Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Ази, Европын туршлага аль нь тохиромжтой вэ?

2010-08-31


Хонконгийн хөрөнгийн бирж дээр хоёр триллион гаруй ам.доллар эргэлддэг. 2008 оны байдлаар Хонконгийн хөрөнгийн бирж 127 сая ам.долларын цэвэр ашиг олсон бол Хонконгийн эдийн засагт орсон цэвэр ашиг нь 63 сая ам.доллар. Үүнээс гадна хөрөнгийн бирж дээр эргэлдэж байгаа хоёр триллион гаруй доллараас Хонконгийн компаниуд, иргэдэд хэр их мөнгө орж байгааг тодорхойлох аргагүй. Монгол улсын жилийн төсвийг бараг 50  дахин нугалсан хөрөнгө ганцхан хөрөнгийн бирж дээр эргэлдэж, түүнээсээ асар их ашгийг Хонконг улс олж байна. Гэтэл ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд эхний байруудад жагсдаг Монгол улс ашигт малтмалаа түүхийгээр нь зөөж, түүнээсээ тав арван цаасны ашиг хонжоо харсаар цөөнгүй жилийг үдлээ. Бид Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадвал Хонконг шиг жилд зуу зуун сая долларын цэвэр ашиг олохгүй ч улсын эдийн засаг, хүн амын орлого, амьжиргааны түвшинд огцом өсөлт гарах нь гарцаагүй. Тойм тооцоогоор манай улс олон улсын түвшинд хүрсэн хөрөнгийн биржтэй боллоо гэхэд дор хаяж Хонконгийн олж байгаа ашгийн 20-30 хувьтай дүйцэхүйц ашгийг эхний жилүүдэд олох боломжтой хэмээн Хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс ч төр, засаг цаашид энэ байдлаараа яваад байх нь үр ашиггүй гэдгийг харж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, чиглэлийг гаргалаа. Юуны түрүүнд хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон хөрөнгийг биржийг олон улсын түвшинд хүргэх үүднээс менежментийн багт хувьчлах талаар УИХ, Засгийн газрын шийдвэр гарлаа.
Хөрөнгийн зах зээл гэдэг бидэнд танил хэрнээ төдийлөн сайн мэддэггүй ойлголт. Монгол улсад хөрөнгийн зах зээл бүрэлдэж, Хөрөнгийн бирж байгуулагдаад 20 жил болсон ч төдийлөн хөгжсөн, үр өгөөжөө өгсөн зүйл алга. Тиймээс ч холбогдох албаны хүмүүс дэлхийн томоохон улсуудын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулж, тодорхой хэмжээний ойлголт авч байна. Тэр чинээгээрээ Монголын Хөрөнгийн бирж ямар хэлбэртэй, үйл ажиллагаа нь аль улсын Хөрөнгийн биржтэй адил байх вэ гэдэг дээр олон санал бодол уралдах боллоо. Тэгвэл албаны хүмүүсийн очиж танилцаад ирсэн Франкфурт болон Хонконгийн бирж манай улсад хэр тохирох талаар зарим баримтыг харьцуулж үзье.

Хонконгийн хөрөнгийн бирж

Азийн бар гэгддэг Хонконг хөрөнгийн зах зээлийг маш богино хугацаанд хүчтэй хөгжүүлж чадсанаараа дээрх нэрийг авч чадсан. Дээр өгүүлснээр 2008 онд эргэлтийн хөрөнгө нь 2,124 тэрбум ам.долларт хүрч Шанхай, Токиогийн биржийг ардаа орхин дэлхийд тэргүүлж эхэллээ. Үүгээрээ Хонконгийн бирж дэлхийн хамгийн шилдэг хөрөнгийн бирж гэдгээ нотолж байгаа. Бүтцийн хувьд ч манай улстай адил төстэй зүйл цөөнгүй бий. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 1300 гаруй компани бүртгэлтэй байдгаас 15 хувь нь буюу 300 орчим нь уул уурхайн компани. Тэдэн дунд Монгол улсын ашигт малтмалын орд газрыг эзэмшигч компани ч хэд хэд бий. Энэ талаараа уул уурхайн баялгаа дагаж хөгжиж байгаа манай улсад туршлага болох боломжтой. Дээрээс нь Хонконгийн бирж заавал олон улсын хэмжээний том компаниуд байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Бүртгэлтэй компаниудын тал хувь нь нэг тэрбум ам.доллараас бага дүрмийн сантай жижиг, дунд зэргийн компани байдаг аж. Өөрөөр хэлбэл босго намтай, тийм ч хатуу ханддаггүй гэсэн үг. Энэ үүднээсээ манайх Хөрөнгийн биржээ хөгжүүлэхдээ Хонконгийн хөрөнгийн биржээс туршлага авна гэвэл болохгүй зүйлгүй гэдгийг тус биржтэй танилцаад ирсэн албаны хүмүүс ярьж байна.
Гэхдээ Хонконгийн биржид учир дутагдалтай, манай улсад зохихгүй зүйл бас байна. Хамгийн том шалтгаан бол хууль эрх зүйн орчин. Хонконг нь Англо-Америкийн эрх зүйн системтэй байдаг аж. Энэ системийн онцлог нь туршлага их шаарддаг. Харин манай Хөрөнгийн биржийн тухайд дөнгөж хөл дээрээ босч буй, туршлага гээд байх зүйлгүй. Тийм ч учраас цаашдаа таарч тохирохгүй олон асуудал үүсвэл хэрхэн яаж зохицуулах гэдэг нь тодорхойгүй гэдгийг зарим мэргэжилтэн хэлж байгаа юм. Дээр нь , Хонконгийн бирж 2008 оны санхүүгийн хямралаар багагүй “шатсан”. Үүнийг олон улсын эдийн засагчид хяналт тааруу, биржийн тоглоомонд зарим нэг хууль бус үйлдэл байгаатай нь холбон тайлбарладаг аж.
 
Франкфуртын хөрөнгийн бирж

Франкфуртын биржийг онцлох олон шалтгаан байгаа. Холбогдох албаны хүмүүс Германы хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржтэй танилцаад ирсэн. Тэд ч Франкфуртын хөрөнгийн биржийг жишиг болгоё гэсэн саналтай байна лээ. Франкфуртыг онцлох гол шалтгааны нэг нь хууль эрх зүйн суурь систем. Манай улсын хууль эрх зүйн суурь систем эх газрын Европ буюу Ром-Грекийн системд суурилсан байдаг. Энэ утгаараа Герман, Монголын хууль эрх зүйн систем таарч тохирно гэсэн үг. Ядаж л хууль эрх зүйн орчиндоо таарсан хатуу хяналтын тогтолцоотой байдаг нь хөрөнгийн зах зээлд элдэв хямрал, хууль бус үйлдлүүд гарахаас сэргийлж чаддаг. Тиймдээ ч 2008 оны санхүүгийн хямралыг эрсдэл багатай даван туулснаа манайханд танилцуулсан байна. Германчуудын энэ амжилтыг харсан Америк, Европын ихэнх улс Германы хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн хэв маягийг сонирхож эхэлснийг ч германчууд ярьж байгаа юм.
Дээр нь , манай хоёр улсын эдийн засгийн хөгжил, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэж оролдож байгаа түүх нь адилхан гэхэд болно. Герман улс дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь сүйрч, чухам юу хийхээ, яаж хийхээ мэдэхгүй, Америк зэрэг зарим улсын тусламжаар амьдарч байсан гэдэг. Энэ нь өнөөгийн манай нөхцөл байдалтай төстэй  юм. Дайны дараа иргэддээ хувьцаа, бэлэн мөнгө тараасан нь төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгож, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж эхэлжээ. Гэхдээ германчууд хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржээ хөгжүүлэхдээ аль нэг улсын жишээг хуулж аваагүй, өөрсдийнхөө онцлогт тохируулан олон санаа уралдуулж, туршиж байж өдгөөгийн амжилтад хүрсэн нь манайд нэгийг хэлээд байх шиг. Үүнээс гадна Франкфуртын хөрөнгийн биржийн гол онцлог бол төрийн оролцоотой хувийн хэвшил давамгайлсан бирж. Төр зөвшөөрлөө өгч, хуулиа батлаад хувийн хэвшил биржийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулна. Төр, хувийн хэвшлийн хосолмол ийм бирж манай улсад таарах магадлал өндөр гэсэн үг.
Германд ажиллаж, хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай нь биечлэн танилцаад ирсэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуу “Одоо Англи, Америкийн биржүүд илүү Европ стандартыг сонирхох хандлагатай болж байна. Герман маягийн хатуу хяналтын тогтолцоо руу шилжих байх. Үүгээрээ ч Германы хөрөнгийн бирж түүнтэй холбоотой хууль эрх зүйн тогтолцоо дэлхийд шилдэг сайн жишээнүүдийн нэг гэж тооцогддог. Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Германы хөрөнгийн зах зээлийг жишиг болгоход дөхөм. Гэхдээ шууд хуулбарлана гэсэн үг биш” хэмээн ярьж байна. Өөрөөр хэлбэл Монголд хатуу хяналтын тогтолцоотой хөрөнгийн зах зээл хэрэгтэй гэсэн үг.
Дээрх хоёр биржээс гадна аль нэг улсын биржийг хуулбарлая гэж туйлшрах шаардлагагүй гэх мэргэжилтнүүд ч байгаа юм. Хөрөнгийн зах зээл өөрөө 400 гаруй жил хөгжиж, энэ үед хөгжил нь дээд цэгтээ хүрээд байгаа болохоор хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэх нь чухал хэмээн энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтэн Ц.Норовдондог онцолсон. Мөн хангалттай бүтээгдэхүүн байна, дэд бүтэц ч боломжийн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонирхох нь нэмэгдэж байгаа ч манай хууль эрх зүйн орчин нь олон улсын шаардлагад хүрэхгүй байгаа учир үнэндээ гологдож байна гэдгийг Монголын Хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд ярьж байна. Олон улсын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо гээд төрийн хяналт, зохицуулалтын байгууллагын төлөөлөгчид ч авахаа аваад, шаардлагагүйг  нь хаях нь зүйтэй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа юм. Монгол улс газар нутаг, эдийн засгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой учир үүндээ таарсан зүйлийг нь бусдаас сонгож, хосолмол шинж бүхий Хөрөнгийн биржтэй болох нь ирээдүйд бүр ч ашигтай байж болох юм. 
Төр, засгийн хэмжээнд Хөрөнгийн биржээ аль улсын жишгээр хөгжүүлэх нь зүйтэй вэ гэдэг дээр тодорхой шийдэлд хараахан хүрээгүй ч голлон сонирхож буй биржүүдийнх нь талаар өгүүлэхэд ийм байна. Гэхдээ Хонконг, Франкфуртын биржээс гадна, Америк, БНСУ, Японы биржийг ч манай тал сонирхож байгаа. Чухам ямар загварыг нь сонгох вэ гэдэг цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ бүхний эцэст Хөрөнгийн биржийн менежментийн хувьчлал, биржийн үйл ажиллагааг улс төр, улстөрчдөөс хол байлгаж гэмээнэ сонгодог утгаараа олон улсын хэмжээний Хөрөнгийн биржтэй болно гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байгааг онцолъё.

С. Болд-Эрдэнэ. 2010.05.18

0 comments:

Post a Comment