Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

МОНГОЛЫН КОМПАНИУДАД ОЛОН УЛСЫН БИРЖИД IPO ХИЙХ БОЛОМЖ ХЭР БАЙНА ВЭ?

2010-08-09

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр 800 гаруй триллион ам.доллар чөлөөтэй эргэлддэг гэдэг. Аль улсад, ямар компанид мөнгө хэрэгтэй байна, тийшээ орохоо хүлээгээд ийм их хэмжээний мөнгө сул хөвж байдаг гэсэн үг. Овсгоотой нэг нь ийм боломжийг түрүүлж хараад Монголын баялгийг ашиглан хүссэн  хэмжээгээр мөнгө олж байхад баялгийн жинхэнэ эзэн монголчууд бусдын гарыг харсаар л сууна.
Монголын Хөрөнгийн биржийн Арилжаа, судалгааны албаны хийсэн судалгаагаар Монголд ашигт малтмалын орд газрыг ямар нэгэн хэмжээгээр эзэмшдэг 10 компани олон улсын Хөрөнгийн бирж дээр IPO хийх буюу анхдагч зах зээл дээр хувьцаа гаргах замаар 2003-2009 оны хооронд 588 сая ам.долларыг олжээ. Ганцхан жишээ хэлэхэд Оюутолгойг эзэмшиж байгаа “Айвенхоу Майнз” компани 2003, 2005, 2006 онд гурван удаа хувьцаа гаргаж, 2009 оны байдлаар нийт 342 сая ам.доллар босгожээ. Энэ мөнгө сар жилээр биш өдөр хоногоор, бүр цаг минутаар өсч байгаа гэдгийг мартаж болохгүй.

Нэг үе Фрийдланд манай Оюутолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр зарж байна, Хөшөөтийн нүүрсний уурхайгаар хятадууд Хонконгийн бирж дээр мөнгө босгож байна, тэднийг хөөж гаргая гэх мэтээр хэвлэл мэдээллээр багагүй шуугидаг байлаа. Тэд бизнесийн зарчмын дагуу л ажиллаж байсныг одоо л монголчууд хагас дутуу ч гэсэн ойлгож байх шиг байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл бидэнд хомс байсантай холбоотой. Гэхдээ сүүлийн үед байдлыг хоосон хардлагын биш арай эрүүл нүдээр харах боллоо.

Фрийдланд “Айвенхоу Майнз”-ын хувьцааг Торонто, Нью-Йоркийн бирж дээр гаргаад 500 гаруй сая ам.доллар босгосон бол Хөшөөтийн уурхайг эзэмшигч “МонЭнКо” компанийн толгой компани “Mongolia Energy Corporation” Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 27 тэрбум хонконг доллар буюу 2,7 тэрбум ам.доллар босгосон албан бус мэдээ бий. Энэ мэтчлэн сүүлийн мэдээгээр Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн гадаадын 25 орчим компани Монголын ашигт малтмалыг барьцаалан олон улсын хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргаж, тэрбумаар хэмжигдэх ам.долларын санхүүжилтийг босгож, тэр хэрээр нэр хүнд, үйл ажиллагаа нь ч өргөжиж байна.

Сүүлийн үед монголчууд бид өөрсдөө яагаад олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч болдоггүй юм, гадаадын компаниуд болоод байхад бид өөрсдийнхөө газрын баялгийг барьцаалан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоё хэмээн хүчтэй ярьж хэлэлцэх боллоо. Эхнээсээ ч нааштай үр дүн гарч эхэлж байна.

Гэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх буюу энгийн үгээр хэлбэл хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох нь тийм ч хялбар ажил биш. Тиймээс олон улсад гарах, өргөжин томрох сонирхолтой байгаа  компаниудад эхний ээлжинд юу хийх талаар олон улсын хөрөнгийн биржүүд дээр амжилттай хувьцаа гаргаж, хөрөнгө босгож байгаа компаниудын туршлагаас хүргэе.


Хаалттай компани олон улсын зах зээлийг мөрөөдөөд ч хэрэггүй
Олон улсын хөрөнгийн бирж гэлтгүй Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад компанийн засаглал, ил тод байдал гол суурь болдог. Зарим хөрөнгийн биржийн тавьдаг гол шалгуурын нэг нь тухайн улсынхаа хөрөнгийн бирж дээр ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл манай Хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй хувьцаат компаниас засаглал, ил тод байдал нь шаардлагын түвшинд хүрдэг компани гарын 10 хуруунд багтахуйц хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Тоон баримтаас ч тодорхой харагдана. Дээрх 300 гаруй компаниас дөнгөж тал нь хувь нийлүүлэгчдийн хурлаа хийсэн, 20 гаруйхан компанийн хувьцаа идэвхтэй арилжаалагддаг зэрэг нь компанийн сайн засаглал, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ил тод байдал ямар байгааг бэлхнээ харуулж байгаа хэрэг. Товчхондоо бол Монголын компаниуд зарим нэг дарамтаас болж, эсвэл өөрийнхөө хүсэл зорилгоор “хаалттай” байдаг. Ийм хаалттай компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоё гэж мөрөөдөх ч хэрэггүй.

Монголдоо хувьцаа гаргасан нэр зүүгээд алдаг оног яваад байж болдог юм байна гэж бодож байгаа бол олон улсын хөрөнгийн бирж дээр тийм зүйл байхгүй. Асар их шаардлага, шалгуур, шалгалтыг давж байж IPO хийх буюу хувьцаа гаргах эрх олж авна. Ерөнхийдөө тэр энэ улсынх гэж ялгалгүй Лондон, Торонто, Хонконг, Нью-Йорк, Франкфурт, Австралийн хөрөнгийн бирж гээд бүгд л нэг түвшний, олон улсын стандартын дагуу шаардлагаа тавьдаг. Харин тэр шаардлагыг нь давах компани манайд хуруу дарам цөөхөн.

Монгол улс үндэстнийхээ компаниудыг олон улсын зах зээлд гаргахын тулд компанийн засаглалыг сайжруулах, санхүүгийн ил тод байдал бий болгохын тулд нэгдсэн бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг хувийн хэвшлийнхэн ярьж байна. Хувийн хэвшлийнхэн ч олон улсын зах зээл дээр гаръя гэсэн бодолтой бол энэ талаар одооноос бэлтгэж, төлөвлөх хэрэгтэй. Монголын хөрөнгө оруулалттай “Петро Матад Лимитед” компани Лондонгийн бирж дээр гарахын тулд хоёр жил орчим бэлджээ. Одоо ч гэсэн ганц нэг компани олон улсын бирж дээр гарахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ орчихсон сурагтай.


Шилдэг менежментийн баг гол түлхүүр
Монголд орд газар эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалт бүхий 20 гаруй компани олон улсын бирж дээр хувьцаагаа арилжаалж байгаа. Тэдэнд нэг онцлог байдаг нь бүгдээрээ Монголд уул уурхайн бизнес эрхэлж байгаа компаниудын толгой компаниуд. Өөрөөр хэлбэл Монголд Оюутолгойг эзэмшиж байгаа “Оюутолгой” компани биш, түүний гол хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз” компани Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр, “Бороо гоулд”-ын толгой компани “Сентерра гоулд” Торонтогийн хөрөнгийн бирж дээр гэх мэтээр дандаа Монгол улсын хуулийн этгээд биш, Австрали, Канад, Америк зэрэг улсуудад бүртгэлтэй компаниуд олон улсын хөрөнгийн бирж дээр амжилттай ажиллаж байгаа. Тэдэнд олон улсын хөрөнгийн бирж дээр ажиллах туршлага, нөөц боломж, олон улсын стандарт, тухайн биржийн тавьдаг шаардлагуудыг сайн мэддэг мэргэжилтнүүд хангалттай байдаг болохоор ямар ч асуудал гардаггүй байна.

Харин Монголын компаниудын тухайд эсрэгээрээ. Олон улсын стандарт, хөрөнгийн биржүүдийн шаардлага зэргийг мэддэг мэргэжилтнүүд нэг компанид бүү хэл улсдаа хуруу дарам цөөхөн. Тиймээс Монголын компаниуд олон улсын бирж дээр гаръя гэвэл эхний ээлжинд яалт ч үгүй олон улсын зөвлөх компаниуд, мэргэжилтнүүдийг урьж хамтран ажиллах шаардлага зайлшгүй гарна. Ядаж л бүх материалаа англи хэл дээр бэлтгэхээс эхлээд тухайн улсын хууль дүрмийг сайн мэдэхгүй гээд бэрхшээл мундахгүй гарч ирнэ. Дээр дурдсан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Монголын хөрөнгө оруулалттай ганц компани болох “Петро Матад Лимитед” гэхэд удирдлагын багаа маш чадварлаг, олон улсад нэр хүндтэй, харилцаа холбоо сайтай хүмүүсээр бүрдүүлсэн байдаг юм билээ. Монголд газрын тосны хайгуул явуулдаг “Петро Матад”-ыг 100 хувь эзэмшдэг “Петро Матад Лимитед”-ийг байгуулж ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар нь Австрали, Английн мэргэжилтнүүдийг ажиллуулснаас гадна хөрөнгийн зах зээлээр мэргэшсэн хуульч, нягтлан бодох бүртгэлээр олон жил банкинд ажилласан санхүүч гээд салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулсан нь үр дүнд хүрч чаджээ. Гол нууц нь удирдлагын баг нь ажлаа сайн мэддэг, хийж чаддаг, нэр хүндтэй, харилцаа холбоо сайтай хүмүүс байсан хэмээн “Петро Матад”-ын гүйцэтгэх захирал Т.Амарзул ярьж байна.

Хөрөнгө оруулагчийн зүгээс тухайн компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын орд, эсвэл үйлдвэрийн төсөл зэргээс гадна тухайн компанийн удирдлагыг маш ихээр сонирхдог аж. Миний мөнгийг ямар хүмүүс зарцуулах гэж байна гэдгийг мэдэж байж итгэх үгүйгээ шийддэг гэсэн үг.  Компанийн удирдлагын багт нь монгол хүн их байдаг, тэд нь боловсрол, туршлагын хувьд маруухан, олон улсын мэргэжилтэн цөөн бол хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход хэцүү байдаг бололтой. Тэгэхээр шилдэг менежментийн баг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах хаалгыг нээх түлхүүр гэж ойлгоход болно. Тиймээс ч олон улсын зах зээлд гаръя гэвэл Монголын компаниуд эхний ээлжинд гадаадын туршлагатай мэргэжилтнүүдтэй “нөхөрлөх” шаардлагатай болж байна. Гэхдээ саяхнаас Авсралийн бирж дээр хувьцаа гаргаж, амжилттай ажиллаж байгаа Монголын хайгуулын “Хүннү коул” компанийн гүйцэтгэх захирлаар нь монгол хүн ажилладаг аж. Энэ нь монголчууд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах боломжтой, олон улсын хөрөнгө оруулагчид ч сонирхож байгаа гэдгийг илтгэж байгаа хэрэг. Яваандаа монгол хүмүүс энэ талаар мэргэших, суралцах, өөрсдөө бүх ажлаа хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг ч анхаарах болжээ.

Ингэж удирдах багаа бүрдүүлж, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдлыг хэрэгжүүлсний дараа аль бирж дээр гарах талаараа судалгаа хийж, тухайн биржтэйгээ холбогдсоны дараа холбогдох зөвлөх компани, банкуудаар нь дамжуулан хувьцаа гаргах бэлтгэлээ хангах хэрэгтэй болно. Тухайлбал Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлэхийг хүссэн компани биржтэй биш биржээс Томилогдсон төлөөлөгч буюу Nomad-тэй харьцдаг. Уг томилогдсон төлөөлөгч нь асар өндөр шалгуураар ийм эрх олж авдаг бөгөөд тухайн компанийн бүх материалыг бэлэн болгоход тусалдаг байна. Өөрөөр хэлбэл таны бичиг баримтыг яаж цэгцлэх, ямар ямар мэдээлэл гаргасан байх, төлөвлөгөө гээд бүх зүйлийг чинь хянаж, бэлэн болгож өгдөг. Үүний дараа биржээс хууль эрхзүй, бичиг баримтын, санхүү нягтлан бодох бүртгэлийн зэрэг томоохон шалгалтууд орж, тухайн компанийн бүх зүйлийг нэгд нэгэнгүй шалгана. Томилогдсон төлөөлөгчтэйгээ сайн ажиллаж, бүх зүйлээ хууль дүрмийн дагуу гүйцэтгэсэн компани уг шалгалтыг давж, хөрөнгийн биржид бүртгүүлдэг бол шалгалтыг давдаггүй компани ч цөөнгүй байдаг байна. Мэдээж энэ процесс хөрөнгийн бирж болгон дээр адилхан биш ч гэсэн ерөнхий зарчим нь адилхан байдаг гэхэд болно.


Аль бирж дээр гарвал зохимжтой вэ?
Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийхэд хэд хэдэн анхаарах зүйл бий. Хамгийн түрүүнд танай компанид аль бирж тохиромжтой вэ гэдгийг судлах хэрэгтэй. Компанийн тань хэр хэмжээ ямар болох, удирдлагын багийн хүмүүс чинь аль улсын иргэд байх, аль улсын хөрөнгө оруулагчидттай илүү харилцаатай, ямар бирж дээр аль салбарын компаниуд түлхүү байдаг гээд олон талаас нь судалж байж хувьцаа гаргах биржээ сонгох хэрэгтэй. Мэдээж уул уурхайгаас гадна мэдээллийн технологи, дэд бүтэц, эрүүл мэнд гээд бүхий л салбарынхан олон улсын бирж дээр хувьцаа гаргах боломжтой. Ялангуяа манай улсад эрчимтэй хөгжиж байгаа мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч компаниуд Токиогийн бирж дээр IPO хийх боломж нээлттэй.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг ойлголт хөрөнгийн зах зээл дээр бий. Монголд ашигт малтмалын орд газар эзэмшдэг ихэнх компани Хонконг, Торонтогийн бирж дээр бүртгүүлсэн байдаг. Эдгээр биржийн босго арай намхан гэж болно. Мөн энэ хоёр биржийн гол тоглогчид нь уул уурхайн салбарынхан юм. Тиймээс ч Монголын компаниудад хамгийн ойр гэхэд болно. Нью Йорк зэрэг томоохон биржүүдэд зах зээлийн үнэлгээ, өөрийн хөрөнгө нь хэдэн зуун сая, бүр тэрбум ам.доллараар хэмжигдэх хэмжээний томоохон компаниуд хувьцаа гаргадаг. “Айвенхоу Майнз” гэхэд Монгол улсын Засгийн газартай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийснийхээ дараа Нью Йоркийн бирж дээр хувьцаа гаргаж байсныг санаж байгаа байх. Өөрөө хэлбэл тэрбумаар хэмжигдэх хэмжээний санхүүжилт хэрэгтэй компаниуд л томоохон биржийг сонгодог, тэндээс хүссэн мөнгөө татаж чаддаг гэсэн үг.

Гэхдээ дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд жижиг хэрнээ боломж өндөртэй компаниудад нээлттэй байх үүднээс хоёрдогч зах зээл буюу туслах зах зээлийг нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт дөнгөж хайгуул хийж байгаа, эсвэл шинэлэг, ирээдүйтэй байж болохуйц төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ч хөрөнгийн хэмжээ нь бага компаниудад зориулагдсан зах зээл гэсэн үг. Лондонгийн хөрөнгийн бирж үндсэн /MAIN/ болон хоёрдогч /AIM/ зах зээл, Торонтогийн хөрөнгийн бирж мөн Tier 1, Tier 2 гэсэн ангилалтай. Эдгээр бирж дээр IPO хийсэн Монголын гэх тодотголтой компаниуд ихэнх нь хоёрдогч зах зээлийг нь сонгосон байдаг. Тухайлбал “Петро Матад Лимитед” гэхэд Лондонгийн хөрөнгийн биржийн AIM board буюу хоёрдогч зах зээл дээр бүртгүүлжээ.

Тиймээс Монголын үндэсний компаниудад хоёрдогч зах зээл нь илүү боломжтой гэсэн үг. Мэдээж Тавантолгой зэрэг ашигт малтмалын томоохон орд газрыг ашиглах гэж байгаа компани их хэмжээний санхүүжилт шаардлагатай учир гол зах зээл дээр IPO хийх нь тохиромжтой байдаг байна.


Биржүүд ямар шалгуур тавьдаг вэ?
Олон улсын хөрөнгийн биржүүдэд тавьдаг хэд хэдэн шаардлага байдаг байна. Хувьцаа гаргахыг хүссэн компанийн санхүүгийн тайлан, ажилласан хугацаа, ашиг орлого, удирдлага, эргэлтийн хөрөнгө, зах зээлийн үнэлгээ, олон нийтэд арилжаалах хувьцааны хэмжээ гэх мэт. Лондон, Хонгконг, Торонто, Нью Йорк, Австралийн хөрөнгийн биржийн эдгээр үзүүлэлтийг харьцуулан үзүүлье.

Зах зээлийн үнэлгээний хувьд хамгийн өндөр шаардлага тавьдаг нь Нью Йоркийн бирж. Тэд 500 сая ам.доллараас багагүй байхыг шаарддаг байна. Тэгвэл Лондонгийн биржийн гол зах зээл /MAIN/-ийн хувьд 700 мянган фунт стерлингээс багагүй байх гэдэг бол туслах зах зээл /AIM/-ийн хувьд үнэлгээний хязгаарлалт байдаггүй аж. Харин Хонконгийн бирж 200 сая хонконг доллар, Торонтогийн Tier 1 нь 750 мянган канад доллараас багагүй, Tier 2 нь 100 мянган канад доллараас багагүй, Австралийн бирж 10 сая австрали доллараас багагүй байх гэсэн шаардлага тавьдаг байна. Эндээс үзэхэд зах зээлийн үнэлгээг хамгийн багаар тооцдог нь Лондонгийн AIM  болон Торонтогийн Tier 2, Хонгконгийн бирж бөгөөд Монголын компаниудад хамгийн ойр байж болох юм.

Зах зээлийн үнэлгээнээс гадна бас нэг том шалгуур бол ажилласан хугацаа, ашиг орлогын мэдээлэл. Лондонгийн MAIN дээр компани нь гурваас доошгүй жил ашигтай ажилласан, AIM дээр сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайланг нь шаарддаг байна. Тэгвэл Торонтогийн Tier 1 компани нь сүүлийн 12 сарын турш нэг сая канад долларын ашигтай ажилласан байх, Tier 2 нь сүүлийн 12 сарын турш 50 мянган канад долларын ашигтай ажилласан байхыг тус тус шаарддаг байна. Харин Австралийн бирж гурваас доошгүй жил ашигтай ажилласан байх хэрэгтэй бол Нью Йоркийн бирж дээр 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа хэвийн явуулсан байхыг шаарддаг байна.

0 comments:

Post a Comment