Дэлхийн хөрөнгийн зах зээл гэдэг тоглоомын ширээний ард бид хэдийн суучихаж. Ингэж хэлсэн нь бас учиртай. Өдгөө дэлхий нийтийн томоохон хөрөнгө оруулагчид бүгд Монголыг анзаарах болж, Монголд юу болж байна, хэн юу хэлэв гэдгийг гярхай ажиглаж сууна.
Хэдхэн жилийн өмнө бидний бараг мэддэггүй байсан дэлхийн томоохон судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын компаниуд, техник технологийн компаниуд өнөөдөр Монголыг ихээр сонирхох боллоо. “Goldmen Cachs”, “Citi Group”, “Behre Dolbear Group”, “PricewaterhouseCoopers” гээд судалгаа шинжилгээний олон улсын том жижиг олон компани Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөхцөл байдал, ашигт малтмалын нөөц, бололцооны тухай судалгаануудыг хийж байна.
Тэдний хийсэн судалгаанууд ч эрэлт хэрэгцээ өндөр байгаа бололтой. Үүнийг дагаад мөн л олон улсын томоохон зөвлөх компаниуд Улаанбаатарт салбар оффисоо байгуулж байна. “Behre Dolbear Group” өнгөрсөн сард Улаанбаатарт салбар оффисоо нээсэн бол “PricewaterhouseCoopers” хэдхэн хоногийн өмнө шинэ оффисдоо нүүж орсноо зарлана лээ. Басхүү уул уурхайн шилдэг тоног төхөөрөмж, программ хангамжийн компаниуд ч Монголд салбар, албан ёсны дистрибютерээ нээж байна. Мэдээж Монгол тэдний анхаарлыг татаж, ирээдүйн зорилтот зах зээл нь болсон болохоор л тэд орж ирж байгаа хэрэг. Судалгаа шинжилгээний хийгээд мэргэжлийн зөвлөх компаниуд нь орж ирж байна гэдэг Монгол хэдийн олон улсын уул уурхай, санхүүгийн зах зээлийн тоглогч болсон гэдгийг харуулж байгаа биш гэж үү.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-д айлчилж байх үеэрээ Нью-Йоркийн хөрөнгийн биржээр орж, өдрийн арилжааг нээх хонхыг нь цохисон. Тэр өдөр хувьцааны арилжаа амжилттай явагдаж, бирж дээрх ихэнх үнэт цаасны ханш багагүй өссөн гэдгийг мэдээллийн агентлагууд дамжуулж байв. Тэр дундаа Монголтой хамаатай, Монголд үйл ажиллагаа явуулдаг “Айвенхоу Майнз”, “Cameco Сorporation” зэрэг компанийн хувьцаа 5 хүртэл хувиар өссөн аж.
Санхүүгийн шинжээчид энэ явдлыг Монгол хэдийн дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоглогч болчихож ээ хэмээн дүгнэцгээж байна. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулдаг болон Монголын хөрөнгө оруулалттай 30-аад компани олон улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилждаг. Тэдний дунд дэлхийд томд тооцогдох компани ч бий. Дээрх компаниудын хувьцааны ханшид Монголын нэг албан тушаалтны хэлсэн үг, хийх үйлдэл их, бага хэмжээгээр нөлөөлөх болжээ. Тухайлбал Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн зун ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг түр хугацаагаар хориглох тухай зарлиг гарган, УИХ-ын тогтоол батлагдсан нь хөрөнгө оруулагчдад халгаатай болж, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханшид өөрчлөлт орж байв. Одоо ч хөрөнгө оруулагчид уг хууль хаашаа эргэхийг ажиглаж суугаа.
Австралийн Засгийн газар “супер татвар”-ын тухай хууль баталснаар “Рио Тинто”, “BHP Billiton” зэрэг акул компаниудын хувьцааны ханш унаж байсан шиг Монголд улс төрийн тааварлаагүй шийдвэр, хууль гарах вий гэдгээс хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Үүнийгээ ч ил тод хэлэх болсон. Учир нь Монголд гарч байгаа шийдвэрээс тэдний хувьцааны ханш унах, хөрөнгө оруулалт нь алдагдалд орох гэх мэт эрсдэлүүд байсаар байгаа юм.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт “Айвенхоу Майнз”-ын босс Роберт Фридланд “Оюутолгойгоос нэг км зайтай газраас алт зэсний чамгүй нөөц илрүүллээ, энэ нь Оюутолгойн төсөлд хамаарах болно” гэж мэдэгдсэнээр Торонтогийн хөрөнгийн бирж дээрх компанийнх нь хувьцааны ханш 5,3 хувиар өслөө. Энэ нь Монголын уул уурхайн хайгуул болоод олборлолтын салбарт ямар нэг нааштай мэдээлэл гарсан үед биржүүд дээрх компаниудын хувьцааны ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бас нэг жишээ. Өнгөрсөн зуны онцлох үйл явдал байсан “Петро Матад” компани ч бас нэг жишээ болно. Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Петро Матад Лимитед” компанийн хувьцааны ханш Матадын талбайгаас газрын тос илрүүллээ гэсэн мэдээ гарангуут хэд дахин нэмэгдсэн. Өдгөө уг компани хөрөнгийн биржээс амжилттай мөнгө босгосон хамгийн амжилттай жишээнүүдийн нэг болж байгаа. Энэ бүхэн нь бид дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоглоомын ширээний ард хэдийн суусныг илтгэж байгаа хэрэг.
Нөгөө талаар дэлхийн томоохон тоглогчид биднийг өөрсдийн тоглоомын ширээнээ урих боллоо. Монгол улс олон улсын санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдын нүдэнд асар их мөнгө, ашиг гэж харагдах болов. Хөрөнгө оруулагчид, шинжээчид ч үүнийг ил тод хэлж байна. Ойрын 20 жилдээ Монголд оруулсан хөрөнгө оруулалт эргээд асар их ашиг авчирна гэдгийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын брокер, дилерийн компаниуд мэдэгдэж байна. Монголоос үнэртэж байгаа энэ их ашгийн үнэр томоохон тоглогчдын хамрыг сортолзуулж байгаа биз. Тэд ч Монголыг хэдийн онилчихоод тоглоомын ширээний ард суухыг урьж хамтрах санал тавих болсон. Саяхан болж өндөрлөсөн Лондонгийн хөрөнгийн биржээс зохион байгуулсан Монголын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурал нэг жишээ нь. Европын төдийгүй дэлхийн санхүүгийн төвийн нэг болсон Лондонгийн хөрөнгийн бирж Монголыг бүтэн жил судалсны эцэст орж ирж байна гэдгээ бага хурлын үеэр тус биржийн Үнэт цаасны анхдагч зах зээлийн газрын захирал хатагтай Трэйси Пиэрс хэлсэн юм. Өнгөрсөн зургадугаар сард Лондон хотноо Монголын өдөрлөгийг зохион байгуулж байсан бол өнөөдөр өөрсдөө ирж өдөрлөгөө зохион байгуулж байна.
Тэд бидэнд олон улсын хөрөнгийн биржүүд дээр гарахад хөтөч хийхээс гадна, өөрсдийн техник технологи, хөрөнгө санхүүгээ оруулж, нэр хүндийн баталгаа болно гэдийг амлаж байна. Энэ нь бидэнд ашигтай. Харин дэлхийд тэргүүлэх уг бирж яагаад ийм санал тавих болов гэдэг бас л сонирхолтой асуулт. Монгол ч гэсэн Лондонгийн хөрөнгийн биржид ашигтай байх нь гарцаагүй. Ойрын 20, 30 жилийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй болох, асар их баялгаараа олон улсын анхаарлыг татаж байгаа улс. Тэгээд ч өдгөө олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа учир Лондонгийн биржийнхэн тоглоомын ширээндээ Монголыг урьж, хөрөнгө оруулагчдадаа ашигтай шинэ бүтээгдэхүүн санал болгохыг зорих нь дамжиггүй.
Ганц Лондонгийн хөрөнгийн бирж ч биднийг уриад байгаа хэрэг биш. Өнгөрсөн зун Австралид Монголын уул уурхайд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдын чуулган болсон. Удахгүй Азийн санхүүгийн төв болсон Хонконгт бас л Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдын томоохон хурал болох гэж байна. Энэ хурал дээр Монголд хөрөнгө оруулах боломж, үр өгөөжийн талаар ярих нь зайлшгүй. Хөрөнгө оруулагчид Монголоос үнэртэж байгаа энэ их ашгийн үнэрийг зүгээр нэг үнэртээд өнгөрөхийг хүсэхгүй байгаа нь лавтай.
Хонконгт хөрөнгө оруулагчид Монголыг онилон хуралдах гэж байхад Улаанбаатарт хэдийн Монголд хөрөнгө оруулчихсан америкчууд уулзалдаж, чадварлаг, боловсон хүчнийг биднээс нэхээд сууж байна. Хөрөнгө оруулалтаа хийчихсэн тэд үйл ажиллагаагаа явуулахад чадварлаг, орчин үеийн техник технологийг эзэмшсэн монгол мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа, тэднийг сургаж бэлдэх шаардлагатай байгааг хэлж байна. Энэ нь бас л нэг дохиог бидэнд өгч байна гэсэн үг.
Монгол улс хэдийн дэлхийн санхүүгийн зах зээлийн тоглогч болчихжээ гэдгийг дээрх олон үйл явдал харуулж байна. Харин бид хэр сайн чадварлаг тоглогч байх вэ, тоглоомноос хэр их ашигтай үлдэх вэ гэдэг өөрсдөөс маань хамаарах зүйл боллоо.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment