“Төр ганцаараа зүтгээд чадаагүй болохоор хувийн хэвшилтэйгээ хамтарсан”
In Хөрөнгийн зах зээл2010-08-31
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуутай ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-ын хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчны онцлогтой танилцаад ирсэн юм.
Та саявтар ХБНГУ руу ажлаар яваад ирсэн. Аяны богцоосоо задлахгүй юу? Олз ихтэй ирсэн гэж сонссон?
Манай улстай уламжлалт сайн харилцаатай ХБНГУ-д, тэр дотроо Германы банк, санхүүгийн төв гэгдэх Хессен муж улсын Франкфурт ам Майн хотод очиж туршлага судаллаа. Аливаа улсын эдийн засгийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн үүрэг их байдаг. Өнөөгийн манай банкны хямрал ч үүнийг тод харууллаа. Банкуудын зээл олголт зогсоход аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт дагаад зогсч байсан. Учир нь бодит секторын санхүүжилтийн ганц эх үүсвэр нь одоогоор зөвхөн банкны сектор байна. Тэгэхээр өнөөдрийн энэ банкны сектороос хэт хараат байдлаас гарахын тулд хөрөнгийн зах зээлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл нь өөрөө хөрөнгийн бирж дээрээ төвлөрч хөгждөг.
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд Хөрөнгийн бирж нэг гол үүрэг гүйцэтгэх юм байна. Тэгвэл манай Монголын хөрөнгийн биржийн талаарх таны бодол ямар байдаг вэ? Хувьчлах байгууллагуудын жагсаалтад орсон гэсэн?
Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах талаар нэлээд эртнээс ярьж байсан ч хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн байдаг. Гэхдээ 2010 оныг Бизнесийн хөгжлийн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан Хөрөнгийн биржийг ойрын хугацаанд хувьчлах ААН-үүдийн жагсаалтад оруулсан. Ямар ч байсан эхний ээлжинд менежментийг нь гадны чадварлаг багт өгөөд , үйл ажиллагаа сайжирсны дараа хувьчлах нь зүйтэй гэсэн нэг хувилбар эрх бүхий байгууллагуудын түвшинд яригдаж байгаа. Өөр хувилбаруудыг ч давхар бодож байгаа биз. Мэдээж манай өнөөдрийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайн байна гэж хэлж чадахгүй. Энэ нь Хөрөнгийн биржийн удирдлага болон тэнд оролцогчид муу ажиллаж байна гэсэн үг биш. Хөрөнгийн биржийн, хөрөнгийн зах зээлийн орчин тодорхой бус, боловсон хүчний чадавх сул, төрийн дэмжлэгийн зарчим, мөн төрийн хяналтын горим сайтар боловсроогүй байгаатай холбоотой.
ХБНГУ-д манай албаны хүмүүсийн хийсэн аяллын гол зорилго юу байв?
Хөгжингүй орнуудын , тэр дотроо манайхтай ижил төстэй хуулийн суурь бүхий Германы хөрөнгийн зах зээлийн онцлогийг Монгол дахь бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт танилцуулах, нэгдсэн ойлголтод хүрэх нь мэдээж хамгийн анхдагч зорилго байсан. ГТХАН-ийн дэмжлэгээр зохион байгуулагдсан энэ аялалд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын Даргын зөвлөх, Сангийн Яам, ЗГХЭГ, ТӨХ, СЗХ, Монголбанк, Хөрөнгийн бирж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцсон. Бидний удаахь зорилго бол Германы хөрөнгийн бирж болон хяналт шалгалтыг хийж, зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох байсан. Энэ зорилгоо ч сайн биелүүлсэн гэж бодож байгаа.
Тухайлбал ямар байгууллагуудаар оров?
Хамгийн эхэнд бид Германы Хувьцааны институтээр орсон. Энэ нь төрийн бус байгууллага. Гол үүрэг нь хөрөнгийн зах зээлд оролцож байгаа судлаач, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, тэдний дуу хоолойг бодлого боловсруулдаг байгууллагуудад хүргэдэг, мөн гишүүддээ энэ чигэлэлээр зөвлөдөг. Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хороонд их олон хуульчид ажилладаг учир тэр болгон санхүүгийн асуудлыг мэдэхгүй байж болно. Тэр үед нь шаардлагатай зөвлөгөө өгдөг байгууллага юм билээ. Өөр нэг чиг үүрэг нь улстөрчдөд мэдээлэл өгөх, шаардлагатай үед лобби үзүүлэх зорилго бүхий олон нийтийн байгууллага гэж ойлгосон. Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролд ч их анхаардаг нь ажиглагдсан.
Дараа нь Хөрөнгийн бирж дээр очсон. Том, хөлөө олчихсон компаниудын төдийгүй үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа шинэ болон дунд хэмжээний компаниудын хувьцаа, бондыг арилжаалдаг юм байна. Арилжаа нь танхимын болон электрон буюу цахим гэсэн хэлбэрээр явагдана. Түүнчлэн бирж дотоод хяналт хэрхэн тавьдаг, сүлжээний найдвартай байнгын ажиллагааг нь хэрхэн хангадаг, цагийн зөрүүтэй Америк, Япон зэрэг дэлхийн бусад улсын биржтэй хэрхэн хамтран ажилладаг талаар газар дээр нь биечлэн танилцлаа.
Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд төрөөс нь хэрхэн анхаардаг юм бэ?
Төсөв болон мөнгөний бодлогын чухал талбар гэдэг утгаараа Төв банк болон Сангийн яам, түүний харъяа байгууллагууд хяналт тавьдаг. Бас хөрөнгө босгох тал дээр хамтран ажилладаг туршлагатай юм билээ. Жишээ нь, Германы Төв банкны ажилтны илтгэлийг сонссон. Төв банк нь бондын буюу өр төлбөрийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Анхандаа төрийн зүгээс ганцаараа зүтгээд төдийлөн амжилт олоогүй бололтой. Харин хувийн хэвшилтэйгээ зөвлөлдөж, хамтрах, харилцан ойлгох замаар бондыг хэрхэн гаргах, худалдан авагчдын итгэлийг хэрхэн сэргээх талаар олон ажил зохиож үр дүнд хүрсэн юм байна.
Өөр нэг чухал байгууллага бол манайхаар Санхүүгийн зохицуулах хороо юм. Энэ хороо хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор хөрөнгийн биржийг хянах, зохицуулах үүрэгтэй.
Ингэхэд Франкфуртын хөрөнгийн бирж хувийн өмчийнх үү , эсвэл улсын мэдлийнх үү?
Тус хөрөнгийн биржийн нэг онцлог нь ард түмний эрх ашгийн төлөө ажилладаг төрийн онцгой статус бүхий байгууллага гэж ойлгож болно. Яагаад төрийн байгууллагын статустай вэ гэхээр Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг олгодог нь Хессен муж улсын Эдийн засгийн яам юм. Хуулийн дагуу биржийн үйл ажиллагаа эрхлэх энэ онцгой эрх буюу зөвшөөрөл нь төрийн гол оролцоо гэсэн үг. Харин энэ зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь “Дойче Бөрзе” (Deutsche Boerse) буюу Германы хөрөнгийн бирж гэсэн хувьцаат компани. Эдийн засгийн яамны үндсэн үүрэг нь Франкфуртыг санхүүгийн хүчирхэг төв болгох, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, хүчирхэгжүүлэхэд оршдог. Мэдээж бодлого боловсруулах мөн хяналт тавих бүрэн эрхтэй. Харин “Дойче Бөрзе” ХК нь Франкфуртын хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааг зохих шаардлагын дагуу гүйцэтгэх, үүний тулд техник, хүн хүч, мөнгө санхүү гэх зэргийг хариуцаж ажиллах үүрэгтэй юм байна. Энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй бол төр зөвшөөрлөө хурааж авах эрхтэй байдаг. Тэгэхээр төрийн гэхэд хэцүү бас хувийн гэхэд хэцүү ийм хосолмол шинжтэй бирж юм. Биржийн үйл ажиллагаа явуулах онцгой эрх буюу зөвшөөрөл нь төрд, харин тэр эрхийг ашиглагч нь хувийн өмчлөлийн, ашгийн төлөө аж ахуйн нэгж юм.
Төрийн байгууллага гэхээр дан ганц хянадаг шалгадаг гэсэн ойлголт тэнд өрөөсгөл юм байна. Мэдээж харъяа нутаг дэвсгэрт нь хүчирхэг ААН байх нь бодлого боловсруулагч нарт ч гэсэн хүсүүштэй зүйл байх л даа. Гэхдээ л төр учир хянаж л таарах байх. Хяналтын тогтолцоо нь хэр юм бэ?
Төрийн хяналт шалгалт сайн хийгддэг. Иймээс ч 2008 оны хямралыг бусад биржтэй харьцуулахад сайн давсан. Англи, Америкийн биржүүд нэлээд хохирол амссан. Одоо Англи, Америкийн биржүүд илүү Европ стандартыг сонирхох хандлагатай болж байна. Герман маягийн хатуу хяналтын тогтолцоо руу шилжих байх. Үүгээрээ ч Германы хөрөнгийн бирж түүнтэй холбоотой хууль эрхзүйн тогтолцоо дэлхийд шилдэг сайн жишээнүүдийн нэг гэж тооцогддог.
Тэгвэл сайн хөрөнгийн биржтэй байхын ач холбогдол юу вэ? Ялангуяа төрийн хувьд ямар ашигтай, давуу тал үүсэх вэ?
Мэдээж олон талын ач холбогдолтой. Үүнд, эдийн засгийн санхүүжилт сайжирна. Хөрөнгийн хуваарилалт ч өргөжнө. Дотоод гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэж, улмаар улсад орох татварын орлого ч нэмэгдэнэ. Гэхдээ нэг түгээмэл жишээг хэлье. ХБНГУ Засгийн газрын бонд буюу өрийн бичиг гаргадаг. Бондыг худалдаж олсон мөнгөөрөө улсад хэрэгтэй маш олон төслийг хэрэгжүүлдэг. Төр ийм маягаар мөнгө босгохын тулд сайн ажиллагаатай дотоодын хөрөнгийн зах зээл зайлшгүй чухал. Ийм бондыг гаргадаг Германы санхүүгийн агентлаг гэсэн манайхаар бол хагас хариуцлагатай компаниар бид мөн орсон. Сонирхолтой нь энэ компани нь Сангийн яамныхаа бүрэн мэдэлд байдаг ч хувийн компани шиг үйл ажиллагаа явуулдаг юм байна лээ.
Яагаад Сангийн яамны мэдэлд байдаг атлаа хувийн компани шиг ажилладаг юм бэ?
Миний ойлгосноор нэгдүгээрт, бондын зах зээл маш их өрсөлдөөнтэй юм байна. Бонд гаргадаг хувийн банк, компаниудтай Засгийн газар нь өрсөлдөх шаардлагатай болдог. Хоёрдугаарт, хүний нөөцийн асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг гэнэ. Хэрэв төрийн албан хаагчийн статустай явбал шилдэг ажилчид нь хувийн хэвшил рүү ордог. Иймд чадалтай залуусыг татаж, хувийнхнаас дутахгүй мөнгө босгох үйл ажиллагаа эрхлэхийн тулд хувийн компанийн статустай байдаг болов уу. Уг компанийн бонд нь төрийн баталгаатай, хөрвөх чадвар сайтай. Дээрээс нь энэ компани Германы гадаад өрийн менежментийг хариуцаж ажилладаг. Тогтолцооны хувьд цэвэр мэргэжлийн ур чадвар сайтай санхүүчдэд суурилдаг. Ер нь улс төрийн аливаа хүчнээс хараат бус ажиллаж, цэвэр төрийн “мөнгө босгох” бодлогыг хэрэгжүүлдэг гэж ойлгосон.
Бонд арилжаалж босгосон мөнгөө яг юунд, хэрхэн зарцуулдаг вэ?
Энэ талаар үнэндээ төдийлөн сонирхоогүй. Ямар ч байсан томоохон бүтээн байгуулалт, эсвэл хөрөнгө оруулалтыг дэмждэг гэдэг нь тодорхой. Үүнтэй холбоотой, гэхдээ Сангийн яамтай шууд холбоогүй нэг жишээ хэлье. Бид Германы Хөгжлийн банкаар орсон. Энэ бол 100 хувь төрийн банк. Оюутнуудад хөнгөлөлттэй урт хугацаатай зээл, жижиг дунд бизнесийг дэмжих зээл гээд их олон төрлийн зээл олгодог. Дунд хэмжээний банк, аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд гаръя гэвэл экспорт, импортын зээл өгдөг. Олон улсын хөрөнгө оруулалтыг дэмждэг, хувийн банк шиг үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Хөрөнгөө яаж босгодог вэ гэхээр бас л бонд гаргадаг юм байна. Засгийн газрын бондтой адилхан Засгийн газрын баталгаатай. Бондын хүү нь ялимгүй өндөр. Эндээс татсан хөрөнгөө хөгжлийн чиг баримжаатай аж ахуйн нэгжүүд, төслүүдийг санхүүжүүлдэг. Ер нь бол Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ банк Германы маш олон жижиг дунд үйлдвэрийг босгож ирэхэд нөлөөлсөн юм билээ.
Германы хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн түүх нь ямар байдаг юм бэ? Дэлхийн хоёрдугаар дайны дараа 60-аадхан жилийн дотор ийм хүчтэй болсон байна?
Герман улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь бүхэлдээ сүйрчихсэн байсныг хүн бүр мэднэ. Дайны дараа Америкаас мөнгөн болон мөнгөн бус маш их дэмжлэг үзүүлсэн. Харин хөрөнгийн зах зээл, бондын зах зээлийг германчууд гол төлөв өөрсдийнхөө хүчээр урьд өмнөх туршлага дээрээ үндэслэн босгосон гэж ойлгодог. Эхний ээлжинд төр нь ганцаараа бондын зах зээлийг хөгжүүлнэ гэж нэлээд зүтгэсэн ч чадаагүй. Мөнгөний шинэтгэл хийсэн. Ер нь манай одоогийн нөхцөл байдалтай адилхан ард түмэндээ бэлэн мөнгө, хувьцаа тарааж байсан. Ингээд төр ганцаараа зүтгээд чадаагүй болохоор хувийн хэвшилтэй хамтарсан Үндэсний зөвлөл байгуулсан. Түүнд нь Сангийн яам, Төв банкнаас гадна том том компаниуд орсон. Ингээд хоорондоо бүх юмаа ярьсан байгаа юм. Бид нэг гараанаас эхэлж байна. Хэрвээ нэг хувийн компани бонд гаргаад дампуурчих юм бол эргээд бондын нэр хүнд унана. Тэгэх юм бол төрд ч, хувийн компаниудад ч ашиггүй гэж зөвшилцөөд ажиллаж эхэлсэн. Юуны түрүүнд бонд гаргах цаг хугацаагаа тохирсон. Шинэ жилийн дараа хүмүүс мөнгөө үрж амжаагүй, мөнгөтэй байдаг. Энэ үед нь 50 марк, 100 маркийн үнэтэй, жирийн иргэн худалдаад авах боломжтой бонд гаргасан. Эхлээд төр бонд гаргасан бол дараахан нь хувийн компани, дахиад төр гэх маягаар ээлжлэх тохиролцоонд хүрч. Хэмжээний хувьд эхлээд том буюу өндөр дүнтэй нь, дараа нь жижиг хэмжээтэй гэх мэтээр сөөлжиж бонд гаргасан. Бондын хүү нь өндөр, богино хугацаатай учраас мөнгөө банкинд хадгалуулснаас илүү ашигтай, дээр нь зарах боломжтой учир иргэд бондыг их сонирхож худалдаж авчээ. Ийм маягаар ард иргэдээ бондын зах зээлийн талаар мэдлэгтэй болгож чадсанаар энэ зах зээлийг хурдан хөгжүүлж, нийгэмд тустай олон хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ бол нэлээд ухаалаг систем.
Бондын хувьд тийм байж? Тэгвэл хувьцааны хувьд? Учир нь хувьцаа бол хөрөнгийн биржийн бас нэг гол хэрэгсэл гэж ойлгодог.
Хувьцааны зах зээлийг хөгжүүлэхийн тулд бүр “хувьцааны соёл” гэх хөдөлгөөн өрнүүлж байсан гэдэг. Иргэддээ хувьцаа эзэмшүүлэх ажлыг төрөөс дэмжин зохион байгуулж байсан туршлага нь хуучраагүй байна. Монголд компаниуд санхүүжилт хаанаас авч байна гэхээр банкнаас. Германд ч гэсэн ийм байсан. Гэхдээ одоо банкнаас санхүүжилт авах хувь хэмжээ нь багасч, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох нь нэмэгдэж байгаа. Англи, Америкт пүүс, компаниудын санхүүжилтэд банкнаас авах зээл нь 30-40 хувийг эзлээд бусад санхүүжилт нь хөрөнгийн зах зээлээс орж ирдэг. Гэтэл Германых эсрэгээр. Энэ байдал нь манайхтай төстэй санагдсан.
Ер нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Германы хөрөнгийн зах зээлийг жишиг болгоход дөхөм гэсэн үг үү?
Тийм, гэхдээ шууд хуулбарлана гэсэн үг биш шүү. Мэдээж Германыг онцлох шалтгаан олон байна. Манай хууль эрх зүйн суурь систем эх газрын Европ буюу Ром-Германы системд суурилсан байдаг. Мөн санхүүжилтийн бүтэц төстэй, банк давамгайлсан мөнгө-санхүүгийн зах зээлтэй гэх зэрэг.
Гэхдээ манай улс төрчид, судлаачдын дунд Хөрөнгийн биржийн хувьд Хонконг зүгээр гэж байхад, зарим нь Сингапур, Өмнөд Солонгос, Шанхай, Япон, Америк, Английн жишээг татдаг?
Мэдээж олон орны сайн туршлагыг харах нь зүйтэй. Гэхдээ бас нэг бодууштай асуудал байгаа юм. Манайх өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Төсвийн хуулиа Шинэ Зеландын загвараар хийсэн. Шинэ Зеланд бол миний ойлгосноор Англо-Америкийн эрх зүйн системтэй. Ийм өөр системтэй орноос хуулийг нь хуулах нь манайд нутагших уу гэдгийг харгалзах хэрэгтэй байх. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл Германаас туршлага, жишээ авбал зүгээр гэж боддог. Яагаад гэвэл бидний хууль эрх зүйн систем төстэй. Хонконг, Сингапур бол Англо-Америкийн эрх зүйн системтэй. Энэ системийн онцлог нь туршлага их шаарддаг. Гэтэл манай Хөрөнгийн биржийн тухайд залуу, харьцангуй шинэ. Хонконгийн ч юм уу, Англи, Америкийн системийг авна гэхэд хэцүү. Тэртээ тэргүй дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийг хянадаг, зохицуулдаг газруудын хөгжил, чиг хандлага нь өөрөө Төв Европ руу чиглэх байх.
Хөрөнгийн зах зээлийн салбарт манайтай хамтран ажиллах сонирхол, боломжтой гэдгээ зарим улс мэдэгдээд байна. Герман улс энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
ХБНГУ болон Монгол улс олон салбарт хамтарч ажилласан туршлагатай. Ялангуяа хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ихээхэн үр дүнд хүрсэн. Шилжилтийн хүнд хэцүү үед Монгол улсад зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байсан. Ирээдүйд ч Монголын зах зэлийн эдийн засгийг дэмжих ажил үргэлжилнэ. Мэдээж зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд зайлшгүй хийх ёстой зүйл бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм. Тиймээс ч германчууд энэ тал дээр туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Гэхдээ Хөрөнгийн биржийн хувьд цагийн зөрүү гэж ярвигтай асуудал байдаг? Хонгконг ч юм уу , эсвэл Азийн аль нэг өөр бирж болон Улаанбаатарын хувьд ийм бэрхшээл бага гарна шүү дээ?
Яахав, цагийн зөрүүний хувьд ойлгомжтой. Монголын хөрөнгийн бирж болон Франкфуртын арилжаа нэгэн зэрэг хийгдэх нь одоохондоо чухал биш. Энд хоёр зүйлийг тусад нь ойлгох хэрэгтэй. Монголын компаниуд гадаадын аль ч Хөрөнгийн бирж дээр хувьцаа, бонд гаргах нь нээлттэй байгаа. Мэдээж цагийн зөрүү бага байх нь мэдээлэл жигд очих нөхцөлийг хангана. Энэ утгаараа Хонконг бол нэг гарц мөн. Үүнээс дутахгүй чухал зүйл бол Монголдоо байгаа жижиг компаниудыг хэрхэн өөрийнхөө үндэсний Хөрөнгийн бирж дээр гаргах вэ гэдэг асуудал юм. Одоо гадаад зах зээлд том компаниудын бонд, хувьцааг гаргана гэхийн зэрэгцээ өөрийнхөө хөрөнгийн биржийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Мэдээж хөрөнгийн биржийг хөгжүүлье гэж ярихад амар. Яг хэрхэн хийх вэ?
Хөрөнгийн биржээ эхэлж цэгцлээд ард түмэндээ хувьцаа, бонд өмчлүүлэх ажил бол зайлшгүй хийгдэх ёстой. Хэрхэн хийгдэх вэ гэвэл олон боломж бий. Би өмнө нь хэлсэн хөрөнгийн биржийг хувьчлах, зах зээлийн орчныг сайжруулах зэрэг ажил хийгдэх ёстой. Мэдээж гадны туслалцаа хэрэгтэй. Гэхдээ бас бодох юм байна. Юу вэ гэхээр Хонконг, Торонто, Нью-Йоркийн биржид мэдээж өөрсдийн гэсэн сонирхол байгаа. Дэлхийн аль ч биржид өнөөдөр Монголын уул уурхайн баялгийг ашиглаж, өөрсдийнхөө бирж дээрх санхүүгийн эргэлтийг өсгөх гэсэн сонирхол бий. Учир нь биржүүд эндээс олох ашгаараа амьдардаг. Дэлгүүрийн том барилга байлаа гэхэд аль болох олон жижиг түрээслэгч нар лангуу түрээслэх нь ашигтай байдгийн адил.
Одоо манай банкны зах зээл нэг үеэ бодвол хөгжиж, өрсөлдөөнтэй, хүртээмж нь сайжирлаа шүү дээ. 2000 онд 1.200 орчим зээлдэгчтэй , 60-хан тэрбум төгрөгийн зээлийн багцтай байсан бол одоо 535 мянган зээлдэгчтэй, бараг гурван триллион төгрөгийн зээлийн багцтай байна. 10-хан жилийн дотор ингэж үсрэнгүй хөгжсөн. Хөрөнгийн зах зээлийг ч ийм хурдан хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл бидний газрын хөрсөнд асар их баялаг байна. Үүнийг зөвхөн эдийн засгийн эргэлтэд оруулаад зогсохгүй мөнгө-санхүүгийн эргэлтэд давхар оруулах ёстой. Ингэхийн тулд манай Хөрөнгийн бирж олон улсын түвшинд хүрсэн, манай том гэлтгүй жижиг дунд компаниуд эндээсээ мөнгөө босгодог, нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод шударга, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн болох ёстой.
Энэ бүхнийг хийхийн тулд юунаас эхлэх ёстой вэ? Хөрөнгө мөнгө их шаардлагатай болно. Цаг хугацаа ч их шаардах байх? Манайд нөөц боломж хэр их байгаа бол?
Уг нь манайд стратегийн ач холбогдол бүхий орд газрууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр арилжаална гээд заачихсан хууль байгаа ч одоо хүртэл хэрэгжихгүй байгаа. Үүний нэг шалтгаан нь Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сул байгаатай холбоотой. Зөвхөн Хөрөнгийн бирж ч биш Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх зүйн орчин хангалтгүй байна. Бэрхшээл бол ганц Хөрөнгийн биржээр тогтохгүй их бий. Бонд гаргаж, худалдаж авч байгаа субъектийн эрх зүйн асуудал, төрийн зохицуулалт, хяналт гээд олон зүйл байна. Монголд энэ бүхнийг цогцоор нь хараад, шинэ хууль дүрэм хийх боловсон хүчин байхгүй, байлаа гэхэд цөөхөн. Тийм учраас миний бодлоор энэ бүхнийг хамгийн хурдан шийдэх зам нь Хөрөнгийн биржийн менежментийн хувьчлалыг хийхдээ тендер зарлана. Тэрхүү тендерийнхээ шалгуурт их олон зүйл тусгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Зөвхөн Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, түүнийг тойрсон эрх зүйн орчин, дэд бүтэц зэргийг сайжруулах ёстой гээд тусгаад өгвөл бид нэг далайлтаар их олон асуудлыг цогцоор нь шийдчихэж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид аливаа орны Хөрөнгийн биржтэй хамтран ажиллалаа гэхэд зөвхөн Хөрөнгийн бирж биш, түүнийг тойрсон макро орчны шийдлийг нь цогцоор хөгжүүлэхэд анхаарах ёстой. Хамгийн гол нь хамтран ажиллагчаа зөв сонгох хэрэгтэй байгаа юм.
Хэтэрхий даварсан зүйл биш гэж үү? Ингэж олон юм хийлгэнэ гэхээр орж ирэх компани олдох болов уу?
Олдоно. Германы Хөрөнгийн бирж байна. Хонконгийн Хөрөнгийн бирж байна. Магадгүй Америк, Өмнөд Солонгос, Японы биржүүд тендерт өрсөлдөх байх гэж бодож байна.
Дотоодын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх асуудлыг ингээд шийдчихлээ гэж бодъё. Тэгвэл манай компаниуд гадаадын Хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргаж мөнгө босгох боломж хэр байгаа вэ? Хэдэн компани байгаа ч бүгд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Манай үндэсний компаниудад ийм боломж байгаа юу?
Торонто, Лондон, Хонконгоос гэхэд нэлээд хэдэн тэрбум ам.доллар босгочихсон байгаа. Тэд бол Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын корпорациуд шүү дээ. Тэд ингэж мөнгө босгох талаар их туршлагатай, ядаж л тэр өндөр шалгуурыг нь хангаад байгаа юм. Гадны Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах шаардлага, шалгуурыг мэддэг гэсэн үг. Харин Монголын буюу монголчуудын эзэмшдэг компаниудын хувьд хамгийн гол нь боловсон хүчин дутмаг байна. Тэр өндөр шаардлага шалгуурыг мэддэг, хангах хэмжээнд бичиг баримт бүрдүүлдэг хүн олон биш. Гадныхнаас зөвлөх үйлчилгээ авъя гэхээр үнийг нь дийлэхгүй. Дээр нь зарим Хөрөнгийн бирж эхлээд Монголынхоо Хөрөнгийн биржид хувьцаа гаргаад, мөнгө босгочих. Тэрийгээ барьцаалаад манай биржийн арилжаанд оролцож болно гэсэн шаардлага тавьдаг гэсэн. Ингэхээр эргээд л өөрийнхөө Хөрөнгийн бирж дээр гацчихаж байгаа юм. Манай том компаниуд өөрсдөө Хөрөнгийн бирж рүүгээ орохгүй байна шүү дээ. Эхлээд өөрийнхөө хөрөнгийн бирж дээр ажиллая. Жижиг , дунд хэмжээний үндэсний компаниуд Монголынхоо Хөрөнгийн биржээс мөнгө босгоод сурчих юм бол гадагшаа гарах нь дараагийн алхам болов уу.
Гадныхан Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, хувьцаа авдаг цаг хэзээ ирэх вэ?
Сүүлийн жилүүдэд манайд байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаа сайжирсан. Иймэрхүү арилжаа хийгдэж байгаа. Гэхдээ үнэмлэхүй томчуудын хувьд манай зах зээл хэт жижиг байна. Гэхдээ одооноос ажиллах хэрэгтэй. Монголчууд гадны том хөрөнгийн зах зээлүүдтэй илүү нягт холбогдож чадвал одоо гадны биржүүд дээр эргэлдэж буй олон тэрбум доллараас Монгол руу бага ч атугай орж ирнэ, түүнийг дагаад энд ажиллаж буй хүмүүсийн орлого нэмэгдэнэ, гадагшаа яваад байгаа чадалтай залуучууд Монголдоо ажиллах болно гээд олон давуу талтай. Цаашилбал бид бүс нутагтаа санхүүгийн том төв болох боломжтой. Одоо бидэнд менежмент, эрх зүйн орчин дутаад байна. Энэ тал дээрээ л ажиллах хэрэгтэй байгаа юм. Том том компаниуд ороод ирвэл боловсон хүчний асуудал аяндаа шийдэгдэнэ. Учир нь сайн санхүүч сайн цалинтай байна гэсэн ойлголт төрөх л юм бол өнөөдөр ерөнхий боловсролын сургууль төгсч буй залуу ямар мэргэжлээ сонгох, хэрхэн сурахаа хэнээр ч заалгахгүй. Манай монгол залуус юм сурахдаа их авьяастай шүү дээ. Боловсон хүчин болон хууль эрх зүйн дэд бүтцийн асуудлаа шийдчихвэл таван жилийн дараа гэхэд бид бүс нутагтаа нэлээд том тоглогч болох боломжтой.
Тэгээд манайхны нэг хөгийн зан байдаг шүү дээ. Арай гайгүй яваа, ашигтай гэсэн салбар руугаа бүгдээрээ дайраад, түүнийгээ улстөржүүлээд бүр сүйрүүлээд хаячихдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ийм байдал гарахгүй гэсэн баталгаа бий юу?
Энэ тал дээр аль болохоор мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Бидэнд газрын баялаг байна. Түүнийг санхүүгийн эргэлтэд оруулж, ашиглах чадамж бидэнд бий. Гагцхүү улс төрөөс л хол байлгах хэрэгтэй болов уу. Олон улсын биржүүдийг хараад байхад тийм л байдаг. Хяналт нь цэвэр мэргэжлийн үүднээс хийгдэнэ. Томилгоонууд ч тэр.
Улс төр гэснээс өнөө айхтар эрдэнийн хувийн амлалт бий? Орд газруудаа ард түмэндээ эзэмшүүлнэ гээд л. Энэ санаа ер нь хөрөнгийн зах зээлтэй хэрхэн холбогдох вэ?
Хөрөнгийн зах зээл хөгжүүлнэ гэдэг ганц уул уурхайтай холбоотой биш шүү дээ. Миний бодлоор дотоодын үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчийг дэмжихийн тулд Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж уул уурхайн ашиг шимийг ард иргэдэд хүртээх ёстой. Ард иргэд маань хувьцаа эзэмшигч болж зах зээлийг бүрдүүлэх ёстой. Хоосон зах зээл хөгжинө гэж байхгүй. Зах зээлийг дүүргэх , амилуулах гол хүчин зүйл нь өмчтэй иргэд юм. Тэгвэл иргэдээ хэрхэн өмчтэй, хувьцаатай болгох вэ? Хийсвэр жишээ авч үзье. Манай Эрдэнэт үйлдвэр байна. Өөрийн хөрөнгө нь бүртгэлийн зарчмаар үнэлэгддэг. Өмчлөл нь хаалттай буюу хувьцаа нь олон нийтэд ил зарагддагүй. Яахав жишээ болгоод “Эрдэнэт”-ийн өөрийн хөрөнгийг 20 тэрбум төгрөг гэж үзье. Тэгвэл “Эрдэнэт”-тэй адил үйл ажиллагаа явуулдаг олборлолт, борлуултын хэмжээгээр адилхан аль нэг улсын компани хувьцаагаа олон нийтэд зарсан бол Хөрөнгийн биржээс дор хаяж 3-4 тэрбум доллар босгох боломжтой. Одоо манай “Эрдэнэт” чинь төрийн өмчийн, хувьцаа нь хаалттай байдаг. Түүнийг олон улсын жишгээр үнэлэх юм бол гурван тэрбум доллар хүрэх боломж бол бий гэж манай нэг чадварлаг санхүүч хэлж байсан. Энэ мөнгийг 2.7 сая хүндээ хуваавал нэг хүний 1.000 орчим ам.доллар оногдоно. Ганцхан “Эрдэнэт” дээр жишээ авахад ийм байна. Цаана нь стратегийн олон орд бий. Оюутолгойн 34 хувийг төр эзэмшиж байгаа. Хуулиа баривал төр өөрт ногдох өмчийнхөө 10 хувийг ард иргэддээ хувьцаа хэлбэрээр олгож болно. Ийм байдлаар хөрөнгийн зах зээл хөгжих боломж манайд хангалттай бий.
Ярилцсан С. Болд-Эрдэнэ. 2010.05.06
Related Posts:
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment