Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Ард түмний өмч гээд ад үзэгдэж байгаа юм байлгүй дээ, хөөрхий!!!

2010-12-21



Сүхбаатарын талбайн баруун талаар явахаар л АН-ын байрны урд “Ардчиллын өргөө, Ард түмний өргөө” гэсэн хаяг байх. Баахан хандив цуглуулж өнгөрсөн жилээс босгож эхэлсэн намынхаа шинэ байрыг тэгж нэрлээд байх шиг байгаа юм. АН-ын өргөөтэй хаяа дэрлээд Ардын намын өргөө бас сүндэрлэж буй. Ардын болоод Ардчилсан намууд хоорондоо намын байраараа өрсөлдөөд байгаа бололтой, манайх 20 давхар орчин үеийн загвар дизайнтай барилга гээд л мулт мулт үсэрнэ.

Сайн санахгүй байна, хоёр намын байр хэдэн төгрөгөөр босч байгааг нь. Ямар ч байсан хоёулаа л намын дэмжигчид олон түмнээс хандив цуглуулаад, нэг тоосго ч гэсэн өгчих гээд сууж байсныг санаж байна. Лав ганцаар тогтохгүй тэрбум төгрөгөөр босох биз хоёр намын байр. Яахав, Монголыг атгаж байгаа ах дүү хоёр нам хойно байшин барилга нь үнэтэй цайтай байх нь ч аргагүй биз. Үүнээс гадна СТӨ-нөөс ердөө тавхан алхмын зайд 10 хэдэн давхар цагаан байр ганцхан зуны дотор боссоныг та анзаарсан байх. Монголын чөлөөт хэвлэлийн магнатуудын нэг гэгдэх нэг эрхмийн өмч энэ байранд хоёр ч сонин төвхнөөд байгаа сурагтай. СТӨ-нд байрлаж байхдаа хамаг юмаа шатаалгасан хэмээн гомдоллодог дээрх хоёр сонин мөнгөтэй, нөлөөтэй гэдгээ харуулж чадлаа. Баяр хүргэе, нэг ч гэсэн сонин ийм байгаад.

Атал Ардын болоод Ардчилсан намын шинэ байрны тэхий дунд нь Соёлын төв өргөө хоёр жил хагасын өмнөх тэр аймшигт гал түймрийн гэрч болсон хэвээр үлдэж. Олон үг нуршаад яахав. Жинхэнэ ард түмний өргөө бол СТӨ. Социализмын үед Орос ах нарын барьж өгсөн энэ өргөөнөөс Монголын үе үеийн урлагийн бурхад төрөн гарч байсан, олон арван жил монголчуудыг урлагаар амьсгалуулж байсныг түүхийн шарласан хуудас хэлээд өгнө. Тэр аймшигт галд өртсөнөөс хойш СТӨ-г сэргээн засварлах талаар үнэндээ хэнбугай нь ч дуугарсангүй. СТӨ-ний удирдлагаас эхлээд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БСШУЯам гээд СТӨ-г өмчилдөг, эзэмшдэг байгууллагууд таг чиг. Уул харъяалал нь хотын мэдэлд байдаг гэсэн. Хотынхон байрны түрээсээс багагүй орлого олдог атлаа өнгөрсөн хугацаанд сэргээгээд засчихая гэсэн үг лав Ч.Мөнхбаяр даргын амнаас гараагүйдэг.

Хариуцсан байгууллагууд ийм хөлдүү байгаа юм чинь хэн энэ СТӨ-г бодож засах вэ дээ. Хөөрхий, ард түмний өмч юм болохоор ингэж ад үзэгдэж байгаа юм болов уу даа. Ардын намын байртай хамт шатсан хэрнээ нам нь байраа буулгаад шинийг бариад байдаг, СТӨ нь бахь байдгаараа хагарсан цонх, хайлсан төмөртэйгээ л байсаар байх нь. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төр засгийн удирдлагууд ингэхэд СТӨ-г шатсан гэдгийг мэддэггүй юм болов уу ч гэж бодогдох. Эсвэл тэд ард түмний төлөөлөл биш зөвхөн намын төлөөлөл гэсэн ойлголт нь давамгайлж, намаа л боддог байх.

0 comments:

Post a Comment