Хөрөнгийн зах зээл

Уул уурхай

Сэтгүүл зүйн тухай

Үгээ хэлмээр байна

Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд

2014-01-09

6 сард 109 сая доллар
2011 оноос хойш монголчууд 230 гаруй сая доллараар гадаадын биржүүдээс хувьцаа авчээ. Монголбанкны гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланд дурдсанаар монголчууд 2013 оны эхний хагас жилд 109 сая долларыг гадаадын биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан байх юм. 2012 оны эхний хагас жилд энэ тоо 27,2 сая доллар байсан бол энэ жил дөрөв дахин өсчээ. 109 сая доллар нь ойролцоогоор 154 тэрбум төгрөг болж байна.
109 сая доллар гэдэг нь эхний хагас жилийн ГШХО-ын 7,4 хувь, гадаад худалдааны алдагдлын 10,4 хувьтай тэнцэж байна. Мөн Mongolian Mining Corporation-ий зах зээлийн үнэлгээ зургадугаар сард 700 орчим сая ам.доллар байсантай харьцуулбал 15 гаруй хувьтай тэнцэж байгаа юм.  Монголд, МХБ дээр эргэлдэж байх ёстой мөнгө зүгээр л гадагшаа урсаж байна гэсэн үг.
Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн бирж 12,3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ. Өнгөрсөн оны хагас жилд
60 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсантай харьцуулахад 80 хувиар унасан үзүүлэлт. Гадаадын бирж дээрх нь 4 дахин өсч байхад Монголын биржийнх нь урвуу хамааралтай байна.  
 2010 оноос хойш монголчуудын гадаадын болон дотоодын биржээс авсан хувьцааны үнийн дүнг зургаас харъя. 2010 он нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал алхмууд тавигдсан онцгой жил. Ерөнхий сайд Хөрөнгийн биржийг хөгжүүлэхээ зарлаж, Монголын гэсэн тодотголтой хэд хэдэн компани олон улсын биржүүд дээр хувьцаа амжилттай гаргасан. 2011 оноос Монголын болоод гадаадын хөрөнгийн биржүүд дээрх хувьцаанд оруулсан мөнгө үлэмж нэмэгдсэн байна.
Энэ оны эхний хагас жилд гадаадын биржүүдэд оруулсан мөнгө огцом нэмэгдэж байхад МХБ-ийн арилжаа шалдаа буусан шалтгааныг брокерууд ганц хоёрхон зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Арилжааны шинэ систем нэвтрүүлснээр бичиг цаас, зөвшөөрөл хөөцөлдөх шат дамжлага нэмэгдэж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчид гарч эхэлсэн нь МХБ-ийн арилжаа унахад нөлөөлсөн гэнэ.
Нөгөө талаар МХБ-ийн арилжаанд оролцож байсан гадныхан гарсан нь монголчууд өөрсдөө хөрөнгийн бирж дээр хэр идэвхтэй оролцдог бодит байдлыг харуулж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн ТОП-20 индексийн цойлолт нь гадны мөнгөний тусламжтайгаар бий болсон гэж ч хэлж болохоор. Нэг ёсондоо МХБ-ийн өсөлтийн үр өгөөжийг монголчууд биш гадныхан хүртээд алга болжээ ч гэж “мушгиж” бас болно. Харин монголчууд өөрсдөө дотоодынхоо биржийг алгасаад тив тивийн биржээс хувьцаа авч байгаа нь ямар учиртай вэ? Мэргэжлийн талаас харвал энд маш олон асуудал бий. Тэдгээрээс хамгийн гол нь өгөөж сайтай, засаглал нь зөв, мэдээллээ цаг тухайд нь өгч байдаг компанийн хувьцаа МХБ дээр бараг байхгүй байна.
Гадаадын хөрөнгийн биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан мөнгөний хэмжээгээр тэргүүлж байгаа “Ард Капитал”, MICC гэсэн брокер дилерийн компанитай холбогдож, монголчууд ямар хувьцааг түлхүү авдгийг сонирхсон юм. Ойролцоогоор нийт багцын 95-98  хувь нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын уул уурхайн компаниудын  хувьцааг авдаг байна. Тэр дундаа 80-90 орчим хувь нь Mongolian Mining Corporation, Turquoise Hill Resources, Mongolian Energy Corporation, Southgobi Resources гэсэн уул уурхайн олборлогч компаниудын хувьцааг худалдаж авдаг аж. Яагаад гэдгийг хэлүүлэлтгүй шахам ойлгох биз. Тэдний үйл ажиллагаа нээлттэй, компанийн засаглал сайн, өгөөж өндөр, Монголд үйл ажиллагаа явуулдаг болохоор тэр. Дээр нь эдгээр компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 82-98 хувиар унасан нь хувьцааг нь авахад хамгийн чухал түлхэц өгсөн байж таарна.
Монголын компаниуд яагаад МХБ дээр хувьцаагаа арилжаалж болдоггүй юм бэ?
Хоёр жилийн өмнө ингэж асуухад хууль эрхзүйн орчин байхгүй, дэд бүтэц байхгүй зэргээр байхгүйн зовлонг хуруу даран тоочдог байлаа. Өнөөдөр бол огт өөр. Үнэт цаасны тухай хуулийг шинэчилж, Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг шинээр баталлаа. Монголын компаниуд МХБ болон бусад бирж гэсэн давхар бүртгэлтэй болох хуулийн орчин бүрдсэн. Кастодиан, Клирингийн үйлчилгээ гээд байхгүй байсан олон үйлчилгээ хуульд шинээр сууж өглөө. МХБ дэд бүтцээ шинэчилж, арилжааны шинэ систем нэвтрүүллээ. Яахав хуулиудыг дагаж гарах, нарийн зохицуулалтуудыг хийж өгөх ёстой 10 гаруй журам СЗХ дээр “унтаж” байгаа гээд дутуу дулимаг ажил их бий.
Уул уурхайн компаниудыг МХБ рүү татахад хөрөнгийн зах зээлийн хуулиудаар шийдэх боломжгүй. Үнэт цаасны хуульд туссан “Уул уурхайн олборлогч компаниуд МХБ дээр хувьцаагаа гаргаж болно” гэсэн заалт нь уул уурхайн компаниудад зөвхөн сонголт л бий болгож байгаа хэрэг. Тэд хувьцаа гаргаж ч болно, гаргахгүй ч байсан болно. Харин одоо хэлэлцэж байгаа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүнийг даган Ашигт малтмалын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтүүдэд Монголын уул уурхайн компаниуд, тэр дундаа олборлогч компаниуд МХБ дээр хувьцаагаа гаргана гэсэн заалт хийж өгөх нь чухал. Уул уурхайн компаниудын хамгийн эхэнд захирагддаг малгай хууль нь Ашигт малтмалын тухай хууль шүү дээ.
Ийм заалт орууллаа гээд маргааш өглөө нь бүгд хувьцаагаа гаргачихгүй. Уул уурхайн компаниудаас хамгийн эхний боломжит хувилбар нь гадаадын биржүүд дээр байгаа уул уурхайн компаниуд. Жишээ нь “Энержи Ресурс” Хонконгийн хөрөнгийн биржийн шаардлага стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа тайлагнадаг. МХБ дээр давхар бүртгүүллээ гэхэд Хонконгийн биржийн стандартын дагуу явахад хангалттай. Ямар ч нэмэлт ажиллагаа, хөрөнгө мөнгө шаардахгүй. Нэг ёсондоо бэлэн бараа гэсэн үг. Угаас олон улсын стандартад нийцсэн бараанууд нь гадаадын биржүүд дээр байгаа уул уурхайн компаниуд юм. Зарим нэг зөрчилтэй асуудлууд бий. Хонконг, Торонто, Австралийн бирж дээрх компаниудын нөөцийн тайлан нь ЖОРК, NI 43-101 гээд олон улсын стандартаар тогтоогддог. Монголын нөөцийн тайлан бодох стандарт нь хуучны Оросын стандарт. Энэ мэтчилэн олон улсын стандарт, Монголын стандарт гээд зөрчилдөх зүйлүүд гарах ч тухай бүрт нь дотоодынхоо стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн сайжруулаад явж болмоор. Үгүй бол олон улсын стандарт ярьсан хурган дарга нар хэдэн жил ч болох юм билээ, хэн мэдлээ.
Уул уурхайн компаниудыг хуулиар “түлхэх” нь ямар давуу талтай вэ?
Маш олон давуу талыг дурдаж болно. Нэн тэргүүнд байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалт маш ойлгомжтойгоор хэрэгжих болно. Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан иргэн бүр газрын доорх баялгийг олборлон зарж байгаа компанийн хувьцааг авах боломж нээгдэнэ. Энэ бол олон талаараа Хүний хөгжил сангаар хувь, хишиг тараасан ядмагхан аргаас хавьгүй илүү. Өнөөдөр дэлхий дахинаа баялгийн тэгш хуваарилалт нь хөрөнгийн бирж гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Норвеги, Кувейт, Канад гээд олон улсын жишээг хэлж болно. Бүгдэд нь адил тэнцүү, шударга боломж олдож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувь биш хувьцаа эзэмшье” гэж хэлсэн нь уул уурхайн том компаниудыг стратегийн гэж тодотгоод төр хувь эзэмшээд явах биш тэр том компаниудаас улс даяараа хувьцаа эзэмшдэг болъё гэсэн санаа биз.
Хоёрдугаарт, Уул уурхайн компаниудыг үзэн ядах нийгмийн сэтгэлгээ багасах болно. Бидний баялгийг хэдхэн компани цөлмөөд зөөгөөд дууслаа гэдэг энэ ойлголт бүдгэрэх нь гарцаагүй. Өнөөдөр уул уурхайн компаниудын ашгаас иргэд яаж хүртэж байна вэ? Төр татвар авч түүнийг нь эргэлтэд оруулж байна. Тодорхой хэмжээний татварыг Хүний хөгжил санд төвлөрүүлэн нийт эргэдэд бэлэн мөнгө тарааж үзлээ. Одоо Төсвийн хуулиар дамжуулан тодорхой хэмжээний татварыг орон нутагт хуваарилж байна. Энүүхнээр л жирийн иргэд байгалийн баялгаасаа хүртэх үр өгөөж нь хязгаарлагдаж байна. Хөрөнгийн биржээр хувьцааг нь арилжаалж, бүх иргэнд тэр хувьцаанаас авах, ашиг хүртэх эрхийг нь нээж өгвөл энэ нь баялгийн шударга хуваарилалт болно. Иргэн бүр чинь хувьцаа авах мөнгөгүй гэж хэлэх хэрэггүй. Баялгийн сан, Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан гээд иргэн бүрт хамааралтай сангууд бий болох боломж бүрдсэн. Одоо хийх л дутуу.
Гуравдугаарт, Өнөөдөр бизнесийг боосон, хаасан ямар нэг хууль батлагдахаар хэдэн компанийн эзэд л хохирч байгаа юм шиг харагддаг. Урагшаа тавих төмөр замыг хойшлуулж холион бантан хутгаснаар ганцхан “Энержи Ресурс” л хохироод бусад нь хожоод байгаа юм шиг ярих хүн олон. “Энержи Ресурс”-ын хувьцааг Хонконгийн биржээс худалдаж авсан олон зуун монгол хүн бий. Хэрэв МХБ дээр давхар хувьцаагаа гаргавал бүр хэдэн мянган хүн хувьцаа эзэмшигч болно. Ингэвэл ганц нэг компанийг дарамталж бизнесийг нь боож хаадаг байдал арилах болно. Тэр компанийн ард олон мянган хувьцаа эзэмшигч буюу сонгогчийн эрх ашиг байгаа болохоор тэр. Сонгогчдынхоо эрх ашгийн эсрэг хууль баталж, тэдний үр өгөөжийг таслах бөх зоригтой улстөрч гарах нь юу л бол.
Дөрөвдүгээрт, уул уурхайн компаниудыг дагасан авлига, шахаа арилах болно. Өнөөдөр Монголд хамгийн том худалдан авагч нь төсвөөс гадна “Эрдэнэт”, “Оюутолгой”, “МАК” гэсэн уул уурхайн томоохон олборлогч, экспортлогч компаниуд. Энд их бага, ил далд хэлбэрээр авлига бий гээд бүгд л харддаг. УИХ-ын гишүүд, сайдууд, цаашлаад сум орон нутгийн удирдлагууд бүгд л уул уурхайн хэдэн компанийг шантаажилдаг. Одоо бүр иргэд нь хүртэл ямар нэг холбоо, хөдөлгөөн нэрээр “дарга нараас суралцах” боллоо. Уул уурхай гэдэг ялгаагүй л нэг бизнес. Ялгарах ганц онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг байх. Тэр компанийн олсон цэвэр ашгаас дарга нар авлигаар хувь хүртдэг биш иргэд хувьцаагаар хувь хүртдэг байвал ямар вэ?
Энэ мэт маш олон давуу талыг тоочиж болно. Хамгийн сүүлд нь ганц жишээ дурдъя. Гадаадын биржээс өөрийнхөө барааг авч байгаа ийм хэмжээний мөнгө МХБ дээр эргэлдэж байсан бол олон талын ашигтай.
МХБ 2012 онд /2012 оны эхний хагас жилийн тайлан нь гараагүй байв/ 779 сая төгрөгийн орлогыг үнэт цаасны арилжааны шимтгэлээс олсон байна. 109 сая доллар буюу 154 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа МХБ дээр нэмж явагдсан бол биржийн арилжаанд оролцогч талууд ямар ашигтай вэ гэдгийг тооцож үзэж болно. Нийт арилжааны үнийн дүнгийн дунджаар 2,5-5 хувийг оролцогч талууд хувааж авдаг. Шимтгэлийн 40 хувийг МХБ, 24 хувийг ҮЦТТТХТ, 10 хувийг СЗХ, 26 хувийг брокер дилерийн компаниуд гэх мэтчилэн. 154 тэрбумын 5 хувийг шимтгэлд авлаа гэхэд МХБ-ийн орлого барагцаагаар гурван тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм. Ийм байдлаар орлого нь дээшлэхгүй бол олон улсын өмнө өрөө төлж чадахгүй онигоо болоод л явна.
Нэг талаасаа энэ тооцоо хэтэрхий механик байж магадгүй. Мөн МХБ-ийн шимтгэл Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй харьцуулахад хамаагүй өндөр болохоор бас давхар бүртгэлтэй байсан ч МХБ дээр арилжаа явагдах уу гэдэг эргэлзээтэй. Хамгийн хямд зардалтай арилжаа хаана байна худалдан авагчид тийшээ л зүглэнэ. Үүнийг дагаад МХБ-ийн арилжааны шимтгэл голлох биржүүдийнхтэй өрсөлдөх хэмжээнд очих шаардлагатай болно.
Энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар 919,8 мянган га талбай бүхий 1293 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.. Эдгээрээс нэгдүгээр сарын нэгний байдлаар 607 нь орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулжээ. 607 уурхай бий болох боломжтой гэсэн үг. Эдгээр уурхай Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргавал маш олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой юм. Монголын ард түмэн газрын доорх баялагтаа жинхэнэ утгаар нь эзэн сууя гэвэл Хөрөнгийн биржээ л жинхэнэ утгаар нь ашиглах хэрэгтэй. Үүний төлөө хөрөнгийн зах зээлийн салбарынхан, ард түмний дуу хоолой гэгддэг улс төрчид ажиллах л хэрэгтэй байна.



С.Болд-Эрдэнэ

О.Эрдэнэбулган: Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина


Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XVII хурал саяхан ОХУ-ын Москва хотноо  боллоо. Энэ  хурлын үеэр Орос Монгол хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны цаашдын төлөвтэй холбоотой олон асуудал хөндөгдөж, мөн цөөнгүй асуудал шийдэгджээ. Тэр дундаа уул уурхайн салбарт тодорхой шийдлүүдэд хүрч чадсан байна. Энэ талаар Уул уурхайн Дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XVII хурлын үеэр Уул уурхайн яам цөөнгүй асуудлаар хэлэлцээ хийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?


Юуны өмнө хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан үр дүн сайтай болсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Комиссын хуралдааны бэлтгэл ажлын үеэр хоёр талаас тавьдаг саналуудаа эргэн харж, яг биелэх боломжтой асуудлуудаа ярья гэсэн зарчмын саналаар тохиролцсон болохоор бодитой саналууд дээр ярилцсан. Өөрөөр хэлбэл, шийдэж чадах зүйлсээ шийдээд явсан гэсэн үг. Үүний үр дүнд хоорондоо тохиролцсон саналуудаа дэмжиж, ажил болгохоор болсон.Уул уурхайн яамны хувьд байгалийн баялаг, геологи, уул уурхайн салбарт ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яамтай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааг үндсэн дөрвөн хэсэгт хувааж болно. Геологи хайгуулын судалгааны чиглэлээр, түлш эрчим хүчний чиглэлээр, хамтарсан үйлдвэрүүдийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр болон бусад гэж. Тодруулж хэлбэл, геологи, хайгуулын салбарт 1:1000000 масштабтай металлогений зураг хийхэд Оросын талтай хамтрахаар болсон. Энэ нь маш их ач холбогдолтой ажил. Улсын хэмжээнд ашигт малтмалын тархалт, гарал үүслийн зүй тогтлыг геологи, тектоник зэрэгтэй нь уялдуулан судалж,  хэтийн төлөвийг нь тогтоох юм.

Мөн “Хойд-Төв-Зүүн Азийн геологийн гурван хэмжээст структур ба металлогени” Олон улсын хамтарсан төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 1:2500000 масштабтай геологийн зураг, минерагенийн зураг боловсруулахаас гадна   Хойд-Төв-Зүүн Азийн хэмжээнд геологийн судалгааг гүний тогтоц руу чиглүүлэхээр болж, улс бүр өөрсдөө хөрөнгө гаргаж хийхээр тохирсон. Монгол улс хүлээсэн үүргийнхээ дагуу улсын төсвөөс хөрөнгө гаргаж, энэ ажлыг хийнэ.

Түүнчлэн хуучин ЗХУ, БНМАУ хамтран манай орны геологи, уул уурхайн салбарт олон жилээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, маш их хэмжээний мэдээлэл цуглуулж чадсан байдаг. Тухайн үед цуглуулсан геологи хайгуулын үнэ цэнтэй, чанартай, чухал материалууд одоо ч Оросын зарим институт, байгууллагад хадгалагдаж байдаг юм билээ. Энэхүү мэдээллийг ашиглах талаар хоёр тал   тохиролцож  чаддаггүй байсан. Тэрхүү материалуудыг хамтарч ашиглах талаар тохиролцоонд хүрч чадлаа. Геологи хайгуулын салбарт өмнө хийгдсэн ажлын тайлан мэдээг ашигласнаар шинээр геологи хайгуулын ажил хийх хөрөнгө мөнгийг хэмнэх боломж гарч  ирж байгаа юм. Одоо Оросын “Зарубежгеологи”, Монголын Ашигт малтмалын газар хамтраад эхний ээлжинд ямар төрлийн материалыг яаж авахаа тохирох л үлдсэн. Хамгийн гол нь бид өөрсдөө сэтгэл гарган хөөцөлдөж, мэдээллээ олж аваад, түүнийгээ ашиглах хэрэгтэй.

Мөн геологи хайгуулын чиглэлээр оюутнуудыг ОХУ-д сургах, Оросын геологи, уул уурхайн институтуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг хийх, эрдэмтдийг харилцан солилцож ажиллуулахаар болсон.

Төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн, Монголбанктай хамтраад “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд ОХУ-тай маш шаргуу хэлэлцээ хийсэн. Хуучин бол Оросоос авах бүтээгдэхүүнийхээ үнийг бид мэддэггүй байсан. Үнийг мэдэхгүй байж үнийг удирдана гэж байхгүй

Оросын талаас ямар асуудлууд тавьсан бэ?


Оросын талаас ч тодорхой саналууд тавьсан. Хил орчмын нутагт ашигт малтмалын металлогенийн судалгаа хийх, ховор олдоц бүхий түүхий эдийн ирээдүйтэй ордыг хайх, Монгол улсад нүүрс, уран, зэс, молибден, төмрийн хүдрийн хайгуулын болон үнэлгээний ажлыг хамтран зохион байгуулах, гүний усны нөөцийн үнэлгээг тогтоох, Монгол улсын геологи хайгуул, уул уурхайн салбарт хэрэгцээт техник, тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэх гэсэн томоохон саналуудыг жил бүр  тавьдаг.

Бид нэг зүйлийг ойлгуулахыг хичээсэн. Ойлголцож ч чадсан. Монгол улсад ажиллая гэвэл чөлөөтэй орж ирж болно. Гэхдээ өрсөлдөөний зарчмаар. Түүнээс биш Засгийн газрын зүгээс аль нэг улсыг хүч түрэн дэмжинэ гэсэн ойлголт байхгүйг тайлбарласан. Оросын тал ч үүнийг ойлгосон. Ерөөсөө хийж чадах зүйл дээрээ хамтаръя гэж санал нийлсэн.

Өнөөдөр уул уурхайн салбарын бизнес ерөнхийдөө хувийн хэвшилд тулгуурлаж байна. Монголын Засгийн газар либерал бодлого баримталж байгаа. Төр оролцож, төр бүхнийг хийнэ гэхээсээ илүү хувийн хэвшлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс Оросын   компанитай хамтарч ажилла гэж хэзээ ч хувийн хэвшлийн компанид хэлж чадахгүй. Тоног төхөөрөмж нийлүүлэх тал дээр цэвэр өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа. Хэн чанартай, найдвартай, өндөр технологийн бараа үйлчилгээ, тоног төхөөрөмж санал болгоно, түүнтэй гэрээ хийдэг. Сая Беларусс улстай Белаз авах чиглэлээр манай компаниуд яриа хэлэлцээ хийсэн. Польш улс өндөр технологийн бүтээгдэхүүнээ манай компаниудад санал болгож байна. Улс улстай давуу технологийнх нь чиглэлээр хамтарч ажиллана. Тийм болохоор Орост давуу эрх өгөх боломжгүй гэдгээ хэлсэн.

ОХУ-тай түлш, эрчим хүчний чиглэлээр зайлшгүй хамтран ажиллах шаардлага бий. Энэ талаар ямар яриа хэлэлцээр хийсэн бэ?


Бидний ярьсан хамгийн чухал асуудал түлш, эрчим хүч байсан. Өнгөрсөн жил манай улс 1,2 сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн буюу нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортолсон. Цаашид ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр авах хүсэлт тавьсан. Оросын тал дэмжсэн.

Дэлхийн зах зээлийн үнэ гэхээр их өөр сонстож байна?

Тиймээ. Өнгөрсөн жилээс “Роснефть” компанитай багагүй ярилцсаны дүнд тодорхой үр дүнд хүрсэн. Ялангуяа бүтээгдэхүүн худалдан авах гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Нэг талаараа Монголд орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд төр оролцдоггүй ч нөгөө талаасаа стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн, Монголбанктай хамтраад “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд ОХУ-тай маш шаргуу хэлэлцээ хийсэн. Хуучин бол Оросоос авах бүтээгдэхүүнийхээ үнийг бид мэддэггүй байсан. Үнийг мэдэхгүй байж үнийг удирдана гэж байхгүй. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн бол ОХУ өнгөрсөн жил элслээ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд худалдааны гэрээний хэм хэмжээг мөрдөх ёстой байдаг.

Тухайн үед бид өндөр үнэтэй бензин хэрэглэж байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг тонн АИ 92 шатахууны хилийн үнэ 1380 ам.доллар байсан. Гэтэл дэлхийн биржүүд дээрх хэлцлийн үнэ 1050-1100 орчим доллар. Нэг ёсондоо бид тонн тутамд 200-300 долларын илүү үнэтэйгээр худалдаж авдаг байсан. Ийм байдалтай хэдэн жил явсныг мэдэхгүй. Бид дахиж ийм гэрээ хийхгүй гэдгээ хэлсэн. Гэрээ хэлэлцээр бол хоёр тал харилцан тохиролцох ёстой зүйл. Хэмжээгээ тохирчихоод үнээ тохирохгүй байна гэж байхгүй. Ингэж ярьсаар бид дэлхийн зах зээлийн үнээр авахаар болсон. Дэлхийн зах зээлийн үнэ гэдэг нь Сингапур, Чикаго гээд гол гол хэдэн биржийн газрын тосны бүтээгдэхүүний үнээр тогтдог зүйл. Бид аль ч биржийн газрын тосны үнийг суурь үнэ болгоход бэлэн гэдгээ хэлсэн. Суурь үнэ дээр татвар, боловсруулалтын зардал, ашгаа нэмээд үнээ тохирно. Энэ асуудлаар дөрвөн сар хэлэлцээр хийсэн. Манай Газрын тосны газар үнэхээр мэргэжлийн түвшинд ажилласан. Ингээд Италийн порт дээр авчирдаг үнийг суурь үнэ болгож, дөрөвдүгээр сард гэрээгээ хийсэн.

Өнөөдөр долларын ханш хэт савлаж байхад хүртэл бид шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байна. Гэхдээ энэ нь үнийг төрөөс дандаа барина гэсэн үг биш. Ирээдүйд эдийн засгийн нөхцөл байдал сайжраад, валютын ханшийн савлагаа тогтворжоод ирвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ямар байна түүнийг л мөрдөнө. Газрын тосны үнэ буурвал шатахууны үнэ буурна, өсвөл дагаж өсөөд явах зарчимд шилжинэ. Өөрөөр хэлбэл, бид баримжаалах үнэтэй, төсөөлөх төсөөлөлтэй болж чадлаа. Ямар ч байсан газрын тосны бүтээгдэхүүнийг улс төрөөс холдуулж, бизнесийнхээ зарчмаар явна гэдгийг тохирч чадсан. Засгийн газар хоорондын хуралдаанаар ч энэ асуудлыг нэг мөр тохирсон. Энэ бол бидний хийсэн хамгийн том ажлын нэг.

Хамтарсан үйлдвэрүүдийн талаар ямар шийдэлд хүрсэн бэ?

Манай талаас тавьсан нэг санал бол Асгатын мөнгөний ордыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байсан. Энэ нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нэг шинэ төсөл юм. Хоёр улс хоорондоо ярилцаж байж л ашиглахгүй бол өөр хэн ч ашиглахгүй шүү дээ. Энэ талаар “Ростехнологи”-той ярилцсан. Оросын талаас маш тодорхой шаардлага тавьсан. Бид ч зөв гэж хүлээж авсан.

Ямар шаардлага байсан юм бэ?

Бид та бүхэнтэй санал нэг байна. Дуртайяа эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Ганц Асгатын орд биш “Монголросцветмет” компанийг ашигтай ажилллуулах хэрэгтэй байна. Бүтээгдэхүүний, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хиймээр байна. Өөр уурхайнууд нээж, дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй байна гэсэн. Оросууд, танай талаас ТӨХ шийдвэр гаргадаг болохоор шийдвэрт улс төр орж, бизнесийн зарчмаас гаждаг. Үүнийг шийдчихвэл компанид өөрт нь IPO хийх, зээл авах, мөнгө босгох бүх боломж нээгдэнэ. ОХУ-ын томоохон банкууд ч хамтарсан үйлдвэрүүдэд зээл өгөх боломжтойгоо хэлсэн. Манай тал энэ асуудлыг шийдэхээ илэрхийлсэн. Бид тэдний тавьж байгаа асуудалд бодитой хандах ёстой. Тэдний ярьж байгаа нь оргүй зүйл биш. “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том 10 компанийн нэг. Гэхдээ бусад үйлдвэрлэгчтэй харьцуулахад өрсөлдөх чадвар нь жил ирэх тусам буурч байна. Энэ жил гэхэд ногдол ашгаа өгч чадахгүй, бүр алдагдалтай ч ажиллаж магадгүй болчихлоо. Оросын талаас тавьж байгаа зарчмын нэг санал бол хамтарсан үйлдвэр, компаниудын Монголын талын эзэмшлийг бизнесийн хэлбэрт шилжүүлэх. ОХУ энэ асуудлыг хэдэн жилийн өмнө шийдчихсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ТӨХ нь эзэмшиж байсныг “Ростехнологи” төрийн өмчит компани руу шилжүүлсэн. Хэрвээ манай тал өөрийнхөө эзэмшлийг төрийн өмчит ямар нэг компани руугаа шилжүүлэх юм бол цэвэр бизнесийн зарчим дээрээ суурилаад хөгжиж болно.

“Монголросцветмет”-ийн эзэмшлийг “Эрдэнэс МГЛ” рүү шилжүүлэх ажил эхлэх нь гэж ойлгож болох уу?

Удахгүй эхэлнэ. Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Засгийн газрын эзэмшлийн уул уурхайн компаниудын хувьцааг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлж байгаа. Улам эрчимжүүлнэ.
“Эрдэнэс МГЛ”-д шилжүүлсний дараа жинхэнэ компанийн зарчмаараа ажиллана. Эрдэнэтийн хувьд зэс хайлуулах үйлдвэрээ барь, зээл авах бол ав, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болго гэж байгаа. Ямар ч асуудал байхгүй. “Монголросцветмет”-ийн хувьд ч Баргилтын төмрийн ордыг ашиглаж байна. Компанийн зохион байгуулалтыг өөрчилж, хувьцаат компани болгоход болохгүй зүйл үгүй. Оросын тал ч үүнд нааштай хандаж байгаа. Төр өөрөө бизнест оролцоод явах нь тийм ч сайн зүйл биш. Ялангуяа төрийн байгууллага. Төрийн өмчит компани бол өөр шүү дээ. Улс орны эрх ашигт нөлөөтэй, стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа салбар, аж ахуйн нэгж дээр төрийн өмчит компанийн хэлбэрээр оролцож хянадаг тохиолдол олон бий. Тэр л зарчмаар явуулах ёстой. “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн СОВЕТ-ын хурлаар энэ асуудлыг тавина.

Асгатын ордыг ашиглахад бэлэн болчихсон уу? “Эрдэнэс МГЛ”-д Асгатын ордыг шилжүүлэх үү,  эсвэл “Монголросцветмет”-ийг шилжүүлэх юм уу?


Асгатын ТЭЗҮ бэлэн. Ашиглахад бэлэн болчихсон гэсэн үг. Эхлээд компаниа байгуулах ёстой. Оросын талаас Асгатыг “Монросцветмет”-ээс салгахгүй гэсэн. Тэгэхээр “Монросцветмет”-ийн төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх байх. “Монголросцветмет”-д ганц Асгат байдаг юм биш. Бор-Өндөрийн жоншны үйлдвэр байна. Тийм болохоор томоор нь явуулах байх. Үүнийг нарийн ярилцаж таарна.

Орос-Хятадыг холбосон газрын тос, хийн хоолойг Монголын нутгаар дайруулах асуудал яригдсан гэсэн. Оросын тал хэрхэн хүлээж авч байна вэ?

Ази-Европыг холбосон гурван улсын хооронд дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх төслийн санаачилгыг манай Засгийн газраас ОХУ-д тавилаа. Урьд нь Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурал дээр Хятадын талд энэ санаачилгыг тавьж байсан юм. Хятадын тал манайхыг дэмжин хүлээж авсан. Энэ нь Хятад-Монгол-Оросыг холбосон “Таван шугам” төсөл юм. Эрчим хүчний, төмөр замын, авто замын, нефтийн хоолойн, байгалийн хийн хоолойн шугам бий болгоё гэдгээ ОХУ-д танилцууллаа. Монгол улс ОХУ-аас БНХАУ руу гаргах бараа бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх, бизнесийг нь дэмжих боломжтой юм. Өмнө нь газрын тос, байгалийн хийн хоолой Монголыг тойроод явлаа гэж нэлээд ярьдаг байсан. Энэ удаа бид асуудлыг албан ёсоор тавьж, Засгийн газрын комиссын протоколд оруулсан. ОХУ, Хятадын хооронд ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлэхэд Монгол улс оролцъё гэсэн санаа. Мэдээж нэг амьсгаагаар нэг дор хийхгүй. Үүний араас ажиллах ёстой.

Төмөр зам дээр ч бас УБТЗ-ыг 2020 он хүртэл шинэчлэх   гээд тодорхой асуудлууд яригдсан. Цахилгаан эрчим хүч дамжуулах чиглэлээр эрчим хүчний шугамын замын зураглал дээр Эрчим хүчний Дэд сайд гарын үсэг зурсан. Нефтийн болон байгалийн хийн хоолойг тавих тал дээр Хятадын талаас идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Ойрын хугацаанд ажил болгохоор ажиллах болно. Хөршүүд тал тал тийшээ харж суух биш хамтарч ажиллах ёстой гэдэг дээр бүгд санал нийлж байгаа.

Орос, Хятадыг холбох нефтийн болон хийн хоолойг Монголоор дайруулж тавих асуудал нэлээд яригддаг ч манай улсыг тойрч явах гээд байна гэдэг. Энэ асуудал дээр саналаа нийлүүлж чадсан гэж ойлгож болох нь ээ?

Ямар ч байсан бид саналаа албан ёсоор тавьчихлаа. Одоо ажил хэрэг болгох нь чухал.  Манай улс өөрөө Хятад руу нефтийн болоод хийн хоолойг ойрын хугацаанд тавихаар яригдаж байна. “Петро Чайна” компани энэ жил таван сая баррель газрын тос олборлоод байна. Үүнийг өмнөх шигээ машинаар зөөнө гэж байхгүй. Бага хэмжээний байсан бол машинаар зөөгөөд байж болно. Хэдэн сая тонн нүүрсийг машинаар зөөж болдог ч 20, 30 сая тонн болохоор яалт ч үгүй төмөр замаар тээвэрлэхээс өөр замгүй. Үүнтэй адил хэдэн сая баррель газрын тосыг хоолойгоор зөөх шаардлагатай болно. Хятадын талтай ярьж байгаад Тамсагийн сав газраас Хятад руу газрын тосны дамжуулах хоолой барих ажлыг ирэх жилээс эхлүүлнэ. Ажлын хэсэг гарч ажиллана. Хятадын болоод олон улсын байгууллагуудтай ярилцаж байна.

Үүнээс гадна Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр нүүрсний давхаргын метан хийг боловсруулж Хятадад экспортлох Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Монгол улсын хувьд шинэ зах зээл, шинэ бүтээгдэхүүн бий болж байна. Монгол улс 168 тэрбум тонн эрчим хүчний нүүрстэй. Бүгдийг нь шатаана гэж байхгүй. Зөөгөөд авах хүн байхгүй. Өндөр технологи ашиглан хий болгож, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад үлдсэнийг нь Хятад руу экспортлох боломжтой. Үүнийг хоолойгоор л дамжуулах болно. Хятадтай холбосон энэ хоёр хоолойгоо Оросын хоолойтой холбох санаа бий. Ингэвэл Оросын талд эдийн засгийн хувьд ашигтай. Хятад, Монголд ч ашигтай. Үндсэн санаа нь энэ юм. Ийм зүйлийг тохирлоо. Одоо талууд идэвхтэй ажиллах л үлдэж байна.

2013 оны 12 сар
С.Болд-Эрдэнэ

Монгол HD-н талаар

2013-12-12

Монгол HD телевизийн Макдоналдсын мэдээтэй холбоотой хийсэн үйлдэл олон нийтийн дунд багагүй маргаан дэгдээгээд байна. Энэ талаар сэтгүүл зүйн салбарт хүчин зүтгэж яваа хүний хувьд үзэл бодлоо, зарим баримт сэлтийн хамт хүргэе.

Жишээ буруу байлаа

Монгол HD-н үндсэн санаа нь мөнгөтэй хүн хүссэн мэдээллээ хүссэн мэдээллийн хэрэгслээрээ цацаж болдог, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгө авч л байвал ямар учиртай мэдээлэл, эх сурвалж нь хэн, үнэн бодитой эсэхийг нь шалгахгүйгээр цацдаг нь буруу гэдэг асуудлыг хөндөхийг оролдож. Гэхдээ тэд нэг алдаа гаргасан. Сонгосон мэдээ нь учир дутагдалтай байлаа.
МакДоналдс нээгдэнэ гэдэг бол цэвэр реклам сурталчилгааны агуулгатай. Реклам, мэдээ хоёрын үндсэн ялгаа нь нэг нь мөнгө төлж, бэлэн текстийг өгдөг бол нөгөө нь сэтгүүлч өөрөө явж бэлтгэхэд байдаг. Мэдээж нарийн ялгаа зааг бий. Хуулиндаа бол “Зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийгхэлнэ гэчихсэн байна. Энэ утгаараа Макдоналдс мэдээ биш реклам гэж би хувьдаа ойлгож байгаа. Үүний оронд Женко Баттулга – АПУ Батхүү, эсвэл Оюутолгой, Төмөр зам, Эрдэнэт, Сугар, бүр нийгмийн өөр нэг эмзэг сэдэв сонгоод өөрөө худал мэдээлэл бэлдэж, түүнийгээ сэтгүүлч, захирал, маркетингийн менежерт мөнгө төлж цацуулсан бол энэ жинхэнэ BOOOM болж, Монгол ТВ-н зорилго 100 хувь биелэх байлаа. Магадгүй Р.Амаржаргал Фортууны оронд сайд болохоор тохироо хийжээ гээд түүнийгээ мөнгө төлөөд цацуулж болох. 

Бүгд хууль зөрчсөн

News.mn сайт онцлох хэсэгтээ “Монгол HD ТВ-ийн өмнөөс уншигчдаасаа хүлцэл өчье “ гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж. Үндсэн санаа нь бид бизнес мэдээний буландаа орлуулсан, цэвэр реклам гэжээ. Тэдний зөв. Гэхдээ сурталчилгаа ч гэсэн өөрийн хуультай байдгийг санах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Зар сурталчилгааны тухай хууль гэж бий.
Хуулийн 6.1, “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэжээ. Энэ утгаараа сонинууд болон сайтууд бэлдэж өгсөн рекламыг нь сурталчилгаа байдлаар гаргасан болохоор буруудах зүйлгүй. Харин телевизүүд рекламынхаа цагаар биш мэдээллийн хөтөлбөрийн цагаар цацсан болохоор уг заалтыг зөрчиж таарч байгаа юм.
Мөн хуулийн 11.3Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн байна. Макдоналдсын мэдээ мэдээллийн хөтөлбөр дундуур явсан. Хууль зөрчсөн үү зөрчсөн. Монголын телевизүүд бүгд мэдээллийн хөтөлбөрийнхөө дундуур реклам явуулдаг. Бүтэн хоёр цагийн мэдээллийн хөтөлбөр гэж заачихаад тал нь реклам явдаг телевизүүд олон бий. Хуулиас нуухын тулд “Бизнес мэдээ” гэдгээр халхавчилдаг байх. Ингээд үзэхээр Монголын телевизүүд Зар сурталчилгааны тухай хуулийг бүгд зөрчдөг гэсэн үг. Харин хэн хариуцлага тооцдогийг нь хэлж мэдэхгүй юм.
Мөнгө төлсөн л бол ямар ч рекламыг цацах ёстой юу гэдэг асуудал бий. Зар сурталчилгааны бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн бүрэн хариуцна гэсэн бичигдээгүй “зарчим” манай улсад үйлчилдэг. Гэхдээ ийм заалт ямар ч хуулинд байдаггүй юм билээ. Үүнийг хуульчилж, дүрэм журам тогтоох гэж оролдож байсан ч бүтэлтэй зүйл болоогүйг санаж байна. Ямар ч байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн З.1 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалт байдаг юм байна. Эхний өгүүлбэр нь их аюултай утгатай шүү.
Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллага худлаа, хуурамч зар сурталчилгаа явуулахаас сэргийлж болох заалт Зар сурталчилгааны хуульд байдаг юм байна. Хуулийн 21.1-т, “Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг зар сурталчилгаа захиалагчаас шаардах эрхтэй” гэсэн заалт байна. Дээрх 9 байгууллагын ганц нь ч энэ эрхээ эдлээгүй, нотлох баримт шаардаагүй, мөнгө л шилжүүлбэл ОКЕЙ гэснийг бүгд харсан. Эрхийг эдлэхгүй байж болно л доо. Үүрэг биш хойно заавал биелүүлэх шаардлага ч байхгүй. Гэхдээ маркетингийн менежерүүд энэ заалтыг цээжлээд авчихад гэмгүй л байх.
Мөн хуулийн 6.2-т, “Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна”. 12.2-т,Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна” гэжээ. Уг заалт сонин, сайтуудад хамааралтай гэж болохоор. Реклам өгөгч нь өөрийнхөө тусгай зөвшөөрлийн дугаарыг, холбоо тогтоох хаяг, утсыг рекламандаа оруулаагүй байна. Хуулийн дагуу реклам бүтээгч нь уг хариуцлагыг хүлээх болно. Реклам түгээгч түүнийг нь шалгаж болно. Шалгахгүй ч байж болно. Ингээд үзвэл Монгол ТВ-н “туршилт”-ад сайт, сонингоос илүүтэй телевизүүд “унасан” гэж хэлж болно.
Гэхдээ Монгол ТВ агуулгын том алдаа гаргасан гэж үзэж болно. Тэд Монголд мэдээ, реклам 2-ын ялгаа ямар байдгийг мэддэггүй бололтой. Магад сэтгүүлчид нь туршлага дутсан байж болно. Эсвэл олон улсын жишиг нь Монголынхоос өөр байдаг ч байж болно. Үгүйсгэхгүй. Эсвэл бүгдээрээ хэлэлцэж байгаад биш ганц хоёр хүний санаачилга байж болно. 

Хяналтгүй мэдээ

Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт коопи-паастын арми улам бүр хүчирхэгжсээр байгаа. “Телевизүүдийн мэдээг өдөр тутмын сонинууд бэлдэж өгдөг” гээд нэг сонины эрхлэгч ярьсан удаатай. Дутуу санагдаж байна. Өнөөдөр сонин-сайт-телевиз-сайт-сонин-телевиз гэсэн гинжин холбоонд мэдээ ямар ч шүүлтүүргүй, шалгалтгүй дураараа урсаж байгаа. Гэхдээ мэдээллийн цөм нь өдөр тутмын сонинуудаас гардаг. Одоо бүр Фейсбүүк, Твиттер гэсэн олон нийтийн сүлжээ дээр нь хүч хавсарчихсан. Эндээс хэрэглэгч, үзэгч, уншигч яаж бодит үнэн мэдээллийг хүлээж авах ёстой юм бэ? Би хувьдаа хариулт хэлж мэдэхгүй байгаа.
Монгол ТВ өөрөө мэдээгээ хянадаг юм уу? Адилхан л бохир сэтгүүл зүй байж ... бла бла бла гээд салбарынхнаас нь шүүмжлэлүүд хөвөрч байна. Миний бодлоор Монголд мэдээгээ хянадаг байгууллага хуруу дарам цөөхөн шүү. Өөрийнхөө нэг мэдээн дээр жишээ татая.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүн шинээр томилогдсоныг анхлан олон нийтэд хүргэсэн юм. Тухайн үедээ зориуд хэд хэдэн өгүүлбэр оруулж, зургийг нь эвлүүлж, Mining Journal гэж тамгалж байв. Орой нь миний мэдээ яаж цацагдах нь вэ гэдгийг танадлаа. Монгол HD, Ийгл, бүр Блүүмбэрг ТВ Монгол хүртэл цацаж байв. Нэг зүйлийг баттай хэлнэ. Миний мэдэхийн Блүүмбэрг,  Монгол ТВ хоёр мэдээллийг баталгаажуулж чадаагүй шууд цацсан. Ийгл-д баталгаажуулах үндсэн эх сурвалж байгаа болохоор баталгаажуулсан эсэхийг мэдэхгүй. Маргааш нь нөгөө том том гээд байдаг 5-6 сонин дээр мэдээ маань яг тэр чигээрээ гарсан байв. Зарим нь бүр Mining Journal гэсэн тамгатай зургийг нь хүртэл копидсон байгаа юм.
Ийм тохиолдол Монголд хар мянгаараа байгаа. Бүр бүх сонин, сайтын мэдээ тавьчихаад түүгээрээ реклам авдаг сайтууд ч олон бий. Монгол ТВ ч бас тэдний адил мэдээ ашигладаг уу гэвэл ашигладаг. Олон нийтийн бүх л мэдээллийн хэрэгсэл ийм байгаа. Үүнийг өөрчлөх ёстой юу гэвэл ёстой. Харин яаж гэдэгт тохирсон шийдэл одоо болтол гараагүй л байна. 

Төгсгөлийн үгс

Магадгүй Монгол ТВ-н “туршилт” ийм байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахад нэмэр болно байх гэж хувьдаа итгэлтэй байгаа. Ийм “туршилт” хийснээрээ “Бид эхлээд энэ байдлаас гарна” гэдгээ үзэгчид, салбарынхныхаа өмнө зарлаж байна гэж ойлгож байгаа.
Тэд өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьж, сэтгүүлзүйн салбарт нэг цочроо өглөө гэж бодож байгаа. Одоо рекламны менежерүүд реклам авахдаа ядаж ганц ч гэсэн асуулт асуудаг болох байх. Сэтгүүлчид маань ч аливаа мэдээллийг боломжийн хэрээр нягталж, шалгадаг болно байх.  Монгол ТВ-н дутуу дулимаг туршилтын үр дүн л энэ байх.
Тэдний “туршилт” –ыг сэтгүүлч нөхдийн маань ихэнх нь таагүй хүлээж авч байна. Гэхдээ найзуудаа, нэг ч гэсэн телевиз ийм оролдлого хийсэнд нь баярлалаа гээд хэлж болохгүй гэж үү? Сэтгүүлзүйн бугшсан байгаа энэ бохир заваан бүхнийг сэтгүүлчид нь, хэвлэлийн байгууллага нь дотроосоо санал санаачилга гаргаж, өөрчлөх ёстой биз дээ? Хэн нэг нь түрүүлж ямар нэг үйлдэл хийх ёстой биз дээ? Монгол ТВ-н хийсэн энэ үйлдлийг өрсөлдөгч ч гэх юм уу, дайсны нүдээр битгий хараач гэж нөхдөөсөө, ялангуяа залуу сэтгүүлчдээсээ хүсмээр байна. Би эзэд, эрхлэгч, захирлуудаас биш сэтгүүлчдээсээ хүсч байгаа юм шүү. Ийм оролдлогуудыг элдвээр шүүмжлээд, няцаагаад байвал ийм оролдлого хийх хүн, байгууллага дахиж гарч ирэхгүй. Бид хэзээ ирэхийг нь мэдэхгүй тэр эрүүл саруул сэтгүүлзүйг хүлээгээд бахь байдгаараа хэчнээн жил явахыг ч мэдэхгүй юм.
Төгсгөлд нь, өөр ямар нэг сонин, телевиз, магадгүй Монгол ТВ дахиад маш ул суурьтай “туршилт” хийнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Оюутолгойг гацаанаас гаргах эрэлхийлэл

2013-11-26


Засгийн газар ба “Эрдэнэс Оюутолгой”
Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг солилоо. Ноён Макрейн гэрээний хугацаа дуусч, есдүгээр сарын нэгнээс шинэ Захирал ажилдаа орж байна. Энэ томилгооны өмнөхөн Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг найман сарын дараа халж орхилоо. Түүний оронд жил гаруй “ажилгүй” явсан гавьяат эдийн засагч Д.Ганболд томилогдов. “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчид дуу дуугаа авалцан, ийн өөрсдийн хүмүүсээ сольж буй нь олон хүнийг гайхашралд оруулж байна.
К.Макрейн хувьд гэрээт хугацаагаа дуусгаад үүрэгт ажлаа амжилттай биелүүлээд буцаж байгаа хүн. Богино хугацаанд дэлхийд тэргүүлэх баяжуулах үйлдвэрийг барьж, “Оюутолгой” төслийг эхлүүлсэн. Харин Ц.Сэдванчигийн хувьд захианы “хэргээр” халагдаж байна. Долдугаар сарын 19-нд “Рио Тинто”-гийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жак руу илгээсэн Төслийн санхүүжилтийн талаарх  захиа түүнийг албан тушаалаас нь халагдахад хүргэлээ. Захианы агуулгын талаар хойно өгүүлэх болохоор түр орхиё.
Ц.Сэдванчигийг УИХ, Засгийн газрын өмнөөс “том” дуугарсан, Засгийн газарт ирэх галыг өөр дээрээ авч халагдлаа гэх мэтээр мэдээллийн хэрэгслэлүүдээр мэдээлж байна. Өөрөө ч би захидал явуулаагүй бол хэн нэг нь явуулах байсан хэмээн ярьсан байв. Харин яагаад Ерөнхий сайд, эсвэл Уул уурхайн сайд биш “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал “Рио Тинто” руу захидал явуулах болов гэдэг нь сонирхолтой.
Анзаарсан бол өнгөрсөн хоёрдугаар сард “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал эхлэх үед Монголын дөрвөн Сайд хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш тэд Оюутолгойн талаар ганц ч үг унагаагүй. Д.Ганхуяг сайдын албаны хэдэн үгийг эс тооцвол шүү дээ. Үүнийг “Оюутолгой” төсөл дээр цаашид Засгийн газрын барих байр суурьтай холбон тайлбарлаж болно. “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчид нь 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” /Рио Тинто/, 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компани.

Гэтэл Оюутолгойтой холбоотой том жижиг ямар ч асуудал дээр “Эрдэнэс Оюутолгой” бус харин  Засгийн газар дуугарч ирсэн нь Засгийн газрыг аар саар хов живд хутгалдаж байдаг чавганц шиг харагдуулах болсон. Оюутолгойтой холбоотой ямар нэг сөрөг мэдээлэл гарах тоолонд Монголын Засгийн газрын нэр холбогдож, гадаад ертөнцөд нэр нүүрээ алдаж байв. Ялангуяа Засгийн газрыг төлөөлж байгаа гол сайдууд нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд шүүмжлэлтэй ханддаг улстөрчид болохоор бүр ч нэрмээс болсон биз. Тиймээс өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар Оюутолгойгоос зайгаа барьж, төлөөний “Эрдэнэс Оюутолгой” компанидаа итгэж найдсан хэрэг. Нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд байгаа эсэх нь мэдэгддэггүй  “Эрдэнэс Оюутолгой” галын шугаман дээр гарч ирэв. Ингэснээр “Оюутолгой” төслийг тойрсон маргаан Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн хооронд биш хувь нийлүүлэгч компаниудын хооронд өрнөх болсон. Товчхондоо бизнесийн зарчмаар компани хоорондын асуудал болж, Засгийн газар нэрээ татаж эхэлсэн хэрэг.

Харин санаачилгыг гартаа авсан Ц.Сэдванчиг хэд хэдэн хийтэй үйлдэл хийсэн бололтой. Өнгөрсөн хавар далд уурхайн санхүүжилтийн 4 тэрбум долларыг зээлүүлэх томоохон банкуудын удирдах албан тушаалтнууд Монголд ээлж дараалан ирж, “Оюутолгой” төсөлтэй танилцсан. Чимээгүйхэн өрнөсөн эдгээр айлчлалын үеэр ямар зүйлс яригдсан нь тодорхойгүй ч энэ үеэс “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” хоёрын харилцаа илт муудаж эхэлжээ. Ц.Сэдванчигийг энэ үед эхний алдаагаа гаргасан болов уу хэмээн таамаглаж байгаа юм.
Үүний дараа нөгөө алдарт захидал орно. Уг захианд Монголын тал “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьсан байна. Мөн далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх юм бол хувь нийлүүлэгч талуудын байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх нөхцөл бүрдэж байгаа гэдгийг дурджээ. Гэрээнд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоос хийнэ хэмээн тусгасан байдаг. Нэгэнт “Рио Тинто” гэрээнд тусгасан санхүүжилтээр явах боломжгүй гэж үзэж байгаа бол Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай болно. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан болохоор өөрчлөх бол мөн л УИХ-аар хэлэлцэнэ гэсэн утга бүхий хоёр хуудас захиаг “Рио Тинто” руу явуулж. Далд уурхайн санхүүжилтийг   шийдэхэд “Рио Тинто”-д  хэдэн сарын турш тодорхойгүй байсан хувь нийлүүлэгч талын албан ёсны ямар нэг хариу хэрэгтэй байсан нь ойлгомжтой. “Эрдэнэс Оюутолгой” компанийн албан захидлыг хүлээж авангуутаа гурав хоногийн дараа далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын ажлыг түр хойшлуулснаа зарлах нь тэр. Хэдэн сарын турш Монголын талын тодорхойгүй байдлыг хүлээн суухдаа хэдэн зуун сая долларыг далд уурхай руу хийсэн “Рио Тинто”-д үүнээс өөр зам байгаагүй биз. Зөвшөөрөх болоогүй байна аа гээд байхад хөрөнгө оруулалт хийгээд байна гэж юу байхав.

Ц.Сэдванчиг захирлын халагдах болсон шалтгаан нь энэ. Зүгээр нэг захиа явуулснаас болсон бол аль долдугаар сард халах л байсан. Сар орчмын дараа буюу “Рио Тинто” далд уурхайг зогсоож, “Оюутолгой” ХХК 1700 гаруй ажилтныг халах болсноо мэдэгдсэний дараа түүнийг халсан нь “Оюутолгой” төслийг гацаанд оруулсан буруутнаар мань хүнийг тодруулсан гэсэн үг. Хоёрдугаар сард хоёр тал “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Оюутолгой” төслийг их улс төрийн талбар болгохгүйн тулд бизнесийн зарчмаар нь “Эрдэнэс Оюутолгой”-д даатгаж, сайдуудыг галын шугамаас аль болох холдуулахыг оролдсон гэлтэй. Гэсэн ч одоо уг төслийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй болж, гацаанд ороод байгаа юм. Үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа ч далд уурхайн том бүтээн байгуулалт зогсож, тахир дутуу хүн мэт болоод байна.
Засгийн газар Оюутолгойн маргаанаас өөрийгөө татаж авахыг оролдож, “Эрдэнэс Оюутолгой” компанидаа даатгасан нь нэг талаар зөв байж болох ч эргээд Засгийн газрыг шалбаагт унагаж орхисон. Юу гэхээр “Эрдэнэс Оюутолгой” компани зөвхөн компанийн хэмжээнд Оюутолгой төслийн үйл явцыг харж, харилцаж, Засгийн газрыг компанийн эрх ашгийг хамгаалсан мэдээллээр хангаж байв. Түүний цаана уг төслөөс Монгол улсын эдийн засаг ихээхэн хамааралтай болсон, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссоноос макро эдийн засгийн олон тоо савлаж байгаа нь Сайд нарын толгойн өвчин болж байгаа.
“Эрдэнэс Оюутолгой”-н хувьд гэрээний заалтуудын хэрэгжилт биелж байвал гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, долларын чангаралт тэдэнд шууд хамааралгүй.   Энэ нь эргээд “Эрдэнэс Оюутолгой” компани Засгийн газраа хөмөрч мэдэх том асуудал болон хувирч байгаа юм. Ц.Сэдванчигийн хувьд энэ бүхнийг нарийн тооцоолоогүй зөвхөн гэрээг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулсан нь алдаа гаргах нөхцөл болсон байж магадгүй юм. Цаашид “Рио Тинто”-той үл ойлголцсон ийм байдал  удаан  үргэлжилбэл Засгийн газар бүр ч хүнд байдалд орж болзошгүй тул Ц.Сэдванчигийг өөрчилсөн биз.
 
Засгийн газар буулт хийж байна

Долдугаар сард гадаад сектор ихээхэн муудсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал нүүрсний экспорт 2012 оноос 35 хувь, 2011 оноос 68 хувиар буурав. Монгол улсын валютын урсгалын голлох эх үүсвэр болох гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодитой орох урсгал өнгөрсөн оны мөн үеэс 31 хувь, 2011 оны оргил үеэс 56 хувиар буурсан бол Оюутолгойгоос бусад компаниудад орох хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн оноос 43 хувь, 2011 оноос 61 хувиар буураад байна. Ялангуяа Оюутолгойн орлогоос  бусад валютын урсгал сарын сүүл рүү бараг зогссоноос ялгаагүй аж. Эхний хагас жилд экспорт, ГШХО тааруухан үзүүлэлттэй гарсан ч долдугаар сард огцом дорджээ. Үүний шалтгааныг эдийн засагчид “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайд оруулах хөрөнгө оруулалтыг зогсоосонтой холбон тайлбарлаж байна. Зөвхөн валютын урсгал ч бус гадаадын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй Монголын компаниудын хувьцаа мэдэгдэхүйц унасан. “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны үнэ 2009 оноос хойш хамгийн доод үнэдээ хүрэв. Оюутолгойн хөрөнгө оруулалт эдийн засаг, валютын урсгалд шууд болоод шууд бусаар ямар хүчтэй нөлөөлж байгааг эндээс харж болно. 

 “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгч талууд өөрсдийн төлөөний хүнээ солилоо. Шинэ удирдлагууд шинээр эхэлж таарах нь. “Эрдэнэс Оюутолгой” компанийнхан Лондонг зорьж, “Рио”-той хэлэлцээрийн ширээний ард суув. Асуудал хурцдаж, Засгийн газрын хувьд нэлээд хүнд болсон. Гэрээ байгуулаад дөрвөн жил орчим явсан бизнесийн хамтрагчтайгаа хэл амаа ололцож чадаагүй нь ар араасаа олон сөрөг үр дагавар дагуулж буй болохоор Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн шинэ захиралд “Рио Тинто”-той хэл амаа ололцохыг чиглэл болгож байгаа бололтой. Дөрвөн жил хамтран ажилласан бизнесийн түнштэйгээ учраа ололцох нь өнөөдөр хамгийн гол асуудал. Тиймээс ч Засгийн газар энэ удаад буулт хийж, тулгарсан асуудлаа хэвлэлээр биш, ширээний ард ярилцаж шийдье гэж байгаа бололтой. Ингэх шалтгаан Засгийн газарт хангалттай бий. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд “Рио Тинто”-той хэл амаа ололцох нь чухал.
Үүнээс гадна УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь тодорхой болсон. Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын хэмжээ, байгальд ээлтэй технологи ашиглах байдал, ажлын байр шинээр бий болгож байгаа зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж гадаад, дотоодын гэж ялгахгүй хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн тогтвортой орчныг бий болгох явдал юм. Нэгэнт хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин бий болгох хууль батлах гэж байгаа бол хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа муудалцаад байж таарахгүй. “Рио Тинто”-той цаашид хамтран ажиллаж, “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх нь шинээр батлагдах Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн суурь нь болох юм. Монголыг сонирхож байгаа, яах бол гэж ажиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шинээр батлагдах хууль бус “Оюутолгой” төслийн үйл явц гарт барих луужин нь болсон гэхэд болно. Тиймээс ч Засгийн газар ийн буулт хийж байгаа болов уу. Гэхдээ буулт хийлээ гээд Хөрөнгө оруулалтын гэрээ, хууль тогтоомжийг зөрчинө гэсэн үг биш. Гэрээ, хуульдаа нийцүүлэн  Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг хэрхэн оновчтой шийдвэрлэх арга замыг хамтдаа олъё гэсэн санаачилга юм. “Рио Тинто” ч үүнийг харгалзаж, асуудлыг шийдвэрлэх гарц хайх биз.

“Рио Тинто”-той маргаантай асуудлаа шийдэж чадахгүй бол бусад хөрөнгө оруулагч Монголд итгэх эсэх нь эргэлзээтэй. Цөөнгүй хөрөнгө оруулагч Монголыг орхиж гараад байгаа. Жишээ хэлэхэд, уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх таван компани бүгд Монголд оффистой байсан. Эдгээрээс өнгөрсөн өвөл Бразилийн “Вале” Монгол дахь төслүүдээ зараад гарч явсан бол орж ирээд удаагүй байгаа “Англо Американ” Ашигт малтмалын хууль ямар агуулгатай батлагдахыг харзнаж байна.  Дэлхийн томчуултай Монгол улс хэлэлцээр хийгээд тогтвортой барьж чадахгүй бол жижиг дунд компаниуд, хөрөнгө оруулагчид Монголыг зүглэх талаар мөрөөдөх ч үгүй биз.
С.Болд-Эрдэнэ
Mongolian Mining Journal №08

Б.Энэбиш: Засгийн газрын шахалтаар бизнесийн зарчмаасаа гажсан. Тухайн үед бүгд л үүнийг мэдэж байсан


Жич: Энэхүү ярилцлагыг 2013 оны 7,3-нд олон нийтэд цацсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиштэй ярилцлаа. Ажлаа өгсөнөөс хойш түүний талаар чамгүй сөрөг мэдээллүүд гараад байгаа. Тэдгээрт хариулт авсан юм.

Саяхан “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) Баяжуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг батлууллаа. Ер нь Таныг ажлаа өгөхөд “Тавантолгой” төслийн явц болоод компанийн үйл ажиллагаа  ямар шатандаа байсан бэ? Цахилгаан станц, Баяжуулах үйлдвэр, төмөр зам... гээд?

Би өнгөрсөн оны аравдугаар сард урсгал, гэрээт ажлуудын төлбөрүүдийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 60 сая ам. долларын үлдэгдэлтэй компанийг хүлээлгэж өгсөн. Компанийн үйл ажиллагаа хэвийн, нүүрсний олборлолт, экспорт нь тогтмол явагдаж, оны эцсээр 3 сая тонн нүүрс олборлох боломжтой байсан. Нэмэлт санхүүжилтийн хувьд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, Японы зарим компанитай олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээгээр ахисан түвшний хэдэн хувилбартай санхүүгийн хэлцлүүд хийсэн, түүний зарим нь ТУЗ-д танилцуулагдсан, зөвшөөрөл авах түвшинд байсан.

“Тавантолгой” төслийн тухайд нүүрсний экспорт, үнийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс угаах-баяжуулах үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эхлүүлсэн, 300 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг бэлэн болгож дуусгасан байсан. Коксжих  нүүрсний нэг гол хэсэг болох Баруун Цанхийн талбайг ашиглахааруурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулж, үйл ажиллагааг нь нээж, энэ хэсгийн талбайгаас нүүрс гаргах, орлого олох боломжийг нь компанид бүрдүүлж өгөөд ажлаа өгсөндөө. Баруун Цанхийн уурхайд оператороор ажиллах боломжийн талаар ярилцахаар АНУ-ын “Пибоди Энержи” компанийг урьж байсан. Төмөр замын тухайд энэ асуудал улс төр, улс төрчдөөс болоод гацсан. Харинусны төслийн тухайд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, эрх баригчдын эсэргүүцлээс үүдээд хараахан эхлээгүй судалгааны түвшинд үлдсэн. Товчдоо иймэрхүү байсан.

Баруун Цанхийн уурхай дээр нэг жилийн гэрээт олборлогчийн тендер зарласан. Гадны компаниуд өрсөлдөөгүй, дотоодын хоёр нэгдэл өрсөлдөж байна. Баруун Цанхийг ашиглах талаар та гурван хувилбарыг дэвшүүлж байсан даа. Ер нь Баруун Цанхи өнөөдөр ЭТТ-д ямар үүрэгтэй бол?

Тавантолгой ордын Баруун Цанхийн хэсэг нь Зүүн Цанхийн талбайтай ойролцоо хэмжээний нөөцтэй, нүүрсний чанарын хувьд адил, ирээдүйд жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулах боломжтой гол талбай. Нүүрс олборлож экспортод гаргана гэдэг нь өөрөө орлого, мөнгө учраас Баруун Цанхийн уурхай дээр олон улсын том компаниуд хамтран ажиллах санал тавьдаг.

Цанхийн баруун талбайд АНУ, Хятад, Орос, Япон, Солонгосын гээд гадаадын компаниудын ирүүлж байсан санал, Засгийн газрын түвшинд хийгдэж байсан яриа хэлэлцээрийн явц, түүний нарийн ширийн асуудал, геополитик, улс төр зэргээс болоод цаг их алдаад байгааг сайн мэдэж байсан хүний хувьд би Баруун Цанхийн талбайг ашиглах гурван хувилбар дэвшүүлж байсан. Нэгдүгээрт, гадаадын компаниудын консорциумаар дагнан ашиглуулж, “Эрдэнэс Тавантолгой” өөрөө тодорхой хувийн роялти, ашиг хүртээд сууж байх. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг Баруун Цанхийн талбайн нүүрсийг олборлож ашиглах нөхцөлтэйгээр байгуулж, энэ охин компанийнхаа хувьцааны тодорхой хувь, магадгүй 50хувийг гадаадын томоохон компаниудад худалдаж, хувьцааны санхүүжилтийн сонгодог зарчмаар эхлэлийн хөрөнгөө босгож, тэдгээр гадны компаниудтай хамтран ажиллах. Гуравдугаарт, лиценз эзэмшигчийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө олборлолтоо хийж, нүүрсээ зарах гэсэн ийм гурван хувилбар байсан.

Одоо ч гэсэн аль нэг хувилбараар нь Баруун Цанхийн хэсгийг ашиглаж болно. Эхний хоёр нь “Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад, компанийн үнэлгээнд гадаадын хөрөнгө оруулагч талаасаа илүү эерэг талтай, гео-улс төр, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцоход илүү дөхөмтэй хувилбар юм. Харин гурав дахь буюу өөрөө дангаараа ашиглах нь “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиг талаасаа эерэг боловч, эхлэлийн үе шатанд том уурхай байгуулах, олборлолтод шаардагдах хэдэн зуун сая, тэрбум ам.долларын санхүүжилт босгох, нүүрсний экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлт, үнийн эрсдэлд илүү өртөх магадлалтай ийм л зүйл байгаа юм.

Аль ч хувилбараар явахад цаг алдахгүйн үүднээс ажлыг эхлүүлье гээд Баруун Цанхийн талбайг ашиглах ТЭЗҮ-ийг хагас жил орчим хугацаанд боловсруулж, Эрдэс баялгийн зөвлөл, яамаар батлуулсан. Ингээд 2012 оны намар уурхай байгуулах ажлыг эхлүүлж өгөөд би ажлаа өгсөн. Баруун Цанхийн талбай дээр ажил эхэлсэн тэр эрчээрээ явсан бол өвөл нь газрын хөрсийг хуулаад, өдийд борлуулалтын гэрээгээ байгуулаад нүүрсээ гаргаад эхэлсэн байх боломжтой л байсан. Баруун Цанхийн талбайгаас нүүрс гаргана гэдэг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд санхүүгийн нэмэлт эх үүсвэр гэдгийг ойлготлоо 4-5 сарын хугацаа алдаж дээ гэж л харж байна.

Миний хувьд Баруун Цанхийн талбайг цаг, орлогоо дэмий алдахгүйн үүднээс дангаараа хөрс хуулалт, олборлолтоо эхлүүлж байя, явцын дунд Засгийн түвшинд олон улсын компаниудтай хэлэлцээрээ хийгээд, үргэлжлүүлээд явна биз гэсэн байр суурьтайгаар зориг гаргаж, Баруун Цанхийн уурхайг 2012 оны намар компанийн түвшинд нээсэн. ТУЗ-ийн гишүүддээ танилцуулж, ойлгуулж, ятгаж байгаад бараг бие дааж шийдвэр гаргаад ажил эхлүүлсэн. Тэгэхгүй бол яам, Засгийн газрын түвшинд зөвшөөрөл авах гэхээр улс төрчид, дарга сайд нар хөдөлдөггүй юм билээ. Хуучин ба одоогийн хоёр Ерөнхий сайдад тухайн үед нь танилцуулж, зөвшөөрөл авах гэж оролдож байсан, болгоомжлоод байдаг юм билээ. Тэгээд өөрөө бие даан шийдсэн. Одоо харж байхад онож л гэж боддог.

Энэ гэрээний талаар санаатай, санамсаргүй их ташаа ойлголт, мэдээлэл, яриа яваад байгаа юм. Нүүрс нийлүүлэх гэрээнийталаар анх 2011 оны зун нүүрсний экспорт эхэлж байхаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга нээлттэй тайлбарлаж ярьдаг байсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр 2012 оны есдүгээр сард дэлгэрэнгүй мэдээлэл албан ёсоор өгч байсан. Гэрээг сайн ойлгоогүй, нарийн ширийн заалтуудыг мэдээгүй байж, гуйвуулж баахан ярьж байгаа. “Чалко” компанитай байгуулсан нүүрс нийлүүлэлтийн гэрээ бол Хятадын төрийн өмчит хамгийн том компаниудын нэгтэй Монголын төрийн өмчит компанийн байгуулсан бизнесийн харилцан ашигтай сайн гэрээ. Тухайн нөхцөл байдалд ч тийм байсан. Одоо ч тийм гэдэг нь харагдаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон зарим сайд нарын ярьснаас үзэхэд гэрээний доторх зүйлийг сайн ойлгоогүй, дутуу мэдээлэл болон буруу өгсөн тооцооны үндсэн дээр ярьсан байдаг. “Чалко”-той байгуулсан гэрээ болон хийж байсан хэлэлцээрийн явцыг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ” компанийн Төлөөлөн удирдан зөвлөл (TУЗ)-д, дээш нь Засгийн газарт байнга танилцуулж байсан. Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглахдаа бүтээгдэхүүний урьдчилсан борлуулалт хийж, мөнгийг нь урьдчилгаа болгон авах тухай УИХ-ын удирдамж бүр 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 тоот тогтоолоор анх гарсан байдаг юм. Хамтарсан Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас ч тийм үүрэг өгсөн байдаг. Борлуулалтын томоохон урьдчилгаа мөнгө эхэлж авах нөхцөлтэйгээр нэлээд хэдэн компанитай хэлэлцээр хийж санал авсанаас “Чалко” тунаж үлдэж, гэрээ хийгдсэн. Их хэмжээний бэлэн мөнгө урьдчилж авна гэхээр хэлэлцэгч компаниудад их хүнд тусдаг. Гэрээ хэлэлцээр хийсэн, Засгийн газраас зөвшөөрөл авсан, танилцуулагдсан гээд бүх юм хууль журмын дагуу явагдсан.

Нүүрсний үнэ буурсан нь гэрээг шүүмжлэх том шалтгаан болсон байх?

Нүүрсний үнэ буурахад Хятадын тал хямд үнээр нь аваад, үнэ өсөхөөр монголчууд өссөн үнээр зарах боломжгүй гэрээ хийгдсэн гэх мэтээр одоогийн Уул уурхайн сайд хэсэг худлаа ярьсан. Иймэрхүү огт үндэслэлгүй, тооцоо судалгаа буруу хийсэн мэдээллийг Эдийн засгийн байнгын хороон дээр ярьсан байсан. Тийм юм гэж юу байхав дээ.

Бас бусад компани 90-110 доллараар зарсан байхад “Эрдэнэс Тавантолгой” таван жилийн турш 70 ам.доллараар зарах гэрээ хийсэн гэж ташаа, худлаа мэдээлэл олон нийтэд тараасан. Тэр 110 доллар гэдэг нь Хятадын хойд хэсэгт байдаг Баотао (Бугат)-гийн гангийн үйлдвэрт нийлүүлдэг үнийг манай Уул уурхайн яам жишиг үнэ болгож, татвар ахиу авах гэж тогтоодог байсан үнэ. “Энержи Ресурс” компанийн нүүрс 90 доллар байсан гэдэг нь Хятадын хил доторх Ганцмодны боомт дээрх ангилж ялгасан, арай ахиу чанартай гуравдугаар давхаргын нүүрсний үнэ. Юм ойлгодог, бизнес гадарладаг хүнд бол ялгаатай гэдэг нь амархан ойлгогдоно. “Чалко”-гийн гэрээний үндсэн нөхцөл, заалтууд сонин хэвлэл дээр хэвлэгдсэн байсан. Хүмүүс уншсан байх. Байнга яригдаад байгаа  болохоор би арай дэлгэрэнгүй хэлье.

Тавантолгой ордын Цанхийн зүүн хэсэг дээр анх газрын хөрс ухаж эхлээд нүүрсэндээ хүрэхдээ өнгөн хэсгийн буюу дөрөвдүгээр давхаргаас олборлосон нүүрсний эхний 1 сая тонныг нь борлуулах үнийг 70 ам.доллараар тохирсон. Энэ эхний нэг сая тонн нүүрсийг нийлүүлсний дараа зах зээлийн үнийн индексийн тохиргоо буюу Хятадын нүүрсний гол дөрвөн зах зээл, боомтын үнийн хэлбэлзлийг улирал тутамд хэрэглэнэ. Үнийн индекс хэрэглэх нь зах зээлийн үнэ өсөх ба буурахад аль алинд нь хамаатай байх гэрээний нөхцөлтэй. 2011 оны эцсээр энэ индексүүдийн тохиргоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н олборлож байсан дөрөвдүгээр давхаргын түүхий нүүрсний үнэ жаахан  өсч, 71, 72 ам.доллар болж байсан санагдаж байна. Харамсалтай нь 2012 оны хавраас олон улсын болон Хятадын нүүрсний үнэ их унасан. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. 2012 оны гуравдугаар улиралд 66 орчим, дөрөвдүгээр улиралд бүр доошилж 53 доллар орчим байснаа одоо 2013 оны хоёрдугаар улиралд 56 орчим ам.доллар болж байгаа юм билээ. Бүс нутгийн нүүрсний үнэ, үнийн эрс уналт нь макро түвшинд олон улсын эдийн засгийн төлөв байдал, ялангуяа Хятадын зах зээлийн хэрэгцээ, шаардлагаас шууд хамаардаг болохоос биднээс хамаардаггүй.

Харамсалтай нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ, үнийн хэлбэлзлийн бууралтын үе эхэлснийг шинжээчид хэлж байна. Бодит байдал ч тийм байна. “Энержи Ресурс” компанийн угааж баяжуулсан, 2011 оны сүүлээр 150 ам.доллараар Хятадын хилийн Ганцмод боомт дээр зарагдаж байсан нүүрс 2012 оны эцсээр 80 ам.доллар хүрэхгүй болж, үнэ нь унасантай харьцуулахад “Эрдэнэс Тавантолгой”-н түүхий нүүрсний үнэ харьцангуй бага хувиар буурсан байгаа юм.

70 ам.доллар гэдэг бол нэгдүгээрт, Монголын хил дотор хилээс 28 км-ийн наана байдаг Цагаанхадны  дамжин өнгөрөх агуулах дээр худалдан авагч талд өгч байгаа үнэ юм. Хүмүүс Хятадын хилийн Ганцмодны боомтын үнэтэй харьцуулж хольж хутгаад байдаг. Хил хүртэл тээврийн, ложистикийн зардал нэлээд гардаг. Хоёрдугаарт, энэ бол зөвхөн дөрөвдүгээр буюу хамгийн өнгөн дээд давхаргын  ямарч ялгалт, баяжуулалт хийгдээгүй, дөнгөж эхэлж байсан чанарын хувьд арай дутмаг хэсгийн түүхий нүүрсний үнэ. Энэ давхаргын нүүрснээс бусад давхаргын түүхий нүүрс болон угааж баяжуулсан нүүрсний үнийг ирээдүйд харилцан тохиролцоно гэсэн гэрээний нөхцөлтэй. Уг нь төлөвлөгөө ёсоор зогсолтгүй явж чадсан бол уурхайн хөрс хуулалт улам доошилж, өдийд гуравдугаар давхаргын нүүрсэнд хүрсэн байх учиртай. Ингэснээр нүүрсний үнийг ч шинэчлэн, хэлэлцэн тохирох боломжтой болох байсан.

Бид 2013 оны хавар, зун гэхэд нүүрсний илүү гүн давхаргадаа хүрч, тэгээд үнээ шинээр тохиролцоно гэж тооцсон байсан. Бас нүүрсний нийлүүлэлтээр өмнө авсан урьдчилгааны өрөө дарж, компани борлуултын орлогоо үзэж эхэлнэ гэж тооцсон байсан. “Таван жил тасралтгүй нэг үнээр, 70 ам.доллараар нүүрсээ зарна гэсэн гэрээ хийсэн” гээд улс төрчид оргүй худлаа ярьсан. Тийм зүйл огтоос байдаггүй юм. “Эрдэнэс Тавантолгой” компанид тийм гэрээ хийчих хүмүүс ажиллаж байгаагүй. Нүүрс угааж, баяжуулах үйлдвэрээ хэдий хэр хурдан ашиглалтад оруулна, төдий чинээ нүүрсний экспортоос илүү орлого олох болно.

Аливаа бизнест урт хугацааны тогтвортой гэрээ байгуулах чухал гэдэг нь одоо харагдаж байна. Хувийн хэвшлийн компаниуд нүүрсний урт хугацааны, тогтмол нийлүүлэх гэрээгүй болохоор экспорт нь доголдох байдал нэлээд гарлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд байнгын худалдан авагчтай, ямар ч тохиолдолд нийлүүлэх үүрэгтэй гэдэг нь гэрээний нэг давуу тал юм шиг санагдсан?

“Чалко”-той байгуулсан гэрээ бол тэднээс урьдчилж авсан мөнгөө нүүрсээрээ буцааж төлсний дараа дахин таван жил үргэлжлэх гэрээ байгаа юм. Уул уурхайн хөрөнгө оруулалт эрсдэл ихтэй бизнес тул урт хугацааны нүүрс нийлүүлэлтийн гэрээ чухал ач холбогдолтой байдаг. Тийм гэрээний үндсэн дээр нүүрсний үнээ тухайн жил, улирлаар тохироод, үнийн хэлбэлзлийн индексээр тохиргоо хийгээд явдаг тэр л сонгодог зарчмаар энэ гэрээ байгуулагдсан. Бас олон улсын хөрөнгийн  биржид хувьцаагаа арилжаалж, IPO хийхэд гаднын хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ борлуулах найдвартай гэрээтэй, харилцагчтай байхыг чухалд тооцдог. Одоо “Эрдэнэс Тавантолгой” гэрээтэй учраас нүүрсээ тогтмолгаргаж чадаж байна. Нүүрс экспортлогч бусад компаниуд үндсэндээ нүүрсээ зарж борлуулж чадахгүй зогссон байгаа. Тэр бүү хэл зарим нь өмнө нийлүүлсэн нүүрсний мөнгөө ч бүрэн авч чадаагүй сураг дуулдаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” бол нүүрсээ нийлүүлээгүй байж мөнгийг нь урьдчилж авсан. Харин авсан мөнгөний дийлэнхийг Засгийн газар нь аваад цаашаа ард иргэддээ хувааж өгөөд бүгдээрээ идчихсэн. Ийм л зүйл болсон.

Энгийн хожоо талаас нь харвал их гарын хүний их хэмжээний мөнгийг тэгнэ гэж хэлээд урьдчилаад авчихсан байгаа биз. Энэ мөнгийг бүгдийг нь уурхайн хөрөнгө оруулалт, төсөл, бизнест зарцуулсан бол компани өнөөдөр илүү дээр түвшинд байх байсан. Хувьцааны зах зээлийн уналтаас өмнө олон улсын биржүүд дээр IPO хийчихсэн, экспортын хэмжээ нэмэгдчихсэн, санхүүгийн хувьд асуудалгүй байх байсан. Нэгэнт л төрийн өмчит компани болохоор компанийн хуулийн дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын яалт ч үгүй шахалтаар бизнесийн зарчмаасаа гажсан. Тухайн үед бүгд л үүнийг мэдэж байсан. Яаж ч учирлаад тоогоогүй шүү дээ. Одоо тэр үеийг эргээд нэг санах л хэрэгтэй.

 “Чалко”-гийн гэрээг өөрчлөхөөр яригдаж эхэлсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах гол шалтгааны нэг болсон гэдэг. Мэдээж “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ, хууль эрхзүйн тогтворгүй орчинтой “хавсарч” шүү дээ?

Монгол улс өнөөгийн нөхцөл байдалд, ер нь гадаадын хөрөнгө оруулалтын хүчинд л эрчимтэй хөгжилд хүрч, дээшээ ахивал ахина. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ганц тулгуур салбар нь уул уурхай. Бусад банк санхүү, аялал жуулчлал зэрэг салбар уул уурхай дагаж орж ирсэн мөнгө санхүүжилт, бий болгосон дэд бүтэц, сонирхол дээр л хөгжвөл хөгжинө. Үүнийг  манай  хүмүүс олон түвшиндээ ярьдаг боловч яг ойлгож, нэгдсэн зорилготойгоор бодитой хэрэгжүүлэх нь их дутмаг. Гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын бизнесийн ашиг олох сонирхлыг өөрийнхөө эрх ашигтай тэнцвэртэй ухаалгаар балансжуулж байж л том, мега төсөл хөтөлбөрүүд урагшаа явна. Аль нэг нь эрх ашгаа хэт бодвол юм урагшаа зохицож явахгүй. Угаасаа амьдрал, асуудал ингэж л урагшилдаг. Өмнөхөө үгүйсгэсэн, эргэж буцсан хандлага таны асууснаар тун балагтай. Бизнес эхлэгчдэд битгий л гадаад харилцаанд ч тусгүй. “Чалко”-гийн гэрээний тухайд би дээр хэлсэн. Бизнесийн харилцан ашигтай, түүн дотроо  Монголын талд илүү ашигтай гэрээ. Тавантолгойн нүүрсний  борлуулалтыг ямар ч үед баталгаажуулсан, өргөн хүрээнд олон асуудлыг багтааж тусгаснаас гадна  манай нүүрсний үндсэн зах зээл болох урд хөршийн төрийн өмчийн хамгийн том компанитай түншлэл тогтоосон явдал нь манай улсын эдийн засгийн бодлого, үзэл санаанд нийцдэг юм.

 Гадаадын хөрөнгө оруулалтын татах талаар та ямар бодолтой байдаг вэ?

Энгийн утгаараа айл гэр мөнгөтэй болж л байвал боломж бололцоо нэмэгддэг.  Гаднаас мөнгө орж ирэх боломж, сувгийг алдахгүй байвал сайн. Түүнийгээ яахав үндэсний аюулгүй байдлын үзэл санаандаа илүү тохируулна биз. Дөнгөж эхэлж байхад цаг нь болоогүй элдэв хуулиар боогоод хэрэггүй. Тэр орж ирсэн мөнгө  төсөл, хөтөлбөр, бизнест зориулагдаж, хүмүүсийн ажил  болж, айл өрхийн орлогод нэмэр болж байвал тэр гол зорилго биз дээ. Ерээд онд гадны Засгийн газруудаас донорын хувьд үзүүлсэн тусламж, төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилт Монгол жижиг учраас, ядуу байсан учраас нэлээд хүмүүст, олон айл гэрт бодитой нэмэр болж байлаа. Оюутолгойн орд нээгдэж, Хятадын эрчимтэй хөгжил болон уул уурхайн бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдсэнээр геологийн хайгуул, судалгааны шинэ үе эхэлж, энэ үед (2003-2010) гадны хөрөнгө оруулалт бизнесийн утгаараа анх удаа Монголд давалгаалж орж ирсэн. Шинээр олон ажлын байр нэмэгдэж, айл өрхүүд орлоготой болж, гэр хорооллын айлууд боломжоороо машин унаатай болж, энэ эрчээрээ явбал орцны жижүүр, ил талбай, гараашийн манаач хийх монгол хүн бараг олдохоо болих нь гэж харагдаж байсан байх. Ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг хүмүүст энэ үсрэнгүй хөгжил Монголыг Азийн Катар болгоно гэж “зүүдлэгдэж” байсан байх.  Дээр таны асуултдаа дурдсан хүчин зүйлүүд, манай тогтворгүй бодлого, гол нь олон улсын санхүү, эдийн засгийн тодорхойгүй хямралт байдал, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буурсанаас болоод ирээдүйд нөгөө зүүдээ дахиж зүүдлэх эсэх нь тун эргэлзээтэй болж байх шиг байна. Боломжоо бүрэн алдаагүй байх. Гэхдээ гадны бизнесийнхэн  манай хөрөнгө оруулалтын орчны талаар базаахгүй, ихээхэн болгоомжтой дүгнэлттэй болсон байна. Гадны хөрөнгө оруулалтын хандлага нэг алдагдвал буцаж сэргэтэл 8-10 жил болдог гэдэг. “Market is very noisy place” гэдэг хэллэг байдаг. Энгийн бүдүүнээр утгачилбал хөрөнгө, мөнгөө оруулах гэж байгаа зах зээл, хөрөнгө оруулалтын орчны талаархи сайн муу, сайхан муухай мэдээ хөрөнгө оруулагчдад ихээхэн чимээ шуугиантайгаар хүрдэг гэсэн үг. “Оюутолгой”, “Чалко”-гийн гэрээтэй холбоотой шуугиан хөрөнгө оруулагчдад ингэж л хүрч байгаа бололтой. “Эрдэнэс Тавантолгой” олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийвэл энэ асуудлыг сайтар тооцох ёстой болно. 
Дунд сургуульд үзсэнээ эргэж санавал манай орны түүхэнд 80-90 жилийн тэртээ зүүнтэн, баруунтан гэж хэсэг ийш тийшээ холбирсон үе байдаг юм. Харьцуулж үзвэл тэр үе буцааж тохиож байх шиг байна. Баабарын хэлдгээр “гадаадын хөрөнгө, капиталыг” бага хэмжээгээр дөнгөж орж ирсэний дараахан нь санаатай,  санамсаргүйгээр шахан зайлуулж байна. “Баяжихтун” гэж  хууль тогтоол гарган лоозогнож улсын  өмч, үйлдвэр, заводаа сүүлийн 20 жил хувьчилж байснаа, одоо төрийн оролцоог нэмэгдүүлж, нийтэд нь хувьцаа хуваарилан “хамтралжуулж”,  эс бөгөөс эрх мэдэл атгасан хэсгээс, улс төрчдийн зүгээс тэр оролцоон дээрээ зүдэргээ ядаргаа үүсгэх байдлууд бий болгох нэг иймэхүү дүр зураг харагдаж байна даа. Би энд тодорхой жишээ биш зүгээр л хандлага ярьж байна. Хандлагаа засаж өөрчлөх боломж байгаа. Гагцхүү гар нагаантай “Улаан хувьсгаалч Дорж” нар л бүү олшроосой доо.  

Нүүрсний зах зээл асар өрсөлдөөнтэй болж байна. Манайхыг төмөр зам дээр маргаж байх хооронд оросууд нүүрсний том том ордуудаа ашиглаад Хятад руу экспортоо эрс нэмж байна. Та энэ байдлыг хөндлөнгөөс юу гэж харж байна вэ?

Миний нэг харамсаж явдаг зүйл бол энэ. Тавантолгойн нүүрсний экспорт, үнэд төмөр замаар тээвэрлэх явдал асар чухал ач холбогдолтой байтал улс төр, бизнесийн эрх ашгийн өрсөлдөөнөөс болж 4-5 жилийн хугацааг зүгээр л алдсан. Уян хатнаар эвийг нь олоод төмөр замын төслийг эхлүүлж болох байсан. Ингэж цаг алдсанаас бид биш өөр улс хожно. Оргүйд орвол гэгчээр хугацаа алдсан ч гэсэн одоо маш эрчимтэй, элдэв сааталгүй төмөр замтай болох хэрэгтэй. Энэ маш чухал шүү.

500 сая төгрөгийн цалинтай хүнийг ажилд авч, үргүй зардал их гаргасан байсан гэж ТУЗ-ийн шинэ дарга Г.Дэнзэн ярьж байсан. Гадаадын хоёр орлогч захирлын талаар Танаас асуумаар байна?

“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр яаралтай гаргах шахуу удирдамжтай, болж өгвөл 2012 оны эхээр гаргах шаардлагаас үүдээд гадаад орлогч захирлуудтай болсон юм. Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд ч үүнийг шахаж зөвлөж байсан. Цалин мөнгөний хувьд хоёр хүний жилийн цалин нийлээд тиймэрхүү байсан. Энэ бол олон улсын стандарт жишигт л нийцүүлсэн асуудал. Нэг орлогч маань уул уурхай, эдийн засгийн талаар харьцангуй туршлагатай, Монголын талаар сайн мэддэг хүн байсан. Нөгөө нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн залуувтар хүн байсан. IPO хойшлогдсон тул гадаад захирлуудыг болиулсан байх. “Тавантолгой” өргөн хүрээтэй цогц төсөл тул би ажлын чиглэлүүд хариуцсан дөрвөн орлогчтой байсан. Хоёр нь гадаад, хоёр нь монгол, тэдгээр нь Ардын нам (тухайн үеийн МАХН), Ардчилсан намын хүмүүс байсан. Тэр хоёрыг  удирдамжаар томилогдсон гэж ойлгож болно.

“Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-д нэлээд хэдэн сайн залуучууд байсан. Ажил маш ихтэй үед хажууд хамт байж, өдөр шөнөгүй ажиллана гэдэг бол их сайн чанар. Г.Тэмүүлэн, Цэнгүүн, Батбаатар, Билгээ гээд 30 гаруй насны, гүйцэтгэх чадвар сайтай, хэл устай хэдэн сайн залуучуудтай хамтран ажилласан. Том төсөл дээр ажиллаж их туршлага хуримтлуулж, бүгд л шинэ зүйл олж авсан. Ийм хүмүүс төрийн, хувийн аль ч компанид алзахгүй, үнэ цэнтэй. Ажлаа мэддэг нэлээд хүмүүсийг, жирийн ажиллагсдыг миний дараа үндэслэлгүйгээр халж сольсон байна лээ. Уг нь өнгөрсөн хэдэн жилд энэ компанид нэлээд хүмүүс бэлдэж, сургаж авсан юм. Алсдаа олон улсын томоохон гэрээ хэлцэлд ороход чадварлаг боловсон хүчин ялангуяа төрийн өмчит компаниудад их хэрэгтэй дээ.


Нэгэнт илэн далангүй ярилцъя гэсэн болохоор Танаас шахаа, улс төрийн дарамтын талаар асууя гэж бодлоо. Таныг 1 тэрбум гаруй төгрөгийн машин, 5 гаруй тэрбумын дугуйн тендерт холбож багагүй шуугиад байна. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ дарга өөрөө 17 тэрбумын тендерт холбогдож, ажлаа өглөө. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

Энэ бол ташаа мэдээллийн үндсэн дээрх санаатай явуулга л гэж харж байна. Тухайн үед нь би хариулт өгч байсан. Одоо ч өгнө. Нууж хаагаад байх юмгүй. Уурхайн олборлолтын ажлын шаардлага, худалдан авалтын үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу хүнд даацын том машины дугуйн тендер зарласан. Тендерээр авсан дугуйнууд нь стандартын дугуйнууд. Намайг байхад нийлүүлэгдсэн. Шинээр авсан хүнд даацын машины дугуйнууд нь хуучнаасаа 3 см орчим зөрүүтэй байсан гэсэн. Аль аль нь стандартынх. Зүйрлэж хэлбэл суудлын жип машины дугуй 17-гийн, 18-ийн дугуй гэдэг шиг. Шинэ ба хуучин дугуйнуудыг урд эсвэл хойно нь зэрэгцүүлж тавибал жаахан эргэлзээ байсан болохоос биш шинээр авсан дугуйг хойд, урд тэнхлэг дээр дангаар нь тавибал техникийн ямарч асуудалгүй. Техникийн дүгнэлтүүд өмнө гарсан, бас саяхан шалгаад гарсан байдаг. Одоо тэр дугуйнуудыг уурхайд ашиглаад дуусаж байгаа гэсэн. Дугуй худалдан авах тендер нь батлагдсан төсвийн хүрээнд, төлөвлөгөөний дагуу, холбогдох хуулийн хүрээнд тендерийн хороо нь байгуулагдаад ном ёсоороо явсан байдаг юм.

Том даацын арван машины тухайд гэвэл ажлын зайлшгүй шаардлагаар тендерийн хуулийн зохих зүйл, заалтын дагуу хийгдсэн зүйл. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байдаг. Засгийн газар, Сангийн яам “Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе.

2011 оны есдүгээр сарын сүүлээр уурхайн олборлолт, нүүрсний экспортын ажлын явцыг би дотоод хяналтын хэсгээрээ шалгуулсан юм. Хөрс хуулалт болон олборлолтод ашиглах зарим хүнд даацын машинуудын нийлүүлэгдэх хугацаа нь хоцроод байгаагаас ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлох зорилт, уулын ажлын төлөвлөгөө тасалдахаар байна. 600-700 мянга орчим тонн орчим нүүрс олборлож чадах нь гэсэн дүгнэлт гаргаж танилцуулсан. Уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийн захиалга, нийлүүлэгдэх хугацаа дор хаяж хагас жил, жилээр тооцогддог. Ингээд жилийн уулын ажлын төлөвлөгөөгөө хэрхэн яаж биелүүлэх талаар ажил хариуцсан хүмүүстэйгээ зөвлөлдсөн. Яаралтай онцгой нөхцөл учраас нэмэлт хэдэн машин механизм шуурхай авч ажиллуулъя гэдэг шийдэлд хүрсэн. Ингэхэд хэдэн шалтгаан байсан.

Юуны түрүүнд төлөвлөгөөгөө биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, томоохон гэрээний дагуу нүүрсээ амласан хэмжээнд нийлүүлэхгүй бол бизнесийн харилцагчийнхаа өмнө нэрэнд хортой. Үүнээс болж нүүрсний урьдчилгаа мөнгө орж ирэх нь саатвал компани “Хүний хөгжлийн сан”-д мөнгө оруулж чадахгүйд хүрнэ. “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө бүрдэхгүй бол эрх баригч МАН, АН-ын сонгуулийн амлалт биелэхгүй болж, хамтарсан засаг ганхах магадлалтай гэх байдлаар шахдаг зэрэг олон шалтгааны улмаас Хятадад үйлдвэрлэгдсэн хүнд даацын 10 том машиныг батлагдсан төсөвтөө багтаан авч, хөрс хуулалтад явуулсан юм. Барууны марк, хийцийн хоёр машин авах мөнгөөр ажилд бэлэн байсан 10 машин авсан гэсэн үг. Миний ойлгодгоор хэрэв нэг сая долларын үнэтэй машиныг хоёр сая доллараар авсан бол, эсвэл 10 машин хэрэгтэй газар 50 машин авсан бол үүнийг харин шахааны бизнес, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж хэлэх байх. Дээрх 10 машины тухайд бүтээмж бараг адил тул харин ч хэмнэлттэй зүйл болсон. Эдгээр машин уурхайд зургаан сар орчим тасралтгүй ажиллаж, үүргээ биелүүлсэн. Хөрс хуулалт буюу уурхайгаас шороо зөөж гаргахад их ажил гүйцэтгэсэн нь уурхайн ажлын бүртгэлд бий. Гайхаад байхаар эд биш. Монголын бусад уурхайд олноороо ажилладаг, хүнд даацын байдаг л машин.

Зүүн Цанхийн уурхайд Австралийн компани 2012 оны хавар олборлогчоор орж ирэн ажлаа хүлээж авахдаа Хятадын машинаар ажилладаггүй гэснээс энэ 10 машин гадаа ил гарааш талбайд тавигдсан. Энэ үед харин машины аккумляторуудыг хулгайд алдсан хариуцлагагүй явдал болсноос хөдөлгөөнгүй зогссон байдаг. Уурхай өргөжиж байгаа тул хөрс хуулалтад ашиглаж байгаад дараа нь уурхайн зам, шинэ кемп барих, суваг шуудуу, газар шорооны ажилд ашиглана гэсэн тооцоотой байсан. “Эрдэнэс Тавантолгой”-н ажил өнгөрсөн оны эцсээс олигтой ахиж өгөөгүйтэй холбоотой тэдгээр машин хүний нүдэнд хэрэггүй юм шиг харагддаг байх. Зохих үйлчилгээ хийж, аккумлятор зэргийг нь тавибал ажиллах бүрэн чадвартай гэсэн техникийн дүгнэлт гарсан гэж дуулсан.

Энэ бол том төсөл хэрэгжүүлж, уурхай ажиллуулж байгаа үед тохиолдож болох ажлын л зүйл. Тулгамдсан ажлын эрх ашиг байсан болохоор тэгж зохицуулсан асуудал. Хэзээ ч ашиглагдахгүй хуучин машин шахаанд авсан гэх мэтээр ярьж байгаа шиг нь алдаа мадагтай зүйл огт байхгүй. Байгаа боломжийг ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлж, машин техникүүдээ ажилд оруулахын оронд хойшоо харж суугаад, ажил хийсэн, ажил амжуулсан хүмүүсийг буцаж гоочлоод байгаа дэмий хандлага “Эрдэнэс Тавантолгой”-н одоогийн удирдлагад байгаа нь онцгүй зүйл дээ.


Төрийн өмчит том компанийн гүйцэтгэх захирлын ажлын бэрхшээл болон ололт амжилт юу байв? Элдэв янзын дарамт, гуйлга их л ирдэг байсан биз? Энэ бүхнийг яаж зохицуулж байв?

Төрийн өмчит компанийн захирал байх ер нь зүдэргээтэй ажил шүү дээ. Зөвхөн бизнес биш хажуугаар нь олон хүчин зүйлийг зэрэг тооцож үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болдог. Гэхдээ миний хувьд Монгол улсын нийт иргэд хувьцаа эзэмшигч нь болж байгаа стратегийн ач холбогдол бүхий том ордыг ашиглах ажлыг эхлүүлж байгаа үүрэг хариуцлагаа маш сайн ойлгож мэдэрч байсан. Геологи, уул уурхай, олон улсын бизнесийн салбарт өмнө нь таван жил орчим ажилласан, хууль эрхзүй болон төрийн ажлын дадлага, туршлагадаа найдаж ажилласан. Улс төрийн, улс төрчдийн аяг аашийн талаар харьцангуй мэддэг байсан тул компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа голлохын хажуугаар улс төрийн болон бусад хүчин зүйлүүдтэй тэнцвэртэй авч явсан. Тавантолгойн ордыг ашиглах ажлыг гүйцэтгэх удирдлагын түвшинд биечлэн удирдаж, оргүй байсан газарт богино хугацаанд уурхай байгуулж, нүүрс экспортолж, Засагт буюу “Хүний хөгжлийн сан”-д мөнгө оруулж, байгалийн баялгаасаа ард иргэд нь хүртэх суурь, эхлэлийг тавилцахын зэрэгцээ компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой жигд болгож чадсан. IPO-д ч бэлдсэн. Товчхондоо хэлбэл ажил хийсэн.

Дэлхийн түвшний уул уурхайн том төслийг эхлүүлнэ гэдэг том ажил шүү дээ. Надад тийм хувь зохиол ирсэн юм. “Тавантолгой” бол “чи хэн бэ” гэдгээ илүү таньж мэдэх, асар их туршлага хуримтлуулах өргөн цар хүрээтэй төсөл. Илүү дутуу худлаа ярьж, далд санаагаар мушгиж, улс төржиж байдаг зарим нөхдүүд, сайд, дарга нарын дэргэд би өөрийгөө Монгол улсын эрх ашгийг бодож ажилладаг хүн гэж тооцдог. Тэрийгээ хувьдаа лав мэдэрсэн. Бусад нь хэр мэдрэхийг цаг хугацаа харуулна биз.

Төрийн өмчит том компанид элдэв янзын дарамт шахалт бишгүй л байдаг. Дээр хэлсэн. Сайд, дарга нар шийдвэр гаргаж чадахгүй шийрэгнэж байх үед компанийнхаа эрх ашгийг бодоод Баруун Цанхийн уурхайг нээсэн. Энэ компани ганц төрийн компани гэлтгүй маш том онцлогтой. Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа, олон улсын болон Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах Монголын төрийн өмчит анхны компани гээд маш өндөр хариуцлага компанид бий. Тийм болохоор эхнээс нь нээлттэй, ил тод байх, олон улсын бизнесийн зарчмаар ажиллах ёстой гэдэгт их ач холбогдол өгч байлаа.

Элдэв дарамт шахалт, гуйлтын хувьд янз бүрийн л юм байдаг байсан. Хууль, зарчим зөрчихгүй бол зарим гуйлтыг болгож л байсан байх. Болохгүйг нь болохгүй, чадахгүй л гэдэг байсан.

Таныг ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөд МАН-ын хүнийг зайлууллаа гэж олон хүн ойлгосон. Гэтэл та АН-ын гишүүн. Би ажлаа өгөхгүй ээ гэхэд Та үлдэх боломжтой л байсан байх. Гэнэт ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь юу вэ? Та тайлбар өгсөн. Гэхдээ би таныг арай өөр шалтгаанаар өгсөн болов уу гэж ойлгодог?

Ний нуугүй хэлэхэд хувь хүний хувьд би сүүлдээ залхсан. Дөрвөн жил гаруй гэр орноо ч бодохоо больж, өдөрт тогтмол шахуу 12-13 цаг ихээхэн ачаалалтай ажиллана. Тэгээд дандаа хэл амтай. Асуудлыг гүйцэд ойлгоогүй байж дуртай нэг нь шүүмжилж, ажил уяна, саатуулна. Миний хувьд намын харьяалал, угшил гарал гэвэл Ардчилсан хүчнийх. 1990 оны хаврын ардчилсан хувьсгалын үед их залуу явахдаа улс төрийн яриа хэлэлцээнүүдэд ардчилсан хүчнийг төлөөлж, хуулийн асуудлыг голдуу хариуцан оролцдог байлаа. Намуудын тухай анхны хуулийг боловсруулалцаж, байнгын ажиллагаатай парламент байгуулах тухай түүхэн баримт бичигт нам төлөөлж гарын үсэг зурж явсан. Улсын Их Хурлын гал тогоо болсон Тамгын газрыг хариуцаж, хуулийн төсөл бэлтгэж, боловсруулж, хуульд найруулга, техникийн засвар хийж, ажлын өрөөндөө “засаж” явлаа. Үндсэн хууль боловсруулалцаж байлаа. Ажил хариуцаж байсны хувьд Үндсэн хуулийн нэмэлтийг ч бас хийлцэж байлаа.

“Эрдэнэс МГЛ”-ийн захирал байхдаа Оюутолгойн гэрээний ажлын бичиг цаас, арын албаны ажлыг хариуцаж, дагалдах гэрээнд гарын үсэг зурж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийг гардан байгуулж, уурхай нээж ажиллуулж явлаа. Харин ажил гуйж, улстөрчдөд долигонож, бүлэглэж фракцалж явсангүйдээ. Үүнийгээ өөрөө ч гэсэн хааяа дурсаж санаж байхгүй бол завсрын хэн нэгэн “Баагий” байсан шиг зарим нэг нь дураараа ярих болж. Миний хувьд онцлог, түүхэн үед чухал ажил хийж гүйцэтгэхэд оролцдог хувь зохиолтой юм билээ.

Ер нь цаашид төрийн өмчит компани ямар байвал зөв гольдролоор хөгжих вэ? Яагаад манай “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” барууны ч юмуу, Хятадын “Чайналко” шиг ч юм уу бие даан ашгийн төлөө ажиллаж болдоггүй юм бол? Энэ хоёр компанийг эхнээс нь үүсгэн байгуулж байсан хүний хувьд Танд нэг бодол байдаг л байх?

“Эрдэнэс Тавантолгой” дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, олон нийтэд нээлттэй компани болж, хөрөнгийн биржүүдийн стандартад нийцэж ажилладаг болохгүй бол намууд, улстөрчид тал талаас нь хэмлэнэ шүү. Сонгууль болгоны дараа, засаг солигдох болгонд үл ойлголцол, үгүйсгэл явагдаж, улс төрийн нөлөө байнга орж байвал цаашдаа маш хүнд. Барууны компаниуд бүү хэл Хятадын төрийн өмчит компанийн үйл ажиллагаа нь гол зорилго, зорилт нь тодорхой тул бизнес, ашгийн төлөө бие дааж ажилладаг юм билээ. Төр төрийн өмчит компаниудаасаа ашиг хүртье, ашигтай ажилладаг ТӨК-тай байя гэж байгаа бол бизнесийн зарчмаар нь л явуулах хэрэгтэй.

Тавантолгойн 5 төлөвлөгөө

2013-05-17


Жич: Энэхүү нийтлэлийг 2013 оны 3-р сарын эхээр бичиж байсан бөгөөд өнөөдөр зарим мэдээллүүд бага зэрэг өөрчлөгдсөн болно. Цахилгаан станцын хэмжээ 300 биш 450мвт болсон, Чалкогийн гэрээгээ өөрчилж чадаагүй гэх мэт.

“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлээс гарахаар олон ажил амжуулж байна. “Чалко”-той хийсэн нүүрс борлуулалтын гэрээгээ эргэн харж, Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байна. Үнэндээ олон улсын томоохон компаниудтай хэлэлцээрт орж, хүндхэн байдлаас гарах хэцүү үүрэг “дипломат” захирал Я.Батсуурьт ногдож байна. Түүний мэргэжлийн давуу тал ч удахгүй гарах байх гэсэн итгэл найдвар олон хүнд төрж байгаа биз.

Төлөвлөгөө 1. Чалко

Он гарсаар Зүүн Цанхийн уурхайн нүүрсний экспорт зогсоод байна. Өнгөрсөн хугацаанд ердөө 2,7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнөөдрийн хувьд багахан нүүрс олборлож, гол анхаарлаа хөрс хуулалт руу чиглүүлжээ. Нүүрсний экспорт зогссон шалтгаан нь “Чалко”-той байгуулсан нүүрс борлуулах гэрээтэй холбоотой.

Нэг тонныг нь 58 доллараар олборлож, тээвэрлэж байгаа нүүрсээ 53,6 доллараар зарж байгаа нь компанийг алдагдалд оруулж байна хэмээн компанийн удирдлага мэдэгдэж, гэрээг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр уг асуудал Засгийн газрын түвшинд “босов”. Засгийн газрын зарим гишүүн уг гэрээг ямар ч ашиггүй   болсон хэмээн ил тод зарлаж, буруутныг хайж эхэллээ. Гэхдээ “Чалко”-той байгуулсан гэрээний  муу, сайныг зэрэгцүүлж ярих биш муу талаас нь яриад байгаа нь учир дутагдалтай юм. Нөгөө талд гэрээний зарим заалтуудыг харвал өнөөдрийн ашиггүй гээд байгаа нь цаг зуурынх гэж хэлж болохоор байна.

Гэрээнд тусгаснаар “Чалко”-д зөвхөн Зүүн Цанхийн уурхайн дөрөвдүгээр давхаргын нүүрсийг борлуулах бөгөөд суурь үнийг 70 ам.доллараар тооцсон байдаг. Дөрөвдүгээр давхаргын нүүрс нь өнгөн хэсгийн харьцангуй үнслэг ихтэй нүүрс юм. Үнийн өөрчлөлтийг тооцохдоо эхний удаад улирал тутам ярилцаж тогтоохоос зайлсхийж, Хятадын нүүрсний үнийн 4 индекстэй уяж өгсөн байна. Нэг ёсондоо Хятадын нүүрсний үнэ өсч, буурахаас хамаарч “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнэ тогтох ёстой гэсэн үг. Гэхдээ үүний нэг сул тал нь 2011 онд буюу нүүрсний үнэ өндөр байхад хийгдсэн. 2012 оны хавраас хойш Хятадад нүүрсний үнэ тасралтгүй буурсан нь “Эрдэнэс Тавантолгой”-д хүндээр тусч байна. Эсрэгээрээ Хятадад нүүрсний үнэ өндөр хэвээр байсан бол манайд илүү ашигтай байхаар байгаа юм.

Энд бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 2011 онд “Энержи Ресурс” компани Ганцмод буюу хилийн цаана нэг тонн угаагаагүй нүүрсээ 90 доллараар худалдаж байхад “Эрдэнэс Тавантолгой” Цагаанхад буюу хилийн наана 70 доллараар борлуулахаар гэрээлсэн. Ганцмод, Цагаанхадны хооронд 30 орчим км зайтай гэдгийг санах хэрэгтэй. Гэрээг байгуулснаас хойш “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнэ 23,4 хувиар буураад байна. Хятадын нүүрсний үнийн бууралттай харьцуулахад харьцангуй бага гэж болохоор.

Тухайлбал, Хятадын далайн эргийн буюу боомт дээрх коксжих нүүрсний үнэ 2011 оны  тавдугаар сард 300-350 доллар байсан бол хоёрдугаар сарын 25-ны байдлаар 154-184 доллар болтлоо хоёр дахин буурчээ.

Гэрээний хувьд яригдахгүй байгаа бас нэг заалт нь дөрөвдүгээр давхаргын нүүрснээс бусад давхаргын нүүрсийг экспортлохдоо үнийг ярилцаж тохирох тухай. Төлөвлөсний дагуу явсан бол энэ хавар гуравдугаар давхаргын нүүрсний олборлолт эхэлж, үнэ өндөр тогтоогдох боломжтой байсан. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой”, “Чалко”-гийн хооронд энэ талаар хэлэлцээр хэдийнэ эхэлсэн байна.

Төлөвлөгөө 2. Хэмнэлт

“Эрдэнэс Тавантолгой”-н алдагдал хүлээх болсон бас нэг шалтгаан нь олборлолтын өндөр зардал. Нэг тонн нүүрсний олборлолтын зардал 58 доллар байгаа нь цаашид нүүрсний үнэ сэргэхгүй бол үйл ажиллагаагаа зогсооход хүргэж болзошгүй. Тиймээс ч шинээр томилогдсон захирлууд хэмнэлтийн “горимд” шилжиж эхэлжээ. 

Юуны түрүүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай эрхэлсэн дэд захирал, Санхүү эрхэлсэн дэд захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Дээрх албан тушаалд ажиллаж байсан гадаад мэргэжилтнүүдийн цалин компанийн нийт цалингийн цэсний 30 орчим хувийг эзэлж байсан гэсэн албан бус мэдээ бий. Цалингийн цэсийг ингэж сулласнаар үйл ажиллагааны зардал ч бас буурч байгаа юм.

Мөн компанийн Улаанбаатар дахь төв оффисийг нэгтгэж, нэг дор байрлуулжээ. Хэд хэдэн газар тусдаа байрлаж байсныг болиулсан байна. Уурхайн олборлолтын үйл ажиллагаанд ч хяналт тавьж, шатахуун түлшний илүү хэрэглээг халах гэх мэтээр боломжийн хэмжээнд хэмнэлт хийж эхэлжээ.

Нөгөө талаар 58 долларын зардал дөнгөж эхэлж байгаа уурхайн хувьд тийм ч өндөрт тооцогдохгүй гэж зарим мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь уурхайн үйл ажиллагаа эхлэхэд шууд нүүрс ухаад эхэлчихгүй, хөрс хуулалтын ажил их хийгддэг. Зүүн Цанхийн уурхайн хувьд хөрс хуулалтын ажилд нэлээд хөрөнгө зарж байгаа юм. Үүнээс гадна тээвэрлэлтийн зардал ч өндөр байгаа.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замын нэг машин явах түрээс нь 380 гаруй мянган төгрөг. Үүн дээр нүүрс тээвэрлэлтийн компаниудад нэг тонн нүүрсэнд 24 мянган төгрөг төлдөг байна. Замын түрээс анх 500 мянган төгрөг гэж яригдаж байснаас харьцангуй буурчээ. Одоо ч дахин буулгахаар “Энержи Ресурс” компанитай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн нүүрс тээвэрлэлтийн компаниудын хөлсийг ч бага зэрэг бууруулж, 23 мянган төгрөг болгосон гэнэ.

Энэ мэтчилэн “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагааны зардлаа боломжийнхоо хэрээр хэмнэж байна.

Төлөвлөгөө 3. Баруун Цанхи


“Чалко”-той байгуулсан гэрээний бас нэг сайн тал нь зөвхөн Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг нийлүүлэхээр тохирсон. Хэрэв Зүүн Цанхийн уурхайн нүүрс гэж тодорхой заагаагүй “Эрдэнэс Тавантолгой” гэсэн ерөнхий нэрээр явсан бол бүр ч хүнд байдалд орохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн аравдугаар сард уурхайн нээлтийг нь хийсэн Баруун Цанхийн талбай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийг санхүүгийн хүнд байдлаас гаргах бас нэг хүчин зүйл болж байна.

Хоёрдугаар сард Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Оператор компани шалгаруулах тендерийг үндэсний компаниуд дунд зарлаж, “Хишиг Арвин Индастриал” гэх төдийлөн нэр нь сонсогдож байгаагүй компани ялсан нь олны анхаарлыг татаж байна. Тендерийн талаар зарим мэдээллүүдийг уншигчдадаа хүргэе.

“Хишиг Арвин Индастриал” нь 1997 онд байгуулагдсан, хүнд даацын машин мехнизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн чиглэлээр голлон ажилладаг компани юм. Уурхайн олборлолтын тухайд арвин туршлага байхгүй ч “Саусгоби Сэндс” компанийн Мандахнарангийн уурхайн олборлолтыг гүйцэтгэж байжээ. Мөн компанийн захирал Б.Хишигдоржийн хэлснээр “Бороо Гоулд”-ын уурхай болон алтны хэд хэдэн уурхай дээр ажиллаж байсан бас ч гэж “сураггүй” компани биш аж. “Хишиг Арвин Индастриал”-ыг MNO буюу “Монголын үндэсний уул уурхайн олборлогч” компанитай хамтран тендерт ялсан гэсэн яриа гарсан. Гэхдээ дээрх хоёр компани хамтарсан биш “Хишиг Арвин Индастриал” нь уурхайн менежментийг хийлгүүлэхээр MNO-г хөлсөлсөн аж.

“Монголын үндэсний уул уурхайн олборлогч” компанийг “Бороо Гоулд”-д ажиллаж байсан хүмүүс байгуулсан байдаг. Заамарт хэд хэдэн алтны уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж байгаа үндэсний олборлогч компани. Тэдэнтэй “Арц Суварга”, “Жамп” гэсэн хоёр компани тендерт өрсөлдсөн. Үнийн санал нь “Арц суварга” 1 куб.метр уулын цулыг 12 мянга гаруй төгрөгөөр, “Жамп” 10500 төгрөгөөр, “Хишиг Арвин Индустриал” 7900 төгрөгөөр олборлох санал өгч, хамгийн бага үнийн санал өгсөн “Хишиг Арвин” шалгарчээ.

Тус компани  Баруун Цанхийн уурхай дээр 6 сарын гэрээ байгуулжээ. Үүнээс цааш хэрхэх нь одоогоор тодорхойгүй. Баруун Цанхийн талбайг стратегийн хөрөнгө оруулагч буюу Орос, Хятад, Америк, Япон, Солонгосын компаниудад ашиглуулахаар Засгийн газар хэлэлцээр хийж байсан ч дорвитой үр дүн гаралгүй зогссон. Стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр дахин эхэллээ гэсэн мэдээ гараагүй байна. “Эрдэнэс Тавантолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллахад Баруун Цанхийн уурхай чухал ач холбогдолтой.

Жилд 20 сая тонны хүчин чадалтай уурхай байгуулагдах боломжтой уг талбайг ашиглахгүй байх нь компанидаа хохиролтой учир ийн хөрс хуулалтын ажлыг  эхлүүлсэн хэрэг. Баруун Цанхийн талбай дээр “Пибоди Энержи”-г гэрээт олборлогчоор ажиллах болов уу гэсэн таамаг бий. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хагас жилийн дараа “Пибоди” гэрээт олборлогчоор ажиллаж, “Хишиг Арвин” зэрэг компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж магадгүй бололтой.

Энэ чигээрээ үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой” Баруун Цанхийн уурхайд гэрээт олборлогч хөлслөн өөрөө ашиглах магадлал өндөр байгаа юм. Ингэх юм бол стратегийн хөрөнгө оруулагч гэсэн ойлголт байхгүй болж, компанидаа ч эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай тусах болно. Энэ жил гэхэд нэг сая тонн нүүрс олборлох бөгөөд “Чалко”-гоос өөр компанитай борлуулалтын гэрээ хийж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхиа “Чалко”-д алдсан “Эрдэнэс Тавантолгой” Баруун Цанхиас орлого олж, санхүүгийн чадамж нь дээшлэх боломжтой болно.

Баруун Цанхиас гадна “Эрдэнэс Тавантолгой”-д өөр нэг мөнгөний боломж байгаа нь Бортээгийн талбай. Хэдий бүрэн гүйцэд судалж, нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай ч бас л коксжих нүүрсний багагүй нөөцтэй талбай юм. Ойрын жилээс Бортээгийн талбайг ч ашиглах талаар яригдаж эхэлжээ.

Төлөвлөгөө  4. Тэрбумын урьдчилгаа

Манай Засгийн газар урьдчилгаа төлбөрөөс хашраагүй улам л “дуртай” болоод байна уу даа гэж болмоор. “Оюутолгой”-гоос 250 сая долларын урьдчилгаа авсан нь одоо нэхэгдэж, нэлээд хэл ам болж байна. Тавантолгой дээр бас л 350 сая долларын урьдчилгаа аваад Хүний хөгжил сангаар дамжуулаад үгүй хийчихсэн. 250, 350 сая долларын урьдчилгаа чамлалттай санагдаж байгаа бололтой бүр нэг тэрбумын урьдчилгаа авах талаар яригдаж эхлэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ талаар ам ангайсан нь бас л том сэдэв болж хувирлаа.

“Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр “Чалко”-д 180 сая доллар, Хөгжлийн банкинд 100 гаруй сая долларын өртэй байгаа. Энэхүү өрийг Чингис бондын мөнгөнөөр барагдуулъя  гэсэн шийдэл байсан ч 1,5 тэрбум доллар олон төслийн хаана ч хүрэхгүй байгаа нь үнэн. Тиймээс Чингис бондоор биш урьдчилгаа төлбөрөөр өрийг даръя гэсэн санааг Н.Батбаяр сайд цухуйлгасан хэрэг. Тэрбээр “Нүүрсний үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар байхаар тогтож, харин урт хугацааны гэрээний төлбөр болгож урьдчилгаа авах нь зөв гэж үзэж байгаа. Ингэхдээ 15 жилээр, жилд гурван сая тонн угаасан нүүрс гаргахаар гэрээ хийх юм бол нэг тэрбум ам.долларын урьдчилгаа байж болох юм” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн.

Өмнөх “урьдчилгаануудтай” харьцуулахад энэ удаагийн урьдчилгаа аль нэг “буяны” санд биш компанид нь зарцуулагдах магадлал өндөр бололтой. Гэхдээ ийм хэмжээний урьдчилгаа төлбөрийг төлж чадах нүүрсний худалдан авагч олдох уу гэдэг асуултын тэмдэг болоод байна. Япон, Солонгос, Герман зэрэг улстай хийж болох юм гэсэн санаа бий. Тэгвэл нөгөө л хөрш орнуудтай хийх транзит тээврийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эцэслэх шаардлагатай болно. Транзит тээврийн хэлэлцээргүйгээр Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гарна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд ч гуравдагч улсын “хэтэвч нимгэн” компаниуд тэрбум долларыг бэлнээр гаргаад өгөх нь юу л бол. Зүүн Цанхийн нүүрсийг борлуулах хэлэлцээр хийж байхад 250 сая долларын урьдчилгаа өгье гэж дуугарсан ганц компани нь “Чалко” шүү дээ.

Гуравдагч хөршийн хажуугаар Хятадтай худалдааны гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийж байгаа хэмээн Уул уурхайн сайд хэлсэн. Зах зээлийн үнээр, жилийн тодорхой квот тогтоож нүүрсээ нийлүүлж болох юм гэсэн санаа. Худалдан авагч маань харин ямар хариу өгөх нь тодорхойгүй. Нүүрсний хувьд Хятадын төрийн өмчит хоёр том компани бий. “Чалко” Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг худалдан авах гэрээ хийсэн бол “Шинхуа” Баруун Цанхи дээр орж ирэхийг зорьж байгаа. Энэ хоёр компанитай ярихгүйгээр урд хөрш рүү нүүрс нийлүүлнэ, цаашлаад далайн боомтод хүрнэ гэдэг барахгүй даваа. Тиймээс нүүрсээ заръя л гэж байвал дээрх хоёр “мангас”-тай хэл амаа ололцохоос өөр зам манайд байхгүй.

Төлөвлөгөө 5. Засгийн газрын оролцоо

Нөгөө талаар, яагаад заавал тэрбум доллар гэж гэсэн асуулт гарч ирнэ. 300 саяын өрөөс гадна “Эрдэнэс Тавантолгой”-д олон асуудал бий. Автозам, төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр... гээд  урт дараалал үүснэ. Хамгийн сүүлд нь шахуу олон улсын бирж дээр хийх IPO бичигдэх болов уу.

Нэгэнт төрийн өмчит компани болохоор Засгийн газар хүссэн хүсээгүй дэмжлэг үзүүлэхээр оролдож байна. “Эрдэнэс Тавантолгой” ч дангаараа энэ бүх ажлыг нугалж хүчрэхгүй болохоор Засгийн газраас дэмжлэг   авах нь тодорхой. Тод жишээ нь төмөр зам. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт өнөө маргаашгүй эхэлнэ. 800 орчим сая долларын санхүүжилтийн хугасыг нь Засгийн газар Чингис бондоор санхүүжүүлж, үлдсэнийг нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад үлдээх бололтой. “Эрдэнэс Тавантолгой” санхүүгийн байдлаас хамааран ямар хэмжээгээр оролцох нь тодорхой болох болов уу.

Дээр дурдсанчлан “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн том асуудал бол тээвэрлэлтийн өндөр зардал. Хэдий “Энержи Ресурс”-ын барьсан замаар бараг эзэмшигчээс нь хямд зардлаар тээвэрлэж байгаа ч тээвэрлэлтийн зардал өндөр хэвээр. Төмөр зам ашиглалтад орвол нүүрс тээвэрлэлтийн зардал хэд дахин багасна. Тиймээс   урагшаа баригдах төмөр замын ач холбогдол “Эрдэнэс Тавантолгой”-д маш чухал. Тэр хэрээр Засгийн газар түлхүү оролцож байгаа биз.

“Эрдэнэс Тавантолгой”-н бүтээн байгуулалтын ажлын бас нэг том хэсэг нь цахилгаан станц. 300 МВт-ын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын зураг төсөв бараг бэлэн болчихсон. 900 МВт болгох гэж үзсэн ч санхүүжилтээс хамааран эхний удаад 300 МВт дээр бууж байгаа аж. Цаашдаа өргөтгөл хийгээд явах гарцыг үлдээж байна. Хоёр жилийн өмнө “Оюутолгой”-той хамтраад уг станцыг барих талаар хэлэлцээр хийж байсан ч үр дүнд хүрээгүй. Өдгөө өөрсдийнх нь толгой дээр буусан цахилгаан станцыг барих ажилд Засгийн газар хүч хавсарч магадгүй байна. Санхүүжилтийг нь Чингис бондоос шийдэх талаар яригдаж байгаа гэсэн үг.

Ингээд төмөр зам, цахилгаан станцын ачааллыг Засгийн газар үүрэлцвэл “Эрдэнэс Тавантолгой”-н ачаа нэлээд хөнгөрнө. Жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн асуудлыг л өөрсдөө шийдэх бололтой. Санхүүжилт нь ойролцоогоор 500 сая гаруй доллар. Таван саяын хүчин чадалтай дөрвөн модулиас бүрдэнэ. Маш яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай болохоор урьдчилгаа төлбөр, магадгүй бонд гаргах замаар санхүүжилтийг компани босгож болох юм. Дашрамд дурдахад өнгөрсөн зун IPO хийх асуудал нь хойшилсны дараа бонд гаргах талаар багагүй судалгаа хийсэн.

Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ойрын үед хэрэгжүүлж буй таван төлөвлөгөөг багцалж хүргэхэд ийм байна. Мөрөөрөө явж байсан компанийг өшиглөж унагаасан Засгийн газар одоо компаниа босгоход анхаарал хандуулж байна. Ганц хөрөнгө оруулалтын ачааллыг үүрэлцэх төдийгүй борлуулалтын асуудлыг нь бодлогоор дэмжиж өгөхийг оролдож эхэллээ. Сайн л хэрэг. Гол нь хэр үр дүнд хүрэх вэ гэдэг нь сонин. Асуудал хэрхэн өрнөх нь энэ зун тов тодорхой болох биз ээ