Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

ТАВАНТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМ, ЦАХИЛГААН СТАНЦЫГ САЛГАЖ БОЛОХГҮЙ

2010-08-31

 УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуутай уулзаж, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар зарим зүйлийг тодрууллаа.















Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Гэхдээ Тавантолгой, төмөр зам хоёрын алийг нь түрүүлж хэлэлцэх вэ гэдэг анхаарал татаж байна.
Засгийн газраас төмөр замын асуудлыг эхэлж оруулж ирсэн. Ид хэлэлцэж байна.  Тавантолгойг ашиглах, үйлдвэр уурхай барьж байгуулахын тулд юуны түрүүнд төмөр зам хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг хойно өмнө, энэ нь чухал гэлгүй бэлэн болсон хэмжээгээр нь хэлэлцэх байх. УИХ-ын гишүүд, УИХ дахь намын бүлгүүд энэ хоёр асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж, чиглэлийг нь гаргаж өгье гэсэн байр суурьтай байгаа.

Тавантолгойн гэрээний төслийг харахад дутуу дулимаг, ерөнхий заалт ихтэй, бас л цаг их шаардах юм шиг санагдсан. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?
Амжихыг л бодоцгоож буй. Засгийн газраас, Ерөнхий сайдын зүгээс үүнийг хэлэлцэж дуусга гэсэн шахалт үзүүлж байна. Ард түмний ч хүсэлт байна.

Гэрээн дээр тодорхойгүй зүйл олон байгаагийн нэг нь ард иргэдэд өгөх хувьцаа. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу Тавантолгойгоос хүн бүрт хувьцаа эзэмшүүлэх, мөн ТӨК-ийн 10-аас доошгүй хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хуваарилна гэж байгаа ч нэг иргэнд хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдангуут хувьцаа эзэмшүүлэх үү гээд нэлээд зүйл тодорхойгүй байна?

Хүний хөгжил сангийн тухай хуульд  иргэний бүртгэлд бүрэн хамрагдсан, бичиг баримтын ямар нэг  зөрчилгүй Монгол улсын иргэд хувьцаа эзэмших эрхтэй гээд заачихсан. Ерөнхий сайд Тавантолгойн ордын төрийн ногдох хэсгийн 10 хүртэл  хувийг ард түмэндээ эзэмшүүлнэ гэж хэлсэн хэмээн ойлгож байгаа. Төр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшинэ, түүнийхээ 10 хувийг байгалийн хувь, хишиг болгож өгнө гэсэн үг байх аа.  Тухайлбал 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд 10 хувь нь 300 сая ам.доллар буюу 450 орчим тэрбум төгрөг. Хүн амынхаа тоонд хуваахаар 200 орчим мянган төгрөгийн хувьцаа гэсэн үг. Гэхдээ Хүний хөгжил сангийн тухай хуульд иргэнд байгалийн хишиг, хувиа  авахдаа сонголт хийх эрх байгаа. Нэгдүгээрт мөнгөө бэлнээр нь авч болно. Засгийн газар тодорхой бодлого бариад 500 мянган төгрөгийг бэлнээр олгоё, эхний ээлжинд 70 мянга, дараа нь 50 мянга, 2010, 2012 гэхэд үлдсэн мөнгийг олгож дуусна гэсэн. Үлдсэн нэг сая төгрөгөөс иргэд хувьцаанаас гадна эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, орон сууцны төлбөр, оюутны сургалтын төлбөрөөс сонголт хийх ёстой. Эрүүл мэндийн даатгал, боловсрол, орон сууцны хэрэгцээ байхгүй хүн их бий. Харин бүх хүмүүст байгаа нийтлэг сонголт, сонирхол бол хувьцаа эзэмших, өндөр насны даатгалын шимтгэлээ төлүүлэх эрх бий.  Хувьцаа эзэмшүүлэх гэдэг нь хүн болгонд хамааралтай зүйл учир тодорхой зохицуулалт хийсэн журам гарах байх. Иргэд бэлэн мөнгөний оронд хувьцаа авна гэвэл бас зөвшөөрөх байлгүй.
Хөрөнгийн биржийн хоёр дахь зах зээлд та хувьцаагаа зарах уу, үгүй юү гэдэг өөр асуудал. Хүний хөгжил сангийн тухай хуульд иргэн төрөөс олгосон хувьцааг зарах эрхгүй байгаа. Манайхан өнөө маргаашийн хэрэгцээгээ бодоод гадаадын мөнгөтэй хүмүүст зарчихаж магадгүй гэсэн үүднээс ийм хязгаарлалт хийсэн байх. Хөрөнгийн биржээр ТӨК-ийн 10-аас доошгүй хувийг арилжаална гэдэг нь өөр асуудал. Энэ бол хувьцааг борлуулах асуудал, өөр зохицуулалт хэрэгтэй. Хөрөнгийн биржийн хуульд, холбогдох дүрэм журамд нь зохицуулалт хийж болно.
Иргэдэд олгох хувьцааг өгөөжөө өгдөг болгох ажлыг түргэтгэх нь хамгийн чухал. Үүний тулд төмөр зам, цахилгаан станцыг яаралтай барих шаардлагатай. Нэг хүнд 500 мянган төгрөгийн хувьцаа олголоо гэж бодоход Тавантолгой хэдий хурдан хугацаанд ашиглалтад ороод ашгаа өгнө тэр цагт хувьцааны ашгаа авна шүү дээ. Тиймээс цахилгаан станц, төмөр замыг шийдвэрлэхэд тээг тавьж,  улстөржүүлэхгүй байх нь хамгийн чухал.
Нүүрсийг олборлох, боловсруулж кокс бэлтгэх, эрчим хүчний нүүрсийг дотооддоо ашиглах, экспортлох зэргийг төмөр замгүйгээр, цахилгаангүйгээр төсөөлөх аргагүй.

Энэ асуудал дээр ид маргаад л сууцгааж байна?
Хамгийн зарчмын асуудал бол дэд бүтэц. Төмөр замын тухайд 2009 онд УИХ-аас тогтоол гараад Тавантолгойгоос Оюутолгойг дайруулаад Хятадын хил рүү төмөр зам тавихыг шийдчихсэн. Энэ шийдвэрийг л хэрэгжүүлэх ёстой. Холбогдох техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, стандартын төмөр зам тавих нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг нь нотлогдсон. Мэдээж кокс, эрчим хүчний нүүрс зэрэг задгай ачааг хамгийн дөт замаар, бас төмөр замаар тээвэрлэх нь улсдаа ч, аж ахуй нэгжид ч, хувьцаанаас өгөөж хүлээх ард түмэнд ч ашигтай. Улсын Их Хурлаас баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан хөгжлийн  цогц  бодлогын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэгт олон гарцтай байна гээд заасан. Төмөр замын тухай хуулиар Засгийн газрын бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн юм билээ.
Одоо бол УИХ дээр ганц урагшаа биш, зүүн тийш нь төмөр зам тавих талаар яригдаж байна.  Засгийн газар жаахан хүлээгээд зүүн тал руу тавих төмөр замтайгаа холбож шийдвэрлэх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Төмөр замыг хувийн компаниар бариулаад, дараа нь төрийн мэдэлд авна гэсэн гэрээ контракт бий гэж сонссон. Төмөр зам гэдэг 20, 30 жилийн асуудал биш 200, 300 жилийн явдал. Яахав урагшаа тавина гэхээр шүүмжлэл байдаг. Гэхдээ ямар учиртай урагшаа тавиад байна гэхээр Замын-Үүд-Эрээний ачаалал их. Эрдэнэт, Дарханаас ачаа их явж байхад үүнд дээр нэмээд их хэмжээний ашигт малтмал тээвэрлэвэл барааны саатал гарна. Тиймээс өөр газраар урагшаа гаргаж, Хятадын төмөр замтай холбоё гэсэн. Ингэснээр цаашаа Тяньжин ороод тэндээсээ Япон, Солонгос руу бүтээгдэхүүнээ гаргах талаар яригдаж байгаа юм. Бид бараагаа ганц Хятадад зарахаас гадна олон улсад гаргах хэрэгтэй, төрийн бодлого ч бий. Мэдээж ямар ч хөрөнгө оруулагч хажууд нь байгаа зах зээл рүү зарах замтай байна уу гэдгийг л сонирхоно.
УИХ-ын 2009 оны 79 дүгээр тогтоолоор Тавантолгой-Цагаансуварга-Сайншандын чиглэлийн замын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг нь 2010 онд боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн юм билээ. Үүний үр дүнгээр ямар царигийн зам байх нь шийдэгдэх байх. Гэхдээ цаг их алдаж удааширч байх шиг.
 Хурдан ашиглаж, ард түмэндээ хишгийг нь хүртээе гэж байгаа бол урагш нь замаа тавиад ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Нарийн, өргөний хувьд  стандартын  цариг нь зардал чирэгдэл, цаг хугацаа, техник технологийн хувьд ч  ашигтай гэдгийг би олон удаа хэлж ярьж байгаа. Тавантолгойгоос нүүрс ачаад шууд Хятадын хил дээр аваачаад Япон, БНСУ руу гаргавал ашигтай. Ийм нөхцөлд тэд манайхаас кокс авна гэдгээ хэлсэн байна лээ. Өргөн царигтайг тавибал ядаж л замдаа сольж ачна, тэр болгонд өөрийнхөө олох мөнгөнөөс Хятадад нэлээд хэсгийг нь өгч, тэнд ажлын байр бий болгоно шүү дээ. Нөгөө талаас монголчууд Эрээний монопольд байгаа. Өөр нэг замтай болно гэдэг наашаа орж ирэх гурил будаа, элсэн чихрээс эхлээд арай л хямд болно. Би 2008 онд Өмнөговьд очиход Хятадаас орж ирсэн гурил будаа, элсэн чихрийг хэдэн машинаар оруулж ирснийг Улаанбаатарынхан очоод бүгдийг нь бөөндчихсөн гэж ярьцгааж байсан. Яагаад гэхээр Эрээнээс авах нь хямдхан, зардал чирэгдэл бага байгаа хэрэг. Цаанаа Хятадын компаниудын дунд ч гэсэн өрсөлдөөн бий болж байгаа юм. Харин нэг зүйлийг тодорхой болгох ёстой. БНХАУ-тай бид энэ төмөр замаар, тэдний нутгаар  ашигт малтмал, бүтээгдэхүүнээ саадгүйгээр тээвэрлэнэ, танайд ч өгнө, цааш нь ч өгнө гэдгийг тохирч албан ёсоор Засгийн газрын хэмжээнд нь гэрээ байгуулах ёстой.
Төр, засгийн  нэг гол санаа зовох асуудал бол  говьд төмөр замгүйгээс болоод  малтайгаа, хүнтэйгээ тоосжилтын өвчинд нэрвэгдэж байна. Том машины замын тоос чинь 20, 30 км хийсээд тэр хавийн бэлчээр бүгд тоос. Мал нь, хүн нь тоосжилтын  өвчинд нэрвэгдэж байна. Тийм болохоор урагшаа чиглэсэн төмөр замаа   яаралтай барих хэрэгтэй. Энд улстөржөөд байх зүйл байхгүй. Хүнээ бодъё. Авто замаа ч  барина биз. Тэртээ тэргүй төмөр зам байгаа газар авто зам дагаад явдаг.

Төмөр замыг ингэж шийдлээ гэхэд эрчим хүчийг орхигдуулаад байх шиг санагддаг. Улаанбаатараас л татна гэхээс тодорхой болсон зүйл алга?
Тийм ээ, төмөр замаас гадна эрчим хүч, цахилгаан станцын асуудал байгаа. Эрчим хүч худалдан авах шаардлагатай, чадвартай Оюутолгойн зэсийн үйлдвэр Тавантолгойн хажууд баригдах гэж байна. Мөн кокс боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрүүд байна. Төмөр зам нь мэдээж цахилгаан байж таарна. Өнөөдөрийнх шиг дизель, нүүрс түлээд утаа баагиулдаг төмөр зам биш  байлгүй.  Эдгээрийг эрчим хүчээр хангах ёстой. Тэгэхээр хамгийн түрүүнд шийдэх асуудал бол төмөр зам,  цахилгаан станц. 600-700 мянган мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих хэрэгтэй байгаа юм.  Улаанбаатараас Өмнөговь, Дундговь, Дорноговь руу цахилгаан станцын шугам татах шийдвэр нь гарсан. Ажил нь эхэлж буй байх. Ганцхан Улаанбаатарын эх үүсвэр үүнийг даахгүй. Тиймээс нөгөө талд нь адилхан эрчим хүчний эх үүсвэр барих хэрэгтэй. Энэ тал дээр гадны байгууллага, хүмүүсээс зөвлөгөө авна гээд байх шаардлагагүй. Тэртээ тэргүй бэлэн худалдан авагчтай, бэлэн нүүрстэй, цахилгаан станцыг олон жил ажиллуулсан боловсон хүчинтэй учраас нэг, хоёр тэрбум төгрөгийг нь гаргаад, ТЭЗҮ-ийг хийж, хөрөнгө оруулалтын баталгааг нь гаргаж өгөөд гадны тусламж, зээлээр ч болтугай түргэн барих хэрэгтэй байгаа юм.  Монгол улс өөрөө станцаа эзэмших ёстой. Тэгээд тэр том орд газар уурхай, үйлдвэрүүд рүү зарж, Хятад руу экспортлох бүрэн боломж бий. Энэ бол бараг төмөр замаас илүү том зорилт шүү. Харин тэр коксын, химийн үйлдвэрүүдийг хувийн компаниуд нь хийдэг  юм байгаа биз. Төр хийх боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгчихөөд, амин чухал том зүйлээ  өөрөө гардан хийх ёстой юм.

Гэрээний төсөл дээр устай холбоотой тодорхойгүй зүйл бас байна?
Бид энд нэг л зүйлийг ойлгох ёстой. Ус хүрэлцсэн хэмжээгээр л хүчин чадлаа ашиглах ёстой. Хятадын зах зээл асар том. Бид түүнийг хангана гэж хий бархираад өөрийнхөө баялгийг шавдуулж, хэдхэн жилийн дотор ашиглах тухай асуудал биш. 20 сая тонноос илүү кокс гаргавал татварыг нь өндөр болгож хязгаарлалт хийх хэрэгтэй. Бид тэр нүүрсийг 200 жил ашиглах ёстой шүү дээ. Усны нөөцийн хэмжээ нь бага байвал тэрэнд нь тааруулж бага хүчин чадлаар л ашиглах ёстой. Түүнээс биш хүчин чадлынх нь хэмжээгээр нь хамаагүй усаа өгдөг юм биш. Тэр олборлож байгаа компани, худалдаж авч байгаа улсыг биш, өөрсдийгөө бодох хэрэгтэй шүү дээ. Бид, бидний ач гуч үүнийг ашиглах ёстой. Тиймээс төрийн бодлого бол төмөр зам, цахилгаан станцыг нь ч барьж, олон жил ашиглахаар хязгаарлалт хийх хэрэгтэй юм. Дэлхийд жилд 460 тэрбум тонн нүүрс гаргадаг гэж бодвол манай Тавантолгойг хэдхэн жилийн дотор ухаад дуусчихаж болно.
Тавантолгой дээр усны хайгуул дутуу хийгдсэн байгаа гэсэн. Ер нь үйлдвэрүүд, цахилгаан станц их хэмжээний ус хэрэглэдэг. Тийм болохоор усны хайгуулын судалгааг нарийн хийх хэрэгтэй. Улс мөнгөө гаргаад хайгуулаа хийчих хэрэгтэй байгаа юм. Хувийн хэвшлийнхэн ч хийж буй байх.

2010.06.10

0 comments:

Post a Comment