Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах эсэхийг хэлэлцэж байгаа УИХ-ын эрхэм гишүүд Тавантолгойгоос 6,5 тэрбум тонн нүүрсийг ухаж зараад 18 тэрбум доллар олно, Тавантолгой 100 тэрбум долларын үнэлгээтэй, хоёр хэсэг хуваана, 20 хувийг нь ард иргэдэд болон компаниудад хувьцаа хэлбэрээр тараана гэхээс илүү юм ярихгүй нь. Магад нууцаар ярьж байж ч болно. Өнгөрсөн жилийн өдийд Оюутолгойг иймэрхүү байдлаар ярьсаар наадмын өмнөх орой Засгийн газарт гэрээ байгуулах зөвшөөрөл өгчихсөн. Тавантолгойг бас л тэгэх бололтой. Гэтэл Тавантолгой дээр Оюутолгой шиг хандаж болохгүй, Тавантолгой Оюутолгойгоос эрс өөр, хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах ёстой гэдгийг эгэл жирийн иргэдээсээ эхлээд эрдэмтэн судлаачид хүртлээ ярьж хэлж байна. Тэдний гол санаа Тавантолгойг Оюутолгой шиг дээгүүрээ хэдэн сайдад найдаад орхих биш бүх нийтээрээ ярьж, зөвлөлдөж байж шийдэх ёстой гэж байгаа.
Ашигт малтмалаа ашиглаад хөгжиж чадсан цөөхөн улсын туршлагаас үзвэл бүгд ил тод байдлыг бий болгож чадсанаар амжилтад хүрсэн байдаг юм билээ. Ашигт малтмалаа хөгжлийн түлхүүр болгон хөгжиж буй орнуудад “ил тод байдал” гэсэн гурван үг “моодонд” орчихоод байна. Ойрмогхоноос монгол хэлний үгийн санд орж ирсэн баялгийн хараал гэгчээс сэргийлэх гол зэвсэг нь ил тод байдал ч гэж хэлж болно. Харин тэр ил тод байдал гэж юу юм бэ? Ямар хэрэгтэй юм гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.
Сүүлийн хэдэн жилд олон улсад хөрөнгө оруулалтын гэрээ болон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын саанаачлагын тухай байнга ярих болсон. Ил тод байж чадсанаар ард түмний өмчид байгаа байгалийн баялгийг яаж ашиглаж байна, жилд хэчнээн тоннын олборлолт явуулах, түүнийг хааш нь ямар үнээр борлуулах, олсон мөнгөө юунд яаж зарцуулах, олборлолт болоод борлуулж байгаа үнэ бодитой юу гэдгийг баялгийн эзэд нь хянаж чадсанаар илүү өгөөжтэй, үр дүнтэй байх болно.
Гэрээ байгуулахаас өмнөх ба байгуулагдсаны дараах ил тод байдал гэж бий. Гэрээ байгуулахаасаа өмнө ямар гэрээ байгуулах гэж буйгаа олон нийтэд мэдээлж, хэлэлцүүлэг зохион байгуулдаг туршлага зарим улсад байдаг аж. Харин гэрээ байгуулсны дараа түүнд тавих хяналт, гэрээ хэр бодитой хэрэгжиж байгаа нь бас л олон нийтэд ил тод байх учиртай. Үнэхээр гэрээнийхээ дагуу татвараа төлөөд, ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт хийж байна уу, үгүй юу гэдгийг төрийн хяналт шалгалтын байгууллагаас гадна иргэний хөдөлгөөнүүд, олон нийт давхар хянаж байх ёстой. Энэхүү гэрээний ил тод байдлын зарчмыг хэр биелүүлдэг талаар Оюутолгой, Эрдэнэтийн гэрээ болон газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр шинжиж үзье.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ
Монгол улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэнээсээ хойш анх удаа ашигт малтмалын ордоо ашиглан томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болоод гурван сар ч болоогүй байна. Гэрээний талаар сайн, муу гэсэн яриа одоо ч тасраагүй үргэлжилсээр. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар хэлэлцэж байх үед 30 жилийн хугацаанд Монгол улсад 20-иод тэрбум ам.доллар орж ирнэ, 10 мянган ажлын байр нэмэгдэнэ, уурхайг дагаж 300 гаруй төрлийн бизнес бий болно гэхээс өөр тодорхой зүйл байхгүй байв. Олон улсад гэрээний ил тод байдлын гол зарчим нь олон нийтэд ийм гэрээ гэж үзүүлэх төдий биш тухайн гэрээгээ таниулан сурталчлах ёстой гэж үздэг юм билээ. Манайхны хувьд Засгийн газрын цахим хуудсанд тавьсныгаа, эсвэл нэг сайд нь хэдэн тоо хэлснээр гэрээг ил тод болгож байна гэж ойлгодог бололтой. Гэтэл аливаа хөрөнгө оруулалтын гэрээ, тэр дундаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг дийлэнх монголчуудын хувьд уншаад уншаад ойлгохгүй мэргэжлийн үг хэллэг, томъёололтой гэрээ. Тийм болохоор уг гэрээг эрдэмтэд, судлаачдад танилцуулснаар тэд л нарийн задаргаа хийж олон нийтэд ойлгуулах ёстой. Тэгж байж Монгол улсын газар доорх баялаг ард түмний өмч байна гэсэн Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжинэ. Харамсалтай нь өнөөдөр манайд тийм зүйл алга байна. Зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд хэдэн арван жишээ тоочиж болох ч ганцханыг дурдъя.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монгол улсын Засгийн газар урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар авна гээд л хөл хөөрцөг болсон. Ирээдүйд орж ирэх 20 тэрбум доллараасаа урьдчилгаа байдлаар 250-хан сая долларыг нь авч байна гээд Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар ёстой тоть шиг л давтсан даа. Урьдчилгаа төлбөрийн эхний ээлж гээд 100 сая долларын чек авч байгаа эрхэм сайдуудын малилзсан зураг тэр үедээ бараг сонин болгоны тэргүүн нүүрэнд заларсан. Тэр чек дээр нь ч урьдчилгаа төлбөр 100 сая доллар гээд биччихсэн байдаг. Гэтэл тэр 250 сая доллар урьчилгаа төлбөр биш хүүтэй, бүр 3 хувийн хүүтэй зээл байсан гэдгийг хожим л олон нийт мэдсэн. Урьдчилгаа төлбөр, хүүтэй зээл хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа бий. Хэтэрхий хожимдоэ мэдсэн. Урьдчилгаа төлбөр ч бай, зээл ч бай тэр 250 саяыг Засгийн газар аваад хэдийнэ иргэн бүрт 70, 70 мянган төгрөг болоод оччихсон байгаа.
Эндээс л Оутолгойн гэрээний ил тод байдал чухам ямархуу байсныг тодхон харж болно. 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авахдаа “Айвенхоу Майнз” компаниас хүүтэй зээлж байгаа гэдгээ эрхэм сайд нар яагаад эхнээсээ хэлэхгүй нуув? Нуух биш бүр яагаад худлаа ярих? Одоо тэд бөөрөнхий тайлбар хэлчихээд л сэтгүүлчдээс дөлдөг болсон. Төрийн сайд нар нь гэрээний ил тод байдал дээр ингэж хандаж байхад ард түмэн гэрээний талаар үнэн бодит мэдээллийг олж мэдэхийг хүсээд ч нэмэргүй биз. Харин одоо гэрээний дараах ил тод байдлыг сайн хэрэгжүүлэхийг л хүлээх үлдэж байна.
Нууц ч гэсэн Эрдэнэтийн гэрээний өгөөжийг бүгд мэднэ
Оюутолгойг Эрдэнэттэй жишиж ярьдаг хүмүүс бий. Эрдэнэтээс хамаагүй том ордыг ашигласнаар Өмнөговьд Эрдэнэттэй дүйцэх хот сүндэрлэх нь ойлгомжтой. Гэвч Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн эхний үр дүнг үзэхэд л Эрдэнэттэй харьцууламгүй санагдаж байна. Гэрээн дээр Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр 10 мянган ажлын байр шинээр бий болох учиртай. УИХ, Засгийн газраар хэлэлцэж байх үед ч ингэж л яригдсан. Доод тал нь 500 ам.долларын цалинтай ажлын байраар 10 мянган хүн хангагдана гэдэг том хөрөнгө оруулалт шүү гэх хүн олон байсан. Гэсэн ч гэрээний энэ заалт эсрэгээрээ биелж эхлэв. Юун 500 долларын цалинтай 10 мянган ажлын байр. Саяхан Оюутолгой компани нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, түүндээ 3000 ажлын байр шинээр бий болгохоор тусгасан. Тэр нь сард 180 мянган төгрөгийн цалинтай 3000 ажлын байр байгуулж, хотын хогийг цэвэрлэх юм байх. Санхүүжилт нь Оюутолгой компаниас гарна гэхээр тэр 3000 цэвэрлэгч Оюутолгойн ажилтнууд болно гэсэн үг. Ингэснээр нөгөө 10 мянган ажлын байрны чинь 30 хувь нь буюу 3000 нь 180 мянган төгрөгийн цалингаар хотод ажиллахаар болж байгаа хэрэг. Энэ тал дээр холбогдох сайд дарга нар одоо болтол тодорхой тайлбар хийгээгүй л байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон зүйл бий. Гэрээний 30 жилийн хугацаа дууссаны дараа Оютолгойгоос юу үлдэх бол гэдгийг гэрээг хараад хэлэхэд бэрх болчихож.
Тэгвэл 32 жилийн өмнө байгуулагдаж байсан Эрдэнэтийн гэрээ өнөөдөр бидэнд юу өгөв? Орос ах нарын хөрөнгөөр боссон Эрдэнэт үйлдвэрийн гэрээг нууц байдалд байдаг хаалттай гэдэг. Гэрээний талаар одоо ч тодорхой мэдээлэл байдаггүй болохоор тэр биз. Анх гэрээ байгуулж байх үед Эрдэнэтийн зэсийн баяжмал зэсээс гадна мөнгө, алтнаас гадна рений зэрэг бусад дагалдах ховор металын хольцтой байсан нь тодорхой болсон юм. Энэ бүхнийг нууцалж байсан оросууд асар их ашиг олсон гэдэг юм билээ. Харин одоо Эрдэнэтийн гэрээ Монголын талд илүү ашигтай болсон гэдэг. Энэ нь гэрээг анх байгуулахдаа 15 жилийн хугацаатай байгуулсан нь гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжийг манай талд олгосон аж. Бид 51 хувийг эзэмших болсон, нэг үйлдвэрийг дагалдуулж том хот байгуулж, олон мянган мэргэжилтэнтэй болж авсан нь Монголын талын том ашиг хэмээн судлаачид үздэг юм билээ. Хэдий Эрдэнэт үйлдвэрийг байгуулах ЗХУ, Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан цаасан гэрээ нууц байдаг ч түүний биелэлт нь олон түмний нүдэн дээр ил тод байгаа гэж үзэх судлаачид бас байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг түшиглээд бүхэл бүтэн нэг хот босчихоод байгаа нь үүний тод жишээ. Бүр нийслэл Улаанбаатарын дараа орох том хот шүү. Ганцхан үйлдвэрийг дагаж ийм том хот босно гэдэг тухайн гэрээ ямар үнэ цэнэтэй, үр өгөөжтэй байсныг нэг талаараа харуулж буй. Магад өрмийг нь аваад хусмыг нь үлдээсэн гэдэг шиг уг гэрээгээр орос ах нар өрмийг нь аваад монголчууд хусамтай үлдсэн ч байж болно. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний одоо хэрэгжиж байгаа байдлаас үзэхэд Эрдэнэтийн гэрээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хавьгүй дээр байсан гэх судлаачид байгаа юм.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ
Манай улсад хамгийн нууцлагдмал байдаг гэрээ нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг. Нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортолдог манай улсад газрын тос байдаг юм уу гэсэн ойлголт нэгэнт ард хоцорч, өнгөрсөн хавар манай улс газрын тос олборлогч улс болсноо албан ёсоор зарласан билээ. Газрын тос стратегийн хувьд чухал түүхий эд. АНУ-ын нэгэн судалгааны байгууллагын мэдээлснээр манай улс барагцаагаар 10 тэрбум орчим баррель газрын тосны нөөцтэй гэнэ. Харин Газрын тосны газрын мэдээллээр бол одоогоор олборлолт эхэлчихсэн Тамсагийн сав газар 4,4 тэрбум баррелль, Дорноговийн сав газар 2,6 тэрбум баррель газрын тосны таамаг нөөцтэй аж. Үүнээс гадна 11 сав газарт хайгуулын ажил хийгдэж байгаа бөгөөд газрын тос илрэх магадлал бий. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар Тосон-Уулын XIX талбайн зарим хэсэгт газрын тосны баталгаат нөөцийг 119,02 сая тонн, магадтай нөөцийг 74,54 сая тонн, боломжит нөөцийг 52,78 сая тонн хэмээн Монгол улсын ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэж авсанаар Монгол улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 38-39 дүгээр байрт жагсаж байна. Нэгэнт Монгол улс газрын тосны чамгүй нөөцтэй, нөөцийн хэмжээ цаашид ч нэмэгдэх өндөр магадлалтай учир энэ баялгийг хэрхэн ашиглаж байгаа нь алт, нүүрс, зэснээс дутахгүй анхаарлын төвд байх нь зайлшгүй биз.
Хамгийн сүүлийн мэдээллээр газрын тосны хайгуулын 17 талбайд гадаад, дотоодын 12 компани бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/ байгуулан ажиллаж байгаагаас “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен Газрын тос” компани газрын тос олборлож Хятадад экспортолж байгаа аж. Индонезиэс гаралтай БХГ-г хөгжиж байгаа улсууд газрын тосны салбарт түгээмэл хэрэглэдэг. Манай улс ч түүний адил хэрэглэж байгаа. Газрын тосны салбарт үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа компани саналаа өгсний дараа Засгийн газраар дамжин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдсаны дараа боломжтой гэж үзвэл Засгийн газрын хуралдаанаар дахин орж, БХГ-гээ байгуулдаг байна. Энэ нь газрын тосны салбарт орж байгаа хөрөнгө оруулалт улс орны хэмжээнд ямар чухал болохыг илтгэж байгаа хэрэг. Харин ийм өндөр шалгуур тавьж, олон дамжлага дамждаг БХГ ил тод байж чаддаг уу? Албаны хүмүүс БХГ-г хамгийн ил тод байдаг гэрээ гэж байна. Зарим нэг тоон үзүүлэлтийг л нууцалдаг болохоос бусдаар БХГ-ний зарчим, үндсэн нөхцлүүд бүгд ил тод байдаг аж. Тэгвэл БХГ дээр ямар тоог ямар учраас нууцалдаг вэ? Байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ашигласны төлбөр буюу роялтигийн хувь хэмжээ, Засгийн газар болон гэрээлэгч тал бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг, хайгуулын зардлын өртөг нөхөлт, гарын үсэг зурсны урамшуулал зэрэг хэдэн зүйлээс бусад нь нээлттэй байдаг аж. Эдгээрийг ил тод байлгалаа гээд хожих зүйл байхгүй, харин ч улсад их хохирол учруулж болох талтай учир нууцалдаг аж. Хайгуулын талбайд олон улсын нээлттэй тендер зарлаж, Монгол улсад хамгийн ашигтай санал өгсөн компанийг сонгон шалгаруулдаг учир дээрх тоонуудыг ил болговол дараа дараагийн тендерт өрсөлдөх компаниуд хамгийн доод хэмжээ санал болгох боломжтой. Тиймээс ч гэрээнд хамгийн чухал хэд хэдэн заалтыг ил тод болгодоггүй байна. Бусдаар БХГ-ний талаар сонирхсон хэн боловч гэрээний талаар мэдээлэл авах боломжтой. Бүтээгдэхүүний олборлолтын хэмжээ, тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, бүтээгдэхүүний үнэ гээд бүгд ил тод байдаг байна.
УИХ хөзрөө захалж эхэллээ
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар нэг бус удаа хаалттай хуралдаан хийгээд байсан УИХ Тавантолгойг хэрхэн ашиглах талаараа хөзрөө захалж эхлэв бололтой. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Эдийн засгийн байнгын хороо “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэж, зарим саналуудаа ил болголоо. Юуны түрүүнд “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит охин компанийг байгуулж, уг компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын биржээр арилжаалахаар боллоо. 10 хувийг нь иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгохоор болж байна. Мөн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалтын асуудлыг судалж, Эдийн засгийн байнгын хорооны саналыг тусган боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ирэх намрын УИХ-ын чуулганаар дахин хэлэлцүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Тавантолгойн ордыг ашиглахдаа тодорхой хэсэгт туслан гүйцэтгэгчээр гадаадын хөрөнгө оруулагч-консорциумыг оролцуулах, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нь борлуулалтын үйл ажиллагаанд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, ХБНГУ, БНЭУ болон бусад улсын Засгийн газраас албан ёсоор санал болгосон консорциум тус бүртэй нь хамтарсан компани байгуулах, эдгээр саналуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай холбогдох хууль, тогтоолын төслийг Засгийн газар санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Эндээс үзвэл “Эрдэнэс МГЛ” биш түүний охин компани “Эрдэнэс-Тавантолгой” нь Тавантолгойн хувьцааг эзэмшиж, хувьцааныхаа 50 хүртэлх хувийг олон нийтэд арилжаалах замаар хөрөнгө босгох нь тодорхой болж байна. Төр ямар ч мөнгөгүй байж яаж Тавантолгойн нүүрсийг ухах гээд байгаа юм бол гэсэн шүүмжлэлд нэг талаар хариу өгсөн байх. Нөгөө талаар нүүрсээ олборлох болон борлуулах ажлыг тусад нь салгаж байна гэхэд болно. Тавантолгойд өрсөлдөж байгаа гадаадын компаниудтай “Эрдэнэс-Тавантолгой” хамтарсан компани байгуулж оролцох нь байна. Ингэснээр нүүрсээ олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ гэсэн үг. Ямар ч байсан энэ бүхний дүнд Тавантолгойн ордын талаар хэдхэн тооноос цаашгүй байсан гэрээний төсөл ийн эхнээсээ ил тод болж эхэллээ. Ирэх намар гэхэд Тавантолгойтой холбоотой зарим нарийн мэдээллүүд тодорхой болж, засгийн газар хэлэлцээрийн ширээний ард суух нь байна.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment