Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Монгол улсад ашигтай байдаг учраас бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим зүйлийг нууцалдаг

2010-08-31

Газрын тосны газрын Гэрээлэлт, хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяраас газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Манай улс газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэзээнээс байгуулж эхэлсэн бэ?

-“Петрочайна Дачин Тамсаг” компани гурван талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс хоёр талбайд нь 1993 онд хамгийн анхны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан. Тухайн үед Монгол улсад бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар жишиг гэж хэлж болохоор зүйл байхгүй учир тэр гэрээнд роялти байдаггүй. Харин “Доншен газрын тос” компани 1997 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан. Энэ үед харьцангуй газрын тосны хайгуулын ажил эрчимтэй явагдаж байсан, мөн энэ компанийн талбайд бүр 1940-өөд онд оросууд хайгуул хийж байсан учир тостой байх магадлал өндөр байсан зэргээс хамаараад хоёр тал харилцан тохирсон учир гэрээндээ роялти тусгаж өгсөн. Ер нь олон улсын жишигт бүх гэрээ роялтитай байх албагүй. Тухайн талбайн судлагдсан байдал, газрын тос байх магадлал зэргээс шалтгаалж гэрээний үндсэн нөхцөлүүдийг тохирдог. Тэр нь юу гэхээр байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр, тос гарвал Засгийн газар гэрээлэгч хоёр яаж хувааж авах, татвартай байх уу үгүй юу гэдгийг хэлж байгаа хэрэг. Өнөөдрийн Монгол улсад хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээ бол анх Индонези улсаас гаралтай, хөгжиж буй орнууд түлхүү хэрэглэдэг гэрээний загвар л даа.

-Энэ гэрээ ил тод байдаг уу?

-Сүүлийн үед гэрээний ил тод байдлын талаар яригдах боллоо. Газрын тосон дээр ашиглаж байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээний тухайд хэдэн тоо л нууц байдаг. Яагаад гэхээр манай байгууллага бүтээгдэхүүн хуваах гэрээгээ Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу байгууллагын нууцад хамруулсан. Учир нь БХГ-г тендерийн журмаар сонгон шалгаруулдаг. Тендерийн гол үндсэн нөхцөл нь Монгол улсад ашигтай санал өгсөн компани л сонгогдоно. Тэгэхээр тэр сонгогдсон компанийн манай талд тавьсан үндсэн нөхцөлүүдийг нууцлахгүй бол дараагийн тендерт оролцох компаниуд үгсэн хуйвалдаж, ижилхэн доод үнэ санал болгох боломжтой болдог. Ингэвэл Монгол улсад ямар ч ашиггүй шүү дээ. Тендерт хамгийн ашигтай санал өгсөн компани л ялах учиртай байтал бүгд доод үнэ өгчихвөл тендер зарлахын утга учир алдагдана шүү дээ. Ийм нөхцөл байдлын улмаас БХГ-нд өгөгдсөн зарим тоог нууцлахаас өөр аргагүй байдаг. Бусдаар гэрээний загвар, үндсэн нөхцөл бүгд нээлттэй ил тод байгаа. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компани Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна, газрын тосны салбарт шаардлагатай тоног төхөөрөмж Монголд байхгүй бол тэдгээрийг импортлох үед шаардлагатай татваруудаас чөлөөлөх хуультай. Энд нэг маргаан гардаг нь БХГ-ний дагуу татвараас чөлөөллөө гээд байдаг. Тийм биш хуулиндаа тэгээд заачихсан байдаг юм. Гэрээгээр ямар нэгэн татвараас чөлөөлөх талаар тусгадаггүй.

-Тэгвэл БХГ-ний дагуу олборлосон газрын тосоо ямар зарчмаар Засгийн газар, гэрээлэгч хоёр хуваадаг юм бэ?

-БХГ-ний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хайгуул болон ашиглалтын үед гарсан зардлаа нөхөж авдаг олон улсын жишигтэй. Нэг өдөр 100 долларын тос олборлолоо гэж тооцвол тэндээс роялти буюу байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг ашигласны нөхөн төлбөрийг авна. Роялти компани болгон дээр адилгүй байдаг юм. Жишээ нь роялти 7 хувь байна гэвэл 100 доллараасаа долоон долларыг авахаар 93 доллар үлдэнэ. Эндээс гаргасан зардлаа нөхөх 40 хүртэл хувийг нь компани авна. Бүх зардлаа нэг дор нөхөөд авчихна гэж байхгүй. Бага багаар л нөхөж авна. Жишээ нь “Петрочайна Дачин Тамсаг” компани гэхэд нэг тэрбум долларынхаа хөрөнгө оруулалтын зургаахан хувийг л нөхөж авсан байгаа. Ингээд үлдсэн тосоо гэрээнд заасан нөхцөлөөр буюу 40:60, эсвэл 42:58 гэх байдлаар Засгийн газар, гэрээлэгч хоёр хувааж авдаг. Энэ хувааж авах нөхцөл бол өдөрт олборлож байгаа тосны хэмжээ ихсэх тусам Засгийн газарт ногдох хувь нь ихэсдэг. Ер нь ихэнх гэрээнд эхний үед Засгийн газрын хэмжээ 38, 40 хувиас эхлээд цааш өсдөг. Жишээ нь өдөрт 5000 баррель тос олборлолоо гэхэд Засгийн газарт 40 хувь, өдөрт 10 мянган баррель боллоо гэхэд 44 хувь гэх мэтээр өдөрт олборлосон тосны хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газарт ногдох хувь хэмжээ ихэсдэг. Энэ онд 10 талбайд БХГ байгуулахад дээрх нөхцөлүүдийг Засгийн газарт харьцангуй ашигтайгаар байгуулж байгаа.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шат дамжлага ямар байдаг юм бэ?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа газрын тос байх магадлалтай талбайнуудыг олон улсад нээлттэй зарладаг. Ингээд анхны захиалагч талбайд ажиллах захиалгаа өгвөл бид дахиад компаниудыг урьдаг. Ингээд компаниуд саналаа ирүүлсний дараа хугацаа зарлаж тендерээ хаагаад Үйлдвэр худалдааны сайдын баталсан журмын дагуу гэрээ байгуулах боломжтой этгээдийг сонгож, эцсийн байдлаар гэрээнийхээ нөхцөлийг тохиролцоно. Тэр тохиролцсон нөхцөл дээрээ бүх яамдаас санал аваад Засгийн газарт оруулна. Засгийн газар боломжтой гэж үзвэл ҮАБЗ-д танилцуулагдаж, дэмжсэн тохиолдолд дахиж Засгийн газар дээр ирж батлагддаг. Хүмүүс газрын тосны БХГ-г нэг агентлагийн дарга, эсвэл яамны сайд дур мэдэн бусдад ашигтай нөхцөлөөр байгуулаад байдаг мэтээр ойлгодог. Тийм юм байхгүй. ҮАБЗ-д танилцуулагдаад Засгийн газраар хоёр ч удаа орж, бүх яамдаас санал авч байж батлагддаг юм шүү дээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг анх захиалга өгснөөс хойш хоёроос гурван жил явж байж батлагддаг шүү дээ. Ийм олон шалгуур давж байж батлагдаж байгаа болохоор Монгол улсад ашиггүй, гадныханд ашигтай, хаалттай гэрээ гэж хэлэхгүй.

0 comments:

Post a Comment