Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Эхнийх амжилттай болoxoд дараа дараагийнхдаа сайн нөлөөтэй

2010-10-18



  Mongolian Mining Corporation Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсний дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

Та өнөөдрийн үйл явдлын талаарх сэтгэгдлээ хуваалцаач. Ач холбогдлыг нь юу гэж харж байна вэ?
Ер нь бол  үндсэн хоёр ач холбогдолтой гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт,  Монголын үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай компани анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байна. Урьд өмнө Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж, Лондон, Хонконг, Нью-Йорк, Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байсан. Энэ удаагийн онцлог бол Монголын үндэсний томоохон компаниудын хөрөнгө оруулалттай үндэсний компани хувьцаагаа гаргаж, хувьцааны арилжаа ч сайн явагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголын үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах туршлага сууж, тийм хэмжээнд хүртлээ хөгжсөн байна, олон улсын хөрөнгө оруулагчид монголчуудад итгэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол улсын Их хурал, хамтарсан Засгийн газрын уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний салбар, татварын орчны талаарх төрийн бодлогын ерөнхий чиглэлийг хөрөнгө оруулагчид нааштайгаар үнэлж байгаа юм байна аа гэсэн дүгнэлт хийж болж байгаа юм. Төрийн зүгээс бизнесийг дэмжих, хөрөнгө оруулагчдыг татах зэрэгт их анхаарал хандуулан ажиллаж байгаа.
Мэдээж хэрэг цааш цаашдаа Монголын компаниуд олон улсын хөрөнгийн биржүүд дээр гарах боломж бий. Лондон, Австралийн бирж дээр эхнээсээ гарсан. Одоо Хонконгийн бирж дээр гарлаа. Энэ мэтээр олон улсын бирж дээр гарах компанийн тоо цаашид өсөх ёстой. Яагаад гэхээр гадаадын хөрөнгийн урсгалыг Монгол руу татаж, Монголдоо авчирч байж  шинэ ажлын байр, шинэ бизнес бий болно. Ингэж байж улсын эдийн засаг өсч, ард түмэн ажилтай, орлоготой болно шүү дээ. Монголын хөрөнгө оруулагчид үүнийг бий болгох суурийг нь тавилаа гэж бодож байна. Удахгүй дараа дараагийн үндэсний компаниуд олон улсын бирж дээр амжилттай гарна гэдэгт итгэлтэй байна.\

Олон улсын бирж дээр гарах дараа дараагийн компаниуддаа туршлага болж байгаа байх?
Мэдээж хэрэг олон улсын бирж дээр гарах дараа дараагийн компаниудад их туршлага, түлхэц болно. Эхний компани ямар байдалтай гарна дараа дараагийнх нь түүнийгээ дагаад л амжилт нь ахиж, буурах болно. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт энэ бирж дээр IPO хийсэн зарим компаниудын хувьд төлөвлөсөн хувьцааныхаа хэмжээг бууруулах, захиалга нь 20-30 хувиар буурах, үнээ 50 хувиар бууруулсан тохиолдол гарсан. Гэтэл Монголын компанийн хувьд өөрийн төлөвлөсөн ёсоороо хувьцаагаа гаргаж чадсан нь сайн хэрэг. Анхных гэхэд их амжилттай, олон улсын анхаарал татаж чадлаа шүү дээ. Яагаад гэхээр анхны захиалга тав дахин илүү ирлээ. Эхний өдрийн арилжаа ч боломжийн явагдаж байна. 7.02 хонконг доллараар худалдаанд гаргасан нэгж хувьцаа 20 минутын дараа 7.17 хонконг доллар болж өслөө. Дараагийн удаа  олон улсын бирж дээр гарсан компаниудын хувьцааны арилжаа ч олны анхаарлыг татна, хөрөнгө оруулагчид ч   Монголын компаниудад илүү татагдана гэсэн үг.



Хонконг. 2010.10.13
Гэрэл зургийг ММJ. Б.Рэнцэн

0 comments:

Post a Comment