Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын ашигт малтмалыг барьцаалан хувьцаа гаргаж байгаа 26 компани байдаг бөгөөд “Петро Матад Лимитед”-ээс бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд юм. Монголын компаниудад туршлага болох үүднээс Лондонгийн хөрөнгийн бирж дээр амжилттай ажиллаж байгаа “Петро Матад Лимитед”-ийн охин компани болох “Петро Матад” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Амарзултай уулзаж ярилцлаа.
Танай компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан. Гэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компаниудаас Монголын томоохон хөрөнгө оруулалттай компани нь ганц танайх, бусад нь бүгд гадаадын хөрөнгө оруулалттай. Энэ талаар яриагаа эхлэх үү?
“Петро Матад” ХХК нь Монгол улсад бүртгэлтэй, газрын тосны хайгуулын компани. “Петро Матад” ХХК-ийг “Петро Матад Лимитед” компани 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь Лондонгийн хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл буюу AIM дээр бүртгэлтэй. “Петро Матад Лимитед” компани нь ТУЗ-тэй, ТУЗ зургаан гишүүнтэйгээс дарга нь ноён Гордон Толл, Дэд дарга нь “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл. “Петро Матад Лимитед”-ийн 40 хувийг нь Монголын “Петровис” компани эзэмшдэг учраас манай компанийг Монголын хөрөнгө оруулалттай гэж хэлээд байгаа юм.
Анх олон улсын бирж дээр гарах санаа “Петровис” компаниас эхтэй. Петровис нефтийн бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг. Нэг хэсэг газрын тосны эрэл хайгуулын ажил зогсонги байдалд байсан. Нэгэнт манай улсад газрын тос байгаа юм чинь түүнийг хайж олоод олборлож, боловсруулах нь алсдаа хэрэгтэй юм гэж үзсэн. Бид үргэлж нефтийн бүтээгдэхүүнээ импортлоод байх нь зохимжгүй. Гэхдээ газрын тосны эрэл хайгуул зардал өндөр, маш их эрсдэлтэйгээс гадна уг салбарт ноу-хау маш чухал. “Петровис” компанийн хувьд газрын тосны хайгуулын ажлыг дан ганцаараа хийхэд хүндрэлтэй байсан учир олон улсын санхүүжилт болон мэргэжлийн туршлагатай баг шаардлагатай болсон.
Тиймээс “Петровис” компани Австралийн хөрөнгө оруулагч нартай хамтран мэргэжлийн өндөр ур чадвартай удирдлагын багийг авчирсан. Тэрхүү хамтын ажиллагаа нь “Петро Матад Лимитед” компани болон өргөжсөн би¬лээ. Манай компанийн ТУЗ-ийн гишүүд олон улсын санхүү¬гийн зах зээл дээр харилцаа холбоо, танилын хүрээ ихтэй, нөлөө бүхий хүмүүс байдаг. ТУЗ-ийн дарга Гордон Толл эрдэс баялгийн салбарт олон жил ажилласан туршлагатайгаас гадна Австралид маш том хүдрийн ордын компанитай. Хайгуулын ажлын цаашдын санхүүжилтыг босгох үүднээс бид олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх асуудлыг 2007 оноос эхлэн судалж, 2008 онд амжилтай бүртгүүлж чадсан.
Олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?
Өөрийн компанийнхаа туршлагыг энд ярьсан нь зөв байх. Юун түрүүнд бид менежментийн багаа бүрдүүлсэн. Манай “Петровис” компанийн ТУЗ-ийн захирал, банк санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн салбарт олон жил ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан санхүүгийн мэргэжилтэн, Англи улсад ажиллаж амьдардаг өндөр туршлага бүхий монгол хуульч, Монгол улсад сүүлийн 13 жил амьдарч буй ашигт малтмалын компани удирдахад гаршсан манай компанийн Ерөнхий гүйцэтгэх захирал зэрэг хүмүүсээс манай ТУЗ бүрдсэн. Сайн баг бүрдүүлэх нь маш чухал. Учир нь хөрөнгө оруулагчид тэдний оруулсан хөрөнгийг зөв ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байх нь чухал юм.
Үүнээс гадна бидэнд гадаадын болон дотоодын мэргэжлийн зөвлөх компаниуд хууль эрх зүй, санхүүгийн болон олон нийттэй харилцах тал дээр зөвлөгөө өгч тусалж байсан. Лондонгийн хөрөнгийн биржийн үндсэн зах зээл их нарийн шаардлагууд тавьдаг. Гэхдээ манайх шиг дөнгөж газрын тосны эрэл хайгуул эхлэх шатанд явж байгаа жижиг компанийн хувьд хоёрдогч зах зээл нь хамгийн тохиромжтой байсан. Залуу компаниудын хувьд тэр өндөр шаардлагуудыг биелүүлэх нь хүндрэлтэйг мэддэг учраас Лондонгийн хөрөнгийн бирж хоёр дахь зах зээлийг арай жижгэвтэр мөртлөө боломж сайтай компаниудыг дэмжих зорилгоор босго багатай байгуулсан байх.
Лондонгийн биржийг сонгосны учир нь манай удирдах багийн хүмүүс бусад зах зээлүүдийг бодвол Лондонгийн биржийн талаар мэдлэг, туршлага арай илүү байсных юм. AIM дээр бүртгүүлэх эхний алхам нь Nomad буюу Томилогдсон зөвлөхөө олж томилох хэрэгтэй. AIM нь зөвхөн Nomad-аас материал хүлээн авах бөгөөд үндсэн хяналт хийж бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бүхий л компаниудын батлан даагч нь болж өгдөг онцлогтой. Компани өөрөө AIM-тай хэзээ ч харьцдаггүй. Nomad маш өндөр шалгуур давж байж AIM-дээ хүлээн зөвшөөрөгдөж, цаашдаа AIM-г төлөөлж бичиг баримт бүрдүүлэх, хяналт шалгалт болон зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олж авдаг. Nomad л бүртгэлийн явцыг удирдах бөгөөд бүртгэлийн дараа ч мөн заавар зөвлөгөө өгнө. Бүртгэлийн явцад хууль журмын биелэлтийг магадлан, компанид хууль эрх зүйн шалгалт хийдэг. Дараа нь санхүүгийн болон аудитын шалгалт орно. Мөн тухайн салбарын мэргэжилтний (бие даасан газрын тосны шинжээч) хайгуулын талбайд хийсэн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Уг мэргэжилтэн нь манай хайгуулын талбайн хэтийн төлөвийн магадлалыг байгаа бүх баримт дээр тулгуурлан бие даасан дүгнэлт гарган тус талбайг хэтийн төлөвтэй болохыг тодорхойлсон. Гэхдээ, энэ нь шууд л өнөө маргаашгүй их хэмжээний газрын тос олборлож эхэлнэ гэсэн үг биш. Хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийвэл газрын тос олох магадлалтайг илэрхийлж байгаа юм. Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд бэлтгэсэн компанийн талаарх гарын авлагад дээрх бүх мэдээлэл орсон бөгөөд энэ нь олон нийтэд нээлттэй байдаг. Эхнийх нь хуудсаас дуустал нь үзэхэд тухайн компани алган дээр байгаа юм шиг л харагдана.
Энэ бүх үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?
Хамгийн багадаа зургаан сар. Компанийн материалын бүрдүүлэлт AIM-ын шаардлагыг хэр хангаж байгаагаас хамаараад дээд тал нь 2.5 жил ч болж болно. Манай компанийн хувьд энэ бүх үйл явцад найман сар зарцуулсан.
Танай компанийн тухайд дээрх шалгууруудын аль нь илүү түвэгтэй, цаг шаардсан, хожим хамгийн сайн анхаарах ёстой зүйл байсан бэ?
Бидний хувьд дээрх бүх үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдаж байсан учраас аль нэг нь илүү хэцүү байсан, их цаг зарцуулсан гэж хэлэх боломжгүй юм.
Мэдээж газрын тосны хайгуул хийхэд асар их хөрөнгө шаарддаг. Лондонгийн биржид бүртгүүлж байхдаа төдий хэмжээний хөрөнгө татна даа гэсэн төлөвлөгөө байсан байх. Хоёр сая доллар, 20 сая доллар ч гэдэг юм уу? Танайх нөөцөө тооцоолсон уу?
Бид хайгуулын ажил хийгээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байхдаа Лондонгийн хөрөнгийн бирж, AIM-д бүртгүүлсэн. Ер нь аливаа санхүүжилтийг эрэлхийлж байхдаа банкнаас ч бай, IPO хийх замаар ч бай тухайн санхүүжилтийн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Бидний хувьд хөрөнгө оруулагчдад хандахаас өмнө хайгуулын ажлаа дахиад цааш нь үргэлжлүүлэх хоёр жилийн төлөвлөгөө бэлэн байсан. Уг төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхэд эхний ээлжинд 10 сая ам.доллар хангалттай гэж үзсэн. Яагаад гэхээр энэ хугацаанд 10 сая доллараар шаардлагатай ажлуудыг хийж илүү боловсронгуй үр дүнг нь танилцуулж болно. Энэ үр дүнд үндэслээд дахиад санхүүжилт хайх боломжтой. Бид энэ шинэ үр дүнгээ хөрөнгө оруулагчид болон Монгол улсын Засгийн газарт тайлагнадаг.
Одоогийн байдлаар батлагдсан нөөц байхгүй. Хайгуулын үр дүнд онолын таамаг нөөц, эрсдэл тооцсон таамаг нөөц гэсэн тоонуудыг бид мэдээлж байсан. Түүнээс биш одоо их хэмжээний газрын тосны нөөц тогтоочихоод байгаа хэрэг биш. Нөөц тогтоох ажил тийм амар биш, жишээ нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани эрчимтэй хайгуул хийж 400-гаад цооног өрөмдөж 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилдаа зарцуулж байж сая нөөцөө зарласан шүү дээ.
Хоёр жил өнгөрчихлөө. Төлөвлөсөн үр дүндээ хүрсэн үү? Дараагийн төлөвлөгөөгөө гаргасан уу?
Ер нь бол анх төлөвлөж байсныхаа дагуу явж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд бид дахин санхүүжилт босгох ажлыг хийсэн. Санхүүгийн зах зээлээс бид зургаан сая долларыг босгосноос манай “Петровис” компани шууд хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкнаас зургаан сая долларын санхүүжилт авсан. Энэ санхүүжилтээ бид талбайн цаашдын хайгуулын ажилд зарцуулна. Өнөөдрийн байдлаар чичирхийллийн судалгааны үр дүн эерэг гарч үүн дээр тулгуурлан энэ жил бид гурван цооног өрөмдөхөөр төлөвлөж байна.
Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Танай компани олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгүүлснээс хойш амжилттай ажилласаар байна. Монголын үндэсний бусад компани олон улсын хөрөнгийн бирж дээр гарах боломж хэр байгаа бол? Энэ тал дээр өөрийнхөө бодлыг хэлэхгүй юү?
Боломжгүй юм гэж байхгүй. Монголын үндэсний компаниуд энэ замаар явж олон улсын санхүүжилтыг татаасай гэж би боддог. Зөвхөн Монголын санхүүгийн зах зээлд төвлөрсөн компани байвал томоохон бүтээн байгуулалт хийх, хөрөнгө оруулалт татах боломж хомс. Тийм ч учраас олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, олон улсад танигдсанаар боломж тэр чинээгээрөө өснө. Хамгийн гол нь дээр дурдсан олон улсын хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж ажиллах боломжтой юу гэдэг нь маш чухал. Шаардлагын дагуу материалаа бүрдүүлсэн байхад бүртгүүлэх бүрэн боломжтой. Гол нь яагаад заавал IPO хийх гэж байгаагаа сайтар ойлгосон байх хэрэгтэй. Учир нь санхүүжилтын өөр олон хувилбар бий. IPO бол зөвхөн тэдгээрийн нэг нь.
Манай компаниуд олон улсын хөрөнгийн биржийн шаардлагыг бүү хэл дотоодынхоо биржийн шаардлага, шалгуурыг давж байна уу гэдэг эргэлзээ¬тэй байдаг. Үүнд удирдлагын эрсдэлтэй ажиллагаа, санхүүгийн хоёр тайлан гэх мэтийг дурдаж болно. Зарим¬даа энэ бүхэнд Татварын хуулийн дарамт ихээс болж байна гэж хууль эрх зүйн орчныг буруутгадаг. Хувийн хэвшлийн төлөөлөгчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
Олон улсын хөрөнгө оруулалтыг татах, бизнесээ өргөжүүлэх, гадаад зах зээл рүү гарахыг хүсэхгүй байгаа компаниуд байж болохыг үгүйсгэх аргагүй. Харин манай үндэсний томоохон компаниуд, тухайлбал MCS, АПУ зэрэгт олон улсын хөрөнгийн биржийн шаардлагуудыг хангаж, хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах бүрэн боломж бий. Тэгээд ч олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлснээр компанийн засаглал сайжрах, санхүүгийн ил тод байдал нэмэгдэх зэрэг эерэг үр дагавартай. Ер нь олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр судалж байгаа компаниуд үнэхээр энэ замаар явах хэрэгтэй эсэхээ сайтар бодох нь чухал. Жишээ нь, энэ компани миний өөрийн өмч, өөр хэн ч эзэмших ёсгүй, би ганцаараа, эсвэл гэр бүлээрээ эзэмшинэ гэсэн бодолтой, тодорхой хувийг нь бусдад эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол энэ хувилбар нь тохиромжгүй.
Хууль эрх зүйн орчны тухайд ярихад бүх зүйлээ хууль журмын дагуу явуулахад ямар нэгэн асуудалгүй юм шиг санагддаг. Үүнд анхнаасаа л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Манай улсад гадаад , дотоодын хөрөнгө оруулагчдын санааг зовоодог гол зүйл нь эрх зүйн тогтворгүй орчин. Сөрөг үр дагавраа ер бодолцохгүй хуулиа олон дахин хурдан сольдог, мөн хуулиуд нь хоорондоо харшилдаг. Энэ нь бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад хүндээр тусдаг.
0 comments:
Post a Comment