Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Монголчуудын мөрөөдлийн арилжааг Mongolian Mining Corporation эхлүүллээ

2010-10-19

Add caption


Хонконгийн биржийн арилжааны танхим ийм олон монгол хүмүүсийг анх удаа харж  байж ч магад. Энд дэлхийн зах зээл дээр анхныхаа арилжааг хийхээр монгол хүмүүс сэтгэл догдлон зогсож байна.
Тэдний дунд энгэрээ шар өнгийн цэцгэн туузаар гоёсон Mongolian Mining Corporation-ийнхан содон харагдана. Mongolian Mining Corporation /MMC/ гэдэг нь “Энержи Ресурс”-ийн Хонконгийн биржид бүртгэгдсэн албан ёсны нэр билээ. MMC-ийнхэн тавь шахам хүний өргөн бүрэлдэхүүнтэй иржээ. Тэднээс гадна  арилжаанд биеэр оролцохыг зорьсон төр, засгийн төлөөлөгчид, бусад салбарынхан, сэтгүүлчид гээд тоолбол 70 орчим монгол хүн дэлхийн зах зээл дээр эх орны компанийн арилжаа эхлэхийг тэсч ядан хүлээж байлаа.

2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хонконгийн биржийн арилжаа уламжлал ёсоороо 9.30 цагт эхлэв. Өдөр бүр IPO хийсэн компаниуд хэд хэдээрээ шинээр төрөн гардаг арилжааны электрон танхим 149 жилийн түүхэндээ анх удаа монгол компанийн хувьцааг  арилжих гэж байгаа нь энэ юм. Энэ өдөр Хонконгийн бирж дээр MMC-ээс гадна хоёр компани IPO хийхээр бүртгүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ хоёр компани хоёулаа Хятадынх.

MMC 975 гэсэн арилжааны дугаартай. Нэгж хувьцаагаа 7.02 Хонконг доллараар үнэлсэн нь энэ өдрийн IPO хийсэн компаниудаас хамгийн өндөр ханштай нь. Гурван компанийн хоёрдугаарт MMC-ийн хувьцааны арилжаа эхэлснийг зарлав. Энэ мөчөөс дэлхийн хөрөнгө оруулагчид Mongolian Mining Corporation гэсэн шинэ танилтай боллоо. Эх орны шинэ залуу компани анхны арилжаагаа эрэмгий бөгөөд зоригтой эхэллээ. Арилжаа эхэлснээс хойш 20 минутын дараа 7.02 Хонконг доллараас /HK$/ эхэлсэн хувьцааны ханш 7.17 болов. 7.02 Хонконг долларыг ам.доллар руу шилжүүлбэл 90 цент орчим. Нэгж хувьцаа 7.35 HK$ болж өссөн дүнтэйгээр эхний өдрийн арилжаа хаагдсан. Энэ нь 4.7 хувиар өссөн хэрэг юм.

Хамт бирж дээр гарсан China Suntien Green Energy IPO хийж, 369 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөжээ. Нэгж хувьцаагаа 2.40 HK$-аар үнэлсэн байсан ч эхний өдрийн арилжаа хаагдахад хувьцааны ханш нь 9.8 хувиар унасан үзүүлэлттэй байв.    

Биржийн туршлагатай мэргэжилтнүүд MMC-ийн арилжааг амжилттай эхэллээ хэмээн үнэлж байлаа. Энэ өдрөөс хоёр хоногийн өмнө даваа гаригт Winsway Coking Coal Holding компани Хонконгийн бирж дээр IPO хийжээ. Хямд үнээр Монголын түүхий нүүрсийг худалдан авч, угаагаад Хятадын хойд нутгийн гангийн үйлдвэрүүдэд борлуулдаг энэ компани нэгж хувьцаагаа 3,70 Хонконг доллараар үнэлсэн байв. Анхны өдрөө хувьцаа нь 8,6 хувиар унасан. Долоо хоногийн дараах байдлаар 2,7 хувийн уналттай байгаа. Харин Winsway-тэй өрсөлдөгч болон гарч ирж байгаа MMC-ийн хувьцаа тав хоногийн дараа буюу аравдугаар сарын 18-ны өдрийн 12.30 цагийн байдлаар 8,8 гэсэн ханштай байна. Харин MMC-гийнхэн энэ өсөлтөд хөл алдан хөөрсөнгүй. Mongolian Mining Corporation-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал,  хувьцааны ханш арилжаа эхэлсэн мөчөөс өсч эхэлж байгаа ч өсчихлөө гэж баярлах цаг болоогүй байна. Зах зээл өөрөө мэдрэмжтэй. Өснө, буурна. Гол нь бид амласнаа хийх хэрэгтэй гэсэн даруухан хариултыг хэвлэлийнхэнд өгч байлаа. 

Хонконгийн бирж дэлхийн санхүүгийн шинэ залуу төв болон хувирч байна. Хөгшин Европоос дайжсан том хөрөнгө оруулагчид энэ бирж дээр бууриа засан төвхнөж эхэлжээ. Уул уурхайн хөрөнгө оруулалтын үнийн дүнгээрээ бусад хөрөнгийн биржээ хэдийн гүйцэж түрүүлчхээд байгаа. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын бүх томчуудыг цуглуулаад байгаа энэ бирж бүтээгдэхүүнээ үндсэн /mainboard/ болон өсөлт бүхий аж ахуйн нэгж /GEM/-ийн гэж хуваадаг.

MMC үндсэн буюу mainboard жагсаалтад нь бүртгүүлжээ. Биржийн үнэт цаас бүртгүүлэх журмаар бол үндсэн жагсаалтад бүртгэгдэх компани сүүлийн гурван жилд 50 саяас доошгүй Хонконг долларын ашигтай ажилласан, биржид бүртгэгдэх үед хөрөнгийн хэмжээ, зах зээлийн үнэлгээ нь 200 сая Хонконг доллараас доошгүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Гэвч тухайн компанийн гүйцэтгэх удирдлага, удирдлагын баг нь уул уурхайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай бөгөөд бирж боломжтой гэж үзсэн бол эдгээр шаардлагыг багасгах буюу хэрэглэхгүй байх боломжтой байдаг байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр "Айвенхоу Майнз" ХХК-ийн охин компани Монгол дахь эзэмшлийн нэрээрээ Саусгови Сэндс ХХК болон “МОЭНКО” ХХК зэрэг гадны хөрөнгө оруулалттай  компаниуд IPO хийж хөрөнгө босгож байгаа билээ.

Үндэсний гэсэн тодотголоороо энэ хоёр компаниас ялгарч буй MMC IPO хийж 650 сая ам.доллар босгохоор төлөвлөжээ. Харин хувьцааг нь худалдан авах гэсэн захиалга тэдний санал болгосноос хэдийн давчихаад байна. Тэдний хөрөнгө оруулагчид нь хувьцааг удаан хугацаанд тогтвортой авч явдаг Америк, Европ, Азийн 100 гаруй хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн том байгууллагууд юм. Өөрөөр хэлбэл маш өндөр чанарын хөрөнгө оруулагчидтай. Энэ үзэгдлийг санхүүгийн шинжээчид Монголыг сонирхсон хөрөнгө оруулагчдын сонирхол асар их болжээ хэмээн тайлбарлаж байгаа.

Үнэхээр ч Монголын үндэсний компанийн дэлхийн зах зээл дээр гарах анхны алхмыг хөрөнгө оруулагчид тун ч гярхай ажиглаж байжээ. MMC олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан энэ өдрийн өмнөх өдөр Хонконгод “Mining Investment Insight-2010” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхлээд байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн чуулга уулзалт гурав дахь өдрөө “Mongolia Investment Summit-2010” сэдвээр чуулсан билээ.  MMC IPO хийж, анхны арилжаагаа явуулсны дараа “Монголын эдийн засагт шинэ эргэлт болж байна”, “Монгол хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж иржээ”, “Дэлхийн хөрөнгө оруулагчид Монголыг сонгожээ” гэсэн дүгнэлтүүд чуулга уулзалтад оролцсон хөрөнгө оруулагчдын амнаас унаж байлаа. Тэр дундаас нэгэн шинэ содон томьёолол гарч ирсэн нь Монголын үндэсний компаниуд өрсөлдөгч болж гарч ирлээ гэсэн дүгнэлт байсан юм.

Дэлхийн чансаатай хэвлэлүүд ч гэсэн Монголын үндэсний компанийн анхны арилжааг “Чингисийн Монгол эргэн ирлээ”, “Монголын эдийн засагт түүхэн эргэлт гарав” гэсэн гарчгуудаар тодотгожээ.

Түүх гэдэг шинээр зам мөр гаргагчдын жимээр урагшилдаг билээ. Тэгвэл олон улсын хөрөнгийн арилжааны урсгалд Монголоос дэлхий рүү чиглэсэн нэгэн тод мөрийг MMC компани ийн зурайлгалаа. Анхны зам мөр нэр хүндтэй эхлэв. Энэ мөрөөр дэлхийн арилжаанд оролцох хүсэл мөрөөдөл тээсэн үндэсний компаниуд замнах үүд хаалга цэлийтэл нээгдлээ.

КАПИТАЛИСТ НИЙГЭМ БИДНИЙГ ХАРЖ БАЙГАА

MMC-ийн үнэт цаасны эхний өдрийн арилжаанд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг Хонконгийн биржийн арилжаа явагдсан цахим танхимаас хүргэж байна.

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Дэлхийн дэвжээн дээр өөрийгөө харуулах өргөн хүрээтэй боллоо
Монголын үндэсний компани дэлхийн нэр хүндтэй бирж дээр өөрийн хувьцаагаа арилжиж байгаа анхны үйл явдалд сэтгэл их хангалуун байна. Монголын эдийн засаг дэлхийн зах зээл дээр гарч, дэлхий Монголыг таньж мэдэх хүрээг тэлж, анхны зам мөрийг гаргаж байна. Энэ гаргасан зам мөрийг дагаад Монголын олон компани дэлхийд нэр хүндтэй Азийн энэ бирж дээр гарч ирцгээх байх. Дэлхийн дэвжээн дээр өөрийгөө харуулах өргөн хүрээтэй боллоо. Нутаг уснаасаа халиад бүс нутаг, дэлхийн хэмжээнд гарч ирж байна. Дэлхийн аль ч өнцөг булангаас энэ хувьцааг худалдаж авах боломжтой учраас эдийн засгаа нээлттэй болгож байгаа том ач холбогдолтой юм. Эхлэл тавихад нэг талаар их хэцүү ч нөгөө талаараа асар  нэр хүндтэй байдаг. Энэ үйл явдлын ач холбогдол их өндөр юм шүү. Анхны энэ зам мөрийг гаргаж байгаа компани уул уурхайн компани байгаа нь надад их бэлгэ дэмбэрэлтэй санагдаж байна.




Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт: Гадаадын хөрөнгийн урсгалыг Монгол руу татаж байж Монголд шинэ ажлын байр, шинэ бизнес бий болно
Цаашдаа Монголын компаниудад олон улсын хөрөнгийн биржүүд дээр гарах боломж бий. Анхных нь Хонконгийн бирж дээр гарлаа. Ингэж олон улсын бирж дээр гарах компанийн тоо цаашид өсөх ёстой. Яагаад гэхээр гадаадын хөрөнгийн урсгалыг Монгол руу татаж, Монголдоо авчирч байж Монголд шинэ ажлын байр, шинэ бизнес бий болно. Ингэж байж улсын эдийн засаг өсч, ард түмэн ажилтай, орлоготой болно шүү дээ. Монголын хөрөнгө оруулагчид үүнийг бий болгох суурийг нь тавилаа гэж бодож байна. Удахгүй дараа дараагийн үндэсний компаниуд олон улсын бирж дээр амжилттай гарна гэдэгт итгэлтэй байна.


Mongolian Mining Corporation-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал: Мөнгө босгоно гэдэг маш том хариуцлага
Олон улсын санхүүгийн зах зээлээс босгож байгаа мөнгөний дүн хэмжээ нь манай хамт олны хөдөлмөрийг үнэлсэн, хүлээн зөвшөөрсөн үнэлгээ юм. Мөнгө босгоно гэдэг өөрөө маш том хариуцлага. Хөрөнгө оруулагчид Монголд, Монголын компанид итгэж, сайнаар үнэлэн хөрөнгөө орууллаа. Одоо бидний өмнө маш том хариуцлага ирж байна. Капиталист нийгэм биднийг харж байгаа. Монголчууд хэр хэлсэндээ хийж чаддаг юм, Монгол улс өөрөө хөгжлийн ямар чиг барьж байгаа юм, хувийн хэвшлээ дэмждэг юм уу гэсэн энэ бүх асуултад дүн тавина. Монголын анхны компани олон улсын бирж дээр гарч байгаа нь Монгол улсынхаа хувьд хувийн хэвшлийнхэн эдийн засгийн маш том алхам хийсэн хэрэг. Тэр хэрээр хариуцлага ирж байна. Тиймээс бид сайн ажиллах ёстой. Төслийнхөө бүх амлалтыг гүйцэд биелүүлэх ёстой. Хийх ёстой. Хийж ч чадна гэж бодож байна. Мэдээж, бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд хөрөнгийн бирж дээр гарах нь мөрөөдөл байдаг. Мөрөөдлийн энэ арилжааг бид амжилттай эхэллээ гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Монголын залуучууд ихийг бүтээж чадахаа харууллаа

Сэтгэл дүүрэн байна. Яг энэ мөчийг Монголын компаниуд хориод жил мөрөөдсөн шүү дээ. Ийм том зах зээл дээр гарч, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхийг бид хорин жил мөрөөдлөө. Мөрөөдөл биелдэг юм байна. Монголын залуучууд үнэхээр сайхан ажиллаж, их зүйл бүтээж чаддагийг харууллаа. Хаана ч, юун дээр ч гараад ажиллаж чадахаа харууллаа. Үүнд маш их олзуурхаж байна.

Ач холбогдлыг нь компанийн түвшинд аваад үзвэл хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж байна. Босгож байгаа 650 сая ам.доллар гэдэг Монголд асар их мөнгө. Тэгэхээр компанийн хувьд зөв юм хийгээд явбал мөнгө нь олддог юм байна, байж байдаг юм байна гэдгийн жишээ энэ юм. Монголын эдийн засаг, улсын эрх ашгийн үүднээс аваад үзвэл энэ компани “PIONEER” нь болж урд нь явж байна. Араас нь дагаад Монголын олон компани гарч ирнэ. Тэр компаниудынхаа зам мөрийг сайнаар тавьж өгч байна. Энэ утгаараа их тэмдэглүүштэй зүйл.

Эдийн засгийн үзүүлэлт, үйл ажиллагаатай холбоотой бусад зүйлсийг ярих юм бол зөндөө ихийг ярих болно. Энд нэг чухал зүйлийг анхаарах хэрэгтэй юм. Монголын эдийн засаг руу гаднаас мөнгө ороод ирлээ. Одоохондоо бид мөнгө орж ирж байгаад баяртай байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа орж ирж байгаа энэ их мөнгийг яаж удирдах вэ, хэрхэн залах вэ гэдэг нь өөрөө тодорхой асуудлыг үүсгэнэ. Тийм  учраас улсын эдийн засгийн үүднээс авч үзвэл одооноос төр, засгийн хэмжээнд үүнийг хэрхэн шийдэхээ бодож боловсруулж тодорхой алхамууд хийж эхлэх хэрэгтэй байна. MMC компанийн хувьд үнэхээр том ажил хийлээ. Ж.Оджаргал нарын залуучуудаараа бахархмаар байна. Сая Bloomberg-т ярилцлага өгч байгааг нь харлаа. Үнэхээр сайхан ярилцлага өгч байна. Ажил төрлөө сайн мэдэж, хийж чадаж байна. Энэ залуучууддаа үнэхээр их баярлаж байна.


Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Энэ компани Монголын хөрөнгийн зах зээлд үлгэр жишээ болно
Mongolian Mining Corporation компани Хонконгийн бирж дээр бүртгүүлснээр олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг Монголын анхны компани боллоо. Монголын компани Хонконгийн биржид бүртгүүлж, үнэт цаасаа арилжсанаар дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг компанийн засаглалтай, санхүү болон санхүүгийн бус үйл ажиллагаа нь дэлхий нийтэд ил тод, тунгалаг компани болж гарч ирлээ. Зах зээлийн зарчим, засаглал, санхүүгийн жишгээрээ энэ компани Монголын хөрөнгийн зах зээлд үлгэр жишээ болно.


“НЭПКО” ХХК, Баабар: Олон улсад нэр хүндтэй бирж дээр гарна гэдэг маш том үнэлгээ авах шалтгаан
Хонконгийн бирж бол дэлхий дээрх дөрвөн том биржийн нэг. Цаана нь Лондон, Токио, Нью-Йоркийн гээд гурван том бирж бий. Энэ хэдэн бирж дээр болж байгаа процесс дэлхийн үнийн, чанарын бүх л зүйлийг тодорхойлж байдаг. Энд анх удаа Монголын компани гарч байна. Үнэхээр тэмдэглэлт үйл явдал. Монгол улс капиталист улс болж буйн том илэрхийлэл. Энд гарч ирээд, арилжаа хийж, дэлхийн ханш гэж ярьдаг зүйл дотор өөрөө орж байж л, өнөө капитализм гэдгийг чинь бид байгуулна шүү дээ. Тэрүүхэндээ бужигнаад, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байдлаар бол явахгүй.

Олон улсын шилдэг бирж дээр гарна гэдэг амар зүйл биш. Шалгуур нь маш өндөр. Тэгэхдээ хэн дуртай нь ороод шалгаад байхгүй. Хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын аудит, хөндлөнгийн байгууллагууд шалгаж байж, орж болох юм байна гэсэн үнэлгээг өгдөг. Сая сая хүмүүс янз бүрийн хувьцаа худалдаж авч байгаа. Тэр хүмүүсийг хуурч болохгүй. Тэнд нэг мөнгөний ч зөрүү гаргаж болохгүй. Дэлхий дээр хэдэн мянган бирж байгаа л байх. Тэр дундаас дэлхийн дөрвөн том бирж гэдэг нь хамгийн итгэлтэй, найдвартай, хуурдаггүй, үнэн зөв мэдээлэл өгдөг гэсэн үг шүү дээ.

Монголчуудын мөрөөдлийн арилжааг Mongolian Mining Corporation эхлүүллээ

Ийм том биржийн хаалгаар Монголын компани нэвтрээд орчихлоо. Олон улсад нэр хүндтэй бирж дээр гарна гэдэг маш том үнэлгээ авах шалтгаан шүү дээ. Хоёр гурав дахь компани нь ороод ирэхээр Монголын талаар их зөв, өөр ойлголт өгнө. Өөр шат руу гарч ирж байна гэсэн үг юм.    

Сурвалжилсан Н.Ариунтуяа, The Mongolian Mining Journal
Гэрэл зургийг ММJ. Б.Рэнцэн

0 comments:

Post a Comment