Азийн бар гэгддэг Хонконг ирэх жилүүдэд Азийн төдийгүй дэлхийн санхүүгийн төв болох томоохон зорилт тавиад байна. “Тодорхой хугацааны дараа дэлхийн хамгийн олон орны хамгийн олон компанийн хувьцааг гаргасан, сайтар төрөлжсөн санхүүгийн төв болохыг Хонконгийн хөрөнгийн бирж зорьж байна” хэмээн АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын компани болох “Thornburg Investment Management” компанийн мэргэжилтэн Лей Ванг ярьжээ. Энэ зорилт хэдэн жилийн дараа бодит байдал болоход ойрхон байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр Хонконгийн хөрөнгийн бирж анхаарлын төвд байх болсон. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас улбаалан хөрөнгийн зах зээлийн гол тоглогчид Азийг чиглэх боллоо хэмээн олон улсын томоохон шинжээчид үзэж байгаа. Өрнөдийн томоохон банкууд, Хөрөнгө оруулалтын сангууд хямралаас ихээхэн хохирол амсаж, зарим нэг нь үүдээ барьсан, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн хурдацтай өсөлт нь хөрөнгө оруулагчид Америк, Европыг орхиж Азийг чиглэхэд гол түлхэц болж байна.
“Блүүмберг” агентлаг “Хонконгийн хөрөнгийн бирж дээр он гарсаар IPO хийх буюу анхдагч зах зээл дээр хувьцаа гаргасан компанийн тоо урьд өмнө байгаагүйгээр өслөө. Тус бирж дээр IPO хийх замаар босгосон мөнгөний хэмжээ ч үүнийг илтгэнэ. Он гарсаар 145.4 тэрбум хонконг доллар буюу 18.9 тэрбум ам.долларын IPO гарсан нь гурван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм” хэмээн мэдээлэв. Мөн “Энэ жил дэлхийн хэмжээнд IPO-н хэмжээ хоёр дахин өсч 200 тэрбум ам.доллар, харин Хонконгийн хөрөнгийн биржийнх 96 хувиар өсч, 370 тэрбум хонконг доллар буюу 53 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож магадгүй” хэмээн санхүүгийн томоохон судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн биржүүд, тэр дундаа Хонконгийн бирж дээр шинээр хувьцаа гаргаж, хөрөнгө татах компанийн тоо болон мөнгөний хэмжээ сар, өдрөөр өсч байна гэсэн үг. www.theedgesingapore.com сайтад мэдээлснээр 1993 оноос хойш тус бирж дээр хувьцаа гаргасан 300 компанийн босгосон мөнгө биржид бүртгэлтэй 1340 гаруй компанийн босгосон мөнгөний 60 орчим хувийг эзэлж байгаа аж. Энэ нь сүүлийн жилүүдэд уул уурхай төдийгүй бусад салбарын томоохон төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт татах гол төв Хонконгийн бирж болж буйг харуулсан хэрэг юм.
Хонконгийн бирж дээр ганцхан Хятадын компаниуд л хувьцаагаа арилждаг гэсэн ойлголт хэдийнэ замхарчээ. Хонконгийн хөрөнгийн бирж дээр олон улсын томоохон компаниуд IPO хийх замаар олон тэрбум долларын хөрөнгө босгох үзэгдэл өдөр тутам гарч байна. “Олон улсын хөрөнгө оруулагчид Хонконгийн хөрөнгийн бирж дээр Хятадын бус компаниудад хөрөнгө оруулах сонирхол их байна” хэмээн “Thornburg Investment Management” компанийн мэргэжилтэн Лей Ванг ярьсан нь үүнийг нотолж байгаа юм.
Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компани болох ОХУ-ын “United Co Rusal” Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 17.4 тэрбум хонконг доллар босгосон нь яах аргагүй анхаарлын төвд ороод байна. Энэ компани монголчуудын эртний танил Олег Дерипаскагийн эзэмшлийнх. Их хэмжээний өрөнд орсон О.Дерипаскад Засгийн газар нь тусалж чадахгүй байгаагаас компанийнхаа хувьцааг арилжих замаар өрнөөсөө салах арга зам хайж байна хэмээн шинжээчид үзэж байна.
Тэрбээр олон улсын зээлдүүлэгчид болон Оросын зээлдүүлэгчдэд нийтдээ 14.9 тэрбум ам.долларын өртэй байгаа юм. “United Co Rusal” 17.4 тэрбум хонконг доллар босгож чадсан нь Хонконгийн биржийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт. Компанийнхаа нийт эзэмшлийн 10.6 хувь буюу 1.61 тэрбум ширхэг хувьцааг нэг бүрийг нь 10.80 хонконг доллараар үнэлэн гаргажээ.
“U C Rusal” нь 2007 онд хөнгөн цагааны салбарт дэлхийн хамгийн том 10 компанийн гурав нь болох “Rusal”, “SUAL” болон Швейцарийн “Glencore” компани нэгдсэнээр байгуулагдсан магнат юм. Хөнгөн цагааны хүдэр олборлолт, хөнгөн цагаан боловсруулах, хайлуулах үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, таван тивийн 19 улсад 75 мянган ажилтантай компани гэхээр хэр том компани гэдэг нь харагдана.
“UC RUSAL” хувьцаагаа гаргаснаас хойш хувьцааных нь ханш тогтвортой байсан бөгөөд төлөвлөсөн ёсоороо хөрөнгө босгож чадсан хэмээн үзэж байгаа аж. Компанийн хувьцааг 226 хөрөнгө оруулагч сонирхсон ба энэ дунд жижиг тоглогч байхгүй, дандаа томоохон хөрөнгө оруулагчид аж. Нийт хувьцааных нь 3.15 хувийг Оросын төрийн өмчийн байгууллага “Vnesheconombank” худалдаж авсан бол “NR Investments Ltd” 0.48 хувийг, “New York hedge-fund manager Paulson & Co” 0.47 хувийг авчээ. Өөрөөр хэлбэл “UC RUSAL”-ын хувьцааг улс улсын томоохон хөрөнгө оруулагчид худалдаж авсан гэсэн үг.
ОХУ-аас гадна Бразилийн компани анх удаа Хонконгийн бирж дээр IPO хийхээр бэлтгээд байгаа хэмээн “Ройтерс” агентлаг наймдугаар сарын 1-нд мэдээлжээ. Бразилийн “Sateri International Group” аравдугаар сарын эхээр нэг тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд IPO хийхэд нь “Bank of China International” болон “Morgan Stanley” Зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Хэрэв Тэдний төлөвлөснөөр болбол мөн л санхүүгийн зах зээл дээрх томоохон шуугианыг тарих нь дамжиггүй болоод байна. Мөн Хятадын тээвэрлэлт, усан тээврийн үйлчилгээ эрхлэгч томоохон компани болох “SITC Холдинг” энэ сарын сүүл, ирэх сарын эх гэхэд Хонконгийн бирж дээр 2.34 тэрбум хонконг доллар буюу 304 сая ам.долларын үнэ бүхий IPO хийхээр бэлтгэж байгаагаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байна. Энэ мэтчилэн Европ, Америк, Азийн томоохон компаниуд Хонконгийн бирж дээр IPO хийхээр хэдийнэ бэлэн болчихоод байгаа.
Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарсан гадаадын компаниудын дунд Монголд орд газар эзэмшигч хэд хэдэн компани бий. “Айвенхоу Майнз”-ын охин компани болох “SouthGobi Energy Resource”, Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшигч “Мо Эн Ко” компанийн толгой компани “Mongolia Energy Corporation” Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Дээрх хоёр компанийг Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэхэд хятадууд бидний баялгаар мөнгө босгож байна хэмээн шуугиснаар монголчууд Хонконгийн хөрөнгийн биржтэй анх танилцсан гэхэд болно. Одоо дээрх хоёр компанийн араас хэд хэдэн компани Хонконгийн бирж дээр гарахаар бэлтгэлээ хангаж байгаа сураг бий.
Мөн төрийн өмчит томоохон компаниудыг ч Хонконгийн биржид бүртгүүлж, хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаагаа Хонконгийн биржтэй танилцах үеэрээ Ерөнхий сайд ам алдсан удаатай. Хонконгийн биржийг сонгох болсон нэг шалтгаан нь Хонконгийн бирж хөгжиж, томорч байгаагаас гадна уг бирж дээр IPO хийсэн “SouthGobi Energy Resource”, “Mongolia Energy Corporation” компаниуд амжилттай ажиллаж байгаатай холбоотой биз. Ашиггүй хэмээн хаягдаад байсан Хөшөөтийн нүүрсний уурхайг Хонконгийн “Mongolia Energy Corporation” авснаар өнөөдөр Ховд аймагт томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Нэмэлт хайгуул судалгаа хийж нөөцөө нэмэгдүүлэн улмаар олон улсын JORC кодоор хөрвүүлж, 149 сая тонн нүүрсний нөөцтэй гэдгээ зарлан олборлолтоо эхлүүлчихээд байна. Хонконгийн бирж дээр IPO хийснээр 17 тэрбум хонконг доллар буюу 2.1 тэрбум ам.доллар босгож, түүгээрээ уурхай байгуулах, зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа санхүүжүүлэн амжилттай ажиллаж байна. Зөвхөн Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэлх 340 гаруй км хатуу хучилттай замыг барихад 140 гаруй сая ам.доллар зарцуулснаа компанийн удирдлагууд мэдэгдэж байсан. Энэ зам одоо ашиглалтад ороход бэлэн болчихоод байгаа. Энэ мэтчилэн Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгосон компаниуд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Юутай ч энэ зууны дэлхийн санхүүгийн гол төв нь Хонконгийн хөрөнгийн бирж болно гэдгийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар тус биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ хоёр триллион ам.долларт хүрснээр дэлхийд зургаад, Азидаа Токиогийн биржийн дараа хоёрдугаарт орж байна. Харин энэ мөнгөний хүүдийнээс хэрхэн мөнгө “зулгааж” улс орныхоо хөгжлийн төлөө ашиглах нь монголчууд биднээс өөрсдөөс маань хамаарах болоод байна.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment