн зах зээл байдаг. Тэгэхээр энэ салбарын мэргэжлийн холбоод нь Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим, МҮХАҮТ, Мэргэжлийн нягтлан бодогчдын институт гээд өөрийгөө зохицуулах байгууллагуудын нэг юм. Тэгэхээр өөрийгөө зохицуулах чиг үүрэг, эрх хэмжээтэй мэргэжлийн холбоодын хүлээх үүрэг, ёсзүйн хэм хэмжээг мөрдөж хянадаг байх, дүрэм журмыг гаргадаг байх, мэргэжлийн үйлчилгээг ямар дэгээр үзүүлэхийг тодорхойлдог байх энэ чиг үүргүүдийг тодорхой тусгаж, дан ганц төрийн байгууллагуудын гаргасан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа нь тодорхойлогддог бус мэргэжлийн байгууллага нь цэгцэлж явдаг системд орно. Үүнийг тусгайлан бүлэг болгож, хөрөнгийн зах зээлийн төрийн бус зохицуулалт гэсэн дэд бүлгээр оруулж байгаа.
Энэ зах зээлд байгаа бүтээгдэхүүн нь компаниуд туршлагагүйгээс болоод чанаргүй чадалгүй, автоматаар лист хийгдээд компаниуд нь зогсчихсон. Шинээр гарч ирж байгаа компаниуд нь соёл, мэдлэг, туршлагагүйгээс алдаа дутагдал гаргаж, орж ирж байгаа бүтээгдэхүүн нь чанаргүй байдаг. Бүтээгдэхүүн оруулж ирдэг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны горим нь тодорхойгүй, санхүүгийн чадавх нь сул, зөвхөн брокерийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан компаниуд байсан учраас төслийг судалж, шалгаад хөрөнгө оруулагчдад танилцуулдаг энэ бүх харилцаа нь сул байсан. Зохицуулах байгууллага нь туршлага дутсанаас алдсан зүйл ч их бий. Тиймээс хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй болсон. Нийтээс мөнгө татахад банкны шалгуураас илүү нарийн шалгуур тавьж чанартай бүтээгдэхүүн гаргаж ирдэг, IPO-гийн горимыг илүү сайн цэгцлэх хэрэгтэй байгаа. Хуулийн төсөлд нийтээс ямар дэгээр яаж татах, эрсдэлийг хөрөнгө оруулагчдад яаж танилцуулах, үнэт цаасны танилцуулах баримтад юу юуг тусгах ёстой юм гэдгээс авахуулаад олон зүйлийг судалж дэлгэрэнгүй заалтуудыг оруулсан. Зарчмын нэг шийдсэн зүйл бол нийтээс мөнгө татахад эхлээд төрийн байгууллага нь үзэж, дараа нь хөрөнгийн бирж нь шууд автоматаар бүртгэж, хөрөнгө татах боломж нь нээгддэг байсныг өөрчилсөн. Үүнийг олон улсын жишгийн дагуу болгож өөрчилсөн. Төсөлтэй хүн эхлээд санхүүгийн мэргэжлийн анализ хийдэг андеррайтер буюу эрсдэлийг нь даагаад урьдчилсан хөрөнгө оруулалт хийх чадвартай мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудад төслөө танилцуулж, тэнд мөнгөө төлж үйлчилгээгээ авч, төслөө боловсруулж, нийтээс ямар мөнгө татах, ямар ашиг өгөх вэ гэдэг бүх юмаа баталгаажуулчихаад Хөрөнгийн бирж дээр ирж танилцуулна. Хөрөнгийн биржийн хөндлөнгийн хараат бус мэргэжлийн Бүртгэлийн зөвлөл үүнтэй нь танилцаад энэ бүтээгдэхүүн зах зээлд нөлөөлөх үү, нэмэлт болох уу, хасалт болох уу, нийлүүлэх үү гэдгийг хараат бус арилжааны горимоор өөрсдөө шийдвэрлэж, проспектус хүлээн зөвшөөрнө. Тэр хүлээн зөвшөөрсөн проспектусыг нь СЗХ үзээд, зөвхөн нийтэд өгөх ёстой мэдээллийг бүрэн тусгаж уу, үгүй юу гэдгийг маш богино хугацаанд үзээд баталж өгнө. Эргээд бирж дээр очоод бүртгэгдэж, нийтэд танилцуулагдана. Шинэчилсэн хуулиар энэ горим руу шилжиж байгаа юм. Ингэж чадах юм бол Хөрөнгийн биржийн зах зээлд эзлэх үүрэг, чадал чансаа нь нэмэгдэх шаардлагатай. Лондонгийн биржтэй хамтарч байгаа болохоор тийм чадвартай болох ч боломжтой. Дээр нь арилжааны горимоор явж байгаа салбарын эрсдэлийг төрөөс нэхдэг гажуудал арилах ёстой. Арилжааны журмаар өөрсдөө шийдэж байгаа бол түүнийг сайтар шалгаж нягтлах хараат бус мэргэжлийн байгууллагуудын бүтцийг бий болгоно.
Төр ямар үүрэгтэй байна гэхээр шилжилтийн үеийг товчлох зорилгоор нийтлэг нэг горим гаргаж өгч байгаа хэрэг. Нийтлэг жишгийг нь хууль болгоод өгье. Энэ замаар явах юм бол та нар 5 жилийн дараа олон улсын стандартыг нэвтрүүлж чадах юм байна гэж тусалж, дэмжиж байгаа юм. Төр зээлийн гэрээг ингэж байгуул гэж банкны ажилд оролцоод байдаггүйтэй адил энэ салбарт ч бас төр шууд бүх юманд оролцохоос зайлсхийж байгаа хэлбэр юм. Банк өөрөө зах зээлээ атгаж явдаг шүү дээ.
Хөрөнгийн биржийн эрх үүрэг нэлээд нэмэгдэх нь ээ?
Хөрөнгийн бирж бол энэ зах зээлийг төвлөрүүлэн зохион байгуулж, нийтийн эрх ашигт нийцсэн стандартыг бий болгож, түүнийгээ мөрдүүлэх, төрийн болон нийтийн өмнө хариуцлага хүлээх байгууллага. Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг цэгцлэх, гишүүнчлэлийн стандартыг чангаруулах нь Хөрөнгийн биржийн үүрэгт нэмэгдэж маш тодорхой тусгагдаж байгаа. Одоо иймэрхүү зохицуулалт байдаг ч их сул байгаа.
Үүнээс гадна Төлбөр тооцоо, хадгаламж, үнэт цаасны бүртгэлийн чиглэлээр олон зүйлийг тодорхой болгож байгаа. Одоогийн хуулиар төлбөр тооцоо гэдэг нь хамтдаа бичигдэж явсан. Үнэндээ тооцоо хийх, төлбөр хийх, хадгаламж гэж тусдаа байдаг ойлголт. Энэ ойлголтуудыг тодорхой томъёолж, зааг хязгаарыг нь гаргасан. Төлбөрийн тогтолцоон дээр нэг гажуудал манай зах зээлд байдаг. Юү гэхээр үнэт цаасны төлбөр хийдэг байгууллага нь бэлэн мөнгөний төлбөрийг давхар хийгээд бэлэн мөнгө хадгалаад явдаг. Хуулиар бэлэн мөнгийг хэн хадгалах ёстой гэхээр хадгаламж, зээлийн эрх бүхий ХЗХ, банк л хадгалах ёстой ч бодит байдал дээр ҮЦТТТХТ нь иргэдийн арилжаанд орох гэж байгаа мөнгийг хадгалаад, дотроо төлбөр тооцоог нь гүйцэтгэж байгаа. Үүнийг бэлэн мөнгийг нь арилжааны банкны дансанд суурилсан, үнэт цаасны төлбөр тооцоо нь Үнэт цаасны хадгаламжийн байгууллага дээр суурилсан байдлаар зохицуулж байгаа.
Банкаар бэлэн мөнгөний гүйлгээ хийснээр брокерийн компаниудыг шахаж, банкуудыг дэмжиж байна гэж шүүмжилдэг шүү дээ?
Манай зах зээлд 1990-ээд оны сүүл үеэр 7 банк дампуурахад энэ төлбөр тооцооны байгууллагын байршуулсан байсан 1.3 тэрбум төгрөг алга болсон. Төрөөс нөхөж байршуулсан байдаг. Энэ нь эрсдэл хадгалагдана гэсэн үг. Гэхдээ бас хэд хэдэн давуу талтай. Харилцагчийн мөнгө төлбөр тооцооны төв дээр байршихаар хүү төлөгддөггүй. Уг нь арилжааны банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр мөнгө байршуулаад, үнэт цаасны арилжаанд оролцоод явах боломжтой. Тухайн хүний авах гэж байгаа хувьцааны хэлцэл хүчин төгөлдөр болвол 24 цагийн дотор банк руу хандаад данснаас нь төлбөрийг татаж авах эрхтэй болно. Банкийг харилцагч өөрөө сонгож байгаа. Банк дампуурвал харилцагч өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Хоёрдугаарт банкинд байршуулсан мөнгө арилжаанд орохгүй хэдэн өдөр боллоо гэхэд хүү нь бодогдоод явна. Харилцагчид ашигтай. Гуравдугаарт Төлбөр тооцооны урсгал маш тодорхой болно. Одоогийнх шиг урьдчилж мөнгөө байршуулчихаад дараа нь арилжаа хийдэг биш эхлээд арилжаагаа хийгээд дараа нь төлбөрийн даалгавраа өгчихдөг болно. Төлбөрийн даалгаврыг нь шалгаад мөнгө нь байвал мөнгийг шилжүүлж аваад, байхгүй бол арилжааг хүчингүй болгодог тогтолцоо рүү шилжинэ. Энэ бол олон улсын төлбөр тооцооны Т+1 гэсэн зарчим. Одоо манайд мөнгө нь бэлэн байдаг Т+0 гэдэг зарчмаар тухайн өдөрт нь хувьцаа мөнгө хоёрын байрыг сольдог.
Төлбөр тооцооны төвөөс гадна брокер, дилер, андеррайтерийн компаниудын эрх үүргийг тодорхой болгож байгаа гэсэн?
Брокер, дилер гэдэг хоёр үг маань үндсэндээ дундаа таслалгүй, нэг юм шиг ойлгодог, нэг зөвшөөрөл олгодог. Үүнийг цэгцлэх ёстой. Олон улсын жишгээр харилцагчийн захиалгаар харилцагчийн мөнгөөр үнэт цаас авч өгдөг, эсвэл харилцагчийн захиалгаар өөрийнхөө мөнгөөр авч өгөөд богино хугацаанд харилцагчаасаа мөнгөө буцааж авдаг ажлыг брокер хийдэг. Дилер гэдэг бол зах зээл дээр зарах, авах захиалгыг зэрэг өгдөг, зах зээлийн ханшийг тогтоодог, эрэлт нийлүүлэлтийг тодорхойлдог ийм үйлчилгээ үзүүлдэг. Валютын дилер долларыг 1200 төгрөгөөр аваад 1210 төгрөгөөр зарна гээд хоёр ханш зэрэг байршуулдаг шиг хоёр ханштай байна гэсэн үг. Ийм байдлаар зах зээлд олон дилер орж ирвэл ханш маш эрүүл болно. Өнөөдөр зөвхөн өмчилж байгаа хүн нь ханшаа дээш доош нь болгож байна. Дилерийн захиалга нь зах зээлийн ханшийг тогтвортой байлгах хүчин зүйл болж байх ёстой. Иргэд тэр ханшаар нь хоорондоо ч наймаа хийж болно, дилертэй ч наймаалцаж болно.
Дараагийн мэргэжлийн байгууллага нь андеррайтер. IPO гаргахад андеррайтер ямар эрх үүрэгтэй байдгийг тодорхойлох ёстой. Уг нь олон улсын түвшинд андеррайтерын компанид тусгай зөвшөөрөл олгоод байдаггүй юм билээ. Андеррайтер их өндөр эрсдэл үүрдэг болохоор тэр хэмжээгээр маш нарийн хатуу шаардлага, хяналт тавих ёстой. Ямар эрсдэл хүлээх ёстой юм, эрсдэлийн хувь хэмжээ ямар байх юм, 5 төгрөгтэй байж 500 төгрөгийн эрсдэлийг үүрчихээд төлж чадахгүй зугтаад байх уу? боловсон хүчин нь ямар байх вэ? Энэ бүхнийг тодорхой болгож өгнө.
Үүнээс гадна кастодиан банкны эрх үүргийн талаар ч тодорхой заалтуудыг тусгасан байгаа. Кастодиан гэдэг нь үнэт цаасыг хадгалдаг гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулийн төслийг мөн боловсруулсан гэсэн?
Хөрөнгө оруулалтын сан гэж манайд байхгүй. 2002 оны хуулиар энэ талаар нэлээд том зүйл заалт Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд туссан байдаг. Хөрөнгө оруулалтын сангийн бүтэц, эрхзүйн орчин гэдэг маш том асуудал. Хөгжсөн орнуудын туршлагыг харахад тусгайлсан хуулиар нарийвчилж зохицуулдаг. Яагаад гэхээр энэ нь их том эрсдэл байдаг. ХОС нь нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй ХОС нь бусдаас мөнгө төвлөрүүлсэн байдаг. Банкийг бодвол урт хугацаатай, бага өртөгтэй их хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж эргэлтэд оруулдаг болохоор банкнаас илүү хараа хяналттай эрхзүйн орчин байх ёстой. Тиймээс одоогийн Үнэт цаасны тухайн хуулийн ганц зүйл заалтаар зохицуулахгүй юм байна, тусгайлсан хууль гаргах хэрэгтэй юм байна гээд тусдаа хуулийн төсөл боловсруулаад явж байна.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эхний хувилбар нь гарсан. ХЗДХЯ-д хүргүүлсэн, мөн Монголбанк, Сангийн яам, ҮХШХ зэрэг байгууллагад хүргүүлсэн. Суурь концепц нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудыг судалж, ХОС-гийн нийтлэг бүтцийг авч байна. Хамтын хөрөнгө оруулалтын орчин эндээс бий болно. ХОС-гийн засаглал нь ямар байх, юунд хөрөнгө оруулах, удирдлага нь ямар байх, эрсдэл нь юү юм гэх мэт олон зүйл тодорхой болох ёстой. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хууль 3 бол хөрөнгийн зах зээлийн суурь болсон малгай хууль. Энэ хаврын чуулганаар амжиж батлуулахыг хичээж ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк хоёрын ялгаа нь юу байдаг юм бэ?
Банк, сан хоёр хоорондоо нэг их зарчмын ялгаатай биш. Эх үүсвэрээ хэнээс яаж авч байна, ямар хэмжээтэй хөрөнгө оруулалтыг ямар зүйлд, ямар аргаар оруулж байна гэдэгтэй холбоотой. ХОС-г аваад үзвэл хувийн хөрөнгө оруулалтын бүтцүүд байгаа, бас нийтээс хөрөнгө татсан нийтийн эрх ашгийг хөндөх учраас нийтийн зохицуулалтад орсон сангууд байгаа. Дээр нь зарим улсуудын гадаадад байршуулсан ХОС ч гэж бий. Эдгээрээс нийтээс хөрөнгө татсан ХОС-гууд нь манай зохицуулалтад ороод явдаг. Харин хувийн хөрөнгө оруулалттай ХОС-гууд зохицуулалтад ордоггүй. Тэд өөрсдөө эрсдэлээ үүрээд явдаг. Алдвал өөрсдөө л алдана.
Мөн хөрөнгө оруулалтын байдлаар гадаадын орнуудад тараан байршуулсан Сингапурын JIС гэх мэт Америк, Хятадын сангууд манай улсад орж ирэх юм бол хувийн хөрөнгө оруулалттай гэж харагддаг учир зохицуулалтад ордоггүй.
Дотоодын хөрөнгө оруулалтын сангууд нь ямар сан байх вэ?
ХОС-гууд дотроо хэд хэдэн төрөлтэй. Тэднээс хөрөнгийн зах зээлд голлох үүрэгтэй хөрөнгө оруулалт хийх замаар явдаг сангууд бол арилжааны даатгал, нийгмийн даатгал. Манай арилжааны даатгалын салбарын нөөц хөрөнгө нь 40-өөд тэрбум төгрөг байна. Үүнийг тодорохой харьцаагаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нь нээж өгнө гэсэн хуулийн төсөл боловсруулаад явж байна. Нийгмийн даатгалын хувьд энэ ажлыг Засгийн газрын 2010 оны 112 дугаар тогтоолын дагуу 2012 онд багтааж хийнэ гэж яригдаж байна. Манай хорооны зүгээс эхлээд суурь хуулиа гаргасны дараа энэ ажил руу орохоор төлөвлөсөн. НХХЯ дээр энэ талаар судалгаа хийгдэж байгаа гэсэн.
Мөн малчид, хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын мөнгөөр нь хөрөнгө оруулаад өгөөжийг нь аваад арилжааны горимоор ажилладаг, хөрөнгө оруулалт хийдэг хувийн удирдлага бүхий даатгалтын тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм байна. Заавал одоогийн даатгалын системээ устгана гэхгүйгээр давхар сонголтыг бий болгосон ийм хувилбарыг сонгож болох юм гэсэн ерөнхий дүр зурагтай ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын банкны тухайд арилжааны банкнаас ялгаж салгах ёстой. Энэ талаар Банкны тухай хуульд тусгагдаагүй байгаа. Төв банк энэ талаар ажиллах байх.  

0 comments:

Post a Comment