Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Брежневээс улбаатай оросуудын бодлого

2011-09-23

Украин улс ОХУ-аас авдаг байгалийн хийн төлбөрийнхөө үлдэгдэл 20 гаруй сая долларыг төлөөгүйгээс болж, оросууд байгалийн хийн цооногоо хаахаа мэдэгдсэнээс үүдэн өнгөрсөн хавар багагүй маргаан дэгдсэн билээ. Өмнөх жилийн өвөл нь мөн л Украин төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгааны улмаас Зүүн Европ бүхэлдээ хөлдөхөд хүрч байлаа. ОХУ Зүүн Европ болон Европын ихэнх улсыг байгалийн хийгээр хангадаг болохоор тэдэнд санасан үнээ тулгаж, хүлээж авахгүй бол хийн хоолойгоо хаачихдаг зантай. Европын адил манай улс ч гэсэн ОХУ-аас шатахууны хувьд бүрэн хараат улс. Энэ нь сүүлийн 20 жилд л хараат болчихоод байгаа юм биш. Анх газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн цагаасаа л эрхшээлд нь орчихсон хэрэг.

Бид газрын тосны бүтээгдэхүүн хэрэглээд 92 жилийн нүүр үзэж байна. Бас ч гэж дотооддоо бага сага түүхий нефть олборлож, газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авч байсан туршлага бий. 1949 онд Зүүнбаянгийн орчмоос нефть илрүүлж, багахан хэмжээний түүхий нефть олборлож эхэлсэн түүхтэй. 1950-иад оноос түүхий нефть нэрж, шатахуун, дизелийн түлш, мазут, кокс гэсэн 4 бүтээгдэхүүн гаргаж авч байж. Үүгээр дотоодынхоо хэрэгцээний 20- 30 хувийг 20 орчим жил хангаж байсан гэдэг юм билээ. Гэвч Зүүнбаянгийн нефтийн нөөц ч дуусч, үйлдвэр хаагдсанаар Орос ах нараас 100 хувь нефтийн бүтээгдэхүүнээ авдаг болсон юм.

1960-аад оны дундуур Оросын удирдагч Брежневийг Монголд айлчлахад нь манайхан нефтийн нэмэлт хайгуул хийж, боловсруулах үйлдвэр шинээр барихад туслаач гэж хүссэн ч зөвшөөрөөгүй аж. Сибирьт их хэмжээний нефть олсон. Тэндээс та нарын хэрэгцээг өлхөн хангана хэмээн Брежнев лүндэгнэчихээд яваад өгчээ.

Манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ өсөхийн хэрээр 1970-1980-аад онд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барихаар багагүй хөөцөлдсөн байдаг. Гэвч Оросын геологичид Монголд нефтийн томоохон орд байхгүй гэсэн тайлбар тавьж, удирдагчид нь болохоор Монголд үйлдвэр барих талаар ганц ч үг ганхийлгүй байсаар өдий хүрчээ. Үүнийг манай мэргэжилтнүүд улс төрийн бодлогоор боловсруулах үйлдвэр барьж өгөөгүй хэмээн харддаг юм билээ. Оросуудын хувьд социалист системийн орнуудад нэр нөлөөгөө алдахгүйгээр тэднийг хазаарлаж байх гол хэрэгсэл нь байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн учир стратегийн гол “зэвсэг”- ээ хадгалж үлдэх нь чухал байсан биз. Украин тэргүүтэй Зүүн Европын улсууд шиг оросуудын ааш хөдлөхөд орон даяараа бужигнадаг улсуудын нэг нь манайх.

Олон жишээ дурдаж болох ч сүүлийн 3 жилийн үйл явдлаас бүх зүйл тодорхой харагдана. 2008 онд нефтийн үнэ нэмэгдэхэд, хоёрхон сарын өмнө Орост дотоодын шатахууны хомсдол үүсэхэд манай улс хөл толгойгоо олохгүй бужигнаж байлаа. 5, 10 доллараар ч гэсэн хямд шатахуун авахсан, ядаж шатахуунаар тасалдуулахгүй хангаач гэж гуйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань хойд хөрш рүү нисдэг уламжлал тогтоод удлаа. Оросууд тэр бүрт “окей” хэмээн хэлдэг ч араас нь заавал нэг захидал илгээдэг нь гэм биш зан болчихсон. Олон нийтэд ил мэдэгдэж байгаа нь шатахуун түгээх станц 100-г барих зөвшөөрөл өгөхийг хүссэн “боловсон захидал” л байна. Түүний цаана өөр юү хүсч, шаардаж байгааг хэлэхэд бэрх.

Хятад дэлхийгээр нэг тэнэн газрын тос хайж байна. Харин бид?

Хойд хөршөөс улбаатай шатахууны хомсдол манайд арайхийн намжих үед урд хөршид маань нэгэн онцгой үйл явдал болж өнгөрөв. Өнгөрсөн сарын 17-21- ний хооронд БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар Ирак улсын Ерөнхий сайд Наури аль-Малики анх удаа тус улсад айлчиллаа. Дайны хөлд бүрэн сүйдсэн Ирак улс шинэ бүтээн байгуулалт өрнүүлэхэд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа. Хятад улс энэ тал дээр гар татахгүй тусалж чадна гэсэн бодлыг ноён Наури аль-Малики тээж явсан нь тодорхой болсон. Харин Хятад хариуд нь газрын тос хамтран ашиглах санал тавихад тэр татгалзаж чадаагүй. Иракийн газрын тос олборлох үйлдвэртэй Хятадын компани хамтран ажиллах болсноор гурван жилийн хугацаанд өдөрт 25 мянган баррель газрын тос олборлох болсон нь Иракийн газрын тосны үйлдвэрүүдийн сүүлийн хэдэн жилийнхээс давсан үзүүлэлт аж. Энэ бол манай өмнөд хөршийн газрын тосны хангамжаа нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа олон ажлын ердөө ганц жишээ. Угаас Хятад дэлхийгээр нэг тэнэж газрын тос хайж байна. Саяхан Хятадын төрийн мэдлийн газрын тосны CNOOC фирм Канадын газрын тос үйлдвэрлэгч OPTI- ийг 2,1 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Үүнээс гадна ОХУ, Дундад Ази, Өмнөд Америк гээд дэлхийн газрын тосны нөөцийн дийлэнх нь байгаа бүс нутгууд руу Хятадын компаниуд мөнгөө цүнхлэн нисэцгээж байна.

Хятадын газрын тосны нөөц тийм ч бага биш. 20.35 гигабаррель нөөцөөрөө тэд дэлхийд эхний 15-д ордог. Гэхдээ олборлолт, боловсруулалтаараа жижиг улсуудыг эс тооцвол сүүл мушгиж байгаа. Мөн дотоодод боловсруулдаг газрын тосноосоо ганц ч дуслыг экспортолдоггүй. Тийм ч учраас өнгөрсөн сард Д.Зоригт сайд яриа хэлэлцээр хийж байж сардаа 10 мянган тонн шатахуун авахаар болсныг Хятадын хэвлэлүүд багагүй онцолсон. Товчхондоо бол Хятад аж үйлдвэржилт, эдийн засгийн хурдацтай өсөлтөө хангахын тулд газрын тос гэлтгүй бусад олон төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг нөөцөлж, олон эх сурвалжаас авахыг зорьж байна. Наад зах нь л тэд Монголын Тамсагийн сав газарт бараг 1.5 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийсний дүнд жаахан газрын тос олоод түүнийгээ бага гэж голохгүй зөөсөөр байна. Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен” компани 1996 оноос хойш нийтдээ 821.5 мянган баррель газрын тос олборлосноос 795 мянган баррелийг нь Хятад руу экспортолсон тооцоо бий. Үнэндээ Хятадын хэрэглээний хувьд өчүүхэн бага гэж чамлалгүй, далайд дусал нэмэр гэгчээр олборлосоор байгаа юм.

Хятадтай харьцуулахад манай улс байгаадаа эзэн болж чадахгүй суугаа нь дэндүү сул доройн илрэл гэлтэй. Жаахан нөөцөө бага гэж голохгүй, хэр хэмжээнд нь таарсан боловсруулах үйлдвэр бариад ашиглаад байх боломж бүрэн бий. Ядаж л улсынхаа нийт хэрэглээг хангаж чаддаггүй юм гэхэд үйлдвэржилтийн бүс нутгаа хангаад байх боломжтойг мэргэжилтнүүд баталдаг. Цаашлаад дотооддоо бага ч гэсэн үйлдвэрлэдэг болчихвол бид хойд хөршийнхөө барьцаанд орох дарамт бага ч атугай хөнгөрнө.

Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн ирээдүйг хүлээн суугаа энэ цаг үед шатахууны хараат байвал эдийн засгийн бие даасан байдлыг хангаж чадахгүй. Өнөө л шатахууны үнэ нэмэгдэж, төр засгийнхан маань хойд хөрш рүү хүлгийн жолоо залдаг уламжлал хадгалагдах болно. Ийм нөхцөл удвал нөгөө их бүтээн байгуулалт, уул уурхай үйлдвэржилтийн том төслүүд гадны сонирхолд ороогдох нь гарцаагүй. Дэлхийд томд тооцогдох Оюутолгой, Тавантолгой, 21 дүгээр зууны бүтээн байгуулалт гэсэн өргөмжлөлийг цаасан дээр авчихаад байгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажил ид өрнөж байх үед дахиад хойд хөршийн харшил хөдөлбөл бид яах вэ.

Европын улсууд өнөөдөр ОХУ- ын байгалийн хийн хараат байдлаас ангижрахын тулд жижиг гэж голохгүйгээр арга саам хайж байна. Тэд Дундад Ази, хойд Африкийн орнуудаас байгалийн хий, газрын тос олборлох, импортлохыг зорьж байна. Болгар улс гэхэд жилдээ 2,5 тэрбум куб.метр байгалийн хий хэрэглэдгээс 2 тэрбумыг нь ОХУ-аас авдаг. Өнгөрсөн сарын 7-ноос тэд ОХУ-аас авах байгалийн хийн хэмжээгээ эрс багасгаж, өөр эх үүсвэрүүдээс авахыг хичээж байна. Дотооддоо байгалийн хийн хайгуул, олборлолт явуулж, яваандаа Оросоос авах хэмжээгээ 500 сая куб.метр болтол багасгахаар төлөвлөж байгааг нь Оросын хэвлэлд бичжээ. Украин ч мөн ялгаагүй байгалийн хийгээ багасгах талаар чармайлт тавьж байгаа. Бид ч бас ОХУ-ын шатахууны хараат байдлаас ангижрах арга ухаан хайх цаг болсныг хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа биз ээ.

Цаасан дээрх үйлдвэрүүд хаана явна вэ?

Манай улсын шатахууны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. 2010 онд 800 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ жил нэг сая тонн бүтээгдэхүүн хэрэглэх төлөвтэй. Энэ тоо 2015 онд 1.5 сая, 2020 онд 2 сая тонн болно гэсэн прогнозыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Харин энэ хэрэглээг яаж хангах вэ гэдэг дээр олон талын байр суурь сонсогдох боллоо. Ямар ч байсан холбогдох яамны зүгээс хэд хэдэн боловсруулах үйлдвэрийг ойрын жилүүдэд барьж, 2015 он гэхэд дотоодын хэрэглээнийхээ 70 хувийг өөрсдөө хангадаг болно гэсэн тооцоо хийжээ. Одоогийн байдлаар тогтоогдсон болон Улсын эрдэс баялаг, нөөцийн санд бүртгэгдээд байгаа 200 сая тонн газрын тосноос 20-30 сая тонн бүтээгдэхүүн гаргаж, 20-30 жилийн дотоодын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг. Мөн Казахстан, Кувейт зэрэг улстай түүхий нефть экспортлох талаар хэдийнэ тохирчихсон учир Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах суурь нь тавигдчихсан гэсэн үг. Харин энэ тосыг боловсруулах үйлдвэр нь хаана явна вэ?

Өнгөрсөн хугацааны баримт бичгүүдийг ухаад үзвэл бид өнөөдөр л гэнэт ухаан орж, боловсруулах үйлдвэр барих гээд байгаа хэрэг биш. Эхэнд өгүүлсэнчлэн 1950-1970-аад оны үед бага хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэр ажиллуулж байсан туршлага бий. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ч гэсэн гарын тос боловсруулах үйлдвэрийн талаар яригдаж л байсан. 1997 оноос хойш боловсруулах үйлдвэрийн 17 зөвшөөрөл олгосон байдаг аж. Гэвч өдгөөг хүртэл цаасан дээрх үйлдвэрүүдээс хөрсөн дээр боссон нь нэг ч алга. Төр засаг нь ямар нэг шалтаг тоочиж, хувийн хэвшил нь төр засгаа буруутгаж явсаар өдийг хүрсэн хэрэг.

Хамгийн сүүлийн байдлаар 4 компанийн газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл олгогдсон хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас мэдээлж байна. Зарим тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, эсвэл зөвшөөрөл авахыг хүссэн компаниуд тусгай зөвшөөрөлтэй мэтээр ярьж, олон нийтийг багагүй төөрөгдүүлдэг аж. Зөвшөөрөл авсан компаниудаас хамгийн нааштай яваа нь “ХЭТ” компанийн Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулах жижиг оврын боловсруулах үйлдвэр. Жилдээ 121 мянган тонн түүхий эд боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 35 сая долларын хөрөнгө оруулалтаар босгох боломжтой. Дотоодын газрын тосыг АНУ-ын технологиор ашиглахаар яригдаж байгаа аж. Тус компанид энэ оны хоёрдугаар сард тусгай зөвшөөрлийг нь олгосон юм байна. Наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар “ХЭТ” компанитай хамтарсан “Дорнод Газрын Тос” компанийг байгуулсан. 2 жилийн дараа гэхэд үйлдвэр ашиглалтад орох сурагтай.

Удаах төсөл нь Япон, Монголын хамтарсан “Монгол Секью” компанийн Дарханд барихаар төлөвлөж байгаа үйлдвэр. 600 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд Засгийн газраас 600 сая долларт хөрөнгө оруулалтын зээлийн баталгаа гаргаж өгвөл Японы талаас хөрөнгө оруулалт хийж, 3 жилийн дотор Японы өндөр технологи бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийг барих бүрэн боломжтой гэж “Монгол Секью” компанийн захирал Т.Намжим ярьж байсан. 2014 онд ашиглалтад орж, 2015 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд жилд нэг сая тонн дизелийн түлш, 600 мянган тонн бензинийг дотоодын хэрэгцээнд нийлүүлэх төлөвлөгөөтэй. Японы өндөр технологи учир боловсруулсан нефтийн 90 хувь нь шингэн түлш болох гэнэ. Ингэвэл дотоодын хэрэгцээг 100 хувь хангах юм. Түүхий эдээ эхний ээлжинд ОХУ-ын Иркутскийн нефтийн компаниас авах талаар гэрээ хийсэн гэсэн. Цаашлаад дотоодоосоо ч түүхий эдээ хангах боломжтой. 600 ажлын байр бий болгож, жилд 700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт 260 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн сонсголонтой мэдээллийг компанийн зүгээс өгч байгаа.

Үүнээс гадна Зүүнбаянд “Мон Ойл Газ” компани тусгай зөвшөөрлийг саяхан авсан байна. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт нефть боловсруулах үйлдвэр багтаж байгаа бөгөөд энд “Сод Монгол” групп 0,5-1,5 сая тонны хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар яригдаж байгаа аж. Үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг аль 2008 онд олгосон байдаг. Ажил нь ч нэлээд урагштай яваа хэмээн яамны зүгээс мэдээлж байна.

Алсдаа ашгаа өгөх ашигт малтмал

Дэлхийн газрын тосны нөөц 30-40 жилийн дараа шавхагдана гэсэн судалгааг Япон, Америкийн эрдэмтэд хийжээ. 1980 онд Японы эрдэмтэд 2015 онд дэлхийн газрын тосны нөөц дуусна гэсэн судалгааг хийж байж. Гэвч өнгөрсөн хугацаанд Хойд мөсөн далай, Сибирь зэрэг газраас газрын тосны арвин нөөцтэй хэд хэдэн том ордыг илрүүлж чадсанаар энэ хугацааг хойшлуулсан ч дахиж томоохон орд олдохгүй болов уу гэсэн таамаглалыг геологичид дэвшүүлжээ. Хэрэв дэлхийн газрын тос 30 жилийн дараа дуусвал түүнийг юугаар орлуулах вэ гэсэн асуулт геологичид болон эрдэмтдийн өмнө тулгараад байгаа юм.

Шатахуун, дизелийн түлш, мазут гээд газрын тосноос гаргаж авдаг бүтээгдэхүүнийг нүүрс, шатдаг занараас гаргаж авах технологи хэдийнэ амьдралд хэрэгжээд эхэлжээ. Эстон улс шатдаг занарын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд занарыг ашиглан түлш гаргаж авах технологи нэвтрүүлж, эдийн засгаа авч яваа орон. Тус улсын шатдаг занарын ордууд Европын холбооны улсуудын хэрэглээний 17 хувийг дангаараа хангадаг бөгөөд дотоодынхоо эрчим хүчний хэрэглээний 90 хувийг шатдаг занараас авдаг байна. Тиймээс нөөц нь хомсдож байгаа газрын тосыг нүүрс, шатдаг занар залгах нь тодорхой байгаа юм. Нүүрс, занараас шатахуун гаргаж авах технологийг ашиглахад газрын тосноос гаргаж авахаас хамаагүй өндөр өртөгтэй. Газрын тосны үнэ хамгийн дээд цэгтээ хүрсэн үед, эсвэл газрын тосны нөөц дуусах тэр мөчид л нүүрс, занараас шатахуун гаргаж авах технологи ашигтай байх боломжтой аж. Гэхдээ газрын тосны нөөц 30-40 жилийн дараа шавхагдана гэж байгаа бол тэр үед нүүрс, занараас шатахуун гаргаж авах технологи моодонд орох нь лавтай.

Энэ хоёр түүхий эдийн хувьд манай улс гаднаас хараат байна гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр 200 гаруй тэрбум тонны нүүрс, 20 гаруй тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэсэн тооцоо бий. Манай мэргэжилтэн, компаниудын хувьд нүүрснээс түлш, шатахуун гаргаж авах судалгаа хийж, Цайдам нуур, Төгрөг нуур, Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн таван орд дээр урьдчилсан ТЭЗҮ хийсэн байдаг. “Петровис” компанийн гадаадын компаниудтай хамтарч хийсэн Багануурын уурхай дээр нүүрснээс шатахуун гаргаж авах урьдчилсан ТЭЗҮ-гээр 2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авахад 3,3 тэрбум долларын зардал гарах тооцоо гарчээ. Ийм өндөр өртөгтэй технологийг өнөөдөртөө ашиглах хүчин чадал манай компаниудад байхгүй болохоор нүүрснээс шатахуун гаргаж авах ажлыг түр хойш тавихаас аргагүйд хүрч.

Нүүрснээс гадна шатдаг занарыг ч манайхан судалж байгаа. Анх 1940-өөд оны үед Оросын геологичид Төв, Дундговь аймгийн залгаа нутгаар шатдаг занарын нөөц илрүүлжээ. Үүнээс хойш бага зэрэг судалгаа хийгдэж, Ээдэмт, Чандгана тал, Хүмүүлтийн хөндий зэрэг шатдаг занараар баялаг 50 орчим ордыг нээжээ. Гэхдээ Монголд шатдаг занарын хайгуул, судалгаа бараг хийгдээгүйтэй адил. Мэргэжилтнүүд ч ховор. Шатдаг занарын гол онцлог нь хэдий хэмжээний давирхай гарахаас эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх эсэх нь тогтоогддог. Хамгийн их нөөцтэй ордын нэг болох Ээдэмтийн орд нь 487 сая тонны нөөцтэй бөгөөд “Монголын Алт” компани энэ ордыг ашиглан шатахуун гаргаж авахаар судалгаа хийж байгаа. Тус ордын занараас гарах давирхай санасан хэмжээнд хүртэл гарахгүй байгаа болохоор эдийн засгийн хувьд үр өгөөжтэй эсэх нь одоогоор тодорхойгүй аж. Давирхай 15 хувиас багагүй хэмжээтэй байвал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж тооцогддог.

Шатдаг занар нь олон улсад багагүй үнэд хүрдэг түүхий эд. Саяхан дэлхийн хамгийн том уул уурхайн компани BHP Billiton АНУ-ын газрын тос, байгалийн хийн Petrohawk компанид 12,1 тэрбум доллараар шатдаг занар худалдсан бөгөөд энэ жил 11 тэрбум баррель шатдаг занарыг нийлүүлэхээр болжээ. Мөн АНУ-ын өөр нэгэн компани болох Арканзаст төвтэй Chesapeake Energys компанид 4,75 тэрбум доллараар шатдаг занар худалдсан байна. Өнгөрөгч 2010 онд ВНР Канадын байгалийн хийн компанид 39 тэрбум доллараар шатдаг занар худалдаж байжээ. Эдгээр наймаа шатдаг занарын үнэ цэнийг тодорхойлж байна.

Өнөөдөр төр засаг, хувийн хэвшлийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал багагүй маргаан дунд өрнөж байна. Бүс нутгаа хангасан олон жижиг үйлдвэр байх уу, эсвэл улсын хэмжээнд нэг том үйлдвэртэй болох уу? Стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар төр эзэмших үү, эсвэл хувийн хэвшилд даатгах уу гэсэн эргэлзээ дагуулсан асуудлуудаас гадна боловсруулах үйлдвэрийн шаардлагыг дагаад дундаас нь хуучин технологио шахаж, мөнгө олох гэсэн хэсэг бүлгийн лобби ч үүсээд байна. Бүр боловсруулах үйлдвэр барихгүйгээр төрийн өмчит шатахуун импортын компани байгуулъя гэсэн санаа ч цухалзах болов.

Дэлхийн II дайны үед АНУ цөмийн бөмбөгтэй болохын тулд өчнөөн арга сүвэгчилж байсан гэдэг. Тухайн үед эрдэмтэд цөмийн бөмбөгтэй болох 5-6 төсөл боловсруулан хөрөнгө мөнгө хүссэн саналаа Конгресстоо оруулахад бүгдийг нь хэрэгжүүлэхийг үүрэгдсэн аж. Тэр үед АНУ эдийн засаг, мөнгө санхүүгийн хувьд тийм ч боломжтой байсангүй. Дээрх төслүүдээс аль боломжтой нэгийг нь л хэрэгжүүлэх санаатай байж. Гэхдээ дайнд ялж гарахын тулд, АНУ-ыг хүчирхэг гүрэн гэдгийг батлахын тулд тэдэнд цөмийн бөмбөг хэрэгтэй байв. Тиймээс байгаа бүх нөөц боломжоо шавхан дээрх төслүүдийг бүгдийг хэрэгжүүлэхээр болж. Хөрөнгө мөнгө гол биш, хамгийн чухал нь цөмийн бөмбөгтэй болох байсан болохоор ийм шийдвэр гаргасан хэрэг. Хүссэндээ ч хүрч богино хугацаанд цөмийн бөмбөгтэй болж чадсан юм.

Үүнтэй адил бид ганц нэг үйлдвэр бариад болчихно, эсвэл заавал төр эзэмшинэ, эсвэл хувийн компани байна гэж явцууралгүй, өнөөдөр байж болох бүхий л хувилбарыг дэмжээд явах нь алсдаа ашигтай байж мэдэх юм. Газрын тос олборлох, бусад улсаас экспортлох, нүүрс, шатдаг занараас түлш, шатахуун гаргаж авах гээд өнөөдөр яригдаж байгаа бүх л хувилбар, төслүүдийг бүгдийг хөдөлгөх гээд үзвэл яасан юм бэ?

0 comments:

Post a Comment