Монгол улс ашигт малтмалынхаа нөөцөөр, тэр дундаа Тавантолгойн нүүрсний ордоор дэлхийд танигдаж байна. 7.5 тэрбум тонны нөөцтэй энэ ордыг ашиглахаар дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын банкууд Монголд буудаллаад байгаа үед энэ том орд дээр аль 45 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж ирсэн “Тавантолгой” хувьцаат компани түүхэн ойгоо тэмдэглэж байна. Бидний хэлдгээр жижиг гэсэн тодотголтой энэ компани наймдугаар сард 45 жилийнхээ ойг тэмдэглэх юм.
45 жилийн ойн өмнө тус компанийн уурхайд сурвалжлага хийх боломж олдож, зурагчин, зураглаачийнхаа хамт уурхайг зорив. Даланзадгадаас 2 цаг орчим яваад “Тавантолгой” ХК-ийн байранд очлоо. Жижигхэн сумын төвөөс ч томхон суурин угтав. Өмнөговь аймгийн наадам болж хэд хоног амарсан ажилчид ажилдаа ороод ид бужигнаж байна. “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр биднийг угтан авч, уурхайнхаа талаар товч танилцуулсан юм. Социализмын үе, шилжилтийн үе, зах зээлийн нийгэм гэсэн гурван өөр цаг үе, нийгэмд амьдарч, өдгөө улсынхаа тэргүүний уурхайнуудын нэг болоод байгаа энэ компани арвин түүхтэй дээ хэмээн Түмээ захирал ярилаа.
Орд нь Цогтцэций сумын Цэций уулын баруун хойд хэсэгт байрлана. Таван жижиг толгойн хэлбэрээр байршсанаас Тавантолгой хэмээн нэршжээ. Анх 1934-1935 оны үед нутгийн иргэд, уран дархчууд энд нүүрс байгааг мэдэж, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирж. Хулгана нүх малтахад шороо биш нүүрс гардаг байсан хэмээн нутгийн буурлууд хуучилдаг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тонн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн тvvхтэй. 1967 онд бие даасан улсын vйлдвэр, 1994 онд төрийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК болсон байна. Анх Өмнөговь аймгийг бүхэлд нь болон хил залгаа бусад аймгийн сумдыг нүүрсээр хангах үүрэгтэй ажиллаж байсан бол хэдэн жилийн өмнөөс нүүрсээ Хятад улс руу экспортод гаргах болжээ.
Ганц трактор, жижиг гар өрөм, нэг ачааны машинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан уурхай сайн муу олон зүйлийг туулж гарсан 45 жилийн буурал түүхтэй. Анхандаа хүн хүч цөөн байсан болохоор уурхайн тосгоноо өөрсдийн улаан гараар байгуулж байлаа хэмээн уурхайн анхны дарга, өдгөө 70 гаруй настай С.Хүүхэнжав гуай дурсаж сууна. “Одоогийн энэ наймдугаар ам дээр ганц машин эргэх зайтай газраас гар аргаар нүүрс ачиж байлаа. Төдөлгүй үйлдвэрийн технологийн аргаар тэсэлгээ хийж анх нүүрсээ олборлох болсон. Анх цөөхөн хэрэглэгчтэй жилдээ 15 мянган тонн нүүрс олборлодог байв. 1966 онд улсын уурхай болоход нэг эксковатор, нэг трактор, дөрвөн гэртэй байлаа. Тэр үед зэлүүд онгон талд тэсэлгээ хийж байсан.
Сүхбаатар аймгийн байшин үйлдвэрлэх комбинатаас угсармал барилгын материал зөөж, өөрсдөө гар аргаар конторын барилга, ажилчдын орон сууцаа барьж, энэ тосгоны суурийг тавьж байлаа шүү дээ” хэмээн хуучлах С.Хүүхэнжав гуай уурхайгаасаа тэтгэвэртээ гарчээ. Өдгөө түүнийг залган хүү охин хоёр нь “Тавантолгой” компанид ажиллаж байгаа бол ач, зээ нь дээд сургуульд уул уурхайн мэргэжлээр суралцаж, удахгүй өвөөгийнхөө ажлыг үргэлжлүүлэх гэж байна.
Хүн хүч цөөтэй байсан 1960-1970-аад оны үед уурхайн дарга, инженерүүд бүгдээрээ л нойр хоолоо хасан ажиллаж байсан хэмээн гавьяат уурхайчин Ц.Борхүү гуай дурсав. “Ажлын ачаалал их үед манай дарга хүртэл хөрс хуулалтын машин бариад шөнөжин явдаг байлаа. Тэр хүнд хэцүү цаг үеийг туулан өдгөө улсынхаа тэргүүний уурхай болсон компаниараа бахархалгүй яахав. Бидний нөхөд тэгж хөдөлмөрлөсний дүнд өнөөдөр уурхай маань 45 жилийн хугацаанд гал алдалгүй өдий дайтай явж ирсэн дээ” хэмээн нас өндөр гарсан ч нүдэндээ цогтой, нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярих Борхүү гуайг компанийн ганц гавьяат хэмээн захирал, залуучууд нь ихэд хүндэлдэг юм билээ. Насаараа жолоо барьсан гавьяат тэтгэвэртээ суусан ч машинаа барьсаар л явна.
“Тавантолгой” хувьцаат компанийг Өмнөговийн иргэдийн компани гээд хэлчихэд буруудахгүй. Албан ёсоор 200 орчим хүн ажилладгаас жолооч, үйлчлэгчээсээ эхлээд дэд захирлууд хүртлээ бүгд Өмнөговь аймгийн харьяат юм билээ. Тиймээс ч “Тавантолгой” компанийн ажилчдын тосгон нь Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв хэмээн нэрлэгддэг. Хэдий 200 ажилтантай ч туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг нэмбэл хэдэн мянгад хүрнэ хэмээн Түмээ захирал ярив.
“Тавантолгой” ХК өмнийн говийн иргэдэд ээлтэй, олон зуун хүний амьдрал нь болсон буянтай газар хэмээн ажилчид нь ярих дуртай. “Тавантолгой компани маань манай гэр бүлд ихийг өгсөн, бидний амьдралыг Тавантолгойгүйгээр төсөөлөхийн аргагүй дээ. Хар багаасаа л аавынхаа машины бүхээгт өссөн миний хувьд энд жолоочоор ажиллаж байгаа минь хувь тавилан байх” гэж ярих залууг
Э.Тогтохбаяр гэдэг. Тэдний гэр бүл гурван үе дамжсан уурхайчид. Тэр тусмаа энэ компанид үе удмаараа ажиллаж байгаа жолооч нар. Өвөө нь уурхайг байгуулагдах үеийн ууган ажилчдын нэг. Жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол аав Энхбаатар нь өдгөө ч жолоочоор ажиллаж байна. Э.Тогтохбаяр өөрөө 10 гаруй жил жолоо мушгиж яваа. Өвөө эмээгээс нь эхлээд бүгд энэ уурхайтай салшгүй холбоотой. Тэр тусмаа өвөө, эмээ, ээж, аавынхаа өвийг залгамжилсан тэргүүний уурхайчдын отгон нь аж. 2 ойтой хүүгээ ойрын тээвэрт аваад явчихдаг Тогтохоо уурхай ажилласаар байвал хүүгээ ч жолооч болгоно хэмээн инээмсэглэн ярилаа. “Залуу хүний хувьд ажил төрөлтэй, хийсэн ажил, бахархах зүйлтэй байна гэдэг сайхан. Компани маань илүү олон жил ажиллаасай. Энэ бол компанитай амьдралаа холбосон олон зуун хүний хүсэл юм шүү дээ” гэж Э.Тогтохбаяр сэтгэлийн үгээ уудлав.
Э.Тогтохбаярынх шиг гэр бүлээрээ “Тавантолгой” хувьцаат компанид ажилладаг айл олон. Ажиллахаас гадна энэ компанийн хишгийг хүртэж байгаа нь бүр ч олон. Өмнөговь аймгийн иргэд тэр чигтээ энэ компанитай холбоотой гэхэд болно.
“Тавантолгой” нь орон нутгийн өмчит компани. Тэр ч утгаар сүүлийн хоёр жил компанийн зүгээс Өмнөговь аймгийн иргэдэд “Нутгийн хишиг” хэмээн 50 мянган төгрөг тараажээ. Нутгийн баялгаас олж байгаа ашгийг нутгийн иргэдэд тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзээд “Тавантолгой” компани Өмнөговь аймгийн иргэдэд хоёр жил дараалан 50 мянган төгрөг өгснийг Түмээ захирал онцолсон юм. 50.000 төгрөгөөр зогсоогүй Өмнөговь аймагт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь нэрлээд барахгүй биз. Өмнөговийн иргэдийг оройдоо лаа барьж, өвөлдөө даарч суудаг зовлонгоос нь салгахаар “Тавантолгой” ХК 5.4 тэрбум төгрөгийг ДЦС-ын өргөтгөл барихад зарцуулжээ. Түүгээр зогссонгүй аймгаа байгуулагдсанаас хойш хямд үнэтэй нүүрсээр тасралтгүй хангаж ирсэн нь хамгийн том хөрөнгө оруулалт гэхэд болно. Сүүлийн жилүүдэд цахилгаан дулааны үнэ нэмэгдээгүй, түүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гараагүй нь “Тавантолгой” компанитай салшгүй холбоотой.
“Тавантолгой” компани аймгийнхаа хөгжил дэвшлийн гол хөдөлгүүр нь. Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг, Цогтцэций сумын төсвийг 100 хувь бүрдүүлдэг гэдэг тоон мэдээллээс л уурхай, энэ компани Өмнөговь аймгийн нүүр царай, өнөөг хүртэлх хөгжлийн хөдөлгүүр нь болж ирснийг харуулна.
Биднийг “Тавантолгой” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн Дэд захирал Р.Зоригтбаатар хөтөчлөн уурхайн ажил, байдалтай танилцуулав. 1992-2005 онд “Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ эрхэм Чехословак улсад уул уурхайн сургууль төгссөн ясны уурхайчин. Тэр ч үүднээс Тавантолгойн талаар нарийн ширийн зүйлийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг.
“Тавантолгой” компани 4 болон 8 дугаар ам дээр олборлолт явуулж байна. Эндээс олборлосон нүүрсийг хувийн компаниуд худалдан аваад Хятад руу зөөх аж. 4 дүгээр амны хойхно талд “Эрдэнэс Тавантолгой” компани хөрс хуулалтаа хийгээд олборлолтоо эхэлчихэж. “Тавантолгой” компанийн нөөц тун удахгүй дуусна гэсэн таамаг яриаг Р.Зоригтбаатар дарга эрс үгүйсгэсэн юм. 4 дүгээр ам нь 12 давхаргынхаа дөнгөж 4 дүгээр давхаргадаа буюу 40 метрийн гүнд яваа. Цаана нь 8 давхарга, 80 орчим метрийн гүн хүртэл ухах боломжтой хэмээн тэрбээр тайлбарласан юм. Нарийвчилсан судалгааны дүн гараагүй байгаа ч дахиад 80-аад сая тонн нүүрсний таамаг нөөц бий гэнэ.
Ямар ч байсан ирээдүйн он жилүүдэд ч “Тавантолгой” хувьцаат компани Өмнөговийнхоо хөгжилд хувь нэмрээ оруулна. Өмнөговийн иргэд энэ компанийнхаа ашиг орлогоос хувь хүртсээр байх нь. Жижиг гэсэн тодотголтой ч ихийг хийж бүтээж байгаа “Тавантолгой” хувьцаат компанийн түүх дахин олон жил үргэлжлэх биз ээ.
Good bye
5 years ago
0 comments:
Post a Comment