Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

“Эрдэнэс Тавантолгой” IPO хийхэд багадаа 6 сар шаардлагатай

2010-12-02

 “Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Болдтой “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар The Mongolian Mining Journal-ийн С. Болд-Эрдэнэ ярилцлаа. Б.Болд нь Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.

-Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл ямар түвшинд байна вэ? Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ямар саад тотгор байна гэж Та харж байна вэ? Ямар гол асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ?


-Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн цаана олон хүчин зүйл байгаа. Үүнийг ганц биржийн менежмент ч юм уу, эсвэл зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай холбож тайлбарлавал өрөөсгөл хэрэг болно. Ер нь хөрөнгийн зах зээлээ олон зуун жилийн туршид үр дүнтэй хөгжүүлж ирсэн, өнөөдөр үйл ажиллагаа нь тогтворжсон улс оронд бүрэлдээд байгаа жишгийг харахад хөрөнгийн зэх зээл дээр голлон оролцогчдыг ерөнхийд нь таван бүлэгт хувааж болдог. Тэгээд энэ бүлэг тус бүр дээр бидэнд ямар саад тотгор байгааг бага ч болов тайлбарлахыг хичээе.
Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээл дээр хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч хөрөнгө оруулагч байна. Хөрөнгө оруулагч дотор institutional investor буюу байгууллагын хөрөнгө оруулагч гэж бий. Энэ дотроо тэтгэврийн сан, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан, банк, гадаадын сангууд, хедже сан, бие даасан хөрөнгө оруулагч буюу хувь хүн зэрэг багтана. Харин Монголын хөрөнгийн зах зээл дээрээс харахад өнөөдөр хувь хүн буюу бие даасан хөрөнгө оруулагч дийлэнх  хувийг эзэлж байна. Гэвч бие даасан хөрөнгө оруулагчдын оруулж буй хөрөнгө их хэмжээний байж чаддаггүй болохоор хөрөнгийн хөрвөлт сайн үүсч чадахгүй. Гадаадад эдгээр бие даасан хөрөнгө оруулагчдын эзлэх хувь тун бага байдаг. Учир нь эдгээр хүмүүсийн ихэнх нь богино хугацаанд үнэт цаасны үнийн зөрүүн дээрээс орлого олох зорилготой байдгаас “institutional investors” буюу байгуулагын хөрөнгө оруулагчтай адил урт хугацаанд хөрөнгө оруулдаггүй байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Монголд байгууллагын хөрөнгө оруулагчдыг бий болгож, тэр дундаа тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан болон хедже сан зэргийг үүсгэн, эдгээрийг хөрөнгийн зах зээл дээр оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Хоёрдугаарт,  үнэт цаас гаргагч орно. Үнэт цаас гаргагчгүйгээр хөрөнгийн зах зээлийг төсөөлөх боломжгүй. Энэ бүлэгт багтах оролцогчдыг дурдваас Засгийн газар, орон сууцны корпорациуд, томоохон компаниуд зэрэг оролцогчид байдаг. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ дээр гарсан үнэт цаасны 50 гаруй хувь нь огт арилжаа хийгддэггүй, гадны сангууд Монголд орж ирээд үнэт цаас худалдаж авъя гэхэд тэдний шаардлагад нийцэх үнэт цаас тун ховор байна. Тиймээс ирэх 5 жилийн дотор бид дотоодын компаниуд, тэр дундаа олон нийтэд сайн танигдсан компаниудыг, гадаадын бирж дээр хүлээн зөвшөөрөгдөж, арилжаа нь явагдаж буй Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Southgobi Sands гэх мэт гадаадын компаниудыг, бас стратегийн ач холбогдолтой орд газруудын үнэт цаасны цөөн ч болтугай хэдэн хувийг нь МХБ дээр гаргах замаар энэхүү нийлүүлэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Гуравдугаарт, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч хоёрыг хөрөнгийн бирж дээр холбож өгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагууд орно. Үүнд брокер дилерийн компаниуд, underwriter буюу үнэт цаасыг анхдагч зах зээл дээр гаргах мэргэжлийн байгууллагууд, үнэт цаасыг үнэлж, ангилал тогтоодог, хувьцааны үнэлгээ хийдэг байгууллагууд буюу хөрөнгө оруулалтын банкууд, хуулийн зөвлөгөө өгөх компаниуд зэрэг оролцогчдыг нэрлэж болох юм. Гэтэл өнөөдөр Монголын брокер дилерийн компаниуд маань дүрэм журмаа баримтлахгүй, дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийдэг гээд хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавигдах ёс суртахууны шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь итгэлцэл дээр тогтдог хөрөнгийн зах зээлд муугаар нөлөөлж байгаа юм.  Энэ байдлыг даруй өөрчилж, хууль эрх зүйн хүрээнд болоод байгууллагын үйл ажиллагааны бүхэл түвшинд code of conduct буюу үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөгдсөн зарчим баримтлах явцыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Дөрөвдүгээрт, эдгээрийн голд буюу цөмд Хөрөнгийн бирж өөрөө оршиж байгаа. Аливаа хөрөнгийн биржид итгэх итгэлгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжсөн түүх хаана ч байхгүй. Тиймээс ч МХБ-ийн засаглал, менежмент, бүтэц, дүрэм журам, төлбөр тооцооны арга зам бүгдийг сайжруулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд шууд нөлөөлөх хүчин зүйлүүд болж өгөх билээ.
Тавдугаарт, хөрөнгийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг хянаж, хуулийн эрх зүйн хэрэгжилтийг баталгаажуулж байдаг зохицуулах байгууллага орно. Монголын хувьд СЗХ, МХБ-ийн Хяналтын алба энэ бүлэгт багтаж байгаа юм. Зохих мэдээллийг олон нийтэд ил байлгах, эдгээр мэдээллийг олон нийтэд хүртээлтэй болгохыг үнэт цаас гаргагч болон бусад байгууллагуудаас шаардах, зах зээл дээрх хяналтыг хангалттай тавих замаар зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, зах зээлд итгэх итгэлийг өндөрт барих гээд олон үүрэг хариуцлага эдгээр байгууллагад оногдож байгаа юм. Гэвч дотоодын хүчин чадал, нөөц бололцоо болон хууль эрх зүйн тодорхойгүй орчин зэргээс хамаарч энэхүү үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн гүйцэтгэх орчин хангалттай бүрдээгүй байна. Мэдээж эдгээр олон асуудлыг шийдэх, бэрхшээлийг давахад төрийн зүгээс бүрэн дүүрэн дэмжлэг шаардлагатай нь ойлгомжтой. 2010 онд Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, идэвхтэй ажиллаж эхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд Хөрөнгийн Зах Зээлийг Хөгжүүлэх Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, улмаар олон ажил хийгээд байна. Юуны түрүүнд МХБ-ийн засаглал, менежментийг сайжруулах зорилгоор МХБ-ийн ТУЗ-ийг өөрчилж, мэргэжлийн болоод бие даасан төлөөллийг оруулсан. Басхүү Засгийн газраас МХБ-ийн менежментийн хувьчлалын тендерийг зохион байгуулж байгаа. Хэд хэдэн улсын хөрөнгийн бирж уг тендерт оролцохоор саналаа ирүүлсэн. Энэ талаар надад одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Миний хувийн бодлоор бол тендерт ялсан баг нь гадаадын шилдэг, туршлагатай баг байж, магадгүй тэр нь дотоодын мэргэжилтнүүдтэй хамтарсан байвал Монгол улсад үлдэх юм их байх болов уу. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд менежментийн хувьчлал гэж ярьж байгаа болохоос биш МХБ-ийн хувьчлал биш шүү. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Манай хөрөнгийн зах зээл хөгжих боломж бололцоо хэр байна вэ? Брокер дилерийн компани, хөрөнгө оруулалтын сан гээд гол хөрөнгийн зах зээл дээрх бүрэлдэхүүн хэсгүүд нь хэр хөгжиж байгаа юм бол?


-Хөрөнгийн зах зээл ирээдүйд өндөр хөгжих потенциал нэлээд бий гэж үзэж байна. Үндэсний эдийн засаг маань ойролцоогоор 4.5 тэрбум ам.доллар байлаа гэж бодоход олон улсын бирж дээр Монголын уул уурхайн орд дээр суурилж гарсан “Айвенхоу Майнз”, “Соутгоби Сэндс”, “Монголиан Энержи” гурван компанийн  нийт үнэлгээ 14-15 тэрбум ам.доллар байна шүү дээ. Гэтэл энэ гурван компанийн ард олон улсын бирж дээр IPO хийх гэж байгаа 10-аад компани байлаа гэхэд багаар бодоход цаана нь дахиад 15 тэрбум ам.доллар босох болно. Энэ 30 тэрбум доллар бол манай 4.5 тэрбум долларын ДНБ-ний хажууд маш их мөнгө. Түрүүн хэлсэнчлэн эдгээрийн 10 хувийг, үгүй ядаж 5 хувийг дотоодынхоо хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг болъё л доо. Ингэх юм бол багаар бодоход нэг тэрбум доллар МХБ дээр эргэлдэнэ гэсэн үг. Болж байгаа биз дээ. Эдгээрийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ороод ирнэ. Манай улсын эдийн засагт ихээхэн дэмжлэг болно доо. Тиймээс энэ 15 компанийнхаа хувьцааг дотоодын бирж дээр борлуулах хууль эрхзүйн орчныг боловсруулна гэдэг их том асуудал бидний өмнө тулгараад байна. Үүнийг дагаад олон ч том том асуудал гарч ирнэ. Хонконгт юм уу, Канадад бүртгэлтэй компани МХБ дээр хувьцаа гаргалаа гэхэд охин компанийнхаа хувьцааг гаргах юм уу, эсвэл Хонконг, Торонтогийн бирж дээр хувьцаа гаргасан компанийнхаа хувьцааг гаргах юм уу гэдэг асуулт гарч ирж байх жишээтэй. Тодруулбал “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа юу, эвсэл “Айвенхоу Майнз”-ын хувьцаа МХБ дээр арилжаалагдах уу гэдгийг тодотгоно гэсэн үг. Энэ мэтчилэн бүтцийн хувьд шийдэж цэгцлэх нэлээд олон асуудал байсаар байгаа. Та зах зээл дээрх бүрэлдэхүүн хэсгүүдийн хөгжлийг асууж байна. Энд гол асуудал бол дотоодын тэтгэврийн эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй байна. Манайд хөрөнгийн менежментийн туршлага одоохондоо алга. Анх хөрөнгө оруулалтын сангууд гээд байгуулагдаж байсан ч тун удалгүй хөрөнгөө үрэн таран хийгээд одоо үндсэндээ байхгүй болсон. Гэтэл хөрөнгийн менежмент хөрөнгийн зах зээлийн хөгжилд ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн менежментийн нэг хэлбэр тэтгэврийн сан байж болно. Жишээ нь манай “Ньюком” групп 1800 ажилтантай, дундаж нас нь 27 гэвэл тэтгэвэрт гарах хүртлээ 30-35 жил ажиллана. Тэгэхээр бид ажилтнуудынхаа хувийн тэтгэврийн санг байгуулаад тэтгэврийг нь ирээдүйд компаниас өгнө гэж болно. 27 настай залуу өнөөдөр тэтгэвэрт гараад улсаас тэтгэвэр авна гэж бодох ч үгүй байгаа. Гэтэл цалингийнхаа 10 хувийг улсад төлөөд л байдаг. Тэрүүгээр нь улс төсвийнхөө алдагдлыг нөхөөд явдаг. Тэтгэврийн сангийн мөнгөн хуримтлал жилээс жилд өсөөд явах учир үүнийг хуримтлуулах аваас хөрөнгийн менежментийг хийдэг механизмыг бүрдүүлж өгөх болно. Тухайлбал “Ньюком тэтгэврийн сан” гэсэн компани байгуулаад нийт ажилтныхаа тэтгэврийн хуримтлалын менежментийг сайн хийгээд явах юм бол ирээдүйд бүр том компанийн тэтгэврийн асуудлыг хариуцдаг болоод бие дааж тусдаа явж болно. Яагаад энд хөрөнгийн менежмент хэрэгтэй байна вэ гэхээр манай улсад хувь хүн төдийлөн хуримтлал хийж чадаагүй байгаа болохоор хувь хүний хөрөнгө оруулалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна. Энгийн монгол хүний амьдрал ямар байгаа билээ дээ. Хэрэглээнээсээ мөнгө илүүчлээд хувьцаа руу оруулаад байх нь хэд байгаа билээ? Харин тэтгэврийн данс руугаа ажиллаж буй хүн болгон мөнгө оруулаад байдаг. Тэгэхээр тэр тэтгэврийн сангийн мөнгийг үрэн таран хийхгүй, маш хариуцлагатай хандах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Үрэн таран хийсэн бол Эрүүгийн хуулиар хатуу шийтгэл оногдуулдаг болгодог гэх мэтээр тодорхой заалтуудыг тусгаж өгч байж энэ бүгд амьдрал дээр ном ёсоороо хэрэгжинэ. Хэрэв хөрөнгийн менежментийг яаралтай бий болгохгүй бол дотоодын хөрөнгийн зах зээл маань гадаадын хөрөнгө оруулагчаас хэт хамааралтай болж, тэр чинээгээр сөрөг тал ихсэх хандлагатай болдог. Жишээлбэл 1998 оны Азийн хямрал шиг явдал ирээдүйд гарлаа гэхэд хөрөнгө оруулагчдын мөнгө орж ирээд буцаад л гараад явчихаар хөрөнгийн зах зээл 70, 80 хувиар унаж болно шүү дээ. Хөрөнгийн зах зээл дээрх дараагийн том хөрөнгө оруулагч бол даатгалын компаниуд юм. Тэд өнөөдөр банкинд мөнгөө байршуулж байгаа болохоос биш ямар нэг байдлаар идэвхтэй менежмент хийж чадахгүй байгаа. Тэгэхээр хөрөнгийн менежментийг өндөр түвшинд аваачих багц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий болж байна. Үүнээс гадна миний бодлоор арилжааны том банкууд энэ зах зээл руу зайлшгүй орох хэрэгтэй. Өнөөдөр хөрөнгийн хамгийн том эх үүсвэр банк гэхэд хэн ч маргахгүй. Үнэхээр итгэлцлийг энэ зах зээл дээр бүрдүүлж чадах юм бол хөрөнгийн зах зээлд банкууд орсноор эрсдэлээ төрөлжүүлэх замаар бууруулах төдийгүй эндээс ихээхэн ашиг хүртэж чадна. Нөгөөтэйгүүр тэдний оролцоо зах зээлийг маань бэхжүүлж, тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. За тэгээд гол  зүйлүүдийг нэрлэвэл ийм байна. Одоогийн байдлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг   Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу 2011 онд багтааж шийдэх багц арга хэмжээг тодорхойлж гаргасан. Миний сая ярьсан бүх сэдвийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх төслүүдийг эхнээс нь хэлэлцээд явж байгаа. Компанийн тухай шинэчилсэн хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Тэтгэврийн сангийн тухай хуулийг шинэчлэх гээд бүгд үе шаттай хэрэгжих болов уу.

-Түрүүн хэлсэнчлэн хэрэглээнээсээ илүүчлээд хувьцаа руу мөнгө хийх хүн тийм ч олон биш. Хүмүүсээ хөрөнгөжүүлэхийн тулд, магадгүй хувьцаанд хөрөнгө оруулах чиглэл руу татан оруулахын тулд юу хийх ёстой вэ? Тавантолгойн 10 хувийн хувьцааг үнэгүй иргэддээ өгч байгаа хэлбэрээр шийдэх нь зохистой зүйл мөн үү?

-Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч нь хэн байна вэ гэдэг асуудал бол Тавантолгойгоос арай өөр. Иргэд маань бүгдээрээ хөрөнгө оруулалтын мэргэжлийн хүн   байж чадахгүй. Юу гэсэн үг вэ гэхээр дурын нэг тогооч хүн компанийн хувьцаан дээр анализ хийгээд байж чадахгүй. Шивээ-Овоогийн хувьцааг 5000 төгрөгөөр авлаа, 8000 төгрөг хүрвэл нь зарна гэдэг үндэслэл биш. Тухайн компани ирээдүйд хэр их ашиг олох вэ, нийт хэдэн ширхэг хувьцаатай юм, мэдээллээ үнэн зөв тараадаг юм уу, зах зээлтэй юү, менежментийн чанар нь ямар юм гээд энэ болгоныг хянаж байдаг мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэг чинь миний түрүүний яриад байсан хөрөнгийн менежментийн компаниуд юм. Гадаадад хувь хүмүүс, жишээ нь чи ганцаараа энэ олон хувьцааг зэрэг хянаж чадахгүй юм байна гэж бодоод хувьцаануудаа энэ Болдын мэргэжлийн компанид өгчихье, энэ нөхөр миний хувьцааг сайн өсгөөд байх юм бол төлбөрийг нь өгөөд байлгаад байя, чадахгүй бол өөр компанид хариуцуулаад хөрөнгийнхөө менежментийг нь хийлгүүлье гэсэн сонирхолтой байдаг. Энэ нь өөрөө хөрөнгийн менежментийн өрсөлдөөний шалгуур болж байгаа юм. Тавантолгойн хувьцааг иргэддээ өгье гэдэг нь 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараас ялгаатай. Ард түмэн маань эх орныхоо баялгаас хүртье, тэрийг нь Засгийн газар хүлээж аваад ямар нэг байдлаар энэ сонирхлуудыг нийцүүлье гэсэн оролдлого гэж ойлгож байгаа болохоор энэ шийдвэр нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэж гаргаж байгаа шийдвэр биш. Гэхдээ дагавар үр дүнд нь зах зээл хөгжих болно гэж бодож байна.
Сая Ерөнхий сайд Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийллээ л дээ. Үүний дотор хамгийн том чухал зүйл бол ард түмний хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг сайжруулах гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл энэ тал дээр бүх нийтийн боловсролыг сайжруулах гэх юм уу даа тийм кампанит ажил зохиож, хөрөнгийн бирж юу хийдэг юм, хувьцаа гэж юу юм, хувьцааны ханш дандаа өсдөггүй, буурдаг, оруулсан мөнгөө алдах эрсдэл байдаг гээд энэ олон асуудлыг хүмүүст танин мэдүүлэх шаардлагатай байгаа юм. Бид бүгдээрээ ойлголтоо нэг түвшинд авчрахгүй бол чи бид хоёр хоорондоо IPO, олон улсын стандарт яриад гурван сая хүн маань ойлгохгүй байх юм бол энэ зах зээлээс ач тусыг нь улс орон хүртэж чадахгүй шүү дээ. Хөрөнгийн бирж, ТУЗ-ийн зүгээс энэ талаар мэдээллийн сувгуудыг ашиглан  өргөн кампанит ажил өрнүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Тавантолгойг ашиглах зарчмыг УИХ-аас гаргалаа. Одоо тэр том ордыг ашиглахад эхний ээлжинд шаардлагатай 1.5 тэрбум, төмөр зам дэд бүтэцтэйгээ нийлээд бараг 4-5 тэрбум доллар бүрдүүлэх, IPO хийх гэсэн том асуудлууд өмнө хүлээж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Тавантолгой бол УИХ, Засгийн газрын түвшинд олон жил яригдаж байгаа төвөгтэй асуудал. Энд дөрөв, таван тэрбум доллар босгоно гэдэг тийм амар ажил биш ч энэ мөнгийг нэг жилийн дотор босгоно гээгүй. Өнөөдөр ойролцоогоор 3000 орчим ачааны машин Тавантолгой дээр ажиллаж байна. Тэрүүгээр жилд 5-8 сая тонн нүүрс жилд зөөх юм шиг байна. Магадгүй “Эрдэнэс- Тавантолгой” эхлээд өөрөө машинаар жаахан нүүрс зөөж мөнгөжих хэрэгтэй байх. Тэр мөнгөөрөө тоног төхөөрөмжөө сайжруулаад, үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж болно. Нөгөө талаасаа энэ олон тэрбум долларын ихэнх нь Сайншанд руу татах төмөр замд зарцуулагдана. Дээрээс нь цахилгаан станц шаардлагатай. Бидний нэг бодож үзэх ёстой зүйл бол энэ их дэд бүтэц, хөрөнгө оруулалт чинь хэнд хэрэгтэй юм, хэний төлөө хийгээд байгаа юм гэдгийг бодох хэрэгтэй. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын төлөө л хийж байгаа биз дээ. Тийм болохоор тэр уул уурхайн компаниуд өөрсдөө энэ дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх ёстой юм биш үү? Түүнээс биш улс өмнөөс нь 4 тэрбум доллар гаргачихаад хөрөнгө оруулалтаа нөхнө гэх юм бол их удах юм шиг байгаа юм.

-Ямар ч байсан “Эрдэнэс-Тавантолгой” олон улсын бирж дээр IPO хийх нь тодорхой болчихлоо. Харин энэ намар өвлөөс эхлэх ёстой юм болов уу, эсвэл жаахан азнах хэрэгтэй юм болов уу? Одоо гаргалаа гэхэд нэг их үнэд хүрэхгүй байх?

-Мэдээж тийм асуудал үүсч байгаа. IPO хийх бэлтгэл маань өөрөө нэлээд хугацаа шаардсан процесс байдаг. Зүгээр гурван сарын дотор IPO хийнэ гэсэн ойлголт байхгүй. Миний хувийн зүгээс хараад байхад энэ тал дээр Засгийн газар гадны менежмент оруулаад ирэх хэрэгтэй болов уу. Энэ ашиглах гээд байгаа орд маань хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй юм? Гадны мэргэжлийн боловсон хүчин өнөөдөр Монголд хомс учир компанийн CEO хэмжээний, “Рио Тинто”, “Би Эйч Пи”-д ажиллаж байсан уул уурхайн туршлагатай том менежерүүд цаана чинь байгаа шүү дээ. Тэднийг 100 мянган долларынх нь цалин  өгөөд ажиллуул л даа. Тэд чинь тэр хэдэн тэрбум долларын хөрөнгийг чинь жинхэнэ чулуу болгоод өгнө. Энд менежментийн асуудлаас гадна аудит гэж юм бий. Аудит холдинг компани дээр хийгдэнэ. Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн аудит бол тодорхой хугацаа шаардана. 3-6 сар ч байдаг юм уу. Гуравдугаарт энэ бүх өрөмдлөгийн дата-г JORC руу хөрвүүлэх буюу олон улсын томоохон бирж дээр бүртгэхэд шаарддаг стандарт хэлбэрийн тайлан болгож бэлдээд JORC-ийн тайланг хөрөнгө оруулагчдад бэлэн болгоно гэдэг нэлээд цаг ордог ажиллагаа байдаг. Энэ бүхнийг гүйж очоод гурван сард хийж амжихгүй. Магадгүй 2011 онд хийгдэх ажлууд байх. Харин энэ бүх ажил хэр хурдан хийгдэх нь тухайн компанийн менежмент, манай улстөрчдийн дур хүслээс л хамаарах болов уу. Миний бодлоор энэ нь дор хаяж 9-12 сар, шахлаа шахлаа гэхэд бүтэн зургаан сарын ажил болно. Энэ гурван асуудлыг шийдэж байж л “Эрдэнэс-Тавантолгой” IPO хийж чадна. Харин анхны үнэлгээний хувьд мэдээж хямд л байж таараа. Тавантолгой дээр юу ч хийгээгүй байгаа юм чинь өндөр үнэд хүрэхгүй шүү дээ. Тэр шаардлагатай мөнгийг олох өөр эх үүсвэр байхгүй бол тэгээд IPO хийж ашгаа хуваалцахаас өөр замгүй. Зээл авъя гэхээр өнөөдөр тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байна.

-Яагаад?

-Яагаад гэхээр зээл өгдөг байгууллагууд бол банк. Банк  хамгийн эрсдэл багатай газар л зээл өгнө шүү дээ. Дээрээс нь эрсдэлээ багасгахын тул барьцаанд хөрөнгийг чинь авна. Тэгээд муугаар бодо­ход ямар нэгэн байдлаар нүүрсний үнэ унаад зээлээ төлөх чадваргүй бол яах вэ? Барьцаанд тавьсан лицензээ яах юм, банкинд алдах уу? Ер нь   хувьцаа нийлүүлэгчийн хөрөн­гө   хамгийн их эрсдэлд ордог, тиймээс ч их өгөөж шаарддаг хөрөнгийн эх үүсвэр л дээ. Огт олборлолт хийгээгүй, дээрээс нь эрсдэл өндөр байх юм бол банкнаас мөнгө олно гэдэг хэцүү л дээ.

-Улс орнуудтай, тухайл­бал Тавантолгойд оролцох санал ирүүлсэн гадаадын консорциумуудтай хамтран ажил­лах замаар зээл авах боломжтой юу?   Эсвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд олон улсын  байгууллагуудаас Засгийн газар нь баталгаа гаргаад зээл авах боломж байж болох уу? 
-Онолын хувьд боломжгүй зүйл байхгүй байх. Гол нь манай Монгол улсад хамгийн ашигтай нь аль нь байна, эдгээр арга замыг сонговол хэрэгжих боломж хэр өндөр вэ гэдгийг л харах хэрэгтэй. Тавантолгой ордыг төр 100 хувь эзэмшинэ гэдгийг  зөв шийдвэр гэж боддог. Харин одоо энэ хүрээндээ дотоод, гадаадын компаниудтай хамтран ажиллахдаа зээл авах уу, ашгаасаа хуваалцах хэлбэрээр хамтрах уу, эсвэл таны хэлээд байгаа шиг бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээн дээр үндэслэж урьдчилгаа авах уу гэдэг Засгийн газрын шийдэх асуудал. Аль ч арга замыг нь сонгосон байлаа гэсэн Монгол улс Тавантолгойн нүүр­сийг дэлхийн зах зээлд ний­лүүлэх сувагтай болох хэрэгтэй байх. Ингэж чадахгүй бол хоёрхон улсаас магадгүй ганц ул­саас, бүрэн хараат болох аюул бий. Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкууд чинь бизнес гэхээсээ илүү­тэй хөгжил рүү чиглэсэн үйл ажил­лагаа явуулдаг болохоор анх­­наасаа олон улсын зах зээл дээ­рээс бонд гаргах ч юм уу, эс­вэл түрүүн хэлсэнчлэн IPO хийх за­маар хөрөнгө босгосон нь илүү ашигтай болов уу гэж бодож байна даа.

-Ганц Тавантолгой гэлтгүй стратегийн бусад ордыг ашиглаж эхэлнэ. Тэд бүгд л Тавантолгойн зарчмаар явах байх. Нөгөө талаар Монголын хувийн компаниуд олон улсын бирж дээр гарах талаар яригдаж байна. Хоёр компани амжилттай гарсан. Монголын компаниудад ийм боломж бололцоо ямар байгаа   вэ?

-IPO хийнэ гэдэг чинь хөрөнгийн эх үүсвэрийн нэг хэлбэр хэдий ч хүн өөрийнхөө эзэмшиж байгаа өмчийг л хуваалцаж байгаа хэрэг. Тэр компани өөрийнхөө өмчийг хуваалцах шатанд хүрсэн үү гэдгээс их зүйл шалтгаална. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл   зарим компани ашгаа ганцаараа хүртмээр байна, хяналтаа алдмааргүй байна, хувьцаа эзэмшигчдэд тайлангаа тоочмооргүй байна, янз бүрийн хууль эрх зүйн хязгаарлалтад ормооргүй байна гэсэн бодолтой   бол хувьцаагаа гаргах арай болоогүй  л гэсэн үг. Ер нь IPO хийсний дараа олон нийтийн компанийн хяналт нь ихэсдэг. ХХК-ийн хувьд эзэн нь өөрөө асуудлыг шийдээд явдаг бол хувьцаат компани хувь нийлүүлэгчдийн хурлаар асуудлыг шийднэ. ТУЗ нь бүх хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан тодорхой үүрэг хүлээнэ. Хувьцаат компани болно гэдэг өөрөө эерэг бөгөөд сөрөг талтай. IPO хийнэ гэдэг их гоё сонсогдоод байгаа боловч нөгөө талаар өөрийн чинь хэлдгээр өөрийнхөө юмыг хямдхан өгчихөөд дараа нь харамсах явдал гарч болно. Энэ бол тухайн компани болгоноос л хамаарна. Мэдээж олон улсын хөрөнгийн бирж дээр гараад олон улсын хувь нийлүүлэгчидтэй болоход менежмент нь эрс сайжирч, компанийн засаглал, ил тод байдал нь сайжирна. Магадгүй Монголын менежментийн баг тодорхой хэмжээгээр мэдлэг, дадлага туршлага олж авна. Ирээдүйд том компани босгож болно шүү дээ. Яагаад дэлхийн зах зээл дээр гарчихсан 10, 20 тэрбум ам.долларын үнэтэй компани Монголд байж болохгүй гэж. Болно шүү дээ. Тэр бол зүгээр хугацааны л асуудал. Өнөөдөр бидэнд дутагдаад байгаа нэг зүйл бол зохион байгуулалт.

-Тэгвэл тэр зохион байгуу­лалтыг хаанаас хэн хийх ёстой вэ? Компаниуд өөрсдөө санаачлаад явах уу, эсвэл МҮХАҮТ гээд төрийн бус байгууллагууд уу, эсвэл Засгийн газар энэ бүхнийг хийх ёстой юм уу?

-Мэдээж хувийн хэвшлийнхэн энэ бүхнийг түрүүлж хийх хэрэгтэй. Төр, засаг яагаад энд оролцоод байна вэ гэхээр стратегийн ордын тодорхой хувийг төр эзэмшинэ гэж байгаа учраас төр гэж яригдаад байгаа юм. Түүнээс биш хувийн хэвшлийн компаниуд гэрийн даалгавраа хангалттай хийгээд, гадны хөрөнгө оруулалтын компаниудыг авчирч уулзаад ажил хэрэг болгож болно. Одоогоор хэд хэдэн компани ингээд явж байгаа юм шиг байна лээ. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө л санаачлагатай хандах хэрэгтэй.

-Засгийн газар төрийн өмчит томоохон компаниудын үйл ажиллагааг сайжруулахын тулд хөрөнгийн зах зээл дээр гаргах талаар ярьж байна. Энэ хэр боломжтой вэ? Зарим хүмүүстэй уулзаж байхад Эрдэнэт гээд ганц хоёрхон компаниас бусдад нь тийм боломж бараг байхгүй гэх юм?

-Төрийн өмчийн компаниуд дотроо “Эрдэнэт” бол хамгийн том. Монголын тал 51 хувийг нь эзэмшиж байгаа. Тэр 51 хувийг нь эзэмшиж байгаа компани хувьцаат компани болоод бирж дээр хувьцаагаа арилжина гэвэл болно. Өөр бас төрийн өмчит эрчим хүчний компаниуд байна. Тэд өнөөгийн эрчим хүчний бодлогоос хамаараад тодорхой үнэд хүрч чадахгүй байгаа. Тийм болохоор төр  эрчим хүчний бодлогыг өөрчлөх шаардлагатай болж байх шиг байна. Үүнийг цаг хугацаа түлхээд өгнө. Үүнээс гадна Төмөртэйн төмрийн хүдрийн орд газар эзэмшиж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр ирээдүйд хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгоод үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж болно. Бас МИАТ байна. МИАТ-ийг хувьцаат компани болгох замаар менежментийг нь сайжруулж, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлээд төрөөс санхүүждэг биш, харин төрд татвараа өгч зах зээлийн зарчмаар ашигтай ажилладаг компанийн түвшинд хүргэх бүрэн боломжтой гэж харж байна. Өнөөдөр Японы жуулчин Франц руу 600 доллараар ирж, очиж, энэ үнэд нь тэнд байрлах зочид буудал нь орчихсон байдаг. Гэтэл Монгол руу ирж очиход 1200 доллар, зочид буудал нь ороогүйгээр шүү дээ. Эндээс харахад зөвхөн онгоц түлш хоёроос биш, харин менежментийн түвшингээс ихээхэн хамааралтай нь харагдаж байна. Хэрэв хувьцаат компани болгочихвол чухал мэдээлэл бүгд ил тод болохоос гадна, МИАТ билетийнхээ үнийг буулгах замаар илүү зорчигчид татах бололцоо байна. Өнөөдөр Монголд 40 мянган солонгос жуулчин ирж байна. Гэтэл Солонгосын “Кореан Эйрлайнс” манайх руу нислэг үйлдэхээс өмнө 8 мянган жуулчин л ирдэг байлаа шүү дээ. Тэгэхээр үнийн түвшинг өрсөлдөхүйц хэмжээнд авчирвал жилд ирж байгаа 10 мянган япон жуулчдын тоо хэдэн жилийн дараа 100 мянга болж өсөх боломжтой л байхгүй юу. Энэ аялал жуулчлалын зах зээлийг МИАТ-ийн үнийн бодлого тодорхой хэмжээгээр хязгаарлаад байна уу гэж харагдаж байгаа юм.

-Төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн зах зээл дээр гаргахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Мэдээж энд олон зүйлийг дурьдаж болох байх л даа. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал зүйл бол хувьцаа эзэмшигчдэд эн тэнцүү хандах хэрэгтэй. Жишээлбэл өмнө нь төрийн өмчид байсан компанийг хөрөнгийн зах зээл дээр гарахад төр өөрөө хувьцаа эзэмшигчээр үлдээд бас иргэн Дорж хувьцаа эзэмшигч боллоо гэхэд төрд давуу эрх үзүүлээд, иргэн Доржийг ялгаварлан гадуурхахгүй байна гэдэг чухал юм. Ингэж байж чадах юм бол төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгоход жижиг, том гэлтгүй хөрөнгө оруулагчид орж ирэх болно.

( The Mongolian Mining Journal №022 ) 2010,08 сар

0 comments:

Post a Comment