Ерөнхий сайд ойрд гадаад улсуудыг их зорих боллоо. Түүний айлчилж байгаа улсууд, айлчлалын багийн бүрэлдэхүүнд яваа хүмүүсийг харахад яагаад ийн ойр ойрхон хилийн дээс алхах болсныг төвөггүйхэн ойлгоно. Өнгөрсөн хавар АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор өмнөд хөршийг зорихдоо Азийн санхүүгийн төв болсон Хонкогт саатаад амжсан.
Өдгөө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Эрх чөлөөний орныг зорихдоо дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж Нью-Йоркийн хөрөнгийн биржээр үдлэх маршруттай. Бас Канадад хэд хонохдоо Торонтогийн биржээр ороод гарах нь.
Урьд АНУ, Хятад, Канад зэрэг улс руу томилолт өвөртлөн явсан төрийн өндөрлөгүүд цөөн хэд хоног яваад ирдэг бол энэ удаагийн Ерөнхий сайдынх 10 гаруй хоногийн хөтөлбөртэйгээс найм нь Нью-Йоркт өнгөрөөх өдөр. Мөн айлчлалын бүрэлдэхүүнийг харахад ч сонирхолтой хүмүүсийн нэр харагдана. Урьд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг дагаад хоёр орны Парламентын бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүд, Сангийн яамны зээл тусламж хариуцсан түшмэл, хотын мэр зэрэг хүмүүс л явдаг байсан бол сүүлийн хоёр ч удаагийн гадаад айлчлалд нь санхүүгийн зах зээл, бизнесийн салбарын төлөөлөл түлхүү орсон байх юм.
Төр, засгийн тэргүүнүүдийг гадаад айлчлалаас ирэхэд нь аяны богц арвинтай ирлээ хэмээн магтах доромжлохын хооронд болдог байв. Угтаа бол гадаад айлчлал гэдэг ойлголт зээл тусламж дэмжлэг гуйх гэдгээс өөрчлөгдөж сурах, судлах гэсэн ойлголт руу орж байна гэхэд болно биз.
Нөгөө талаар, Монгол улс уул уурхайгаа түшиглэж хөгжинө гэж байгаа ч ганц уул уурхай биш уул уурхайг хөрөнгийн зах зээлтэй дөрөө хоршуулан хөгжүүлэх нь зөв гарц гэдгийг олж харсан. Ганц газрын баялгаа барьцаалж зээл аваад, эсвэл гадны нэг компанид бүх эрхийг нь өгөөд өөрсдөө татвар зэрэгхэнээр амьдарна гэж байхгүй хойно олон улсын санхүүгийн зах зээлд хөл тавьж, гол тоглогчдын нэг болох нь бидэнд тал бүрийн ашигтай. Өөрөөр хэлбэл хөтөлгөө морьтой хөгжлийн төлөө зүтгэвэл илүү хурдан гэсэн үг. Тийм гарц байгааг харсан, боломжийн үзүүрээс нь атгаад авсан бид харин зүгээр тавьчихаж бас болохгүй.
Тиймдээ ч Ерөнхий сайд нь гадаад айлчлалдаа тун няхуур хандаж, дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдтэй улсуудыг зорьж байгаа нь тохиолдлын нэг хэрэг биш ээ. Атгасан үзүүрээ улам лавшруулахын тулд, хөтөлгөө мориныхоо уяа сойлгыг нь тааруулахын тулд дэлхийн шилдгүүдээс бид яалт ч үгүй суралцаж таарна.
Монгол улсын эдийн засаг уртаашаа 4 их наяд гаруй төгрөг буюу 4 тэрбум ам.долларт эргэлддэг. Хоёр их наядыг нь банкны систем эргэлдүүлдэг бол үлдсэн нь төрийн хэтэвчинд бий. Арилжааны банкууд халаасан дахь хэдийгээ орон сууц, машин, цалингийн зээл гэх мэт иргэдийн хэрэглээний зээлэнд зарцуулдаг бол төр нь хэтэвчиндэхээ хүргэж чадахгүй төсвийнхөө алдагдлыг нөхөх гээд тал талаас бадар гуйдаг ийм л эдийн засагтай улс.
Гэтэл хөгжихийн тулд, томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тул мөнгө хэрэгтэй. Банкны систем нь төртэйгээ хүч хавсраад ч 1000 км төмөр зам, олон улсын жишигт нийцсэн ганц уурхай байгуулчихаж дөнгөхгүй байгаа энэ үед дутагдаад байгаа хөрөнгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгох ганцхан л зам бий. Олон улсад тухайн улс орны эдийн засгийг банкны сектор, хөрөнгийн зах зээл хоёр авч явдаг бол манайд хөрөнгийн зах зээл нь ор тас байхгүй шахуу. Ганц банкны сектор нь шаардлагатай гэсэн санхүүжилтийг хийж чадахгүй байгаа нь үнэн.
Тавантолгойг өөрсдөө ашиглая, зээл авъя, төр нь хувийн хэвшилтэйгээ нийлээд санхүүжүүлье гэхэд аль алинд нь бяд дутсан. Иргэдийн хэрэглээнээсээ илүүчилсэн тав арван төгрөгний богино хугацаатай хадгаламж дээр тогтож байгаа банкууд урт хугацааны тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн томоохон төслүүдээс ганцыг ч санхүүжүүлж чадахгүй гэдгээ нуухгүй байна. Нүүрс баяжуулах ганц үйлдвэр барих 400 сая доллар зээлээч гэхэд тэр мөнгийг гаргасан банк маргааш нь дампуурчих тийм л сул дорой банкны систем оршин тогтнож байгаа. Тиймээс тэр том бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийг барих мөнгийг олохын тулд олон улсын зах зээл дээр гарахаас өөр аргагүйд хүрээд байна. Хөрөнгийн зах зээл гэдэг угаас улс орны бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих санхүүгийн нэг механизм.
Монголчууд хөрөнгийн зах зээл дээр өөрсдөө болоод өрөөл бусдаар дамжуулан хэдийн хөл тавьчихаад байгаа. Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг, Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан 20 гаруй компани үүнийг бэлхнээ харуулна. Тэдний дунд Монголын хөрөнгө оруулалттай хоёр ч компани байгаа бол бусад нь Монголд үйл ажиллагаа явуулдаг, орд газар эзэмшдэг компани. “Centerra Gold”, “Ivanhoe Mines”, “South Gobi Sands” гээд олон улсын хэмжээний компанийг ярихаа больё гэхэд “Петро Матад Лимитед”, “Хүннү Коул”-ыг ярихгүй байхын аргагүй. Тэд олон улсын хөрөнгийн зах зээл дээр анхлан хөл тавьж байгаа монгол компани гэдгээрээ яалт ч үгүй олны анхаарлын төвд байна. Нөгөө талаар хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, мөнгө босгох нь компанид төдийгүй улс оронд ямар нөлөөтэй болохыг тэд харуулж байна.
“Петро Матад Лимитед” компани гэхэд Лондонгийн хөрөнгийн биржээс 20 сая ам.долларын санхүүжилт босгож, Дорнодын тал нутагт ирээдүйн их бүтээн байгуулалт өрнүүлэх үүдээ нээчихээд байна. Өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд тэд улсад 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ямар нэг хэлбэрээр оруулчхаад байгаа гэсэн. “Хүннү Коул” ч мөн ялгаагүй Австралийн хөрөнгийн бирж дээр 3 сая ам.долларын санхүүжилтийг босгож, хайгуулын ажил гүйцэтгэж байна.
Эдгээрийн араас Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмших “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр хувьцаа гаргахаар бэлтгэлээ базааж байна. Дэлхийд тэргүүлэх нүүрсний орд газрыг эзэмшдэг гэдгээрээ бусдаас хамаагүй их хэмжээний санхүүжилт босгох бололтой. Ойролцоогоор гурван тэрбум орчим ам.долларыг хөрөнгийн биржээс босгох болов уу гэсэн барагцаа таамаг бий. Мөн хэд хэдэн уул уурхайн компани Австрали, Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар бэлтгэж байгаа сурагтай. Яваандаа бүгд олон улсын биржийг зорих биш олон улсын биржийг дотооддоо байгуулах гэсэн ажил ч ид өрнөж байна.
Тийм нөөц боломж байгаа гэдгийг ч мэргэжилтэн, шинжээчид хэлж ярьж байгаа. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монгол гэдэг нэр хэдийн “моодонд” орж, томоохон хөрөнгө оруулагчид хараагаа Монголын тал нутаг руу бэлчээж байна. Улаанбаатар төдийгүй, Хонконг, Лондон, Нью-Йорк, Торонтод Монголд хөрөнгө оруулах талаар томоохон хөрөнгө оруулагчдын уулзалтууд шил шилээ даран болж, тэдгээрт манай төрийн түшмэд, бизнесийнхэн илтгэл тавих гээд завгүй гүйнэ. Харин үүнийг газрын баялгаа харийнханд зарах гэлээ хэмээн санаатай, санаандгүй хардах хардлага байсаар л байна. Угийн хөрөнгийн зах зээл, хувьцаат компани гэдэг ашгаа бусадтай хуваалцахыг үл хүсэх бизнесийн бүлгүүдэд халгаатай нь яах аргагүй үнэн. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэдэг ганц мөнгө олох төдийхнөөр хязгаарлагдахгүй. Сайн засаглал бий болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх гээд улс оронд хэрэгтэй олон зүйлийг нь бодолцож байгаа нь дамжиггүй.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, сайн засаглалыг бий болгох хоёр агаар нэг. Ил тод, сайн засаглалтай байж гэмээн хөрөнгийн зах зээл дээр оршин тогтнож чадна, улс орон зөв гольдирлоороо хөгжих суурь болно. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажиллаж, санхүүжилтээ босгохын тулд үйл ажиллагаагаа нээлттэй ил тод болгох замаар бизнесээ улам л өргөжүүлж байна. Компаниуд нь сайн засаглалтай болоод ирэхээр төр засаг нь хүссэн хүсээгүй араас нь дагана. Олон нийтийн хувьцаат компани, тэр дундаа олон улсын томоохон хөрөнгө оруулагч нартай хамтран ажилладаг компанид төр засгийн ямар нэг дарамт шахалт, авлига хээл хахууль хамгийн бага түвшинд байдаг гэдэг.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment