Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Төрийн ордныг түрээслэнэ!!!

2010-12-10

 Шинэ жил дөхлөө, шинэ жилийн баяраа өнгөтэй өөдтэй газар хийчих гээд хэдэн менежер, дарга нар тал тал тийшээ утас цохин, захиалга ярина. За яах вэ, жижиг дунд хэмжээний, 20-500 хүнтэй байгууллагууд бол тэгээд асуудалгүй болоод байх шиг байна. Харин 1000, түүнээс дээш хүнтэй байгууллагуудын хувьд ёстой үгээ барж байгаа сурагтай. Багтаж шингэх газар олдохгүй, байгаа ганц нэг нь захиалганд дарагдсан, сул өдөр олдохгүй...

Харин би дээрх компаниудад нэг боломжийн санал тавих гээд байгаа юм. Юу гэвэл та бүхэн Төрийн ордонд шинэ жилийнхээ баярыг тэмдэглэчих, та нарт түрээслье. Ганц шинэ жилээ ч биш бусад баярын хурал, бүр бүх нийтийн ажилчдынхаа хурлыг ч хийсэн болно. Мөнгөө төлж чадах юм бол хэдэн өдөр ч хийсэн болно. Ямар ч асуудалгүй. Төрийн тусгай хамгаалалтын ногоон хувцастай хүмүүс та нарын хувцасыг өлгөж, Төрийн гурван өндөрлөгт цай зөөдөг үйлчлэгч нар /яахав жаахан царай муутай л байх/ та бүхэнд үйлчилж, хүсвэл хэн нэгэн сайд, УИХ-ын гишүүнийг урилгаар оролцуулж, худлаа магтаалын үг хэлүүлж болно. Бонуст нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтнээс баярын илгээлт өгүүлсэн ч чадна. Энэ сайхан санал биш гэж үү?

Монгол хүн бүр, тэр байтугай гадаадынхан ч Монгол улсын төрийн ордон бол хамгийн эрхэм газар ойлгодог байх. Би ч тэдний л адил бодолтой байдаг нэгэн. Төрийн ордонд зөвхөн төр засгийн хэмжээний, нийт улс оронд хамаатай томоохон үйл явдал, хурал чуулган л болдог гэж бодож байвал та том эндүүрч байна гэдгийг хэлье. Ер нь хүссэн болгон нь Төрийн ордонд хурал зөвлөгөөн хийдэг юм шүү дээ.

За ганц нэгээс нь дурдая л даа. Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал Төрийн ордонд болж байна. За яах вэ, Ардчилсан хувьсгалын гэдэг утгаараа хүндэтгэлтэй арга хэмжээ байж болох юм. Харин ганцхан АН-ынхан тэр хуралд суугаад МАН-ынхны толгой ч цухуйхгүй болохоор нь би Төрийн гэхээсээ илүүтэй намын хурал болоод байна уу даа гэж ойлгосон.

Тэгвэл үүний өмнөхөн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болсон бол тэрнээс 20-иодхон хоногийн өмнө МАХН-ын Их хурал болж ордныг ёстой түйвээсэн дээ. Хаа сайгүй л намуудынх нь туг далбаа, лого нь. Ханан дээр хүртэл ярайтал наачихсан. Нэг ТҮЦ-ний ханан дээр би зар наачих юм бол ТҮЦ-ний эзэн дор нь ураад хаяна даа. Харин Төрийн ордны ханаар дүүрэн наасан цаасыг бол хэнбугай нь ч урж авч чаддаггүй юм билээ. Би гайхаад л байгаа юм. Нэг намын хурал болоо л биз. Гэхдээ яагаад СТӨ, эсвэл УБ паласт болж болохгүй гэж. 300 мянга, 150 мянган гишүүн, дэмжигчтэй гэх намуудын хурал зөвлөгөөн бүх ард түмний өмч Төрийн ордныг өдөр шөнөгүй, төр засгийн ажлыг зогсоон байж болох ёстой ч юм уу, үгүй ч юм уу.

За дээрх арга хэмжээнүүд бол Төрийн ордны Их танхимд болсон арга хэмжээ. Их танхимаас гадна А, Б, В, Г, Соёмбо... юу юу ч билээ бас нэлээд хэдэн танхим бий. Тэдгээрт бол тэгээд энд тэндэхийн төсөл хөтөлбөр, гадна дотныхны хурал, сургалт семинар байнга л болж байдаг. Тэгээд тийм чухал зүйл үү гэхээр тийм биш. Тэр гишүүнийн тойргийнх болохоор л, энэ сайд хэлсэн юм чинь яаж татгалзах билээ... гэсэн үг ордны хамгаалалтын алба, аж ахуйн хэлтсийнхний амнаас гарна. Товчхондоо бол Монгол улсын Төрийн ордон хэн хүссэнийх хурал цуглаан болж байдаг оффис маягийн болчихсон. Төрийн ордон үнэгүй байдаг юм чинь тэнд л хийчихье гэсэн ойлголт байдаг ч юм шиг. АНУ-ын Цагаан ордон, ОХУ-ын Кремльд ДОХ-ын эсрэг сургалт болдог гэхэд би л лав итгэхгүй. Харин Монголын “Цагаан ордон”-нд бол тэр байтугай нь болдгийг би өөрөө харсан.

Тийм болохоор л би Төрийн ордныг түрээслье гэж бодоод байгаа юм. Овоо ч мөнгө цохино доо тэгвэл нь. За болъё оо гэхэд төрийн ордонд зүгээр ороод танилцах боломжгүй Монгол улсын олон зуун мянган иргэн орж болышд тийм ээ. Одоо Төрийн ордон руу энгийн иргэн орох нь бүү хэл арынх нь цэцэрлэгт ч ороход их төвөгтэй болчихсон шүү дээ.

Эцэст нь би түрээсийнхээ үнийг нь хэд гэж хэлэхээ мэдэхгүй байна. Мэдэхгүй ч гэж дээ, хэлэхээсээ эмээж байна...

3 comments:

Зулаа said...

ммм нээрээ бодууштай юм байна шүү. сайхан бичжээ

December 13, 2010 at 3:28 AM
С.Болд-Эрдэнэ said...

хэхэ чи минь л байхымдаа. Чи миний сэтгэгдлүүдийн 66 хувийг нь бичдэг хүн шүү гэж мэгээд. кккк

December 13, 2010 at 11:39 AM
abcd said...

өө ямар даварцан гарууд вэ?!
ийм юу сонсохоор бүр хамаг нерв хөдлөөд явчдын...

December 14, 2010 at 2:06 PM

Post a Comment