Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Оюутолгойн гэрээг өөрчлөхөд хариуд нь заавал нэг зүйл тулгах юм

2011-04-13

Оюутолгой ордын Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоноо Засгийн газар албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэрээнд орсон тэрхүү өөрчлөлтийн мөн чанарын талаарх тайлбарууд хэвлэлд хараахан гараагүй байгаа энэ үед  “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н.Дорждарийн байр суурийг The Mongolian Mining Journal сэтгүүлийн Н.Ариунтуяа сонирхсон юм.

-Оюутолгой ордын Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэд хэдэн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах болжээ. Энэхүү өөрчлөлтүүд Монголд ямар ач холбогдолтой вэ?  

-Оюутолгойтой холбоотой гурван ч Гэрээ байдаг. Хөрөнгө оруулалтын, Хувь нийлүүлэгчдийн, Урьдчилгаа төлбөр буюу Засгийн газрын үнэт цаасны гэсэн гурван гэрээ. Сүүлийнх нь үндсэндээ зээлийн гэрээ.  Эдгээрээс Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орно гэж ойлгож байгаа. Энэ гэрээний монгол хувилбар нь нууц байна гэсэн асуудлыг УИХ-ын зарим гишүүд хөндсөн.  Тэгэхээр гэрээнд өөрчлөлт үнэхээр орсон, үгүйг одоохондоо хэлж мэдэхгүй юм. Засгийн газрын мэдээлснээр тодорхой өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчидтай харилцан тохиролцсон гэсэн хэмжээнд л мэдээлэлтэй байна.

Энд хоёр ерөнхий зүйлийг онцолж хэлье. Хувь нийлүүлэгчдийн гэрээ яагаад нууц байгаа юм бэ гэдэг асуудал дахин босч ирж байна. Газрын баялаг бол ард түмний өмч. Ард түмний өмчийг тэдний нэрийн өмнөөс төр захиран зарцуулж байгаа. Эдийн засгийн утгаараа ч, нийгмийн агуулгаараа ч тэр Монгол улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой, хуулийнхны ярьдгаар материаллаг ийм зүйлсийг олон нийтэд ил танилцуулах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хамтад нь авч үзэж байж, энэ гэрээ Монгол улсад ашигтай болж уу, үгүй юү гэдгийг үнэлэх боломж олдоно. Нэг гэрээ нь нууц гээд нийтэд ил биш болохоор ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан нь үндсэндээ ойлгомжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ бүх асуудлыг ил болгож чадахгүй. Тиймээс эхний ээлжинд Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил болгох хэрэгтэй. Бусад улс орны чиг хандлага ч гэсэн гэрээ хэлэлцээрийг ил болгоход чиглэж байна. Нууцлахын тухайд бол гэрээний нарийн зүйл заалт, бизнесийн өртөг зардал ямар байгааг өрсөлдөгчид нь мэдчихвэл компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө гэж зарим хүн тайлбарладаг л даа.

Гэвч хамгийн инээдтэй нь Хувь нийлүүлэгчдийн энэ гэрээ англиар вэб сайт дээр ил байгаа. Түүнчлэн гэрээнүүдийг зардаг компаниуд байдаг. Өндөр үнээр зардаг болохоор компаниуд л авах бололцоотой. Тэгэхээр  өрсөлдөгч компаниуд бол тэр гэрээг аль хэдийнэ олоод авчихсан байгаа. Гэтэл баялгийн жинхэнэ эзэд ард түмэн гэрээг үзэх эрхгүй байж болохгүй биз дээ.

Хоёрдугаарт,Оюутолгойн гэрээг байгуулаад удаагүй байна. Хүчин төгөлдөр болоод жил ч болоогүй байхад өөрчлөлт оруулж байгаа нь анхнаасаа гэрээг байгуулахдаа асуудлыг бүрэн дүүрэн авч үзээгүй, илүү нөхцөл шаардах бололцоо байсаар атал түүнийг ашиглаагүй дүр зургийг л харуулж байна. Нэлээд яарч, улс төрийн шийдэл нь гараад гэрээ байгуулсан дүр төрх эхнээсээ харагдаж байна шүү дээ.

-Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээний өөрчлөлт анхаарал татаж байна. Үнэхээр нааштай сайн өөрчлөлт хийгдэж чадсан уу?
-Зургаа, долоон асуудлаар өөрчлөлт оруулна гэж Засгийн газар мэдэгдэж байна лээ. Анх байгуулсан гэрээгээр Монгол улс “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг “Айвенхоу Майнз” компаниас зээл аваад төлчихөж байгаа. Тэр зээлийн хүү 9.9 хувь гэдэг нь бодит хүү. Бодит хүү бол инфляцийг тооцоогүй хүү. Нэрлэсэн хүү гэвэл Америкийн инфляци ямар байхаас хамаараад 13 хувь орчим болж байгаа юм. АНУ-ын инфляци олон жилийн дундаж нь 3 орчим хувь байдаг. Бид анхнаас нь л маш өндөр хувь хэмжээтэй зээл авч байгааг нь сануулж байсан. Гэрээ байгуулж байх үед хувийн компаниуд үүнээс хамаагүй бага хэмжээний хүүтэй зээл авч байсан. Гэтэл бид чинь бүхэл бүтэн улс шүү дээ. Адаглаад хувийн компанийн авч буй үнээр зээл авах бололцоотой гэдэг асуудлыг тавьж байсан. Үүнийг ойлгоод, одоо  өөрчилж байгаа нь сайн хэрэг.

Одоогийн шинэ хувилбараар Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6.5 хувь гэсэн. Энэ нь хоёр банк хоорондоо итгэлцээд, бие биедээ зээл өгөхдөө ашиглаж байгаа үнийн түвшин. Нэг банк Монгол улсын Засгийн газартай итгэлцээд зээл өглөө гэхэд яагаад зөвхөн тэр LIBOR хүүгээр байж болохгүй гэж. Мэдээж зээл авахтай холбоотой янз бүрийн өртөг зардал, эрсдэл зэргийг бодоод бага зэргийн хүү нэмж болно л доо. Тэгэхдээ 6.5 хувийг нэмсэн нь бас л өндөр өртөг. Оюутолгойн гэрээг анх хэлэлцэх үед LIBOR дээр нэмэх нь 3.3 хувь гэсэн хувилбар яригдсан удаатай шүү дээ. Гэтэл одоо гэрээг дахин сайжруулсан хэрнээ 6.5 болчихлоо. Уг нь Монгол улсын зээлжих эрх тэр үеийг бодвол яг одоо дээшилчихсэн. Мөн гэрээ яг батлагдах үед хямрал болж байсан. Одоо бол зээлүүлье гэсэн сул хөрөнгө дэлхийн зах зээл дээр маш их байна. Үүнийг хайж эрэлхийлэх нь л чухал байгаа юм.

Өөр нэг техникийн шинж чанартай зүйл гэвэл Америкийн инфляци хасах дүнтэй гарч болдог тоо. Хямралын дараа тийм байсан шүү дээ. Тэнд инфляци буюу үнийн өсөлт биш бууралт ажиглагдаж байсан. Тэгвэл 9.9 хувиасаа хасагдаад явна гэсэн үг. LIBOR одоо хамгийн доод цэгтээ байгаа. Дахин доошилно гэсэн ойлголт байхгүй. 6.5 гэдэг нь LIBOR 0 үед байх хувь. Дээшлээд явбал нэмэгдэнэ. Бас л 3-4 хувьд хүрэх магадлалтай. Тэгэх юм бол эргээд л 10 хувийн зээл болчихож байгаа юм. Урт хугацаанд харах юм бол бид LIBOR-ийг хамгийн бага байхад нь энэ хэлэлцээрийг хийж байна. Түүн дээр 6.5 хувийг нэмнэ гэдэг нь 6.5 хувь дээр нэмэх нь 3-4 хувь болох асуудал үүснэ гэсэн үг шүү дээ. Ийм тал байгаа ч 9.9 хувь дээр нэмэх нь Америкийн инфляци гэдгээс арай дээр л дээ. Тиймээс энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, талархан хүлээж авч байна.

-Давуу эрхийн хувьцааг гэрээнээс хасч, зээлийн эрхийн бичгээр санхүүжих болжээ. Давуу эрхийн хувьцааг Гэрээнээс хасах хэрэг байсан уу?

-Бусад өөрчлөлт нь илүү техникийн шинж чанартай байна лээ. Манайх эрхээ баталгаажуулсан зүйлс. Давуу эрхийн хувьцааг ашиглахаа болино гэсэн нэг зүйл байгаа. Эндээс давуу эрхийн хувьцаатай холбоотой 34 хувь хүчин төгөлдөр үү, үгүй юү гэсэн асуудал үүснэ. Ер нь давуу эрхийн хувьцаа бол нийтлэг байдаг санхүүжилтийн нэг хэлбэр. Байж болох ч хэлбэр. Улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх шиг байна. Тэгээд хасчээ гэж ойлгосон. Анхнаасаа гэрээ нь нууц болохоор олон нийтэд мэдээлэх, тайлагнах тал дээр анхаараагүйгээс болж давуу эрхийн хувьцааг тэр чигээр нь хасах нөхцөл үүсч байх шиг. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь нэг талаас хувьцаа, нөгөө талаас зээл хэлбэртэй хоёрдмол шинж чанартай хэрэгсэл. Улстөрчид хувьцаа гэсэн тодорхойлолтыг нь авч үзээд асуудалд хандаад байдаг. Нөгөө тал нь зээл гэдэг утгаар хандаад байдаг. Энэ хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Үүнийг олон нийтэд сайн таниулаагүйгээс болж элдэв маргаан ч үүсч байна.

Санхүүжилт гуравдагч талын зээл хэлбэрээр явахад болно л доо. Гэхдээ түүний хүүгийн түвшин ямар байх вэ. Түүн дээр бас л тохирсон ёсоор LIBOR нэмэх нь 6.5 хувь гээд хүүгийн түвшин яригдана. Хүүгийн түвшин өөрөө татвар ногдох орлогоос хасагдаж тооцогддог. Тэгэхээр татварын хэмжээг бас л бууруулна. Цаана нь эдийн засгийн тооцоо байгаа байх л гэж найдъя.

-Зээлийн хувь хэмжээг өөрчилснөөр Монгол улсад 1 тэрбум төгрөгийн ашиг бий болно гэж ярьж байна. Энэ нь хэр бодитой тооцоо вэ?


-Тэрбум доллар Монголд илүү орохоор байна гэж Сайд хэлж байна лээ. Бас л  мэдээллээ дутуу өгч байгаа болохоор үүн дээр дүгнэлт хийхэд хэцүү. Мэдээж, Засгийн газарт тооцооны загвар байгаа л байх. Тэр загварын дагуу чухам ямар дүн гарсныг хэлж мэдэхгүй юм. Тэрбум доллар гэж өнөөдрийн тэрбум долларыг хэлж байна уу, эсвэл 30 жилийн дараах тэрбум долларыг ярив уу гэдэг нь ойлгогдохгүй байна. Эндээс улстөрчид маань салаа утгатай зүйл мэдэгдчихдэг. Түүнийгээ дараа нь яаж л бол яаж тайлбарладаг. Тэрбум доллар өнөөдрийнхөөр бол маш их мөнгө. 30 жилийн дараа гэвэл үндсэндээ өнөөгийн 300 сая доллар ч хүрэхгүй мөнгө. Цаг хугацаа үнэ цэнтэй гэдгийг бүгд мэднэ. Иймэрхүү салаа утгатай мэдэгдлүүдийг хиймээргүй байна. Маш тодорхой хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас, тэрбум долларыг өмнө нь зөвхөн хүүн дээр алдах гэж байсан юм бол ерөөсөө энэ гэрээний чанарт эргэлзээ төрөхөөр байна.

-Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар нааштай тохиролцоонуудыг хийж байгаа нь сайн хэрэг. Цаашид ч бас өөрчлөлт хийгдэж, илүү сайжраад явах байх. Таны бодлоор цаашид Оюутолгойн гэрээнд зайлшгүй өөрчлөх ёстой ямар зохицуулалтууд байна вэ?

Урт хугацаатай байгуулсан гэрээнд өөрчлөлт ороод явдаг нь байдаг л практик. Бүгдийг урьдчилан харж, гэрээг төгс байгуулчихна гэж үгүй. Тодорхой хугацаанд хоёр талаас гэрээгээ эргэн харж, шинэчлэх ажлыг байнга хийх учиртай. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах зүйл нэлээд бий. Хэд хэдэн өөрчлөлтийг зайлшгүй оруулах ёстой. Гэрээг байн байн өөрчлөх нь хөрөнгө оруулагчдад мэдээж түвэгтэй. Гэхдээ гэрээ аль ч талдаа боломжийн байхгүй бол урт хугацаанд тогтвортой байх магадлал муу шүү дээ. Хэн хэндээ ашигтай,  аль болох хуулийн дагуу хийгдсэн байвал хөрөнгө оруулагч талдаа ч хэрэгтэй.

Нэг зүйл ажиглагддаг нь ямар нэг байдлаар гэрээг өөрчиллөө гэхэд, магадгүй Монголын талд илүү ашигтайгаар өөрчлөхөд хариуд нь заавал нэг юм нэхэх гээд байдаг. Тэр нь Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийг өөрчлөхөд хүртэл хүрдэг. Ялангуяа гэрээг байгуулах явцад энэ байдал илүүтэй ажиглагдсан. Уг гэрээг байгуулахад Монгол улс дөрвөн хуулиа өөрчлөхөд хүрсэн. Ингэж жижиг улсад хөрөнгө оруулахдаа хууль тогтоомжоо өөрчил гэсэн шаардлага тавих нь зүй ёсны хэрэг үү, үгүй юү гэдэг асуудал  гарна. Манай улсын хууль тогтоомж боловсронгуй биш байж болно. Хуулийг өөрчилж болно. Гэхдээ нэг компанийн төлөө хуулийг байн байн ингэж өөрчлөөд байж болох уу?

-Нэн тэргүүнд өөрчлөх зүйлийн тухайд бас л санхүүтэй холбоотой зүйл хэлье. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд менежментийн төлбөр гэж бий. Менежментийн төлбөрт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлтэл бүх зардлын 3 хувь, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явж эхэлснээс хойш бүх зардлын 6 хувийг “Айвенхоу Майнз” компани авахаар байгаа. 5 тэрбумын хөрөнгө оруулалтын зардал орууллаа гэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээс өмнө 3 хувь нь эргээд менежментийн төлбөр гээд гадагшаа гарчихаж байгаа юм.

Менежментийн хөлс төлбөр гэж байлгүй яахав. Монгол улс энэ төслийг бие даагаад удирдлагыг хэрэгжүүлчих бололцоо хараахан үгүй гэж үзэж байгаа бол гаднаас менежмент авч болно. Асуудал нь төлбөрийн хувь хэмжээндээ байгаа юм. Харьцангуй өндөр хувь хэмжээ энд тавигдсан. “Рио Тинто” гэдэг компани хаанахын ямар улсад 3 хувь, 6 хувийн менежментийн төлбөр авдаг юм бэ гэдгийг энэ чиглэлийн маш олон хүмүүсээс асууж, сонирхож үзлээ. Тийм газар байдаггүй юм байна. Монгол улсад үйлдвэрлэл явж эхэлснээс хойш бүх зардлын 6 хувийг авна гэдэг маш өндөр төлбөр. Нөгөө талаасаа менежментийн төлбөр гэдэг нь тодорхой үйлчилгээ үзүүлсний хөлс байх ёстой. Өөрөөр хэлбэл, бидний чаддаггүй, мэддэггүй ямар нэг үйлчилгээг үзүүлсний төлөө авч байгаа хөлс шүү дээ. Хамгийн гол нь энэ гэрээнд менежментийн төлбөрийг ямар нэгэн үйлчилгээтэй холбож өгөөгүй. Ерөнхий томъёолчихсон. Заримдаа өдөр тутмын сонинуудын бараг дөрөвний нэг  хувьд нь Оюутолгойн зар мэдээлэл явж байгааг та бүхэн ажиглаж буй байх. Энэ чинь компанийн үйл ажиллагааны зардал гээд л бүртгэгдэнэ. Түүний 3 хувийг Австралид сууж байгаа ч юм уу, Лондонд сууж байгаа компани менежментийн үйлчилгээ үзүүлсний хөлс гээд авчихаж байна. Сонинд зар тавих нь монголчуудын чадахгүй зүйл мөн үү гээд наад захын энгийн асуудал байна. Эсвэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ гээд Оюутолгойн зардлаар маш олон хүнийг ТМС-д сургаж байна. Тэр зардлын 3 хувийг, магадгүй үйлдвэрлэл эхэлснээс хойш 6 хувийг Англид сууж байгаа компани авчихна. Сургалтын тэтгэлэг өгөхийг монголчууд чадахгүй гэж үү.

Харин далд уурхайд блокчлон олборлох арга, технологийг Монголд эзэмшээгүй учраас үйлчилгээний 6 хувийг нь төлөх боломжийн байж болно. Менежментийн төлбөр ямар нэг үзүүлсэн үйлчилгээний хөлс байх ёстойг гэрээнд огт тусгаж өгөөгүй. Үйлчилгээ үзүүлсэн ч, үзүүлээгүй ч, бүр  монголчуудын чаддаг үйлчилгээг ч үзүүлсэн, чаддаггүй үйлчилгээг ч үзүүлсэн маш өндөр хөлс авахаар заачихсан байгаа. Үүнийг зайлшгүй эргэж харах ёстой.
Үүнтэй холбоотой, бас тусдаа ч авч үзэж болохоор нэг асуудал бий. Тэр нь суутгал татвар. Тухайлбал, энэ жил тэрбум доллараар хөрөнгө оруулалт хийхэд менежментийн хөлс гээд 3 хувийг авчихна. Тэрбум долларын 3 хувь нь 3 сая доллар. Энэ бол тэр компанийн Монголоос олж байгаа орлого шүү дээ. Монгол улс түүнээс нь татвар авах эрхтэй байх ёстой. Энэ бол хаана ч үйлчилдэг хууль тогтоомж. Харамсалтай нь давхар татварын гэрээгээр наймаалцах явдал олон улсын томоохон компаниудад байдаг л даа.

Монгол улсын хуулиар суутгал татвар гээд 3 сая доллараас 20 хувийг авах ёстой. Гэтэл Канадтай байгуулсан давхар татварын гэрээнд 5 хувиар авахаар заачихсан. Нидерландтай байгуулсан гэрээгээр огт татвар авахгүй гээд заачихсан байх жишээтэй. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Канад дахь “Айвенхоу Майнз”, Лондонд бүртгэлтэй “Рио Тинто” хоёртой байгуулсан. Тэгсэн мөртлөө Хувь нийлүүлэгчдийн гэрээг яагаад ч юм “Оюутолгой Нидерланд” гэдэг Нидерландад бүртгэлтэй компанитай байгуулчихсан.  Тэгээд Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр суутгал татварыг авахгүй нөхцөл үүсчихэж байгаа юм. Энэ нь маш их хэмжээний мөнгөний асуудал учраас ярьж байна.

Ялангуяа Монгол улс “Оюутолгой” гэдэг компанид 34 хувийг эзэмшихдээ мөнгө төлж, өөрсдөө хөрөнгө оруулж байгаа. Хэрвээ бид 20 хувийн суутгал татвараа авах юм бол 20 хувийг тэр компанид эзэмшиж байгаагаас ялгаагүй. Гэхдээ мөнгөө төлөхгүй эзэмшинэ гэсэн үг. Эдийн засгийн агуулга нь энэ. Жишээлбэл, бид хувьцаагаа үнэгүй авах ёстой гэж зарим хүн ярьдаг. 34 хувийг үнэгүй авах, суутгал татвар нь 34 хувь байх хоёрын эдийн засгийн үр дүн яг тэнцэнэ. Тиймээс манай улс Давхар татварын гэрээнүүдээ цэгцлэх ёстой. Өөрчлөх ч боломжтой. Гэрээ гэдэг мөнхийн зүйл биш. Ялангуяа хөгжингүй улсад, тухайлбал Нидерландад хэчнээн монгол хүн очиж хөрөнгө оруулах билээ гэдгийг бодох ёстой. Ямар улстай, ямар давхар татварын гэрээ байгуулах вэ гэдгээ эргэн харж, энэ ажлыг яаралтай хийх ёстой юм. Тэгээд ч энэ гэрээн дээр “Оюутолгой” Нидерландын компани гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юү, үгүй юү гэдгээ ч тодорхой хэлж өгч болно шүү дээ.

Мөн өсөн нэмэгдэх роялти байна. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээний асуудал л даа. Монголд хууль нь батлагдчихсан ч  “Оюутолгой” компанид үйлчлэхгүй байгаа. Энэ татварыг “Оюутолгой” компани төлөх ёстой гэж боддог. “Хэт өндөр” ашгийн талаарх рент гэж ойлголт бий. Хөрөнгө оруулагчаас үл хамаарах, хөрөнгө оруулагчийн шийдвэрт үл нөлөөлөх тийм өндөр ашигтай холбоотой зүйл. “Оюутолгой” компани 5 тэрбум доллар оруулаад 20 тэрбумын ашиг олно гэж тооцоолж байтал 40 тэрбумыг олчихлоо гэж бодъё. Тэр нь дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнээс хамаарчээ. Энэ нь мэдээж, компанидаа сайн хэрэг. Тэр нэмэлт 20 тэрбумын 50 хувийг Засгийн газар авчихлаа гэж бодъё. Тэгвэл 30 тэрбумын ашигтай, өөрөөр хэлбэл, хүлээгдээгүй 10 тэрбумын ашиг орж ирж байна гэсэн үг. Эсвэл 20 тэрбумыг тэр чигээр нь авчихлаа ч гэсэн цаана нь тооцоолж байсан 20 тэрбумын ашиг байж л байгаа. Тэр рентээс татвар авахад компани хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрчлөхгүй байх бололцоотой. Мэдээж, төлөвлөснөөс давах ашгийг бүгдийг авах нь компанидаа хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл байж болно. Гэхдээ тэндээс баялгийн эзэн болсон ард түмнийг төлөөлж байгаа төр ямар нэгэн байдлаар авах нь зүйтэй шүү дээ. Яагаад гэвэл үнэ байнга хэлбэлздэг. Ялангуяа үнэ өсөхөд компани алдагдалд орохгүй. Компанийн төсөөлж байгаа орлого нь үнэ буурах магадлалыг тооцчихсон ашиг байдаг.

Гэнэтийн ашгийн татварыг орлож гарч ирсэн Өсөн нэмэгдэх роялтийг төлөх нь зүйтэй. “Эрдэнэт” гэдэг компани төлөх нь байна. “Оюутолгой”-гоос хойш гарч ирэх “Эрдэнэс Тавантолгой” ч юм уу, бусад компани төлөх нь байна. Тэгэхээр “Оюутолгой” яагаад төлөхгүй гэж. Магадгүй, Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг төлснөөр компанид итгэх итгэл нэмэгдэж, компанийн байр суурийг улам бэхжүүлэх ч юм билүү. 

MMJ Н.Ариунтуяа

0 comments:

Post a Comment