Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Мэргэжлийн байгууллагуудаа анхаарахгүй болохоор хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна

2010-08-31


Брокер дилерийн “БиДиСЕК” компанийн захирал Д.Даянбилгүүнтэй ярилцлаа.


Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой байдаг вэ?

Хөрөнгийн биржийг төр, засгаас анхааралгүй явж ирлээ. Бирж өөрөө унаж босч явсаар 2007 онтой золгосон. Энэ үеэс л Хөрөнгийн биржийг төр, засгаас анхаарч эхэлсэн. Засгийн газраас хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх талаар тодорхой ажлууд хийж байгаа болохоор манай  хөрөнгийн зах зээлийг сонирхох сонирхол ч нэмэгдлээ. Нөгөө талаар Монголын эдийн засаг олон улсын анхаарлыг татаж байгаа. Нэгэнт эдийн засаг сэргэж байхад гол индикатор нь болсон хөрөнгийн зах зээл  дагаад хөгжинө гэдэг зарчмыг үндэслээд олон улс сонирхож байгаа юм.
Манай хөрөнгийн зах зээл арваад жилийн өмнө 20-40 сая долларын зах зээлийн үнэлгээтэй явсан бол одоо 853 тэрбум төгрөгт хүрсэн. Хэдий зах зээл жижигхэн хэвээрээ байгаа ч хурдацтай өргөжиж болохыг харууллаа. Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар хийсэн гүйлгээний хэмжээ 2009 оны эхний хагас жилийнхээс давчихсан байгаа нь өсөлт ямар хурдан байгааг харуулж буй  хэрэг. Нүүрсний компаниудын хувьцааны ханш өсч, энд хөрөнгө оруулъя гэсэн гадны хөрөнгө оруулагчид ч их болж байна.

Засгийн газраас хөрөнгийн биржийг хөгжүүлэхээр онцгойлон анхаарч, бодлогоо тодорхойлж байна. Харин нэн түрүүнд яаж дэмжих вэ, ямар ажил хийх вэ гэдэг дээр энэ салбарын мэргэжилтний хувьд байр сууриа хэлэхгүй юу?


Манай хөрөнгийн зах зээл урсгалаараа явсаар өнөөг хүрсэн. Одоо урсгалаараа яваад байх уу, үгүй юу гэдгээ шийдэх нь чухал. Төрийн бодлогоор хөгжүүлээд, зах зээлд оролцогчдыг нэмэгдүүлээд өгвөл зах зээлийн хэмжээ хэд дахин өснө. Компаниудын маань цар хүрээ ч тэлнэ. Хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа, сонирхож байгаа компани маш  олон.  Засгийн газраас ч энэ тал дээр анхаарч, ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгээс гарах баримт бичгүүд хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох учраас бодолтой хандах биз.
Харин Хөрөнгийн биржийн хувьчлал гэх юм бол зүгээр   нэг ягаан байшин шүү дээ. Түүнийг хувьчлаад ашиг орлого олоод, үйл ажиллагаа нь сайжирчих ирээдүйг би л лав харахгүй байгаа. Харин менежментийг нь сайжруулах, шинэ бүтцээр зохион байгуулах нь зайлшгүй хийгдэх ажил. Гэхдээ үүнийг ганц төр засаг биш, хөрөнгийн зах зээлд оролцогч бүхий л субъект хамтарч хийх нь илүү үр дүнтэй. Жишээ нь Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд зах зээл дээр нь ажиллаж байгаа брокер дилер, андеррайтингийн компаниудын төлөөлөл байх хэрэгтэй. Өнөөдөр тийм юм алга. Сангийн яам, Төрийн өмчийн хороо гэх зэргээр төрөөс хүмүүс оролцож, ажиллаж, удирдаад байгаа учир дороос нь буюу яг мэргэжлийн оролцогчдын санал санаачилга гэх зүйл байхгүй болчихсон. Уг нь Хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх төв” /ҮЦТТТГТ/ компани маань мэргэжлийн андеррайтер, брокер дилерийн компанийн үйл ажиллагаатай зохицож ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ байгаа. Брокер дилерийн компани хувьцаа эзэмшигчидтэй харьцаж, Хөрөнгийн бирж болон ҮЦТТТГТ компани брокер дилерийн компанитай харьцдаг. Брокер дилерийн компани хооронд үүсч байгаа харьцаа нь зах зээл юм. Тэдний хооронд хувьцааны арилжаа явагдаж, ханш нь өсч, буурч байгаа. Мэргэжлийн энэ  байгууллагууд нь сайн хөгжихгүй байгаа болохоор нөгөө хоёрыгоо доош татаж, зах зээл нь хөгжихгүй байгаа хэрэг. Тэгэхээр   брокер дилерийн компаниудаа хөгжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Тэднийг мэргэжлийн түвшинд хүргэх, ажилчдыг нь мэргэшүүлэх нь чухал. Өнөөдөр Хөрөнгийн бирж тодорхой хэмжээний хөрөнгөтэй болчихсон учир   гадны өндөр чадвартай мэргэжилтнүүдийг авчирч, монгол мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгтэй байгаа юм.

Брокер дилерийн компаниудын хууль бус, ёс зүйгүй үйл ажиллагаанаас болж Хөрөнгийн бирж хөгжихгүй байна гэсэн тайлбарыг төрийн байгууллагуудын зүгээс гаргадаг юм билээ?


Брокер, дилерийн компаниудын талаарх шүүмжлэлийг хүлээж авна. Хөрөнгийн зах зээл үүсээд тодорхой хэмжээний туршлагагүйгээс үүдэж гарсан сөрөг үр дагаврууд бий. Үүнийг засч залруулж, зөв тийш нь чиглүүлэх талаар тодорхой журам гаргаж, ажлууд зохион байгуулах хэрэгтэй. Ер нь манай холбогдох албан тушаалтнууд хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудаа ихээхэн буруушаадаг. Мэргэжлийн байгууллагууд болохгүй байгаагаас зах зээл нь хөгжихгүй байгаа юм шиг нийтлэг ярьцгаадаг. Түүний оронд   яаж сайжруулах вэ гэдгээ тодорхойлж, алдаа гаргасан нэгэнтэй нь хатуу хариуцлага тооцох зэргээр үйл ажиллагааг нь чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Яагаад мэргэжлийн байгууллагатай холбоотой асуудал дахин дахин гараад байгаад дүгнэлт хийж, асуудлынх нь цаад учрыг тодруулах хэрэгтэй.  Нэлээд хэдэн удаа давтагдаж байна гэдэг нь цаанаа үндсэн тогтолцоондоо алдаатай  гэсэн үг. Тэр системийнхээ алдааг засах хэрэгтэй.

Систем нь болохгүй байна гэлээ. Тодорхой жишээ хэлэхгүй юу?

Брокер, дилерийн компаниудын хувьд тооны олноор биш чанараар нь хэмжих хэрэгтэй. Монголдоо ихдэхээр олон брокерийн компанитай болчихлоо. Тэглээ гээд мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй.  Зарим компани дээр эргэлтийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй. Ингэж байж хүмүүстээ, хөрөнгө оруулагчдадаа, компаниуддаа үнэн бодит мэдээллийг хүргэж, тогтвортой ажиллах болно.

Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 300 гаруй компаниас 20 гаруйхан нь идэвхтэй хувьцаа арилжаалж байна. Энэ юутай холбоотой вэ?

Ерөнхийдөө зах зээлийн системд шилжсэнээс гарч ирсэн хэвийн үзэгдэл гэхэд болно. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн томоохон үйлдвэр компаниуд зах зээлийн нийгэмд хувьчлагдаад, Хөрөнгийн бирж дээр бүртгэгдэж, өөрөө байхгүй болж байгаа хэрэг. Өнөөдөр энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр хувьцаат компани байлгах үүднээс нь бодлого гаргах хэрэгтэй. Хувьцаат компани болсны давуу талыг мэдрэхүйц бодлогыг явуулах хэрэгтэй гэсэн үг. Тийм юм байхгүй учир хүмүүс хувьцаа худалдаж авчихаад дараад байхыг боддог.   Арилжааны хоёр танхимтай болчих хэрэгтэй. Нэг дээр нь стандарт компаниудын хувьцаа, нөгөө дээр нь стандартад хүрэхгүй байгаа компаниудынх арилжаалагддаг. Тэгэх юм бол стандарт компаниудад илүү их хөрөнгө оруулалт орно, Хөрөнгийн биржийн нэр хүндэд ч эергээр нөлөөлнө.  Мөн стандарт бус компаниудын  үйл ажиллагааг нь сайжруулж чадвал стандартад орох компани бас л байгаа. Стандартад ороод ирвэл өлгийдөөд авах хэрэгтэй.  Ингэж явбал богинохон хугацаанд  хөрөнгийн зах зээл хэвийн болох болно. 100 орчим стандарт компани байхад л манай зах зээлд тохирно.
Нөгөө талаар компаниудын ил тод байдлыг хангах хэрэгтэй. Манай улсад татварын хоёр систем бий. Жинхэнэ тайлангаа гаргах, татвараас зайлхийж хуурамч тайлан гаргах гээд. Өнөөдөр гурван тэрбумаас доош төгрөгийн орлоготой бол аж ахуйн нэгжийн албан татварт 10 хувийг, дээш бол 25 хувийг төлж байгаа. Тэгэхээр дөрвөн тэрбумын орлоготой компани 25 хувийн татвар төлөх үү, орлогоо дараад 10 хувийг төлөх үү гэдэг бодох л зүйл. Хэрэв орлогоос хамаарахгүй 10 хувь байвал  компаниуд орлогоо үнэн зөв мэдүүлж, цаашид хувьцаа гаргах гэх мэтээр үйл ажиллагаа нь ил тод болж ирнэ шүү дээ. 

Зарим мэргэжилтэн Хонконгийн хөрөнгийн биржийг жишиг болгоё гэж ярьж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?


Хонконгийн Хөрөнгийн биржид айлчлах багт багтаж холбогдох хүмүүстэй ажил хэргийн уулзалтууд хийлээ. Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар брокерийн компаниудтай уулзаж ярилцлаа.  Мэдээж үнэт цаас гаргахад шаардлагатай хуулийн, аудитын үнэлгээний гэх мэт компаниудтай холбоо тогтоосон. Ерөнхий сайд айлчилж буй гэдэг утгаараа   ажил хэрэгч гадаадын хүмүүс ихээхэн ач холбогдол өгч хамтын ажиллагаа эхлүүлэх, өргөжүүлэхээр ярилцсан. Аятайхан төсөл, бизнес байвал аваад ир, хамтраад Хонконгийн бирж дээр гаргаад мөнгө босгоё гэж байна. Тэгэхээр энэ боломжийг манай компаниуд бас ашиглая гэвэл бид хамтрахад бэлэн байгаа.
Хонконгийн Хөрөнгийн биржээс авах зүйл их. Гэхдээ нэг их жишиг болгоё гэсэн тухайд мэдэхгүй юм. Хэрвээ аль нэг биржийг жишиг болгоё гэвэл Нью-Йоркийн биржийг сонгосон нь дээр биз дээ. Хамгийн өндөр хөгжилтэй, том биржийг нь, тэндхийн компаниудыг нь дуурайсан нь дээр байх. Хонконгийн бирж дэлхийд долоод, Азид гуравт ордог томоохон эргэлттэй сайн зах зээл мөн. Бидний хувьд цагийн зөрүү байхгүй гээд хэд хэдэн давуу тал бий л дээ. 

0 comments:

Post a Comment