Ашигтай л гэвэл ямар ч бизнес рүү бөөнөөрөө хошууран эрсдэлийг үл тооцон, харанхуйгаар дайрдаг “мода” зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш манайд тогтоод байгаа. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, нийтийн хоолны газар, машин бэлэн хувцасны импорт, сүүлийн жилүүдэд барилга, уул уурхайн салбар гээд мөнгөтэй гэсэн бүхэн бизнесийн их аянд мордож байна. Буруушаах зүйл биш ч гэсэн эдийн засгийн тооцоо судалгаа, эрсдэл хохирлыг үл тооцон танил тал, хээл хахуулиар бамбай хийн зүтгэдэг нь Монголын бизнесмэнүүдийн том алдаа болдог. Энэ байдал одоо ч хэвээр.
Сүүлийн үед мөнгөний уурхай мэт санагдаж, хүмүүсийн хорхойг хүргэж байгаа салбар бол яах аргагүй хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ хэмээн зүтгэсэн төр энэ салбарыг өөд нь татахаар багагүй ажил хийж байгаа. Монголын Хөрөнгийн биржийн менежментийг Лондонгийн хөрөнгийн биржээр удирдуулах болсон, салбарын хэд хэдэн чухал хуулийг сайжруулан боловсруулж байгаа, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах замаар хувьцааг нь эргэлтэд оруулна, хөрөнгийн биржээр дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарна гээд эхнээсээ олон чухал шийдвэрүүд гарч байна. Энэ бүхэн хөрөнгийн зах зээл, түүнийг тойрсон мэргэжлийн байгууллагуудын ашиг орлогыг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувийг иргэдэд үнэгүй өгөх, 10 хувийг компаниудад зарах болсон нь брокер, дилерийн компаниудыг моодонд оруулж эхэллээ. Санхүүгийн зохицуулах хороонд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар шинээр 10 гаруй компани хүсэлтээ гаргаад байгаа сураг байна. Тэр дунд өдгөөгийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтайгийн байгуулсан компани ч яваа сурагтай. Хөрөнгийн биржийн Тэргүүн дэд захирлын албанаас жилийн дараа үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон мань хүн энэ салбарын шилдэг мэргэжилтэн биш ч гэсэн тогоонд нь орсоных, хэр ашигтайг нь харчихсан, хувийнхаа бизнесийг зүтгүүлж байгаа нь энэ биз. Үүн шиг брокер, дилерийн компани байгуулахын ашгийг харж байгаа хүн цөөнгүй. Ядаж л одоо нээгээд авчихвал ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт олон том компанийн хувьцааг иргэд эзэмших, хувьцааны арилжаанд олноороо оролцох нь ойлгомжтой болохоор ирээдүйгээ харсан ашигтай бизнес болж хувираад байгаа юм.
Нөгөөтэйгүүр брокер, дилерийн компани ийн моодонд орж байгаа нь мөнгийг сая саяар олж байгаатай холбоотой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй брокер дилерийн компанийн ихэнх нь алдагдалтай ажилладаг ч ажиллаж чадвал ашиг хийж болдог бизнес. 2009 оны хямралын жилд 46 брокер диллерийн компанийн 43 нь алдагдалтай ажилласан бол өнгөрсөн жил энэ дүн эерэг гарчээ. Жишээлбэл Монголын хамгийн том брокер, дилерийн “БиДиСЕК” компани гуравдугаар сарын 28-нд 3934 удаагийн арилжаагаар 74.700.747 төгрөгийн арилжаа хийжээ. Нийт арилжааны үнийн дүнгийн 3 хувь буюу 2 сая 223 мянган төгрөгийг Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ, СЗХ болон “БиДиСЕК” хувааж авна. Дээрх 74 сая төгрөгийн 0.8 хувь буюу 597.605 төгрөгийг ҮЦТТТХТ, Хөрөнгийн бирж хоёр хувааж авах бол үлдсэн 2.2 хувь буюу 1 сая 625 мянган төгрөгийн 10 хувь буюу 162 мянга 500 төгрөгийг СЗХ авч, үлдсэн 1 сая 462 мянган төгрөг нь “БиДиСЕК” компанийн цэвэр ашиг болж байгаа юм. Ганцхан компанийн ганцхан өдрийн ашиг нь 1.5 сая төгрөг гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард брокер дилерийн компаниуд 22.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 22.8 тэрбум төгрөгийн 3 хувь буюу 686 сая төгрөгийг дээрх байдлаар хуваавал 450 сая гаруй төгрөг нь гүйлгээ хийсэн 40-өөд брокерийн компанийн цэвэр ашиг болж байгаа юм.
Ямар ч байсан брокер дилерийн компаниуд ийн анхаарлын төвд орох болсонтой зэрэгцээд тэдгээрийг чадваржуулах, мэргэжилтнүүдийг нь сургах талаар яригдаж байна. ТӨХ-ноос брокер дилерийн компаниудын босгыг өндөрсгөх шаардлагыг холбогдох байгууллагуудад нь тавьж байгаа аж. Үнэт цаасны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ч гэсэн брокер дилерийн компаниудтай холбоотой нэлээд олон заалт орж байна.
0 comments:
Post a Comment